Categories
мэдээ нийгэм

Үндэсний цахим шууданг ирэх наймдугаар сард нэвтрүүлнэ DNN.mn

Үндэсний цахим шууданг энэ онд хэрэглээнд нэвтрүүлнэ

Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хурлаас иргэдэд тоон гарын үсэг, цахим шуудангийн хаягийг 2022 онд багтаан олгох арга хэмжээ авч бүх нийтээр хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг даалгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Үндэсний цахим шуудангийн системийн хөгжүүлэлтийг хийж, ирэх наймдугаар сард нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн иргэний бүртгэлийн дугаараар үндэсний цахим шууданг үүсгэж, мэдээлэл хариуцагчаас мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тухай бүрд мэдээллийн эзэнд мэдэгдлийг тус цахим шуудангаар хүргүүлэх мөн иргэдээс төрийн байгууллагад санал хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх албан ёсны хэрэгсэл болох болно.

Иргэд төрийн байгууллагад өргөдөл гомдлыг биеэр очиж өгөх, 11-11 төв рүү утастдаг байсан бол одоо цахим шуудангаараа дамжуулан төрийн байгууллагатай харьцаж, санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж бүрдэнэ.

Иргэн Та “e-mongolia” системийн танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй эсвэл тоон гарын үсгээ авсан бол үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой болж байна

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден коронавирусийн халдвар авчээ DNN.mn

Ж.Байден гадаад бодлогын ямар чиг шугамыг баримтлах вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусний халдвар авсан тухай Цагаан ордноос мэдээллээ. Түүнд пүрэв гарагт хийсэн коронавирусийн шинжилгээний хариу “эерэг” гарчээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерийн мэдээлснээр, өдгөө 79 настай Ерөнхийлөгч вакцинд бүрэн хамрагдсан тул “маш хөнгөн” шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Төрийн тэргүүн “Paxlovid” эмийг хэрэглэж байгаа гэж мэдээлж байна. Энэ нь “Pfizer” компанийн үйлдвэрлэсэн эм бөгөөд дархлааны систем халдвартай тэмцэж байх үед “Covid-19”-ийн вирусийн үржлийг дарангуйлж, бие дэх коронавирусний түвшинг бага байлгадаг байна.

Цагаан ордны коронавирусний асуудлыг зохицуулагч доктор Ашиш Жа мэдэээлэл өгөхдөө, Ж.Байден халуураагүй ч хамраас нь нус гоожиж, хуурай ханиалгаж, сульдаж байна гэжээ.

Ж.Байден биеийнх нь байдал сайн байгааг твиттер хуудсандаа бичжээ. “Би маш сайн байна, хүмүүсээ. Санаа тавьсанд баярлалаа. Дөнгөж сая сенатч Кэйси, Конгрессын гишүүн Картрайт, хотын дарга Когнетти (мөн Скрантон дахь үеэл дүү нар) нар руу утасдаж, өнөөдрийн арга хэмжээг өнгөрөөсөндөө харамсаж байгаагаа илэрхийлэв” гэж тэрбээр бичсэн байна.

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байдены Делавэрт өгсөн шинжилгээний хариу “сөрөг” гарчээ. Дэд ерөнхийлөгч Камала Харрис пүрэв гарагт Хойд Каролинад үр хөндүүлэх эрхийн асуудлаарх арга хэмжээнд оролцсон байна. Дөрөвдүгээр сард ковидоос эдгэрсэн түүний сүүлийн шинжилгээ “сөрөг” гарсан болохыг Цагаан ордон баталжээ.

Карине Жан-Пьерийн хэлснээр, Цагаан ордны протоколын дагуу Ж.Байден шинжилгээнийх нь хариу сөрөг гарах хүртэл тусгаарлалтын дэглэмд ажиллана. Энэ бүх хугацаанд тэрбээр утсаар болон “Zoom”-ээр уулзалтад оролцох аж.

Categories
мэдээ цаг-үе

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц 63 хувьтай байна DNN.mn

Газрын тос боловсруулах үйлдвэр нь EPC-1,2,3,4 гэсэн дөрвөн багц төслөөс бүрдэж буй.

Үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж, талбайн дэд бүтэц зам, ус хангамжийн системийн цогц төсөл болох EPC-1 төслийн ажилд төслийн менежментийн зөвлөх Энэтхэг улсын “И Ай Эл” компани олон улсын норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгэлд хяналт тавьж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын “Жэй Эм Си Прожэктс” ХХК, Монгол улсын 21 туслан гүйцэтгэгч компанийн инженер, техникийн мэргэжилтнүүд нийт 641 хүн, 250 нэгж техниктэйгээр 2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд төслийг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.зураг

Эх сурвалж: УУХҮЯ

2022.06.09. WPS5-P2. Шугам хоолойн хэт авиан тест хийгдэж байгаа явц

EPC-1төсөл нь бэлтгэл ажил, зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт гэсэн үндсэн 4 төлөвлөлттэй бөгөөд төслийн нийт явц 63%-ийн гүйцэтгэлтэй байна.

Үүнд:

  • Түүхий ус хадгалах сав-85%,
  • Оффис, сургалтын төв-51%,
  • Хоолны газар-84%, Лаборатори-85%,
  • Анхны тусламж, эмнэлгийн барилга-80%,
  • Агуулах-45%, Нэвтрэх хаалга-1-64%,
  • Нэвтрэх хаалга-2-39%,
  • Гал унтраах ангийн барилга-52%,
  • Засварын цех-35%,
  • Үерийн ус цуглуулах талбай-82,5%,
  • Ус зайлуулах хоолой-30%,
  • Ус дамжуулах хоолой-89%,
  • 17км авто зам-36%,
  • Ус дамжуулах хоолой-/Бор хөөвөр/-41%,
  • Худгийн барилга-44%,
  • Цахилгаан дамжуулах агаарын шугам-90%-ийн тус тус гүйцэтгэлтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Лицензгүй технологийн байгууламжийн ажил EPC-2-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах түргэвчилсэн тендерийг энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр зарласан ба наймдугаар сарын 16-нд тендер хүлээн авна.зураг

Үйлдвэрийн цахилгаан станцын ажил EPC-3-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах түргэвчилсэн тендерийг мөн энэ оны тавдугаар сарын 4-ний өдөр зарласан ба тендер хүлээн авахаар ажиллаж байгаа аж. Энэ хугацааг УУХҮЯ долдугаар сарын 4-ний өдөр гэж тооцжээ.

зураг

Эх сурвалж: УУХҮЯ

Лицензтэй технологийн байгууламжуудыг барих ажил EPC-4-ийн лиценз эзэмшигчдийг шалгаруулсан байна. Устөрөгчийн байгууламжийн лиценз эзэмшигч Итали улсын “Кинетикс текноложи” компанитай, Хүхэр ялгах байгууламжийн лиценз эзэмшигч Франц улсын “Аксенс” компани, Бензин боловсруулах, Гидрокрекинг, Дизелийн гидроцэвэрлэгээ, Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжуудын лиценз эзэмшигч АНУ-ын “ЮүӨүПи Хонивэлл” компанитай гэрээг тус тус байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Бэлгүүнзаяа: Тэмдэг тэмдэглэгээгүй газраар хариулагагүй мал бэлчээсэн нь малчны буруу DNN.mn

Сүүлийн үед зам дагуу үхсэн мал их байна. Жолооч нар мал дайрдаг гэх зүйл их яригдах боллоо. Энэ тал дээр зам дээр хариулагагүй бэлчиж буй малыг дайрсан тохиолдолд хэн хариуцлага үүрэх ёстойг “Лоо стратеги” хуулийн фирмийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагаас тодрууллаа.


-Автозам дээр хариулагагүй явж байгаа малыг жолооч дайрсан тохиолдолд ямар хариуцлагатай хүлээдэг вэ?

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар малчид малаа хариулахдаа хатуу хучилттай зам руу 50 м-ээс дотогш мал нэвтрүүлэхийг хориглоно. Мал туух мал гаргах замын тэмдэг тэмдэглэгээгүй газраар мал гэнэтийн байдлаар гарч ирж дайруулсан тохиолдолд тухайн малын өртөг үнийг жолооч хариуцах үүрэг хүлээхгүй. Эсрэгээрээ жолооч нь малчин болон замын хөдөлгөөнд оролцогч бусад этгээдээс хүлээх үүргийг биелүүлээгүй, малаа хатуу хучилттай зам руу оруулсны улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бол машинд учирсан хохирлыг нэхэмжилж авах эрхзүйн боломжтой.

-Нэг аймгийн цагдаагийн ажилтны хамаарал бүхий хүний мал хатуу хучилттай зам дээр бэлчиж байхад нь жолооч дайрчээ. Гэтэл тухайн цагдаагийн ажилтан жолоочийг хариуцлага хүлээхийг шаардаж, унаж явсан машиныг нь малын өртөгт тооцон авсан тохиолдол гарчээ. Энэ тохиолдолд яах вэ?

-Энэ шууд цагдаагийн байгууллагаар шийдчих асуудал биш л дээ. Энэ бол гэм хорын асуудал. Тэгэхээр тухайн малчин Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргана. Миний малыг дайрсан хохирлыг барагдуул гэсэн утгатай. Гэм хорын асуудлаар Иргэний шүүхэд шүүх хурал болоод тухайн замын тэмдэг тэмдэглэгээ, малын байсан байдал, жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үү гэдгээс шалтгаалаад хохирлыг хэн хариуцах ёстойг шийдвэрлэнэ. Түүнээс биш таны хэлсэн кейс шиг цагдаа гэхээрээ далимдуулаад хүний хөрөнгө машин, эд зүйлийг авах зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус. Тухайн жолооч машинаа өгөх ямар ч шаардлагагүй. Үнэхээр хоёр талд харилцан ойлголцоод хохирлоо барагдуулж чадахгүй байгаа бол энэ нь Иргэний шүүхээр шийдвэрлэх ёстой асуудал. Тэмдэг тэмдэглэгээгүй газраар хариулагагүй мал бэлчээсэн нь малчны буруу.

-Мөн мал гэнэт зам дээр гарч ирснээс үүдэн осол гарч хүний амь нас хохирох, гэмтэх тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ?

-Энэ тохиолдолд мал болон тэжээвэр амьтнаас үүдэлтэй гэм хорын асуудал гэж байдаг. Тэгэхээр мөн л адилхан тэмдэг тэмдэглэгээгүй газраар гэнэт мал гарч ирж, осол аваар гарган амь нас хохирсон тохиолдолд малын эзэн хариуцлага хүлээнэ. Энэ нь Иргэний хуулиар зохицуулагдаж байгаа асуудал.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиндаа малтай холбоотойгоор эдгээр заалтууд байдаг уу. Ямар хуулиар зохицуулагддаг юм бол?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд бол энэ төрлийн заалт байхгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд байгаа. Тухайн дүрэмд малтай холбоотой хоёр төрлийн зохицуулалт бий. Агуулга нь “… зам дагуу болон зам хөндлөн малыг тууж гарахгүй” эзэн малаа тууж явах зохицуулалт байна. Нөгөө нь “…хатуу хучилттай зам руу 50 м-ээс дотогш мал нэвтрүүлэхийг хориглоно” гэж бий.

Categories
мэдээ цаг-үе

Зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Алтайн өвөр говиор 29-34 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсэж 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсэж 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

БЗД-ийн 24 дүгээр хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбайг иж бүрнээр тохижуулж дуусжээ DNN.mn

Улаанбаатар хотын есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулах талаар нийслэлээс төлөвлөжээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, тоглоомын талбай бүхий тохижилтыг хийж дууссан байна. Тус дүүргийн зүгээс энэ ондоо багтаан иж бүрэн тохижилттой 15 талбайг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Сагсан бөмбөгийн 3×3 төрөлд монгол тамирчид амжилт гаргасаар байна. Хамгийн сүүлд Сингапурт болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг таван удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлж, ирэх есдүгээр сард болох FIBA 3×3 U23 Nations League Final-д өрсөлдөх эрхээ аваад байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: УИХ-ын дарга нь Далай ламд мөргөх гэх мэт бодлогын алдаа гаргаад байвал инфляц улам гаарна DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Инфляц 16 хувь давчихлаа, нөлөөлж буй гол шалтгааныг нь нэрлээч гэвэл та юуг онцлох вэ?

-Инфляцын одоогийн шалтгаан нь ойлгомжтой. Өмнө нь нэг талдаа хөршийн асуудал байсан бол одоо хоёр талдаа хөршийн асуудалтай болчихсон. Манайх хэрэглэгч орон учраас импортоос бүрэн хамааралтай. Импортын бараан дээр гэхэд тээврийн зардал 30 дахин өслөө. Ложистик болон ханшийн нөлөө, өртөг нэмэгдсэн гэх мэт дөрөв, таван шалтгаанаар эцсийн хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж очиж байна л даа. Ийм шалтгаанаар инфляцын тавь, жаран хувийг импортын гаралтай инфляц эзэлж байна. Гол нөлөөлөгч нь энэ л дээ.

Манай гол зовлон далд эдийн засаг болчихсон. Монгол банкны бодлогын хүүг өсгөдөг гол арга бол төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлж ханшаа барьж үлдэх. Ийм байхад нөгөө талд “Да хүрээ”-гийн ченжүүд доллар аваад хадгалчихдаг. Яг Найман шарга шиг хөдлөөд байгаа. Үнийн өсөлтийн бас нэг том шалтгаан нь энэ. Хүссэн болгон нь хар зах дээр ханш арилжаад байна. Ийм нөхцөлд төгрөг унахаас аргагүй. Төгрөг унахаар бараа бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж хэрэглэгчдийн халаасыг сэгсэрч байдлыг улам дордуулаад байна. Банкны лимит таван сая байснаа таван сая боллоо л гэж байгаа. Яг үнэндээ дурын хорин хүн нэгтгэж оруулаад л зуун сая төгрөг авчихаж буй нь бодитой үнэн. Зах зээлийн энэ мэт үйл хөдлөл эдийн засгаа хэцүүдүүлээд байна л даа.

-Олон нийтийн зүгээс инфляц 16-гаас ч давчихсан гэсэн шүүмжлэл хүчтэй байна. Эдийн засагчийн хувьд энэ шүүмжлэлд ямар байр суурьтай яваа бол?

-Инфляцын бодит өсөлтийг үүнээс ч их гэж харж байна. Нэгдүгээрт инфляцаа хэмждэг хэмжигдэхүүнээ томсгох хэрэгтэй. 300 гаруйхан бараа бүтээгдэхүүнийг түүврийн аргаар судалснаа 16 гэсэн тоо тавиад явж таарахгүй. Цогц хэмжээнд нь харж, Америк шиг олон бүтээгдэхүүн хамруулж тооцвол манай инфляц нэлээд өндөр хувьтай гарах байх.

Таны хэлсэн шиг аргаар тооцвол инфляц хэд орчим хувьтай гарахаар байгаа вэ?

-Багцаа хэлэхэд хэцүү. Гэхдээ дор хаяж 20, 30 хувийн өсөлт яваа гэдэгт эргэлзэх юм алга. Монгол банк, Үндэсний статистикийн хороо инфляцийг ганцхан жилээр яриад байна. Ганцхан жилээр ярихаар 16 гэдэг тоо маш бага сонсогдоод байгаа юм. Хоёр жилээр яривал 16 биш, маш том тоо яригдана. Хоёр жилийн хуримтлагдсан инфляц гэж бодоод үзвэл хүнсний ногоо 70, шатахуун 90 гаруй, будаа жар, дал гээд маш өндөр хувиа өсчихсөн яваа. Гэтэл энэ хугацаан дах цалингийн өсөлт 15-хан хувь байх жишээний. Ингээд харахаар инфляцыг сүүлийн хоёр жилээр яривал хүмүүст илүү ойлгогдох байх. Өнгөрсөн жил 70 хувь өсчихөөд энэ жил 15 хувь өсөхөөр олон нийт худлаа тоо гаргалаа гэж хараад байна л даа.

-Инфляцтай тэмцэх бодитой арга чарга үлдсэн үү бидэнд?

-Инфляцад том нөлөө үзүүлдэг дөрвөн бүтээгдэхүүн бий. Мах, хүнсний ногоо, шатахуун, хатуу түлш инфляцын 60 хувийг эзэлж байсан бол одоо 50 орчим хувь руу уруудсан ч том нөлөөтэй хэвээр байна. Хүнсний ногооны хувьд хав дарж байгаад зардаг, энэ мэт аргаар үнийг нь хиймлээр өсгөдөг гэх мэт асуудал бий. Товчхондоо хүнсний ногооны үнэ зах зээлийн зарчмаараа тогтож чадахгүй явсаар өнөөг хүрсэн. Сая шатахууны үнэ нэмэгдчихлээ. Хүнсний ногоо хураах үеэр баахан дизель түлш ашиглана гээд бодохоор ногооны үнэ талийх байх. Махны зах зээл ч хүнсний ногоо шиг ченжүүдийн гарт орсон. Бүр тав, зургаан дамжлага дамждаг. Ченжүүдийн энэ нөлөөллийг багасгая гэж дуугарахаар ажлын байр багасгалаа гэсэн гомдол гаргадаг. Уг нь шат дамжлагыг нь багасгачихвал хэрэглэгчдэд чанартай мах хүрнэ, үнэ өртөг нь ч багасаад ирнэ. Хатуу түлшний тухайд төрөөс зохицуулалттай яваа. Шатахууны хувьд стратегийн бүтээгдэхүүн учир яах нь засгийн сонголтын асуудал. Ийм дөрвөн бүтээгдэхүүн дээр шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол банк, Сангийн яам нь үүрэг хүлээх хэрэгтэй. Энэ зах зээлийг яаж хөгжүүлэх тал дээр хариуцсан яамдтайгаа хамтраад арга шийдэл олох ёстой л доо. Гэхдээ энэ бол дунд хугацааны шийдэл. Ингэж байж өндөр инфляцыг урт хугацаанд бууруулж чадах байх. Инфляцад нөлөөлж буй импортын хамаарлыг бууруулах боломж бидэнд байхгүй. Богино хугацааны шийдэл гэвэл худалдааны бодлогодоо ухаалаг зөв хандах. Харамсалтай нь худалдааны бодлого дээрээ алдаа хийгээд байна.

-Худалдааны бодлого дээр гаргасан алдаа гэхээр…?

-УИХ-ын дарга Г.Занданшатарыг Далай ламд мөргөсний дараа урд хил хаагдсан, экс Ерөнхийлөгчийг телевизээр Далай ламыг ярингуут Эрээн хаагдсан. Хятадын дотоод асуудалд маш эмзэг тусаж байгаа өнцгүүд шүү дээ. Энэ шалтгаанаа ил хэлэхгүйгээр ковидоор шалтаглаад хилийн хориг тавих нь урд хөршийн хувьд асуудал биш. Худалдааны асуудалд шашин гэх мэт шалтгаанаар алдаа гаргамааргүй байгаа юм.

-Терминалд анхаарах, гаалийн ачааллаа бууруулах замаар экспортын бүтээгдэхүүний гарцаа нэмнэ, тэлнэ гэж яриад яваа нь хэр бодитой шийдэл гэж харж байна?

-Сая таны дурддаг зүйлс үндсэн асуудал биш л дээ.

-Төмөр зам тавиад нүүрсний гарц нэмэгдэхгүй нь лав тодорхой байгаа. Тэгэхээр гадаад худалдаан дээрээ бодлогын алдаа гаргахгүй аж төрөхөөс өөр гарц үгүй юм байна даа?

-Ерөөсөө л тийм. Төмөр зам дээр гэхэд терминалаа та нар өөрсдөө барь гэчихлээ. Уг нь терминалыг хүлээж авах тал нь барих учиртай. За тэгээд өөрсдөө барих болчихоор баахан доллар олох асуудалтай нүүр тулж таарна. Гэх мэтээр харахад урд хөршийн нөлөө асар өндөр байна л даа. Тийм учраас бидний хувьд инфляц гэдэг асуудал өрсөлдөөн, зах зээлээрээ шийдэгдэх зүйл биш болчихсон. Товчхондоо гадаад бодлогын хувьд мэргэжлийн түвшинд тоглож байж суурь асуудлууд багасна.

-Ахиад лавлаж асуумаар санагдлаа, засгийн хэмжээнд инфляцын эсрэг хийж чадах юм байна уу?

-Наад зах нь сая онцолсон асуудал дээр анхаарах боломж бий шүү дээ. Засгийн газар Гадаад харилцааны яамаараа дамжуулж улстөрийн эрх бүхий хүмүүсийн төрийн айлчлалуудыг хянаж, чиглүүлж, зөвлөх ёстой. Г.Занданшатарыг Далай лам дээр очихоос өмнө яах ийх гэж байгааг нь анзаарч зөвлөх үүрэг нь Засгийн газарт байгаа гэсэн утгаар хэлж байна л даа. Засгийн газрын хийж чадах дараагийн асуудал бол гааль, тээвэр. Гааль дээр тэрбумтан төрлөө гэсэн шум ил цагаандаа гарсан ч гаалийн авлигыг ярих хүн алга. Ямар фракц нь тийшээ ороод ингэж айхавтар нөлөөлөөд байгааг мэдэхгүй. Гэхдээ тэнд асар том сонирхол бий. Ийм сонирхол тэнд бий ч Засгийн газар шийдэж хүчрэхгүй юм уу чадахгүй яваа гэж би хувьдаа харж байгаа.

-Засгийн газар гаалийнхныг хөдөлгөж чадахгүй байна гэж үү?

-Тэгж харагдаж байна шүү дээ. Бараа захиад авахаар тэмдэглэхгүй оруулж ирж байна, авлига өгөхгүй бол барааг нь оруулахгүй байна гэх мэт яриа хөөрөө бизнесийнхэн дунд ил цагаан өрнөсөөр байгаа. Хамгийн гол нь тэр асуудлыг сөхөөд гаргаад ирэх сонирхол хэвлэл мэдээлэл, засаг төр гээд аль аль талдаа алга. Ковидоос улбаатай хоёр гурван жил бугласан иймэрхүү асуудал гааль дээр бугшсаар яваа нь том зовлон болоод байна. Энэ бол Засгийн газрын чадамжийн л асуудал. Бүр тодруулж хэлбэл Засгийн газар дахь томоохон бүлгийн эрх ашгийг хөндөж буй учраас л энэ асуудал шийдэгдэхгүй яваа гэж харж байна.

-Наадмын үеэр шатахууны үнэ огцом өслөө. Ялангуяа дизель түлш өссөн нь эмзэг сэдэв болоод байна. Энэ шийдвэрийн хор нөлөөг нь бид хэзээ мэдрэх бол?

-Буруу цагтаа шатахууны үнийг өсгөчихлөө гэж харж байна. Иргэдийн хувьд Аи-92-ын үнийг өсгөсөнгүй гээд тайвширчих шиг боллоо. Засгаас ч ийм утгатай мэдээлэл түгээж байна. Дизелийн түлшний ханшийн огцом өсөлтийн гол ачаа нь эцсийн хэрэглэгчид буюу иргэдийн нуруун дээр л ирнэ. Дизель түлшний хувьд уул уурхайн нийт өртгийн 40, хөдөө аж ахуйн нийт өртгийн 30 орчим хувийг эзэлдэг. Төмс, ногоо, буудай, гурилын үнийн өсөлтөөр дамжаад иргэдэд ачаа болно гэдгийг олж харахгүй байна л даа. Уул уурхай, хөдөө аж ахуй ид хөдөлдөг цагт дизелийн үнийг нэмчихээр намраас эцсийн хэрэглэгчдэд хүнд байдал үүсэх нь хэнд ч ойлгомжтой асуудал. Ядаж аравдугаар сарын сүүлээр, ногоо тариагаа хураагаад авчихсан үед нэмсэн бол эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь бага гарах байсан. Шатахууны үнийг зах зээл дээр барьдаг нь ойлгомжтой юм чинь хэзээ барих нь бидний л асуудал.

-Таны ярианаас анзаарахад Засгийн газрын хийж чадах зүйл ингэсгээд бараглах бололтой. Удахгүй бид гадаад өр гэсэн том асуудалтай нүүр тулна. Гарц шийдэл харагдана уу?

-Одоо Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан хоёрын хувьд хоёр сонголтын өмнө ирчихлээ л дээ. Нэг талдаа хүлээгдэж буй өр төлбөрөө төлөхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрт орох, эсвэл орохгүй төлөх гэсэн хоёр сонголт бий. Валютын сангийн хөтөлбөрт ороод төлбөл ирэх жил хүлээгдэж байгаа нэг тэрбум ам.долларыг төлөхөд ямар ч асуудалгүй. Донор орнуудын тусламж орж ирээд хялбархан шийдчихнэ. Тэр үед Валютын сан валютын нөөцөө хадгал, ханшаа сулла, татвараа нэм гэх мэт шаардлага тавина. Сонгуулийн өмнөх жил эрх баригчдад ийм сонирхол төрөх үү гээд харахаар сангийн хөтөлбөрт орохгүй гэсэн замыг сонгох магадлал өндөр харагдаад байна. Валютын сангийн хөтөлбөрт орохгүйгээр зүтгүүлье гэхээр эдийн засаг мөд сэргэхгүй гэсэн зовлон бий. -3.8 хувийн агшилттай гарчихсан, төсвийн орлого байхгүй, ирэх жил их хэмжээний өр төлнө гэх мэт асуудалтай суугаа учраас. Миний бодлоор Засгийн газар хөтөлбөрт орохгүйгээр том өрөө төлөх оролдлогыг юуны түрүүнд хийх байх. Өндөр хүүтэй ч хамаагүй мөнгө олоод refinance хийлээ гэхэд ирэх сонгууль хүртэл өнөөгийнхөөрөө л зүтгүүлэх байх.

Тэгвэл сонгууль дуустал өндөр инфляцтай аж төрөхнээ. Оюу толгойн бүтээн байгуулалт бараглачихсан гэхээр ирэх жил гадаадын хөрөнгө оруулалт бараг тэг заах нь тодорхой болчихсон. Гадаадын хөрөнгө оруулалт татах боломж бидэнд хэр байна?

-Богино хугацаанд ямар ч боломж байхгүй. Хөрөнгө оруулалтын хувьд дэлхий даяараа найдвартай зах зээлд мөнгөө байршуулахад анхаарч байна. Хөрөнгө оруулагчдад хөгжиж буй орнуудад мөнгөө хийх сонирхол алга. Шри-Ланкаас эхлээд эхнээсээ тахил өргөгдөөд явж байгаа шүү дээ. Африкийн олон улс Шри-Ланкийн араас орох нь тодорхой болчихсон яваа.

-Газрын тосны ханш цаашдаа яах бол, ямар таамаг голлож байна вэ?

-Газрын тосны тухайд гурван том тоглогч байсны нэг нь дайнаас болж орон зайгаа алдчихсан. Одоо хоёр том тоглогч үлдсэн. Нийлүүлэлт багассан үед Америк нөөцөөсөө хэрэглээд эхэлсэн. Улаан гэрэл асаад ирэнгүүт АНУ Саудын Араб руу очиж уулзалт хийж байна л даа. Саудын Арабын хувьд нэг сая баррелаар нэмье гэсэн амлалт өгсөн ч яг шийдсэн юм байхгүй. Тэр хэмжээ нь Хятадын агаарын тээврийн жилийн хэрэглээ төдий гээд харахаар газрын тосны нийлүүлэлт нэмэгдэх боломж байхгүй нь тодорхой болчихлоо.

-Монгол банк инфляцыг оны эцэст 15 хувь орчимд төсөөлөөд байх шиг. Хэр бодит төсөөлөл бол?

-Монгол банкийг инфляцын тухай боддоггүй гэж би хувьдаа хардаг. Ханш л боддог байх. Бодлогын хүү ханшаас болж л хөдөлдөг. Мөнгөний бодлого ерөөсөө л төсвийг яаж зохицуулах вэ, ханшийг яаж унагахгүй аж төрөх вэ гэсэн хоёр даалгавар дор хэрэгждэг шиг санагддаг. Нийт инфляцын тавь, жаран хувь импортын шалтгаантай гэж түрүүн ярьсан даа. Монгол банкны бодлогын хүүгээр зохицуулагддаг эрэлтийн инфляц биш гэдгийг эндээс харчихаж болно. Бүр тодруулж хэлбэл Монгол банк бодлогын хүүгээ өсгөхөд банкууд зээлээ зогсоож, банкны зээл зогсонгуут иргэд зээлээр авах барааны худалдан авалтаасаа татгалзаж, тэр бүхний үр дүнд юмны үнэ буурна гэсэн зах зээлийн ойлголт хэрэгжих боломжгүй нөхцөлд бид амьдарч байгаа. Гэхдээ ханшаа улам ихээр алдахгүйн тулд хэрэгжүүлж байгаа бодлогыг нь буруутгах аргагүй. Шри Ланка улсын араас орохгүйн тулд ингэхээс өөр гарц байхгүй.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 22, Сугар гариг. Билгийн тооллын 24, гоё хүүхэн одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 5:16 цагт мандан, 20:41 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэгтэй болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө сэрүүсэж 17-19 хэм, бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө сэрүүсэж 17-19 градус дулаан байна.

Хур тунадас: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо, Хангайн уулсаар шөнөдөө нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Aлтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говиор 29-34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө сэрүүсэж 17-19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө сэрүүсэж 15-17 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Морь унаач хүүхдийн амь нас хохирсон ч золгүй тохиолдол хэмээн үзэж хариуцлага тооцдоггүй гэв DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эрүүл мэндийн Сайд
С.Энхболд “Омикроны БА4 ба
БА5 хувилбараар үүсгэгдсэн тав
дахь давлагаа эхэлж байна” хэмээснийг “Цаг үе, үйл явдал” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал “Роснефьт”-тэй хийсэн
хэлэлцээрийн үр дүнд 110 тэрбум төгрөг бодитоор
хэмнэсэн. Уг хэмнэлт цаашид ч үргэлжилнэ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Морь унаач хүүхдийн амь нас хохирсон ч золгүй тохиолдол хэмээн үзэж хариуцлага тооцдоггүй гэв“. Энэ тухай I болон V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Нийгэм” нүүрт “Аялагчдад сайхан байгаль, том
гэрээс гадна ариун цэврийн өрөө,
хогийн цэг, чанартай хоол хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

“DOZ” энтертаймент
студийн захирал, Монгол
Улсын гавьяат жүжигчин Ш.Доржсүрэн “Гавьяа шагналтай зэрэгцээд үзэгчдийнхээ
баяр хүргэсэн чин сэтгэлээс маш их эрч хүч авсан” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ