Categories
мэдээ цаг-үе

ЦУОШГ: Гэнэтийн үер буух магадлал өндөр байна DNN.mn

Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 10-55 см даван үерлэж  байна

Цаг уур орчны шинжилгээний газраас өмнөөс борооны үүл нэмэгдэж, гэнэтийн үер болох магадлал өндөр байгаа тул анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Хануй, Хойдтамир, Урдтамир өврийн Онги, Шаргалжуут, Орхон голын дагуух Хөгшин-Орхон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдсэн байна.

Мөн Үүр, Хархираа, Улз, Халх, Хөгшин-Орхон зэрэг голууд голууд үерийн түвшинг 10-35 см даван үерлэж байна. Маргааш буюу 7 дугаар сарын 23-ны өдөр Ус судлалын Чулуут-Өндөр-Улаан, Онги-Арвайхээр харуул орчмоор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой хэмээн үзжээ DNN.mn

S&P: Türkiye'yi yakından izliyoruz – DW – 10.07.2018

Олон улсын “Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ өчигдөр зарлалаа. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлээр тогтвортой байгаа гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ.

Энэ онд түүхий эдийн экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар өснө гэж таамаглав. Ирэх 2-3 жилийн эдийн засгийн өсөлтийн төлөв нь уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эерэг үргэлжилнэ.

Цаашид 2025 он хүртэл ДНБ-ийн бодит өсөлтийг жилд дунджаар 6.4 хувь болно гэж таамаглав. Учир нь Тавантолгой, Оюутолгойн зэрэг уул уурхайн төслүүдэд тогтвортой хөрөнгө оруулалт хийгдэх болно. Энэ оны эхэнд Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай Оюутолгой төслийн талаарх хэлэлцээрийг амжилттай хийж, зардлын хэтрэлттэй холбоотой холбогдох асуудлууд шийдэгдсэн гэж үзэв.

Цаашид зээлжих зэрэглэл “Тогтвортой” төлөвтэй байх нь эдийн засгийн сэргэлт хэвийн үргэлжилнэ гэсэн хүлээлтээс шалтгаалав. Мөн 2022 оноос хойш Монгол Улсын төсөв, өр, гадаад секторын нөхцөл байдал сайжирна.

Монгол Улсын гадаад өр төлбөртэй холбоотой эрсдэлүүд нь олон улсын донор харилцагчдын зээлийн дэмжлэгээр буурч байна. Түүнчлэн Монголбанк 2020 оны 8 дугаар сард БНХАУ-ын Ардын банктай 15 тэрбум юанийн своп хэлцлээ 2023 оныг дуустал амжилттай сунгасан тул нийт гадаад өрийн тооцооллоос хасч авч үзсэн талаар Төв банк мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

УУХҮЯ: Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өсөлттэй байна DNN.mn

Оны эхнээс 2022.07.21-ний өдрийн байдлаар:

Нүүрс: Авто замаар 5,981 автомашин, төмөр замаар 300 чингэлэг тээвэрлэгдэн, оны эхнээс нийт 10,113.7 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.5%-иар, 7 хоногт 737.7 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 340%-иар тус тус өссөн байна.

Хилээр нэвтэрсэн боомтын мэдээлэл: (оны эхнээс өссөн дүн, 7 хоног)

Гашуунсухайт – 6,179.5 мян.тн / 464.2 мян.тн

Замын-Үүд – 929.4 мян.тн / 19.6 мян.тн

Ханги – 901.5 мян.тн / 84.3 мян.тн

Шивээхүрэн – 724.0 мян.тн / 143.0 мян.тн

Ярант – 1,379.2 мян.тн / 26.6 мян.тн

Өдөрт дунджаар 854 автомашин, 43 чингэлэг нүүрс экспортлогдсон байна.

Зэсийн баяжмал: Авто замаар 272 автомашин, төмөр замаар 160 чингэлэг тээвэрлэгдэн, оны эхнээс нийт 820.4 мян.тн зэсийн баяжмал экспортод гарсан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.5%-иар өссөн байна.

Хилээр нэвтэрсэн боомтын мэдээлэл: (оны эхнээс өссөн дүн, 7 хоног)

Гашуунсухайт – 452.8 мян.тн / 14.9 мян.тн

Замын-Үүд – 367.6 мян.тн / 10.7 мян.тн

Төмрийн хүдэр, баяжмал: Авто замаар 445 автомашин, төмөр замаар 1,987 чингэлэг тээвэрлэгдэн, оны эхнээс нийт 2,023.7 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 55.2%-иар бууралттай байгаа ч 7 хоногт 167.1 мян.тн гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.1%-иар өссөн байна.

Хилээр нэвтэрсэн боомтын мэдээлэл: (оны эхнээс өссөн дүн, 7 хоног)

Замын-Үүд – 1,936.2 мян.тн / 141.1 мян.тн

Ханги – 32.1 мян.тн / 1.0 мян.тн

Бургастай – 52.9 мян.тн / 25.0 мян.тн

Эрээнцав – 2.6 мян.тн / 0.0 мян.тн

Өдөрт дунджаар 64 автомашин болон 284 чингэлэг төмрийн хүдэр, баяжмал экспортоор гарсан байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аялагчдад сайхан байгаль, том гэрээс гадна ариун цэврийн өрөө, хогийн цэг, чанартай хоол хэрэгтэй DNN.mn

Цар тахал, хөл хорионы
дараа дотоодын аялагчдын
тоо нэмэгдэж байна. Энэ сарын
9-17-ны хооронд буюу үндэсний
их баяр наадмын амралтыг
тохиолдуулан амарч зугаалах,
аялах зорилгоор Улаанбаатар
хотоос гарах, нэвтрэх дөрвөн
постоор 300-аад мянган
автомашин хөдөө орон нутгийн
чиглэлд зорчжээ.
Өнгөрсөн жил аялал
жуулчлалын салбар цар тахлын
улмаас 6.6-9.2 их наяд төгрөгийн
шууд бус алдагдал хүлээсэн
гэх тооцооллыг Улаанбаатар
Аялал жуулчлалын холбооноос
мэдээлсэн билээ.

Аялал
жуулчлал нь 20 гаруй төрлийн
үйл ажиллагаанаас бүрдэж, 40
гаруй салбартай холбогддог,
эдийн засагт голлох нөлөө
үзүүлдэг самбар юм. Аялал
жуулчлалын салбарынхан цар
тахлын улмаас алдсан хоёр
жилээ энэ зун нөхөх боломж
бүрдүүлэхийн тулд бүхий л
нөөц бололцоогоо ашиглан
ажиллах талаар уулзалт
зөвлөгөөн ч хийсэн.
Энэ зуны дотооды н
аялагчдын чиглэл баруун
аймгууд ялангуяа Хөвсгөл,
Баян-Өлгий, Завхан аймаг руу
давамгайлж байна.
Дотоодын аялагчдаас
сошиал орчинд давлагаалж
буй нийтлэг шүүмж бол
“Дотоодын аялал жуулчлал
ингэж сайн хөгжиж, идэвхжиж
байхад аймаг, сум орон нутгийн
удирдлагууд санаачилгатай
баймаар юм аа! Хүмүүсийн
хамгийн их очдог газар нутагт
явган зам, гэрэлтүүлэг, хогийн
сав, ариун цэврийн өрөө, гүүр,
машины зогсоол шийдээд
өгчихвөл болох гээд байна.
Зуны дэлгэр цагт л мөнгөний
урсгал хөдөө орон нутаг руу
чиглэдэг шүү дээ” хэмээжээ.

Үнэхээр л аялагчдад сайхан
байгаль, том гэрээс гадна
ариун цэврийн өрөө, хогийн цэг,
чанартай хоол хэрэгтэй шүү
дээ. Галт тэргээр аялагчдын
хувьд Улаанбаатар төмөр
замаас долдугаар сард хамгийн
эрэлттэй чиглэл УлаанбаатарЗамын-Үүд, УлаанбаатарСайншанд, УлаанбаатарДархан гэжээ.
Улаанбаатар- ЗамынҮүд, Улаанбаатар-Дархан
чиглэлийн галт тэргээр зорчиж
амрах боломжтой хоттой
хамгийн ойрхон газруудын нэг
бол Түнхэл тосгон.
Түнхэл тосгон нь Сэлэнгэ
аймгийн Мандал сумын нутаг,
Зүүнхараа хотоос зүүн урагш 35 км, Улаанбаатар хотоос
хойшоо 120км зайд оршдог.
Их хотын дуу чимээ, стресс,
ухаалаг төхөөрөмж, нийгмийн
сүлжээнээс ангид Хараа голын
хөвөөнд байрлах Түнхэл
тосгоныг зорих аялагчдын тоо
энэ жилээс эрс нэмэгджээ.
Тавдугаар сард 3,400 иргэн,
зургадугаар сард 4,730 иргэн,
долдугаар сарын эхний 19
хоногийн байдлаар 3,400 гаруй
иргэн Түнхэл тосгоноос зөвхөн
галт тэргээр зорчсон талаар
Түнх өртөөний мэргэжилтэн
н.Энхтуяа мэдээллээ.
Тэрээр “Наадмын өмнөөс
Түнх болон Нарс өртөө дээр
буух зорчигчдын тоо маш их
нэмэгдсэн. Улаанбаатараас
холгүй, тосгон дээрээ төмөр
замын өртөөтэй болохоор их
давуу тал болж байна” гэж
ярьсан юм.
Түнхэл тосгон руу общий
вагоноор том хүн 3,500 төгрөг,
хүүхэд 1,000 төгрөг, купе том
хүн 11,700 төгрөг, хүүхэд
5,400 төгрөгийн ханштай.
Галт тэрэгний тасалбарыг
очиж авах шаардлагагүй
“Тapatrip” аппликейшнээр
явах хүмүүсийнхээ
регистрийн дугаарыг оруулаад
захиалчихна. Галт тэргээр 10:40
цагт хөдлөөд, 14:00 цагт Түнх
өртөөн дээр бууна. Аялагчид
вагоноор явах нь машинаар
явснаас хямд амралтын
газрууд амрагчдаа тосоод
авчихдаг учраас хувийн унаа
шаардлагагүй амар байгаа
талаар хуваалцсан юм.
Наадмын амралтын
өдрүүдэд хотын залуус “Түнхэл
рүү бэлчсэн” гэхэд хилсдэхгүй.
Багадаа 2-3 хоногийн өмнө
амралтын газраа захиалахгүй
бол амралтын газар, хоног
төөрүүлэх гэрийн эрэлд гарсан
хүмүүс бишгүйдээ байна билээ.

Амралтын газраа захиалсан
л бол вагоноос буухад тосож
аваад, буцаад явахад суулгаад
өгчихдөг. Зөвхөн монголчууд
гэлтгүй гадныхан ч гэр
бүлээрээ очиж амардаг юм
билээ. Оройдоо гүзээлзгэнэ,
цагаан идээ зарсан нутгийн
хүүхнүүд ч явна.
Амралтын газруудын үнийн
хувьд Түнхэл тосгоны төв дээр
“Шовгор” нэртэй жижиг модон
байшин болон тосгоны төвөөс
8км зайтай таван ханатай
гэр нэг хоногийн 100 мянган
төгрөг, тосгоноос 2км зайтай
“Түнхэл таур”-ын байшин том
хүн өдрийн 65 мянган төгрөг,
хүүхэд 30 мянган төгрөгийн
ханштай байна. Харин тосгоны төв дээр
Хараа голын хөвөөнд байрлах
гэрүүдийн хувьд дөрвөн ортой
нийтийн гэр 35 мянган төгрөг,
хувийн гэр нэг хүний 65 мянган
төгрөгийн үнэтэй.

Дээрх үнэд
өглөөний цай, оройн тараг
багтсан. Өдөр, оройн хоолыг
өөрсдөө хийх эсвэл амралтын
газраасаа захиалах боломжтой.
Захиалгын хоёрдугаар
хоолнууд дунджаар 15 мянган
төгрөгийн ханштай. Эрүүл ахуйн
шаардлага, хоол хийж буй
тогоочдын харилцаа хандлага
гэх мэт бас бус шалтгааны
улмаас тосгоны өөр ресторан,
цайны газраас хоол захиалъя
гэвэл захиалгаар хоол хийх нэг
ч газар байхгүй. Хоёроос гурван
ширхэг хүнсний дэлгүүртэй
бөгөөд бараа бүтээгдэхүүн
нь хотоос хоёр дахин өндөр
үнэтэй. Түнхэлийн байгалийн
сайхан, амарсан шиг амрах
боломжтой амгалан тайван
орчинд бол ярих зүйл байхгүй.
Харин хоттой ойрхон, худалдаа
наймаа эрхэлж эдийн засгийн
эргэлт бий болгох, жижиг дунд
үйлдвэрлэл хөгжүүлэх бүрэн
боломж, давуу талтай газар
үйлдвэрлэл, үйлчилгээний
газар, ажлын байр бий болгох
шаардлагатай санагдсан юм.
Нөхцөл байдлын талаар
амралтын газрын эзэн “Манай
энд аялал жуулчлалын
салбар энэ жилээс эрчээ авч
байна.

Цар тахлын дараа
дотоодын аялагчдын тоо ч
нэмэгдсэн байна. Хүн бүр л
гэр бүлээрээ амарч аялахыг
илүүд үздэг болж. Наадмын
өдрүүдийн захиалга дүүрсэн.
Аялал жуулчлалын салбараа
хөгжүүлэхийн тулд бизнес
эрхлэгчдэдээ зориулсан зээл
хэрэгтэй санагддаг. Бизнес
эрхлэгчид мөнгөтэй байвал
амралтын газрын тухтай
байдал, орчин, хоолны
сонголт, үйлчлүүлэгчдийн
сэтгэл ханамж гээд олон зүйлд
эергээр нөлөөлнө шүү дээ”
гэв. Энэ талаар аялал жуулчлалын холбооны менежер
Д.Энхцэцэг “Өнгөрсөн жил
Хас, Голомт, Төрийн банк
гэх мэт арилжааны банкууд
зээл олгож байсан. Гэхдээ
шаардлага, барьцаа хөрөнгө
маш өндөртэй. Энэ салбарын
бизнес эрхлэгчдийн дийлэнх
нь зээлд хамрагдаж чадаагүй.
Тоотой хэдэн амралтын бааз
л хамрагдсан. Энэ жил зээл
олгох хүсэлт гаргасан ч одоог
хүртэл шийдэгдээгүй зун дуусч
байна” хэмээн ярьсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Я .Буянжаргал: Ерөнхийлөгч зарлиг дуудах мөчид өөрийн эрхгүй огшиж “Аав, ээж минь байсан ч болоосой” гэж бодогдоод хоолой дээр юм тээглэх шиг болсон DNN.mn

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга асан Ядамсүрэнгийн Буянжаргалтай ярилцлаа.


Танд үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Та сайхан наадав уу?
-Сайн байна уу, баярлалаа. Сайхан наадлаа, та бүхэн сайхан наадсан уу.
-Сайхан наадлаа. Та энэ жил хаана яаж наадав, Эрүүл мэндийн салбарынхан хэрхэн нааддаг юм бэ?
-Би наадмын өдрүүдэд зуслан дээрээ гэр бүлийнхэн, ах, эгч, дүү нартайгаа амарсан. Манай эрүүл мэндийн салбарынхан аль ч баяр наадмын үед амралт, ажлыг хослуулах болдог. Ялангуяа, зуны цагт баяр наадам олон хоногоор үргэлжлэх үед бүх эмч, эх баригч, сувилагч, үйлчлэгч нар жижүүрт ээлжлээд гарч таарна. Байгууллагын удирдах ажилтнууд хариуцлагатай жижүүрт мөн томилогддог. Жижүүр таараагүй ч эмч нарыг утсаа нээлттэй байхыг үүрэг болгодог. Мөн хөдөө орон нутагт амрах бол яг аль аймгийн ямар суманд амрахаа маш тодорхой мэдээлдэг. Учир нь түүний амарч байгаа тухайн аймаг, суманд алсын дуудлага гарвал тэр эмч тусламжийг газар дээр нь шууд үзүүлэх зохицуулалт хийдэг. Олон хоног үргэлжилдэг баярын сүүлийн өдрүүдэд илүү туршлагатай эмч нарыг жижүүрт томилдог. Учир нь иргэд баярлаад эхний өдрүүдэд аливаа өвчний шинж тэмдгээ анзаарахгүй хүндрүүлэх тохиолдол элбэг тул баярын сүүлийн өдрүүдийн жижүүр нэлээд хүнд байдаг.
-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн босгон дээр Монгол Улсын “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаасан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа, юуны түрүүнд, миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнасан Монгол Улсын төрдөө маш их баярлаж байна. Би эрүүл мэндийн салбарт 35 дахь жилдээ ажиллаж байна. Намайг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” болоход аав маань надад “За миний охин салбарын тэргүүн гэдэг маш том хүндлэл шүү. Энэ чинь салбарынхаа гавьяат л гэсэн үг. Өөр салбарын хүн авч чаддаггүй юм шүү” гэж хэлээд үнсэж байсан юм.
Би “Эрүүлийг хамгаалахыг гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга асан Ядамсүрэнгийн Буянжаргал…” гэж Ерөнхийлөгчийн зарлиг дуудах яг тэр мөчид аавынхаа нэрийг дуудуулж байгаадаа өөрийн эрхгүй огшиж, “Аав, ээж хоёр минь байсан ч болоосой” гэж бодогдоод хоолой дээр юм тээглэх шиг болсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх алдар цол олгож байгаа хүн бүртэй халуун дотно ярьж, зураг авахуулдаг шүү дээ, тэр нь намайг тайвшруулсан.
Шагналаа аваад гарч ирэхэд гэр бүлийнхэн, ах дүү хамаатан садан, худууд, хамт ажиллаж байсан болон одоо хамт ажиллаж байгаа хамт олон, курсынхэн, багын найзууд, ОУБ, ТББ-ынхан гээд бүгд бүчээд, баяр хүргээд үнэхээр сайхан байсан.

Эрүүл мэндийн яамны удирдлагууд шагнал авсан эмч, мэргэжилтнүүдээ хүлээж авч уулзаж, хүндэтгэл үзүүлсэн.

Удаа ч үгүй, нийгмийн сүлжээгээр баяр хүргэсэн сэтгэгдлүүд постууд явсан. Салбарынхан маань маш их итгэл хүлээлгэдэг, иргэд ч их дэмжиж хүндэлж баяр хүргэж байгаа нь улам сайхан байсан. Тэр өдөр нүдний эмч Баасанхүү багш маань Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн баатар анхны эмэгтэй эмч болсон. Би багштайгаа нэг өдөр шагнал авсандаа маш их бэлгэшээсэн.
-Шагнуулах гэж буйгаа хэзээ мэдэж, хэрхэн хүлээж авсан бэ. Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтнаар тодорсон гэдгээ мэдээд хамгийн түрүүнд хэнд дуулгасан бэ?
-Хоёр хоногийн өмнө зуслан дээр гэрийнхэнтэйгээ байж байхад Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж, баяр хүргээд, “Долоодугаар сарын 07-ны өдөр 10 цагт ордны баруун урд хаалган дээр ирээрэй” гэж хэлсэн. Баяр наадам болж байгаа тул шагнал авч байгаа хүмүүсийг хөдөө орон нутагт явчих байх гэж арай эрт мэдээлэл өгсөн байх аа.
Тухайн үед манайд дүү нар, хүүхдүүд шуугилдаж байж байсан тул би “26”-тай төрийн байгууллагын утасны дуудлагыг гадаа гараад сонссон. Би эргэж орж ирээд “Хөөе, Чимээгүй байж бай даа” гэхэд тэд хоромхон зуур чимээгүй болсон. Би “Сая ЕТГ-аас залгаад намайг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо гэж хэллээ” гэсэн. Тэд бүгд баяр хүргээд үнсээд эхэлсэн. Тэгснээ гэнэт эргээд “Ингэхэд танд хэн хэлсэн юм бэ, яг зөв сонссон уу” гээд асууцгаалаа. Надад ч нээрээ хэн нэг нь тоглосон юм биш байгаа гэсэн бодол зурс хийсэн шүү /инээв/. Маргааш өглөө нь ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга мөн утасдаж хэлээд баяр хүргэсэн.
-Та эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Эрүүл мэндийн салбарт 35 дахь жилдээ ажиллаж байна. Би 1988 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Яг төгсөхөд намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэлд хуваарилсан. Тэгээд ШШГЕГ-ын Хүний нөөцийн албаны үүдэнд сууж байхад, цэргийн хувцастай хоёр хүн “Ромбоных нь будаг үнэртсэн хүн сууж байна” гэж яриад хажуугаар өнгөрч байсан нь саяхан шиг л санагдаж байна. Дараа нь ШШГЕГ-ын Дүүрэн дэх хорих ангид эмчээр хуваарилагдаж байлаа. Гэхдээ АУДС-д элсэхдээ л эх барих эмэгтэйчүүдийн эмч болно гэсэн бодолтой байсан, оюутан байхаасаа л энэ чиглэлээр дугуйланд сурдаг байсан. Мөн биднийг хоёрдугаар курст орох жил ЕБС-ийг алтан медальтай төгсөөд, нэгдүгээр курстээ онц сурсан 10-аад оюутныг сонгож, гүнзгийрүүлсэн хэлбэрээр сургасан юм. Манай үеийнхэн тэр группийг “Онцчуудын групп” гэдэг байлаа. Би тэр группэд сурсан.
Мөн 1988 онд ЭХЭМХЭШУНТ (Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төв буюу одоогийн ЭХЭМҮТ) шинээр нээгдэж, манай төгсөлтөөс 30-аад оюутныг сонгож, зургаадугаар курст нь эх барих эмэгтэйчүүдийн эмчийн баримжаа олгохоор Нэгдүгээр төрөх (одоогийн Өргөө амаржих газар)-д бэлтгэсэн. Би тэдний дунд сонгогдож эх барих эмэгтэйчүүдийн эмчийн баримжаа олгох сургалтад сурсан. Энэ бүгд нь магадгүй надад сонголт хийх боломж, давуу талыг бий болгосон байх аа. Тийм ч учраас ЭХЭМҮТ-д эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллах хүсэлтээ бичээд, тухайн үеийн Данзан захиралтай очиж уулзсан. Данзан захирал миний дипломыг үзээд, намайг хүүхдээ 9 сар болгоод хүрээд ир гэсэн. Гэтэл Данзан захирал солигдоод, Малчинхүү багш маань ЭХЭМҮТ-ийн захирал болсон байсан. Би дахиад “Данзан захирал намайг хүүхдээ том болгоод ир гэсэн юм аа” гээд Малчинхүү захиралтай уулзсан. Багш надад “Шинээр ажилд авах эмч, мэргэжилтнийг захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлж шийднэ” гэсэн. Тэр үед хүүхдийн анагаахын хичээл зааж байсан Малчинхүү багш, Энхжаргал багш нар маань ЭХЭМҮТ-ийн захирлууд байсан тул оюутнаа мэддэг байсан байх аа, намайг дэмжсэн.
Тэр үед ЭХЭМҮТ дөнгөж байгуулагдсан, олон шинэ залуу эмчтэй байсан тул хагас жил тутамд биднээс онолын болон дадлагын шалгалт авдаг, мөн долоо хоног бүр ямар нэгэн мэдээлэл ном уншиж товчлол хөтлүүлдэг байсан. Түүнийг зөвлөх эмч Жанчив тав дахь өдөр бүр шалгаж, сүүлийн хуудас дээр нь гарын үсэг зурдаг байлаа. Энэ нь залуу эмч нарыг онолын мэдлэгтэй болгох, шинэ мэдээлэл эрэлхийлдэг болох, ур чадвартай эмч болоход их нөлөөлсөн. Манай гэрийн цонхоор ЭХЭМҮТ харагддаг байсан. Намайг жижүүрт хоносны маргааш хүүхдүүд маань цонхон дээр суугаад ээжийгээ хүлээдэг байсан гэж ярьдаг юм.
-Та яагаад энэ салбарыг сонгосон бэ?
-Би Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 10 жилийн сургуулийг төгссөн. Намайг 10-р ангид байхад аав Ленинград руу сургалтад явсан байсан. Аавыг эзгүй үеэр ээж маань хүнд өвдсөн. Би ээжийгээ сахиад шөнө сууж байхад ээж надад “Миний охин эмч болоорой. Айлын хүүхдүүдэд нэг эмч заавал байх хэрэгтэй” гэж хэлсэн. Би уг нь онц сурдаг, миний өмнө гадаад дотоодын бүх сургууль нээлттэй байсан. Физик, математикт их дуртай, бүх олимпиадад ордог байсан. Гадаад явж инженер болох л сонирхолтой хүүхэд байлаа. Аав удалгүй Ленинградаас ирсэн. Би ч сургуулиа төгслөө.
Би Сэлэнгэ аймагтаа сурлагаараа нэгт жагсаж, хуваарь авахаар аавтайгаа сургуулийн урт коридориор алхаж байхдаа “Ааваа, би гадаад явмаар байна аа” гэж хэлсэн. Аав надад “Ээжийгээ хуурч болохгүй ээ” гэсэн. Захирлын өрөөнд орсон зөндөө багш дарга нар сууж байсан. Захирал “Манай Буянжаргалд бүх сургууль байна. Гадаадын бүх хуваарь байна“ гэсэн. Гэхдээ тэр жил Сэлэнгэ аймагт гадаадын анагаахын хуваарь ирээгүй юм. Байсан бол тэрийг л авах байсан. Аав “Охиноо эмч болгоно оо. Ээж нь хүссэн юм аа” гэсэн. Захирал “Анагаахын сургуульд заавал конкурс (элсэлтийн ерөнхий шалгалт) өгнө. Харин гадаадын сургуулиудад зөвхөн хэлний шалгалт л өгнө” гэж тайлбарласан. Аав “Зүгээрээ” гэж хэлээд, тэгээд л бид хоёр Монгол Улсын АУДС-ийн Эмчилгээний анги сонгож, конкурс өгсөн.
-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?
-Эмч хүн үнэхээр сайхан шүү. Эмчийн мэргэжил хариуцлага ихтэй боловч маш их хүндлэл хүлээдэг мэргэжил. Ямар ч алдартнууд, сайд, дарга, настан буурлууд бүгд л “Эмчээ, та гэж” хүндэтгэж харьцдаг. Манай эмзүйн Чойжамц багш бидэнд хичээл орох бүртээ “Төгсөнгүүт л Эмчээ та гээд дуудуулаад ирэхээр онгирч сагсуурч огт болохгүй шүү” гэж байнга хэлдэг байж билээ.
-Та Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргаар ажиллаж байсан. Энэ бол хамгийн шуурхай ажиллах ёстой алба шүү дээ. Та удирдах үедээ юунд хамгийн их анхаардаг байсан бэ?
-ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар голдуу эрэгтэй дарга нартай байсан. Энхбат, Жамбалжав, Эрхэмбаатар, Гончигдорж, Мөнхбат гэх мэт. Манай ЭТГазар нь Монгол Улсын эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, зохион байгуулж, оношилгоо эмчилгээний стандарт, заавар, журам, удирдамжийг боловсруулж мөрдүүлэх, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах асуудлыг хариуцдаг маш хариуцлагатай газар. Аливаа өвчин, нийтийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэрхэн шуурхай үзүүлэх вэ гэдгийг шийдвэрлэдэг. Оношилгоо, эмчилгээнд шинээр нэвтрүүлэх арга аргачлал, шинэ технологийг нэвтрүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх, дэвшилтэт туршлагыг нутагшуулахад чиглэсэн үйл ажиллагааг явуулна.
Бид нийтийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдвар, цар тахлын үед тухайн халдварын тархалтыг хязгаарлах, оношлох эмчлэхэд анхаараад зогсохгүй, эмнэлгийн бусад тусламж үйлчилгээг хугацаа алдахгүй, тасралтгүй, тэгш хүртээмжтэй үзүүлэхэд анхаарч ажилласан.
-Өнгөрсөн 2-3 жил эрүүл мэндийн салбарынхны хувьд амаргүй байлаа. Одоо эргээд бодоход танд ямар санагдаж байна?
-Тийм шүү, эрүүл мэндийн салбарынханд нэлээд ачаалалтай жилүүд байлаа. Анх ДЭМБ-аас 2020 оны нэгдүгээр сарын 6-нд “БНХАУ-ын Ухань хотод шалтгаан тодорхой бус уушгины үрэвсэл бүртгэгдсэн” талаар мэдээлэл өгсөн. Бид шууд эмнэлзүйн зөвлөх багийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулж, “Шалтгаан тодорхой бус уушгины хатгалгааны оношилгоо, эмчилгээний заавар”-ыг боловсруулж, ЭМЯ-ны цахим хуудсанд байрлуулсан.
Дэлхий нийтээрээ оноосон нэр ч байхгүй, шалтгаан, эмнэлзүй, эмгэг жам, тавилан тодорхойгүй халдвартай нүүр тулсан. Иймд бидэнд бусад орноос авах туршлага, нутагшуулах ямар ч заавар, удирдамж байгаагүй. Манай зөвлөх багийн гишүүн М.Наранпүрэв эмч маань БНХАУ-д төгссөн тул Уханий эрчимт эмчилгээний эмч нартай шууд холбогдоод мэдээлэл авч байсан. Энгийн нэг жишээг дурдахад өвчтөнийг түрүүлгээ харуулж хэвтүүлэх нь уушги амьсгалах сайн байгааг Уханий эмч нар бидэнд хэлсэн тул бид заавартаа сувилгааны энэ аргыг оруулж байсан.
Бид, оношилгоо эмчилгээний зааварт ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийг суурь болгоод зогсоогүй бусад улс орны оношилгоо, эмчилгээний заавруудыг олж авч, манай оронд хэрэгжүүлж болох үйл ажиллагааг нь зааврууддаа тусгаж байсан. БНСУ, БНХАУ, Тайланд, Вьетнам, ОХУ-д сурч төгссөн эмч, мэргэжилтнүүд чиглэл чиглэлээрээ хамт сурч байсан эмч, багш нар, мэргэжлийн нийгэмлэг холбоодтойгоо холбогдож мэдээлэл авч, туршлага судалж, удирдамж зааврыг тухай бүрт нь шинэчлэн боловсруулж байсан.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нэг орой бид нар дээр орж ирээд, “Та бүхнийг ДЭМБ-ын зөвлөмжийг мөрдөөрэй” гэж хэлсэн. Би “Тийм ээ, бид нар ДЭМБ-ын зөвлөмжийг үндэслэж байгаа. Гэхдээ бас ОХУ, БНХАУ, БНСУ, Тайланд, Вьетнам, Сингапур гээд улсуудын удирдамж, зөвлөмжүүдийг бас уншиж, шинэлэг зүйлийг авч, оношилгоо эмчилгээний заавар, удирдамж, зураглал, бүдүүвч, эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлгээс гаргах шалгуурыг тодорхой боловсруулж байгаа. Манай эмнэлзүйн багт ажиллаж байгаа зөвлөх эмч багш нар бүгд орос, англи хэлтэй, бас зарим нь хятад, солонгос хэлтэй, мөн Вьетнамд төгссөн эмч ч байгаа” гэж хэлээд, ширээн дээр байсан улс улсын заавруудыг үзүүлсэн. Тэгэхэд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица манай зөвлөх эмч нарыг биширч билээ.
Дашрамд хэлэхэд оношлуурыг ч гэсэн манай улс анх хэрэглэж чадсан дэлхийн цөөхөн орны нэг. Манай ХӨСҮТ-ийн вируслогийн лабораторийн эрхлэгч Дармаа гавьяат Япон, Австрали зэрэг улсын вируслогчид руу и-мэил бичиж, Японоос эхний 200 оношлуурыг оруулж ирэх боломжийг бүрдүүлсэн. Манай ТЗУГ-ын дарга байсан Б.Цогтбаатар дарга маш их зүтгэл гаргасан.
Мэдээж, бүх юм төгс дардан байгаагүй бидэнд бэрхшээл тулгарч байсан, маш их сургамжтай зүйл гарсан. Бид алдаа гаргахгүй байхыг хичээж байсан. Дандаа магтаал дунд байгаагүй, шүүмжлэл, доромжлол ч цөөнгүй байсан.
-Эмч хүнд байх ёстой эрхэм чанарыг та юу гэж хэлэх вэ?

-Би жирийн эмч, жирийн төрийн албан хаагч. Хүн жудагтай, үнэнээрээ байх ёстой гэж боддог. Эмч хүн аливаа шийдвэрийг сэтгэлийн хөөрлөөр биш, нотолгоонд тулгуурлаж шинжлэх ухаанд үндэслэж гаргадаг байх ёстой. Иймд маш их унших хэрэгтэй. Худлаа мэдэмхийрч огт болохгүй. Эмч хүн зөвхөн сайн эмч байхын тулд сайн судлаач, сайн зөвлөгч, сайн багш, сайн найз туслагч байх хэрэгтэй. Намайг эмч болоход ээж маань “Эмч хүн ааш сайтай байх хэрэгтэй” гэж хэлж байсан. Би багш ахмад эмч нараараа мөн үеийнхнээрээ бас залуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээрээ бахархдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 23, Санчир гариг. Билгийн тооллын 25, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5:17 цагт мандан, 20:40 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал 4:59 цагт эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0-5 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын талаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдээ буруу тээвэрлэснээс үүдэн хоёр хүүхэд гэмтсэн DNN.mn

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 12, орон нутагт 19, нийт 31 хүн гэмтсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 6 хүн амиа алдсан байна.

Тухайлбал, Нийслэлд явган зорчигч мөргөсөн хоёр осол бүртгэгдэж 5 хүн гэмтсэн, автомашин мөргөлдсөн 6 осол бүртгэгдэж 7 хүн бэртсэн байна. Харин орон нутагт явган зорчигч мөргөсөн дөрвөн осол бүртгэгдэж 3 хүн гэмтэж нэг хүн нас барсан, автомашин онхолдсон 7 осол бүртгэгдэж 5 хүн гэмтэж дөрвөн хүн нас барсан, автомашин мөргөлдсөн 6 осол бүртгэгдэж 11 хүн гэмтсэн бол бусдыг дайрсан нэг осол бүртгэгдэж нэг хүн нас баржээ.

Түүнчлэн дээрх осол хэргээс гурван осолд хүүхэд өртсөн бөгөөд нэг нь явган зорчигч, хоёр нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ. Замын хөдөлгөөний холбогдох дүрэм журамд Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдээ буруу тээвэрлэснээс 1-9 хүртэлх насны хоёр хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Үүнээс гадна гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 301, орон нутагт 106 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын амралтын өдрүүдэд 1674 эх амаржиж, 1684 хүүхэд төржээ DNN.mn

Баяр наадмын амралтын өдрүүдэд осол гэмтлийн 98 тохиолдлоос зам тээврийн осол 15, архины шалтгаант хордлогоор 41 , бусад хордлогоор 14 , осол гэмтлийн бусад шалтгаанаар 28 хүн эндсэн байна.

Амбулаторид нийт 61651 үзлэг хийгдсэнээс томуу, амьсгалын замын өвчний 5 хувийг эзэлж байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар нийт 51614 хүн үйлчлүүлснээс хүүхэд 49.4 хувь, насанд хүрэгчид 50.6 хувийг эзэлж байна. Хөдөө орон нутгаас ирж үйлчлүүлсэн 2489 хүн байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваад буцсан үйлчлүүлэгчид 81.6 хувь, хэвтэн эмчлүүлсэн 18.4 хувь байна. Осол гэмтлийн шалтгаанаар 4992 хүн үйлчлүүлснээс 820 хүн хэвтэн эмчлүүлж, 587 хүн яаралтай мэс засалд орсон байна. 7 сарын 17-ны өдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 244 хүн байна. Үүнээс 52 хувь нь насанд хүрэгчид, 48 хувь нь хүүхэд байна. Үүнээс уушгины хатгаагаар эмчлүүлж байгаа 22 өвчтөн байна. Түргэн тусламжийн 22357 дуудлага хүлээн авч үйлчилснээс төрөхийн 551, осол гэмтлийн 2509, хүүхдийн хордлогын 45, халдварт өвчний 6 дуудлага бүртгэгдсэн байна.

Баяр наадмын өдрүүдэд мориноос нийт 26 хүүхэд унасан тохиолдол бүртгэгдсэнээс 5 хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй, 21 хүүхэд гэмтээгүй.

Нийт дуудлагын 17858 буюу 80 хувийг насанд хүрэгчдийн түргэн тусламжийн дуудлага эзэлж байна. Насанд хүрэгчдийн дуудлагад архины шалтгаант 1060, хоолны хордлогын 56, бусад ослын 1393 дуудлага бүртгэгдсэн байна. 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 8129 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1489 хүн хөдөө орон нутгаас ирж хэвтэн эмчлүүлсэн байна. Дээрх өдрүүдэд нийт 1487 хүнд мэс засал хийгдсэнээс төлөвлөгөөт 436, яаралтай 1051 мэс засал хийгдсэн байна.

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 7 дугаар сарын 01-20-ны өдрүүдэд иргэдээс ирүүлсэн 81 өргөдөл, гомдолд хариу өгсөн байна. Үүнд гомдол-55, санал-3, хүсэлт-1, талархал-22 ирүүлсэн байна. Гомдлыг агуулгаар нь харахад эмчилгээ үйлчилгээтэй холбоотой-23, эмч, ажилтны харилцаа хандлагатай холбоотой-7, эмнэлэгт цаг авахтай холбоотой-14, бусад-11 байна.

Эрүүл мэндийн яамны 323002 дугаарт баяр наадмын өдрүүдээр 2 ээлжээр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, нийт 133 дуудлага хүлээж авсан. Үүнээс харьяа байгууллагатай холбогдох мэдээлэл авах тухай-93, гомдол-26, асуулт-14 байна.

Categories
мэдээ нийгэм

Мянган туслах багш бэлтгэж байна DNN.mn

Улсын хэмжээнд 242 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, тэднийг 11,800 багш сурган хүмүүжүүлж байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд Монгол Улсын Боловсролын Их Сургууль тэргүүтэй сургуулиудын консерциум хоёр ээлжээр мянган туслах багшийг бэлтгэж байна. Нэгдүгээр ээлжид 401 туслах багшийг бэлтгэсэн бол хоёрдугаар ээлжийн сургалт энэ өдрүүдэд үргэлжилж байгаа юм. Энэ ээлжид 510 хүн хамрагдаж байна.

Сургалтад хамрагдаж байгаа хүмүүс 18 кредитийн 11 төрлийн хичээл судалж байгаа юм. Төгсөгчдийг Нийслэлийн боловсролын газартай хамтран оршин суугаа хаягтай нь хамгийн ойр ажлын байранд хуваарилна. Туслах багш нарын сургалтын төлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шийдвэрлэв.

Эх сурвалж: БШУЯ