Categories
зурхай мэдээ цаг-үе

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ DNN.mn

2022.7.24, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 26

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.7.24, Ням гараг
  • Наран ургах шингэх: 05.19-20.39
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын талаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн 494.7 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас дараах асуудлаар тодруулав.

-Хөгжлийн банкны зээлийн хэрэг ямар шатандаа яваа талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгнө үү.

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

-Одоогоор хэчнээн хүнийг холбогдуулан шалгаж байгаа вэ?

-Нийт 79 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. УИХ-ын нэр бүхий 4 гишүүнийг шалгаж байгаа.

-Хөгжлийн банкны зээлийн хэчнээн хувь нь нөхөн төлөгдөөд байна вэ?

-Энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2,383,007,436,094 (хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга ерэн дөрөв) төгрөгөөр тооцогдож байна.

Мөрдөн байцаалтын явцад 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн 494,771,320,450.6 (дөрвөн зуун ерэн дөрвөн тэрбум долоон зуун далан нэгэн сая гурван зуун хорин мянга дөрвөн зуун тавин төгрөг зургаан мөнгө) төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, төрийн зөрчигдсөн эрх сэргээгдээд байна.

-Авлигатай тэмцэх газрын энэ оны эхний хагас жилийн тайланд хохирол нөхөн төлүүлэлт өмнөх оноос эрс нэмэгдсэн талаар дурдсан байсан. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү.

-Авлигатай тэмцэх газар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлд заасан авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, олсон орлого, нуугдмал өмч, хөрөнгийг илрүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хөрөнгийг битүүмжлэн хамгаалахад онцгойлон анхаарч ажиллаж байна.

2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд шалгагдсан гэмт хэргийн улмаас 2,061,324,104,812.00 (хоёр их наяд жаран нэгэн тэрбум гурван зуун хорин дөрвөн сая нэг зуун дөрвөн мянга найман зуун арван хоёр) төгрөгийн хохирол учирсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,609,150,796,812.88 (нэг их наяд зургаан зуун есөн тэрбум нэг зуун тавин сая долоон зуун ерөн зургаан мянга найман зуун арван хоёр) төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Энэ нь нийт учирсан хохирлын 78.06 хувь болж байгаа. Тэгэхээр нэлээд өндөр үзүүлэлт гэсэн үг. Хохирол нөхөн төлүүлэхээс гадна үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 382,746,448,140.00 (гурван зуун наян хоёр тэрбум долоон зуун дөчин зургаан сая дөрвөн зуун дөчин найман мянга нэг зуун дөч) төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Мөн хахуулийн 4,037,934,407.00 (дөрвөн тэрбум гучин долоон сая есөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун долоо) төгрөгийг хураан авч улсын орлого болгосон.

Эдгээрийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, нөхөн төлүүлэлт 18.1 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Серикийн Монгол Улсын заан цолыг машинаар мялаажээ DNN.mn

Беридмуратын Серик Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд 7 давж шөвгөрсөн.

Монгол Улсын заан цол хүртсэн Улаанхус сумын харьяат, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, “Бес Богда Бүргэдүүд” клуб, “Ойгор Алтай” ХХК-ийн бөх Б.Серикийн Улсын заан цолыг “Ойгор Алтай” ХХК-ийн зүгээс “Toyata” маркийн машинаар мялаажээ.

Categories
мэдээ нийгэм

14-16 насны хоёр хүүхэд Хэрлэн голд живж амиа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны долоодугаар сарын 21-ний өдрийн 09 цаг орчимд Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр хүүхэд голын усанд ороод гарч ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран ажиллахад тус суманд оршин суудаг 16 настай, эрэгтэй “З” болон 14 настай, эрэгтэй “А” нар нь Хэрлэн голын усанд живж амь насаа алдсан байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ гол усны үер, осол гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатарчидтай уулзаж амжилт хүслээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцохоор удахгүй эх орноосоо мордох гэж байгаа шатарчид болон БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар, гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нарыг өнөөдөр хүлээн авч уулзан амжилт хүслээ.

Ерөнхий сайд энэ үеэр үг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас шатрын спортод ихээхэн анхаарч БТСУХ-ны дэргэд Үндэсний шигшээ багийг ажиллуулж байгааг онцлоод оюуны спортын ноён оргил болсон шатарт Монгол хүн амжилт гаргах бүрэн боломжтой. Энэ удаагийн олимпиадад шинэ залуу тамирчид оролцохоор шалгарсанд баяртай байна. Амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Цаашид Монгол Улсад шатрын спортыг хөгжүүлэхэд Засгийн газар бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно гэсэн юм.

Олимпиадад оролцох шатарчдыг төлөөлж Их мастер А.Энхтуул “Шатар бол олимпын төрөлд хараахан багтаагүй учир дэлхийн улс орнуудын шилдэг шатарчдыг хоёр жилд нэг удаа олимпиад зохион байгуулж өрсөлдүүлэн тухайн жилийн хамгийн шилдгүүдийг нь шалгаруулдаг. Тиймээс энэ удаагийн олимпиад бол шатарчдын хувьд өвөл, зуны олимптой дүйхүйц болохоор ихээхэн ач холбогдол өгч бэлтгэлээ базаасан. Бэлтгэлийн орчин нөхцөл болон шаардагдах бусад санхүүжилтыг Засгийн газраас шийдвэрлэж өгсөнд Ерөнхий сайдад талархаж байна гэв.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад энэ сарын 26-наас 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо болох юм. Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоодоос 197 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөнө.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдын хувьд Хэнтий аймагт зохион байгуулагдсан 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эхний байруудад шалгарсан шилдэг 10 шатарчин юм.

ЭРЭГТЭЙ БАГ

Багийн ахлагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч, ОУШХМ С.Ган-Од

1-р ширээ: Их мастер Д.Батсүрэн

2-р ширээ: ОУШХ-ны мастер Г.Амартүвшин

3-р ширээ: Их мастер Б.Гүндаваа

4-р ширээ: Их мастер С.Билгүүн

Нөөц тоглогч: ОУ-ын мастер С.Ган-Эрдэнэ

ЭМЭГТЭЙ БАГ

Багийн ахлагч: МШХ-ны гүйцэтгэх захирал, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан

1-р ширээ: Их мастер А.Энхтуул

2-р ширээ: ОУ-ын мастер Б.Баярмаа

3-р ширээ: ОУ-ын мастер Т.Мөнхзул

4-р ширээ: ОУ-ын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул

Нөөц тоглогч: ОУ-ын шатрын холбооны мастер Д.Мөнхзул нар Монгол Улсын багт багтжээ.

Коронавирусний цар тахлын үеэр Дэлхийн шатрын олимпиад цахим хэлбэрээр хоёр удаа болсон бөгөөд дөрвөн жилийн дараа уламжлалт буюу танхимын зохион байгуулалтаар болох гэж байгаа аж.

Дэлхийн шатрын олимпиадад өмнө нь манай улсын баг 25 удаа оролцсон бөгөөд энэ жилийн чансаагаар эмэгтэй баг нийт 162 орноос 27-д, эрэгтэй баг 189 орноос 46-р байрт эрэмбэлэгджээ. Монголын шатарчид 2018 оны Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр ази тивдээ эхний шилдэг таван байрт шалгарсан байна. Мөн 2008 онд манай эмэгтэй баг “С” категорид багийн дүнгээр тэргүүлж алтан медаль, 2014 онд эмэгтэй баг “В” категорид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Л.Болд Европын комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Лайенд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив DNN.mn

Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайенд 2022 оны долоодугаар сарын 14-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Л.Болд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайенд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлаад Европын Холбоо нь Монгол Улсын гадаад бодлогын чухал “гуравдагч хөрш” гэдгийг тэмдэглэж, Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хүрээнд хоёр талын харилцааг цаашид бэхжүүлж, хамтын ажиллагааг шинэ салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен Элчин сайд Л.Болдод Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, Монгол Улс, Европын Холбооны харилцааг цаашид бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээв DNN.mn

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат гэсэн байнгын ажиллагаатай авто замын 9 боомт ажиллахаар тохиролцсон байдаг.

Эдгээр есөн боомтоос өнөөгийн байдлаар долоон боомт нээлттэй ажиллаж, ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн явж байна.

Цар тахлын улмаас Хятадын талын саналын дагуу хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд 2021 оны наймдугаар 22-ны өдрөөс хойш хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж, Хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ны өдрөөс эхлүүлэв.

Улмаар нүүрс тээврийн авто машиныг улсын хилээр нэвтрүүлж эхлэх бөгөөд цаашид газрын тос болон бусад шаардлагатай экспорт-импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр хятадын талтай тохиролцоод байна.

Хавирга-Архашаат авто замын боомтын хувьд Хятадын тал уул уурхайн бүтээгдэхүүн шилжүүлэн ачих болон халдвар хамгаалал, ариутгалын байгууламжийн бүтээн байгуулалтаа ойрын хугацаанд дуусгаж, тус боомтын үйл ажиллагааг сэргээнэ хэмээн мэдэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Монголын дугуйчид Баку хотод төрийн далбаагаа мандууллаа DNN.mn

Монголын дугуйчин залуус Азербайжаны нийслэл Баку хотноо болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа мандууллаа.

Уг тэмцээнд найман орны 14 багийн 79 тамирчин хоёр өдөр өрсөлдөж, уулын бөөн гараат 71 км-ийн уралдаанд ОУХМ Б.Идэрболд хүрэл медалийн эзэн болсон юм. Мөн багийн дүнгээр гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртжээ.

Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийн тамирчдыг ОУХМ С.Түмэндэмбэрэл ахлан тус тэмцээнд оролцсон аж.

Categories
мэдээ нийгэм

Орон байрны хулгайчийг шуурхай илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг орчим “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эх дугаар тоотод хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус тоотоос гэр ахуйн цахилгаан бараа алдагдсаныг Дорнод аймагт оршин суух хаягтай, 38 настай, эрэгтэй “Ө” гэгч нь үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хяналтын камер байршуулж, хөршийн хяналтын холбоогоо сайжруулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээр