Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Алтай Таван Богдоос буцаж буй аялагчдын хогийг 5000-10000 төгрөгөөр худалдаж авна” гэв DNN.mn

Алтай Таван Богдоос буцаж буй аялагчдын хогийг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын иргэн Б.Ербахыт худалдаж авахаар болжээ.

Тэрбээр “Та бүхэн буцах замдаа хогоо Манай Улаанхус сумын төвд авчраад өгвөл их хэрэгтэй байна. Зөвхөн өөрсдийн хэрэглэсэн зүйлсийн хог байна. Түүсэн хог авахгүй гэдгийг анхаарна уу. Таны авчирч өгсөн хогийг ангилаад судалгааны дата цуглуулсны дараа зориулалтын цэгт аваачиж булах юм. Бүх зардлыг хувиасаа гаргаж байгаа болно” гэжээ.

Судалгааны зориулалтаар аялагчдын хогийг 5,000-10,000 төгрөгөөр худалдаж авах юм байна.

Гэрийн хаяг зургаар:

зураг

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Ургамлын тоосны харшилтай үед анхаарах зүйлс DNN.mn

Харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Уранчимэг мэдээлэл өглөө.

Ургамлын тоосны харшил гэж юу вэ?

Лууль, шарилж, өлөн тоос шороо болон бусад ямар нэгэн ургамлаас үүсэж, хамрын салст бүрхэвч нь гадны хүчин зүйлийн сэдэлтийг маш соргогоор хүлээн авч хариу урвал гарч байгаа үзэгдлийг ургамлын харшил гэж үзнэ.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Нүд орчим загатнах
  • Арьс хуурайших
  • Бэлцрүүт тууралт гарах
  • Салт хавагнах
  • Хүндрэл анафилаксийн шок

Ургамлын тоосны харшилтай тохиолдолд анхаарах зүйлс:

  • Машин болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх
  • Хувийн хамгаалах хэрэгсэл маск,нүдний шил, малгай тогтмол өмсөх
  • Борооны дараа гадуур явахгүй, гэртээ байж хаалга цонхоо хаах. Цонхоо онгойлгосон үедээ нойтон марлаар хаалт хийх эсвэл шүүлтүүртэй тор хийх
  • Даавуун дэр дэрлэх. Будаа, самар, буурцаг өдөн дэр тохиромжгүй.

Ургамлын тоосны харшилтай тохиолдолд дараах хоол хүнсний хэрэглэхийг хориглоно.

Үүнд:

  • Бүлээн цэвэр ус тогтмол уух. Хийжүүлсэн ундаа, ногоо жимсний шүүс уухаас аль болох татгалзах
  • Алим, лийр, чавга, тоор зэрэг модонд ургадаг жимс
  • Айраг, гүүний саам уухгүй байхыг зөвлөдөг. Мөн ургамлын харшлын сорилыг 10-11 сард өгвөл илүү үр дүнтэй байдаг.

Харшлаас урьдчилан сэргийлэх боломж:

  • Харшлын эсрэг эмийн эмчилгээ хийлгэх
  • Ургамлын тоосны харшлын улирал эхлэхээс өмнө эмчилгээгээ хийлгэснээр харшил хөнгөн хөдлөх давуу тал болдог
  • Ургамлын тоосжилтын хуанлигаар долоо, наймдугаар сард шарилжны тоосжилтын хугацаа болон оргил үе таардаг. Иймд эдгээр саруудад 04:00-11:00, 17:00-20:00 цагийн хооронд салхивчаа онгойлгохгүй байх хэрэгтэй
Categories
мэдээ нийгэм цаг-үе

МИАТ компани ачаа тээврийн В757-200F маркийн агаарын хөлөг хүлээн авчээ DNN.mn

МИАТ ТӨХК нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглах ачаа тээврийн зориулалттай В757-200F маркийн агаарын хөлгөө өчигдөр хүлээн авчээ.

Ачаа тээврийн агаарын хөлөгтэй болсноор нэгэн шинэ боломж, шинэ зах зээлийг нээж өгч байна хэмээн мэдээллээ.

Тус компани энэ сарын эхээр АНУ-ын EXIM банкны баталгаатай зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулан B767-300ER агаарын хөлгийг өөрийн өмчийн болгосон билээ.

Мөн долдугаар сарын 10-наас хоёр сарын хугацаатайгаар Малайзын AirAsia компанийн А330-300 агаарын хөлгийг түрээсээр аваад байгаа юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

Буриад түмний “Алтаргана-2022” их наадамд Улсын заан Д.Анар үзүүрлэжээ DNN.mn

Буриад түмний олон улсын “Алтаргана-2022” их наадам ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриад тойрогт өчигдөр /2022.07.23/ эхэлж, ОХУ, Монгол, БНХАУ, Кыргызстан, Казахстан улсуудад тархан суурьшсан буриадууд хуран цуглажээ.

Харин буриад бөхийн барилдаан өчигдөр 60, 70, 80, -92, +92 кг гэсэн таван жингийн ангиллаар болсон байна. Улмаар +92 кг-ын жинд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар хоёрдугаар байр эзэлжээ. Тэрбээр ОХУ-ын Буриадын нэрт бөх Цыбик Максаровт маргаантай унаж үзүүрлэсэн байна. Улмаар Д.Анар “шилдэг бүргэд” бүжгийн үзүүлбэрийн эзэн болжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Амьдрахуй” DNN.mn

Энэ удаа Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч Үй Хуагийн бүтээл, Тагтаа Паблишингаас 2018 онд эрхлэн гаргаж, хэвлэгдсэн цагаасаа хэдэн сар жил дамнаж бестселлер болж буй ном “Амьдрахуй”-г ярьж өгье.

“Амьдрахуй” тууж бол аз жаргал, зовлон зүдгүүр хийгээд хүмүүний амьдралын оршихуй, тариачдын тосгон болон тариачин эр Фу Гүйн тухай өгүүлнэ.
Зохиолын гол утга санаа ердөө л амьдрах. Туужид “Амьдрах л аз жаргал, ядуу зүдүү ч хамаагүй” гэж өгүүлсэн байдаг.
Хүний амьдралыг өөрчлөх олон зүйлс бий. Тэдгээрээс хувьсгалт хөдөлгөөн, дайн дажин, гэнэтийн үхэл зэрэг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх чадалтай. Яг л эдгээр хүчин зүйлс Амьдрахуй туужийн гол дүр Фу Гүйн амьдралыг өөрчилж зовлон зүдгүүр, бас түүнийг давж босох итгэлийг өгдөг. Өөрөөр хэлбэл Фу Гүй хэмээх эрийн гэр бүл амьдралаар дамжуулан аав хүн, ядуу тариачин хүний уйг гашууг мэдрүүлэхтэй зэрэгцэн хятадад өрнөсөн коммунизм боловсролтой нэгнийг буруутган цаазалж, сэхээлэг давхаргыг үгүй хийж байсныг харуулжээ.
Залуу насны алдаа эндлээс болж ядуу дорд амьдрал руу гулссан Фу Гүй өөрт оногдсон хувь тавилангаас бултах, зугтах газар үгүй гэж хувь заяатайгаа эвлэрсэн нэгэн юм. Учир нь тэр хүнд хэцүү амьдралд цөхрөх үе олон байсан ч үхэх, амиа хорлох талаар бодох ч үгүй байна. Үйлийн үр нь боловсорч гүйцсэн Фү Гүй түүнийгээ хүртэх л учиртай байж.
Эцгийг нь нас барсны дараа эхийнх нь бие чилээрхэн эмч залахаар явах замдаа Фу Гүй дайны талбар руу ачигддаг. Дайны талбарт амьд үлдэх л хамгийн чухал, хэдхэн хормын дараа ч үхэж мэднэ. Амьд үлдэх үлдэхдээ хэн нэгний үхлийг тэвчиж, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Тэр дайны талбараас амьд эргэн ирсэн ч өвчинд шаналсан ядуу гэр бүл угтана. Гэвч цаашид үргэлжлүүлэн амьдрах нь, гэр бүлтэйгээ байгаа нь л хамгийн сайхан.
Туужийн эхлэл хэсэгт Фү Гүй өвгөн ганц үхрээ Фэн Шиа, Жиа Жэн, Ёу Чин, Ван Чи, Кү Гэн хэмээн их олон үхэр тууж яваа мэтээр дуудаж үзэгдэнэ. Гэвч үхэр ганц, өөрийнх нь нэр адилаар Фү Гүй гэх нэртэй ажээ. Учрыг гайхан харсан залуу хүүд өвгөн Фү Гүй:
“Би түүнийг гав ганцаараа газар хагалан зүтгэж байгаа гэдгээ мэдчихвий гэхээс айсан юм. Олон нэрээр дуудах юм бол ондоо олон үхэр, тариа хагалж буй гэж ойлгоод, урамтай гэгч нь урагш зүтгэдэг юм” гэж хариулдаг.
Энэ хэсэг инээдтэй мэт боловч өөрөө өөртөө урам өгч амьдрахаас өөр аргагүй ганцаардмал өвгөний гунигт хувь тавиланг илтгэнэ.
Туужийн төгсгөлд Фу Гүйгийн дэргэд гэр бүлийнхнээс нь хэн ч үлдээгүй. Түүний хүү 13 насандаа сургуулийнхаа захирлыг авраад өөрөө амь эрсэдсэн бол охин нь эмэгтэй хүний ёсоор үрээ төрүүлээд тэнгэрт хальсан.
Ингээд л гансарч үлдсэн Фу Гүй өвгөн хөгшин ганц үхэртээ хандаж “Өнөөдөр Ёу Чин, Ван Ши хоёр газар хагалж байгаа. Жиа Жэн, Фэн Шиа хоёр ч бас долоо найман хэсэгт талбай хагалж буй. Кү Гэн нас бага болохоор хагас талбайг хагална. Харин чи хэчнээнийг хагалахыг би хэлэхгүй. Хэллээ гэхэд лавтай чиний тоцоолсноос дутаах магад. Яриангүй чи минь өтөлжээ. Энэ олон талбайг хагалахад яах аргагүй, хүч хөдөлмөр сэтгэл шаардана шүү…” гэсэн хэсэг бий. Эл хэсэгт мөн л өөрийгөө урамшуулж, өөртэйгөө ярилцаж, өөрийгөө хөгширснийг ч мэднэ. Одоо түүнд үхэл л хамгийн ойр.
Фу Гүйн “Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй. Миний таньдаг хүмүүс нэг нэгээрээ цувран одсон ч би байж л байна” хэмээх үгээр яриагаа дуусгая.
Categories
мэдээ цаг-үе

БГД-т 240 хүүхдийн, СХД-т 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо DNN.mn

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 13 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг “Цонбон тоосго” ХХК гүйцэтгэж, улсын комисс хүлээн авлаа.

Тус хорооны сургуулийн өмнөх насны 1100 гаруй хүүхэд хамран сургах тойргийн 162, 11, 242, 87 цэцэрлэгүүдэд хамрагдаж байсан бөгөөд тус 13 дугаар цэцэрлэг 240 хүүхдийг хамруулна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг Вивазоне ХХК гүйцэтгэж, 2022 оны 7 дугаар сард барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллажээ.

Уг барилга ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баруун салааны хүүхдүүд Улсын цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болж байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээнд онц байдал зарлав DNN.mn

Олон улс оронд халдвар нь бүртгэгдээд байгаа сармагчны цэцэг өвчнийг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн гамшигт тооцох шийдвэрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр гаргалаа.

Тус байгууллагын экспертүүд аливаа халдварт өвчнийг аюулын төвшнөөр нь үнэлж, ямар ангилалд оруулахаа шийдвэрлэдэг. Сармагчны цэцэг өвчин одоо Covid-19-тэй цуг хамгийн аюултай өвчний ангилалд багтаж байна. Энэ хоёроос гадна полиомиелит (халдварт саа) өвчин бас энэ ангилалд багтаж байгаа юм.

Сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол дэлхийн 75 улсад 16,000 гаруй хүнээс илрээд байна.

Энэ удаагийн дэгдэлтийн улмаас амиа алдсан хүний тоо тав хүрчээ.

Хэдийгээр халдварын тохиолдол, нас баралтын тоо харьцангуй цөөн, хүндрэх эрсдэл бага байгаа ч вирусийн тархалтын хурд өндөр байгаа нь хамгийн аюултай өвчний ангилалд оруулах үндэслэл болсныг ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус хэлсэн байна.

Ийм шийдвэр гарснаар сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин бүтээх ажил эрчимжиж, халдвар тархалтыг зогсоох хариу арга хэмжээнд улс орнууд анхаарлаа илүү хандуулах ач холбогдолтойг тэр онцолжээ.

“Зөв бүлгийн хүмүүст хандсан зөв стратеги хэрэгжүүлж чадвал энэ удаагийн дэгдэлтийг зогсоох боломжтой” гэж доктор Гебрейесус өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална.

Өнөөдрийн /07-р сарын 24-ний/ 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын талаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2022 оны 07 дугаар сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд нутгийн өмнөд хэсгээр, 26-наас 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ш.Доржсүрэн: Гавьяа шагналтай зэрэгцээд үзэгчдийнхээ баяр хүргэсэн чин сэтгэлээс маш их эрч хүч авсан DNN.mn

“DOZ” энтертаймент студийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Доржсүрэнтэй ярилцлаа.


-Танд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалгасанд нь баяр хүргэе. Тухайн мөчийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Дорнын ухаанд төр гэдэг бол ард түмний төлөөлөл гэж төрийг дээдлэн хүндэлдэг түүхтэй. Ерөнхийлөгч “Төрөөс хүндэтгэл үзүүлж хийсэн бүтээсэн болон ирээдүйд хийх ажлыг тань үнэлж Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагналаа” хэмээж тэмдгээ зүүж өгч байх үедээ нэлээн удаан хугацаанд ярьсан. “Итгэл найдвар түрүүлж байна, хариуцлагатай байж илүү ихийг хийж бүтээгээгээрэй” гэсэн төрийн тэргүүнийхээ үгийг сонсож зогсоход, надад нээрээ л хүзүүн дээр минь том хариуцлага буулаа даа гэж бодогдсон. Мэдээж соёлын тэргүүний ажилтан, өөрийнхөө ажлыг эрх чөлөөтэйгөөр хийдэг байсан жүжигчин хүний хувьд төрийн хайр хишгийг хүртэх нь төрийг төлөөлж ард түмнийхээ өмнө үлгэр жишээ, дуурайлал үзүүлж хүмүүсийн өмнө ёс зүйтэй байж амьдралынхаа зарим зүйлийг өөрчлөх ёстой хэм хэмжээнд авч ирлээ гэж бодсон. Намайг шагнуулахад ээж минь хамгийн их баярлаж, эгч нар, гэр бүлийнхэн минь бүгд баярласан. Төрийн гавьяат жүжигчин цол тэмдэг өмнө манай гэр бүлд өвөө, эмээгийн үед байгаагүй учраас айлын отгон хүүхдийн хувьд төрөл садан, ураг удамдаа гавьяат жүжигчин болж төрөөрөө үнэлүүлсэндээ магнай тэнийсэн сайхан өдөр байсан.

-Та шагнуулах гэж байгаагаа хэзээ мэдсэн бэ. Хэрхэн хүлээж авав?

-Шагнал хүртэх гэж байгаагаа тэмдгээ авахаас гурав хоногийн өмнө ерөнхийлөгчийн тамгын газраас над руу ярихад мэдсэн. Тухайн мэдээг утсаар хүргэж буй хүнд ч сайхан байдаг болов уу, хүмүүсийг баярлуулсан сайхан мэдээг бие биедээ түгээж байгаа нь их өвөрмөц сонсогдсон. Миний хувьд итгэл төрөх ч биш, үгүй ч биш дундуур, байсан хэмнэлээсээ хөөрч дэрвэхээс илүүтэйгээр энэ чинь нээрээ юу билээ, зүүд зэрэглээ ч билүү гэж бодогдох шиг болсон. Учир нь олон жилийн хугацаанд би өмнөх ажлаа л хийж байсан болохоос гавьяа шагнал гардаж авъя, гавьяат болмоор байна гэж миний толгойнд огт ордоггүй, өөрөө ч хөөцөлддөггүй, үүний ач холбогдлыг ч гүйцэд сайн ухаж ойлгодоггүй байсан хүний нэг. Тухайн үед хувь хүн өөр дээрээ ирэхэд өвөрмөц сэтгэгдэл, мэдрэмжийг авдаг юм байна лээ.

-“Тамгагүй төр” жүжиг тайзнаа дахин тоглогдож байна. 24 жилийн дараа нэг дүрдээ эргэн тоглох нь баргийн жүжигчинд тохиолдохооргүй хувь тавилан гэж байсан?

-24 жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд Л.Жамсранжав гуай, П.Цэрэндагва ах хоёртой тоглож байх үеийн өмнөх бичлэгүүдийг өөрөө тоглож буй учраас ямар тоглолт хэрхэн өрнөж буйг сайн анзаарч мэддэггүй байсан юм байна лээ. “Тамгагүй төр” хоёрыг шинэ бүрэлдэхүүнээр тавьж байхад телевиз, сошиалаар жүжгийн анхны тавилтуудыг гаргасан. Тухайн үед би ямар агуу жүжигчидтэй тоглож байсан гэдгээ сэхээрч ойлгосон. Учир нь Л.Жамсранжав гуайн тоглолтын нарийн жижиг деталиуд, П.Цэрэндагва ахын дүрээ бүтээж буй байдал, цэмцгэр, дүрийнхээ зорилгын төлөө тэмүүлж буй тэмүүлэл, олон даваа бартааг давж зорилго руугаа хүрэх гэсэн арга аргачлал гээд олон жилийн дараа эргэж харахад үнэхээр мундаг жүжигчидтэй сургуулиа дөнгөж төгсөөд шахуу тоглож байсан нь их том хувь заяа байсан. Жүжгийг үзчихээд үүнээс яаж өөрчилж болох вэ гэдэг тал руу толгойгоо ажлуулан их бодсон. Тийм болохоор надад тодорхой хэмжээнд туршлага, арга аргачлал, идэр насанд ирсэн учраас сэтгэлийн хөдлөл хөдөлгөөн жүжигчний хувьд тогтоц суусан тэр бүх зүйлээ ашиглаж тоглолоо.

-Одоогоор “Тамгагүй төр” жүжгээс гадна ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Би аливаа зүйлд цензуртайгаар ханддаг. Гэхдээ гавьяат жүжигчин цол авсны дараа уран бүтээлд би оролцохгүй, чадахгүй гэвэл биеэ тоосон, ихэрхүү болчихсон сэтгэгдлийг хүнд төрүүлэх гээд хэцүү юм байна. Өмнө нь залуучуудад нээлттэйгээр хандаж уран бүтээлд нь оролцдог байсан, одоо ч хэвээрээ. Учир нь бидний нэг үүрэг бол залуу уран бүтээлч, залуу үеийг бэлтгэгдэхэд бид ямар нэгэн байдлаар гараа сунгах хэрэгтэй. Тийм болоод ч надад олон уран бүтээлчид санал тавьдаг. Миний нэг онцлог нь би аливаа уран бүтээлд тоглохдоо зөвхөн нэг имиджийн бүрдүүлэлтээр тоглохыг хүсдэггүй. Тухайн зохиолын дүр нь ямар байна, дүрийг хэрхэн хувиргах, зохиолд буй дүрүүдийн харилцаа ямар байх вэ зэрэг олон хувиралтуудыг хийдэг учраас миний хувьд олон санал ирдэг байх. Тэрнээс биш ганцхан Ш.Доржсүрэнгээрээ тоглодог дүрүүд байвал магадгүй 10 уран бүтээлийн дараагаас би хэрэггүй болно. Тиймээс дүрүүдийг гаргахыг хичээдэг. Би “Тэгри чину” кинонд Иртэй жанжны дүрийг бүтээсэн. Тус дүр эсрэг талын онцгой хурц араншинтай дүр. Кинонд миний царай дүр төрх, Ш.Доржсүрэн шиг харагдаж байгаа ч дотоод сэтгэлийн ертөнц, тоглолтын хоолойны өнгө хүртэл өөрчлөгдсөн байх ёстой зэрэг олон тооцоонууд надад байсан.

“Фантастик” продакшны “Зура 2” гэх тагнуулын албаны тухай уран сайхны киноны Ишжав гэж Тагнуулын албаны даргын дүрд тоглож байна. Мөн Mobicom корпорацын “VOO” аппликейшныхан “Өвөөгийн хайр” нэртэй олон ангит кинонд голлох дүрийг бүтээн ажиллаж байна даа. Үүнээс гадна олон уран бүтээлчид санал тавьсан байгаа, найм, ес, аравдугаар сарыг дамнуулан олон киноны ажлууд ар араасаа залган үргэлжилж байна.

-“DOZ” энтертайментийн хувьд уран бүтээлдээ хэзээнээс эхэлж орох вэ. Хамт олноороо ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?

-“DOZ” энтертайментийн хувьд ерөнхийдөө гадаад орны зах зээл рүү гарч, гадны уран бүтээлчидтэй хамтарч, гадны уран бүтээлчдийг монгол баг толгойлон оролцсон олон уран бүтээлийг хийсэн. Энэ үйл ажиллагаанууд Монгол Улсыг гадаад оронд сурталчилсан гэдэг утгаар надад өндөр хүндтэй шагналыг олгосон гэж би ойлгож байгаа. Аливаа зүйлийг эхлүүлэх гэдэг хамгийн хэцүү байдаг. Эхлүүлснээр зам гаргаж жим болж дараа дараагийн хүмүүст итгэл найдвар төрүүлж, болох юм байна гэдэг бололцоог гаргаж өгөх нь их урт хугацаа шаарддаг юм байна лээ. Тиймээс ч эхнэр (А.Мөнгөнзул) бид хоёр олон хүмүүстэй харилцан хамтран ажиллаж, Тайланд, Вьетнам, Солонгос, Франц, Герман, Энэтхэг зэрэг олон оронтой хамтарсан уран бүтээлийг Монголын нэрийн өмнөөс хийсэн. Энэ нь үр дүнгээ өгч Франц улсад хоёр цомыг Монголын кино Холливудын нэрт найруулагч Мартин Скорсезетэй хамт нэг нэгээр авч байсан нь бахархах зүйлийн минь нэг юм. Үүний адилаар “Цагаан бороо” гэх бестселлер болсон Б.Номинчимэд гуайн номоос сэдэвлэн, хэсэгчилсэн хэсгийг Ираны уран бүтээлчидтэй хамтарч хийхээр ажиллаж байна.

-Залуу байхад алдаа гаргах тохиолдол их бий. Та залуу жүжигчдэд юу зөвлөх вэ?

-XXI зуун гэдэг бол бидний тархи толгойндоо хөрөнгө оруулалт хийх ёстой дохио. Мэдээж дэлхий хавтгай глобал болсон, тийм болохоор нэгдүгээрт англи хэл, хоёрдогч, гуравдагч хэлийг сурах хэрэгтэй. Тэгснээр бид дэлхий нийтэд өөрсдийн уран бүтээлийг дэлгэж тавих бололцоо үүсэж байна. Магадгүй тун удахгүй дэлхийн киноны болоод зохиолын чиг хандлага нь Монголын агуу их түүхүүд рүү сүрэглэн орж ирнэ. Энэ үед жүжигчид англи хэлтэй, өөрийн стандарт тоглолтын бэлтгэлтэй болсон байх ёстой. Тэгэхгүй бол бид өрөөндөө суугаад хийдэг этюдийн хэмжээнд төгсөж байна. Тиймээс алсын хараагаар дэлхийг харж, дэлхийн стандартын жүжиглэлттэй байж бүхнийг сурах хэрэгтэй.

-Таны бодлоор Монголын тайз, дэлгэцийн урлагийн хөгжил ямар түвшинд байгаа вэ?

-Би “Тамгагүй төр” жүжгийг дэлхийн жүжиг болсон гэж үзэж байгаа. Б.Лхагвасүрэн гуайн жүжгийн зохиолын дэг нь сонгодог жүжгийн хэлбэрээр агуулагдаж бичигдсэн жүжиг байдаг. Эргээд харвал Уильям Шекспирийн “Лир ван”, “Ричард III” зэрэг сонгодог бүтээлүүдийн хүмүүст шууд хүрэх хайрцаг гэж бий. Тэр хайрцагт бичигдсэн монголын түүх учраас гадны тайзан дээр тоглогдоход санаа зовохоор зүйл биш. Хоёрдугаарт, утга, үзэл санаа нь дотоодын асуудал биш юм. С.Баяр гуай бидэнтэй ярилцаж суухдаа “Гадны өрнө, дорнын олон оронд төрийг эзлэх, төрийн толгойд гарахад хуйвалдаан бослого их гарч байсан учраас гадны уран бүтээлчид, үзэгчид хүлээж авахад их ойрхон сэдэв” гэж байсан. Нөгөө талаас “Тамгагүй төр” жүжиг яахын аргагүй цогц нийлмэл бүтээл. Үүнд, бүжиг, жүжиглэлт, хөгжим, дуу, хувцас хэрэглэл, гэрэл тавилт, найруулга зэрэг олон зүйлийн цогц нийлбэр учраас Монгол Улсын нэрийг гаргахад хэзээ ч хөөдөхөөргүй бүтээл болж чадсан. Миний нүдээр “Тамгагүй төр” жүжгийн дээд, доод хэмжээг харахад тэнцвэр нь таарсан учраас гоо зүйн, зүй зохисыг дэлхий нийтэд хүргэх боломжтой жүжиг гэж харж байгаа. Дэлхий нийтэд дуугарч болох сэдэв юм. Тайзны урлагт “Тамгагүй төр” жүжгийг гүйцэх жүжиг гартал 10-аад жил болох болов уу гэж бодож байна. Кино урлагт залуучууд маш сайн ажиллаж байгаа. Тухайлбал, би сая “Фантастик” продакшны кинонд тоглоход тэдний хурд, хүч авьяасыг хүндэлж хайрлан ойлгож байлаа. Учир нь тэдний хүсэл, тэмүүлэл, зорьсон зорилго, киногоороо үзүүлэх гэсэн санаа зэрэг үзэгчдэд өвөрмөцөөр хүрч чадахуйц кинонууд хийгдэж байна. Бидний хувьд гадны уран бүтээлчидтэй хамтарч Монголдоо зөв онолын, ажиллагааны процессийг оруулаад ирвэл гэж гадныхантай их ажиллаж, хамт суралцсан, одоо ч суралцаж байна. Тиймээс бид дэлхийн тавцанд хүрэхүйц фестивалийн сайн кинонуудыг хийж үйлдвэрлэх зорилгыг агуулж байна даа. Би хүүгээрээ их бахархдаг. Хүү минь Канад улсад суралцдаг. Залуу хүн гэхэд их өвөрмөц, өнгө төрхийг Монголд оруулж ирж, бусад найруулагчид болоод жүжигчдийн хүндэтгэлийг өөрийн хийж буй зүйлээр хүлээж авч буй Д.Эрдэнэбулган хүүдээ “Өдрийн сонин”-оор дамжуулан амжилт хүсье.

-Шагнал нүдээ олох их сайхан гэж үзэгчид их баярласан. Үзэгч, олон түмэндээ хандаж юуг хэлэх вэ?

-Маш олон хүмүүс нүдээ олсон шагнал байна гэж их баяр хүргэсэн. Чин сэтгэлээсээ байгааг бид мэдэрдэг. Учир нь зүгээр албан ёсоор баяр хүргэх, чин сэтгэлээсээ баяр хүргэж буй хоёрыг жүжигчид анддаггүй. Гар барихад хүртэл баяр хүргэхгүй бол болохгүй дээ гэсэн хүний гар атгалт, чин сэтгэлээсээ баяр хүргэж буй хүний нүд хоёр маш өөр байдаг. Үүнтэй адил маш олон хүмүүс надад сэтгэлээ дэвсэж, үнэн голоосоо баярлаж миний өмнөөс алга ташиж, зарим нь нулимс цийлгэнүүлсэнд би их баяртай байсан. Энэ нь надад хамгийн том шагнал юм. Би өмнө нь ерөөсөө анзаардаггүй хийх ёстой ажлаа л хийж байна гэж боддог байсан. Олон хүмүүсийн сэтгэлийн үг, мессэж, коммент, утсаар ярьсан яриа, тэврэлт бүр за Дооёо минь чи олонтой хүн юм даа, олны энэ хайр хүндэтгэлийг дааж явна гэдэг чинь их л хэцүү дээ гэж өөрөө өөртөө сэтгэлээ чангалсан. Би гавьяат авахаас илүүтэй давхар бас нэг том бэлэг авсан. Энэ нь олон жил хэрэглэсэн баттерейд цэнэг оруулсан гэж хэлж болно. Бүх цэнэгээрээ үзэгчдээ олон жил баярлуулж, инээлгэж хөгжөөж, нулимсыг нь сэтгэлийг нь огшоох, цэвэршүүлэх тэр бүрийг хийх цэнэг авлаа гэж бодож байна даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Гэрэлмаа: Аль ч хувилбар бай Ковид-19 халдварыг үүсгэгч вирусээс сэргийлэх энгийн аргууд үр дүнтэйг онцолмоор байна DNN.mn

Сүүлийн үед коронавируст халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаагаас тодруулга авлаа.


-Ковидын дараагийн давлагаа есдүгээр сард гарна гээд байгаа. Энэ нь хэр хор хөнөөлтэй юм бол?

-Монгол Улсад баяр наадам, амралтын улирал эхэлснээр иргэд гадаадаас ирэх, гадны жуулчид наадмын нээлт үзэх, мөн иргэд дотооддоо аялах, аймаг орон нутгийн ойн баяр гэх мэт арга хэмжээнээс гадна дэлгүүр, ресторан, зах, цэцэрлэгт хүрээлэн рүү явах нь 2-3 дахин нэмэгдсэн, энэ үед олон хүний бөөгнөрөл үүсэж Ковид-19 халдварын тохиолдол, тархалтын тоо нэмэгдэх болсон гэж үзэж байна. Иргэд амны хаалт зүүх, халдвар хамгааллын дэглэмийг сахих, хүн хоорондын зай барих нь буурч, дотоод орчинд хэт олноор цуглах байдал ихэссэнтэй холбоотой Ковид-19 халдварын тархалт нэмэгдсэн. Халдварын тархалт яг энэ чигээр үргэлжилж, ямар нэг хариу арга хэмжээ авахгүй бол, шинжилгээний тоо, иргэдийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулахгүй нөхцөлд тохиолдлын тоо наймхан хоногт хоёр дахин өсөх төлөвтэй байна.

-Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Эрүүл мэндийн салбар, ДЭМБ-аас Ковид-19 халдварын тархалт нэмэгдсэн ч урьдчилан сэргийлэх энгийн аргууд (амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, өрөө тасалгааг тогтмол агааржуулах, цэвэрлэгээ хийх, вакцины нэмэлт тунд хамрагдах) үр дүнтэй хэвээр байгааг хэлсээр байна. Зуны дулаан цагт ч өрөө тасалгааг тогтмол агааржуулах нь халдварын тархалтыг хязгаарлах чухал ач холбогдолтой.

-Хувь хүний зүгээс ямар бэлтгэл хангах ёстой юм бол. Дахиад л нэмэлт бустер тун хийлгэх шаардлагатай юу?

-Хувь хүний зүгээс халдвар хамгааллын дэглэмээ сахих, шим тэжээлтэй хоол хүнс, сүү, цагаан идээ, хүнс ногоо, жимс түлхүү хэрэглэх, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь Ковид-19 халдвар төдийгүй бусад халдварт өвчнөөс сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн хувьд Монголд одоогоор 18-аас дээш насны иргэдэд дөрвөн тун вакцин, харин 12-17 насны хүүхдүүдэд гурван тун вакциныг өөрсдийнх нь сонголтоор хийж байна. Мэдээж вакцин хийлгэх эсэх нь хувь хүний эрх ч олон улсын судалгаагаар вакцин үр дүнтэй хэвээр гэдэг нь харагдсаар байгаа юм.

Тиймээс архаг суурь өвчтэй, өндөр настай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, таргалалттай хүмүүс вакцин хийлгэснээр Ковид-19 халдвараар маш хүнд өвдөх, нас барах эрсдэлийг бууруулж болно.

-Хүүхдэд Ковид-19-ийн эсрэг вакциныг наймдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гээд байсан. Энэ нь юу болсон бэ, энэ талаар дэлгэрүүлнэ үү?

-Ер нь вакцин гэдэг олон төрлийн халдварт өвчнөөс хүүхэд багачууд, насанд хүрэгчдийг хамгаалсаар ирсэн түүхтэй. Тиймдээ ч товлолт вакцинд хүүхэд, багачуудаа хамруулах нь эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг. Монгол Улс дархлаажуулалтын хуультай. Дээр хэлсэн насны хүүхдүүдэд вакцины дархлаа тогтох чадвар насанд хүрсэн хүмүүсээс өндөр байгаа нь олон улсын судалгаагаар тогтоогдсон юм. АНУ зэрэг олон оронд вакцинжуулалтад хүүхдүүдийг хамруулж эхэлсэн. Манай улсад судалж байгаа. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна.

-Сүүлийн үед Омикроны ВА.1, ВА.2 хувилбар давамгайлж байгаа гэсэн. Мөн өнгөрсөн сарын сүүлээс ВА.4, ВА.5 хувилбар ч бүртгэгджээ. Ер нь манай улсын хүн амын 10 орчим хувьд тархаж эхэлсэн талаар мэдээлсэн билээ. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-2022 оны 28-р долоо хоногт коронавируст халдварын нийт 942 шинэ тохиолдол (өмнөх долоо хоногт 692) бүртгэгдэж, тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Батлагдсан тохиолдлын тоо өдөрт дунджаар 135 болсон нь ч өмнөх долоо хоногоос нэмэгдлээ. Энэ сарын 14-нд 239 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь тухайн долоо хоногийн нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт байв. Мөн батлагдсан тохиолдлын долоо хоногийн хөдөлгөөнт дундаж өсчээ.

-Дээрхтэй холбоотойгоор тохиолдлын тоо, эмнэлгийн орны ачаалал ч нэмэгдэж байгаа сурагтай. Мөн хүүхдүүд ихээр өвдөж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Халдварын тохиолдол нэмэгдэхтэй зэрэгцэн эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ эмнэлгийн ор дүүрсэн гэсэн үг биш юм. ЭМС-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу эмнэлгийн байгууллагууд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ковид-19 халдвар авсан хүүхдүүдийн хувьд 40 гаруй хувь нь 5-11 настнууд юм. Хүүхдүүдийн өвчлөл насанд хүрсэн хүмүүсээс ялгаатай нь шинж тэмдэггүй байх нь түгээмэл учир далд халдвар ихээхэн байх магадлалтай.

-Коронавируст халдвар дахин сэргэсэнтэй холбогдуулан ЭМЯ-наас бэлтгэл ажлаа хангах талаар холбогдох байгууллагуудад чиг үүрэг өгөөд буй. Ажлын явц хэр байгаа бол?

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хувьд иргэдэд нотолгоонд суурилсан Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, аймаг орон нутгийн эрүүл мэндийн төвийг мэргэжлийн арга зүйгээр хангах, бэлэн байдлыг хангахад чиглэн ажиллаж байна. Бусад эрүүл мэндийн байгууллагууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу мөн ажлаа хийж байгаа.

-Онцгой байдлын ерөнхий газраас хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг иргэдэд анхааруулсан. Гэтэл өдгөө амны хаалттай хүн ганц хоёрхон л үзэгдэх болжээ. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амны хаалтаа зүүж эрсдэлээс сэргийлэх талаар зөвлөсөөр байгаа. Амны хаалт зүүх нь халдвар авах эрсдэлийг 66-83%-иар бууруулдгийг олон улсын судалгаа харуулсан. Халдварын тархалт нэмэгдэж байна, харшлын улирал ч дөхлөө. Томуугийн эргэлттэй байгаа энэ үед иргэд ялангуяа дотоод орчинд амны хаалтаа хэрэглэхийг зөвлөж байна. Энгийн мөртлөө маш үр дүнтэйг олон улс төдийгүй бид өөрсдөө ч бодит байдал дээр баталсан шүү дээ. Иймд халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа ийм үед иргэд өөрсдийгөө болон гэр бүлээ бусдаас халдвар авахуулахгүйн тулд амны хаалтаа үргэлжлүүлэн хэрэглэх шаардлагатай.