Categories
мэдээ нийгэм

Залуу монгол судлаачдын зуны сургууль нээгдлээ DNN.mn

Залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ. Зуны сургууль нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургах зорилготой юм. Энэ нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болох аж. 2022 оны залуу монгол судлаачдын зуны сургуульд Орос, Америк, Герман, Польш, Чех, Хятад, Турк, Япон, Лаос, Мозанбик, Тайвань зэрэг 10 улс, 1 орны 17 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутнууд оролцож байна.

Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулж буй. Залуу судлаачид хөдөө малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэхээс гадна Улаанбаатар хотод Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төв болон гадаадын монгол судлаач нэртэй эрдэмтдийн лекцийг сонсоно. Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй зөв замаар холбох чухал гүүр нь болдог байна. Гадаад орнуудад монгол судлалыг хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь бодит үр дүнгээ өгч буй. Цаашид монгол судлалын тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг Монгол улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг төлөвлөж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд стандартын шаардлага хангасан дугуйн зогсоол барьжээ DNN.mn

Монголын дугуйн холбооноос стандартын шаардлага хангасан дугуйн зогсоолыг Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд барьж угсарсан байна.

Тус холбоо ийнхүү дугуйн зогсоол барьж бусад компаниуд, нийслэлийн удирдлагууд, үйлчилгээний газруудад сурталчлан таниулж дугуйтай иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллаж байгаа аж.

Түүнчлэн дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. ОУХМ С.Түмэндэмбэрэлээр ахлуулан долдугаар сарын 9-10-нд Азербайжаны нийслэл Баку хотноо болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцон хүрэл медаль хүртсэн байна.

Монголын дугуйн холбоо

Уг тэмцээнд найман орны 14 багийн 79 тамирчид хоёр өдөр өрсөлдөж, уулын бөөн гараат 71 км-ийн уралдаанд ОУХМ Б.Идэрболд хүрэл медалийн эзэн болж мөн багийн дүнгээр гуравдугаар байрт орж багаараа хүрэл медаль хүртлээ хэмээн Монголын дугуйн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд 4 иргэн автомашины ослоор амиа алджээ DNN.mn

Согтуу жолооч гурван автомашин мөргөж, хоёр хүн бэртжээ

Долоодугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй нийт 389 дуудлага мэдээллийг бүртгэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэл 2, орон нутагт 5 хүн гэмтэж бэртжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас 4 хүний амь хохирсны 1 нийслэлд, 3 орон нутагт бүртгэгдсэн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн,
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон,

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн,
  • Машин дээрээс унах хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүүхдийн амь хохирсон.
  • Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 4 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон байна.

Дээрх хүүхдүүдийн 1 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 2 нь мотоцикл жолоодож бие даан хөдөлгөөнд оролцох үедээ онхолдох, мөргөлдөх байдлаар гэмтэж бэртэж, 1 хүүхэд машины тэвшин дээр явах үедээ унаж амь хохирсон байна. Насны хувь 8-17 насны хүүхдүүд байна.

Амралтын өдрүүдэд хүн гэмтсэн 11 осол хэрэг бүртгэгдсэний 6 мотоцикл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйн улмаас эрүүл мэнд, амь насаа алдсан байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 267 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 197, орон нутагт 70 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний нэгдүгээр дэлгүүрээс Чингис хааны музей хүртэлх авто замыг шинэчилжээ DNN.mn

Самбуугийн гудамж буюу Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвараас зүүн тийш Чингис хаан музейн уулзвар хүртэлх авто замыг хучиж, хэвтээ тэмдэглэл хийж дуусжээ.

Одоогоор гол болон туслах замыг засаж, шинэчлэх ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сануулахад, 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Чингис хааны музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг

  • Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл
  • Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Чингис хааны музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчилж буй юм.
Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Бөхмөрөн болон Сагил сум, хил орчмын нутагт тарваган тахлын үүсгэгч илэрчээ DNN.mn

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ), Увс аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтүүдээс бүрдсэн баг зургаадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 14-ний хооронд тарваган тахлын голомтод тандалт судалгаа хийлээ.

Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сум, хил орчмын нутагт хийсэн тандалт судалгааны үр дүнд тарваган тахлын үүсгэгч илэрч, дээрх сумдын нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын идэвх нэмэгдсэн, тархвар судлалын эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоов.

Увс аймгийн ЗӨСТ нь аймгийн төвийн эрсдэлтэй бүлгийн хүн амыг тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулж, боом, тарваган тахал өвчний санамж материалыг тараажээ.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг өгч байна.

  • Тарваганы түүхий эдийг уламжлалт эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
  • Тарвага агнахгүй махыг нь идэхгүй байх
  • Тарваган тахлын вакцинд хамрагдах
  • Тарваганы сэг зэм болон үхэж байгаа тарвагатай тааралдвал харьяа газрын Эрүүл мэндийн төвд яаралтай мэдэгдэхийг зөвлөлөө.

Эх сурвалж: Увс аймгийн ЗӨСҮТ

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятад улс сансрын станцынхаа лабораторийн модулийг хөөргөлөө DNN.mn

Хятадын сансрын станцаа амжилттай хөөргөж, Ши Жиньпин баяр хүргэжээ

Хятад улс “Вэньтянь” лабораторийн модулийг дэлхий орчмын тойрог замд байгуулж буй сансрын станц руугаа ням гарагт хөөргөлөө.

Тус улсын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас (CMSA) мэдээлснээр, лабораторийн модулийг Вэньчан сансрын буудлаас (Өмнөд Хятадын Хайнань муж) “Long March-5B Y3” зөөгч пуужингаар хөөргөсөн байна.

Уг модуль хөөргөснөөс хойш 8 минутын дараа дэлхийгээс 400 км-ийн өндөрт нам тойрог замд орж, станцтай залгагджээ.

20.5 метр урттай энэхүү модуль нь Хятад улсын урьд өмнө сансарт хөөргөсөн төхөөрөмжүүдээс хамгийн том нь бөгөөд тойрог замд байгуулж буй тус улсын станцын хоёр лабораторийн модулийн эхнийх нь юм.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч болон захирагчийн нэгдүгээр орлогчийг албан тушаалаас нь чөлөөллөө DNN.mn

Зэвсэгт хүчний офицер болох хүсэлтэй, сэтгэл зүйч мэргэжилтэй залуусыг  ажлын байранд урьж байна

Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тус штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр “Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан хэрэгт холбогдуулан тус ангийн захирагч болон захирагчийн нэгдүгээр орлогчийг албан тушаалаас нь чөлөөллөө.

Талийгаачийн нас барсан шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газарт тус хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Талийгаачийн ойр дотнынхон, ар гэрийнхэнд дахин гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэгт 7 барилга түрээслэн 750 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болжээ DNN.mn

242-р цэцэрлэг | Хүүхэд - ХөгжилЦэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг амралтын өдрүүдэд Баянгол дүүрэгт ажиллажээ. Тус дүүрэг цэцэрлэгийн насны 21,200 хүүхэдтэй. Үүнээс 17,500 хүүхэд тогтмол цэцэрлэгт хамрагдаж байгаа бол 6,000 гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлддэг байна.

Зургаадугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын хэсэг ажиллаж 4,500 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлсэн байна. Үлдэж байгаа 1,500 хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох барилгуудын эзэдтэй уулзжээ. Ингэснээр долоон барилга түрээслэн 750 хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдэлд хүрсэн тухай БШУЯ-наас мэдээллээ.

Тус дүүргийн тухайд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, түгжрэл бууруулах гэсэн хоёр том асуудлыг хамтад нь шийдвэрлэнэ гэж тооцоолжээ. Тиймээс хотхон дотор нь цэцэрлэг байгуулах түрээсийн байр түлхүү хайж байгаа аж.

Баянгол дүүрэгт:

  1. Төмөр замын бүс
  2. 10 дугаар хорооллын замын урд хэсэг
  3. Хархорин зах орчим буюу Эрин хороолол
  4. Алтай хотхон
  5. Нарны хороолол зэрэг газарт цэцэрлэгийн хүртээмж муу байна.
Categories
гадаад мэдээ

Ган гачгийн улмаас Францын 88 мужид усны хэрэглээг хязгаарлажээ DNN.mn

Усны хэрэглээ Archives - Eguur.MN

Францад ган гачиг улам бүр газар авч байгаа бөгөөд ням гаригт тус улсын 88 мужид усны хэрэглээнд хязгаарлалт тогтоожээ.

“BFMTV” сувгаар мэдээлснээр, өдрийн цагаар цэцэрлэг, зүлэг услахыг хориглож, хүн амд боломжтой бол усаа хэмнэхийг, ялангуяа усан сангаа дүүргэхгүй байхыг уриалж байна.

Хэдийгээр улс орон үндсэндээ бүхэлдээ ган гачигт өртсөн ч Пеи-де-ла-Луар, Пуату-Шаранта бүс нутгууд илүү их нэрвэгдээд байна гэж тус суваг онцолжээ.

Хэдэн долоо хоног үргэлжилсэн ер бусын хуурай, халуун цаг агаар болон өнгөрсөн өвөл хур тунадас бага унасны улмаас усны нөөцийг нөхөж гүйцээх боломжгүй болсон гэж “BFMTV” тайлбарлав.

Ойрын өдрүүдэд нөхцөл байдал сайжрах найдвар бага байгаа бөгөөд цаг уурын мэдээгээр Пиреней, Альпийн нуруунаас бусад газруудад ирэх долоо хоногт бороо орох төлөвгүй байна гэж тус суваг мэдээлжээ.

Францын эх газрын нутаг дэвсгэр 96 мужид хуваагддаг байна.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 29-ны өдөр иргэдийн дансанд шилжүүлнэ DNN.mn

Маргааш НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орно – updown.mn

2022 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдэд хүлээлт үүсгээд байна. Энэ талаар Татварын Ерөнхий Газрын зөвлөгөө, мэдээлэл өгөх лавлах утсаар холбогдож тодруулахад “НӨАТ-ын буцаалтыг хуулиараа 45 хоногийн дотор олгодог. Долдугаар сарын 29-нөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ гэсэн мэдээлэл байна” гэв.

Татварын Ерөнхий Газраас хэчнээн иргэнд, хэдэн төгрөгийг буцаан олгох тухай статистик мэдээлэл гараагүй байна.

Энэ оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээлж байв.

НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай тул энэ сардаа багтаан олгох бололтой.

Нэгдүгээр улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон. Эдгээр иргэдийн 39.9% нь 20,000 хүртэлх төгрөгийн урамшуулал авч байв.