Categories
мэдээ нийгэм

Галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ DNN.mn

Өнөөдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн 1-р зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автсан учир галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоогоод байсныг хэвийн горимд шилжүүлжээ.

Тус төмөр замын сэргээн босгох ажлыг төмөр замчид шуурхай гүйцэтгэж 7 дугаар сарын 26-ны 22 цаг 46 минутанд галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ковид, дайн нэгэн цагт дуусна, тэр үед ядаж Дарханы замтайгаа байхсан DNN.mn

Хэсэг хугацаанд орсон борооны улмаас Дарханы замын хамгийн гайгүй яваа гэсэн хэсэг нь хуулраад, замыг нь хаачихсан бололтой. Уг нь энэ зам дээр холбогдох яамных нь дэд сайд нь билүү бараг л очиж байрлаад байнгын хяналт дор үйл ажиллагааг нь өдөр шөнөгүй хянаад явах юм болоод байсан. Гэтэл нөхцөл байдал муухан байгаа тухай олон нийтийн сүлжээгээр зураг хөрөгтэйгээ байнга л гарч байх боллоо. Уг нь бол салбарын яам нь энэ асуудал дээр дориухан шийд, шийдвэр гаргаад, хамтрах газар байвал хамтраад хурдан дуусгачихвал хаа хаанаа амар баймаар. Гэтэл тийм биш ажээ. Дарханы замаас болж иргэд аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа шууд болон шууд бус хохирлын талаар ямар нэгэн тооцоо ч байхгүй. Машины нэг дугуй бөөрөөрөө задрахад л тухайн жолоочид эдийн засгийн хувьд багагүй хохирол учирна. Дарханы зам угтаа их л ач холбогдолтой чухал зам гэж дарга болгон шахуу ярьдаг. За тэр ач холбогдол энэ тэрийг нь тооцохоо больё гэхэд хэдэн зуун салаа зам бий болоод ойр тойрны байгаль орчны байдал утгаараа аймшиг болж байгаа. Ер нь эхнээсээ хуучин замыг нь яагаад хуулчихсан, түр замуудаа яагаад олигтой тавиагүй вэ гээд тухайн үед тийм мунхаг шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй санагддаг. Тухайн үед нэг багцад эрх өгсөн хүн нь ажлаас гараад явсан учраас хариуцлага тооцох боломжгүй гэж сайд нь Ерөнхий сайдад танилцуулж байсан. Тэгвэл ганц ч тэр биш хариуцлага алдсан, ажлыг удаашрахад нөлөөлсөн этгээдүүдийг олоод хариуцлага тооц л доо.

Бараа бүтээгдэхүүн зөөх том машинуудаас эхлээд хүн зөөдөг жижиг машинууд гээд хойшоо зүгтэй бүх машин үүгээр л өнгөрдөг. Эдийн засаг талаасаа бараа бүтээгдэхүүний эргэлтийн гол зангилаа болсон замаа тавьж дөнгөхгүй бол эдийн засгаа сэргээнэ барина гэж ярих утгагүй санагддаг. Ковид, Орос-Украйны асуудал хэзээ нэгэн цагт төгсгөл болно. Тэр үед гол зангилаа зам ч үгүй, шороо манаргаад байж байвал үнэхээр хэрэг алга даа. Бараа таваарын эргэлт харьцангуй бага байгаа энэ үедээ Дарханы замаа босгоод авбал хаа хаанаа чухлаас чухал. Гэхдээ зам дууслаа гэж шоудаад, маргааш нь орох бороонд хуулраад унавал зам байхын хэрэгтэй ч юм уу л гэж бодогдох юм.

Categories
гадаад мэдээ

ОУВС: Дэлхийн эдийн засаг шинэ хямрал руу шилжиж байна DNN.mn

Дэлхийн эдийн засгийн өсөлт 4.9% агших хүлээлттэй байна.

Цар тахлын үр дагавар, инфляц, мөнгөний бодлогын чангаралт, түүнчлэн Украины дайн зэрэг нь Олон улсын валютын санг /ОУВС/ энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа 3.2 хувь, ирэх жилийнхийг 2.9 хувь болгон бууруулахад хүргэжээ. ОХУ-аас Европ руу хийн нийлүүлэлт бүрэн зогсож болзошгүй байгааг шинжээчид эрсдэлийн нэмэлт хүчин зүйлээр нэрлэж байна.

ОУВС-гийн судалгааны газрын захирал Пьер-Оливье Гуринча Вашингтон хотноо сэтгүүлчдэд тайлангаа танилцуулахдаа, “Дөрөвдүгээр сард бидний ярьж байсан аюул биеллээ олж байгааг бид харж байна” гэж мэдэгдлээ.

Түүний хэлснээр, цар тахлын үр дагавраас сэргэж амжаагүй байгаа дэлхийн эдийн засаг өндөр инфляц, ялангуяа АНУ болон Европын тэргүүлэх орнуудын мөнгөний бодлогын чангаралт, Хятадын эдийн засгийн удаашрал, түүнчлэн Украины дайн зэрэг хэд хэдэн цочролыг нэг дор мэдэрч байна.

“ОХУ Европ руу хий нийлүүлэхээ бүрэн зогсоож болзошгүй байгаа нь эрсдэлийн нэмэлт хүчин зүйл болж байна. Өнөөдрийн таамаг дөрөвдүгээр сарынхаас илүү бүрхэг харагдаж байна” гэж Гуринча мэдэгджээ.

“Дэлхий дахин удахгүй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын ирмэгт ирж магадгүй. Энэ оны хоёрдугаар улиралд дэлхийн үйлдвэрлэл буурсан нь юуны түрүүнд Хятад, Оросын уналттай холбоотой. АНУ-д хэрэглэгчдийн идэвхжил хүлээгдэж байснаас доогуур байв” гэж тэрбээр хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн нисэх буудалд цахим гарцууд болон гар тээш шалгах рентген төхөөрөмжийг нэмж суурилуулна DNN.mn

Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад ороход бэлэн болжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр /2022.07.26/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкитэй уулзаж, Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд Л.Халтар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 228 дугаар тогтоолын хүрээнд агаарын замын “Чингис хаан” хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа талаар хэлэв. Энэ хүрээнд хилийн боомтод цахим гарцууд болон зорчигчийн гар тээш шалгах рентген төхөөрөмжийг нэмж суурилуулахаар төлөвлөж байгаа юм.

зураг

Мөн уулзалтын үеэр шинэ нисэх буудалд үүсдэг ачаа, зорчигчдын бөөгнөрөл, ачааллыг бууруулах зорилгоор цагийн хуваарилалтын зохицуулалт хийж ажиллаж байгаа талаар мэдээлэл солилцлоо.

Цаашид цар тахлын нөхцөл байдал сайжирч, олон улсын хуваарьт нислэгүүд нэмэгдэхтэй холбоотойгоор зорчигч, ачаа тээврийн урсгал ихсэх хандлагатай байгаа тул “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хүчин чадлыг бүрэн ашиглахад чиглэсэн менежментийн зөв зохицуулалт хийхэд хоёр талаас шаардлагатай дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаар болов.

Эх сурвалж: ЗТХЯ

Categories
мэдээ нийгэм

Дархан-Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна DNN.mn

Орон нутгийн галт тэрэгний хуваарь өөрчлөлт орлоо | News.MN

Өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны өдөр ихэнх нутгаар бороо орж, зарим хотуудад үер болсоны улмаас төмөр зам угаагдаж Дархан-Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байсан юм. Тэгвэл энэ хөдөлгөөнийг өчигдөр орой 23 цагийн үед нээж зорчих хөдөлгөөн хэвийн болжээ. Энэ тухай Зам, Тээврийн Хөгжлийн Яам мэдээлэхдээ:

“Хүчтэй аадар борооны улмаас Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн 1-р зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автсан учир галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоогоод байсан. Тус төмөр замын сэргээн босгох ажлыг шуурхай гүйцэтгэж 7 дугаар сарын 26-ны 22 цаг 46 минутанд галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

ЗГ: Ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай хэлэлцэж байна DNN.mn

Дараах агентлагууд дэд даргагүй ажиллана DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:

– Төрийн өмчийн дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зарим байгууллагын талаар авах арга хэмжээ,

– Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс болон ачаа ачиж буулгах терминал, логистикийн төв байгуулах хүрээнд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоол,

– Намрын ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай Засгийн газрын тогтоол,

– Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын тухай,

– Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүдийн талаар,

– Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрнээр ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төсүүдийн талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдээр мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Эрт ургацын төмсний нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурчээ DNN.mn

Төмсний тухай таны мэдэхгүй ТАНИН МЭДЭХҮЙ

Нэг килограмм нь 4,000 төгрөгт хүрээд байсан төмсний үнэ буурсан тухай Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас/ШӨХТГ/ мэдээллээ.

Тус газраас мэдээлснээр өчигдөр буюу долдугаар сарын 26-ны өдөр Барс зах дээр эрт ургацын 10 тонн буюу 250 шуудай төмс буужээ. Эрт ургацын ногооны нийлүүлэлт нэмэгдсэнээр Барс зах дээр бөөний үнэ ₮2,875, жижиглэнгийн үнэ ₮3,200, Емарт сүлжээ дэлгүүрээр эрт ургацын төмс нэг килограмм нь 2,500 төгрөгөөр борлуулагдаж байна.

Долдугаар сарын 21-ний байдлаар иргэдийн ногоо хамгийн их бөөндөж авдаг Барс захад төмс кг нь 4,500, бөөний үнэ 3,500 төгрөг байжээ.

Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж, борлуулалтад гараад байна. Төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд долдугаар сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурах юм гэдгийг салбарын яамнаас хэлж байв.

Харин ШӨХТГ-аас хүнсний ногооны үнэ зах зээлийн зарчмаараа өссөн эсэхийг шалгаж, нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой хэмээн үзжээ. Улмаар дотоодын ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30% болгож өсгөсний улмаас импортын төмс орж ирэхгүй, шинэ ургацын төмс гараагүй байх долдугаар сарын дунд үед хомсдол үүсэж, үнэ нэмэгдсэн байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Усны тухай хуулийн төсөлд туссан ганцхан заалт л уул уурхайг бүхэлд нь зогсоож мэдэхээр байна DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өчигдөр нүүрс, зэсийн экспортын талаар гэгээтэй мэдээ дуулгав. Нүүрсний экспорт оны эхнээс энэ сарын 21 хүртэл 10.1 сая тоннд хүрч, өнгөрсөн оны өдийгийн түвшиндөө хүрчихэж. Сүүлийн долоо хоногт гэхэд л 737.7 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Өдөрт дунджаар 854 автомашин, 43 чингэлэг нүүрс экспортлогдож байгаа аж. Зэсийн баяжмалын экспортын тухайд түрүү жилийн өдийгөөс 16.5 хувиар өссөн дүнтэй гэсэн мэдээллийг салбарын яамныхан онцолж байна. Товчхондоо зэс, нүүрсний экспорт дажгүй сэргээд эхэлжээ.

Эдийн засаг хэцүүдсэн ийм үед гэгээтэй мэдээ мөн үү гэвэл мөн л дөө. Гэхдээ яг өнөөдрийн байгаа байдлаа харахаар экспортын хэмжээ төдийхөн яриад суумгүй байна. Ирэх жилүүдэд дэлхийгээрээ хэцүү аж төрөх нь тодорхой болчихлоо. Ийм цагт гол найдлага маань ерөөсөө л уул уурхай. Харамсалтай нь ДНБ-ий дөрөвний нэг, төсвийн гуч орчим хувь, экспортын 83 хувь, аж үйлдвэрийн салбарын 69 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 77 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбараа үе үеийн Засгийн газар, эрх баригчид хатавчинд суух өнчин хүү шиг болгож орхисон нь маргаад байх юмгүй ил үнэн.

Эдийн засагч Н.Энхбаяр саяхан нүүр хуудсандаа “Украйны дайнаас болж дэлхий даяараа ковидын дараах эдийн засгийг сэргээх боломж алдагдаж, үндсэндээ 2024 оныг хүртэл донсолгоотой, өчүүхэн өсөлт өндөр инфляцтай байх болно” гэж онцолсон харагдсан. Хатуу ч гэлээ бодитой үнэн. ОУВС-гийн маргааш танилцуулах “Дэлхийн эдийн засгийн шинэчилсэн тойм” гутранги таамаглалаар дүүрэн байна гэдэгт ч эргэлзэх юм алга. Ингээд харахаар лав хоёр жилийн турш дэлхийгээрээ дэнсэлгээ, донсолгоотой аж төрөх нь тодорхой болчихоод байна. Гадаад дотоод шалтгаанаар инфляц цойлсон, гадны хөрөнгө оруулалт мөддөө сэргэхгүй нь тодорхой ийм үед Засгийн газрын атган дахь ганц хөзөр бол түрүүн хэлсэнчлэн уул уурхай. Уул уурхайн салбараа хөдөлгөж, хөгжүүлж байж хямралыг дажгүй давах боломжтой.

Уул уурхайн салбарын гол зовлон нь хууль эрхзүйн орчин, улстөрийн тогтворгүй байдал гэж олон жил нуршсан учраас ахиж хөндмөөргүй байна. Төдийгөөс өдий хүртэл шийдэж чадаагүй асуудлыг өнөө яриад нэмэр бага. Харин УИХ, Засгийн газрын шийдэж дөнгөх асуудлуудыг жагсаая. Тэдний шийдэж дөнгөх зүйлсийн нэг бол татвар. Манай улс татварын хувь хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт жагсаж яваа.Зэс гэхэд л хамгийн өндөр АМНАТ-тай. Нүүрсээрээ хоёрт жагсаж байх жишээний. Дэлхийн улс орнууд хөрөнгө оруулагчдыг татах гэж өрсөлдөж яваа ийм үед татварын хэцүү орчинтой улсад төсөл хэрэгжүүлэх сонирхол мөнгөтэй эрхмүүдэд төрөхгүй. Засаг санаачлаад зүтгүүлэхэд татвартай холбоотой энэ мэт асуудлыг шийдчих боломж бий.

Засгийн шийдэж дөнгөх хоёр дахь асуудал бол төрийн яамд, дунд шатныхны хүнд суртал. Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд уул уурхайн төслүүдээ явуулах ёстой гэж зүтгэж, анхаарч байгаа ч төсөл гацаагч гол хэргийн эзэд нь бусад салбарын яамд байдаг. Бүр тодруулж хэлбэл уул уурхайтай үйл ажиллагаа нь уялддаг салбарын яамд. Тод жишээ нь Байгаль орчны яам байна. Өгөх ёстой зөвшөөрлөө хэзээ ч цагт нь гаргадаггүй гэсэн шүүмжлэлийг салбарынхан хэлдэг. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөө, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэх мэтийг стандарт шаардлагынх нь дагуу боловсруулаад өгдөг ч яамны зүгээс хууль журамд заасан хугацаанд баталж гаргаж өгөхгүй өчнөөн сар, жилээр түгжсэн жишээ кейс олон бий. Зөвшөөрөл авах үйл явц дээрээ хугацаа алдчихаар л төслийн хэрэгжилт удааширчихдаг, төсөл хэрэгжихгүй удах хэрээр эдийн засаг тэлэх боломж багассаар байдаг.

УИХ, Засгийн газрын залруулж хүчрэх гурав дахь асуудал бол гэнэтийн хуулиуд. Өнгөрсөн хугацаанд батлагдсан гэнэтийн хуулиуд эдийн засагт ямар балаг тарьсныг нийтээрээ мэдэх учраас олон кейс яримааргүй байна. Наад зах нь гэхэд урт нэртэй хууль гаргаад алтны салбараа сүйдэлчихсэн жишээ бий. Гэнэтийн хуулиудыг санаачлагч нь хэн бэ гээд харахаар Засгийн газар биш УИХ-ын гишүүд байдаг. Ялангуяа сонгууль дөхсөн үед гишүүдийн гэнэтийн хууль санаачлах идэвх огцом өсөөд ирдэг. Энэ хандлага аль хэдийн эхэлчихсэн явааг Усны тухай хуулийн төслөөс харж болно. Усны тухай хуулийн төсөлд уул уурхайд гүний ус ашиглахгүй гэсэн утгатай заалт тусчихсан яваа сураг дуулдсан. Хэрвээ энэ заалт туссан нь үнэн бол, ийм заалт тусчихсан явж байгаад хууль батлагдвал уул уурхайн салбар таг гацах эрсдэлтэй нүүр тулна. Ерөнхий сайд “Уул уурхай бол тэргүүлэх салбар” гэж мянга яриад нэмэргүй болно гэсэн үг.

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол гэнэтийн хуулиуд гарах магадлал маш өндөр улс. Өнөөдөр гэхэд маш олон хууль энд тэнд, багц багцаараа яригдаад явж байгаа. Урьд нь хуулийн төслүүдийнхээ драфтыг өгөөд бидний саналыг авдаг байсан бол одоо шууд л “Саналаа өг” гэдэг болчихсон. Яг ямар хуулийн төсөл хэлэлцүүлэгт орох гэж байгааг харахгүйгээр санал өгөх боломжгүй шүү дээ” гэж ярьсан байсан. Гэнэтийн хуулиудын гол асуудал нь энэ л дээ. Бодит судалгаа тооцоогүй, салбарынхны санаа оноог сонсохыг ч хүсэхгүйгээр хуулийн төсөл боловсруулаад парламентаар батлуулна гэдэг яаж ч бодсон байж боломгүй хандлага. Ерөнхий сайд яг өдийд “Эдийн засгийг авч яваа уул уурхайд ямар ч гэнэтийн хууль гэж байх ёсгүй. Салбарынхныг сонсох бол номер нэг асуудал шүү” гэчихмээр байгаа юм. Уул уурхайн ассоциацын гүйцэтгэх захирал бүсгүйн бас нэг үгийг нийтлэлийнхээ төгсгөлд онцолмоор байна. “Хууль сайжрууллаа гээд хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Ганц л том асуудал бий.Гэнэтийн хууль ахиад гарахгүй гэх баталгааг хуулиндаа яаж тусгах вэ, хэн нэг улстөрчийн популист санаанаас ямар нэгэн хууль төрж хэрэгжихгүй гэх баталгаа, амлалтыг Засгийн газар ямар хэлбэрээр өгөх вэ гэсэн асуултуудад хариулах шаардлагын өмнө бид ирчихсэн. Бүр тодруулж хэлбэл одоо хэрэгжиж буй хуулиудынхаа уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй” гэсэн үгийг нь.

Categories
мэдээ цаг-үе

Ус ихээр тогтдог зарим байршлуудад ус зайлуулах шугам угсарчээ DNN.mn

2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, хороод, иргэдээс ирсэн судалгааг нэгтгэн 25 байршилд ус ихээр тогтож байгааг тогтоосон юм.

Тэдгээрийн 11 байршилд шинээр ус зайлуулах шугам угсралтын ажлыг энэ онд хийж гүйцэтгэжээ. Одоогоор 14 байршилд ус тогтдог хэвээр байна. Тухайн байршлуудад шуурхай бригад ажиллан тогтсон усыг ус сорох машинаар соруулж, хэвийн байдалд оруулж буй юм.

Үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн хөрөнгөөр жил бүр замын ус зайлуулах шугам угсралт, үерийн далан сувгийн засвар, шинэчлэл, шинэ барилга, байгууламжийн угсралтыг хийж, гүйцэтгэдэг. Одоогийн байдлаар авто замын ус зайлуулах есөн шугам угсрахаас тавыг нь бүрэн дуусгаж, үерийн далан сувгийн засвар, шинэчлэлийн дөрвөн ажил гүйцэтгэхээс Жаргалантын ам болон Нисэхийн үерийн хамгаалалтыг засан, шинэчилж байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд замын ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Улаанбаатар хотын Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд 461 км урт ус зайлуулах шугам хоолойг шинээр барьж, байгуулах шаардлагатай гэж төлөвлөсөн. Эдгээрийг барьж, байгуулбал ус тогтох, үерлэх үзэгдэл арилж, асуудал бүрэн шийдэгдэх боломжтой гэж мэргэжлийнхэн үзэж буй.

Өнөөдөр хүчтэй бороо орсны улмаас Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-т нэг дуудлага ирж, гурван бригад үзлэгт гарч, шуурхай ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ цаг-үе

​БНСУ руу зорчих, дамжин өнгөрөх зорчигчдод дараах зүйлийг анхааруулав DNN.mn

БНСУ хилээр нэвтрэх журамдаа нэмэлт өөрчлөлт оруулав

БНСУ-ын хилээр нэвтрэхэд 2022 оны долдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж буй журмыг танилцуулж байна.

  • Гадаадаас БНСУ-д ирж байгаа бүх зорчигч PCR болон RAT-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч ирэх.
  • Нисэх буудлын шалган нэвтрүүлэх хугацаанд өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн газрын шинжилгээ өгөх газарт хандах.
  • Өвчний шинж тэмдэггүй бол Солонгос улсад байрлах байр, зочид буудал эсвэл өөрийн амьдрах гэртээ очих бөгөөд 24 цагийн дотор PCR шинжилгээ заавал хийлгэх.
  • PCR шинжилгээний хариу гартал тухайн байрлаж байгаа гэр болон зочид буудалдаа хүлээх.
  • PCR шинжилгээний хариугаа аваад Q-Code вэб сайтад (https://cov19ent.kdca.go.kr) оруулна.
  • Хилээр орж ирснээс хойш 6-7 дахь өдөрт өөрөө бие даан түргэвчилсэн тестээр шинжилгээ хийж үзэхийг зөвлөж байна.
  • Аль болох олон хүнтэй газар очихоос зайлсхийж, амны хаалт тогтмол зүүх.
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна уу.

2022 оны зургаадугаар сарын 8-наас хилээр орж ирсэн зорчигчдыг тусгаарлахгүй болж, хилээр орж ирсэн өдрөөс 10 хоног өөрийгөө хянах журам үйлчилж байна.

Хилээр орж ирсний дараа PCR шинжилгээ хийлгээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 сая хүртэл воны торгууль ногдуулах журамтайг анхаарууллаа.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс