Categories
мэдээ цаг-үе

ЗГ: Тариаланчдад 10 мянган тонн дизель түлшийг 3380 төгрөгөөр нийлүүлнэ DNN.mn

Тарианы болц, хүн хүч, техник хангамж, цаг агаарын төлөв байдлыг харгалзан  ургацыг технологийн дагуу богино хугацаанд хураан авахыг зөвлөж байна -  ХХААХҮЯам

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын чиглэлээр авах арга хэмжээний талаар гаргасан шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Тэрээр “Манай улс энэ жил улсын хэмжээнд 368.4 мянган га талбайд улаанбуудай, 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний ногоо, 51.2 мянган га талбайд малын тэжээл, 116 мянган га талбайд тосны ургамал тарьсан. Нийтдээ 570.8 га талбайд тариалалт хийсэн гэсэн үг. Наймдугар сарын 20 гэхэд ургацын урьдчилсан бланс гарна. Хаврын тариалалтын үед дизель түлшний литр тутмын үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувиар өсөөд байна. Хаврын тариалалт болон намрын ургац хураалтын ажилд 20-25 мянган тонн дизель түлш хэрэг болдог. Ургац хураалтын ажлын үед шатахууны үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үнээр нийлүүлэх шийдвэрийг гаргалаа. Үүний санхүүжилт 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

З.Мэндсайхан: Монгол Улсын нутаг дэвсгэрт 91 сая толгой мал бэлчээрлэж байна DNN.mn

Мах идэх сайхан ч, мал ихдэх зовлон боллоо

Мал ахуйн салбарын хувьд, энэ жил бүх нутгаар зуншлага харьцангуй сайн байгаа хэдий ч баруун таван аймгийн зуншлага оройтсонтой холбоотойгоор малын тарга сайнгүй байгаа тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлээ.

Тиймээс зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газрын тогтоол гарсан байна. Үүнтэй холбоотойгоор эрсдэл бүхий аймгуудад Шадар сайдаар ахлуулсан баг зудын эрсдэлийг тодорхойлох бөгөөд үүнд цаашид Засгийн газар анхааран арга хэмжээ авах аж.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр Ерөнхий сайд тодорхой үүрэг даалгавар өгчээ. Иймд Хүнс, хөдөө ахуй ахуйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг маргаашаас баруун таван аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зөвлөгөөн хийхээр төлөвлөж байгааг мэдээллээ.

Түүнчлэн тэрбээр “Энэ жил нийт 67.7 сая толгой мал тоологдсон бөгөөд нийт 24 сая толгой төл хүлээж авсан амжилттай байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нийт 91 сая толгой мал бэлчээрлэж байна. Энэ жил 24 сая толгой төл хүлээн авсан нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Мөн оны дундаж үетэй харьцуулахад малын зүй бус хорогдол 1.6 сая орчим байдаг бол энэ жил 118 мянган толгой болж буурсан. Үүнтэй холбоотойгоор малын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Мал эмнэлгийн ерөнхий газраас үе шаттай явуулж, гоц халдварт болон хорио цээрт өвчнүүдийн талаар арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Европын холбоо байгалийн хийн хэмнэлтийн горимд шилжинэ DNN.mn

Европын холбоо Азербайжанаас авдаг байгалийн хий нийлүүлэлтийг  нэмэгдүүлэхээр зорьж байна

ОХУ техникийн шалтгаанаар байгалийн хийн нийлүүлэлтээ огцом багасгасан нь Европын холбоог илүү алсыг харсан хариу үйлдэл үзүүлэхэд хүргэжээ.

Тодруулбал, гишүүн орнууд нь зөвлөлдөөд энэ оны наймдугаар сараас ирэх оны гуравдугаар сар хүртэл 15 хувиар бууруулах шийдэлд хүрсэн байна. Санал нь өнгөрсөн долоо хоногт гарсан ч ярилцсаар сая тохиролцсон нь энэ аж.

Тохиролцоонд хүрсний дараа Европын зөвлөлд суух Чехийн төлөөлөгч “Энэ бол биелэгдэшгүй даалгавар биш байлаа” хэмээн бичжээ.

Европын зөвлөлөөс хэмнэлтийн горимд шилжих болсон шалтгаанаа “ОХУ байгалийн хийгээ “зэвсэг” болгож ашиглаж байгаа учир өвлөөс өмнө нөөцөө нэмэх зорилготой” хэмээн тайлбарласан байна. Хэрвээ ОХУ үнэхээр байгалийн хийн “дайн” эхлүүлсэн нь үнэн байгаад, нийлүүлэлт ноцтой тасалдвал урьтаж хийсэн энэ мэт алхам аврал болно гэсэн байр суурийг Европын зөвлөл илэрхийлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хэмнэлт хийх тохиролцоо одоохондоо сайн дурынх ч байдал илүү ноцтой болбол албан ёсных болно.

Харин эрчим хүчний өөр эх үүсвэр олох боломжгүй Ирланд, Мальт, Кипр, Европын эрчим хүчний системд холбогдоогүй Балти орчмын улсууд сайн дурын хэмнэлтэд хамаарахгүй аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ганбаяр: Шинээр баригдах хотхон, хорооллуудад сургууль, цэцэрлэгтэй байх стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяртай ярилцлаа.


-Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа сар гаруй хугацааны дараа эхлэх гэж байна. Бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна?

-Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө бэлтгэл ажлаа хангадаг. Манай салбарын хувьд зургадугаар сарын сүүлчээр хичээл амрахтай зэрэгцээд хичээлийн болон дотуур байраа засварлах, шинээр барихтай холбоотой тендерүүдээ зарлахаас гадна долоо, наймдугаар сард элсэлт, төгсөлт зохион байгуулах гээд ажлууд ар араасаа ундарч ачаалал ихтэй өнгөрүүлдэг. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ болон Засгийн газрын тогтоолууд гарсан. Үүнтэй холбоотойгоор БШУ-ы сайдын тушаал, шийдвэрүүд гарч хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. Хүн амын өсөлттэй холбоотойгоор жил бүр манай яаманд томоохон сорилт тулгардаг. Энэ жилийн тухайд ЕБС-ийг 32 мянга орчим хүүхэд төгссөн бол урьдчилсан байдлаар ирэх есдүгээр сарын 1-нд 77 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно. Өнгөрсөн хичээлийн жилд 6 настайдаа сургуульд орох байсан боловч хуулийн дагуу 7 настайдаа сургуульд орох сонголт хийсэн малчин өрхийн 3400 орчим хүүхэд байна. Ингээд тооцвол нийт 80 орчим мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Өөрөөр хэлбэл, бид 32 мянган хүүхэд төгсөж суларсан зайд 80 мянган хүүхдийг сургахаар болж байна гэсэн үг. Энэ тооны харьцаа сүүлийн 4-5 жилийн хугацаанд давтагдаж байгаа.

-Тухайлбал, нийслэл хотын хэмжээнд цэцэрлэгийн насны хэчнээн хүүхдийг хамруулах хэдэн барилга байгууламж шаардлагатай байна вэ?

-Өнөөдрийн байдлаар бидэнд төр, хувийн хэвшил нийлээд 106 мянган хүүхдийг хүлээж авах байр бэлэн байна. Үлдсэн 35 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах барилга байшингийн асуудал яригдсан. Эдгээр хүүхдүүдийг насны хувьд аваад үзэхээр 2 настай хүүхдүүдийн тоо 23,780 буюу хамгийн өндөр байна. Өнөөдрийн байдлаар энэхүү 35 мянган хүүхдийн 23 мянган хүүхдийг сургах барилга байгууламжийн асуудлыг шийдчихээд байна. Тухайлбал, 56 байр дээр 165 бүлгийг түрээсээр ашиглах, 14 барилга дээр 95 бүлэг үүсгэхээр цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг худалдан авахаар шийдвэрлэсэн. Мөн орон сууцны нэг болон хоёрдугаар давхарт 11 байршилд 15 бүлгийг оруулахаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Түүнчлэн гэр цэцэрлэгийн 12 байршилд тус бүр нь 100 хүүхэд хамруулж, нийт 1200 хүүхэд хамруулахаар болсон. Мөн хувийн цэцэрлэгийн тухайд нэг хүүхдэд ногдох метр квадратын хэмжээ 5.6 байсныг 4 метр квадрат болгон бууруулснаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн 163 цэцэрлэгт 8775 хүүхдийг нэмж элсүүлэх боломж бүрдлээ. Хүүхэд харах үйлчилгээнд 900 орчим хүүхэд хамрагддаг. Энэ хүчин чадлыг нэг дахин нэмэгдүүлж, 2000 орчим хүүхэд суралцуулах зэрэг гарц гаргалгаа гаргасан. Одоо үлдсэн 10 гаруй мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах барилга байгууламжийг түрээсийн байр болон орон сууцны нэг, хоёрдугаар давхрыг худалдаж авах, түрээслэх замаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Хоёр долоо хоногийн дараа гэхэд энэ асуудлын шийдэл гарц тодорхой болчихсон байх болов уу хэмээн итгэж байна.

-Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулахад олон сорилт, хүндрэл бэрхшээл гарч байгаа байх.Нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?

-Уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл хамгийн чухал. Дээр дурдсанчилан цэцэрлэгийн барилгын хүртээмжийг нэмэгдүүлэх бүхий л гарц, боломжийг ашиглахыг зорьж байна. Гэхдээ тулгамдаж байгаа нэг асуудал нь бүртгэлийн асуудал. Зарим иргэдийн хувьд иргэний үнэмлэх дээрх оршин суугаа хаяг болон одоо амьдарч байгаа хаяг зөрүүтэй байна. Нэг ёсондоо аль нэг дүүрэгт харьяалалтай хэрнээ өөр дүүрэг хорооны түр оршин суугч хэлбэрээр бүртгэлтэй байна. Үүнээс үүдээд албан ёсны хаягийн дагуу хүүхдийг нь цэцэрлэгт бүртгэх үү, түр оршин сууж байгаа хаягийн дагуу хүүхдийг нь хамруулах уу гэсэн асуудал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, эцэг эхийн хариуцлагагүй байдлаас хаягийн зөрчилтэй 5000 орчим хүүхдийг аль цэцэрлэгт хамруулах нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, энэ жил нийслэлийн 144 байршилд 12,000 айлын орон сууц шинээр ашиглалтад орно. Гэтэл эдгээр айл өрхийн хүүхдүүдийг хамруулах цэцэрлэг, сургуулийн асуудал дахиад л хөндөгдөнө. Цаашид Улаанбаатар хотод баригдаж байгаа барилга байгууламж хэдэн айлын багтаамжтайгаас хамаарч заавал сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламж барьдаг байх стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна. Ингэхгүй бол шинээр ашиглалтад орсон орон сууцны хорооллуудад амьдарч буй хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөх эрсдэлтэй байна. Тиймээс манай яам сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламж бариагүй бол тухайн барилгыг улсын комисс хүлээж авдаггүй байх тогтолцоо руу шилжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ шийдвэрийг манай яам дангаараа шийдэх боломжгүй.

-Ямартай ч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх барилга байшингаа бэлдэх ажил тодорхой хэмжээнд үр дүнтэй урагшилж байгаа юм байна. Тэгвэл шинээр худалдаж авсан болон түрээсийн барилга байгууламжаа цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөх, хүүхдүүдээ тав тухтай, эрүүл аюулгүй байлгах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Хүүхдийн эрүүл, аюулгүй, тав тухтай байх орчин нөхцлийг бүрдүүлэх ажил давхар төлөвлөгдөөд явж байгаа. Нэгдүгээрт, үйлчилгээний зориулалттай болон орон сууцны нэг, хоёрдугаар давхарт байрлаж байгаа барилга байгууламжийг сонгохдоо МХЕГ, ОБЕГ-аас холбогдох мэргэжилтнүүдийг ажиллуулж дүгнэлт гаргуулсан. Тухайлбал, Боловсролын ерөнхий газарт иргэдээс цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 97 объектыг түрээслэх болон худалдах хүсэлт ирсэн. Эдгээр хүсэлтийн дагуу хамтарсан ажлын хэсэг ажиллаж үзэхэд 56 объект нь стандартын шаардлага хангаж байна. Өөрөөр хэлбэл, бид хүүхэд сурч боловсроход аюулгүй байх талаас нь бодолцож сонголт хийж байгаа. Түрээслэсэн болон худалдаж авсан барилга байгууламжийг цэцэрлэгийн зориулалттай болгож тохижуулахад зориулсан худалдан авах ажлууд хийгдэж, төлөвлөгөөний дагуу явж байна. Өнөөдрийн байдлаар 340 орчим бүлгийн хүүхдийн ширээ, сандал, зөөлөн эдлэл, тоглоом, гал тогоо шаардлагатай байгаа.Өчигдрийн байдлаар эхний худалдан авалтууд орж ирсэн. Нийт 50 орчим цэцэрлэгийн тохижилтын асуудал шийдэгдсэн байна.

-Цаашид түрээсийн үйлчилгээ болон барилга худалдаж авах чиглэлээр боловсролын салбар хүртээмжээ нэмэгдүүлсээр байх юм уу. Эсвэл улсын болон орон нутгийн төсвөөр барих сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх юм уу?

-Бид цэцэрлэг, сургуулийнхаа хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барилга байгууламж барих нь ойлгомжтой. Гэтэл хүн амын тоо өдрөөс өдөрт өссөөр л байна. Өнөөдөр 1500 орчим цэцэрлэг байна. Монгол Улсын хүн амын тоо 5 сая руу дөхөхөд 1500 биш 3000, түүнээс ч их цэцэрлэг шаардлагатай болно. Гэтэл энэ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах санхүүгийн боломж бидэнд байна уу. Төр энэ ачааллыг дангаараа үүрэхэд маш хүндрэлтэй. НҮБ-ын гишүүн 200 гаруй улсаас татвар төлөгчдийн мөнгөөр буюу төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн үйлчилгээг санхүүжүүлдэг 10 хүрэхгүй орон байдгийн 1 нь манай улс. Бусад оронд төр нь хувийн хэвшилтэйгээ хамтран энэхүү асуудлыг шийдэж байна. Зарим хүмүүс түрээсийн үйлчилгээг хамгийн муу хувилбар гэж ойлгоод байна. Тодорхой хугацааны дараа түрээсийн байрыг сонгох нь зөв гэдгийг ойлгох байх. Ганцхан жишээ хэлье. Гурван жилийн өмнө нийслэлд 35 ЕБС-ийн хүүхдүүд 3 ээлжээр хичээллэж байсан. Эдгээр сургуулийг 2 жилийн дотор яаж 2 ээлжээр хичээллүүлэх боломж бүрдсэн гэхээр түрээсийн үйлчилгээ л сонгосон. Нэг сургуулийг 5 тэрбум төгрөгөөр барих өртөгтэй гэж тооцвол 35 сургууль барихад 175 тэрбум төгрөг шаардлагатай. Дээрээс нь барьж, ашиглалтад оруулахад тодорхой цаг хугацаа шаардлагатай. Тэгвэл бид ганцхан сарын дотор 2 тэрбум төгрөгөөр 28 сургуулийн хүүхдүүдийг түрээсийн байранд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, 1 сургууль барих өртөгийн тал зардлаар түрээсийн үйлчилгээг шийдсэн. Санхүү талаасаа харахад түрээсийн үйлчилгээ ашиглах нь маш зөв шийдэл. Төр татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах үүрэгтэй учраас цаашид түрээсийн байрны асуудал илүү зөв гольдролдоо орж, барилгын салбарынхан энэ чиглэлд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-Цэцэрлэгийн багшийн ачаалал их, авдаг цалин бага учраас энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд ажиллах хүчний тоо эрс буурсан. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор гарч ирэх боловсон хүчний асуудлыг яаж шийдэх вэ?

-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор бидэнд 1000 орчим багшийн ажлын байр шинээр бий болсон. Цэцэрлэгийн багшийн мэргэжлээр бакалавр олгодог улсын болон хувийн хэвшлийн 19 их, дээд сургууль байна. Энэ жил цэцэрлэгийн багшаар 870 орчим хүүхэд төгссөнөөс 300 орчим нь хөдөө орон нутагтаа ажиллахаар явсан. Үлдсэн 600 орчим төгсөгч дээр дахиад 400 орчим багшийн ажлын байр дээр ажиллах хүч хэрэгтэй болсон. Өнгөрсөн хавар Сайдын тушаал гарч цэцэрлэгийн багшийн сургалт явуулдаг их, дээд сургуулийн төлөөллийг хамруулсан ажлын хэсэг байгуулж 1000 багшийг бэлдэж байна. Уг ажилд 250 орчим сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн цэцэрлэгийн багш мэргэжлээр суралцаж байгаа гуравдугаар дамжааны оюутнуудтай зөвшилцсөний үндсэн дээр зуны турш сургуульдаа сураад намар төгсөх, цаашлаад ажлын байраар хангагдах боломжийг санал болгосон. Оюутнууд маш уриалгахан хүлээж авсан. Одоогийн байдлаар МУБИС-д 1200 орчим хүүхэд сургалтад хамрагдаж байна. Мөн туслах багшийг ч бэлдэж байна. Тиймээс цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой хүний нөөцийн асуудал үүсэхгүй. Цэцэрлэгийн багш нарын цалин бага байсан уу гэвэл байсан. Цэцэрлэгийн багш нарын цалинг 2019 онд тусгайлан нэмсэн. Мөн энэ оноос хэрэгжиж байгаа боловсролын салбарын үр дүнд суурилсан санхүүгийн шинэчлэлийн хүрээнд дахин нэмэгдсэнээр цэцэрлэгийн багш нарын цалин одоо зах зээлд муу гэсэн ангилалд орохгүй. Харин өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн. Энэ санхүүгийн тогтолцоо дараагийн 5-10 жилд салбарын хэмжээнд бодит үр дүнгээ өгнө. Цаашид багшийн мэргэжлээр суралцах хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ.

-Өнгөрсөн жил гурван ээлжээр хичээллэдэг ЕБС байхгүй боллоо хэмээн мэдэгдэж байсан. Харин энэ жил дахин гурван ээлжээр хичээллэх асуудал хөндөгдөж байна. Нийт хэчнээн сургууль дээр энэ асуудал яригдаж байна вэ?

-Яг одоогийн байдлаар нийт 12 сургуулийн тодорхой бүлэг гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Гэхдээ бид асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа. Бид мөн л сургуулийн байрны хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд түрээсийн үйлчилгээ ашиглахаас өөр аргагүй. Зарим их, дээд сургууль, МСҮТ-үүдэд ашиглагддаггүй байр олон бий. Мөн зарим хувийн сургуулиудын тухайд 600-1500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай мөртлөө хүчин чадлынхаа 50 хувьд ч хүрэхгүй хэмжээний хүүхэд сурч байна. Тэгвэл үлдсэн орон зайг нь түрээслэчихвэл хэн хэндээ ашигтай ажиллана. Сургууль, цэцэрлэгийн байрны эзэн нь хувь хүн учраас түүний ашиглалттай холбоотой засвар, үйлчилгээ нь төрд хамааралгүй болчихож байгаа юм. Үүнээс бид жил бүр урсгал засварт төсөвлөдөг байсан мөнгийг хэмнэх боломж бүрдэж байгаа юм. Түрээс бол санхүүгийн зөв механизм.

-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр томоохон их, дээд сургуулийн салбар сургуулийг хөдөө орон нутагт байгуулах асуудал яригдсан. Энэ ажлын явц, үр дүн хэр байгаа вэ?

-Сургалт, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр орон нутагт их, дээд сургуулийг хөгжүүлэхэд манай яам болоод холбогдох яамдууд анхаарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 8 аймагт төрийн өмчийн 11 их, дээд сургууль байна. Тухайлбал, МУИС-ийн харьяа сургууль Завхан, Эрдэнэтэд, ШУТИС-ийн харьяа сургууль Дархан-Уул, Орхон аймагт, АШУҮИС-ийн харьяа сургууль Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул аймагт бий. Тухайлбал, ШУТИС-ийн харьяа Дархан-Уул аймгийн сургууль цагтаа 1800-2000 хүүхэд сурч байсан. Гэтэл өнөөдөр 700 оюутан л сурч байна. Шалтгаан нь хот, хөдөөгийн сургалтын байгууллагын чанар, орчин нөхцөл зөрүүтэй байгаагаас оюутнууд хот суурин газар ирж суралцахыг хүсэж байна. Тиймээс эхний ээлжинд одоо орон нутагт байгаа их, дээд сургуулиудыг сургалтын чанараа сайжруулж, хөтөлбөрийнхөө тоог нэмэгдүүлэх, багш нараа чадавхжуулах, орчин нөхцөлөө сайжруулах буюу 1+3, 2+2 зэрэг хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэргээр бүрэн хүчин чадлаараа ажиллахад анхаарч байна. Өнөөдөр 149 мянган оюутнаас 9000 орчим нь орон нутагт сурч байна. Үлдсэн 140 мянган нь нийслэлд, 70 мянга нь улсын сургуульд сурч байна. Тиймээс энэ жилдээ 8 аймгийн 11 их, дээд сургуульд суралцаж байгаа оюутны тоог энэ жилдээ 20 мянга болгохыг зорьж байна. Цаашлаад 50 хувийг нь орон нутагт сургадаг болохыг зорьж байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 141 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 26-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1641 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1324, хулгайтай холбоотой 32, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 66, гэмт хэргийн шинжтэй 95 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 105, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 79, хүний биед халдсан 62, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 106, эрүүлжүүлэх байранд хоносон 141, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 38 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна DNN.mn

Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2022 оны 08 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бүртгэж, сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү.

Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага:

  1. Улаанбаатар хотын харьяа байх
  2. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  3. 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
  4. 168 см-ээс дээш өндөртэй
  5. Биеийн зөв хөгжилтэй
  6. Цэргийн алба хаасан бол давуу тал болно.
  7. Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. / гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
  8. Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх

Бүрдүүлэх материал:

1. Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл

2. Ял шийтгэлийн лавлагаа

3. Төрийн албан хаагчийн анкет

4. Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих

5. Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх

6. Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх

7. Хорооны Засаг даргын тодорхойлолт

8. Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт

9. Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр

10.Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.

Холбоо барих утас: 88078737

Categories
мэдээ нийгэм

Б.Батцэцэг: ОХУ-тай хамтран “Сэлэнгэ” хээрийн сургуулилтыг хуулийн дагуу хийнэ DNN.mn

ГХЯ-ны таван захирал эмэгтэйд Лаос, Киргиз, Казахстан, Энэтхэг улсад Элчин  сайдаар томилогдохыг санал болгосон ч татгалзсан | News.MN

Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг мэдээлэл өгч байна. Тэрээр Ерөнхий сайдын Сингапур улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав.

-ОХУ-тай хамтран “Сэлэнгэ” хээрийн сургуулилтыг хуулийн дагуу хийнэ. Ямар нэг хууль зөрчөөгүй. Энэ сургуулилт жил бүр болдог. ОХУ авчирсан техник хэрэгслүүдээ буцаагаад аваад явна. Батлан хамгаалах яам, ЗХЖШ энэ талаар мэдээлэл өгсөн.

Хил гааль одоо харьцангуй нээлттэй болсон. Хамгийн сүүлд буюу энэ сарын 22-нд Бичигтийн боомтыг нээлээ. Урд хөрш рүү нүүрс гаргасаар байна, импортын бүтээгдэхүүний тээвэр ч сааталгүй болсон.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын тов хараахан гараагүй байна. Тодорхой болоход бид мэдээлнэ. Энэ айлчлалаар ОХУ-Монгол-БНХАУ-ын эдийн засгийн коридорын асуудлыг хэлэлцэнэ

Categories
мэдээ нийгэм

ЗГ: АИ-92 шатахууны гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг сунгалаа DNN.mn

Засгийн газар: Дөрөвдүгээр тун хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийх хүсэлтийг Үндэсний аудитын газарт өглөө.

АИ-92 шатахууны гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг сунгалаа. Намрын ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тогтоолыг баталсан” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Хувийн өмчийг дээрэмдэхийн тулд хүмүүсээр айлгадаг болж байгааг бид хэзээ ч дэмжихгүй” гэв DNN.mn

Ч.Өнөрбаяр: Монгол Улс дайтаж байгаа аль нэг улсын талд ордоггүй байх бодлоготой

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарамын гэрийн гадаа масктай хүмүүс цугласан талаар мэдээлэл гараад байна.

Энэ асуудалтай холбогдуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Д.Сосорбарам гуайтай холбоотой албан ёсны мэдээлэл байхгүй байна. Гэхдээ сүүлийн үед нэг үзэгдэл гарлаа. Төр засгийг шүүмжилсэн хүмүүсийг хулгайч дээрэмчдээр заналхийлүүлдэг болсон. Хүний эрхийг уландаа гишгэдэг хүмүүсийг хуулийн байгууллага өөгшүүлдэг болоод байна. Сүүлдээ хувийн өмчийг дээрэмдэхийн тулд хүмүүсээр айлгадаг болж байгааг бид хэзээ ч дэмжихгүй.

Хулгайч нь хуулийнхаа дээр гарсан байхад энэ улс өөдөлнө гэж байхгүй” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 367 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Ковид-19 халдварын эсрэг "нөлөөтэй" болон "сөрөг нөлөөтэй" эмүүд

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 367 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 20-оор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 940,726 болж нэмэгдэв.

Илэрсэн халдварын

  • 178 нь Улаанбаатар хотод,
  • 189 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
    зураг

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд 17, Баян-Өлгийд долоо, Баянхонгорт ес, Дархан-Уулд 13, Дорноговьд 37, Орхонд 10, Өмнөговьд 59, Сүхбаатарт найм, Сэлэнгэд нэг, Төв аймагт хоёр, Увсад ес, Ховдод 17 бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 571 хүн эдгэрсэн бол одоогоор 8,965 хүн хяналтад байна.

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна