Categories
гадаад мэдээ

Бээжин хот олон улсын нислэгүүдээ сэргээж эхэлжээ DNN.mn

Дэлхийн агаарын тээврийн томоохон чиглэлүүдийн нэг Хятадын нийслэл Бээжин хот энэ долоо хоногоос олон улсын нислэгүүдээ сэргээж эхэлжээ.

Хоёр жил гаруй хугацааны өмнө дэлхийг хамарсан цар тахлын улмаас Бээжин хот гадаад ертөнцөөс таслагдаж байсан юм. Тус хотыг зорих гадаадын зорчигчид өнгөрсөн хугацаанд Хятадын зөвшөөрөгдсөн бусад хотуудаар дамжих, тэндээ урьдчилж тусгаарлагдах журам үйлчилж байв.

Зөвхөн Бээжин хот биш, Хятадын бусад хотууд руу агаарын тээврээр зорчиход маш хэцүү болоод байлаа.

Долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хятадаас гарах, орох чиглэлийн 100 хүрэхгүй олон улсын нислэг үйлдэгдсэн байна.

Харьцуулбал 2019 оны энэ өдөр 2,883 олон улсын нислэг үйлдэгдэж байжээ.

Японы All Nippon Airways компани Токио-Бээжин чиглэлийн долоо хоног тутмын нислэгээ сэргээснээ зарласан бол Францын Air France, Арабын Нэгдсэн Эмират Улсын Etihad компаниуд бас Парис, Абу-Даби чиглэлийн тогтмол нислэгүүдээ сэргээхээр болсон байна.

Коронавирусийн цар тахлын улмаас уналтад орсон дэлхийн агаарын тээврийн салбар сэргэх замдаа орсон ч тахлын өмнөх хэвийн үеийн хэмжээндээ хүрэх болоогүй байгаа.

Бээжин хот олон улсын нислэгүүдээ сэргээхээр болсон нь энэхүү сэргэлтийг түргэсгэхэд чухал түлхэц болно гэж зах зээл судлаачид үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 5-11 насны хүүхдэд зориулсан коронавирусийн эсрэг вакцин аюулгүй, үр дүнтэй болох нь батлагдсан DNN.mn

2022 оны наймдугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг улсын хэмжээнд эхлүүлэх гэж байна. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагчид зөвшөөрсөн тохиолдолд хүүхдэд вакцин хийнэ гэдийг ЭМЯ-наас мэдээлээд буй.

АНУ-аас 5-11 настай хүүхдүүдэд зориулж өгсөн 300,000 Pfizer вакцин ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалагдаж байгаа юм.

Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс хүүхдэд зориулсан коронавирусийн эсрэг “Комирнэти” (BNT162b2) вакцины талаарх мэдээллийг бэлтгэжээ.

2
3
4

5

Categories
гадаад мэдээ

Ухань хотод коронавирусийн 4 тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоожээ DNN.mn

БНХАУ-д өдөрт бүртгэгдэх COVID-19-ийн тохиолдол сүүлийн гурван сарын доод  цэгт хүрэв

Хятадын Ухань хотын ковидын шинж тэмдэггүй дөрвөн тохиолдол илэрсний дараа бараг сая хүн амтай дүүргийн орц, гарцыг хаажээ. Ингэснээр Хятадын коронавируст халдварын тохиолдлыг тэглэх хатуу бодлогын дагуу цар тахлын анхны голомт бүхий газарт дахин дэгдэлт гарахаас урьдчилан сэргийлж байгаа юм.

Нийтийн тээвэр, метро зэрэг бүх хөдөлгөөнийг түр зогсоож, иргэдийг онц шаардлагагүй бол дүүргээс гарахгүй байхыг уриалжээ.

970 мянга гаруй хүн амтай Ухань хотын Зяншиа дүүргийн эрх баригчид лхагва гарагт гол суурин газрууддаа гурван өдрийн хяналтын түр арга хэмжээ хэрэгжүүлж, хөл хориог тогтоохоо мэдэгдэв.

Ингэхдээ баар, кино театр, интернет кафе зэрэг үзвэр үйлчилгээний газрууд, жижиг эмнэлгүүд, хүнсний захууд, ресторан, зоогийн газар, томоохон цугларалт, тоглолт, хурал цуглаан зохион байгуулах, мөргөлийн газруудыг хааж, шашны үйл ажиллагааг хориглоод байна.

Мөн засгийн газрын мэдэгдэлд заасны дагуу сургалтын байгууллагууд болон аялал жуулчлалын газруудын үйл ажиллагааг зогсоожээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Хэнтий, Туул голын сав газраар дуу цахилгаантай бороо орно DNN.mn

Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо  орно

Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон голын хөндийгөөр, маргааш өдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Туул голын сав газраар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 07-р сарын 27-ны 20 цагаас 07-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, Их нууруудын хотгор, Дорнодын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, бороо орохгүй. Өдөртөө үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ цаг-үе

Хөнөөлт шавжтай тэмцэх ажилд Засгийн газрын нөөц сангаас 600 саяыг зарцуулна DNN.mn

ХӨВСГӨЛ: 9 суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг байна

Ойрын жилүүдэд манай орны ойн экосистемд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь хөнөөлт шавж, өвчний хөнөөл буюу утаагүй түймэр болоод байна. Улсын хэмжээнд 16 аймгийн 109 сум, Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн нийт 732.7 мянган га талбайд ойн хөнөөлт шавж хэт олширч хөнөөл учруулах болсон нь зайлшгүй арга хэмжээ авахад хүргэжээ. Хөнөөлт шавжтай хэрхэн тэмцэх нарийвчилсан судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд хийж дууссан байна. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хурлаар хэлэлцээд Ойн тухай хуулийн 27.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.4-т заасныг үндэслэн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зайлшгүй шаардлагатай 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай тогтоолыг баталлаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хуульч Б.Агар-Эрдэнэ: Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар ашиглахыг таслан зогсоох, нийгмийн хэрэгцээ, шаардлага гарч байна DNN.mn

Хуульч, өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хэрэглээ гаарлаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Эхлээд “Хар тамхи” гэх ойлголтыг хэрхэн тодорхойлж байгаагаас шалтгаалж, үр дагавар өөр байдаг тул түүнийг бүрэн тодорхойлолтыг таньж мэдэх шаардлагатай. Монгол Улсын хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал, бэлдмэл, бодисыг “хар тамхи” гэж хэлж нэршсэн.

Энэхүү ойлголтыг Анагаахын болон Нийгмийн шинжлэх ухаанаар ялган тодорхойлсон байдаг. Эцсийн дүндээ эрх зүйн этгээдийн үйлдлийн шинж байдлыг нийтлэг хэмжигдэхүүнээс хэтрүүлэхгүй байхыг эрх зүйн зохицуулалтын чиг үүргийн хувьд нийгмийн шинжлэх ухаанд хар тамхийг тодорхойлохдоо мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисыг хэрэглэсэн этгээдийг зан үйлийн болон ёс суртахууны зөрчил рүү түлхэн, гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоог бий болгож, улмаар нийгэмд хор хохирол учруулах чадвар бүхий бодис, түүнийг агуулсан эм бэлдмэлийг хэлнэ гэж тодорхойлсон. Анагаахын шинжлэх ухаанд “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” гэдэг нь тухайн бодисыг хэрэглэсэн хүн болон амьд организмын уураг тархи буюу төв мэдрэлийн системд дарангуйлал үүсгэн үйлчилж, мансуурал гэж нэрлэх сэтгэцийн тогтворгүй байдлыг үүсгэх нөлөөтэй эм бэлдмэл бодисуудыг хэлнэ гэж тодорхойлжээ. Иймээс хар тамхины хэрэглээ гэхээс илүүтэйгээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэвч хуулиар хориглосон байтал зах зээлийн эрэлт, нийлүүлэлт байгаа нь асуудал болж байна.

-Хуулиар зөвшөөрсөн эм тариа, бэлдмэл, бодис нь юу вэ?

-Байгалийн гаралтай, мөн нийлэгжүүлсэн бодисуудын хэрэглээнээс бий болох эрүүл мэндийн болон нийгмийн сөрөг үр дагаврыг нь харгалзан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болохыг нь тогтоож, хяналтаас гадуур хэрэглэхийг хориглож, тусгай жагсаалтад оруулсан бодис, эм бэлдмэлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж ойлгоно. Дээрхээс бусад тусгайлан эрүүл мэндийн салбар, судалгаа шинжилгээний ажилд зориулагдсан, хууль, эрх зүйн хэм хэмжээгээр зөвшөөрсөн, тусгай жагсаалтад оруулаагүй бодис, эм бэлдмэлийг зөвшөөрсөн эм тариа, бодист хамааруулан ойлгоно. Гагцхүү тусгай байгууллагын хяналт, эмчийн тодорхойлолт, ангаахын шинжлэх ухаанд хэрэглэгдэх үйл ажиллагааг зөвшөөрсөн.

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой харилцаа ямар хуулиар зохицуулагддаг юм вэ. Олны танил хүмүүс хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээд баригддаг ч удалгүй суллагддаг. Хууль нь тийм сул юм уу?

-Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай тогтсон нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис болон бусад бодис, эм бэлдмэл, түүний түүхий эдийг хууль бусаар ашиглах гэмт хэрэг гарч байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдлийн шалтгаант холбоо болон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоосон тохиолдолд түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Шүүхээс ял оноодог. Ял оноохдоо эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тусгай ангид заасан хариуцлагын арга хэмжээг авдаг. Энэ төрлийн буюу Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой асуудлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар зохицуулдаг. Тус зүйлд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тодорхойлсон байна. Энэ зүйл ангийн гол ойлголтуудын нэг нь “Худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” байхыг шаарддаг. Олны танил хүмүүс энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн ч түүний хувийн байдлыг харгалзахгүйгээр ял оноож байгаа. Нийгэмд байдаг буруу ойлголтын нэг бол олны танил хүмүүс ял бага авч байна гэсэн ойлголт байдаг. Хуулиараа энэ төрлийн гэмт хэргийг худалдаалах зорилгогүй үйлдсэн гэж үзвэл зорчих эрх хязгаарлах, хорих ял оноох санкц нь 1-5 жил буюу тухайн хүний үйлдлийн шинж байдлаас шалтгаалж шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд, хуульд заасан сонгох боломжтой 1-5 жилийн хооронд л ял оноож байгаа. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг л шаарддаг.

-Эдгээр төрлийн бодисыг дамлах, худалдан борлуулах, тээвэрлэх зэрэг асуудалд холбогдсон хүмүүс ямар ял шийтгэлтэй байдаг вэ?

-Дээр дурдсанаар худалдан борлуулах зорилго агуулаагүй тохиолдолд 1-5 жилийн хариуцлагын асуудал яригдаж байсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2-т “Худалдаалах зорилго” агуулсан бол хариуцлагын арга хэмжээ хүндрэх байдлаар тодорхойлсон байна. Тус зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Харин энэ төрлийн гэмт хэргийг байнга тогтвортой, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэхээр заасан байна.

-Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Play time наадмын үеэр хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэх хүмүүсийн тоо олширлоо. Энэ жил ч олон хүн хэрэглээд баригджээ. Ер нь сүүлийн үед урлагийн тоглолтын үеэр ч хэрэглээд баригдлаа гэдэг болжээ. Иймэрхүү төрлийн арга хэмжээг хориглох ёстой юу?

-Мэдээж дахин давтагдаж байгаа газар орон, байр, үйл ажиллагаа, үйлчилгээ, арга хэмжээнд давхар хяналтыг тавих нь зүйтэй. Харин тэрхүү наадмын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, зогсоох эрх зүйн үндэслэл тогтоогдох боломжгүй. Нэг үгээр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдлыг бүрдүүлж магадгүй буюу магадлалын үүднээс чөлөөт зах зээлд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, иргэдийн бизнес, нэгдлийн шинжтэй арга хэмжээг зогсоох боломжгүй. Гэмт хэрэг үйлдэгдэх нь тогтоогдсон тохиолдолд Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагын зүгээс хуульд заасан арга хэмжээг авч болно.

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн нас залуужиж байна. Олдоц их байна гэсэн үг үү?

-Нийлүүлэлттэй холбоотой нарийн мэдээллийг мэдэх, хянах, тогтоох боломжгүй. Энэ төрлийн гэмт хэрэг нь нууц, далд аргаар явагддагаас гадна нарийн зохион байгуулалттай явагддаг байж болзошгүй. Цагдаагийн байгууллагаас “Хар тамхины эсрэг” эрчимтэй ажил зохион байгуулж байгаа. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дамжлагатай авч байна. Мэдээж санхүүжилтийн асуудлыг илүү өргөсгөх хэрэгтэй. Өсвөр нас, залуучуудын дунд хэрэглээ ихсэж байгаа нь эрх зүйн ухамсар, хариуцлагыг мэдсээр байж гүйцэлдүүлэх шинжтэй, үл хайхарсан шинжтэй шууд хамааралтай. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын хэмжээг дээр дурдсан шүү дээ. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж бодож байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 39 зөвлөмжийг хэрэгжүүлжээ DNN.mn

ФАТФ-аас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

“Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалт” Малайз Улсын Куала Лумпур хотод 2022 оны долоодугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус хуралд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар болон Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газрын төлөөлөл Монгол Улсыг төлөөлөн оролцож байна.

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орны жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас 2020 оны аравдугаар сард гарсан бөгөөд ФАТФ-ын Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээсэн хэвээр байгаа билээ.

Энэ хүрээнд ФАТФ-ын техник хэрэгжилтийн зөвлөмж 15-т заасны дагуу улс орнууд виртуал хөрөнгийн салбарын хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж олон улсын стандарт шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй. ФАТФ-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагыг мөрдүүлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн зөвлөмждөө нэмэлт оруулж, улс орнуудыг дагаж мөрдөхийг мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохистой эрх зүйн орчныг бүрдүүлэх, инновацийг дэмжсэн, эрсдэлийг бууруулахуйц тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох бусад байгууллагууд хамтран ажиллаж, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийг 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр УИХ-аас батлуулсан.

Улмаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг виртуал хөрөнгийн салбарт үндэсний хэмжээнд үнэлэх, журам зааврыг боловсруулж батлуулах, хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд олон нийтийг анхааруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

ФАТФ-ын Зөвлөмж 15 /Шинэ технологи/-ын үнэлгээг ахиулах чиглэлээр Ази номхон далайн бүлэгт Монгол Улсын Явцын тайланг тодруулгын хамт тухай бүр хүргүүлж, техник зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхтэй ажилласан. Өнөөдөр буюу 2022 оны долоодугаар сарын 27-ны өдөр Ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын Явцын тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлж, батлав. Хуралдаанаар “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсан ФАТФ-ын Зөвлөмж 15-ыг “дийлэнхийг хэрэгжүүлсэн” болгож үнэлгээг амжилттай ахиулав. Зөвлөмж 15-ын үнэлгээ баталгаажсанаар Монгол Улс ФАТФ-ын нийт 40 зөвлөмжөөс 39 зөвлөмжийг техник зөвлөмжийн хувьд бүрэн болон дийлэнхийг хэрэгжүүлсэн үнэлгээтэй болгож ахиц гаргав.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд зохистой зохицуулалт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ФАТФ-ын шаардлага, олон улсын стандартыг нэвтрүүлсэн талаар Монгол Улсын туршлагыг Ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орнуудад хуваалцаж илтгэл тавьж оролцож байна.

Монгол Улсын багийг Ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Дэд дарга Иан Маккартни хүлээн авч уулзан, цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал солилцож, хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн олон улсын донор байгууллагуудтай уулзалт хийж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Categories
мэдээ цаг-үе

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт хүлээн авч эхэллээ DNN.mn

“Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоол батлагдсан.

Монгол Улсын Засгийн газар 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас/ХНХЯ/ нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог нэмж, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Иймд Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гаргана уу

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох журам, стандарттай танилцан хүсэлтээ гаргахыг зөвлөж байна.зураг

зураг

зураг

зураг

Эх сурвалж: ХНХЯ, БШУ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Эрдэнэбат: Төр нь иргэдийнхээ ажлыг булааж авчихаад хэцүү байдалд оруулаад хүндхэн л байна DNN.mn

ГХЯ-наас хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн болж буйг мэдээлэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ажиллагаатай автозамын есөн боомт ажиллуулах хэлэлцээртэй. Үүнээс долоон боомт нь нээлттэй, ачаа, тээврийн хөдөлгөөн хэвийн явагдаж байгаа гэв. Цар тахлын улмаас БНХАУ-ын талын саналын дагуу хаалттай байсан Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат автозамын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд Бичигт-Зүүнхатавч автозамын боомтын үйл ажиллагааг сэргээж, Хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ноос эхлүүлжээ. Ингэснээр нүүрс тээврийн автомашиныг улсын хилээр нэвтрүүлж, цаашид газрын тос болон бусад шаардлагатай экспорт-импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцсон байна. Одоогийн байдлаар цар тахлаас шалтгаалж аль нэг боомтын үйл ажиллагааг хязгаарлах талаар ямар ч мэдээлэл ирээгүй байгааг тодотгон хэлэв.


Замын-Үүдийн жолоочдын нэгдлээс нөхцөл байдал ямар байгааг тодруулав. “Борхойн тал” автотээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, жолооч Ч.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Замын-Үүдийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хуучин хэвэндээ өдөрт 50-60 чингэлэг л орж ирж байгаа.

-Замын-Үүд суманд хуримтлагдсан чингэлгүүдээ буцааж татаж авч байгаа юу?

-Гарч буй машиныхаа тоотой тэнцүү чингэлэг л авч байгаа. 50-60 машин гарвал 50-60 чингэлэг л гарна. Орж ирж байгаатайгаа адил тооны чингэлэг л гаргана гэсэн үг. Илүү хасагдана гэж байхгүй. Хамгийн гол нь Хилийн цэргийн 30 машин явж байгаа шүү дээ. Тэд бол хоосон чингэлэг авч гардаггүй. Хоосон яваад урдаасаа чингэлэг ачаад ирж байна. Урагшаа чингэлэг ерөөсөө зөөдөггүй. Хоосон чингэлэг нь хямдхан байхгүй юу. 50 мянган төгрөг болохоор тэрийг зөөхгүй дандаа ачаатайг нь зөөгөөд байна. Засгийн газрын 30 шар машин гээд байгаа Хилийн цэргийн дугаартай машинууд согтуу явж байгаад осол гаргаж асуудал үүсгэсэн. Овоорсон чингэлгүүд хэвээрээ. Өөрчлөгдсөн юм ер байхгүй.

-Танай холбоо Эрээний консулд хандаад нэлээд хугацаа өнгөрлөө. Хариу нь ирсэн үү?

-Ирээгүй л байна. Дахин дахин хүсэлт өгсөн ч ер хариу өгөхгүй юм.

-ЗТХЯ болон АТҮТ-д хандсан хүсэлтийн хариу бас ирээгүй юу?

-Ирээгүй. Бид 30 шар машинаа аваач ээ гэдэг л шаардлага тавиад байгаа юм. Бусад газар хийж байгаа бүтээн байгуулалтынхаа ажилд оролцуулахгүй бидний ажлыг булаагаад тээвэр хийгээд байгаад л дургүйцэж байна. Дарханы зам өөр хаана бүтээн байгуулалт хийж байгаа юм тэндээ аваачиж ажиллуулахгүй бидний ажлыг булаасан. Тэд бизнес хийж контейнерээ ачуулж байгаа хүмүүсээс бас мөнгө авч байгаа шүү дээ. Жолоочийг нь төрөөс цалинжуулаад, төрөөс байр машиныг нь хангаж ажиллуулдаг. Тэгсэн мөртлөө наймаачдын чингэлгийг зөөгөөд тэд нараас мөнгө авдаг. Ингээд байхаар нь бүтээн байгуулалтдаа оруулж, бидний ажлыг чөлөөлж өгөөч л гээд байгаа юм. Тэгж хэлээд ямар ч хариу өгөхгүй байна.

-Жолооч нарын нөхцөл байдал ямар байна вэ?

-Маш хэцүү байна. Дээрээс нь түлшний үнэ нэмэгдчихсэн. Манай энд 4140 төгрөгийн үнэтэй байна. Бүгд л хэцүү байдалд орцгоочихсон. Төр нь иргэдийнхээ ажлыг булааж авчихаад хэцүү байдалд оруулаад хүндхэн л байна.

-Эрээн дэх хамтрагчидтайгаа харилцаатай байгаа юу. Эрээний нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл авсан уу?

-Эрээн чөлөөтэй болчихсон шүү дээ. Бүх юм нь нээлттэй, чөлөөтэй болчихсон. Чингэлэг тээврийн саналыг манай ЗТХЯ-наас тавиад л явуулж эхэлсэн болохоос Эрээнд задгай тээврийг явуулья гээд хүмүүс нь бүгд л хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Нэг чингэлгийн үнэ чинь 28 мянган юань. Энэ чинь бараг 14-15 сая төгрөг байхгүй юу. Нэг удаагийн явалтын түрээсийн үнэ нь. Тэмцээд, тэмцээд хариу өгч дэмжих газар байхгүй хэцүү байдалд орсон жолооч нар өрөндөө баригдчихаад байна.

-Нүүрс тээвэр явж байгаа юу?

-Нүүрс өчигдрөөс (долдугаар сарын 25-ны өдрөөс) эхлээд явж эхэлсэн. 20 гаруй машин гараад байгаа юм уу даа. Нүүрс тээврийн компаниуд анх орон нутагтай гэрээ байгуулахдаа орон нутгийн тээвэрчдийг оролцуулна гэсэн. Тэгж компани байгуулж, зөвшөөрлөө авангуутаа эхэндээ орон нутгийн жолоочдыг явуулж байгаад удалгүй хасаж, өөрсдийн жолоочдоо оруулаад орон нутгийн тээвэрчдийг шахаж гаргасан. Нүүрс тээвэр хийгээд оронгуут тухайн компаний ачигдаж байгаа нүүрс багасна гэсэн үг шүү дээ. Өдөрт орж ирж байгаа 50-60 чингэлгийн 20 нь нүүрс гаргаад явчихаар тоо нь багасна гэсэн үг. Иймэрхүү байдалтай байна.

Өчигдөр оройн 19:30 цагийн үед Замын-Үүдийн жолооч нар эсэргүүцэл зарлаж, төрийн 30 машиныг явуулахгүй байх шаардлага тавьжээ. 30 машинаа төр татаж авахгүй бол Замын-Үүдийн боомтыг хаах хүртэл тэмцэл өрнүүлнэ гэв. Жолооч нарын хэлж буйгаар Хилийн цэргийн 30 машин гарснаар жирийн жолооч нарын 10 хүрэхгүй машин өдөрт гардаг. Гарахгүйгээс ялгаагүй ингэж байхаар тэмцэл өрнүүлж, ажлаа эргүүлэн авахыг хүсч байгаа гэнэ. Хуучин задгай тээврээ сэргээж, иргэдийг ажилд нь эргүүлж оруулахгүй бол жолооч нар хүнд байдалд орсныг хэн ч тоохгүй байна хэмээн тэмцэж байна гэв.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хар морь өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 28, Бархасвадь гараг. Билгийн тооллын битүүн, Найралт эх одтой, хар морь өдөр. Өдрийн наран 5:23 цагт мандан, 20:34 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.