Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн нийт барилгын 13.1 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй || DNN.mn

ОБЕГ, БХБЯ, МХЕГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн талаар мэдээлэл хийлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал “Улсын хэмжээнд нийт 130 мянган барилга байдгаас Улаанбаатар хотод 117 мянга орчим нь бий. Нийт барилгын 13.1 буюу 17 мянган барилгын газар хөдлөлтийн тэсвэржилт буурсан гэсэн судалгаа гарсан. Иймд олон хүн цуглардаг үзвэр үйлчилгээний газрууд, орон сууцны барилгуудын төлөв байдлыг яаралтай тогтоох шаардлагатай.

Улсын хэмжээнд 5400 орон сууц ашиглагдаж байна. Үүнээс Улаанбаатар хотын 340 орон сууцыг ашиглах боломжгүй, насжилт хэтэрсэн, засвар үйлчилгээ хийх шаардлагатай гэж тодорхойлсон. Тиймээс эдгээр орон сууцны 68-ийг нь ашиглахыг зогсоож бусдад засвар үйлчилгээ хийгдэж байна.

Барилгын салбарт өнөөдрийн байдлаар газар хөдлөлийн чиглэлээр 17 дүрэм журам хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Барилгын салбарын норм нормативын баримт бичгийн 2022 оны төлөвлөгөөнд 8 төрлийн баримт бичгийг шинээр болон шинэчилсэн байдлаар боловсруулахаар төлөвлөсөн.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 66 хувь нь газар хөдлөлтийн долоо, найм, есөн баллын бүсэд байдаг. Мөн Улаанбаатар хотын 98 хувь нь долоо, найм баллын газар хөдлөлтийн бүсэд хамаардаг. Үүнийг хувиар авч үзвэл нийслэлийн нутаг дэвсгэрийн 47 хувь нь долоо балл, 50 хувь нь найм, хоёр хувь нь ес нь баллд хамаарч байна.

Өнөөдрийн байдлаар 12 аймгийн газар хөдлөлтийн бичил мужлалын газрыг хийгээд байна. Үлдсэн 9 аймагт газар хөдлөлтийн бичил мужлалын газрыг хийхэд 1.6 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ талаар холбогдох албанд хандсан боловч одоогоор шийдэж өгөөгүй.

2002 оноос хойш баригдсан олон нийтийн зориулалттай 3261 барилга бий. Үүний 1119 нь нийслэлд 2142 нь орон нутагт байна. Эдгээрийг бүрэн паспортжуулахад 22.8 тэрбум төгрөг шаардлагатай.

Шинээр баригдаж буй барилгуудад газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ хангалттай аваагүй тохиолдол хяналт шалгалтаар явахад илэрч байна. Энэ нь даацын элементүүдийг ашиглахдаа нүхлэх, зориудаар хэв дүрсийг нь өөрчлөх явдал гарч байгаатай холбоотой” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Хятадад осолдсон нисэх онгоцны хар хайрцгийг олжээ || DNN.mn

Хятадын өмнөд нутгийн Гуанси-Жуаны өөртөө засах оронд даваа гарагт осолдсон “China Eastern Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцгийг лхагва гарагт олсон талаар тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын нислэгийн ослыг мөрдөн шалгах төвийн дарга Мао Яньфэн мэдээлжээ.

“Хар хайрцаг ноцтой эвдэрсэн байсан бөгөөд мөрдөн шалгах баг үүнийг нислэгийн мэдээллийг хадгалдаг хар хайрцаг уу, дуу хураагуур уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Бид нөгөө хар хайрцгийг ч мөн ойрын хугацаанд олж, мэргэжлийн лаборатори руу илгээнэ хэмээн найдаж байна” гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Лхагва гарагт бороо орсон нь эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учруулсан бөгөөд нисэх онгоцонд байсан 132 хүнийг, мөн үлдсэн хар хайрцгийг хайх ажил үргэлжилсээр байна. Аврагчид лхагва гаргийн үдэд тусгай төхөөрөмж ашиглан осол болсон газрын доогуурх хэсгийг шалгаснаас гадна эрэн хайх ажиллагаа явуулж буй газрын цар хүрээгээ өргөтгөжээ.

Мао Яньфэний мэдээлснээр, нисэх онгоц осолдох үед цаг агаар хэвийн байжээ. Мөн нисэх баг, агаарын хөдөлгөөнийг хянах албаныхны хоорондын харилцаа холбооноос үзэхэд нисэх онгоц Куньмин хотоос хөөрснөөс хойш гэнэт өндрөө алдах хүртэл харилцаа хэвийн үргэлжилсэн байна.

“Boeing 737” нисэх онгоцыг “China Eastern Airlines” компани 2015 оны зургаадугаар сарын 22-нд хүлээн авчээ. Нисэх онгоц даваа гарагт нислэгт гарахаасаа өмнө засвар үйлчилгээний стандарт болон нислэгт тэнцэх чадварын шаардлагыг хангасан байсныг тус компанийн Юньнань муж дахь салбарын дарга Сунь Шиин мэдээлжээ.

“Нисэх багийн бүрэлдэхүүний хувьд нэг ахмад, хоёр туслах нисгэгчээс бүрдсэн. Нисгэгчид бүгд хүчинтэй хугацаа бүхий нисгэгчийн үнэмлэх, эрүүл мэндийн гэрчилгээтэй, эрүүл саруул, нислэгийн бүрэн туршлагатай байсан. Мөн гэр бүлийн хувьд асуудалгүй байсныг бидэнд цугларсан мэдээлэл харуулж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9 хувь болголоо || DNN.mn

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж есөн хувь болгох шийдвэр гаргажээ.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр “Хоёрдугаар сарын статистик дүнгээр инфляц улсын хэмжээнд 14.2, нийслэлд 15.5 хувьд хүрсэн. Иймд бодлогын хүүг (одоо 6.5 хувь байна) өсгөж, 9 хувьд хүргэлээ” гэв.

Энэ сарын 22-нд болсон хэвлэлийн хурлаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бодлогын хүүг алгуур буюу 0.5 хувиар өсгөх нь зөв гэж би хувьдаа бодож байна. Цар тахлын дараа эдийн засаг эргээд сэргэж байгаа тул бодлогын хүүг огцом өсгөвөл зээл олголт удааширна. Мөн эдийн засгийн өсөлтийг хязгаарлана. Иймд алгуур өсгөх нь зөв. Гэхдээ Мөнгөний бодлогын хорооны долоон гишүүн хамтран эцсийн шийдвэрийг гаргана. Бодлогын хүү төгрөгийн ханштай шууд холбоогүй. Бид өмнөх хурлаараа бодлогын хүүг 6.5 хувиас дээш өсгөсөн бол өнөөдөр төгрөгийн ханш өсөхгүй байсан гэдэгтэй би санал нийлэхгүй. Бодлогын хүүг өсгөснөөр төгрөгийн зардал л өснө” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Пүрэвдулам: Монголд цагдаа нар иргэнээ дээрэлхэж байхад Гүржийн цагдаа нар хүний эрхийн шалгалт өгч ажилд томилогдож байна || DNN.mn

Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдуламтай цагдаагийн шинэчлэлийн талаар ярилцлаа.


-Цагдаагийн шинэчлэлийн тухай та хамгийн их ярьдаг хуульчдын нэг. Цагдаа яагаад шинэчлэгдэх ёстой гэж та үздэг юм бэ?

-Өнөөдөр цагдаагийн шинэчлэлийн талаар ярих цаг болсон шүү дээ. Тийм ч учраас нэлээд дээрээс энэ талаар дуугарч эхэлсэн. Уг нь үүн дээр хуульч, өмгөөлөгчид, олон нийт дуугарвал хэрэгтэй байгаа юм. Учир нь цагдаа бол төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэдэг хууль сахиулагч. Цагдаагийн байгууллагаар дамжиж хуулийг үлгэрлэж, тэднээс иргэд төрийн үйлчилгээг авах ёстой. Гэтэл манай цагдаагийн байгууллага өөрсдийгөө хүчний байгууллага гэдэг ойлголт ерөөс засрахгүй явж ирсэн. Үйлчилгээний биш, хүчнийх гээд ойлгочихсон. Угтаа бол Цагдаагийн байгууллагын тухай хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээний акт, цагдаагийн үйл ажиллагааны стандартад энэ байгууллага бол үйлчилгээнийх гээд заачихсан. Тэр бүү хэл, харилцааны маш өндөр соёлтой, иргэдтэй чанга, өндөр дуугаар харьцаж болохгүй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, эелдэг харьцах тухай ч заасан. Харамсалтай нь өнөөдөр манай цагдаагийн ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээний тал дээр анхаарах цаг хэдийнэ болчихоод байна.

-Олон нийт ч ийм зүйлийг ихээр ярьдаг. Цагдаа нар хэрцгий догшин болсоор байна, өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдсөн асуудал дээр иргэнийхээ эрхийг дэвслэх энүүхэнд гэх юм?

-Цагдаагийн ажилтан хүний эрх, эрх чөлөөг хамгаална гэж тангараг өргөдөг. Гэвч тэд тангаргаа умартаж, хэрэгжүүлдэггүй нь нууц биш. Иргэдийн хандлага ч буруу байдаг. Цагдаагаас айж, сүрдсээр хууль сахиулах үүргийг нь улам бүдгэрүүлж байна. Төрийн цагдаа гэж хэлдэг болчихсон. Үгүй. Цагдаа бол үйлчилгээний байгууллага байтал бүр цэрэгжчихсэн. Дээд шатны дарга, байгууллагынхаа үүрэг даалгаврыг биелүүлдэг. Тэр даалгаврынхаа төлөө хүний эрхийг зөрчсөн ч хамаагүй. Цагдаад байгаа цэрэгжсэн, цол эрэмбэний дарааллыг алга болгох хэрэгтэй. Ингэж байж үйлчилгээний байгууллага болно.

-Хүн нь байхад хэрэг нь олддог гэх зөвлөлтийн школ манай цагдаад байсаар байна гэдэг. Та юу хэлэх вэ?

-Оросын школ яваад байгааг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Хуучин социалист школтой орнуудад цагдаа нар боловсрол эзэмшиж байгаа. Төгсөж ирчихээд иргэдтэй харьцдаг. Гэтэл Монгол Улс ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай хуульчилчихсан. Ийм үзэл баримтлалтай иргэд, хуучны школтой оронд боловсрол эзэмшсэн цагдаа хоёр мөргөлдөөд байгаа юм. Тийм учраас цагдаагийн байгууллагыг тогтолцоогоор нь өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Тэр цагт эрх зүйт нийгэм бүрэн утгаараа Монголд төлөвшинө.

Өмгөөлөгч, хуульчийн хувьд гэх ч шаардлагагүй, нийтээрээ анзаарч байгаа зүйл бол таны хэлж байгаа энэ асуудал. Цагдаагийн ажилтны хууль бус, шударга бус зүйлийн талаарх пактууд, маш олон баримт олон нийтэд ил болдог. Цагдаа иргэдтэй зүй бусаар харьцаж байгаа, эрхийг нь хязгаарлаж байгаа, эрүүл мэнд, амь насанд нь халдаж байгаа, өөрт байгаа эрх мэдлээ ашиглаж давуу байдлыг бий болгож байдаг. Жишээ нь, цагдаагийн байгууллагатай өдөр бүр харьцах шаардлага бидэнд гардаг. Үйчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах ажлын нэг хэсэг бол цагдаагийн байгууллагатай харилцах явдал байдаг. Ингээд үйлчлүүлэхээр цагдаа нар өмгөөлөгчтэй илт ялгаварлаж харьцдаг.

-Өмгөөлөгч, прокрор, шүүгч гурав хуулийн тулгын гурван чулуу гэгддэг биз дээ?

-Тэгэлгүй яахав. Гэтэл прокурор, шүүгч нартай бол өөр харьцдаг. Илт хүндэтгэлтэй, үгээр нь харьцана. Уг нь энэ гурван субьектийг ижил тэнцүү авч үзэх ёстой. Үнэндээ өмгөөлөгчид дабль стандартын нэг хохирогчид болдог. Германы эрх зүйт нийгэмд прокурор, өмгөөлөгч хоёр адилхан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ижил статустай оролцдог. Бусдын гэм буруугийн асуудлыг яллах болон цагаатгах талыг ижил тэнцүү хэлэлцэх ёстой шүү дээ. Манай өнөөгийн нөхцөл байдалд ийм боломжийг цагдаа олгодоггүй. Хавтаст хэрэг шүүх хурал болтол нууц байдалтай байсаар хурлын өмнө л хам хум өмгөөлөгчид танилцуулна. Хагас дутуу танилцсан байдалтай л шүүх хуралд орж мэтгэлцдэг. Ийм тохиолдолд иргэний гэм буруугийн асуудал үнэн зөвөөр, шударгаар дэнслэгдэж чадах уу.

-Цагдаагийн байгууллага хүний эрхийн мэдрэмжтэй байх шаардлагыг хүний эрхийн байгууллагууд анхааруулсаар байдаг. Нөхцөл байдал сайжирч байна уу?

-Үнэндээ тийм гэж хэлж чадахгүй. Харин ч эсрэгээрээ. Хүний эрхийн мэдрэмжтэй улс орны цагдаа ямар байгаа жишээ хэлье л дээ. АНУ-д жил гаруйн өмнө өнгөт арьстай залуугийн аминд цагдаагийн ажилтан хүрсэн хэрэг гарсныг санаж байгаа байх. Энэ хэргээс үүдэж америкчууд нийтээрээ эсэргүүцсэн. Хүний эрхийн мэдрэмжтэй иргэдийн төлөвшил ямар байдаг том жишээ бол тэр. Цагдаагийн байгууллага нь ч адилхан. АНУ-ын бүх мужид цагдааг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөсөн, хариуд нь цагдаагийн байгууллага нь нийтээрээ өвдөг сөгдөж уучлалт гуйсан. Нэг цагдаагийн албан хаагчийн хэргийн төлөө нийтээрээ хөдөлсөн. Энэ чинь хүний эрхийн мэдрэмж шүү дээ.

Өөр нэг жишээ гэвэл Гүрж улс байна. Яг манайхтай адилхан цагдаагийн байгууллага нь ялзарч, хүний эрхийг маш ихээр зөрчих болсон. Тиймээс тус улсын эрх баригчид маш мэдрэмжтэй өөрчлөлт хийсэн. Цагдаагийн анхан шатны нэгж дээр ажилтан сонгон шалгаруулж авахдаа мэргэжлийн шалгалт авахаас гадна хүний эрхийн мэдрэмж, мэдлэгийн шалгалтыг авдаг болсон. Үүнийгээ бүр гол шалгуур болгосон байдаг. Мэдээж цагдаагийн ахуй хангамж, нийгмийн асуудлыг маш сайн шийдвэрлэж өгсөн.

Цагдаагийн байгууллагын байр савыг орвонгоор нь өөрчилж, үйлчилгээний стандартыг нэвтрүүлсэн. Манайд бол цагдаагийн газар, хэлтсээр ороход нэг л айдас, дарамттай байдаг шүү дээ. Гүржид үүнийг шийдэж өгсөн байгаа юм. Ингэснээр ахуй хангамж нь сайжирсан, ажлын стрессгүй, хүний мэдрэмжтэй цагдаа нарын үйл ажиллагааны үр дүнд хүний эрхийг зөрчих явдал ч багассан.

-Цагдаагийн албан хаагчийг бэлддэг тогтолцоо цаг үетэйгээ нийцэхгүй байгаа юм биш үү. Хүний эрхийн мэдрэмжтэй цагдаагийн ажилтан бэлтгэе гэвэл боловсролын тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг санал яригддаг?

-Манай улс ардчилал, хүний эрхийг дээдлэх тухай суурь Үндсэн хуультай улс. Хууль эрх зүйн хувьд Ром Германы эрх зүйн тогтолцоотой. Гэтэл манай цагдаагийн ажилтнуудаа ОХУ-д бэлддэг. ОХУ-ын эрх зүйн тогтолцоо манайхаас өөр. Тиймээс Монголтой адилхан эрх зүйн тогтолцоотой, хүний эрхийг дээдэлдэг улс оронд хууль сахиулагчдыг бэлтгэх шаардлагатай. Дотоодод бэлтгэж байгаа боловсролын тогтолцоо ч хангалтгүй. Хэдэн курс судлаад л цагдаа болж байна. Ийм тогтолцоонд хүний эрхийн мэдлэг мэдээлэл олгодог гэдэг эргэлзээтэй. Өнөөдрийн цагдаа нарт өмгөөлөгч, иргэд өөрсдөө хүний эрхийн хичээл зааж байна шүү дээ.

Хүний эрхийг дээдэлье, хуулиа сахиулъя гэвэл цагдаагийн ажилтан бэлтгэж байгаа боловсролын тогтолцооноос эхлэх ёстой. Энэ нь хамгийн чухал. Хүний эрхийг дээдэлдэг АНУ болон ойролцоо эрх зүйн тогтолцоотой улсад цагдаа нараа бэлтгэхээс гадна дотоодын сургалтын чанарыг сайжруулах нь зүйтэй.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ: Долоо хоногт “Ковид-19” халдварын тохиолдол 7 хувиар өслөө || DNN.mn

Ковид19 халдварын тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулахад долоон хувиар нэмэгдэж, харин нас баралт 23 хувиар буурсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага лхагва гарагт мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногт 12 сая 384 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн бол 32 959 хүн халдварын улмаас нас баржээ.

Нэгдүгээр сарын сүүлчээс буурч байсан өвчлөлт хоёр долоо хоногийн турш нэмэгдэж байна. Долоо хоногийн үзүүлэлтийн 42 хувь нь Европт ногдож байгаа бол халдварын тархалтын хурдаар Өмнөд Солонгос тэргүүлж байна. Тус улсад долоо хоногийн дотор 2.8 сая халдвар бүртгэгдсэн бол Вьетнамд 1.8 сая, Германд 1.5 хүнээс халдвар илэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн шилдэг улс төрч Мадлен Олбрайт 85 насандаа таалал төгслөө || DNN.mn

Дэлхийн шилдэг улс төрчдийн нэг, Америкийн Төрийн нар.б. дарга асан Мадлен Олбрайт 85 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хатагтай Олбрайт АНУ-ын экс ерөнхийлөгч Билл Клинтоны засгийн газарт ажиллаж байсан юм.

1997 онд Мадлен Олбрайт АНУ-ын Төрийн нар.б. даргын албан тушаалд томилогдсон улсынхаа анхны эмэгтэй улс төрч болсон юм. Үүнээс өмнө хатагтай Олбрайт НҮБ-д АНУ-ыг төлөөлөн сууж байсан юм. Чехийн нийслэл Прага хотхоо Чехийн дипломатын гэр бүлд төрж өссөн Мария Яна Корбелова улсынх нь төрийн эрхэнд коммунистууд гарсны дараа АНУ-д дүрвэн очжээ.

Тэрээр Америкт ирснийхээ дараа Мадлен гэх нэртэй болсон юм. Мадлен Олбрайт НАТО-г өргөжүүлэн тэлэхийн төлөө, мөн 1999 онд Югославын дайн тулаанд Умард Атлантын цэргийн эвсэл оролцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Түүнчлэн хатагтай Олбрайтын оролцоотойгоор тухайн жил нь Египтийн Шарм аль Шейх хотод Израиль-Палестины удирдлагуудын хооронд энхийн яриа хэлэлцээр эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурж байжээ. Сүүлд ОХУ, Украины нутаг руу цэргийн ажиллагаа явуулж эхэлснийг Москвагийн түүхэн алдаа гэж үзэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖЛАГА: Дохионы хэл бол баялаг хэл юм || DNN.mn

Сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагууд, Сонсголгүй хүүхэдтэй эцэг эхийн холбоод хамтран “Боловсролыг Монгол дохионы хэлээр” олон нийтэд хандсан нөлөөллийн ажлыг эхлүүллээ.

Таван жилийн өмнө 29-р сургуулийн сурагчид Монгол дохионы хэлээр хичээл заахыг сургуулийн удирдлага, нийт багш нараас шаардаж хичээл хаялт зарлаж байсан удаатай. Гэсэн ч удаа дараа дарагдсаар ирсэн. Тиймээс сурагчдын эхлүүлсэн тэмцлийг олон нийтэд дахин танилцуулж иргэний нийгмийн зүгээс идэвхжүүлэн, дуу хоолойгоо хүргэж байгаа аж.

Монгол Улсын сонсголгүй иргэдийн Үндэсний холбооны Ерөнхийлөгч А.Энхбаатар “2017 оны 3 сарын 27-нд сонсголгүй сурагчид “дохионы хэлээр хичээлээ заа” гэсэн уриатай хичээл хаялт Монгол улсад анх удаа зарлаж байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцын 2-р бүлэгт маш тодорхой заасан байдаг. Дохионы хэл бол албан ёсны хэл мөн, энэ бол хүний эрх гэдгийг баталгаажуулсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12.1-т Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн, эх хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд орно гэж хуульчилсан байхад өнөөдөр амьдрал дээр хэрэгжихгүй байна. Энэ тал дээр Засгийн Газар,олон нийт анхаараач ээ” гэв.

Монгол Үндэсний Дохионы хэлний хөгжлийн зөвлөл ТББ-ын тэргүүн Ганбаатар “Бид нар дохионы хэлээрээ дуу хоолойгоо хүргэж байна. Бидний дуу хоолойг сонсож боловсролын яам системээрээ анхаарлаа хандуулахыг хүсч байна. Дохионы хэлээрээ хичээлээ заа гэсэн хүүхдүүдийн уриалгыг өнөөг хүртэл дэмжиж ирсэн.Учир нь өнөөдрийг хүртэл амаараа сонсголгүй хүүхдүүдэд хичээл зааж байна. Тэр хүүхдүүд сонсохгүй шүү дээ. Яаж доромжилж байгаа юм бэ? Ингэж болохгүй. Дохионы хэл бол баялаг хэл юм” гэлээ.

М.Сайнзаяа

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Жуулчдад зориулж энэ онд урлаг соёлын 36 арга хэмжээ зохион байгуулна || DNN.mn

Урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээг жуулчдад зориулан энэ онд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Зочлох үйлчилгээний ур чадварын тэмцээн, үзэсгэлэн худалдаа, Үндэсний болон олон улсын хоолны наадам, Морьт харвааны олон улсын фестиваль, олон улсын марафон зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

Харин Нийслэлийн Соёл урлагийн газраас “Улаанбаатар венийн үдэш” бүжгийн цэнгүүн, Гэгээ муза олон улсын театрын наадам, сонгодог урлагийн олон улсын гала фестиваль, Монгол туургатны бүжгийн их наадам, “Жазз Сити” олон улсын хөгжмийн наадам, “Улаанбаатар XIV” олон улсын кино наадам зэрэг 14 арга хэмжээг төлөвлөжээ.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын хувьд сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн, бүх нийтийн хөл бөмбөгийн аян, Улаанбаатар олон улсын марафон зэргийг зохион байгуулах аж.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвхөн энэ арга хэмжээнүүдээр хязгаарлахгүйгээр үйл ажиллагаа зохион байгуулаарай гэдгийг сануулав.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөл байгуулагдлаа || DNN.mn

Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ-аас Тогтвортой Хөгжлийн олон талт зөвлөл (ТХОТЗ-ийг байгуулсан бөгөөд уг зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, албан ёсоор нээлтээ хийлээ.

Энэхүү хуралдааныг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г. Занданшатар тогтвортой хөгжлийн зорилго нь салбар дундын өргөн хүрээтэй ойлголт бөгөөд төр дангаараа хэрэгжүүлэх боломжгүй, харин ИНБ, хувийн хэвшил, олон улсын болон эрдэм шинжилгээний байгууллагууд гээд олон талын оролцоо нэн чухал болохыг тэмдэглэлээ. Тэрбээр, мөн өнөөг хүртэл оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх шаардлагатайг ч онцоллоо.

ТХЗОТЗ-ийн анхдугаар хуралдаанд Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, гишүүд, Монгол Улсын Засгийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд, мөн хувийн хэвшил, иргэний нийгэм, боловсролын байгууллагын төлөөлөл оролцов.

Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөл нь УИХ-ын ТХЗ-ын дэд хороонд дараах чиглэлээр дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

  • Тогтвортой хөгжлийн зорилгыг дэмжсэн хууль, тогтоомжийг боловсруулах, шинэчлэх, батлахад парламентад дэмжлэг үзүүлэх;
  • Тогтвортой хөгжлийн зорилгод үзүүлэх улсын төсвийн нөлөөллийг үнэлэхэд парламентад туслах;
  • Тогтвортой хөгжлийн зорилгод чиглэсэн хууль, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих парламентын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
  • Тогтвортой хөгжлийн зорилгод тулгарах хөгжлийн сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх асуудлаар парламентад туслах;
  • Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхийн тулд боловсруулсан хууль тогтоомжид иргэдийн үзэл бодол, ашиг сонирхлыг тусгах асуудлаар зөвлөгөө өгөх;
  • Тогтвортой хөгжлийн зорилгын талаар олон нийтэд хамтран мэдээлж, олон нийтийн оролцоог дэмжих явдал юм.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра уг хуралдаанд оролцож, ТХЗ-ын хэрэгжилтийг хангахын тулд хөгжлийн бодлого төлөвлөлтийн уялдаа сайжруулах талаар бодлого боловсруулах түвшинд анхаарал хандуулж, манлайлж буй УИХ-д талархлаа илэрхийллээ.

Тэрбээр, Тогтвортой хөгжлийн зорилго 2030 баримт бичигт уг зорилгуудад хүрэхийн тулд хууль эрх зүйн орчныг бий болгож, шаардлагатай төсвийг баталж, мөн хэрэгжилтэд нь хяналт тавих зэрэгт улс орны парламент ихээхэн үүрэгтэй болохыг онцолсон юм.

MCSD Launch Tapan

Тайлбар: Баруун гар талаас: НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, УИХ-ын гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х. Булгантуяа, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран нар

Мөн 2030 гэхэд МОнгол Улс ТХЗ-ыг биелүүлэх чиглэлээр өгсөн амлалтаа биелүүлэхэд нь НҮБ-ын зүгээс бусад оролцогч талуудын хамтаар хүчээ нэгтгэн дэмжихэд бэлэн байгааг нотоллоо.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагийн уг хуралд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүлээн авна уу.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Төрийн байгууллагын зүгээс 3 хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй || DNN.mn

Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдагдсан байдаг.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байгаа тул энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэх юм. Энэ хугацаанд мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллага болон төрийн бусад байгууллагаас төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй байхаар зохицуулжээ.

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заасан.

Харин иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий байгууллага хийх аж.

Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх бөгөөд энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй хэмээн хуулийн төсөлд заажээ.

Хуулийг төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.