Categories
мэдээ нийгэм

Л.Наранбаатарыг Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн захирлаар түр томилжээ || DNN.mn

Засгийн газрын шийдвэрээр Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн тухай авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталж, хувьчлалыг хүчингүй болгосон. Ингээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хуралдаж тодорхой шийдвэр гаргаснаа Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод очиж, үйлдвэрийн удирдлагын багт танилцуулжээ. Энэ үеэр Л.Наранбаатарыг Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирлаар түр томилсон байна.

Л.Наранбаатар нь, 2002 онд ШУТИС-ийн УУИС-ийг “Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага” мэргэжлээр бакалавр, 2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль “Санхүүгийн менежмент” мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлагын мэргэшсэн инженер. Австрали Азийн Металлургийн институтын гишүүн. 2008 оноос “Гложекс” ХХК, 2017 оноос “Гложекс Консалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирлаар ажиллаж байгаа аж.

Хөтөлийн “Цемент-шохой” ХК хуурай аргаар нэг сая хүртэл тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай, 800 гаруй ажилтантай. Гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Наранбаатарт компанийн ерөнхий нягтлан бодогчийг томилон ажилдаа шуурхай орох үүрэг өгчээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн гарын үсэг бүхий тогтоолыг үйлдвэрийн удирдлагууд хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийлүүлэлтийн саатлаас болж газрын тосны үнэ дахин өcчээ || DNN.mn

Хар тэнгист байрлах газрын тосны тээвэрлэлтийн томоохон терминалын систем хүчтэй шуурганы улмаас эвдэрсэн тухай мэдээлсний дараа нийлүүлэлт тасалдах болгоомжлолоос шалтгаалан газрын тосны үнэ дахин өслөө.

Өнөө өглөө “Брент” маркийн газрын тосны үнэ 1.06 ам.доллар буюу 0.9%-иар өсч, баррель нь 122.66 ам.доллар, “West Texas Intermediate” (WTI) газрын тосны үнэ 0.79 ам.доллар буюу 0.7%-иар өсч, баррель нь 115.68 ам.доллар хүрэв.

Лхагва гаригт ОХУ-ын Шадар сайд Александр Новак, Хар тэнгисийн терминалууд далайн шуурганы улмаас Caspian Pipeline Consortium (CPC) Каспийн газрын тосны хоолой хоёр сар хүртэлх хугацаанд газрын тос нийлүүлэх боломжгүй болж магадгүй гэж мэдэгдсэн бөгөөд үүний дараа газрын тосны үнэ таван хувиар өсөөд байна.

Даваа гаригаас хойш дээрх хоёр жишиг үнэ огцом өссөн бөгөөд “Брент” маркийн газрын тос баррель нь 14 доллар буюу 13 хувиар, WTI төрлийнх 10 доллар буюу 10 гаруй хувиар өслөө.

CPC дамжуулах хоолой нь дэлхийн зах зээлд газрын тос нийлүүлдэг чухал дамжуулах хоолой бөгөөд өдөрт 1.2 сая баррель Казахстаны газрын тосыг ОХУ руу тээвэрлэн, дэлхийн эрэлтийн 1.2 хувийг бүрдүүлдэг юм.

АНУ-ын газрын тосны нөөц буурсан нь мөн үнэ өсөхөд нөлөөлж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын арилжааны газрын тосны нөөц 2.5 сая баррелиар буурсан бол стратегийн газрын тосны нөөц 4.2 сая баррелиар буурсан ба газрын тосны олборлолт өөрчлөгдөөгүй, өдөрт 11.6 сая баррель байна гэж тус улсын Эрчим хүчний мэдээллийн алба (EIA) мэдээлэв.

OANDA-гийн зах зээлийн ахлах шинжээч Эдвард Мояа “Газрын тосны зах зээлийн нөхцөл байдал хүнд байна. АНУ-ын газрын тосны олборлолт тогтвортой байгаа хэдий ч нөөцийн хэмжээ буурч байгаа энэ үед газрын тосны үнэ өсөх болно” гэв.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ нийгэм

Украины асуудлаарх НҮБ-ын ерөнхий ассамблейн ээлжит санал хураалтад Монгол улс түдгэлзсэн байр суурь илэрхийллээ || DNN.mn

Пүрэв гаригт НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган Украины энгийн иргэд, иргэний байгууламжуудыг хамгаалах, дайны галыг даруй зогсоохыг уриалсан тогтоол гаргах эсэх асуудлаар санал хураалт зохион байгуулжээ.

НҮБ-ын гишүүн 193 орноос 140 нь тогтоолыг дэмжиж, 38 улс түдгэлзэж, Сири, Беларусь, Умард Солонгос, Эритрей, Орос таван улс эсэргүүцсэн байна.

Монгол улс энэ удаа түдгэлзсэн байр суурь илэрхийлжээ.

Үүнээс өмнө Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэх дайныг буруутгаж, гал зогсоохыг уриалсан тогтоолыг гуравдугаар сарын 2-ны өдөр батлахад 141 улс дэмжиж байсан юм.

Тухайн үед Монгол улс бас түдгэлзсэн байр суурьтай байжээ.

Эх сурвалж: un.org

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Эдийн засгийн чуулган-2022: Хот, хөдөөгийн сэргэлт хэлэлцүүлэг эхэллээ || DNN.mn

“Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумын өмнөх салбарын хэлэлцүүлэг өнөөдөр “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдвээр үргэлжилж байна. Яармагт байрлах нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шинэ байранд зохион байгуулж буй дээрх хэлэлцүүлгээр:

  • “Хот, хөдөөгийн сэргэлт ба нийслэл Улаанбаатар хот”,
  • “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого”,
  • Нийслэл хотын автозамын төслүүд,
  • Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотын нэгдсэн төлөвлөлт, эхний ээлжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл,
  • Шинэ суурьшлын бүс, дагуул хот, Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлого,
  • Эдийн засгийг бүсчилэн хөгжүүлэх бодлогыг тус тус танилцуулж илтгэл тавин хэлэлцүүлж эхэллээ.

“Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлэг нь “Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумын өмнө болж буй 4 дэх хэлэлцүүлэг юм.

Categories
мэдээ цаг-үе

Агаарын тээврээр тээсэн ачаа 3.6 дахин нэмэгджээ || DNN.mn

Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны эхний 2 сард 1.9 мянган тн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (3.6 дахин) мянган тонноор нэмэгдэв.

Агаараар энэ оны эхний 2 сард дотоодод 2.2 тн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (7.4 дахин) тонноор, мөн олон улсад тээсэн ачаа 1.9 мянган тн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (3.6 дахин) мянган тонноор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Агаараар тээсэн ачаа хоёрдугаар сард 760.5 тонн болж, өмнөх сарынхаас 358.2 (32 хувь) тонноор багасав. Үүнд олон улсад тээсэн ачаа 359 (32.1 хувь) тонноор багассан нь нөлөөлжээ.

Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 2 сард 79.1 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 64.4 (5.4 дахин) мянган хүнээр нэмэгдлээ. Агаарын тээврээр зорчигчид хоёрдугаар сард 38.1 мянга болж, өмнөх сарынхаас 2.9 (7.1 хувь) мянган хүнээр багасав. Үүнд Таван толгой, Тайланд улсын Пукет чиглэлийн зорчигчид цөөрсөн нь нөлөөлсөн аж.

Агаарын тээврээр орон нутагт зорчигчид энэ оны эхний 2 сард 43.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 32 (3.9 дахин) мянган хүнээр нэмэгдлээ. Үүнд Ховд чиглэлийн зорчигч 29.8, Улиастай чиглэлийн зорчигч 11.5, Өлгий чиглэлийн зорчигч 9.5 дахин нэмэгдсэн нь нөлөөлөв. Агаарын тээврээр олон улсад зорчигчид энэ оны эхний 2 сард 36 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 32.4 (10.1 дахин) мянган хүнээр ихэслээ. Үүнд Сөүл, Станбул, Токио чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь нөлөөллөө.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний 2 сард 91.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 75.9 ( 6 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Түүнчлэн, хоёрдугаар сард өмнөх сарынхаас 1.2 (2.7%) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 46.2 тэрбум төгрөг болжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Агар-Эрдэнэ: Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмжийг хүлээн авагч дур мэдэн зарцуулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ || DNN.mn

Хуульч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


-Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ өдөр тутам гардаг. Тэр дундаа хөдөө орон нутагт тохиолдох нь элбэг. Ийм тохиолдолд хүлээн авагч дур мэдэн захиран зарцуулсан жишээ олон байх юм. Хүлээн авагч энэ үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээх ямар зохицуулалт байдаг вэ?

-Эд хөрөнгийг хууль бусаар олж авахтай холбоотой олон төрлийн харилцаа үүсдэг бөгөөд түүнийг зохицуулсан өөр өөр салбар эрх зүйн зохицуулалтууд байдаг.

Энэ асуултыг хариулахаас өмнө иргэний хууль дахь өмчлөх эрх, шударга эзэмшигч гэсэн ойлголтыг дурдах нь зөв. Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж тодорхойлсон байдаг. Шударга эзэмшил үүсэхдээ хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг.

Хууль болон гэрээнд зааснаас бусад аргаар олж авч байгаа тохиолдолд хууль зүйн хариуцлага яригдах нь зүй ёсны хэрэг юм.

-Олон улсаас ч юмуу андуурагдсан илгээмж хүлээж авах тохиолдол бий. Хуулийн нарийн мэдлэггүйгээс шалтгаалж хүлээн авагч эд хөрөнгийг нуун дарагдуулсан, эсвэл захиран зарцуулсан жишээ байдаг. Ийм үйлдэлдээ мөн л хуулийн хариуцлагад татагдах уу?

-Иргэд андуурагдсан илгээмж, алдаатай гүйлгээ, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг мэдсээр байж завшсан нь гэмт хэрэг гэдгийг бүрэн ухамсарлаагүйтэй шууд холбоотой байх гэж бодож байна.

Тодруулбал, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-д зааснаар алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан бол хуульд заасан хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй байдаг.

Гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, шүүхийн байгууллагаас гэм буруутайг тогтоосон тохиолдолд гэмт хэрэг гэж үзэхээр заасан байгаа.

-Бусдын гээсэн эд хөрөнгөд эзэн нь юм шиг ханддаг нийтлэг үзэгдэл манайд бий. Энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх үү?

-Эхний асуултын хариултад тусгаснаар эзэнгүй аливаа эд хөрөнгө, алдаатай гүйлгээг иргэдийн зүгээс хуулийн дагуу, эсхүл гэрээний дагуу, өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн хүсэл зоригийн үндсэн дээр олж аваагүй бол үүнийг хууль бус үйлдэл гэж үзнэ. Тиймээс иргэн танд хууль ёсны дагуу өмчлөх эрх, эзэмших эрх үүсээгүй л бол тус хөрөнгөтэй холбоотой эдийн засгийн харилцаа үүсгэж болохгүй бөгөөд эрх бүхий байгууллагад хүлээлгэж өгөх ёстой. Хууль бус үйлдэлд хуулийн дагуу хариуцлага оногдуулж байгаа учраас тухайн хөрөнгийн үнэлгээ, олж авч байгаа үйлдлээс шалтгаалж эрх зүйн санкц буюу хариуцлагын хэмжээ өөр өөр байдаг.

-Бусдад учруулсан хохирлоос шалтгаалж хүлээх хариуцлага нь өөр хоорондоо харилцан адилгүй байх нь…

-Дээр дурдсанаар үйлдсэн үйлдэл, хохирлын хэмжээнээс шалтгаалж хариуцлага өөр өөр байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол 1 сараас 6 сар хүртэлх зорчих эрхийг хязгаарлах, 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийх, 450.000 төгрөгөөс, 2.700.000 төгрөг хүртэл торгох арга хэмжээ авдаг. Харин тус гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энд дурдагдсан ноцтой хохирол гэдэгт хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно. Харин “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.

-Та ийм төрлийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байв уу?

-Хуульч нарын мэргэжлийн үйл ажиллагааны хувьд өмгөөлөгч, прокурор, шүүгч, хуулийн зөвлөх, компанийн хуульч гэсэн чиглэлд авч үздэг. Миний тухайд хуульч хүний хувьд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шүүн тасалж буй нийт ил цахим хаяг болох shuukh.mn сайтаас тухай бүрт мэдээллийг авдаг. Энэ ч утгаараа энэхүү төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн үйлдэл, түүнд хүрэх болсон шалтгаант холбоо, сэдэл санааны байдлыг судалж байсан. Миний харж байгаагаар иргэдийн эрх зүйн ухамсрын талаар дээр дурдсанчлан иргэд өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг бүрэн ухамсарлаагүй байгаатай шууд холбоотой гэж хардаг. Гэвч хууль мэдэхгүй байгаа нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Энэ төрлийн гэмт хэрэг таксинд эд зүйлээ орхих, мал амьтныг олж авах, дансанд нь гадаад болон дотоодын иргэн, хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө орж ирснийг бусдын өмчлөлийн зүйл гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж байгаа зөрчил нийтлэг ажиглагдаж байна.

-Алдаатай төлбөр тооцоо, андуурагдсан илгээмж зэргийг хүлээн авсан тохиолдолд хаана хандах вэ. Буцаж холбогдох утасны дугаар зэрэг нь байхгүй тохиолдолд хаана хандах вэ?

-Аливаа төрлийн гэмт хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Тиймээс хэрэг явдал гарсан газар, эсхүл эд хөрөнгө орхисон, гээгдүүлсэн хамгийн сүүлд эд хөрөнгийн байсан газрын харьяа сум, дүүргийн цагдаагийн хэлтэст гомдлоо гаргана. Харьяаллаа мэдэхгүй, мэдэх боломжгүй газар байвал өөрийн байгаа газрын цагдаагийн байгууллагаар дамжуулж тус харьяаллын прокурорт санал хүргүүлснээр хэрэг хянан шалгах ажиллагаа эхэлнэ.

Сүүлд нь зөвлөхөд бусдын өмч, эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг өөрийн биш гэдгийг мэдсээр байж олж авах нь эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна хохирлыг барагдуулах үүрэг хүлээдэг. Нөгөөтэйгүүр энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдэд зөвлөхөд цагдаагийн байгууллагаар дамжуулж эрхээ сэргээлгэх боломжтой.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Украин: Оросын армийн тээвэрлэгч хөлгийг устгалаа || DNN.mn

Өчигдөр Азовын тэнгисийн Бердянск боомтод байсан Оросын армийн Орск тээвэрлэгч хөлгийг устгаснаа Украины тал мэдээлжээ.

Тэдний тараасан видео бичлэгт шатаж буй Орск хөлгийг харуулсан байна. Дэлбэрэлтийн үеэр дэргэд нь байсан өөр хоёр хөлөг гэмтсэн тухай бас мэдээлжээ.

Бердянск боомт нь бүслэлтэд байгаа Мариуполь хотоос холгүй оршдог ба Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш дөрвөн өдрийн дараа эзлэгдэж байсан юм.

Орск хөлөг Оросын цэргийн зэвсэг, техникийг уг боомтоор дамжуулан Украинд хүргэдэг байв.

Өнгөрсөн долоо хоногт Орск хөлгийг Бердянск боомтод анх ирж зогсоход Оросын армийн телевиз “түүхэн үйл явдал” хэмээн мэдээлж байжээ.

Уг хөлөг нь 20 танк, 45 хуягт тэрэг, 400 цэрэг нэг дор тээвэрлэх чадвартайг Украины батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Крымийн хойг, Мариуполь хотын дунд оршдог Бердянск боомт Оросын хувьд стратегийн чухал ач холбогдолтой байрлал юм.

Орск хөлгийг устгасан нь бэлгэдэл талаасаа Украинд чухал ач холбогдолтой үйл явдал юм байна. Учир нь 2014 онд Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэх ажиллагаанд оролцсоныхоо төлөө Орск хөлгийн багийн зарим гишүүд төрийн одон медалиар шагнуулж байжээ.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Ганболд: Гараар тоолсон ч, машинаар тоолсон ч олон улсын хөндлөнгийн хяналт оруулах хэрэгтэй || DNN.mn

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдтой ярилцлаа.


-Та 2020 оны сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй хэвлэлийн хурал зарлаж, заргалдсан. Сонгуулийн хар машин санал луйварддаг гэдэг нь баталгаажсан хэрэг болчихов уу даа?

-Дандаа бие даан нэр дэвшигчдийн санал таслалтай хэрнээ жагсаалтын нэгт бичигдэж, хоёрт яваа хүнээсээ бага саналтай байсан. Энэ нь гадны нөлөөлөл орж бие даан нэр дэвшигчдийн саналыг хоёрт хувааж, оруулсан луйвар байсан. Бид сонгуулийн дараа бие даан нэр дэвшигчдээрээ нэгдэж, хэвлэлийн хурал зарлан дахин сонгууль явуулахыг хүссэн. Нэгэнт луйвардаад гараад ирсэн хүмүүс үүнийг зөвшөөрөөгүй. Бие даагчид эрх баригч намын эсрэг маш хүчтэй өрсөлдөгчид байсан. Тэд суудлынхаа 50-иас илүү хувийг бие даагчдад алдахаас айсан. Би Дарханд нэр дэвшээд нэгдүгээрт явж байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа 7,311 болж гэнэт таслал гарч ирсэн. Мянганы бүхэлтэй тоо хэзээ ч таслалтай бичигддэггүй. Тэгэнгүүт хар машин алдаа заагаад миний нэрийг бүр репорт хийгээд устгасан. Ихэнх тойргийн бие даан нэр дэвшигчдэд ийм зүйл тохиолдсон. Цэвэр луйвар шүү дээ.

-Сонгуулийн санал тоологч хар машинд гаднаас нөлөөлдөг гэдэг үнэн болж таарав уу?

-Хожимдсон ч гэсэн 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр хар машиныг үйлдвэрлэсэн Канадын “Do­minion voting” компаниас хариу ирсэн. Сонгууль зургадугаар сард болсон доо. Тэр хариу нь нэгдүгээрт, Exsel файлаар үйлдэл хийж нэвтэрсэн гэж байгаа. Тэр хар машин чинь нэмэх л үйлдэлтэй ямар ч Exsel үйлдэл хийдэггүй. Хоёрдугаарт, 30 минутын турш веб серверт нэвтэрч, нэмэх үйлдлүүд хийсэн гэсэн. Энэ нь өөрсдийн саналын тоон дээр нэмсэн гэсэн л үг. Гуравдугаарт, Сонгуулийн ерөнхий хорооноос алдаа гарсныг мэдэнгүүт устгасан гэж байна лээ. Мэдээж нөгөө бидний саналыг хоёрт хуваагаад таслалтай алдаатай тоо гарч ирэхээр бидний нэрийг устгасан байгаа юм. Ингээд нөгөө луйвар хийсэн үйлдэл нь тодорхой.

-МАН сүүлийн хэдэн сонгуульд үнэмлэхүй олон суудал авч яллаа. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Анх хар машин буюу автомат тооллогын машиныг ашиглаад хэл ам гарч байсан. 2016 онд 65 суудлаар, 2020 онд 62 суудал авсан өнөөдрийн МАН 2015 онд энэ хар хайрцаг хулгай юм аа. Энэ бол луйвар гээд Шилэн Цогоо буюу Цогтгэрэл гэж сэтгүүлч залуу хар хайрцаг руу А гэдэг хүний саналыг хийхээр яаж Б болж гарч ирж байна гэдгийг Америкийн видео нэвтрүүлгийн бичлэгээр үзүүлж байсан шүү дээ. Тэгээд хар хайрцгийг хиймлээр макетаар хийж МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар шатааж байсныг санаж байгаа биз дээ. Үүнийг өөрсдөө луйвар гэдгийг нотолчихсон байхгүй юу. Хүн алгоритм хийгээд үр дүнг нь өөрчилж болдог юм байна гээд нотлогдчихсон. Эрх мэдэлд хүрмэгцээ үүнийгээ өөрсдөдөө зориулаад ашиглаад эхэлсэн. Ийм нөхцөл байдал үүссэн. Үүнийг нотлох ямар ч боломж байхгүй. Эрх барьж байгаа нам өөрөө засгаа байгуулдаг. Тэр засаг өөрөө цагдаагаа томилдог. Өнөөдөр манайх шүүх, хууль, прокурор хараат бус гэдэг боловч бүгд ялсан талын хамаарал бүхий нөлөөнд байдаг болохоор үүнийг бие даасан байдлаас шалгаж нотлох боломжгүй. Ардчиллын амин сүнс болсон ардчилсан хараат бус сонгууль гэдэг ойлголт чинь бүрэн алдагдчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг үндсэн хуулийн бус аргаар авах нь та бид хоёр зэвсэг бариад Төрийн ордон руу ороод төрийн эрхийг зэвсгийн хүчээр булааж авч байгаатай ямар ч ялгаагүй үйлдэл байхгүй юу. Энэ бол маш ноцтой эрүүгийн гэмт хэрэг.

-Аль 2000 онд нас барсан хүмүүсийн мэдээлэл хадгалаатай байдаг. Хэрэгтэй бол гаргаж ирж нэмдэг гэх. Энэ үнэн юм болов уу?

-Үүнийг детальчилж яриад байх шиг байна. Яриад байх юм бол замбараагүй олон деталь бий шүү дээ. Сонгуулийн үеэр бид зөндөө л ярьдаг. Шударга бус хуурамч, хулхи сонгуулиа та нар болиоч. Энийгээ өөрчлөөч. Энэ сонгуулийг хүчингүйд тооц гэж хэдхэн хүн л орилдог. Гэтэл эрх баригч нам амласнаа биелүүлсэн үү. 100 мянган төгрөгний тэтгэлэг өгөөд чамаас хэдэн саяар нь буцааж авч байна. Янз янзын үнэ тариф, торгууль, татвар хэлбэрээр. Ард түмэн өөрсдөө хүлцэнгүй амьдраад байгаа болохоор манай нийгэм, манай улс орон хөгжихгүй байгаа юм. Тэрнээс энэ бол удирдагчдын буруу огт биш. Ард түмэн өөрсдөө хүлцэнгүй, энэ муухай аархал түрэмгийлэл, мэлзэлтийг хүлээн зөвшөөрөөд явж байгаа цагт удирдагчид улам цаашилна. Улам зэрлэгшинэ. Улам муухай болно. Өөрсдөө сонгосон эзэд нь мөн бол ард иргэд, иргэний нийгэм өөрсдөө үүнийгээ эсэргүүцдэг. Үүнийхээ төлөө зүтгэдэг, эвлэлдэн нэгддэг. Ийм идэвхтэй байсан цагт эрх мэдэлтэн, дарга нар зөв замаараа коридороор хашигдаж, хийх ёстой ажлаа хийнэ. Энэ бол дэлхийн улс орнуудын л жишиг. Манайх иргэний нийгмийн эзэд нь өөрсдөө хаа замбараагүй тарчихсан. Нүдэн дээр нь янз янзын муухай зүйлүүд болж байхад эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Эсэргүүцэж чаддаггүй. Эсрэгээрээ бид хуваагдаж, нөгөө эрх мэдэлтнүүдээ өмөөрнө, хэрэлдэнэ. Ийм мунхаг ард түмэн болчихоод байна. Энэ мунхаг хүмүүсийг улам дарангуйлж, дээрэлхэнэ.

-Улс орноо бүтэн дөрвөн жил удирдах хүмүүсээ сонгохын тулд давхар хяналт хийж, гараар тоолох аргыг хэрэглэх нь зөв үү?

-Өнгөрсөн 2021 оны зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар тэгж хийсэн шүү дээ. Хар хайрцгаар тоолчихоод дахин гараар тоолсон. 2008 оны долдугаар сарын 1-нд жагсаал болж, үймээн самуун дэгдсэнийг санаж байгаа юу. Тэгэхэд хар машин байхгүй, гараар тоолж байсан шүү дээ. Адилхан луйвардаж болдог байхгүй юу. Гараар тоолсон ч Дондог гэж бөглөсөн цаасыг Дорж гэж уншаад шидээд байдаг юм. Тэгээд ард түмэн эсэргүүцээд долдугаар сарын 1-ний үймээн болсон байхгүй юу. Миний сонгосон сонголт биш ээ гээд маш олон хүн гарч ирж үймээн болсон. МАН-ын байрыг шатаасан. Санаж байна уу. Гараар ч бай, хар хайрцгаар ч бай хоёулаа маафаантай. Тэгэхээр бид гараар тоолсон ч, машинаар тоолсон ч олон улсын хөндлөнгийн хяналт оруулах хэрэгтэй. Манайхан өөрсдөө хянаж чадахгүй. Монголчууд нэгдүгээрт, жижигхэн, хоёрдугаарт, ахуйдаа барьцаалагдчихсан. Гуравдугаарт, ямарваа нэгэн байдлаар намын харьяатай. За тэгээд аливаа ажлыг ашиг хонжоо гэж хардаг. Тэр гараар тооллогын комиссууд ч байр сав, машин тэрэг, мөнгөн шагналууд аваад улайм цайм будилуулдаг л байсан шүү дээ. Бодит байдал ийм байгаа болохоор машинаар тоолох уу, гараар тоолох уу гэдэг асуудал огт биш. Хөндлөнгийн хараат бус олон улсын хянагч нарыг оролцуулж, тэд нараар тоолуулах хэрэгтэй. Олон улсын IT программын технологийн инженерүүд, хянагч нарыг, аудиоторуудыг хар хайрцагны хянагчаар хөндлөнгийн нөлөөлөлгүй суулгах хэрэгтэй. Ингээд явах юм бол хар хайрцагны саналын мэдээлэл үнэн зөв гараад ирнэ. Тэгээд гараар тоолоход дахиад гадаадын олон улсын байгууллагаас харж байгаад хянаж тоолох хэрэгтэй. Ингэх юм бол манай сонгууль үнэн болно.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаагчин үхэр өдөр || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 25, Сугар гариг. Билгийн тооллын 23, гар одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6:45 цагт мандан, 19:11 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.