Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын цаг агаарын төлөв || DNN.mn

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс дөрөвдүгээр сарын урьдчилсан төлвийг гаргажээ.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж орчим байна. Хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Баянхонгорын ихэнх, Завханы зүүн хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Агаарын температур хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст 2–5°С–аар хүйтэн байх төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн эхээр 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төвийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дундаж орчим байна. Хур тунадас Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үеэр 1–3°С–аар, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 3–5°С–аар хүйтэн байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорнодын ихэнх нутаг, Сүхбаатарын хойд, Хэнтийн зүүн хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 1–4°С–аар хүйтэн байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 16-18 м/с, зарим үед 20–22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговийн зүүн хойд, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дундаж орчим орох төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 18–20 м/с, зарим үед 22–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Энэ сард хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 18–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй. Иймд бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, мал хөлдөж, осгох, уруудахаас болгоомжлохыг малчид, ард иргэддээ анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Газрын эзэмшлээ энэ сар дуусахаас өмнө баталгаажуулаарай || DNN.mn

Иргэн болон хуулийн этгээд өөрийн нэр дээрх газрын бүртгэлээ тавдугаар сарын 1-ний дотор цахимаар бүртгүүлэх боломжтой. Хугацаа хоцорсон тохиолдолд кадастрын мэдээллийн санд мэдээлэл орохгүйг албаныхан анхаарууллаа. Иргэд газраа цахим системд бүртгүүлж амжаагүй бол цаашид газартай холбоотой үйлчилгээ авч чадахгүй юм.

Газрын кадастрын мэдээллийн санд нэг сая 50 мянга гаруй иргэний газрын өмчлөл бүртгэлтэй байдаг. Үүнээс нийслэлийн хэмжээнд 406 мянга 756 иргэний мэдээлэл байна. Газрын захирамж гарсан ч кадастрын санд бүртгэгдээгүй талбар газрууд байгаа учраас ийнхүү цахимаар бүртгэж буй аж.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд тавдугаар сарын 1-ний дотор амжиж бүртгүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна энэ сарыг дуустал өөрийн нэр дээр газар байгаа эсэхийг нягтлах боломжтой юм байна.

Газар бүртгэлийн цахим систем шинэчлэгдэж, 2018 онд сүүлийн хувилбарт шилжжээ. Үүнээс өмнө цаасан хэлбэрээр явж ирсэн газрын кадастрын бүртгэл ирэх тавдугаар сараас эхлэн цахим хэлбэрт шилжих юм. 2018 оноос өмнө кадастрын бүртгэл хийлгэсэн иргэд мэдээллээ заавал цахимаар хийлгэх хэрэгтэй. Мэдээллээ баталгаажуулахгүй бол нөхөн бүрдүүлэлт хийхгүй аж.

Мөн иргэд өөрийн нэр дээр газартай үгүйгээ ирэх сарын 1-нээс өмнө шалгах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй бол харъяа дүүрэгтээ очиж, бүртгэлээ баталгаажуулах нь зөв.

Хуулийн этгээд Egazar.gov.mn сайтад хандан бүртгэл мэдээллээ шалгаж, баталгаажуулна. Нөхөн бүрдүүлэлт хийнэ гэдэг нь газрын зургийг, хуулийн этгээдийн мэдээлэлтэй нэгтгэх юм байна.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйл. Газар эзэмшигч, ашиглагчид дараах этгээдийг хамруулна гэжээ. Үүнд:

  • 6.1. Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид “иргэн” гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.
  • 6.2. Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:
  • 6.2.1. бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар;
  • 6.2.2. хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар;
  • 6.2.3. зам, шугам сүлжээний газар;
  • 6.2.4. ойн сан бүхий газар;
  • 6.2.5. усны сан бүхий газар.
  • 6.3. Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.
  • 6.4. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно.
Categories
мэдээ цаг-үе

Улсын эмнэлгүүдэд цаг авах утасны дугаарын жагсаалт || DNN.mn

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд заавал биечлэн очих шаардлагагүй болжээ. Учир нь улсын бүх эмнэлэгтэй урьдчилан холбогдож, цахим дугаар авах боломжтой болсон байна.

Цахимаар үзлэгийн цаг авахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа заавал төлсөн байх ёстой аж.

Мөн цахимаар авсан үзлэгийн цагаасаа 30 минутын өмнө ирж цахим бүртгэлийн ажилтан дээр цагаа баталгаажуулах хэрэгтэйг албаныхан онцолжээ. Хэрэв цахимаар авсан цагаа баталгаажуулаагүй бол автоматаар цуцлагдах аж.

Үзлэгийн цаг болон үзлэгийн кабинетыг сонгоход үзлэг хийх эмч сонгогдохгүй бол тухайн өдөр захиалах цаг байхгүй байна гэсэн үг. Хэрэв та цагтаа амжихгүй болон нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах дугаараар эмнэлэгүүдтэй холбогдоорой.

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг – 1900-2111 болон 1800-0119
  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг – 70150234, 70150233
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг – 77046666, 77000352
  • Хавдар судлалын үндэсний төв – 70162529
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв – 80809102
  • Хүүхэд – 70141403
  • Эмэгтэйчүүдийн тасаг – 70121201
  • Арьсны өвчин судлалын үндэсний төв – 70135036
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв – 70187797, 70180136
  • Шүд эрүү нүүрний төв – 325731
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв – 70150065, 454004
  • Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв – 70007105, 314587
  • Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв – 350790
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв – 631108
  • Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв – 379258

Улсын аль ч эмнэлэгт үзлэгийн цаг авсан баталгаажуулаагүй тохиолдолд цуцлагдахыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна || DNN.mn

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 4, II тунд 11, III тунд 115, IV тунд 132, нийт 262 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.764 (77.4 хувь), 16-17 насны 27.089 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна || DNN.mn

2022 оны 03 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунaaс секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунaaс секундэд 7-12 метр. Өдөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунaaс секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрөөс хувийн өмчид халдаж гараж буулгаж байгаа бол эздэд нь нөхөн төлбөр олгох ёстой гэв || DNN.mn

Энэ онд нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдсан 4860 гаражийг буулгаж, ногоон байгууламжаар тохижуулж нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглуулахаар төлөвлөжээ. Гаражуудыг чөлөөлөх ажил гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ онд 50 байршилд 1280 гараж буулгахаар төлөвлөжээ. Тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн захирамжаар 15 болон 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 129 дүгээр цэцэрлэг, 84 дүгээр сургуулийн дунд байрлах 73 гаражийг албадан буулгаад байна.

Гаражуудыг албадан буулгаж автомашины зогсоол байгуулж, ногоон байгууламж хийхээр төлөвлөснөө Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлсэн юм. Гэсэн ч энэ үйлдэл нь төрийн зүгээс иргэдийн хувийн өмчид халдаж байгааг “Тоосгон гараж эзэмшигчдийн түр хороо”-ноос онцолж байна.

Гараж чөлөөлөлтийн талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Гаражуудтай холбоотой асуудалд санал, шүүмжлэл гарч байгаа. Социализмын үед хувийн өмч гэж огт байгаагүй. Социализмын бүтээн байгуулалт, хүмүүсийн сэтгэлгээ ч тийм л байсан. Нийгмийн өмч, нийтийн хөрөнгө. Тэр хүрээнд дөч, тавин мянгат, I, III, IV хороолол, бичил хорооллууд баригдсан.

Тухайн үед орон сууцны барилгуудад гараж байхаар төлөвлөлт, зохион байгуулалт хийгээгүй. Ерээд оноос хойш иргэд маань хувийн өмчтэй, тэр дундаа хувийн автомашинтай болж, гараж барих газар хүсэх нь олширч, тэр дагуу тухайн үеийн хотын удирдлагууд зөвшөөрөл өгөх болсон. Мөн орон сууцны нэг давхруудыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, тэр хэрээр хашаа, хайс барих зэргээр анхны төлөвлөлтийг алдагдуулсан байдаг. Тэр бүхнийг өнөөдөр зөв, буруу гэж шүүхээс илүү яаж засах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн 30 жилийн алдаа, дутагдлыг засах бодлого хэрэгтэй. Бид зөв зохицуулалтыг эрэлхийлж, эхнээс нь суурийг нь тавиад явж байна.Орчин үеийн залуус ч үүнийг хүсч байна. Орон зайн төлөвлөлт сайтай хоттой байхыг хүсч байна. Зогсоолын асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн зургаан дүүргийн хэд хэдэн байршил дээр “Наадам центр” шиг дулаан гаражуудыг барихаар төлөвлөж байгаа. Ялангуяа өмчлөх зөвшөөрөлтэй хүмүүсээ бодсон уян хатан зохицуулалтыг хийж өгнө. Зөвшөөрөлгүй гаражуудын эзэдтэй бол яримааргүй юм билээ. Яах ч арга байхгүй” гэх байр суурийг илэрхийлж байна.


Иргэн Г.Ганбаяр: Төр иргэний хувийн өмчид халдаж байгаа бол нөхөн төлбөр олгох ёстой


Гаражаа буулгасан иргэдийн төлөөлөл болох Г.Ганбаяраас тодруулга авлаа.


-Нийслэлийн зүгээс зөвшөөрөлгүй баригдсан гаражуудыг буулгаад эхэллээ. Таны эзэмшлийн гаражийг буулгажээ. Үүнийг таны зүгээс хэрхэн харж байна вэ?

-Зөвшөөрөлгүй гэдэг үгийг би ойлгохгүй байгаа шүү. Тухайн үедээ нийслэлээс зөвшөөрөл аваад ном журмынх нь дагуу барьсан гараж. Барихдаа тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан миний хувийн өмч. Гэтэл ямар үндэслэлээр зөвшөөрөлгүй болчихдог юм бэ. Энэ үйлдлийг хувийн зүгээс төр иргэдийн өмчид халдаж, дээрэмдэж байгаа үйлдэл гэж харж байгаа.

-Та гаражаа хэзээ барьж байв. Нийслэлээс гаражийг буулгах мэдэгдлийг хэзээ хүлээж авсан юм бэ?

-Би гаражаа 2000-аад онд л зөвшөөрлийг нь аваад өөрөөсөө зардлыг гаргаж барьсан. Өнгөрсөн хугацаанд газар ашигласан татвараа төлөөд л явж ирсэн. Гэтэл ямар нэгэн нөхөн төлбөр надад олгохгүйгээр шууд нураах шийдвэр гараад л тэр дор нь нураалаа. Иргэний хувийн өмчийг сүйтгэх болохоор үйл явц нь яасан ч шуурхай өрнөдөг юм. Нийслэл хэзээ ийм шуурхай ажилладаг байсан юм бэ. Мэдэгдлийн тухайд би албан бичиг хүлээж аваагүй. Гаражийн үүдэнд бичиг наагаад л шууд нурааж байна. Үүнийг аль ч талаас нь харсан иргэний өмчийг дээрэмдэж байгаа хэлбэр. Нийслэлийн зүгээс оронд нь ногоон байгууламж бүтээнэ, авто зогсоол байгуулна гэж яриад байгаа. Энэ ажлыг хийж болно.

Гэхдээ яагаад иргэний өмчид халдаж байгаа юм бэ. Магадгүй гараж нураагаад оронд нь хэн нэгэн албан тушаалтны барилга сүндэрлэхийг үгүйсгэх аргагүй. Иргэний өмчид халдаж байгаа юм бол тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгох ёстой. Энэ үйлдлийн ард бусдаас гараж худалдаж авсан иргэдийн эрх ашиг ноцтой хохирч байна. Тоосгон гаражийн зах зээлийн ханш хамгийн багадаа л 5-6 сая төгрөгийн ханштай байдаг. Ийм хэмжээний хөрөнгөөр гараж авсан улс хохирлоо хаанаас барагдуулах вэ? Энэ мэт асуудлуудад иргэдтэйгээ ойлголцож, уян хатан хандах хэрэгтэй гэв.

No description available.

Б.Батбаяр: Нийтийн эрх ашиг нэгдүгээрт, хувь хүний эрх ашиг хоёрдугаарттавигдах хэрэгтэй


Гаражаа буулгасан иргэдийн зүгээс анх нийслэлээс зөвшөөрөл авч барьсан гэдгийг онцолж байна. Мөн өмчийг буулгаж байгаа тохиолдолд иргэдэд нөхөн төлбөр олгох шаардлагатайг хэлж байлаа. Энэ асуудлын талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Буяндэлгэр байр сууриа илэрхийлснийг хүргэе.


-Энд буулгаж байгаа гаражууд анх ямар зөвшөөрлөөр баригдсан юм бэ. Иргэдийн зүгээс зөвшөөрөлтэй гаражийг нурааж байна гэх гомдол гарч байна.

-Анх нийтийн эзэмшлийн гудамж талбайг түр ашиглах гэрээгээр баригдсан юм билээ. Гэхдээ тухайн гэрээнд ашиглах хугацаанд тодорхой шаардлага, нөхцөл үүссэн үед үл маргах журмаар чөлөөлж өгнө гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Үүнээс гадна хотжилт, төвлөрөл ихэсч байна. Үүнийгээ дагаад оршин суугчдад амарч, салхилах тохилог талбай хангалтгүй болж байгаа. Аливаа хотхоныг барихдаа 30 хүртэлх хувьд нь ногоон байгууламж барина гэж заасан, энэ стандарт алдагдсан. Өрхүүдийн тоо нэмэгдээд байдаг, орчны тохижилт дутагдалтай байгаа нь бүх судалгаагаар илэрч байна. Энэ үндэслэлээр гаражийг чөлөөлж, талбайг тохижуулахаар шийдвэрлэсэн.

-Бусдаас гараж худалдаж авсан иргэд бий. Энэ хүмүүс хөрөнгөөрөө хохирч байна шүү дээ.

-Зарим иргэн худалдан, борлуулсан тохиолдол бий. Түүнийг нь мэдээлэлгүй иргэд худалдаад авсан тохиолдол гарч байна. Гэхдээ ихэнх тохиолдолд гараж чөлөөлөх ажлыг өмчлөгч иргэд өөрсдөө дэмжиж оролцож байгаа. Нийтийн эрх ашиг нэгдүгээрт, хувь хүнийх хойно нь байх ёстой гэдэг утгаар дэмжиж байна л даа гэв.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсад оршин суух хүсэлтэй гадаад иргэдийн анхааралд || DNN.mn

Гадаадын иргэн, харъяатын газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлээд буй. Энэ хүрээнд гуравдугаар сарын 26-наас Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлжээ.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд тус үйлчилгээг сонгохдоо энд дарж хандан, “Албан болон хувийн хэргээр оршин суух” хэсэг рүү нэвтэрч, хүсэлтээ илгээх юм.

Хүсэлтийг баталгаажуулсан тохиолдолд тухайн гадаадын иргэн, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн ирж, оршин суух үнэмлэхээ хэвлүүлэн авах боломжтой. Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана. Оршин суух зөвшөөрлийг тухай бүр гурав хүртэл жилээр сунгах аж.

Оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд тухайн оршин суух төрлөөр нэг жилийн дараа дахин хүсэлт гаргаж болно.

Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаагаар хамаарал бүхий этгээдийн тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа тодорхойлогдох бөгөөд уг хугацаа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1-д заасан хугацаанаас илүүгүй байна. Иргэд:

  • Өргөдөл (гадаадын иргэний Монгол Улсад байх зорилго, хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах);
  • Визийн зөвшөөрөл мэдүүлэхэд гаргасан хүсэлтийн эх хувь, бүрдүүлсэн бусад баримт бичгийн хуулбарыг авч ирнэ.
  • Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Гадаадын иргэний паспорт болон паспортыг орлох баримт бичгийн эх хувийг, хуулбарын хамт (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
  • 3.5×4.5 см хэмжээтэй 3 хувь цээж зураг;
  • Гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийн);
  • Гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харъяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • Дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ өвчний шинжилгээний бичиг болон сэтгэцийн өвчтэй эсэх тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;
  • Амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо;
  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, дипломын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн байх зэрэг шаардлагыг хангах хэрэгтэй.

Тиймээс та бүхэн Гадаадын иргэн, харъяатын газрын цахим мэдээлийн хуудаст хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Categories
мэдээ цаг-үе

Хятадад осолдсон нисэх онгоцны бүх зорчигчийг амь үрэгдсэнд тооцжээ || DNN.mn

Даваа гарагт Хятадын өмнөд хязгаарт осолдсон China Eastern Airlines компанийн Boeing 737 нисэх онгоцонд явсан бүх зорчигч амь үрэгдсэн болохыг албаныхан өчигдөр зарлажээ.

Кунминь хотоос Гуаньжоу хотын чиглэлд нисэж яваад Гуаньши мужийн уулархаг нутагт осолдсон онгоцонд нийтдээ 132 хүн зорчиж байсан юм.

Аврах ажиллагааны үеэр нийт 120 хохирогчийн цогцсын үлдэгдлийг ДНХ шинжилгээний тусламжтай таньж чадсан байна.

Онгоцны хоёр дахь хар хайрцгийг ослын газраас хайх ажил үргэлжилж байгааг мэдээлжээ.

Уг хар хайрцагт нислэгийн үеийн тоон мэдээллүүд хадгалагддаг тул ослын шалтгааныг тогтооход чухал ач холбогдолтой юм. Нисгэгчийн бүхээгт байрладаг өөр нэг хар хайрцгийг Лхагва гарагт олж, хадгалагдсан мэдээллийг нь уншуулахаар Бээжин рүү явуулаад байгаа.

Энэ хар хайрцагт нисгэгчийн бүхээг дэх ярианы бичлэг хадгалагддаг юм.

Аврагчид үлдсэн хохирогчдын цогцсыг хайх, таниулах ажлыг үргэлжлүүлж явуулахыг Хятадын Иргэний Нислэгийн Удирдах Газрын дэд захирал Ху Зежянь өчигдөр мэдэгджээ.

Даваа гарагт гарсан осол нь Хятадын агаарын тээврийн сүүлийн 30 жилийн түүхэнд гарсан хамгийн том осол юм байна.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Анужин: 21 насандаа мөрөөдлийнхөө эхний шатанд хүрсэн гэж боддог || DNN.mn

“The Voice of Mon­golia” шоуны шилдэг оролцогч,“B” продакшны уран бүтээлч Б. Анужинтай ярилцлаа.


-Шинэ цомгоо өлгийдөн авсанд нь баяр хүргэе. Цомог бэлэн болоход багагүй хугацаа зарцуулав уу?

-Өнгөрсөн оны аравдугаар сараас цомгийн ажилдаа орж, Сингапурт дууныхаа микс мастерыг хийлгэлээ. Хөл хорионы үеэр цомгийн ажил минь эхэлсэн учраас өдөр бүр студидээ бэлтгэлээ хийх шаардлагатай учраас алхаад л очдог байсан. Төрийн соёрхолт дуучин, продюсер Д.Болд ахтайгаа найман дуутай цомог хийхээр төлөвлөсөн хэдий ч найм дахь дуугаа хоёр дахь цомог руугаа шилжүүлж долоон дуу, хоёр клиптэй анхны бие даасан цомгоо гаргалаа. Хоёр дахь цомгийн маань ажлын төлөвлөгөө гарч байна. Би Royal academy-д бизнесийн удирдлагаар суралцдаг. Энэ жил төгсөх ангийн оюутан учир эхлээд сургуулиа төгсчихөөд дараагийн цомгийн ажилдаа бүрэн шамдана гэсэн бодолтой байна. 21 насандаа мөрөөдлийнхөө эхний шатандаа хүрлээ гэж бодож байна даа.

-Багаасаа дуулах сонирхолтой байв уу?

-Би багадаа их бүрэг, ичимхий хүүхэд байсан. Арван жилд надад таньдаг хүүхэд байгаагүй, намайг ч таньдаг хүүхэд байдаггүй тийм л бүрэг дуугүй хүүхэд байсан. Тийм учраас ээж, аав хоёр минь намайг хөгжүүлэхийн тулд “Хүүхдийн ордон”-ы С.Ганчимэг хэмээх мундаг багшид шавиар оруулсан. Багш маань олон сайн дуучдыг төрүүлсэн, одоо ч “Хүүхдийн ордон”-д ажиллаж байна. Ингээд би гэдэг хүн “Хүүхдийн ордон”-д явснаар илүү задарч, ядаж л хүний өөдөөс харж ярьж чаддаг болсон шүү дээ. Дуулах сонирхол минь ч нээгдсэн гэж боддог.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юү. Аав, ээж нь ямар ажил эрхэлдэг вэ?

-Манай аав, ээж хувиараа бизнесэр хэлдэг. Миний дуулах хүслийг бүрэн дүүрэн

дэмжиж, ар талд минь бат зогсож, намайг дэмждэг хүмүүс бол гэр бүл минь.

-Хамгийн анхны тэмцээн чинь “Усан шоо” байсан гэсэн үү?

-Тиймээ. Монголд “Дорнын уянга” хятад дууны тэмцээнд түрүүлж Бээжингийн олон улсын тэмцээн буюу монголчилбол “Усан шоо” тэмцээнд явж байсан. Тухайн үед олон улс орноос дуучид ирж оролцож байсан л даа. Миний хувьд шилдэг 15-д багтсан. Өмнө нь Монгол оролцогчдоос шилдэг 15-д багтсан хүн байдаггүй юм билээ.

-Мальдивд аялах үеэрээ 2023 онд Итали улсад болох нэгэн тоглолтод оролцох санал авсан гэж сонссон. Энэ талаараа тодруулаач?

-Роберто гэх хөгжмийн зохиолч залуу Италийн “Ромео” 2023 оны тоглолтод оролцооч хэмээн урьсан юм. Энэ тоглолтод оролцох гээд бэлтгэлээ хангаж байна.

-“The Voice of Mongolia” өөрийг чинь нээсэн, олон нийтэд таниулсан тэмцээн гэж ойлгодог.

-Тэгэлгүй яахав. “The Voice of Mongolia” тэмцээн бол миний хувьд хамгийн гайхалтай, надад маш том шагнал авчирсан гэж хардаг. Энэ тэмцээнд оролцсоноор миний амьдрал бүрэн өөрчлөгдсөн. Маш сайн бодож, төлөвлөж, бэлдэж байгаад энэ тэмцээндээ оролцсон доо.

-“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар шатнаас хойших оролцогчийн хувцаслалт, нүүр будалт, үс засалт их тансаг байдаг шүү дээ.

-Тийм ээ. Бидний нүүр будалт, үс засалт, хувцаслалт гээд тайзан дээр уран бүтээлч хүн хэрхэн гоё сайхан харагдах тал дээр көүч болон телевиз маань бүрэн хариуцаж ажилладаг.

1 хүн-н ойртуулж авсан зураг байж магадгүй

-Та “UBS”телевизийн “Universe best songs-2017” тэмцээний Гран при шагналын эзэн. “The Voice of Mongolia”шоунд оролцохдоо өөртөө хэр итгэлтэй байв?

– Аливаа уралдаан тэмцээнд оролцохдоо хүн бүр л би чадна гэж зорьж оролцдог шүү дээ. Үүнтэй л адил би чадна аа гээд л оролцсон.

-Энэ шоунд оролцоод олон найзтай, мөн олон өрсөлдөгчтэй ч болов уу?

-Нөхөрсөг өрсөлдөөн гэж ярих нь зөв болов уу. Би олон найзтай. “The voice of Mongo­lia” тэмцээнд оролцсоныхоо дараа мөн л олон хүнтэй найзалж нөхөрлөсөн.

-Таны хувьд “B” продакшн-д хамрагддаг залуу уран бүтээлч. Бэлтгэл сургуулилтад хэр цаг зав зарцуулж байна?

– Байнгын бэлтгэлтэй байхыг Д.Болд ах маань зөвлөдөг. Одоогоор би төгсөх ангиийн оюутан учраас ойлгож авч үзэж байна л даа. Захирлынхаа үг, үйлдэл бүрээс эхлээд залуу артистууд бүгд суралцаж явдаг.

No description available.

-“Нийслэл хүүхэн” кинонд таны дуулсан “Хөдөөгийн сайхан талд зорино” дуу эгшиглэдэг. Энэ дуугаа киноны дуу болсноо мэдээгүй байсан гэсэн үү?

-Мэдээгүй байсан. Энэ киноны дуугаар эгшиглэж байгаа нь үнэхээр гоё санагдсан. Ингээд энэхүү дуу маань хит болж, олон хүн намайг мэддэг, сонсдог болсон байна лээ. “Хөдөөгийн сайхан талд зорино” дуугаа шоунд оролцож байхдаа өөрчилж дуулсан болохоор “Монгол HD” телевизийн өмч.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Тэмүүлэн: Энэ бол олон улсын төсөл хөтөлбөр, зээл нэрээр төрийн мөнгийг хяналтгүй зарцуулдаг олон тохиолдлын нэг || DNN.mn


Энэ долоо хоногт УИХын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас 34.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөлд зарцуулах талаар хэлэлцсэн юм. Тус төслийн хүрээнд 14 мянган малын хашаа, хороог сайжруулахаар тусгасан нь маргаан дагуулаад байна. Тиймээс УИХын гишүүдээс уг төслийн талаар ямар байр суурьтай байгааг энэ удаагийн “Speak out” буландаа онцолж байна.


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Энэ бол олон улсын төсөл хөтөлбөр, зээл нэрээр төрийн мөнгийг хяналтгүй зарцуулдаг олон тохиолдлын нэг


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: -Төсвийн байнгын хороон дээр тус асуудалтай холбоотой гол шүгэл үлээсэн хүн бол би. Хэдийгээр Азийн хөгжлийн банкны зээл гэсэн нэртэй боловч энэ бол Монгол Улсын төсвийн мөнгөтэй холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл, эргээд улсын төсвөөс өндөр хүүтэйгээр эргэн төлөгдөх мөнгө. Азийн хөгжлийн банк болоод бусад байгууллагаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр элдэв төрлийн зээл тусламж авч, төсөл хөтөлбөр санхүүжүүлж байгаа зээлийн санхүүжилтийг үр ашигтай зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, анхнаасаа төлөвлөлтөө зөв хийж, зөв зүйлд зарцуулж, үр ашигаа өгдөг байх ёстой. Энэ асуудлыг анх танилцуулахдаа 14 мянган малын хашаа хороог сайжруулах гэсэн нэрээр оруулж ирсэн. Миний бие Төсвийн байнгын хороон дээр асуудал хариуцсан дарга нараас нь асуухад тодорхой санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, зохицуулалт хийх гэх мэт эрээвэр хураавар, тодорхойгүй хариулт өгсөн. Энэ нь юуг илэрхийлж байна гэхээр анхнаасаа энэ төсөл зөв төлөвлөлттэй орж ирээгүй гэдгийг л харуулж байгаа юм. Бид энэ мэт тодорхойгүй төслүүдийг дэмжих боломжгүй. Энэ бол олон улсын төсөл хөтөлбөр, зээл нэрээр төрийн мөнгийг хяналтгүй зарцуулдаг олон арван тохиолдлын нэг. Энэ онд 177 нэр бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжсэн гэдгийг ХХААХҮ яамны холбогдох мэргэжилтнүүд нь хэлж байна. Төсөл нэг бүрийн үнийн дүнг нэмэх юм бол чамлахааргүй өндөр дүн гарна. Энэ бүхний араас зөв төлөвлөлт хийх ёстой. Зээл олгогч байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой.Энэ бол нэг талдаа бидний л буруу. Нөгөө талаас Засгийн газар асуудалд бодлогогүй, тооцоогүй, хариуцлагагүй, төлөвлөлтгүй орж ирж байна. Ийм байж болохгүй. Бид цаашид хянамгай байхгүй бол болохгүй. Тэр дундаа Төсвийн байнгын хорооныхон. Улсын эдийн засаг хүндэрч, өр зээлийн хэмжээ нэмэгдэж байна. Коронавирусийн халдварын улмаас хоёр жил гаруй хугацаанд нөхцөл байдал хүндэрсэн. Үргэлжлүүлээд ОХУ- Украины зэвсэгт мөргөлдөөн хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байна. Тиймээс ийм нөхцөл байдалд аль болох бүсээ чангалж, төсвийн сахилга бат, хариуцлагатай байж эрсдэл багатай даван туулна. Бид асуудлуудаа эрэмбэлж чухал зүйлдээ байгаа багахан төсвөө зарцуулдаг байх шаардлагатай.

Өнөөдөр ХАА салбарт тулгамдаж байгаа гол асуудал бол малын эрүүл мэнд, шүлхий болчихоод байна. Малаа эрүүлжүүлэх тал дээр тодорхой хэмжээний төсөв мөнгө тавих шаардлагатай байна. Энэ ажилд хамгийн багадаа 90 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна. Ядаж энэ ажилдаа зарцуулах хэрэгтэй. Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн зориулалт зарцуулалт, зорилгыг нь өөрчлөх санал гаргасан.


Ж.Бат-Эрдэнэ: Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн малыг уламжлалттай ижил шургаа ган хашаагаар хашчихаад дотор нь өсгөж, үржүүлэх ямар ч боломжгүй


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Үнэндээ яг ч малын хашаа хороо барих асуудал биш юм билээ. Анх уг төслийн талаар цахим орчинд тарсан мэдээлэл буруу ойлголттой явчихсан юм билээ. Өөрөөр хэлбэл, малчдын шургааган хашаа хороог нь засч, янзалж өгөх гэж байгаа мэт ойлголт явсан. Миний хувьд тус төслийн материалтай танилцсан. Бид эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд анхаарч ажиллах талаар олон жил ярьж байгаа. Энэ ажлыг бодит ажил хэрэг болгож, үр дүнд хүргэхийн тулд авч хэрэгжүүлэх ёстой ажлын нэг гэж би харж байгаа. Тухайлбал, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж төл малыг богино хугацаанд тэжээж, өндөр үр өгөөж хүртэх, гадагшаа гаргахын тулд малаа уламжлалт аргаар хариулах биш, тусгай зориулалтын хашаа, хашилга бэлдэх хэрэгтэй. Монголчууд эртнээс жилийн дөрвөн улиралд бэлчээрийн төлөвлөлтөө зөв хийж, бэлчээрээ сэлгэж, хашиж хамгаалсаар ирсэн. Тус зээл мөн уур амьсгалын өөрчлөлтөд зориулсан зээл.Өөрөөр хэлбэл эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтөд оруулж буй хувь нэмэр. Богино хугацаанд өндөр үр ашиг өгөх эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн малыг уламжлалт мал аж ахуйтай ижил шургааган хашаагаар хашчихаад дотор нь өсгөж, үржүүлэх ямар ч боломж байхгүй. Та бүхэн мэдэж байгаа, бод болон бог мал өвлийн улиралд жингээ их алддаг. Харин малын жинг бууруулахгүй байх ганц арга нь дулаан хашаа, хороо байр барих явдал юм байна. Тийм учраас Азийн хөгжлийн банкнаас авах 34.5 сая ам.долларын зээлээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, малчдад дулаан хашаа хороо барихад нь дэмжлэг үзүүлэхийг л зорьсон юм билээ. Түүнээс биш малчин өрх бүрийн шургааган хашааг солих асуудал биш юм билээ. Эрчимжсэн мал аж ахуйн талаар олон жил ярьсаар ирсэн. Харамсалтай нь түүнийгээ бодит ажил хэрэг болгох хүн алга. Тиймээс энэ суурийг тавих асуудал яригдаж байгаа юм билээ. Харамсалтай нь нэршлээсээ болж олон нийтэд анхнаасаа буруу зөрүү ойлголт өгснөөсөө болоод байнгын хорооны дэмжлэг авч чадаагүй.


Б.Пүрэвдорж: Ийм байдлаар улсын өрийг нэмэгдүүлж болохгүй


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр буюу 34 сая ам.доллараар дөрвөн аймгийн нэлээд олон сумыг хамарсан төсөл хэрэгжүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл 34 сая ам.доллар гэдэг бол төгрөгөөр 100 тэрбум төгрөг гэсэн үг. Энэ мөнгөөр малын хашаа хороо барих, засах, түүнчлэн 328 худаг, 20 тэжээлийн цэг байгуулах зэргээр зарцуулах юм билээ. Гэтэл энэ зардлын хажуугаар тус төслийн урсгал зардал нь 30 тэрбум төгрөг болж байна. Тэгэхээр төсөлд ажиллаж байгаа хэдхэн хүнийг таргалуулаад байдаг жишиг байж болохгүй. Дээр нь үлдсэн 30 гаруй тэрбум төгрөгийг юунд зарцуулах нь тодорхойгүй байгаа юм. Ийм байдлаар улсын өрийг нэмэгдүүлж болохгүй. Тийм учраас миний бие уг төсөл дээр эсрэг байр суурьтай байгаа. Цаашид бид УИХ, Засгийн газрын түвшинд оруулж ирсэн төсөл дээр анхааралтай ажиллах ёстой. Угтаа дээрх төслийг анх санаачилсан хүн нь Ч.Улаан сайд. Тэрээр Сангийн сайд байхдаа дээрх байдлаар Монголын өрийг нэмэгдүүлж байсан. Цаашид үүнээс сургамж авч Засгийн газар аливаа төсөл, хөтөлбөрүүд дээрээ анхааралтай ажиллаж, үр ашигтай байх тал дээр анхаарах нь зүйтэй.


Б.Энх-Амгалан: Өндөр үр өгөөжтэй мах, сүүний чиглэлийн мал аж ахуйг дэмжих төсөл бол тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Миний хувьд уг төслийг анх хараад ийм асуудал байж болохгүй хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Мал маллахаа марксизмаар заалгадаггүй монголчууд малынхаа хашааг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр болоод тус банкны зөвлөх үйлчилгээгээр барина гэж байхгүй гэсэн байр суурьтай байсан. Харин өнөөдөр ирүүлсэн тайлбараар уг төсөл бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой бус фермерийн мал аж ахуйг тодорхой хэмжээгээр дэмжиж, өндөр үр ашигтай мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглэгдсэн гэж байна. Учир нь үйлдвэр угшил сайтай, өндөр үр ашигтай мал аж ахуйг хөгжүүлэхэд бэлчээрийн бус зориулалтын хашаа хороотой, хадлан тэжээлтэй байх ёстой гэсэн тайлбарыг хэлсэн. Асуудлаа эргүүлэн татчихсан. Харин дахин оруулж ирэхдээ ямар байдлаар оруулж ирэхийг нь харж байя. Үнэхээр малчдад малын хашаа барьж өгөх төсөл бол дэмжихгүй. Мал төрийн өмч биш, хувийн өмч болоод олон жил болж байна. Харин өндөр үр өгөөжтэй мах, сүүний чиглэлийн мал аж ахуйг дэмжих төсөл бол тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг. Бид малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглах ёстой. Одоо бид малаас гарч байгаа түүхий эд арьс шир, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүнээ бүрэн боловсруулж ашиглаж чадаж байгаа билүү. Түүнчлэн ноос, ноолуур болон бусад түүхий эдийг бүрэн ашиглаж чадвал малын ашиг шим өндөр. Хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөхийн хэрээр давжаа болж байна. Тийм учраас малын таваарлаг шинж чанарыг сайжруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа энэ цаг үед, монгол малыг усны доройтол, бэлчээрийн хомсдол толгойны өвчин болж байхад, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж,үйлдэр угсааг сайжруулах шаардлагатай байна. Монголчуудын өлсөхгүй, цангахгүй яваа нь мал,малчин хоёрын буян. Тиймээс малаа зөв эргэлтэд оруулж, ашиглах нь зүйтэй. Төрийн бодлого ч ийшээ чиглэх ёстой.