Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалсайхан: Би ноолуур авахгүй. Зарлачихъя, бүр битгий өг. Монголчууд 1990 онд ямар байсан түүн рүүгээ явж байна || DNN.mn

“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхантай ярилцлаа.

– Монгол Улс ажиллах хүчний хомсдолд орсон гээд байгаа. Та ажил олгогч хүний хувьд үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

– Ажиллах хүч биш. Боловсролтой, мэргэжилтэй, хувийн хөдөлмөрийн сахилга бат, хариуцлагатай ажилчны хомсдолд орсон Монгол Улс.

Монгол хүн Монголд байгаа юм уу гэж асуувал байгаа. Ажилгүй хүн бий юү гэвэл бас байгаа. Хавтгайдаа ажилгүй. Тэгэхээр сүүлийн 20 жил залуучуудад болсон болоогүй худлаа диплом өгсөн. Нийгмийн ухаан, сэтгүүлч, эрх зүйч ч гэдэг юм уу ингээд.

Санаа нь бол залуучууд конторт, оффист суугаад биеийн амрыг хараад сууж байх сонирхолтой. Тариа ногоогоо хураах гэхээр хүн олдохгүй. Хүнгүй болчихсон биш хүн байгаа. Ганцхан явах хүсэлтэй хүн байхгүй. Дээр нь сүүлийн хоёр жил карантин гээд маш их нийгмийн халамж тарааж өгсөн. Халамжаар хоолоо авч идчихээд ажил хийхгүй байна. Дараа нь манайх валютын хомсдолд орж байгаа. Валют байхгүй. Гэтэл Японоос маш их хэмжээний хуучин машин орж ирдэг.

Нөхдүүд баахан санхүү, хадгаламж зээлийн хоршооноос зээл авч унадаг болсон. Ингэснээр хуучин машины оронд бараг тэрбум гаруй доллар Япон руу гараад явчхаж байгаа юм. Дахиад тэрбум гаруй доллар машины сальярк, бензин гээд гараад явчхаж байна. Сальяркаар жаахан ажил хийж байна. Уул уурхай, тариа ногооны ажилд хэрэглэдэг.

Уралдаж юм зарна гэдэг чинь Монгол Улс бүх нөөц, хөрөнгө мөнгөө гадагшлуулна аа л гэсэн үг

Бензинээр юу ч хийхгүй байна. Бензинээр айл хэсээд дэмий тэнээд өдөржин энэ зам дээр нэг приус уначихсан зогсдог. Ингээд хамаг доллар чинь гадагшаа урсаж байна. Доллар байхгүй болоод ирэхээр долларын ханш өснө. Маш хурдтай. Хэрэв доллар 5,000 болчих юм бол юмны үнэ 2-3 дахин нэмэгдэнэ.

Өнөөдөр барааны хомсдолоос болоод Замын-Үүд дээр байгаа жолооч нар тээврийн хөлсийг 10 дахин өсгөсөн учраас аж үйлдвэрийн бараа, барилгын материал хоёр дахин өсөж байна. Ингээд хойно, хойноосоо өсөөд байдаг үйлдвэр, албан газарт ажил хийх хүн байхгүй болчихсон. Юу гэхээр бүгдээрээ тэтгэмжээр амьдарч байна. Бүгдээрээ зээлээр машин аваад уначхаж байна. Төлөхгүй ч байсан хамаагүй зээлээр машин аваад уначхаж байна. Үүнээс болоод ажил хийх хүн Монголд алга.

– Энэ байдал юунд хүргэх бол?

– Яваандаа юмны үнэ гурав дахин нэмэгдэхээр бүгдээрээ эдийн засгийн хямралд орно. 1990 онд ямар байсан тэр рүүгээ очно. 1990 онд дэлгүүрт нь юу ч байхгүй. Юун ажлын байр ажил ч байхгүй. Юун машин зээлээр авч унах тэр рүүгээ очно, ингээд яваад байвал. Түүний дараа буруутангаа хайж эхэлнэ. Тэгээд төр засаг руу буруугаа өгнө. Хэдэн үйлдвэр барьж ажил олгосон би буруутай болно.

Яг үнэндээ иргэн болгон хариуцлагатай байж чадаагүй учраас ийм байдалд орж байна. Ямар улс орон хөгжиж байгаа юм. Иргэн болгон нь хөгшин залуугүй ажил хийдэг, юм хийж байгаа улс орон л хөгждөг. Солонгос, Япон, Тайвань, Хятадыг хар. Яг ажил хийдэггүй залхуу улсууд Орос Монгол хоёр л байна. Зүгээр нэг аар саархан юм зарж байгаад баяжчих гээд л. Дээр дороо ороод л. Уралдаж юм зарна гэдэг чинь Монгол Улс бүх нөөц, хөрөнгө мөнгөө гадагшлуулна аа л гэсэн үг.

– Тэгэхээр нөгөө орос ах гэдэг тахин шүтэх үзэл нөлөөлөөд байна уу?

– Үгүй ээ, үгүй. Энэ зүгээр социализмын үеэс хүмүүсийг хариуцлагагүй болгочихсон. Өмнөөс нь дандаа төр бүх зүйлийг нь хийж өгсөөр байгаад сургачихсан. Одоо манайд бүх нийгмийн халамж төрийн нуруун дээр л явж байна шүү дээ. Уг нь нийгмийн халамжаасаа хагас хугасыг нь иргэн өөрийнхөө нуруун дээр үүрч явах ёстой юм. Гэтэл төрийн нуруун дээр л байгаа.

– Нэг талаас ажилгүйдэл ихэссэн ажлын байр бий болгоно гээд байдаг. Нөгөө талаас ажиллах хүчгүй болчихсон гээд байгаа. Энэ ойлгомжгүй логикийг та яаж тайлбарлах вэ?

– Одоо хуучных шиг захиргааны аргаар хүмүүсийг ажил хийлгэнэ гэвэл хэцүү.

Нэгдүгээрт, бүх нийтээрээ татвар төлөгч болох ёстой.

Хоёрдугаарт, гаднаас орж ирж байгаа бүх барааг татвартай болгох хэрэгтэй.

Хүмүүсийнхээ толгойг нь дэндүү их илж байна. Манайх шиг зүгээр сууж байгаад амьдардаг улс энэ дэлхий дээр өөр байхгүй

Татваргүй орж ирээд хамаг мөнгийг чинь гадагшлуулаад байна. Жишээлбэл, бензин. Бараг миллиард долларын бензин худалдаж авдаг. Тэрүүгээрээ юу хийж байна, айл хэсээд л дэмий тэнээд шатаагаад дуусаж байна. Өдөрт хэдэн доллар зам дээр шатаад байгаа юм бэ. Секунд тутамд бид хичнээн доллар шатаагаад байгаа юм. Бодох хэрэгтэй. Тийм учраас үүн дээр онцгой татвараа нэмэх хэрэгтэй.

Герман өнөөдөр өөрсдөө нефтьгүй шүү дээ. Бас импортолж оруулж ирээд өөрсдөө боловсруулаад бензин хийдэг. Гэхдээ онцгой татвар нь 60 хувь. Дээр нь хатуу спиртийн төрлийн ундаанд 100 хувь татвар тогтоох хэрэгтэй.

Тун яаралтай. Ногоо байхгүй болчихлоо гэж Засгийн газар руу орилж хашхирч байгаад ямар ч татваргүй вагон вагоноор ногоо оруулж ирж байна. Хүмүүсийнхээ толгойг нь дэндүү их илж байна. Манайх шиг зүгээр сууж байгаад амьдардаг улс энэ дэлхий дээр өөр байхгүй.

Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой хэдэн төрлийн хэчнээн бараа бүтээгдэхүүн байна. Цөөхөн шүү дээ. Хэдэн гоймон,хиам. боорцог, талх, хэдэн шил архи, хэдэн ноолууран цамц, хэдэн ширхэг хивс өөр юм байна уу. Байхгүй. Тэгвэл Хятадын үйлдвэрлэж байгаа барааны жагсаалтыг гарга л даа. 10-20 мянгаар нь жагсаалт гарна. Бидний гарын арван хуруунд багтах л үйлдвэр хагас дутуу ажиллаж байгаа.

Хүмүүсийг албадаж ажиллуулна гэж байхгүй. Бүх зүйл төлбөртэй байх хэрэгтэй. Жишээлбэл, бүх их дээд сургуулиудыг яаралтай төлбөртэй болго. Орон нутгийн нэгдсэн төсвийг бас татвартай болго. Орон нутаг төсвөө бүсийнхээ малчид, тариачид, бизнес эрхлэгчдийнхээ татвараар бүрдүүлдэг болго. Энэ нь өөрөө хөдөлмөр эрхлэх хүмүүсийн үндсэн суурийг нь бэлдэж өгнө гэсэн үг.

Оюутнуудыг ногоонд яв, төмсөнд яв, тарианд яв гэхэд яваагүй шүү дээ. Явах хүн олдоогүй шүү дээ. Өдрийн 100 мянган төгрөг гэсэн байх шүү. Тэгээд байхад л явах хүн олдоогүй. Оюутнууд явахгүй байна. Энэ юуг харуулж байна гэхээр үнэгүй сурч байна. Тиймээс өндөр төлбөртэй ажилд явахгүй байна. Тэр сургууль, багш нарын зардлыг улсын төсвөөс л гаргаж өгч байгаа шүү дээ. Бидний татварын мөнгөөр. Яагаад оюутнууд үнэгүй сурах ёстой юм. Энэ буруу байхгүй юу. Тиймээс оюутнууд доод тал 20 сая, дээд тал нь 50 сая төгрөгийн төлбөртэй болох ёстой.

Сургуульд орохын тулд ажил хий. “Буян” компанид ажил хий. Тэгэнгээ сур л даа. Долоо хоногт 2-3 өдөр ажилла. Бусад хугацаанд нь сур. Өнөөдөр дэлхий нийтээрээ оюутнууд бүгд өндөр төлбөртэй сургуульд сурдаг. Европ, Америк, Канад ч байсан. Мөнгөө төлөөд л. Ганцхан тэд нар хичээлийн бус цагаараа мөнгө олдог. Манайд бол аав ээжийгээ дээрэмдэж сурдаг. Хоолоо, хувцсаа, байраа бүгдийг нь бэлдүүлдэг. Тиймээс түүнийг бодох хэрэгтэй.

– Гэтэл оюутнууд цагийн ажил олддоггүй, ажиллах боломж байдаггүй гээд байдаг шүү дээ?

– За худлаа ярьж байгаа юм. Гадаадад манай хүүхдүүд бүгд ажил хийгээд сураад болоод л байна. Баар клуб хэсээд дэмий тэнээд явахаар цаг олдоод байгаа биз дээ. Зунжингаа аав, ээждээ эрхлээд хот хөдөөгүй дэмий тэнэхээр цаг нартай болоод л байгаа биз дээ.

Оюутнууд ажиллах ажиллахгүй нь өөрсдийнх нь асуудал. Баян байж болно шүү дээ. Баян хүн чинь яах вэ дээ. Дэмий тэнэнгээ сураад, зугаалаад, дуртай зүйлээ хийгээд байж болно. Энэ хүний эрхийн асуудал.

Ганцхан зүйл байна. Чамд яагаад багш үнэгүй хичээл заах ёстой юм. Яагаад эмч нар үнэгүй чамайг эмчлэх ёстой юм. Өнөөдөр ченжүүд халаасандаа хэдэн төгрөгтэй байна. 100 сая. Гэтэл эмч нар ямар цалин авч байгаа вэ. 600-700 мянга л авч байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, 300 доллар. Өдөр шөнөгүй корона, карантин гээд зүтгэлээ шүү дээ. Энэ шударга юм уу. Яагаад үүнийг ярихгүй байгаа юм.

– Цалин бага, амьдралд хүрэлцдэггүй гээд ажил хийх сонирхолгүй байна уу?

– Тэр дараачийн асуудал.

Нэгдүгээр асуудал, Монгол Улсын иргэн болж төрсөн бол тэр хувь заяандаа эвлэр. Нэгэнтээ Америк, Канад, Английн иргэн болоогүйгээс л хойш. Монгол Улсын жилийн төсөв нь гуравхан миллиард доллар. Долларынх нь нөөц нь гуравхан миллиард. Гадаад өр нь 30 миллиард. Ийм л улсын иргэд шүү дээ.

Сүүлийн 20 жилийн дотор бий болгосон машин, зам харгуй, байшин барилга энэ бүх юм чинь нөгөө л 30 миллиард дотор чинь явж байгаа. Зээл авахгүй тэгээд яаж барих байсан юм. Тийм учраас бид ядуу улсын ядуу иргэн гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой.

Өнөөдөр Вьетнамын сарын дундаж цалин 50 доллар. Лаос, Камбож, Бирм энэ тэр. Энэтхэг бол бүр 20 доллар. Өөрсдийгөө баян Америктай зүйрлэхээ боль. Америкууд тэгвэл ямар гээч. Улсынх нь жилийн төсөв нь хэдэн зуун триллион доллар. 120 триллион доллар. Америкийн гадаад руу гардаг бараа нь бараг нэг сая төрлийнх. Оюуны болон бараа материал гаргадаг. Дэлхийн бүх компьютерууд Америкийн программ хангамж дээр суурилж байна.

бид ядуу улсын ядуу иргэн гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой

Америкийн интернэт сүлжээгээр амьдарч байна. Дэлхий нийтээрээ хэдэн зуун миллиард, триллион доллар олж байна. Манай хаана, юу байгаа юм бэ. Баян Америктай барьцалдаад данхалзаад байх шаардлага байхгүй шүү дээ. Эсвэл чаддаг юм бол тэр Америктаа очоод ажлаа хийгээд амьдраач дээ. Чадахгүй энд сургуульд орсон бол 20 сая төгрөгөө төл. Харин түүнийгээ төлөхийн тулд ажил хий. Хаагуур ажил хийхээ өөрсдөө мэд. Хийх дургүй байгаа бол боль. Заавал хүчлэхгүй.

Гэхдээ та сургуульд сурч байгаа бол үнэгүй сурахгүй. Бүх юм үнэтэй байх хэрэгтэй. Бүх нийтээрээ заавал эрүүл мэндийн даатгал төлдөг болох хэрэгтэй. Бүр улсаараа нийтээрээ. Тэр даатгалын сан эмч нарт үйлчилдэг. Эрүүл мэндийн салбарт зориулагддаг байх ёстой. Эмч нар сарын дундаж цалин 3-5 сая төгрөг авдаг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ янзаараа удахгүй бид эмч, сувилагчгүй болно. Дээр нь гадаадаас орж ирж байгаа бүх бараа бүтээгдэхүүний татварыг нэм. Хувцасны татвар нэм л дээ. Даавуу оруулж ирвэл татварыг нь багасга. Тэгвэл хувцас оёод мөнгө ол.

Хүнсний ногоо гаднаас оруулж ирж байна, татварыг нь тултал нь нэм. Тэгвэл яваад зун ногоо тарь. Яагаад болохгүй байгаа юм. Зүгээр нэг оффист суугаад компьютер ажиллуулаад фэйсбүүк, твиттерээр хов бичээд, гap утсаараа тоглоом тоглоод сууна гэж бодож байна уу. Болно оо. Дуртай зүйлээ хий. Гэхдээ бүх юм чинь төлбөртэй шүү гэдгийг ойлгож ав. Тэгэхээр хүссэн хүсээгүй яваад ажил хийнэ. Түүнээс одоо хүмүүсийг ажил хийгээд өгөөч, чи ингээч гэж гуйдгаа болих хэрэгтэй.

Хоёрдугаарт, цэцэрлэг яслийн хоолны мөнгийг төрөөс дааж байна. Үүнийг болих хэрэгтэй. Цэцэрлэгт хүүхдээ явуулъя гэж байгаа бол мөнгөө өг. Тэгж байж явуул. Мөнгөгүй бол өөрөө хүүхдээ хар. Өөрөө хүмүүжүүл. Би таван хүүхэд өсгөсөн. Бүгд гэртээ өссөн. Цэцэрлэг яслиар яваагүй. Тэгээд муудаагүй. Бүгд онц сурсан. Бүгд дээд сургуульд явж байна. Ядуу мөртлөө дандаа хүн ашиглах гэж. хүн зарж, хүнээс үнэгүй юм авч зүгээр сууж амьдрах гээд байдаг юм. Энэ хаанахын ёс вэ. Энэ асуудлыг шийдэж чадвал наад хүмүүсийнхээ ажил хийх хийхгүй тухай асуудлыг шийдэж чадна гэсэн үг. Энэ асуудлыг шийдэхгүй бол хүмүүсийг гуйгаад яриад ажил хийх хүн байхгүй. Тэр бол баталгаатай.

– Одоо хоёулаа эдийн засаг ярих уу. Ноолуурын үнэ хэдтэй байна. Олдоц хэр байна вэ?

– Нэгдүгээрт, бид ноолуур авахгүй. Ноолуур юу юм. Зүгээр л нэг оймс хувцас хийдэг түүхий эд шүү дээ. Монголд ноолууран цамц өмсөж байгаа хүн байна уу. Бараг байхгүй байх. Гадаадад тэрүүгээр чинь юу хийдэг юм. Хэдэн ноолууран цамц пальто, оймс л хийдэг биз дээ. Ноолуур эрдэнэс юм уу. Үгүй. Жил болгон л амьтнаас гарч байдаг түүхий эд. Тэгээд одоо ноолуурын үнийг зүгээр л хөөргөж болно гээд бодчихоон. Өнөөдөр 1 кг ноолуурыг 150 мянган төгрөгөөр аваад лав л манай компанид ямар ч ашиг байхгүй алдагдалтай. 30-40 хувийн. Тийм учраас бид авахгүй.

– Түүхий эдгүй яаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бэ?

-Австралийн нарийн ноос оруулж ирдэг болсон. Ноолуураас нарийн ширхэгтэй. Ноолуурыг бодвол 1 кг угаагаад цэвэрлэсэн австрали хонины ноос 10 доллар. Энэ миний өмссөн цамц ноосоор хийсэн. Марина вүүл. Үүнийг өмсөхөөр хөөрөхгүй. Халуудахгүй. Ноолуурыг бүгчим агаартай өрөө тасалгаанд өмсөхөөр хөөрөөд удаан байж болдоггүй. Халуу оргиод. Манайхан маш буруу ойлголттой. Ноолуур гэхээр маш үнэтэй гэдэг. 1 кг ноосоор дөрвөн цамц хийнэ. 1 кг ноолуураар гурван цамц хийдэг.

– Тэгэхээр ширхэг нь бүдүүн байна гэсэн үг үү?

– Үгүй ээ. Ширхэг нь бүдүүн биш. Ноолуур хаягдал ихтэй. Нэг цамц хийгээд 150 доллароор зарна гэсэн үг. Ийм үнэтэй цамц авч өмсөх чадалтай хэдэн хүн гадуур алхаж байна.

Бид яадаг юм. Малчдын ноолуурыг аваад чанаж идэх үү. Манайх ийм л буруу ойлголттой. Австрали хонины ноосоор яг миний өмссөн шиг ийм цамц хийе. Өнгө үзэмж сайтай байгаа биз дээ. 1 кг австрали хонины ноосоор дөрвөн цамц хийнэ. Тэгэхээр түүхий эдэнд би нэг цамцанд 4 доллар зарж байгаа юм. Дахиад 5 доллар заръя. Үйлдвэрлэлийн зардал. Ингээд 10 доллароор хийгээд дөрвөн цамцаа 15 доллароор заръя.

Хэд вэ, 60 доллар. 150 мянгаар би гурван цамц зарах гэж зовох уу, дөрвөн цамц хийгээд 60 доллароор зарах зарах уу. Алийг нь хүн авах уу. Хямд чанартайг нь. Австрали хонины нарийн ноос бөөгнөрөхгүй. Амархан урагдахгүй. Хэлбэрээ алдахгүй.

Ноолуур бол хэцүү шүү дээ. 3-4 хоног өмсөөд бөөгнөрчихнө. Эсгийрээд. Дараа нь цэвэрлэж угаахад төвөгтэй. Агшина, сунана.

Би үйлдвэр барьчихаар намайг боомилж байгаа юм шиг ноолуурын үнийг өсгөөд Хятад руу барьж гүйгээд байхаар нь миний дургүй хүрсэн. Би ноолуур авахгүй. Зарлачихъя, бүр авахгүй. Боль битгий өг. Битгий өгөөрэй. Хятадууддаа өг.

Ноолуурын 1 кг-ын өртөг нь 20-25 мянга л байх ёстой. Ганц оймс хэн 30 мянгаар авч өмсөх юм бэ. Бодоод үз дээ. Дэлхий хуучных шиг хүйтрэхээ болчихсон. Одоо чинь ихэнх газруудад бороо асгарч үер болоод байна. Ноолуурын хэрэглээ багассан. Энэ манай урдхан арьс ширний үйлдвэр бий.

Италийн технологиор болгар арьс ширний үйлдвэр гээд их том үйлдвэр барьсан. Үхрийн шир боловсруулдаг. Үйлдвэрээ болгар технологи тавиад ажиллуулах гэж байтал яасан гэхээр ченжүүд хятадууд үхрийн арьсыг 45 мянгаар авч байна гээд энэ үйлдвэрүүддээ өгөхгүй Хятад руу зөөж эхэлсэн, өдөр шөнөгүй машинаар. Нөгөө үйлдвэр нь 10 жил болсон. Ажилчид нь бүгдээрээ тэтгэвэрт гараад гадаадад явах нь явчихсан.

Ноолуурын 1 кг-ын өртөг нь 20-25 мянга л байх ёстой. Ганц оймс хэн 30 мянгаар авч өмсөх юм бэ.

Тэгээд үйлдвэрийн эзэн нь түгжээд орхичихсон байгаа. Өнөөдөр хятадууд үхрийн арьс авахаа больсон. Хаяж байгаа. Үхрийн арьс 5,000, хонины нэхий 1,000 төгрөг. Тун удахгүй ноолуур ч тийм болно. Үйлдвэрээ хөгжүүлэхгүй бол тийм л зүйл болдог байхгүй юу.

Бид хятадуудтай өрсөлдөж ноолуур авахаа больчихоор тэд хэнтэй өрсөлдөж авах юм. Хятадуудын мөнгө илүүдээ гарсан мөнгө үү. Өндөр үнээр ноолуур авч байдаг. Энэ бол зүгээр нэг жишээ. Тэгсэн хэрнээ хятадуудаа муулна. Муу хужаа гээд л. Үнэн хэрэгтээ хятадууддаа бүх юмаа аваачиж өгнө. Энийг хэн хийж байна, малчид ченжүүд хийж байгаа.

– Ковидын үеийн эдийн засгийн нөхцөл байдал хэр байв. Одоо дайн гарсан гээд байгаа. Энэ үеийн эдийн засаг хэр байна вэ?

– Үгүй ээ яах вэ дээ, одоо залхуу улсуудад зүгээр шүү дээ. Ажил хийхгүй амар. Ковидоор сайхан л байсан шүү дээ. Бүгд гэртээ махаа чанаж идээд л, архиа уугаад байж байсан биз дээ. Ажил өгөөч гээд хашхирч байгаа хүн байна уу, гадуур. Харин мөнгө өгөөч, хоол өгөөч гэж байгаа хүн зөндөө байгаа. Зүгээр сууж байгаад хоол идэх санаатай.

Монголчууд бид ингээд бахь байдгаараа байгаад байвал урагшаа биш арагшаа ухарсаар л байх болно.

Categories
гадаад мэдээ

Billie Eilish XXI зуунд төрсөн анхны Оскарын эзэн боллоо || DNN.mn

Billie Eilish gets a makeover and is no longer a blonde

Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. “Оскар”-ын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслол гуравдугаар сарын 27-нд уламжлал ёсоор Лос-Анжелес хотын Долби театрт болж байна. Энэ нь Монголын цагаар гуравдугаар сарын 28-ны буюу өнөөдөр өглөөний 08:00 цагт эхэлсэн юм.

Энэ үеэр онцлогтой байсан үйл явдал нь 21 дүгээр зуунд төрсөн хүн анх удаа шагнал авсан байна. Үүнд киноны шилдэг дуугаар Billie Eilish-ийн “No Time to Die” тодорсон байна.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Ч.Даваасүрэн: МҮБХ Э.Оюунболдын асуудлыг шийдвэрлэхдээ огт тайлбар мэдүүлэг аваагүй. Эрхийг нь шууд хасчихсан || DNN.mn

Улсын арслан Э.Оюунболдын өмгөөлөгч Ч.Даваасүрэнтэй ярилцлаа.


-МҮБХ-ны зүгээс улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасах шийдвэр гаргасан. Э.Оюунболд энэ асуудалтай холбоотойгоор хуулийн байгууллагад ханджээ. Таны тухайд өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа юм байна. Таны үйлчлүүлэгч анх ямар үндэслэлээр хуулийн байгууллагад хандсан юм бэ?

-2021 оны наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан МЗХ-ны 100 жилийн ойд зориулсан наадамд улсын арслан Э.Оюунболд допингийн зөрчил гаргасан. Энэ зөрчилд МҮБХ-ны Цэцдийн зөвлөл шийдвэр гаргаж Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан. Үүнийг бөх сонирхогчид бүгд мэдэж байгаа. МҮБХ-ны Цэцдийн зөвлөлөөс гарсан энэ шийдвэр нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийг зөрчиж, хүний эрхийг хаслаа гэх агуулгаар Монголын үндэсний спортын арбитрт маргаан үүсгэсэн. Дэлхийн допингийн эсрэг байгууллагын ямар заалт зөрчсөн юм бэ. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Улсын арслан Э.Оюунболдын гомдлын талаар ярихын өмнө допингийн эрх зүйн зохицуулалтын талаар ярих нь зөв байх. Допингийн эсрэг дүрмийн зөрчил буюу допинг хэрэглэсэн гэх хэргийг Дэлхийн допингийн эсрэг дүрэм гэх цогц бичиг баримтаар зохицуулдаг. Энэ дүрэмд допингийн эсрэг зөрчил гэж юу болох, шинжилгээг хэрхэн авах, өгөх, хэрэв зөрчил илэрсэн бол ямар шийтгэл оноох, допинг хэрэглэсэн тамирчин ямар үүрэг хүлээх, түүнчлэн ямар эрх эдлэх гэх мэт бүх зохицуулалтыг багтаасан байдаг. Үүнийг спортын ертөнцийн Үндсэн хууль нь гэж ойлгож болно. Манайх олимпийн хөдөлгөөний гишүүн болохын хувьд хуулиараа энэ дүрмийг дагаж мөрдөх, улсдаа хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улс олон улсын гэрээнд нэгдэж соёрхон баталснаар үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх талаар заасан нь бий. Үүгээр юу хэлэх гээд байна гэхлээр Монгол Улс спорт дахь допингийн эсрэг конвенцид нэгдсэнээр допингийн эсрэг тэмцэлд нэгдэж байгаа үйлдэл. Допингийн зөрчлийн маргааныг допингийн эсрэг дүрмээр л шийдвэрлэнэ гэсэн үг.

-Улсын арслан Э.Оюунболдын асуудлыг шийдвэрлэхдээ ямар зөрчил гаргасан болоод Үндэсний спортын арбитрт хандсан юм бэ?

-Допингийн эсрэг зөрчил гаргасан тамирчин гэм буруутай ч учир шалтгаанаа тайлбарлах, нотлох баримт гаргаж өгөх, сонсгох ажиллагаанд оролцох, хэргээ шударгаар шүүлгэх, тамирчин болон иргэний үндсэн эрхээ эдлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, чиний биеэс допинг илэрвэл “Яагаад илрээд байна вэ” гэдэг талаар тайлбар мэдүүлэг өгөх ёстой. Тайлбар мэдээллийнхээ нотлох баримтаа гаргаж өгнө. Нотлох баримтад тулгуурлаж МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүд дүн шинжилгээ хийнэ. Сүүлд нь эрх хасах асуудал яригдах ёстой. Өөрийг нь оролцуулж тайлбарыг нь сонсох ёстой. Э.Оюунболдын жишээнд ийм үйл явц болоогүй. МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралдаад л шууд эрхийг нь хасчихсан.

-МҮБХ-ны зүгээс допингийн шинжилгээ авахдаа Дэлхийн допингийн эсрэг дүрмийг баримтлаагүй гэж хэлж байна уу, та?

-Баримталсан. Энэ дүрмийн хүрээнд шинжилгээгээ авчихаад хариуцлага тооцохдоо дүрмийн заалтыг баримтлаагүй. МҮБХ-ны зүгээс хариуцлага тооцсон үндэслэлээ тайлбарлахдаа Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3 гэсэн заалтыг баримтласан гэж хэлдэг. Энэ заалтад эхлээд хэрэглэвэл дөрвөн жил, давтан бол найман жил барилдах эрхийг нь хасах талаар заасан байгаа юм. Энэ нь Дэлхийн допингийн эсрэг байгууллагын дүрэмд нийцэхгүй байна гэж манай зүгээс үзэж байгаа. Хоёрдугаарт, оролцоог хангуулах ёстой байсан. Биенээс нь илэрсэн бодис яагаад биед орсон тухай тамирчнаас өөрөөс нь тодруулах ёстой байсан юм. Энэ эрхээр хангаагүй.

-Таны үйлчлүүлэгчийн допингийн шинжилгээнээс ямар бодис илэрсэн юм бэ?

-Зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглосон бодис илэрсэн. Тухай хориглосон бодисыг тэмцээнд оролцоогүй байхдаа эмчилгээний зорилгоор хэрэглэж болно гэсэн үг. Дэлхийн допингийн эсрэг зохих байгууллагын дүрмэнд зааснаар тамирчин эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй бөгөөд өвчнөө эмчлүүлэхдээ зохих дүрмийн дагуу хориглосон жагсаалтад багтсан бодисыг хэрэглэж болно. Допингийн эсрэг байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө ийм зөвшөөрөл байгаа эсэхийг нягталж үзэх үүрэгтэй. Гэвч үндэсний бөхийн холбоо энэ арга хэмжээг авсангүй.

-Та бүхний зүгээс шүүхийн байгууллагад бус үндэсний спортын арбитрыг сонгож хандсан нь анхаарал татаж байна л даа.

-Үндэсний спортын арбитр нь Монгол Улсын хэмжээнд спортын салбарт гарч байгаа аливаа маргааныг таслах үүрэгтэй мэргэжлийн байгууллага. Спортын салбар дахь маргааныг мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө шийдэж байна л гэсэн үг. Хоёрдугаарт, Дэлхийн допингийн эсрэг дүрэмд допингийн эсрэг дүрмийн зөрчлийн асуудлыг арбитраар шийдвэрлүүлэх, арбитрын шийдвэрийг спортын холбоод шууд хүлээн зөвшөөрөх зохицуулалтыг тусгагдсан байдаг. Арбитрийн хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу нотлох баримтуудаа гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

-МҮБХ-ны зүгээс асуудлыг дотоод журмаараа шийдвэрлэхдээ Дэлхийн Допингийн эсрэг дүрмийг зөрчсөн байна гэж ойлголоо.

-МҮБХ-ны дүрэмд зөвхөн эрх хасна гэсэн заалт л байгаа юм. Допинг гэдэг өөрөө олон янз. Эмчилгээний зориулалтаар хэрэглэж болох, болохгүй, тэмцээний үед хориглодог юм уу, бүх цаг үед хориглодог юм уу, зөвхөн тухайн спортдоо хориглодог юм уу гээд маш олон талт асуудлууд бий. МҮБХ-ны дотоод дүрэмд энэ бүхэн тодорхой бус байгаа юм. Дахин онцлоход, гаргасан зөрчилтэй нь холбоотой тайлбар мэдүүлгийг Э.Оюунболдоос авалгүйгээр энэ асуудал шийдэгдсэн. Зөрчилтэй холбоотойгоор Э.Оюунболдыг дуудаж тайлбар мэдүүлэг авсан бол асуудал яаж шийдэгдэх нь эргэлзээтэй. Энд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Монгол Улс допингийн эсрэг гэрээ, конвенцод нэгдсэн бол энэ нь Үндэсний хууль тогтоомжийн хүрээнд нь яригдана. Нэг үгээр хэлбэл хууль л гэсэн үг. Хуулиас давж журам гарвал хууль зөрчсөн гэдэг ойлголтод очно. Хууль давж журам гарахгүй гэдэг үндсэн зарчим бий. Гэтэл ийм дүрмээр асуудлыг шийдсэн. Гэхдээ маргаан таслагдаагүй учраас шууд дүгнээд хэлэх боломж алга. Үүнийг ойлгоно биз.

-Төрийн бус байгууллага дотоод дүрмийн хүрээнд л асуудлыг шийдэж хүний эрхэд халдаж барилдах эрхийг нь найман жилээр хасч байгаа нь “том толгой” гаргасан үйлдэл гэх улс байна л даа. Энэ асуудалд таны байр суурийг сонсъё.

-МҮБХ-оо бол дотоод дүрэм журмаа боловсруулаад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллага. Үндэсний бөхийн спортоор 30.000 орчим хүн спортоор хичээллэдэг. Энэ хүмүүсийн эрх ашиг яригдаж байхад ийм шийдвэр гаргаж болох уу гэдэг өөрөө асуудал. Гэхдээ хуульчийн үүднээс МҮБХ-ноос гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахаас өөр арга байхгүй. Энэ шийдвэр нь харин хуульд нийцэж байна уу гэдэг нь эргэлзээ дагуулж байна. Монгол Улс нэгдээд орчихсон гэрээ, конвенцыг харахад арай өөр зохицуулалттай байдаг, МҮБХ-ны зүгээс Э.Оюунболдын эрхийг хасахдаа үндэслэсэн дүрмийн заалтыг харахад энэ дүрэмд нийцээгүй байх үндэслэлтэй. Допингийн эсрэг дүрмийн зөрчил гэдэг зөвхөн хэрэглэсэн тамирчныг хэлээд байгаа асуудал биш. Дэлхийн Допингийн эсрэг дүрмээр тамирчны биед хориглосон бодис илэрснээс эхлээд, шинжилгээ өгөхөөс санаатайгаар зайлсхийх, хориглосон бодисыг хэрэглэхийг ятгах, зоригжуулах зэрэг 11 тохиолдлыг допинг хэрэглэсэн буюу допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан гэж үздэг. МҮБХ-ны дүрмээр хянан шийдвэрлэх, сонсох ажиллагаа явуулж түүндээ тамирчны оролцоог нь хангаж, эрхийг эдлүүлэх ёстой байсан

Энд өөр нэг асуудал байгаа нь МҮБХ-ны дүрэмд давтан хэрэглэвэл найман жилээр эрх хасна гэж тусгасан байгаа юм. Дэлхийн допингийн эсрэг дүрэмд давтан хэрэглэсэн тохиолдолд шийтгэл нь арай өөр байдаг. МҮБХ-ны зүгээс Дэлхийн Допингийн эсрэг дүрэмд нийцсэн гэх тайлбарыг л хэвлэл мэдээллээр ярьдаг. Хоёр талаас уулзаж дүрэм хараад ярилцвал өөр л агуулга харагдана. Дашрамд дурдахад, Дэлхийн допингийн эсрэг дүрэм нээллттэй эх сурвалж учир сонирхсон хүн бүр интернэтээс олж унших боломжтой. Энэ дүрэмд давтан хэрэглэсэн тохиолдолд ямар шийтгэл оноодог вэ гэдэг талаар мэдээлэл авч болно.

-Энэ асуудлыг шийдвэрлэх хурлын тов гарсан уу?

-Урьдчилсан хурал өнгөрсөн долоо хоногт зарлагдсан боловч хариуцагч МҮБХ ямарч тайлбар хийлгүй таг болчихсон. Дараагийн хурлын тов удахгүй гарах байх. Бидний зүгээс тамирчныхаа эрхийг аль болох түргэн хугацаанд сэргээх агуулгаар л ажиллаж байна. Арбитрын давуу тал нь тэгж их цаг авахгүй. Спортын салбарын мэргэжлийн улс ажиллаж байгаа учраас илүү ойрхон л доо.

-Үндэсний спортын арбитраас таны үйлчлүүлэгчийн талд шийдэгдлээ гэж үзье. МҮБХ-ны зүгээс барилдуулахгүй гэх байр суурийг илэрхийлэх боломжтой. Энэ тохиолдолд хэрхэх вэ?

-Арбитрын шийдвэр эцсийнх. Олон улсын допингийн эсрэг дүрэмд ч спорт холбоод арбитрийн шийдвэрийг гүйцэтгэх талаар тусгасан байдгийг дээр хэлсэн. Удахгүй хуралдаж асуудал нэг талдаа гарах байх гэж найдаж байна.

Categories
гадаад мэдээ

Шанхай хотод хөл хорио тогтоолоо || DNN.mn

БНХАУ: Коронавирусийн халдвар 11 аймагт бүртгэгдсэн тул хөл хорио тогтоолоо  - Мэдээ, мэдээлэл - Монголын иргэн бүрд ажлын байр!

БНХАУ цар тахал эхэлснээс хойших хугацаанд хамгийн өргөн хэмжээний хөл хорионы дэглэм тогтоохоор болжээ. Шанхай хотод ес хоног үргэлжлэх хоёр шатны хязгаарлалтын дэглэм тогтоох бөгөөд энэ хугацаанд иргэдээ Ковид-19-ийн шинжилгээнд хамруулах юм байна.

Олон улсын зарим стандарттай харьцуулахад халдварын тохиолдол өндөр биш байгаа хэдий ч Хятадын эдийн засгийн чухал хэсэгт тооцогддог энэ хот сар орчмын хугацаанд ковидын тархалттай тэмцсэн байна. Хотын захиргаа эдийн засгийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлж 25 сая хүн амтай Шанхай хотод хөл хорио тогтоохоос татгалзаж байв. Гэвч өнгөрөгч бямба гарагт хамгийн олон тохиолдол илэрсэн тул шийдвэрээ өөрчлөхөөр болжээ.

Шанхай хотын зүүн хэсгийг өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 1 хүртэл, баруун хэсгийг дөрөвдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд хөл хорих юм байна. Энэ үеэр нийтийн тээврийг зогсоож, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох эсвэл зайнаас ажиллуулахаар болжээ.

Хятад улс ковидын “тэг” стратеги баримталж байгаа билээ. Гэвч Шанхайн зарим оршин суугч эцэс төгсгөлгүй их шинжилгээ нь тэднийг залхааж, “тэг-ковид” зарчим нь харьцангуй өндөр зардалтай байгааг хэлсэн байна.

Тус улсын үндэсний эрүүл мэндийн хорооноос ням гарагт дотоодод илэрсэн халдварын тохиолдол 4500 давсан гэв.

Categories
мэдээ нийгэм

Хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхыг анхаарууллаа || DNN.MN

QUIZ: Жолоо барих хэв маягаар ХҮНИЙГ ШИНЖИХҮЙ

Гуравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 384 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний зургаа нь нийслэлд, 12 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирчээ.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж, таван хүүхэд гэмтсэний хоёр нь явган зорчигч, гурав нь зорчигч байна. Насны хувьд 2-10 хүртэлх насны хүүхдүүд байгаа юм. Эцэг, эхийн хараа хяналтад байх ёстой хүүхдүүд бие даан хөдөлгөөнд оролцсоны улмаас гэмтэж бэртэх байдал буурахгүй байна.

Иймээс

  • Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох,
  • Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэх,
  • Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,
  • Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх,
  • Зам орчны байдалд хурдаа тохируулах,
  • Өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 206 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 167, орон нутагт 39 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашин ачих төлбөрийг 100 мянга болгохгүй || DNN.mn

Машин ачилтын компани утас - Huree.mn

Машин ачлагын хөлсийг 60 мянга байсныг 100 мянга болгох гэж буй талаар сүүлийн хэдэн өдөр ярьж, иргэд бухимдав.

Харин хотын даргын зүгээс эл санал албан ёсных бус. Нийслэлээс тийм санал гаргаагүй. Түгжрэл бууруулахтай холбоотой түмэн олон санал санаачлага, олон хүнээс гардагийн нэг нь л байсан” хэмээх тайлбар өгсөн.

Тэгвэл албан ёсны бус эл саналыг буцаасан байна. Өнгөрсөн баасан гарагт НИТХ-аар машин ачих төлбөрийг 100 мянга болгох, зогсоолын төлбөрийг 3000 болгох тухай асуудлыг хэлэлцэх байсан ч олон нийтийн эсэргүүцлээс үүдэн ийн татсан учраас хэлэлцээгүй байна.

Categories
гадаад мэдээ

Ээлжит бус дөрвөн дээд чуулган болж өндөрлөв || DNN.mn

Бельгийн нийслэл, Европын Холбооны засаг захиргааны төв Брюссель хотод гурван том ээлжит бус чуулган ээлж дараалан болж өндөрлөв. Эдгээр нь НАТО, “Их долоо”, Европын Холбоо болон АНУ-ын дээд хэмжээний уулзалт бөгөөд бүгд Украины асуудлыг авч хэлэлцэв. Уулзалтын үеэр эвслийн улсуудын удирдагчид Украины эсрэг явагдаж буй ОХУ-ын довтолгооны хариуд авч буй арга хэмжээний талаар болон Украинд цаашид хэрхэн туслах, Европ болон дэлхийн аюулгүй байдлын тогтолцоо ойрын ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх талаар хэлэлцлээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг анхны хуралдааныг эхлүүлж, Оросын хөрш улс руугаа ямар ч үндэслэлгүй халдсан үйлдлийг буруутгав. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нарын дээд хэмжээний уулзалтад хэлсэн үг илүү чухал ач холбогдолтой байв.

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден Брюссельд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ыг “Их 20” гэгдэх бүлгээс хасах Польшийн санаачилгыг дэмжив. “Миний хариулт бол тийм, шийдвэрийг “G20”-ийн бүлэг гаргана” гэж Байден сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Байден ОХУ-ыг хасаж чадахгүй тохиолдолд Украиныг “G20”-ийн дээд хэмжээний уулзалтад урихыг санал болгов. “Хэрэв Оросыг хасаж чадахгүй,”G20”-ийг одоо даргалж байгаа Индонез болон бусад улсууд санал нийлэхгүй бол миний бодлоор Украин мөн эдгээр уулзалтад оролцох шаардлагатай гэсэн асуудлыг би тавьсан” гэж АНУ-ын ерөнхийлөгч хэлсэн байна. Байдены хэлсэн үгний ихэнх нь эвслийн улсуудын үйл ажиллагаанд нэгдэхийг бусад улсад уриалсан уриалга байв. “Путин НАТО-г хуваагдана гэж бодсон. Түүнтэй хийсэн ярианаас харахад тэр биднийг эв нэгдэлтэй хэвээр үлдэнэ гэж бодоогүй нь тодорхой байсан. Түүний довтолгооны үр дүн эхлүүлэхдээ бодож байснаас нь яг эсрэгээр болсон. НАТО-гийн гишүүн улсууд өнөөдөр урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нэгдмэл байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч хэлэв. Мөн Оросын ерөнхийлөгчийг тогтоон барихын тулд юу хийх хэрэгтэй вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Байден хориг арга хэмжээ үр дүнд хүрнэ гэж найдаж байна гэв. Мөн тэрээр “Оросын хориг манай улс болон бусад улс ялангуяа Европын Холбооны иргэдийн амьдралд хүндээр тусаж байгаа. Гэхдээ Оросын бусад улсыг түрэмгийлэхэд зориулж буй мөнгийг таслан зогсоохын тулд бид энэ бэрхшээлийг тэвчээр заан даван туулах ёстой” гэж мэдэгдэв.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хэвлэлийн бага хурлын үеэр НАТО-гийн улсууд Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалахын тулд “чанартай, зохих тоо хэмжээний” зэвсгээр хангахад бэрхшээлтэй байгааг хүлээн зөвшөөрөв. Гэхдээ тэрбээр Их Британи болон НАТО-гийн холбоотон улсууд Украинд нийлүүлэх зэвсгийн хэмжээгээ үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэж амлав. Их Британи Украины Зэвсэгт хүчинд бусад зэр зэвсгээс гадна нэмж 6000 пуужин нийлүүлэх аж. Үүний зэрэгцээ Жонсон Орост үзүүлэх хориг арга хэмжээний шахалтаа нэмэгдүүлэхийг уриалаад, оросын талын мянга гаруй хувь хүн, компани Их Британийн хоригт өртсөнийг онцолжээ. “Энэ бол зөвхөн эхлэл. “Бид Путинд Украин ганцаараа биш гэдгийг ойлгуулахыг хүсч байна. Бид Киев, Мариуполь, Львов, Донецкийн ард түмнийг дэмжиж байна” гэж Жонсон хэлээд “Ерөнхийлөгч Зеленский өөрөө хэлсэнчлэн Украины ард түмэн ялж, Путин ялагдах ёстой” гэж нэмж хэлэв. Жонсон мөн Путины Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өөрийг нь “Барууны Оросын эсрэг уралдаанд хамгийн идэвхтэй оролцогч” гэж мэдэгдсэнд тайлбар хийв. “Огт тийм биш. Учир нь зөвхөн би ганцаараа идэвхтэй оролцогч биш. Магадгүй би Борис нэртэй Их Британийн анхны ерөнхий сайд болохоор түүнд тэгж санагдсан байх” гэж Жонсон хэлжээ. “Одоо Оросыг удирдаж байгаа Владимир Путины хийж байгаа зүйл бол гамшиг бөгөөд түүний Украин руу хийсэн довтолгоо нь хүнлэг бус, балмад явдал гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрч байгаа” гэж Их Британийн ерөнхий сайд нэмж хэлсэн байна. Ерөнхий сайд Борис Жонсон мөн Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээг танилцуулсан юм. Түүнчлэн, Путины хувийн арми гэгддэг Вагнерын бүлэглэлийн тухай анхааруулав. Уг армийн хөлсний цэргүүд Зеленский болон Украины бусад өндөр албан тушаалтнуудыг хөнөөх үүрэг хүлээсэн гэх мэдээлэл байгааг мэдэгдэв.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Ерөнхийлөгч Путин бие даасан, тусгаар тогтносон үндэстний эсрэг дайн эхлүүлж том алдаа гаргасан. Тэрбээр Украины ард түмний хүч чадал, Украины ард түмэн, Зэвсэгт хүчний эр зоригийг дутуу үнэлж, түүний бодож байснаас хамаагүй хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан” гэж эвслийн улсуудын удирдагчдад хандаж үг хэлэхдээ мэдэгдлээ. Тэрбээр, “Оросын түрэмгийлэл нь Европ дахь цэргийн тогтоон барих тогтолцоог дорвитой шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байгаа бөгөөд өнөөдрийн дээд хэмжээний уулзалт энэхүү тогтолцооны суурийг тавьж байна” гэв. “Үнэн хэрэгтээ бид энэ үеийнхээ аюулгүй байдлын хамгийн том хямралтай тулгараад байна” гэж тэрбээр хэллээ. “Өнөөдрийн уулзалт энэ хямралын үед Европ, Хойд Америкийг нэгтгэхийн ач холбогдлыг харуулах болно. Бид бол дэлхийн хамгийн хүчтэй эвсэл бөгөөд хамтдаа байвал аюулгүй” гэж Ерөнхий нарийн бичгийн дарга нэмж хэлэв. Столтенберг мөн НАТО-гийн хүчнийхэн дайнд оролцохоор төлөвлөөгүй гэдгийг тусад нь цохон тэмдэглэв. “Бид Украиныг пуужингийн довтолгооноос хамгаалах дэвшилтэт систем, танк эсэргүүцэх зэвсэг, сум, түлшээр хангаж байна. Холбоотнууд Украиныг янз бүрийн чиглэлээр дэмжиж байгаа. Гэсэн хэдий ч бид НАТО-гийн цэргийн хүчийг газраар, эсвэл агаараар мөргөлдөөнд оролцуулахгүй гэдгээ тодорхой хэлэх ёстой. Энэхүү шийдвэрийг бид үүнээс ч их зовлон, үхэл, сүйрэлд хүргэхгүйн тулд энэхүү мөргөлдөөнийг Украины нутаг дэвсгэрээс халиулахгүй байх үүрэг хариуцлага хүлээсэнтэйгээ холбоотойгоор гаргасан” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга “Зүүн жигүүрт байршуулсан хүчнийхээ тоог нэмэгдүүлнэ. Унгар, Словак, Болгар, Румынд нэмэлт цэрэг оруулна” гэжээ. Мөн Украинд дэмжлэг үзүүлж, химийн, биологийн болон цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгслээр тусална гээд одоо НАТО-гийн 40 мянган цэрэг, АНУ-ын 100 мянган цэрэг Европт байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байгааг цохон тэмдэглэв.

Украины ерөнхийлөгч Зеленский мөн дээрх гурван уулзалтад гурвууланд нь цахимаар үг хэлсэн нь урьд болж байгаагүй содон явдал болов. Тэрээр эдгээр улсуудаас цэргийн тусламжаа нэмэгдүүлэхийг хүссэн юм. “Биднийг аврахын тулд маш их цэргийн тусламж хэрэгтэй байна. Украин НАТО-гоос тусламж хүссэн. Танайд олон мянган сөнөөгч онгоц, танк бий. Тэр бүх танкныхаа нэг хувийг л бидэнд өгөх юмуу зарахыг бид хүсч байна. Гэвч одоогоор тодорхой хариу сонсоогүй л байна. Дайны үеийн хамгийн аймшигтай зүйл бол тусламж хүсэхэд хариу өгөхгүй байх явдал юм байна” гэж тэрээр хэлсэн юм. Эдгээр уулзалтуудын үр дүнгийн талаар хийсэн хэвлэлийн хурал дээр “Оросууд НАТО-ын гишүүн аль нэгэн улсын нутагт ямар ч цохилт өгсөн тохиолдолд бид маш хатуу хариу барих болно” гэж АНУ-ын ерөнхийлөгч маш ойлгомжтойгоор мэдэгдсэн гэдгийг Жо Байдены Үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх Жейк Салливан мэдэгдэв. Мөн дээрх хуралдаануудтай давхцан НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит бус чуулган болж Украины дайны галыг даруй зогсоох, иргэдийн эрх ашиг, аюулгүй байдал мөн иргэний объектыг хамгаалах асуудлаар дахин тогтоол гаргах тухай санал асуулга явуулав. Нийт 193 гишүүн улсаас 140 нь дэмжиж, 38 улс түдгэлзсэн бол Сири, Беларусь, Умард Солонгос, Эритрей, Орос гэсэн таван улс эсэргүүцэж, Монгол түдгэлзсэн байр суурьтай байлаа. НҮБ-ын Ерөнхий ассамблей гуравдугаар сарын 2-ны өдөр Украины нөхцөл байдлын талаар санал хураалт явуулж байсан. Тухайн үед 141 улс дайны гал зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах тогтоолыг дэмжиж байв. Энэ тогтоолтой холбогдуулан АНУ ОХУ-ын түрэмгийллээс болж, эх орноосоо дүрвэсэн 100 мянган украин иргэнийг хүлээн авна гэдгээ мэдэгдлээ. “Бид энэ амлалтаа биелүүлэхийн тулд АНУ-ын, цагаачлалын болон цагаачлалын бус визийг багтаасан хууль эрх зүйг саадгүй болгох бүх арга замыг судалж байна” гэж АНУ-ын төлөөлөгч мэдэгдэв. Одоогийн байдлаар Украин улсаас 3.5 сая хүн дүрвэсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлаг мэдэгдээд байгаа юм.

Эцэст нь эдгээр дөрвөн уулзалт, хуралдаанаас бидэнд хамаарах хэсгийг энгийн үгээр тайлбарлавал, Орос улсад тавьсан хориг хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсгэн барааны үнэ нэмж бүх улсын жирийн иргэдийн амьдрал хүндрэх юм байна. Энэ нь жинхэнэ дайны хөлд л өртчихгүй бол энэ ч ёстой яамай байна гэсэн үг аж. Бас чөлөөт зах зээлийн ачаар дэлхий нийт Оросгүйгээр дасан зохицох 1-2 жилийн хугацаанд тэвчих ёстой гэсэн үг. Хойд хөрш маань Европын холбоо, “Их долоо”-гоос хасагдаад байгаа бол удахгүй “Их-20” болон НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс хасагдах болоод байгаа юм байна. Энэ нь ОХУ-ыг террорист буюу эзлэн түрэмгийлэгч-алан хядагч улс хэмээн НҮБ-аас ч хөөхийг үгүйсгэхгүй болсон гэсэн үг. Учир нь АНУ, Европын холбооноос гадна Англи, Япон, Швейцарь, Австрали, Канад тэргүүтэй дэлхийн 140 улс ОХУ-ын өнөөгийн удирдагч В.Путин түүний ойр тойрныхон, улстөрчид бүр дайныг зөвтгөн сурталчилсан хэвлэл мэдээллийнхнийг хүүхэд, эмэгтэйчүүд, жирийн иргэдийг устган геноцид үйлдсэн дайны гэмт хэрэгтэн хэмээн Нидерландын Гааг хот дахь НҮБ-ын Гэмт хэрэгтний шүүхээр орж шийтгүүлэх ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Эдгээр 140 улс нь НҮБ-ын дүрэмд заасан нийт гишүүдийн 3/2-оос хамаагүй илүү санал болох учир энэ байгууллагын дүрэм, журамд өөрчлөлт оруулах хангалттай хүч гэсэн үг. Ерөөс эдгээр 140 улс Орос-Украины дайныг дэлхийн Авлигачин олигарх дарангуйлагчид-Ардчиллыг дэмжигч хүчний хоорондын тэмцэл гэж харж байгаа аж. Бас дэлхийд “аман хүзүү” гэгддэг байсан Оросын арми авлигад идэгдэн ялах чадваргүй болсноос “Ичсэн хүн хүн ална” гээч нь болж Польшид атомын бөмбөг хаяж магадгүй болчихоод байгаа аж. Үүнд нь НАТО болон Европын Холбооны гишүүн улсууд бэлдчихээд байгаа юм байна. Иймээс Оросын сүйхээтэй хэсэг болох олон зуун мянган иргэд гэр бүл, хамаатан саднаа аван өөрийн улсаас дайжаад байгаа ажээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Оскарын тайзан дээр жүжигчин Уилл Смит хөтлөгчийг алгаджээ || DNN.mn

Одоо үргэлжилж буй Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр олныг гайхшируулж, цочроосон сонирхолтой үйл явдал тохиолджээ.

Шилдэг баримтат киноны шагналын эзнийг зарлахаар тайзан дээр гарсан комедиан Крис Рок үзэгчдийг хөгжөөх зорилгоор зарим хошигнол хэлэхдээ Холливүүдийн од Уилл Смитийн эхнэрийн халзарсан толгойн талаар хөндсөн юм.

Смитийн эхнэр Пинкет өвчний улмаас үс унаж, халцарснаа өмнө нь хэвлэлд ярьж байжээ.

Гэтэл удалгүй Уилл Смит тайзан дээр гарч ирээд Крис Рокийн нүүрэнд хүчтэй алгадсан байна.

Рок энэ үеэр гайхсанаа илэрхийлж, ”Wow” гэхээс өөр үг хэлээгүй юм. Дараа нь тэр “Уилл Смит намайг эвгүй байдалд орууллаа” гэж хэлсэн байна.

Суудалдаа буцаж суусан Смит “Хараал идсэн амаараа миний эхнэрийн нэрийг битгий хэл” гэж Рок руу хашхирчээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нийтийн тээвэр дэх хандлагын ялгаа || DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт хилийн чанадад суралцдаг найзтайгаа онлайнаар холбогдлоо. Аж амьдралаас нь авахуулаад хүмүүсийн харилцаа хандлага зэргийн талаар нээлттэй хөөрөлдсөн юм. Манай хүн сурахын хажуугаар ажилладаг. Хоногийн 24 цагийн тэн хагаст нь ажиллаж, 3-4 цагт нь суралцана. Үлдсэн хугацаанд нь унтаж амардаг гэнэ. Сүүлийн гурван жил орчмын хугацаанд ийм хэмнэлээр яваад нэлээн ядарч.

Саявтар метронд явахад нь настай эмэгтэй хажууд нь ирээд зогсож. Манай хүн ядарч байсан ч “монгол зангаараа” шууд л суудлаа тавьж өгөхөөр ухасхийгээд боссон байгаа юм. Хариуд нь өнөөх эмэгтэй “Хэрэггүй ээ. Надаас илүү ажилласан чи ядарсан байх. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн хөлөө амраагаад буу” гээд мөрөн дээр нь зөөлхөн хүрч л дээ. Энэ үйлдэл нь харийн оронд ажиллаж яваа найзад маань эерэг сэтгэгдэл төрүүлж.

Манайд ийм хандлага яг эсрэгээрээ байх шиг. Нийтийн тээврээр зорчиход “Би л ахмад настай. Надад л суудал тавьж өгөх ёстой” гэх ялархсан хандлага ахмадуудаас түгээмэл харагддаг. Энэ хандлагаа илэрхийлэхдээ залуусыг үгүйсгэж, олны өмнө хүмүүжилгүйгээр нь дуудан шившиглэж хуучин нийгмийн үзэл суртал харуулна.

Нийтийн тээвэр ахмадуудын өмч биш. Дээрх жишээнээс үлгэрлэж энэ ялархсан муухай хандлагаа засах цаг болсон юм шиг. Наанадаж л түүнийгээ эелдгээр илэрхийлж байвал.

Өглөөнөөс үдэш хүртэл завсаргүй ажилласан залуус, хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж буй оюутнуудад ялархдаг хандлагаа ахмадууд өөрчлөх цаг болжээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

ОСКАР 2022: Encanto шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарлаа || DNN.mn

Уолт Дисней кино компанийн бүтээл “Encanto” 94 дэх удаагийн Оскарын наадмын шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарлаа. Тус кино 120-150 сая ам.долларын өртгөөр бүтэж, нийт 251 сая ам.долларын ашиг орлого олжээ. “Encanto” хүүхэлдэйн кино мөн Шилдэг дуу, Шилдэг дууны найруулга төрөлд нэр дэвшсэн юм.

Одоогоор шилдгээр шалгараад буй уран бүтээлчид:

Шилдэг эмэгтэй туслах дүр: Ариана ДеБосе /West side story/

Шилдэг эрэгтэй туслах дүр: Трой Коцур /CODA/

Шилдэг баримтат кино /богино хэмжээний/: “The Queens of Basketball”

Шилдэг визуаль эффект: “Dune”

Шилдэг зураг авалт: “Dune”

Шилдэг олон улсын кино: “Drive my car”

Шилдэг прокдашн ажил: “Dune” Шилдэг дууны найруулга: “Dune”