Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Мөнх-Эрдэнэ: Дайны үед алт, ноолуур хоёроосоо л ахиу доллар олох боломж байна || DNN.mn

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Орос, Украины асуудал дэлхийн гуравдугаар дайныг өдөөх үү, дайн эхэлбэл хэр хугацаанд үргэлжлэх бол, дайны нөлөө дэлхийн эдийн засагт яаж тусах вэ, тэр дундаа манай улсын эдийн засагт хэрхэн ямар нөлөө үзүүлэхээр байна гэх мэт өчнөөн асуулт хөвөрч байна. Орос, Украины харилцааны хямрал эдийн засагт яаж нөлөөлөх бол. Лав л алтны үнэ 100 ам.доллараар өсчихлөө?

-Путины мэдэгдлүүдийг харахад маш олон жил хүлээж суугаад тэсэрсэн юм шиг, тэвчээр алдаад эцэст нь эрс шийдсэн юм шиг өнгө их тод анзаарагдаж байна. Өнгөрсөн бүтэн сайнд гэхэд л цөмийн зэвсгийнхээ хүчинг өндөржүүлсэн бэлэн байдалд орууллаа гээд дуугарчихлаа. Ингээд харахаар хурдан хугацаанд хэвийн амьдралдаа эргэж орохгүй болов уу. Ийм тодорхойгүй байдал үүсчихээр дэлхийн зах зээл дээр алтны ханш харьцангуй өндөр түвшинд хүрчихлээ л дээ. Сая гэхэд гэрлийн шокоор өслөө. Гэхдээ үнэхээр дайн дажин хүндэрч асуудал хурцдахгүй бол алтны ханш огцом өсөлт үзүүлэхгүй. Америк Орос руу цэргээ оруулахгүй гээд мэдэгдчихсэн байгаа, төв банк нь хатуу бодлого барина гэдгээ зарлачихсан учраас алтны ханш өнөөдрийнхөөсөө унах магадлал бий.

-Дайны нөхцөл байдал хүндэрнэ, хоёр тал ойлголцол зөвшилцөлд хүртэл харьцангуй урт хугацааг туулна гэсэн таамаглал давтамжтай дуулдаж байна л даа. Америкийн хувьд цэргээ оруулах нөхцөл үүсэхийг ч үгүйсгэх аргагүй. Ийм байдалд хүрвэл алтны ханш өсөлт үзүүлсээр байх уу?

-Тогтворгүй байдал үүсэхэд алтны ханш өсдөг нь жам гэдэг утгаараа байдал хүндэрвэл мэдээж өндөр түвшингээ хадгалсаар байна. Огцом өсөх магадлал ямар тохиолдолд биеллээ олох вэ гэсэн асуулт тавиад харахаар ганц л шалтгаан бий. Европын холбоо, Америк цэргээ оруулах эсэх асуудлаас л шалтгаална. Одоогийн нөхцөл байдал эцэстээ хоёр том гүрний дайн болж хувирвал алтны ханш огцом цойлно.

-Ер нь тогтворгүй байдал, дайн дажны үед алтны үнэ хамгийн ихдээ хичнээн хувийн өсөлт үзүүлж байсан бол, энэ удаагийн үл ойлголцол дайн болж даамжирвал алтны ханш хичнээн хувийн өсөлт үзүүлэх талаар тодорхой таамаг хэлэх боломжтой юу?

-Эрсдлээс хамгаалсан бүтээгдэхүүн гэдэг утгаараа алтны үнэ дайны үед дандаа өсч байсан. Дайны оргил үед хамгийн их өсч байсныг өнгөрсөн түүхээс харж болно. Гэхдээ Америк оролцож байгаа дайнд алтны ханшийн өсөлт маш тод ажиглагддаг. Гэтэл өнөөдөр АНУ яах нь тодорхойгүй байна. Тийм учраас яг төчнөөн хувиар тэгж өснө гэж хэлэх боломж алга. 2001 оны есдүгээр сарын 11-нд гэхэд алтны үнэ ганцхан өдөрт 30, 40 хувиар өссөн түүх бий. Америк руу халдсан үйл ажиллагаа болсон учраас ингэж өссөн хэрэг. Европт янз бүрийн террорист халдлага болж байсан ч алтны ханш мэдрэгдэхүйц, огцом хөдөлсөн удаагүй. Америк долларын үнэ цэнэ алтаар баталгааждаг учраас АНУ энэ дайнд хэр гүн татагдаж орохоос алтны ханш өсөх эсэх нь хамаарна.

-Жо Байдены байр суурь хатуу байгаа гэсэн өнцгөөс харахаар АНУ энэ дайнд татагдаж орох магадлалтай. Тэгвэл алтны ханшид хэр өсөлт ажиглагдах бол?

-Тийм байдал үүсвэл алтны ханш яалт ч үгүй шинэ дээд рекорд тогтооно. Алтны одоогийн ханш 1900 орчим ам.доллар хавьцаа байна. 2020 оны хамгийн дээд түвшин нь 2175 ам.доллар хүрсэн. Энэ хэмжээнээс лав дээшилнэ. АНУ өнөөгийн байр сууриа өөрчлөөд цэргээ оруулна гэсэн асуудал яригдаад эхэлбэл дор хаяж арван хувийн өсөлт үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд огцом өсөлт гарна.

-Дайн хурцадлаа гэхэд нүүрс, зэсийн ханш яах бол?

-Орос, Хятад хоёр үндсэндээ нэг эрх ашигтай болчихлоо л доо. Оросын хийж байгаа энэ үйлдэл Хятадын эдийн засагт сайн уу гэхээс муу биш. Тэр утгаараа урд хөршийн эдийн засаг өсдгөөрөө өснө, нүүрс, зэсийн хэрэглээ байсаар л байна. Үнэхээр хурц дайн өрнөвөл зэвсгийн үйлдвэрлэл, байлдааны хангамж гэх мэтээр металлын хэрэгцээ өсөөд явчихна. Тэгэхээр дайнаас болоод нүүрс, зэсийн үнэ уначих вий гэж санаа зовох шаардлагагүй. Ковидоос шалтгаалсан хил, боомтын гацаа гэх мэт асуудал л экспортын гарцад нөлөөлөх эрсдэлтэй. Ингээд харахаар дайнтай хамаатайгаар манай эдийн засагт огцом, том эрсдэлүүд үүсэх магадлал бага.

-Манай улс ам.долларын ханш өссөөр байгаа, валютын нөөц их биш гэх мэт асуудалтай нүүр тулчихсан яваа учраас алтны ханшийн өсөлтийг сонирхоод байна л даа. Дайн ужгирч, урт хугацаанд үргэлжиллээ гэхэд алтаа ахиухан олборлож чадвал долларын ханшийг тавиад туучихгүйхэн шиг аж төрөх боломжтой байх тийм үү?

-Ер нь бол тийм. Долларын ханшийн өсөлтийн тухайд Монголбанкны интервенцийн бодлого нэгдүгээр сараас эхлээд өөрчлөгдсөн юм. Өмнө нь нийлүүлж явсан шигээ өндөр интервенц хийх чадал хумигдсаныг төв банкны статистикаас харчихаж болно. Тэр утгаараа долларын ханш өсөөд эхэлчихсэн. Дайн үргэлжилбэл алтны ханш өсөх нь тодорхой, өсөлттэй үед нь ахиухан олборлоод экспортолбол долларын ханшийг барих боломжтой. Алтны тухайд өнөөдөр ашиглаж буй ордуудаас гадна бодлогоор том ордуудыг ашиглах хувилбар байж болно.

-Ингээд харахаар манай улсын хувьд алтны ханшийн урт, дунд хугацааны чиг, таамгийг зөв харж тэр таамагтайгаа уялдуулж алт олборлолтдоо анхаараад явчихвал ямар ч цагт ханшийн эрсдэлд сөхөрчихгүй амьдарч болмоор ч юм шиг…

-Алтны ханшийн урт хугацааны чиглэлийг ерөөсөө л Америк, энэ улсын төв банк, мөнгөний бодлого тодорхойлдог. Дунд нь дайн, геополитикийн асуудлаас болоод богино хугацааны огцом өсөлт, уналтууд гардаг. Гэхдээ тэр өсөлт, уналтууд удаан хугацаанд үргэлжилж чаддаггүй. Америкийн төв банкны мөнгөний бодлоготой л уялддаг. Тэгэхээр бид алтны дунд, урт хугацааны ханшийн чиглэлийг гаргая гэж зорьж яваа бол Америкийн төв банк хаачих гэж байгааг л анзаарах ёстой. Энэ бол жанжин шугам нь. Үүн дээр нэмэгдэх шалтгаанууд нь бас Америктай холбоотой. Орос-Америк, Америк-Хойд Солонгос, Америк-Хятадын харилцаа гэх мэт АНУ-тай холбоотой харилцаанууд бас бий. Гэхдээ энэ бүхэн нь богино хугацааны өөрчлөлтийг үүсгэдэг.

-Орос, Украины дайнаас манай улсын хамгийн их болгоомжилж байгаа зүйл бол газрын тос. Хойд хөршөөс газрын тосны хэрэглээгээрээ бүрэн хараат гэж хэлж болохоор ийм нөхцөлд бидэнд ямар эрсдэл тулгарахаар байна вэ?

-Газрын тосны үнэ өсчихлөө. Дайны нөхцөл илүү хүндэрч, урт хугацаанд үргэлжилбэл газрын тосны ханш дахиад өсөх нь ойлгомжтой. Тэгэхээр газрын тосны үнийн энэ өсөлт л манайд шууд утгаараа нөлөөлнө. Түүнээс биш нийлүүлэлт тасалдах гэх мэт асуудал гарахгүй. Учир нь ОХУ-ын хувьд бид жижигхэн хэрэглэгч төдий. Хэрвээ Путиныг ийм эмзэг үед нь харилцаандаа сэв суулгахуйц мэдэгдлүүдийг дотоодоосоо хийгээд байвал шатахууны нийлүүлэлтээ танах, хасах, таслах эрсдэлтэй. Манайд шатахуун нийлүүлэхгүй явлаа гээд олох мөнгөө алдаж, дампуурчих гээд байх эрсдэл Орост үгүй. Манайх шиг хоёр том хөршийн дунд оршдог, далайд гарцгүй орны тухайд ийм цагт төвийг сахих нь л хамгийн зөв гаргалгаа. Аль нэг тал руу нь ханараад налаад явбал тухайн үедээ ашиг хонжоотой байж магадгүй. Гэхдээ урт хугацаандаа хэзээ ч зөв зүйлд хүргэхгүй. Бүр урт хугацаандаа яах бол гээд харахаар нэг асуулт гарч ирж байгаа. Бид цаашдаа нэг хөрштэй болчих юм биш байгаа гэсэн асуулт.

-Яагаад?

-Хойд хөршийн хувьд эдийн засгийн хүч нь улам сулрах эрсдэл рүү орчихлоо. Өөрөөр хэлбэл, нэг хөршийн маань нөлөө улам суларч, нөгөө хөршийн маань нөлөө илүү томроод байна л даа. Оросын тухайд Украин руу зоригтой шийдэмгий хөдөлж байгаа нь цаанаа том шалтгаантай байх. Хятадтай ярьсан тохиролцсон эдийн засгийн хамтын ажиллагаа бий учраас ингэж зориглосон болов уу. Украинтай холбоотой тэсвэр алдахаас аргагүй шалтгаан Путинд байгаа ч мань эрд улс орныхоо эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихгүй байх баталгаа онцгой чухал.

-Хятад тэр баталгааг нь өгсөн учраас Орос зоригтой хөдөлсөн гэж хэлэх гээд байна аа даа?

-Яг тийм. Наад захын жишээ гэхэд л жилийнхээ худалдааны эргэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэе гэж ярьсаар ирсэн нь баталгаажиж байна. Байгалийн хий нийлүүлэх том төсөл хэрэгжихээр болчихсон. Хятад, Оросын энэ мэт хамтын ажиллагаануудыг том зургаар нь харахаар урд хөрш хойд хөршийн ар тал болж байна гэсэн дүгнэлтийг хийчихэж болохоор. Товчхондоо мөнгөтэй, хүчтэй Хятад улс Оросоос бүтээгдэхүүн авна, ОХУ экспорт хийхээр гар барьсан юм чинь урд хөршийн өөр нэг том эрх ашгийг хангах ёстой болж таарна. Өөрөөр хэлбэл, Хятадын удирдагч хийхийг хүссээр ирсэн үйлдлээ Путинээр хийлгээд хараад суугаа юм биш үү гэсэн хардлага төрж байна л даа. ЗХУ задрах үед Путин 39 настай, бүх итгэл үнэмшил нь социалист нийгмийн үед тогтчихсон байсан. Энэ хүний хувьд ЗХУ-ын задрал маш том ялагдал байсан нь тодорхой. Задарч салсан улсуудаа ямар нэгэн байдлаар буцааж авахсан гэсэн бодол санааны мухарт нь байсаар ирсэн, тэр санаагаа гүйцэлдүүлэхийн төлөө үйлдэл хийж байх шиг. Гэхдээ нөгөө талаас нь харвал хойд хөршийн удирдагч орчин үеийн эдийн засгийг сайн мэддэг хүний хувьд ардаа хамгаалагчтай байж л зоригтой хөдөлнө. Эдийн засгийг нь дампууруулчихгүй байлгах тохиролцоо байж таарна. Тэр нь Хятад гэж харагдаад байна л даа. Хятадын хувьд Путиныг эдийн засгаар нь дэмжээд өрөлт дэвэлтийг нь хараад сууж байя, амжилттай болвол өөрсдийнхөө эртнээс бодож явсныг ажил болгоё гэсэн бодолтой суугааг үгүйсгэх аргагүй. Тийм тохиролцоо хоёр хөршийн дунд хийгдсэн байх магадлалтай. Хэрвээ энэ таамаглал үнэн бол манай улсад урт хугацаандаа асар аюултай. Бидний хувьд ухаантай амьдрах цаг ирлээ л гэж харж байна.

-Орос, Украины дайны эхний нөлөө болох шатахууны үнийн өсөлт инфляцийг улам өсгөх нь тодорхой байна. Дахиад онцлоход ахиухан доллар олж л төгрөгөө цаас болгочихгүйхэн шиг амьдрах ганц гарц байна. Дайны цагт доллар олох боломжтой бүтээгдэхүүнүүд гэвэл та юуг онцлох вэ?

-Юуны өмнө нэг зүйлийг онцолмоор байна. Хятад олимпоо дуусгаад хил гаалийн хатуу хоригуудаа зөөллөж эхэлсэн байх. Гэхдээ хэвийн, сайхан цаг эргэж иртлээ хугацаа их шаардана. Хил, гаалийн хорио, хязгаарлалт бүрэн тавигдтал хугацаа их авах учраас экспорт хийж доллар олъё гэвэл овор хэмжээ багатай хэрнээ үнэ цэнэтэй гэсэн шалгуурыг онцгойлж анхаарах ёстой. Ингээд харахаар алт, ноолуур хоёр л байна. Бүр тодруулж хэлбэл дайны үед алт, ноолуур хоёроосоо л ахиу доллар олох боломж байна. Ер нь ковидын үед ч тэр, дайны цагт ч тэр, хэцүү бэрх ямар ч үед овор хэмжээ маш бага хэрнээ өндөр үнэ цэнтэй бүтээгдхүүний экспорт л өгөөжөө өгдөг. Жишээ нь, манай улс жилд 20 тонн алт олборлодог. Цэвэршүүлж боловсруулсан алтны хэмжээ маань ийм гэсэн үг. Овор бараа нь гэвэл ерөөсөө л хааш хаашаагаа нэг метр куб хэмжээтэй. Ийм бага овортой хэрнээ 700 сая ам.доллар.

-Шинэ төслүүд нэмж хэрэгжүүлээд дахиад 20 тонн алт нэмээд олборлочихвол долларын ханшийг түвэггүй барьчихаар юм байна даа.

-Хэрвээ тэгвэл долларын ханш унадаггүй юм гэхэд өсөхгүй.

-Ковид, тээвэрлэлтээс улбаатай саад бэрхшээл нүүрсний экспортод сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Ингээд харахаар таны онцолсончлон овор багатай, үнэ цэнэ ихтэй бараа бүтээгдэхүүний экспорт л аминд орох юм байна шүү. Алт олборлолтын хэмжээгээ өсгөхийн тулд шинэ төслүүд хэрэгжүүлэх гарц бий. Ноолуурын экспортыг өсгөхийн тулд ямар гарц байна?

-Алтны хувьд боломж байвал шинэ төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Ноолуурын тухайд Хятадын хөгжлийн гол гарц болсон чөлөөт бүсийн шийдлийг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлбэл бодитой үр дүн гарна. Урд хөрш худалдааны, технологийн, үйлдвэрлэлийн гэх мэт маш олон төрлийн чөлөөт бүсийг байгуулсан. Дэд бүтцийг нь бэлдэж, татварыг нь хөнгөлж, хүмүүс амьдрах орчныг нь бүрдүүлээд өгчихдөг. Тийм таатай орчинд компаниуд олноороо очиж ажиллаад хурдацтайгаар дэлхийд гардаг. Манайд ийм бодлого алга. Манай улс түүхий ноолуур, хэдэн үйлдвэрлэгчийнхээ бүтээгдэхүүний экспортоос жилдээ 330 сая ам.доллар олж байгаа. Энэ хэмжээг тэрбум ам.доллар болгож өсгөх бололцоо бий. Түрүүн хэлсэн шиг тийм нээлттэй бүс байгуулаад ноолуурын бүх компанийг оруулчихвал энэ салбарын экспортоос тэрбум ам.доллар олох асуудал биш. Нүүрсний экспорт өнөөдөр хэцүүхэн байгаа тухай та сая онцоллоо. Бид нүүрсээ ганцхан замаар тээвэрлэж байгаа. Тэр зам эвдэрч гэмтэхэд л нүүрсний экспортод том гацаа үүсэх эрсдэлтэй. Ковидын үед нүүрсний тээвэрт хил, боомтын гацаа гэсэн том асуудал үүсчихсэн. Хятадтай харилцаагаа сайжруулж шинэ сувгууд нээх шаардлага бий. Яг одоогийн байдлаар нүүрсний тухайд Гашуунсухайт, Шивээхүрэн гэсэн хоёр гол боомт л байна. Бараа бүтээгдэхүүнээ татаж авдаг Замын-Үүд гэсэн ганцхан сувагтай. Экспорт, импортын гарц орцуудаа нэмэх, боомтуудынхаа хүчин чадлыг нэмэх хэрэгтэй гээд яривал хийх ажил их байна.

Categories
мэдээ цаг-үе

Цагдаа нарт хүний эрхийн талаар сургалт оржээ || DNN.mn

Цагдаа нарт хүний эрхийн талаар сургалт оров

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Цагдаагийн ерөнхий газартай үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг баримтлан “Санамж бичиг”-ийн хүрээнд хамтран ажилласаар ирсэн.

Хамтын ажиллагааны хүрээнд Комиссоос Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албадын тасаг, хэлтэс болон Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт чадавхжуулах сургалтыг (2022.03.01) зохион байгууллаа.

Сургалтад Комиссын гишүүн Б.Энхболд, “Хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагаа”, гишүүн Д.Сүнжид “Хүний хувийн мэдээлэл хамгаалах”, гишүүн Х.Мөнхзул “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог, анхаарах асуудал” сэдвээр сургалт хийж дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Мөн сургалттай холбогдуулан албан хаагчид хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрхэд тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулахдаа иргэдтэйгээ харилцах хандлагаа өөрчлөх цаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, дээрх сэдвийн хүрээнд гишүүдээс асууж, тодруулж мэдээлэл авсан юм.

Сургалтын үеэр Комиссын гишүүд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын түвшинд уулзалт хийж, мөрдөгч нарт чиглэсэн нарийвчилсан сургалтыг үе шаттай зохион байгуулж, хүний эрхийн сургагч багш бэлтгэх, алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл ажлын байрны дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Сургалт танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж нийт 618 алба хаагчид хамрагдав.

Categories
мэдээ цаг-үе

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ || DNN.mn

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ

Д.Кёкүшюзанбатбаяр /Иргэний үнэмлэхэд бичигдсэн албан ёсны нэр/ нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёрдугаар сарын 28-ны 10.00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдаан түр засварласан бөгөөд өнөөдөр 09:00 цагаас гурав дахь өдрөө үргэлжилнэ.

Прокурорын байгууллагаас Д.Кёкүшюзанбатбаяр Н.Болормаа, Б.Цэрэндорж, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.

17.3 дугаар зүйл.Залилах
2.2. бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан.

Улмаар зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Оюу толгойг хянах цаг одоо л эхэлж байна || DNN.mn

Оюу толгой тойрсон олон жилийн маргаан эцэслэгдээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Гэхдээ эцэглэгдсэн эсэхийг нь хэн ч мэдэхгүй. Энэ бол зөвхөн эрх баригчдын л хэлж байгаа тайлбар. Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулж, Дубайн гэрээг цуцалж, гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг хөрөнгө оруулагчид дангаараа хариуцахаар болсон. Мөн Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулснаас гадна төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Олон жилийн турш гэдийж ирсэн хөрөнгө оруулагчид ийнхүү огцом буулт хийсэн нь өөрийн эрхгүй хардлага төрүүлнэ.

Одоо Оюу толгой Засгийн газартай гэрээ хэлэлцээр хийж, хоорондоо учраа олчихсон гэж үзэн ажилдаа орчихсон яваа. Угтаа Засгийн газартай хамтарч ажиллана гэдэг бол Засгийн газрын хамгаалалтад орсон л гэсэн үг. Улс төрийн хамгаалалттай болсон гэсэн үг. Оюу толгойн гэрээг байгуулсан цагаас нь л хойш бараг Монгол даяараа маш ихээр шүүмжилж ирсэн. Тэр дундаа Оюу толгой шүүмжлэлээр мэргэшсэн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун зэрэг улстөрчид байлаа. Байлаа гэхийн учир нь тэд ч бас гэнэт Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг буулгаж авсан баатрууд хэмээн өөрсдийгөө тодруулан , цаашдаа хөрөнгө оруулагчидтай тууштай хамтран ажиллах түншүүд болж хувирснаа зарласан. Уг нь тэд Оюу толгойн хөрөнгө оруулагчдад зориулсан шүүмжлэлээрээ сонгогчдын тархийг угааж УИХ-д хамгийн багадаа хоёр удаа улиран сонгогдсон улстөрчид. Ирэх сонгуулиар тэд юу ярьж, хуйхаа маажих юм бүү мэд. Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг үзэж чаддаггүй байсан тэдний одоогийн байр суурь их өөр болсон.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хөрөнгө оруулагч тал та бүхэн ямар ч хатуу үг хэлсэн бид хүлээж авна гэдгээ илэрхийлсэн. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нэг ойлголт, байр суурьтай байж улс орныхоо эрх ашгийн төлөө бат зогссоны үр дүн гарлаа” гэсэн байр суурьтай байгаа бол Х.Болорчулуун гишүүн “Рио Тинто” компанийн ерөнхий захирал Якоб Стаусхолм, “Туркойз хилл” компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоутой Ерөнхий сайд болон УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн гишүүн бид уулзсан. Бидний хүссэнээр буулт хийлээ. Анх ихэмсэг байсан ч сүүлдээ асуудлыг ойлгож хүндэтгэлтэй хандсан” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Монголын ард түмэн үнэтэй авч байсан байгалийн баялагтаа эзэн болж чадлаа. Хоёр тал харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхцөл бүрдсэн. Бид нэг завин дээр сууж чадсан учраас ийм үр дүнд хүрлээ” гэсэн юм. Асуудлыг шийдэж 10 хувийг нь авдаг гэгддэг “10 хувийн” Ц.Даваасүрэн гишүүний хэлж байгаачлан тэд үнэхээр үзэн яддаг байсан хөрөнгө оруулагчидтайгаа нэг завинд суужээ.

Энэ бүхнээс харвал Засгийн газар, хөрөнгө оруулагчид, шүүмжлэгчид бүгд хүзүү сээрээрээ холбогдсон бололтой. Хаана ч явсан шүүмжилж явдаг улстөрчдийн амнаас ерөөлийн сайхан үг л гардаг болсон нь үүний илэрхийлэл. Тэд энэ том төсөл дээр Засгийн газартай хамтарч ажилласан гэдэг нь намын даргынхаа хамгаалалтад орсон гэсэн үг. Магадгүй удахгүй Засгийн газрын зарим

гишүүнийг шинээр томилох явцад тэдний нэг нь сайд болж ч мэднэ. Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг буулган авч бүрэн ялалтаа тунхаглаад буй Засгийн газар, тэднийг дэмжиж ажилласан УИХ-ын гишүүд ирээдүйд буруудахыг ч үгүйсгэхгүй. Үнэхээр зөв зүйл болсон эсэхийг цаг хугацаа л харуулна.

Бадарчин баярлах болоогүй гэдэг шиг Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг буулгаж авлаа гээд бардамнаад, баярлаад сууж болохгүй. Ялангуяа, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууд үргэлж хяналтаа тавьж байх ёстой. Яагаад гэвэл Оюу толгойн эсрэг дуугарч байсан гишүүд нь хүртэл хүзүү сээрээрээ холбогдож, найз болж, түүнийг дэмжигчид болж хувирснаар яваандаа Дубайн гэрээгээр хэрэгт ордог шиг хэрэгт орох вий. Өнөөдөр зөв гэж байсан зүйл маргааш буруу болж, нөгөөдөр бүүр толгойороох зүйл болоод явчихдаг нь бидний араншин хойно.

Оюу толгойгоос шалтгаалж Монголын хоёр ч Ерөнхий сайд буруутан болж, зүхүүлсээр ирсэн. 2015 онд Дубайн гэрээг байгуулахад “Асуудлыг гацаанаас нь гаргалаа” гээд тухайн үеийн Ерөнхий сайдыг магтах хүн олон байлаа. Харин одоо Ч.Сайханбилэг шиг муу хүн алга. Тэр хүн эх орондоо ч ирж чадахгүй алс холын Америкт бүгэж сууна. Тэр байтугай энэхүү гэрээг байгуулсан Ерөнхий сайд Санжийн Баяр ч хэрэгт татагдаж аавын хаалга татаад гарч ирсэн.

Монголын эдийн засгийг тэтгэх Оюу толгой төсөл үнэхээр зөв голдиролдоо орсон бол сайн хэрэг. Гэхдээ ямар ч сайн үйл хэрэг хяналтгүй бол бурууддаг, буруу тийшээ явдаг жишиг бий. Мөн өнөөдөр маш зөв юм шиг санагдаж байсан зүйл маргааш харахад буруу байх тохиолдол амьдралд зөндөө. Тиймээс анхааруулах үүднээс ингэж бичээд байгаа юм. Олон түмний шүүмжлэлд 20 жил өртсөөр ирсэн Оюу толгойн төслийг одоо л нэг цэнгэлийн манлайд хүрлээ гэж дүгнээд байх шиг. Угтаа тийм биш. Дөнгөж л Оюу толгойн гүний уурхайн нэг л ажил эхэлж байна. Цаашид зөв, буруу, хаашаа явж байгааг нь хянаж байх л хэрэгтэй болчихоод байна. Үүнд улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, иргэд оролцоо хамгаас чухал. “Бүх зүйл сайхан болжээ” гээд хэзээ ч тайван сууж болохгүй. Харин ч энэ үед л хяналт хамгаас чухал байдаг юм. “Зүггүй хүүхэд, зүгээр суудаггүй улстөрч хоёр чимээгүй болохоороо л аюултай” гэж хошигнодог болсон байна лээ. Ортой л үг. Одоо Оюу толгой гэж дуугарч байгаа улстөрч байна уу. Тэд бүгдээрээ дуугаа хураасан нь нэг зүйлийг л хэлээд байна даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Мэдрээ: Хөгжлийн банкны хуулийг өөрчилснөөр үнэхээр том луйвар хийж болох заалтуудыг тусгасан || DNN.mn

Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа.


-Өнөөгийн шуугиан Хөгжлийн банк болж байна. Банкны салбарын хүний хувьд энэ шуугианы талаар байр сууриа илэрхийлээч?

-Хөгжлийн банкийг байгуулах ажлыг 1990-ээд оны дундаас ярьж явсаар 2011 онд анхны хууль нь батлагдсан түүхтэй. Хөгжлийн банк манайх шиг буурай хөгжилтэй оронд зайлшгүй байх ёстой институци юм. Яваандаа хөгжөөд ирэхээрээ өөр болох байх. Анхны буюу 2011 оны хууль нь 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл үйлчилсэн. Сайн муу, зөв буруу гээд яривал үнэхээр сайн хууль гэж хэлнэ. Институцийн тогтолцоо, хэрхэн үйл ажиллагаа явуулах зэргийг тун сайн тусгаж өгсөн. Дараа нь 2017 онд Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа өргөн барьсан юм билээ. Бас л “биширмээр хууль”. Яаж үг, үсгээр тоглож, луйвар хийж болохыг тун гайхамшигтай харуулсан гэж болно. Мэдээж хуульд өөрчлөлт оруулахад УИХ-ын гишүүд санаа, чиглэл өгдөг байх. Хуулийн эх баригч гэж нэг хүн байж таараа.

Уг нь 2011 онд батлагдсан Хөгжлийн банкны хууль бол үнэхээр зөв ажиллах хууль байсан юм. 2011 оны хуульд Хөгжлийн банкны зорилгыг “Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий тусгайлсан чиг үүрэгтэй банк байна” гэж заасан. 2017 онд энэ хуульд өөрчлөлт оруулахдаа “тусгайлсан” гэдэг үгийг нь авч хаясан байна лээ.

Импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай гэсэн үгсийг нэмсэн байгаа юм. Ерөнхийдөө зорилго нь хазайгаад явчихсан гэсэн үг. 2011 оны хуульд заасан “зээл олгох” гэдэг бүлгийг нь огт байхгүй болгочихсон. Угтаа 2011 оны хуульд Хөгжлийн банк хэрхэн зээл олгохыг нарийвчилж, зааж өгсөн байсан. Үүнд, “Зөвхөн мэргэжлийн дүн шинжилгээнд үндэслэсэн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь үр ашигтай байх, зээлийн эргэн төлөгдөх хуваарь тодорхой байх, зээл нь барьцаа баталгаа болон үүргийн гүйцэтгэлийн бусад арга, хэрэгслээр хангагдсан байна” гэхчлэн нэлээд нарийвчилж заасан зүйлсийг 2017 онд өөрчлөлт оруулахдаа хасчихсан. Зээл олгох шийдвэрийг актив-пассивын удирдлага, эрсдэлийн удирдлагын нэгжийн саналыг үндэслээд зээлийн хороогоор хамтарч хуралдаад зээл олгох нь зүйтэй гэвэл Гүйцэтгэх захирал гэрээ хэлцэл байгуулна гэж байсан юм. Гэтэл одоогийн хуулиар ТУЗ-ийн шийдвэрээр зээл авч болно гэж заагаад ТУЗ-өө бүр зээлдээ хутгаад оруулчихсан. Түүнчлэн 2011 оны Хөгжлийн банкны хууль хоёр том чиг үүрэгтэй байсан. Нэгдүгээрт, УИХ-аас Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл,хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална. Хоёрдугаарт, УИХ-ын баталсан төслийг Засгийн газар нарийвчилж батална гэж заасан байсан. Гэтэл 2017 оны хуульд УИХ-ын болон Засгийн газар нарийвчилж батлах тухай хэсгийг нь хасчихсан. Ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх эрхийг 2017 оны хуульд оруулж өгсөн байгаа юм.

Хуулийн аргаар хулгай хийж болох зүйлийг зөвхөн дээд зэрэглэлийн түвшинд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд л хийж чадна. Гэхдээ бүх гишүүдийг нь хэлж байгаа хэрэг биш шүү.

-Эдгээр чанаргүй зээлүүдийг хэдэн жилийн дотор олгочихов?

-Энэ бүх муу зээлүүдийн ихэнхийг нь 2017-2021 онуудад буюу тавхан жилийн дотор олгосон байна лээ. Ердөө таван жилийн дотор Хөгжлийн банкийг хүнд байдалд оруулчихсан гэсэн үг. Гэхдээ аль ч хуулийг нь харсан компанийн засаглалын хувьд үнэхээр сайн бичигдсэн, хяналт сайтай. Хувь нийлүүлэгчдийн хуралд ТУЗ нь тайлагнана. ТУЗ-дөө Гүйцэтгэх захирал нь тайлагнана. ТУЗ нь дэргэдээ аудитын нэгжтэй байна гэх зэргээр дараалсан, давхар хяналтуудтай. Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ бүх хяналт яаж ажиллаад байсан юм бэ. АНУ, Мексик хоёр хоёулаа капитилист, Ерөнхийлөгчийн засаглалтай орон. Гэтэл АНУ нь хөгжөөд, Мексик нь хар тамхиндаа идэгдчихсэн. Ялгаа нь юу вэ гэвэл ерөөсөө хууль хэрэгжүүлдэггүй л байгаа юм. Аливаа улс хөгждөггүй гол шалтгаан нь улс төр л байдаг.

-Хөгжлийн банк өнөөдөр ийм байдалд орсныг та хуультай нь холбож үзэж байна уу?

-Тэгэлгүй яахав. 2011 оны хуулиндаа хяналт тавих газраар Монголбанкийг оруулаагүй. Зөвхөн 2017 онд оруулсан. Банкийг хянаж чаддаг ганц мэргэжлийн байгууллага нь Монголбанк. Засгийн газар Хөгжлийн банкийг хоёр жилд нэг удаа хянана гэж байгаа. Засгийн газарт банкийг мэргэжлийн түвшинд хянаж, шалгах институци байна уу гэвэл, байхгүй.

Мөн 2011 оны хуульд хараат бус гишүүний тоо гурав байсан. Үүнд, Монголбанк, Монголын банкны холбоо, МҮХАҮТ тус тус нэг төлөөллөө оруулахаар заасан байсан. Харин үүнийг 2017 оны хуулиас хасчихсан. Одоо хараат бус гишүүн дөрөв болсон, энэ нь ч сайн. Монголбанк үнэхээр чанга хяналт тавина л даа. Тэр нь ч зөв. 2017 оны Хөгжлийн банкны хуульд үнэхээр том луйвар хийж болох заалтуудыг тусгасан. ТУЗ нь Гүйцэтгэх захирлаасаа тусдаа Тэргүүн дэд, газрын захирлуудтайгаа гэрээ байгуулахаар заачихсан. Ингээд ирэхээр л захирлууд нь фракцлаад эхэлдэг. Гүйцэтгэх захирал нь удирдаж чадахаа больдог. Компанийн сайн засаглалыг 2017 оны өөрчлөлтөөр бүрэн эвдсэн гэж ойлгож болно.

-Хөгжлийн банк зээл олгохдоо эзнээ олж өгөхгүй байх шиг. Арилжааны банк олгочих зээлийг л олгосон байх юм…

-Тийм ээ үнэн. Тиймэрхүү зээл олгож болохгүй. Хөгжлийн гэдэг утга нь алдагдана. 2017 онд хуульд өөрчлөлт оруулахдаа экспорт, импортыг санхүүжүүлэх гэж тусгасан. Өнөөдөр алт олборлох зээлийг аль ч арилжааны банкнаас авч болно шүү дээ. Буруу зүйлд зээл өгөөд байна. Дэлхий нийтэд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал болж байна. Манайх эхнийх нь ч хувьсгалыг хийж чадаагүй. Хадаасаа, зүүгээ ч өөрсдөө хийж чадахгүй байж аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал яриад байдаг. Ядахдаа бид дээд зэргийн ган, зэс хоолой(турба), зэс бүтээгдэхүүн, шил, шилэн бүтээгдхүүн, бензин хийдэг ийм хэдэн аж үйлдвэрээ барьчих ёстой. Монгол шиг зэстэй газар хаана байна. Шведүүд бүх турбагаа зэсээр хийдэг болгож байна. Зэс нь зэвэрдэггүй, цоордоггүй л гэнэ. Манай эдийн засагчид экспортод зориулсан гэж их ярих юм. Экспортод зориулсан бүх зүйлсээ гадагшаа гаргаж байна. Зэсийн хүдэр төмөр, нүүрс гэх мэт бүгдийг нь экспортолж байгаа. Импортыг орлох тухай огт ярихгүй юм. Шилний үйлдвэр, гангийн үйлдвэр байгуулъя гэж бараг ярихгүй юм даа.

-Хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Үнэн хэрэгтээ зээлээ төлөхгүй яваад байгаа хүмүүсийн муу зээлийг ажил эрхэлж, татвар төлж байгаа Монгол Улсын 1.5 сая иргэн төлж байгаа юм. Нөгөө хэдэн луйварчид нь монжоод л. Хөгжлийн банкны шат шатны албан тушаалтнууд, өөрөөр хэлбэл ажил хариуцсан доод албан тушаалтнуудаасаа эхлээд дээшээгээ дарга нар нь бүгд хариуцлага хүлээх ёстой. Бүр Засгийн газар, Сангийн яамны ажил хариуцсан албан тушаалтнууд хүртэл хариуцлага хүлээх ёстой. Энэ банкийг 10 гаруй жилийн хугацаанд долоон захирал удирдан ажилласан байна. Дөнгөж ажлаа аваад ойлгож, мэдэх гээд явж байхад нь сольчихдог. Долоон захирлын нэг нь ч банкны хүн биш байх жишээтэй. Банкийг мэддэг хүн удирдах нь зүйд нийцнэ.

-2011 оны хуулиа эргэж харах, сэргээх хэрэгтэй гэж та харж байна уу?

-2011 оны хуулийг эргэж хүчин төгөлдөр болгож болно. 2017 оны хуулиас ганц хоёр авууштай зүйл заалтыг нь ч оруулчихаж болно. Хөгжлийн банк бол манайд заавал байх ёстой. Харин удирдлагад нь мэргэжлийн банкир, ёс суртахуунтай, ёс зүйтэй, жудагтай хүн оччиход л болно доо. Хөгжлийн банкаараа хөгжсөн Солонгос, Сингапур, Хятад зэрэг улсууд байна шүү дээ.

-Монголын банкны салбар ямар түвшинд явж байна вэ. Зээлийн хүү өсөөд, хадгаламжийн хүү буураад байх юм?

-Манай банкны салбар харьцангуй өндөр түвшинд хөгжсөн. Төлбөр, тооцоо, цахим хөгжлийн хувьд зарим хөгжингүй, бүр хөгжилтэй улсуудтай харьцуулахад ч хамаагүй илүү үйл ажиллагаа, үйлчилгээ явуулж чадаж байна. Зээлийн хүүний тухайд, товчхондоо зээлийн хүү инфляцитайгаа уялддаг. Инфляциа дагана. Тиймээс зээлийн хүү өнөөдөр өндөр байхаас аргагүй. Инфляци өндөр байвал хадгаламжийн хүү өснө. Бага байвал буурна

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хөх бар өдөр || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 2, Буд гариг. Билгийн тооллын битүүн, чөдөр одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 7:32 цагт мандан, 18:37 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим байна || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 15-17 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 28-33 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Киевийн Русь ба Московитын Орос” хэмээх нийтлэл хэвлэгдлээ || DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хөрөнгийн зах зээлийн
шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “Дайны үед алт,
ноолуур хоёроосоо л ахиу доллар
олох боломж байна” гэснийг “Эдийн засаг” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ахмад дипломатч,
шинжлэх ухааны доктор,
профессор, МУЭИС-ийн
Олон улс судлал, нийгмийн
ухааны эрдмийн сургуулийн
захирал Г.Төмөрчулуун “Хөрш орон
руугаа довтлох
нь олон улсын
эрх зүйн бүхий
л зарчим, хэм
хэмжээг зөрчиж
байгаа асуудал” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Киевийн Русь ба Московитын Орос” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Хөгжлийн банкны хуулийг
өөрчлөхөд хэн хэн голлон
оролцсон бэ?

АН-ын Хэрэг эрхлэх
газрын дарга Б.Ган-Очир “С.Эрдэнэд
маргаан гаргахын тулд
шалтаг, арга мундахгүй
байх. Гагцхүү шүүх шударга
шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

Улсын нэгдсэн төв
эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “УНТЭ өнгөрсөн онд
5.5 тэрбум төгрөгийн нэмэлт цалин,
урамшууллыг олгосон” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Оюу толгойн
хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл “Оюу толгой” компани
Монгол Улсын хуулиас давсан журам
гаргаснаас болж ажилчин амиа
хорлосон” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Тэшүүр сонирхогчдын өсвөр үе” аварга шалгаруулах тэмцээн боллоо || Dnn.mn

Орхон аймгийн Биеийн тамир, спортын газраас “Тэшүүр сонирхогчдын өсвөр үе”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Орхон аймгийн ерөнхий боловсролын есөн сургууль болон Булган аймгийн Сэлэнгэ, Бугат сумын нийт 53 тамирчин 7 дасгалжуулагч оролцсон байна.

Тус тэмцээн 6-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 гэсэн 5 насны ангилалд тус бүр эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр зохиогдож шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээнийг “Эрдэнэт- Мөнгөн өвөл-2022” аяны хүрээнд зохион байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Харьков хотоос монгол оюутнуудыг бүрэн гаргав || Dnn.mn

Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд өчигдөр дахин 10 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас тосч авчээ. Тэдгээрийн дунд Кировоград хотод сурдаг хоёр оюутан байгаа аж.

Мөн Украины Харьков хотоос манай улсын 19 иргэн, тэдний гэр бүлийн дөрвөн хүн гээд нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэрэгт амжиж суусан байна. Харьков хотоос Львов хот хүртэл 1018 км, Львовоос Украин-Польшийн хил хүртэл 70 гаруй км, нийт 1100 орчим км амаргүй замыг туулаад аюулгүй газарт хүрэх юм. Ингэснээр цэргийн ажиллагааны хамгийн хүнд бүс болох Харьков хотоос манай оюутнууд бүрэн гараад байгаа талаар ГХЯ-наас мэдээллээ.

Эдгээр иргэдийг Украин-Польшийн хилээр нэвтэрсэн даруйд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд тосон авч, Варшав хот руу хүргэхээр бэлэн байдалтай ажиллаж байгаа аж.