Categories
мэдээ нийгэм

Улсын бүртгэлийн газарт ТҮЦ машиныг суурилууллаа || Dnn.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ төрийн үйлчилгээний цахим машиныг аймгийн Улсын бүртгэлийн газарт суурилуулж, ашиглалтын талаар заавар зөвлөгөөг өглөө.

Иргэд заавал тухайн байгууллагыг зорихгүйгээр дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээ, лавлагааг түргэн шуурхай авах, E-Mongolia сайтад байгаа 600 гаруй төлбөрийн үйлчилгээг хийх, яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломж бүрдэж байгаа юм.

“ТҮЦ” машины үйлчилгээний баримт нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуурайлгах, хуулбарлах боломжгүй аж.

“Цаашид төрийн албан хаагчийн тоог аль болох нэмэхгүй, харин хүний хүч хөдөлмөрийг цахилгаан машинаар орлуулах технологийн дэвшлийг нэвтрүүлнэ. 5 дугаар сараас эхлээд 16 нас хүрсэн бүх хүнд тоон гарын үсэг олгох ажлыг эхлүүлж, иргэний үнэмлэхний чипэнд тухайн хүний бүх мэдээллийг суулгана. Мөн хүн бүрт төртэй харилцах и-мэйл хаяг нээж өгнө. Ингэснээр хүн бүр төрийн үйлчилгээ, мэдээллийг цаг тухай бүрт авах боломжтой болно” хэмээн Х.Нямбаатар сайд ярилаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан 47 зөрчил гарчээ || DNN.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас эргүүлийн тусгай арга хэмжээ зохион байгуулжээ.

Энэ хүрээнд шөнийн эргүүлийн хэлтсээс давхардсан тоогоор 258 чиглэлд 516 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. 1,262 иргэн, 1,039 тээврийн хэрэгслийг шалгаж бусдын биед гэмтэл учруулах хоёр хэргийг таслан зогсоож, шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан гурван хүнийг олж тогтоожээ.

Түүнчлэн

  • Гар дээрээс хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан 47,
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 нийт 62 зөрчлийг илрүүлсэн байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 27 хүнийг ар гэр, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Эх сурвалж: НЦУГ

Categories
гадаад мэдээ

Украин, ОХУ-ын хоёр дахь хэлэлцээ өнөөдөр болно || Dnn.mn

ОХУ, Украины хоёр дахь удаагийн хэлэлцээр талууд анх тохиролцсоны дагуу өнөөдөр буюу гуравдугаар сарын 2-нд болно.

Орос-Украины анхны хэлэлцээ хоёрдугаар сарын 28-ны даваа гарагт Беларусийн Гомель мужид болж, уулзалт таван цаг үргэлжилсэн. ОХУ-ын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүлсэн.

Тэрбээр өмнө нь Оросын тал Украины талтай тохиролцоонд хүрэхийн тулд хэчнээн ч удаа, удаан хэлэлцээ хийхэд бэлэн буйгаа илэрхийлсэн. Владимир Мединский хэлэхдээ, Украин, Оросын төлөөлөгчид дараагийн шатны хэлэлцээг мөн л Беларусьт хийхээр өмнө нь тохиролцсон гэлээ.

(Эх сурвалж: Tass)

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 255 хүнээс халдвар илэрч, 1 хүн нас барлаа || Dnn.mn

Сүүлийн 24 цагт короанвируст халдварын 255 тохиолдол бүртгэгдэв.

Нийт халдварын 127 нь Улаанбаатар хотод, 128 нь орон нутагт бүртгэгдэв.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 1 иргэн нас баржээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Чили улсын зэсийн гарц I сард 2011 оноос хойших доод түвшинд хүрлээ || DNN.mn

Чили улсын зэсийн гарц нэгдүгээр сард 2011 оноос хойших доод түвшинд хүрлээ.

Зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Чили улсын гарц нэгдүгээр сард өмнөх сараасаа 15 хувиар, харин өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар буурсан байна. Зэсийн гарц буурахад юу нөлөөлсөн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Чили улсын хувьд зэсийн гарц жилийн эхэн үед харьцангуй бага байдаг. Хэдий тийм боловч энэ онд зарим уурхайнууд хойшлуулаад байсан засвар үйлчилгээ, газар шорооны ажлаа үргэлжлүүлсэн нь гарц буурахад нөлөөлсөн байж магадгүй байна.

М.Аминаа

Categories
гадаад мэдээ

Польш улс ОХУ-ын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг хурааж эхэллээ || Dnn.mn

Польш улс өөрийн улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж эхэлжээ. Гадаад харилцааны яам нь энэ талаар мэдээллээ.

Хөрөнгө хураах үйл явц нийслэл Варшав хотоос эхэлсэн байна. ОХУ-ын ЭСЯ-ны эзэмшилд байдаг сургууль, ОХУ-ын дипломат ажилтнууд оршин сууж байсан орон сууцыг хамгийн түрүүнд хураах юм байна. Мэдэгдэлд дурдсанаар, дээрх үл хөдлөх хөрнгүүдийг ОХУ хууль бусаар эзэмшиж байсан гэнэ. Харин ОХУ-ын элчин сайд Сергей Андреев “Энэ талаар мэдээлэл авсан” гээд “ Энэ асуудплыг яаралтай цэгцлэх шаардлагатай. Мэдэгдэлд дурьдсан хоёр барилгын нэг нь хоосон байгаа нь үнэн ч сургуулийн барилгын хувьд өөр. Варшав хууль эрхзүйн ямар баримтад үндэслэж ийм мэдэгдэл хийснийг торуулах болно” гэжээ.

Польшид сүүлийн өдрүүдэд ОХУ-ыг эсэргүүцэх хөдөлгөөн эрчимжиж байгаа бөгөөд ЭСЯ руу халдсан тохиолдол ч гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 22.9 хувиар багасав || DNN.mn

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 361.9 (22.9 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 344.8 (32.3 хувь) тэрбум, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 29.2 (8.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь голлон нөлөөлжээ.

Харин цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 11.1 (7.9 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах, хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 1.1 (9.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бууралтад чулуун, хүрэн нүүрс олборлолт 350.3 (72.8 хувь) тэрбум, газрын тос олборлолт 69.3 (93.8 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөллөө. Нийт үйлдвэрлэл буурахад уул уурхай, олборлох салбар 179.4 (19.9 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2022 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төмрийн хүдэр, алтны олборлолтын биет хэмжээ 28.1-37.3 хувиар нэмэгдсэн бол хүрэн нүүрс, зэсийн баяжмал, хайлуур жонш, чулуун нүүрс, газрын тос олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 1.4-96.7 хувиар багасжээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт нүүрсэн шахмал түлш, согтууруулах ундаа, катодын зэс (99 хувь), ус, ундаа, жүүс, спирт, боловсруулсан шингэн сүү, самнасан ноолуур, шохой, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 1.2 хувиас 3 дахин нэмэгдэж, янжуур тамхи, малын мах, гурил, амны хаалт, гар ариутгагч зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 19.3-61.1 хувиар багасав.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 603.7 (28.6 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 603.5 (39.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 603.5 (39.3 хувь) тэрбум төгрөгөөр багасахад чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбарын борлуулалт 425.5 (74.8 хувь), металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 81.3 (9.4 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолтын салбарынх 24 (89.4 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Гадаад зах зээлд 2022 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 778.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний 86.1 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 13.8 хувийг нүүрс олборлолтын салбар, 0.1 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж, харин металлын хүдэр олборлолтын салбар 30.9 нэгж хувиар өсөж, нүүрс олборлолтын салбар 24.3 нэгж хувиар, бусад ашигт малтмал олборлолтын салбар 1.3 нэгж хувиар багассан байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) нэгдүгээр сард 191.2 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 29.3 хувиар нэмэгдсэн аж.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ руу явах гэрээт ажилчдын анхааралд || Dnn.mn

Цар тахал, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж хөдөлмөрийн гэрээгээр гадаадад ажиллах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдсэн. Тэр дундаа Өмнөд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэн олон байдаг. Өмнөд Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2021 онд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд нийт 542 иргэн хамрагдаж тэнцжээ.

Тэнцсэн иргэдийн мэдээллийг БНСУ-ын гадаад ажил хайгчийг бүртгэх программд оруулсан байна. Үүнээс Солонгосын тал 45 хүний мэдээллийг хүлээн авсан бол 470 хүний мэдээлэл илгээгдсэн байна. Таван хүний мэдээллийг засварлан буцааж, 33 мэдээлэл дуусаагүй, гурван мэдээлэл буцаагдсан бөгөөд бүртгэх үеийн алдааг засах хүсэлт гаргасан дөрвөн иргэний мэдээлэл байгаа аж. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд хүлээн авсан болон илгээгдсэнээс бусад төлөвт байгаа иргэдтэй холбогдон асуудлыг шийдвэрлэж буй юм.

Гадаад паспорт, банкны тодорхойлолтын зураг шаардлага хангаагүй, урьд нь Солонгост зорчиж байсан, гэр бүлийн байдал болон холбогдох мэдээллээ алдаатай бичиж өгсөн зэргээс дээрх асуудал үүсч байгаа аж.

Иймд иргэд элдэв буруу ташаа мэдээлэлд автахгүй, илгээх үйл ажиллагааны явцад хүлээцтэй хандаж, хүндрэл учруулахгүй байхыг хүслээ. Өнөөдрийн байдлаар 2019 онд шалгалтад тэнцсэн 558, 2020 онд тэнцсэн 22 иргэнийг энгийн болон тусгай хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д илгээжээ. Харин 2019 онд шалгалтад тэнцсэн 216, 2020 онд тэнцсэн 13 иргэнд БНСУ-ын цагаачлалын албанаас цахим визийн хариу ирээд байгаа юм. Зөвхөн ажлын санал ирсэн, дараагийн үйл явц хүлээгдэж байгаа 2019 онд бүртгэгдсэн 141, 2020 онд бүртгэгдсэн 1, 2021 онд бүртгэгдсэн 29 иргэн байна.

2022 оны солонгос хэлний түвшин тогтоох шалгалт, солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтын бүртгэл, шалгалтын тов одоогоор ирээгүй байна. Ирсэн тохиолдолд ХХҮЕГ-ын ЭНД дарж болон пэйж хуудсаар мэдээлэх болно. Бүртгүүлэх видео зааварчилгаатай танилцах боломжтой юм.

Гэрээт ажилтан илгээгээгүй жилийн хугацаанд БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр 680 гаруй монгол иргэн авах санал ирсэн нь эрэлт шаардлага үүсээд байгааг харуулсан. Цар тахлаас өмнө шалгалт өгч тэнцсэн иргэд санаа зоволтгүй юм байна. Тэдгээр иргэдийн бүртгэл дээр 2021 онд шалгалт өгсөн 656 иргэн бүртгэгдсэн байгаа аж. Тодруулбал, 2019 онд БНСУ-д ажиллахаар сонгогдсон 463 иргэн байна. Жил гаруй хугацаанд хүлээнэ гэдэг мэдээж хүндрэлтэй. Өмнөд Солонгосын хөдөлмөрийн газар, Монгол дахь төлөөлөгчтэй өдөр бүр холбоотой ажилладаг. Тиймээс ажиллах хүчний нөөцийг ойрын хугацаанд бүрэн илгээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна || DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар:

  • Агаарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудлууд,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц,
  • Төсвийн цагалбар,
  • Хөгжлийн банкны талаар гэх мэт 20 гаруй асуудлыг хэлэлцэн, танилцахаар төлөвлөөд байна.
Categories
мэдээ цаг-үе

Киевийн телевизийн цамхагт болсон дэлбэрэлтээр иргэд амь үрэгджээ || DNN.mn

Киевийн телевизийн цамхагт болсон дэлбэрэлтийн улмаас иргэд амь үрэгджээ

Киевийн телевизийн цамхаг руу Оросын зэвсэгт хүчин пуужингийн цохилт өгсний улмаас иргэд амь үрэгджээ. Одоогоор амиа алдагсдын тоо тодорхойгүй байна.

Украины өргөн нэвтрүүлэг, радио холбоо болон телевизийн концерны ажилтнууд ямар нэг хохирол амсаагүй ч хажуугаар нь өнгөрч байсан хүмүүс өртсөн тухай мэдээлжээ.

Киев хотын захирагч Виталий Кличко телевизийн цамхаг руу хоёр удаа цохилт өгснөөр цамхгийг тэжээлээр хангаж байсан трансформатор болон оройных нь аппарат эвдэрсэн гэж мэдээлэв.

Тиймээс хэсэг хугацаанд телевизийн сувгууд ажиллахгүй бөгөөд Украины өргөн нэвтрүүлэг, радио холбоо болон телевизийн концерноос дамжуулалтыг сэргээхээр ажиллаж байна гэв.