Categories
мэдээ нийгэм

Хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг баривчилжээ || DNN.mn

Гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:09 цагт “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцонд манай найзыг хүн хутгалаад зугтсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад 25 настай, эрэгтэй Ү нь олон тооны хутганы шархтай амь насаа алдсан байсан тул хэргийн газарт НЦУГ-ын жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг хийж, ажилласан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад: Гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө 23-31 насны хоёр эмэгтэй, гурван эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэж, Т болон Ү нар маргалдсан нь тогтоогджээ. Үүний улмаас Т нь Ү-гийн биед халдаж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Т нь хэргийн газраас оргон зайлсан бөгөөд цагдаагийн ажилтнууд шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, гуравдугаар сарын 29-ний 04.30 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Categories
мэдээ нийгэм

​Казахстан улс ардчилал ба хөгжил цэцэглэлтийн замд || DNN.mn


Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Казахстаны ард түмэнд хандаж Илгээлт гаргахдаа тус улсын улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг танилцуулжээ.

Ерөнхийлөгч К.Токаев ард түмэндээ хандсан тус Илгээлтдээ улс төрийн шинэчлэлийн шинэ хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн арга хэмжээний талаар мэдээлсэн байна.

Тэрээр Казахстаны Төрийн тэргүүн улс орныхоо улс төрийн тогтолцоог цогцоор нь шинэчлэх арга хэмжээг санал болгосон ба энэ нь улс төрийн хэд хэдэн чухал шинэчлэл, шинэ санаачилга тухайлбал, Парламентын үүрэг оролцоог бэхжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.

Түүнчлэн улс төрийн санаачилгыг хэрэгжүүлэх нь бусад улс орнуудын дэргэд шударга Казахстан Улсыг байгуулахад чухал алхам болох ёстой хэмээн үзжээ.

Касым-Жомарт Токаев “Amanat” намын даргын албан тушаалаа орхиж, намын эгнээнээс гарна гэдгээ ч мэдэгдсэн билээ. «Энэхүү хэм хэмжээ нь улс төрийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, бүх намуудын хөгжилд тэгш нөхцөлийг бүрдүүлнэ» гэж Токаев Илгээлтдээ дурджээ. Цаашлаад Сонгуулийн төв хороо, Дансны хороо болон Үндсэн хуулийн зөвлөлийн дарга, гишүүдийг “Amanat” намын гишүүнчлэлээс зайлшгүй гаргах тухай заалт оруулахыг санал болгов. Бүс нутгийн Засаг дарга нар мөн адил намын салбарыг удирдахгүй. “Засаг дарга болон түүний орлогч нарыг намын салбар нэгжүүдэд албан тушаал хашихыг хуулиар хориглох хэрэгтэй. Энэхүү шийдвэр нь олон туйлт намын тогтолцоог бий болгох боломжийг бүрдүүлнэ” гэж Ерөнхийлөгч хэлсэн байна.

Тэрбээр намын тогтолцоог хөгжүүлэх боломжийг өргөжүүлэх, сонгуулийн үйл явцыг шинэчлэх, хууль сахиулах байгууллагыг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн институцийн үүргийг бэхжүүлэх, улс орны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтцийг боловсронгуй болгох, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төвлөрлийг сааруулах, мөн хямралын эсрэг нэн тэргүүний цогц арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгасан нь энэ удаагийн Илгээлтийн гол онцлог байлаа.

Ийнхүү олон эерэг өөрчлөлтүүд хийгдэхийн зэрэгцээ тус улсад гурван шинэ муж бий болохоор болсон байна. Дээрх шинэчлэлүүд нь Казахстан Улсын эдийн засаг, дотоод гадаад бодлого, үзэл баримтлал, тогтвортой байдал, эрчимтэй хөгжил зэрэгт эерэг нөлөө үзүүлэх юм.

Касым-Жомарт Токаев ардчилсан хандлагаа харуулж, тус улсын улс төрийн үйл явцад нөлөөлөх хэд хэдэн хөшүүргийг өөрөөсөө буюу Казахстаны Ерөнхийлөгчөөс түдгэлзүүлэхийг санал болгож, энэ нь ирээдүйд ард түмний эрх ашгийн төлөөх ардчилалд хувь нэмэр оруулна гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Д.БАТБАЯР

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн Банкны найдваргүй 8 зээлдэгчийн шүүхийн шийдвэр гарчээ || DNN.mn

Хөгжлийн Банканд 2019 онд хийсэн шалгалтын дараа Засгийн газрын 169 дүгээр тогтоол гарч, долоон гол үүрэг даалгаврыг өгсний дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Хөгжлийн Банк зээлээ төлөөгүй найдваргүй зээлдэгчийг шүүхэд өгч, 959.2 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас хойш дараах компаниудын шүүхийн шийдвэр гарсан байна. Үүнд

  1. QSC ХХК
  2. ТОСК ХХК
  3. Инсада Инстери ХХК
  4. Ган хүдэр орд ХХК
  5. Дэд бүтцийн инженеринг ХХК
  6. Мон лаа ХХК
  7. Эрд хул ХХК
  8. Болор шүр гэсэн компаниуд багтжээ.

Дээр дурдсан үүрэг даалгаврын хүрээнд дараах арга хэмжээ авч, өөрчлөлт гарсныг мөн танилцуулав.

  • Арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг зогсоож, томоохон хөтөлбөрийг санхүүжүүлж байгааг зогсоох үүрэг өгсний дагуу Хөгжлийн Банкнаас 20 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй зээлийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан. 20 тэрбум төгрөг хүртэлх бага хэмжээтэй зээлийг Хөгжлийн Банкнаас олгохгүй байхаар болсон.
  • Мэдээллийг ил тод байлгах талаар журам гаргасан. Үүнийг олон нийт танилцах боломж олгосон.
  • ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах боломжтой болсон.
  • Зээлийн үйл ажиллагааны журамд зээл хүсэгчийн хамаарал бүхий этгээдийн мэдээллийг тогтоох талаар өөрчлөлт оруулсан.
  • Мөн барьцаа хөрөнгийг үнэлэх журамд өөрчлөлт оруулж, барьцаа хөрөнгөд тавигдах шалгуур шаардлагыг тусгасан.
  • 2020 оны дөрөвдүгээр сараас Сангийн яам Хөгжлийн Банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд ТУЗ-ийг шинээр томилж, дотоод аудитыг өргөжүүлж, бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, чадавхжуулах талаар ажиллаж байна.
  • Муу зээлдэгчдийг шүүх, хуулийн байгууллагад шилжүүлэх процесс Сангийн яаманд шилжиж ирснээс хойш бүх чанаргүй зээлдэгчдийг шүүх шүүхийн процесс үргэлжилж байна.

Хөгжлийн Банкны хувьцаа эзэмшигчийн эрх Сангийн яаманд ирснээс хойш үргэлжилж байгаа үйл явцыг танилцуулбал:

Нийт зээлийн багц 3.2 их наяд төгрөг 74 зээлд хамаарч байгаагаас 1.75 их наяд төгрөгийн зээл бүхий 46 зээлийн гэрээг хуулийн байгууллагад шилжүүлсэн.

Шүүхийн шатны явцад

  • Анхан шатанд -10
  • Магадлах шатанд – 1
  • Хяналтын шатанд -6
  • Шийдвэр гүйцэтгэл дээр -8 зээл байгаа бол

АТГ 10 зээл, Эрүүгийн цагдаагийн газар 3, Дүүргийн цагдаагийн газар 2 зээлийг тус тус шалгаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Ж.Сэнгэдорж: Пробонд орж ирэхдээ л Баярцэцэгийн асуултын тэмдэг шиг нүд таалагдсан || DNN.mn

Найруулагч Ж.Сэнгэдоржтой ярилцлаа.


-Таны “Худалдагч охин” УСК Олон улсын Азийн шилдэг бүтээл болж, шилдэг гол дүрийн жүжигчний шагналыг ч хүртлээ. Таны сэтгэгдлээс ярилцлагаа эхэлье?

-Үнэхээр гайхалтай, яагаад гайхалтай вэ гэхээр миний цөөнгүй кино гадны фестивальд оролцож, шилдэгт тунаж байсан. 12 жилийн өмнө “Адам”, дараа нь “Цагаан хадаг” УСК ч бас шилдэгт шалгарч байлаа. Энэ нь чамлахааргүй амжилт ч гэлээ шагналт байранд орж байсангүй. Энэ удаад шилдэг 15-т орж, тэр дундаа “Шилдэг гол дүрийн жүжигчин” шагналыг авсандаа их баяртай байна.

-Киноны ажил эхлэхээс л олон улсын кино фестивалийг онилж байв уу?

-Тэгсэн, хүмүүс ихэвчлэн энэ кино маань сайн болохоор гадны фестивальд оролцоно гэж боддог. Гэвч кино наадамд, олон улсад зориулж өргөн өнцгийг харуулж кино хийдэг. Дэлхийн хэмжээний жанр, хүн төрөлхтний асуудлыг сонгодог. Монголд л байдаг үйл явдал, сэдвийг сонговол Монголдоо л үлдэнэ гэсэн үг.

-Киноны ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-“Худалдагч охин” бол бодож явдаг маш олон санааны маань нэг л дээ. 2017 оны үед бид яагаад насанд хүрэгчдийн дэлгүүрийг (Sex shop) байж боломгүй, харь гаригийн өнцгөөс хүлээж авдаг юм бол. Гадны оронд энэ бол зүгээр л супермаркет шүү дээ. Нийгэм нь дасан зохицчихож, харин манайх чинь ардчилал руу алхаад 30 жил л болох гэж байна гээд бодож байсан юм. Энэ нь нийгмийн алхааны л хурд, аяндаа дэлхийн орчин цагийн хөгжилтэй зэрэгцээд л ирнэ. Хамгийн гол нь хүмүүсийн секст хандах хандлага нь их эмзэг туссан юм. Секс гэдэг нь нийгэмд тулгамдаад буй гэр бүлийн салалт, хүчирхийлэлд чухал нөлөөтэй. Хайранд сексийн оролцоо маш их байдаг. Бид хайр, бэлгийн харилцааны тухай ярихаас ичдэг учраас дуугарах ёстой л өнцөг гэж харсан юм. Зохиолоо 2020 онд бичиж, зураг авалтаа 2021 онд хийсэн.

-Гол дүрээ хэрхэн сонгов?

-“Худалдагч охин” УСК Саруул, Катя гэсэн хоёр гол дүртэй, гол дүрийн охин Саруулыг сонирхолтой, тэс өөр ертөнц байгаасай гэж хүссэн. Гол дүрийн жүжигчин Б.Баярцэцэг 300-аад охиноос шалгарсан. Б.Баярцэцэг амьдрал дээр маш нээлттэй охин, харин кинон дээр маш хаалттай охины дүр бүтээсэн. Пробонд орж ирэхдээ л асуултын тэмдэг шиг нүд нь таалагдсан. Катя буюу насан хүрэгчдийн дэлгүүрийн эзний дүрийг жүжигчин О.Энхтуул эгч бүтээсэн. Балетчин, амьдралыг олон өнгөөр хардаг ганц бие бүсгүйн дүрийг бүтээх жүжигчинг нэлээд хайсан. Жүжигчид зохиолоо уншаад л “Би чинь сексшофийн эзэн авгай юм байна” гэж бодоод эмээж байсан. Тэгээд манай киноны хоёрдугаар найруулагч Номунзул Герман руу О.Энхтуул эгчтэй холбогдож зохиолоо явуултал маргааш нь шууд л “Би энэ кинонд тоглох хүн байна” гэж хэлсэн. Би гайхаж, баярласан, О.Энхтуул эгч хатуу хөл хорионы үед эрсдэлтэй алхам хийж Монголдоо ирж зурганд орсон.

-Үзэгчид таны төсөөллөөс ямраар хүлээж авсан бэ?

-Энэ киног нээхэд л айж байсан. Гэтэл анхны үзэгчид маш сайхнаар хүлээж авсан, бид үзэгчдээ басамжилж болохгүй, залуусын сэтгэлгээ, хандлага шал өөр болсныг ойлгосон. Киноны сэтгэгдэл, шүүмжийг дандаа залуучууд бичиж байсан, миний үеийн кино шүүмжлэгчид таг (инээв).

No description available.

-Таны кинонууд ихэвчлэн эмэгтэй хүнтэй холбоотой байх юм. Та ер нь эмэгтэй хүний дотоод, гадаад ертөнцийг харуулахыг зорьдог юм уу, найруулагч аа?

-Ер нь би их гоо зүй хардаг, мэдэрдэг найруулагч. Хар нялхаасаа урлагийн хаяанд тонгочиж өссөн юм болохоор ч тэр юм уу. Гоо зүйн туйл бол эмэгтэй хүн л гэж бодож, биширдэг. Гоо зүй гэхээр л эмэгтэй хүн рүү орчихоод байдаг юм (инээв). Мөн Б.Навчаа, Д.Пүрэвсүрэн, Г.Анхмаа гээд эмэгтэй продюсерүүдтэй их ажилласан. Тэдний ертөнцийг гаргахын тулд энэ тал руу орсон ч байж магадгүй юм. Эмэгтэй хүн өөрөө судлаад баршгүй агуу ертөнц, цаашид ч эмэгтэй хүнийг судалсаар, үзүүлсээр байх болно. Зарим хүмүүс “Сэнгээ дандаа эмэгтэй хүнийг нүцгэлж байх юм” гэдэг. Гэхдээ би тэр хүний дотоод ертөнцийг гаргахын тулд нүцгэлж, үсийг нь хайчлуулж ер нь яаж ч магадгүй. Эмэгтэй хүний гоо зүй гэдэг чинь төгс харагдахдаа биш байхгүй юу. Эмэгтэй хүний гоо сайхан байхгүй болох тусам цухуйж байгаа зүйл нь гоо зүй. Багшийн хэлдгээр “Сайхныг үзүүлэх гэж байвал муухай үзүүл. Муухайг үзүүлэх гэж байвал сайхныг үзүүл” гэдэг нь шүү дээ.

-“Худалдагч охин” кинонд Саруул, Катя хоёр нэг хүн юм шиг санагдсан. Та юу гэж бодож найруулсан бэ?

-Тийм, маш сайн олж харсан байна шүү. Энэ зохиолыг арзайсан үстэй, царай муутай нэг л хүн бичиж байгаа шүү дээ, би. Саруул гэдэг чинь миний бага нас, эмэгтэй л болохоос. Би багадаа бүрэг яг л Саруул шиг хүүхэд байсан. Харин би 60 нас руу дөхөхөөр яг Катя авгай шиг егзгөр, амьдрал мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг, амьдралын философийг өргөн хардаг өвгөн болно.

-Амьдралд их хялбар, хөнгөн ханддаг юм шиг харагдсан. Та одоо хэр “Easy” амьдардаг вэ?

-Яг зөв, хүн амьдралыг хөнгөн, амархнаар харвал амьдрал тийм л байна. Зовлонг хараад л байвал зовлонтой л амьдарна энэ чинь үйлийн үрийн философи.

-Нохойн дээр бэлгийн харилцаа, мэдрэмж бол амьд бодгаль бүрийн амьдралын салшгүй хэсэг гэдгийг харуулахыг зорьсон юм уу?

-Нохойг хүмүүс огт асуудаггүй, харин чи асуучихлаа (инээв). Амьтан бол амьтан гээд хаяж болохгүй. Секс орчлонгийн амьд бүхэнд хамаатай, амьд бүх юмны тухай л харуулах гээд байгаа юм. Кинонд Саруулын найз залуу гээд нэр ч үгүй, утсаа маажихаас өөр юм хийдэггүй залуу гардаг. Албаар нэр өгөөгүй юм. Тэр бол оршин тогтноод ч байгаа юм уу, үгүй ч юм уу, утсаа шагайсан, бүлт үсэрсэн, эцэг эхийнхээ ивээл дор амьдардаг залуу. Тэр мөрөөрөө амьдрахгүй, ойр байгаа амьд биет бүхэнд нөлөөлж байгаа нь хамгийн аймшигтай. Дэлхийгээр дүүрэн ийм хүн байна, бүгд утсаа шагайж түүний хажууд амьд юу байх нь үл хамаатай болжээ. Тийм хүний хажууд байгаа амьтан хүртэл гунигтай, мэдрэмжгүй болж байна. Саруул “Чиний нохой нохой шиг биш байна, жинхэнэ нохой гэдэг чинь тэр байна” гээд хөөцөлдөж тоглож байгаа ноход руу заадаг. Үүгээрээ бид бодит биш амьдарч, амьтаныг ч амьтан биш болгож байна гэдгийг л харуулсан.

-“Банана”, “Катя” гээр гарчиг өгч, тод неон гэрлүүдийг оруулсан байсан. Энэ нь үзэгчидтэйгээ илүү наалдацтай болгож буй хэлбэр үү?

-Гарчиг биш дүрийн тодотгол гэж хэлж болно. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэдэг дээ. Яг одоогийн хүүхдүүдэд, залууст зоож, хэлж өгч байгаа юм. Хуучинд бид тэр дүрийг хайж, ухаж бодож ойлгодог байлаа. Одоо бол “Энийг ойлгоод өгөөч” л гэж байгаа юм. Гэрлийн хувьд бид энгийн биш, тод өнгөтэй л юм хардаг болсон шүү дээ. Хүний анхаарлыг татах арга гэх юм уу.

-Дууны сонголтод их анхаарсан юм шиг байсан…

-Тийм ээ, энэ киноны хөгжмийг өмнөх кинонуудаас өөр илүү амьдралтай ойр байлгахыг хичээсэн. Би ихэнхдээ киноныхоо хөгжмийг сонсоод зохиолоо бичдэг. “Магналион”, “The Colors” хамтлагийн хөгжмийг сонсож байгаад “Худалдагч охин”-ы зохиолыг бичсэн.

-Таны “Амрагууд” киноны гол дүрийн эмэгтэй зураач, “Гэргий” киноны гол дүр дүрслэх урлагийн багш, “Худалдагч охин”-ы гол дүр бас зурах дуртай. Та зураач бүсгүйчүүдийг их чухалчилдаг бололтой?

-Яагаад ч юм зураач эмэгтэй л болчихоод байдаг юм. Би өөрөө зургийн ямар ч авьяасгүй, гэхдээ орчин үеийн галлериаг шимтэж үзэх маш дуртай. Үнэндээ уран бүтээлээ туурвихын тулд, өөрийгөө илэрхийлэхийн тулд ганцхан өөрөөс нь шалтгаалдаг хүмүүст байнга атаархаж явдаг. Зураачид зотон, будаг нь байхад л өөрийгөө илэрхийлчихнэ. Харин миний кино урлаг түмэн юмнаас хамааралтай. Өөрийгөө илэрхийлэхийн тул 40, 50 хүнтэй ажиллах шаардлагатай болно. Өөрийгөө илэрхийлэх гэж түмэн хүнтэй ажиллаж байгаад сүүлдээ өөрийгөө алдаад дуусдаг (инээв). Залуу байхад тэгдэг л байлаа шүү дээ. Зураачдын ертөнцийг мэдрэхийн тулд л зураач сонгочихдог байх.

-Таны хүүхдүүд урлаг сонирхож байна уу?

-Гэргий маань бүжигчин, хүүхдүүд урлаг сонирхвол сонирхох л байх. Гэхдээ өөрсдөө л сонгоно доо, сонгочихдог л юм байна (инээв). Аав, ах бид хоёрт урлагийг огт санал болгоогүй, бид өөрөө л орсон.

Categories
мэдээ нийгэм

Машин хулгайлсан бага насны хүүхдүүдийг эрэн хайж байна || DNN.mn

Өнөөдөр өглөө 07:30 цагийн орчимд Монелоос хойшөө өгсөх замд хонда маркын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохдоо хэд хэдэн машиныг шүргээд зугтсан байна. Харин үүнийг араас нь харж явсан нэгэн жолооч тухайн машиныг араас нь хөөжээ.

Болсон явдлын талаар тухайн машиныг хөөсөн жолооч бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр,

“Тухайн 1777УНД маркын хонда машин хэд хэдэн машин шүргээд яваад байсан. Тэгэхээр нь араас нь хөөгөөд Дарь-Эхийн эцэст зогсож байхад нь араас нь гүйцэж очсон. Гэтэл хаалга, цонхоо онгойлгохгүй. Дотор нь бага насны хоёр, гурван хүүхэд байсан. Тэгээд машинаа асаагаад хажуугаар гараад давхичихсан. Энэ талаар цагдаад дууддлага мэдээлэл өгсөн” хэмээсэн юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

М.Батболд: Үнэндээ аав минь “Чадахгүй бол урлагаас холд” гэж байсан л даа || DNN.mn

“Альфа” театр, “Орфей” театрын ерөнхий найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан М.Батболдтой ярилцлаа.


-“Мөнгөн мод”-2021 наадмын шилдэг найруулагчаар шалгарсан танд баяр хүргэе.

-Баярлалаа, “Мөнгөн мод” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна, урам зориг, хүч өглөө. Энэ шагналд нэр дэвшинэ гэдэг нь нэр хүндтэй асуудал, шалгарсан гэдгээ мэдээгүй байлаа. Гэхдээ өөртөө итгэлтэй байсан.

-“Гэм зэм” постдрамын жүжиг хоёр дахь ээлж нь тоглож дууслаа. Та өөрийн бодож, төлөвлөж, төсөөлж байсан шигээ ажиллаж чадав уу?

-“Гэм зэм” миний тархинд ургаснаасаа ч илүү байлаа. Тайзан дээр миний төсөөлөл, хүлээлтийг давж байна.

-Эхний өдөрт жүжгээ үзэхэд ямар байсан бэ?

-Эхний тоглолтууд тэр чигтээ түгшүүр, айдас, бие, сэтгэлээ барьж ядаастай байсан. Дараагийн тоглолтуудаас сайжирч эхэлсэн.

-Эхний үзэгчид танд ямар сэтгэгдэл хэлж байв?

-Эхний тоглолтоос эхлээд л үзэгчид “Сайн болсон, сайхан байсан, үнэхээр гоё байлаа, бага зэргийн урт байна” гэж хэлсэн. Тоглолтоос тоглолтын явц дахь ритм шахагдаж, хурдаа нэмсэн. Ингэснээр жүжиг хурдтай, илүү сонирхолтой болсон.

-Таны аав Ардын жүжигчин Б.Мягмарнаранг ард түмэн андахгүй. Жүжгийг тань үзээд юу гэж хэлсэн бэ?

-Аавд их таалагдсан. Жүжигчидтэй ажиллах ажиллагаан дээр хэд хэдэн анхааруулга өгсөн. Тэдгээр анхааруулгуудыг зассанаар аавын зөвлөгөө хамгийн оновчтой байсан гэдэг нь шууд харагдсан.

-Яагаад “Гэм зэм” романыг жүжиг болгож тавьсан юм?

-Олон нөхцөл, шалтгаанууд бий. Нэгдүгээрт, би өөрөө сэтгэцийн эмч мэргэжилтэй, “Гэм зэм” сэтгэл зүйн шинжлэх ухаанд суурилсан роман. Хоёдугаарт, Ф.М Достоевский мэндэлсний 200 жилийн ой, Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан энэхүү бүтээлийг Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс дэмжиж, хамтарч театр байгуулж жүжгийг тавилаа. Ф.М.Достоевскийн бүтээл Монголд анх удаа тавигдаж байна.

-Монгол үзэгчдийг хүлээж авч чадахгүй байхвий гэх айдас байсан уу?

-Анх “Фауст”-ыг тавьж байхад монгол үзэгчид шинэ театрыг хүлээж авч, ойлгох болов уу гэсэн айдас байсан л даа. Харин тэр айдсыг давж, үзэгчид маш хүчтэй хүлээж авсан. Тэр нь надад их урам зориг өгсөн.

-Сэтгэцийн эмч мэргэжлийнхээ үр шимийг өөр дээрээ яаж мэдрэв?

-Алхам тутамдаа үр шимийг нь мэдэрдэг. Хүмүүстэй харилцах, ойлголцох гээд өдөр тутам, цаг тутамд мэргэжил маань надад тусалдаг. Би өөрийгөө таньж мэдэх, ухаж ойлгох, өөртэйгөө ажиллахад хэрэг болдог.

-Яагаад сэтгэцийн эмчийн ажлаа орхиж урлаг руу орохоор болов?

-Дуртай л байхгүй юу, багаасаа театрт дурлачихсан. “Насан туршдаа харамсахгүйгээр хийх, хүссэн ажил маань юу байж болох вэ” гэж өөрөөсөө асуугаад хариулт нь яалт ч үгүй театр байсан.

-Таныг эмчийн ажлаа орхиход гэр бүлийнхэн нь юу гэж байсан бэ, ялангуяа аав нь?

-Маш их загнасан, уурлаж эсэргүүцсэн. Одоо л хүлээн зөвшөөрч байна. Аав огт дэмжээгүй “Би чамайг дэмжихгүй, урлагт арын хаалга гэж байдаггүй юм. Чи өөрөө өөрийнхөө хүчээр гарч ирж чадвал чад, чадахгүй бол тэр чигээрээ урлагаас холд” гэж хэлсэн. Яг үнэндээ ямар ч дэмжлэггүй, өөрийнхөө хүчээр зүтгэсэн дээ.

-“Гэм зэм” романыг тайзнаа тавихын хамгийн гол зорилго юу вэ?

-Энэ агуу зохиол, агуу философийг олон залууст хүргэхийг хүссэн. Орчин үеийн театр олон хүмүүсийг өөрчлөх зорилготой.

-“Гэм зэм”-ээс хүмүүс юуг ойлгож авах вэ?

-Хүмүүс нигүүлсэнгүй сэтгэл, нигүүлсэл гэж юу юм бэ гэдгийг ойлгох ёстой.

-Тэгвэл нигүүлсэл гэж юу юм бэ?

-Ерөөсөө л хайр, хайр байж нигүүлсэл байна. Хайр, нигүүлсэл хоёр байж хүн аз жаргалтай амьдарна. Хэцүү бүхнийг даван туулах цорын ганц зүйл бол хайр, нигүүлсэл юм.

-Анх “Гэм зэм”-ийг хэзээ уншиж байв?

-Сурагч байхдаа уншсан ч ойлгоогүй (инээв).

-Зохиолтойгоо хэрхэн ажилладаг вэ?

-Маш их судална. Зохиол судлахад сэтгэцийн эмч мэргэжил маань их хэрэг болдог. Зохиолыг ул үндэстэй, гүнзгий судалж чаддаг гэж өөрийгөө тоодог.

-Дараагийн зорилго ямар жүжиг вэ?

-“Мастер Маргарита хоёр” есдүгээр сарын аравдаар тавигдаж эхэлнэ, судалгааны үе шатандаа явж байна. Нэг жүжгийг тавихад жүжигчидтэйгээ зургаан сар ажилладаг.

-Тэгвэл таны толилуулах мөрөөдлийн жүжиг юу вэ?

-Уильям Шекспир.

-Мөрөөдөл, зорилго хоёр хэр ойр орших уу, таны?

-Миний зорилго, мөрөөдөл хоёр хол биш, ойр биш, нэг.

-Одоо бодоход сэтгэцийн эмч, найруулагч хоёр хол ялгаатай юм байна уу?

-Ялгаагүй юм байна. Сэтгэцийн эмч хүнийг нэг нэгээр нь эмчилдэг бол найруулагч заалаар нь нөлөөлж, эмчилж, ажилладаг юм байна.

-Сэтгэцийн эмч биш бол…

-Сэтгэцийн эмч болоогүй бол сайн найруулагч болж чадахгүй байсан байх.

-Сайн найруулагч бэлтгэхэд юу чухал юм бол?

-Маш их судалгаа, хөдөлмөр, хичээл зүтгэл, сургалт, өгөгдөл бүх юм чухал.

-Таны хувьд Монголд хамгийн сайн найруулагч хэн байна?

-Гүрсэдийн Доржсамбуу гуай болон олон сайн найруулагч байна даа.

-Таны бодлоор Монголын театрын хөгжил хэр түвшинд явж байна?

-Монголын театр маш хоцрогдмол түвшинд явж байна. Өөрийгөө үүнийг арилгахын төлөө тэмцэж байгаа гэж ойлгодог.

-Театрын хөгжлийг ахиулах, урагшлуулахын тулд юу үгүйлэгдэж байна?

-Урагшлуулахын тулд маш их ажиллах л ёстой юм шиг санагдаж байна даа.

Categories
гадаад мэдээ

Энхийн хэлэлцээрт оролцогчдоос хордлогын шинж тэмдэг илэрчээ || DNN.mn

Энэ сарын эхээр болсон ОХУ-Украины энхийн хэлэлцээрт оролцогчдод хордлогын шинж тэмдэг илэрчээ. “Wall Street Journal” энэ талаар мэдээллээ.

Мэдээлэлд бичсэнээр, Оросын талын бүрэлдэхүүнд байсан тэрбумтан Роман Абрамович болон Украины бүрэлдэхүүнд байсан өндөр албан тушаалтай хоёр хүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн байна.

Categories
гадаад мэдээ

“G7”-ийн орнууд Оросын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхээс татгалзжээ || DNN.mn

“Долоогийн бүлэг”-ийн /“G7”/ орнууд ОХУ-ын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Роберт Хабек мэдэгдсэн байна.

Их Британи, Герман, Итали, Франц, Канад, АНУ, Японы удирдагчид Оросын холбогдох шаардлагыг биелүүлэхгүй байхаар тохиролцсон гэж Германы сайд мэдэгджээ. Ийм нөхцөл нь одоо байгаа гэрээний заалттай зөрчилдөж байна гэж тэд үзэж байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найрсаг бус орнууд руу нийлүүлж буй хийн төлбөрийг рубль рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Төв банк, “Газпром” компан болон Засгийн газартаа энэ сарын 23-нд даалгасан.

Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврын гүйцэтгэлийн талаарх эхний тайлан Кремльд гуравдугаар сарын 31 гэхэд гарах төлөвтэй байна. Путиний хэлснээр, ОХУ нэр хүндээ эрхэмлэдэг тул одоо хэрэгжиж буй гэрээний дагуу хийгээ үргэлжлүүлэн нийлүүлэх аж.

Орос улс буяны үйлс хийж, байгалийн хийгээ Европт үнэ төлбөргүй нийлүүлэх төлөвлөөгүй байгаа бөгөөд Европын Холбоо хий нийлүүлсний төлбөрийг рублиэр төлөхөөс татгалзсан тохиолдолд Москва нөхцөл байдлыг судалж, цаашдын шийдвэрээ гаргах болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков даваа гарагт Америкийн телевизийн “PBS” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа || DNN.mn

Төрийн албаны ерөнхий шалгалт дөрөвдүгээр сарын 1-нд эхэлж, хуваарийн дагуу зохион байгуулагдахаар болжээ. Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад 7675 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалтын хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй гэдгийг анхаарууллаа. Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэс рүү орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхааруулж буй бөгөөд иргэний үнэмлэхээ биедээ авч ирэх ёстойг санууллаа.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд || DNN.mn

Өнөөдрийн байдлаар Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5.3 /Талууд улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон буюу хязгаарласныг цуцалсан талаар цаг тухайд нь дипломат шугамаар харилцан мэдээлнэ/-т заасны дагуу Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан ёсоор мэдээлэл ирээгүй байна.

ОХУ-ын ЭСЯ-ны фэйсбүүк хуудаст гарсан 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00.00 цагаас хоёр улсын иргэд харилцан зорчих тухай мэдээллийг Оросын талаас албан ёсоор бичгээр мэдэгдэх хүртэл тус улсад зорчих боломжгүй болохыг үүгээр анхааруулж байна.

Оросын талтай дипломат шугамаар хилийн авто замын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй иргэд зорчих нөхцөлийг тохиролцсон даруй олон нийтэд мэдээлэх болно.