Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Доллар олох санаачилга || DNN.mn

Монгол Улс ам.долларын хомсдолд орж, ханш нь 3000 даваад явчихлаа. Гадаад худалдаандаа үргэлж алдагдалтай явж ирсэн манай улс ам.доллар олохоосоо илүү, үрэх нь их. Шатахуун, хүнснээс эхлээд өргөн хэрэглээний бараа бүтэгдэхүүнийхээ ихэнх хувийг гадаадаас валютаар худалдаж авдаг. Өдөр ирэх тусам энэ хэрэглээ нэмэгдэж, валютын гадагшлах урсгал ч нэмэгдсээр… Ийнхүү бид өнгөрсөн хугацаанд ам.доллараа гадагш урсгаж сууснаас олох боломжийг төдийлөн эрэлхийлээгүй. Уул уурхайн түүхий эдээ экспортолж л орлого олж байгаагаас өөрөөр валют олж байгаа салбар бараг алга. Тийм ч учраас манай эдийн засгийг хүрэн эдийн засаг гэж нэрлэдэг. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан М.Билэгт эдийн засгаа солонгоруулах мэргэн санаа олсноо хэлсэн ч бүгд шоолоод өнгөрч байлаа. Тэрээр “Бид газрын доорх баялгаа л экспортолж валют олох тухай яриад байдаг. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа солонгоруулмаар байна. Бид жилдээ нэг тэрбум ам.долларын шатахуун хэрэглэдэг. Төр зохицуулаад 20 сая бог малаар шатахууны бартер хийж болно шүү дээ. Энэ талаар Сангийн сайд юу гэж бодож байна вэ” хэмээн асууж байв. Тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түүний асуултад “Сангийн яам малаар шатахуун солих наймаа ярьдаггүй. Бид бодлогоо ярина. Бизнес эрхлэгчид тэр бизнесийг хийвэл зүгээр” хэмээн инээмсэглэн хариулж байлаа.

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хэлсэн шиг хониор шатахуун бартердана гэдэг нь орчин цагт хэний ч толгойд буухгүй. Харин хонио экспортолж ам.доллар олох боломжтой. 25 сая хоньтой Шинэ Зеланд улс жилд хонины махны экспортоосоо 2.5 тэрбум ам.долларын орлого олдог байна. Гэтэл 35 сая хоньтой манай улс яагаад экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжгүй гэж. Уг нь манай улсаас БНХАУ-д хандивласан 30 мянган хонины махыг тус улс үнэгүй сайхан рекламдаж өгсөн. Даанч манайх түүнийг нь ашиглаж маркетинг хийсэнгүй.

Categories
мэдээ спорт

Манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг 3х3 ДАШТ-д өрсөлдөнө || DNN.mn

ОУСБХ буюу ФИБА 2022 оны ФИБА 3х3 насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 шигшээ багийн нэрийг зарлалаа.

Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх шилдэг багуудын дунд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг багтжээ. Дэлхийн аварга ирэх зургаадугаар сарын 21-26-нд Бельги Улсын Антверпен хотод болно.

ФИБА-гаас тодорхойгүй хугацаагаар ОХУ-ын шигшээ багуудыг тив, дэлхийн аваргад оролцох эрхийг хассан тул ФИБА-гийн Удирдах зөвлөл хуралдан, ОХУ-ын оронд ямар улс дэлхийн аваргад оролцохыг шийдвэрлэх болжээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ хилээ нээлээ || DNN.mn

ОХУ-ын Засгийн газар коронавируст халдвараас сэргийлэх зорилгоор Казахстан, Монгол улсуудтай авто замын боомтоор нэвтрэх хязгаарлалт тавиад байсан.

Тэгвэл энэ хязгаарлалт гуравдугаар сарын 30-наас эхлэн цуцлагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс Монгол Улсын иргэд ОХУ руу авто замын боомтоор нэвтрэх боломжтой болж байна.

Хязгаарлалт цуцлагдахаас өмнө монголчууд ОХУ руу зөвхөн агаарын хилээр нэвтрэх боломжтой байсан. Мөн явганаар зорчигч хүлээн авахгүй бөгөөд хилээр нэвтрэх иргэд PCR шинжилгээ өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр шороон шуурга шуурна || DNN.mn

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 03 сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 1-3 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.


2022 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 6-11 метр, 04-р сарын 03-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтэн байх боловч 04-р сарын 01-нээс нийт нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Орос цэргийн хүчээ эрс багасгахаа мэдэгдэв || DNN.mn

Орос, Украины төлөөлөгчид Истанбулд хийсэн хэлэлцээгээ дуусгаж, Москва Украины нийслэл Киев болон хойд нутгийн Чернигов хотын ойролцоох цэргийн үйл ажиллагааг үндсээр нь бууруулахад бэлэн гэдгээ мэдэгдэв.

Тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин хэлэхдээ “Хэд хэдэн удаагийн хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа Мягмар гаригт дахин уулзлаа. Энэ удаад нүүр тулан уулзсан тул хэлэлцээ тулааныг зогсоох, итгэлцэл нэмэх зорилготойгоор өрнөсөн” гэв. Фомин мөн “Киев, Черниговын чиглэлд цэргийн үйл ажиллагаагаа үндсээр нь бууруулахаар шийдсэн” гэж онцоллоо.

Харин Украины тал хэлэлцээнд олон улсын аюулгүй байдлын батлан даалтыг хүсэв. Тус батлан даалт хэрэгжиж эхэлбэл төвийг сахисан статусыг зөвшөөрөхөд бэлэн гэж мэдэгджээ.

Украины төлөөлөгч Дэвид Арахамиа сэтгүүлчдэд хэлэхдээ “Бид НАТО-гийн 5-р заалттай ижил хатуу ажиллах аюулгүй байдлын баталгаат олон улсын механизмыг хүсч байна” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Украин, Оросын ерөнхийлөгч нар уулзах боломжтойг онцлов. Харин Оростой эцсийн тохиролцоо хийхээс өмнө Украин даяар бүрэн энх тайван байдал бий болгох хэрэгтэй гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 2-нд явагдана || DNN.mn

Монгол хэл, бичгийн шалгалт 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатарын цагаар 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.

Шалгалт хөдөө орон нутагт 24, нийслэлд 25, улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төв дээр болох юм. Эдгээрт ажиллах комиссын гишүүдэд Боловсролын үнэлгээний төвөөс ажлын чиглэл танилцуулах, удирдлага арга зүйгээр хангах, чадавхжуулах сургалтыг өчигдөр зохион байгуулжээ.

Сургалтад хөдөө орон нутагт ажиллах 48, нийслэл, дүүргүүдэд ажиллах 75 багш, мэргэжилтэн, арга зүйчид хамрагдлаа.

Шалгуулагчид eec.mn сайтын “Шалгуулагчийн булан”-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч шалгалт өгөх төв, заал, суудлын хуваариа хэвлэн авч болох юм.

Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго 400 онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно. Дахин шалгалтад тэнцээгүй бол Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох боломжгүй юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг хураах нь буруу || DNN.mn

Салхитаас эхэлсэн төрийн дээрэм Хөтөлийн цементийн үйлдвэр дээр үргэлжлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын орд дээр цэргийн хувцас өмсчихсөн, арми командлах нь холгүй сүржигнэж очсон бол Хөтөлийн цементийн үйлдвэрт өрнөсөн дээрмийн гол дүрд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга тоглолоо. Төрийн дээрэм ингээд зогсохгүйг хэвлэлийн хуудсан дахь “Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шалгалт оруулна” гэсэн утгатай мэдээллээс харчихаж болно. Өнөө өрнөж буй үйл явцаас харахад төрийн дараагийн дээрэм Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өрнөвөл гайхах юм алга. Зарим улстөрчдийн мэдэгдлийг анзаарах нь ээ төрийн дээрэм дахиад ч үргэлжлэх байх.

“Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр мэдэлдээ авлаа, ард түмний өмч ард түмэндээ эргэж ирлээ, муусайн луйварчдаас төр өмчөө авснаар иргэдэд өгөөж нь ирнэ” гэсэн утгатай уянгын халилтай мэдээллүүдийн өмнөхөн Шадар сайд С.Амарсайхан дотоодын цементийн үйлдвэрүүд үнээ нэмээд байх юм бол гаднаас цемент авна гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийж байв. Мань эрийн тэр мэдэгдэл зүгээр ч нэг хийрхэл, цэцэрхэл төдий эд байгаагүйг өнөөдөр өрнөж буй үйл явдал нотолчихлоо. Эрх баригчид Хөтөлийн цементийн үйлдвэрт хийх дээрмийнхээ эхлэлийг Шадар сайдаар тавиулсан нь тэр байж. Төр төлөөлсөн сайд хүн үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлээ ингэж “заналхийлэх” нь яаж ч харсан зөвтгөмгүй үйлдэл. Тэр дундаа манайх шиг ардчилсан засаглалтай, чөлөөт эдийн засагтай улсад нүд орой дээр гарам хандлага. Ковидын хямрал дайны аюултай давхацсан өдий цагт хамгийн хүнд ачааг хувийн хэвшлийнхэн үүрч яваа. Тийм ч учраас Засгийн газар ирэх жилүүдийн бодлогодоо хувийн хэвшлийнхнээ дэмжиж томоохон төслүүдээ хөдөлгөнө гэдгээ тодотгож зарлаад буй. Ийм цагт Шадар сайд нь хувийн өмч, үндэсний үйлдвэрлэлээ адалсан өнгөтэй сүрдүүлэг хийгээд сууж байна гэдэг яаж ч бодсон ой тоонд буумгүй явдал.

Хөтөлийн цементийн үйлдвэрийн тухайд буруу үйлдэл, элдэв “но” бий эсэх нь тусдаа асуудал. Тийм байлаа гээд дээрэм хийх эрх төрд үгүй. Манайх шиг ардчилсан засаглалтай улсад хэн нэгний буруутай эсэхийг дэнслэх эрх шүүхэд л бий. Товчхондоо шүүхийн өмнөөс шийдвэр гаргаж, хувийн өмчийг хураах эрх төрд байхгүй.

Хөтөлийн цементийн үйлдвэрийг мэдэлдээ авснаа төр төлөөлсөн эрхмүүд “Банкны зээлээ төлөөгүй учраас” гэж тайлбарлаж байгаа. Энэ янзаараа манай төр иргэн Дорж, Дулмаагийн өмчийг банкны зээлээ төлөөгүй гээд хурааж авах нь л дээ. Ингээд харахаар “Муусайн баячуудын хөрөнгийг төр минь ард түмэн биднийхээ өмнөөс хурааж авлаа” гэж хөөрч алга ташиж зогсоо иргэдэд ч хувийн өмчөө алдах эрсдэл үүсчихсэн гэсэн үг. Мартин Нимёллерийн алдартай нэг үг бий. “Би коммунист биш болохоор нацистууд тэднийг баривчлах үед дуу хоолойгоо өргөөгүй. Би социал демократ биш болохоор тэднийг хорих үед бас л дуугараагүй.Би үйлдвэрчний эвлэлийн гишүүн биш учраас тэднийг баривчлах үед чимээгүй л байсан. Би еврей биш болохоор тэднийг хорих үед бас л чимээгүй байсан. Харин намайг баривчлахаар ирэх үед намайг хамгаалах хэн ч байсангүй” гэсэн үгийг яг энэ үед хэлмээр санагдаж байна. Хувийн өмчийг хуулиараа хамгаалсан улсад төр хувийн өмч рүү халдсаар байгаа нь, тэгж халдах бүрд олны алга ташилт улам чангарсаар яваа нь эмзэглэхгүй өнгөрөх аргагүй өнцөг.

Хөтөлийн цементийн үйлдвэрийн өмчлөгч нь хувь эзэмшлээсээ татгалзсан гэсэн мэдэгдлийг төр төлөөлсөн эрхмүүд хийж байв. Тэдний мэдэгдэл худал байсан нь өчигдөр илрээдэхэв. Хөтөл компанийг 100 хувь дангаараа эзэмшиж байсан М.Бөх-Очир агсны том хүү Б.Тулга news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Өвлөж авахаас татгалзсан удаа үгүй. Хуульд зааснаар өвлөх эрхээ алдах асуудал үүсээгүй. Би өвлөх эрхээсээ татгалзаагүй байхад эзэнгүй өмч байсан гээд төр миний өмчийг булааж авсанд гайхаж байна.

Хэрэвзээ намайг өвлөх эрхээсээ татгалзсан гэж байгаа бол тэр нь нотариатаар гэрчлэгдсэн байх ёстой. Тийм зүйл огтхон ч болоогүй” гэж мэдэгдээд байна. Төрийн зүгээс илт дээрэм хийснийг батлах өөр өчнөөн баримт жишээ хөвөрч мэдэхээр болчихлоо.

Ер нь төр өмчийнхөө хүрээг тэлсэн салбар бүр дампуурдаг. Төрийн мэдэлд очсон ямар ч компани эрхтэн дархтнуудын идэж завшдаг таатай талбар болоод дуусдгийг батлах жишээ өчнөөн бий.

Хөтөлийн үйлдвэрт өрнөсөн төрийн дээрмийн цаана хувийн хэвшлийн цементийн үйлдвэрүүдээ шахах далд санаархал нуугдаж байж ч мэднэ. Шадар сайдын хандлагаас анзаарахад тийм санаагаар Хөтөлийн цементийн үйлдвэр рүү онилсон байх магадлал хэтэрхий өндөр харагдаад байна. Хөтөлийн цементийн үйлдвэр төрд очсоны дараа МАК, Монполимет-ийн байгуулсан үйлдвэрүүдийг шахаж хавчихгүй гэх баталгаа алга.

Үндэсний үйлдвэрлэлээ хавчиж шахаж үгүй хийчихээд, эрхэм сайдтаны хэлснээр урд, хойд хөршөөс цементээ хямд үнээр авсан шигээ аж төрнө гэдэг шуудхан хэлэхэд мянгуужингийн үлгэр. Цар тахлаас үүдсэн хөл хорио хэзээ болтол үргэлжлэх нь тодорхойгүй ийм үед цемент байтугай бараа, бүтээгдэхүүн хил дээр гацаастай өчнөөн сарын нүүр үзэж байна.

Ц.БИЛИГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: Тал тал руу хөрөнгө хүчээ тарамдуулж байхаар 2-3 салбараа бодитойгоор дэмжмээр байна || DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хаврын чуулганы онцлог юу байна. Ямар ямар хуулийн төслүүд дээр түлхүү анхаарч ажиллаж байна?

-Шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газраас баталсантай холбоотойгоор тус бодлогыг үр дүнтэй, богино хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг зорьж байна. Цар тахлын нөхцөл байдал эхэн үеэ бодвол намжмал байдалд шилжлээ. Тийм учраас эдийн засгаа сэргээж, эрчимжүүлэхэд тал талаасаа анхаарч байгаа. Мөн ОХУ болон Украины дунд үүссэн дайнтай холбоотойгоор манай улсын эдийн засаг хүндэрч, экспорт саарах төлөвтэй байна. БНХАУ цар тахлын эсрэг авч байгаа хариу арга хэмжээгээ төдийлөн сулруулахгүй, айдастай байна. Хөрш улсад үүссэн нөхцөл байдлаас үүдэн импортлогч манай улсын эдийн засаг хүндрэх төлөвтэй байгаа учраас энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллана. Харин хуулийн төслүүдийн тухайд Төмөр замын тухай хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Өмнө нь манай улс Улаанбаатар төмөр зам хэмээх ганцхан компанитай байлаа. Тэгвэл одоо төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани, төмөр замын дэд бүтэцтэй боллоо.Тиймээс төмөр замаа нэлээн либералчлах шаардлага тулгарч байна. Төмөр замын тухай хуулийг нэлээд либерал хууль болгохоор үг, үсэг нэг бүр дээр нь анхаарч, хуулийн зохицуулалт дээр нь ажиллаж байна. Түүнчлэн хэд хэдэн ч ажлын хэсэг ахалж байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг гарсан. Өнөөдөр Монгол Улс даяар шүлхий өвчинд бүрэн баригдчихлаа. Шүлхий гараагүй аймаг, сум гэж байхгүй боллоо. Энэ чиглэлд нэлээд далайцтай арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Мөн Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль батлагдаад 10 гаруй жил болсон боловч хэрэгжилт нь нойл байна. Биржийн үйл ажиллагаа үндсэндээ огт явахгүй байна. Харин биржээр бараа бүтээгдэхүүн зарагдсан гэх нэрээр зүгээр л цаас үйлдвэрлэдэг ажилтай болсон. Цар тахлаас өмнө 10 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан дүн мэдээ байна лээ. Угтаа 10 тэрбум төгрөгийн цаас зарсан байгаа байхгүй юу. Намрын чуулган завсарлахын өмнө Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль УИХ-д орж ирсэн. Энэ бол маш чухал хууль. Ер нь бол уул уурхайтай холбоотой төрийн байгууллагууд болоод хувийн ААН, компаниуд сонгон шалгаруулалт явуулаад бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна. Тиймээс энэ байдлыг цогцоор нь шийдэж, олон улсын технологи руу оруулж, биржээр худалдаалдаг болох нь зүйтэй. Олон улсын зах зээл рүү уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийг ойртуулахад уг хууль чиглэж байгаа юм. Ноос, ноолууртай холбоотой УИХ-ын даргын захирамж гараад уг ажлын хэсгийг мөн ахлан ажиллаж байна. Энэ мэтчилэн энэ удаагийн хаврын чуулганаар анхаарч ажиллах ажил, хуулийн төслүүд олон бий. -Улсын эдийн засаг хүндрэх төлөвтэй байгаа талаар та хэллээ. Энэ жил манай улс 18 их наяд төгрөгийн төсөв баталсан. Хоёр хөршөөсөө хараат, импортлогч орны хувьд эдийн засгийн нөхцөл байдлаа цаашид хэрхэн сайжруулах гарц гаргалгаа байна вэ?

-Манай улс дотоодын нөөц бололцоогоо хамгийн их ашиглах ёстой болж байна. Би шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үйлдвэржилтийн шинэ сэргэлт салбар хуралдаанд суусан. Дотоод нөөц бололцоогоо хангасан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, иргэн бүр үйлдвэрлэгч болох, ААН-үүдээ дэмжих бодлого явуулж, дотооддоо орлого олох тал руугаа бид явах бодлогыг барьж байна. Миний хувьд анх Шинэ хөдөө төслийг санаачлан Булган аймагт хэрэгжүүлсэн. Уг төслийг сүүлийн жилүүдэд 12 аймагт хэрэгжүүлээд байна.Одоо хөрөнгө оруулалт шууд шингэдэг барилга байгууламж, зам тавих биш буцаж эргэдэг хөрөнгө оруулалтуудыг хиймээр байна. Нэн тэргүүнд манай улсад хэрэгцээтэй байгаа үйлдвэрлэлийн салбаруудад хөрөнгө оруулалтуудаа хийх нь чухал байгааг ч иргэд, бизнес эрхлэгчид хэлж байна. Мөнгө эргэлддэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ашиг олдог үйлдвэрүүддээ анхаарч ажиллах талаар санал санаачилга гаргаж байна. Бид наад зах нь алт хөтөлбөрөө хэрэгжүүлж, валютын нөөцөө зузаатгах хэрэгтэй. Уул уурхайн сайдтай уулзаад ярилцаж байхад хайгуулын лицензээ хав дарах биш, хайгуул хийхийг хүссэн шаардлага хангасан ААН-үүдэд нь өгчих хэрэгтэй гэж байна лээ. Тэр нь ч зөв. Өөрсдөө дотоодын хэрэгцээгээ хангадаг болох нэн шаардлагатай байна. Наад зах нь тавгийнхаа чихрийг дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Японд өндөр үнээр будаагаа худалдаж авдаг гэх шүүмжлэл байдаг юм билээ. Үүний хариуд төр нь “Үнэтэй гэх будааг манай улсын тариаланчид тарьж, ашиг олж, амьжиргаагаа залгуулдаг. Бид хямдхан будаа хэрэглэе гэвэл БНХАУ-аас худалдаад авчихаж болно. Нэг хэсэг иргэд эндээс амьжиргаагаа залгуулдаг” гэсэн хариулт өгдөг юм билээ. Үүнтэй ижил импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээс таван хувийн татвар авч байна. Тэгвэл татвараа нэмэгдүүлж, дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлж, түүгээрээ улсынхаа ЖДҮ-ийг хөгжүүлмээр байна. ОХУ-д сүүлийн жилүүдэд Европын хоригт байгаа. Гэтэл тус улсын аж үйлдвэрийн салбар нь сүүлийн жилүүдэд 34 хувиар өссөн байх жишээтэй. Энэ бол гаднаа хоригтой байгаа хэдий ч дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд анхаарч байгаагийн илрэл.

-Үе үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүд аж үйлдвэрийг хөгжүүлэх, гоё гоё нэртэй үйлдвэр, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дотоодын зах зээлээ дэмжих, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар улиг болтол ярьсаар ирсэн. Хамгийн гол нь яагаад бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгөхгүй байна вэ. Одоо болтол малынхаа арьсыг ч боловсруулж, үнэд хүргэж чадахгүй л байна шүү дээ?

-Зах зээлээ хамгийн түрүүнд нээх ёстой. Зах зээл хаалттай үед бид хүнээ сургана, технологио сайжруулна, малынхаа чанарт анхаарна гэх мэтээр мянган сайхан зүйл яриад нэмэргүй. Миний бие Зам тээврийн яамны ТНБД-аар ажиллаж байх үед БНСУ-д айлчлал хийж байх үеэр тус улсын Ерөнхийлөгч хажуудаа хэдэн бизнес эрхлэгч суулгачихсан “Манай бизнес эрхлэгчдийг та бүхэн дэмжээрэй” хэмээн хэлж байсан. Би тухайн үед “Ямар лоббичин ерөнхийлөгч вэ” гэж бодож байсан. Гэтэл үгүй юм билээ. Энэ бол дотоодын ААН- үүдээ ямар нэгэн байдлаар босгох, бодитоор дэмжих оролдлого байсан юм билээ. Одоо манайхан ямар нэг аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжих талаар ярихаар “Наад чинь хэний компани вэ, Эзэн нь хэн юм, Улаан өнгөтэй юм уу, цэнхэр өнгөтэй намын хүн юм уу” гэх мэтээр хардаж сэрдээд эхэлдэг. Наад зах нь энэ байдлаа орхимоор байна. Сүүний чиглэлийн 50 үйлдвэрийг дэмжих бодлого гаргасан бол улаан, ногоон, цэнхэр аль нь байх нь хамаагүй бодитоор дэмжиж, үр дүнд хүрмээр байна. Одоо бид тал тал руу хөрөнгө хүчээ тарамдуулж байхаар бодитойгоор 2-3 салбараа дэмжмээр байна. Би Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа “Боловсрол, эрүүл мэндийн салбарыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Дээр нь ЖДҮ, Хөдөө аж ахуйн санг дэмжинэ гэвэл би сайдынхаа багцнаас өгье” гэдгийг хэлж байсан. Үр нөлөө богино хугацаанд өгч болохуйц салбаруудаа бодитойгоор дэмжмээр байна. Таны хэлж байгаачлан хэт их ярьж, ажил хэрэг бололгүй удсанаас иргэд бүр дөжирчихсөн. Анх намайг “Шинэ хөдөө” гээд ярихаар өөдөөс огт өөр юм ярьдаг байсан. Олон жил улиг болтол ярьчихаар үр дүн гарна гэдэгт итгэхгүй байсан. Харин дараа жилээс нь ажил хэрэг болгоод эхлэхээр хүн бүр сонирхоод ирсэн. Энэ мэтчилэн болохгүй байгаа ажлыг барьж авч ажил хэрэг болгох нь чухал байна. Хэрэв ингэж чадахгүй бол таны хэлснээр ярьсаар улиг болсоор л байна. Хоёрдугаарт, зах зээлийг нь нээх шийдлүүдийг гаргахгүй бол үйлдвэрүүд хөгжих боломж алга.

-Хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр олон тооны төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Хамгийн гол нь тэр төсөл хөтөлбөр нь үр дүнд хүрдэггүй. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, танил талдаа өгөөд дуусгачихдаг. Зориулах ёстой газарт зориулах мөнгийг замаас нь бултуулдаг, хяналтгүй төрийн бодлогын уршиг ч аж үйлдвэрийн салбарын уналтад болоод бүх салбарын уналтад нөлөөлсөн. Цаашид энэ байдал давтагдахгүй гэсэн баталгаа байна уу?

-Өөртөө чинь санал нэг байна. Шат шатандаа санаачилсан ажлаа бодит ажил хэрэг болгож чадахгүй олон жил явж ирлээ. Үнэндээ менежерүүдээс л хамаг юм шалтгаалдаг ш дээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд, сайд нар, газрын дарга нар, аймгийн дарга нар, сумын дарга нар гээд энэ бүх менежэрүүдээс олон зүйл шалтгаалдаг. Энэ хүмүүсийн бодлого нэг, зорилго нэг байх юм бол санаачилсан ажил хэргүүд бодит ажил хэрэг болоод л явна. Дээрээс нэг бодлого гаргахаар дунд түвшиндээ алдагддаг. Дунд түвшиндээ хэрэгжлээ гэхэд доод түвшиндээ байдаггүй. Энэ бол цаад утгаараа манай боловсон хүчинтэй холбоотой асуудал юм билээ.Бидний хөгжлийн түвшин, боловсон хүчний чадавх, менежэрүүдийг томилдог систем, зарчим ямар байна. Нам дагасан боловсон хүчний томилгоо ч ямар байгаа билээ. Ингээд бодохоор маш олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Аливаад хандах хандлага маш чухал байна. Үе үеийн олон сайдтай ярилцаж байсан. Гол түлхүүрээ түлхэж чаддаггүй ч хүмүүс байна. Мөн төрийн бодлого механизмыг гүйцэлдүүлэхэд ямар механизм ашиглах дээр ч дутуу дулимаг байна. Энэ мэтчилэн маш олон хүчин зүйлээс шалтгаалж байна.

-Манай улс дэлхийн ноолуурын 50 орчим хувийг нийлүүлдэг. Гэтэл үүнийхээ үр шимийг мөн л хүртэж чадахгүй байна. Тухайлбал, та ноос, ноолуурын холбооны тэргүүнээр ажилладаг хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Дэлхийн ноолуурын 50 орчим хувийг Монгол Улс дангаараа нийлүүлж байна. Гэтэл гаргаж байгаа ноолуурынхаа 80 хувийг шууд гаргаж байгаа бол ес орчим хувиар нь, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол үлдсэн 11 орчим хувийг нь самнаад гаргаж байна. Итали руу ганц нэгхэн компани самнасан ноолуур гаргаж байгааг эс тооцвол бараг 100 хувь БНХАУ руу ноолуураа экспортолж байна. Гэтэл ноолууран бүтээгдэхүүн хамгийн их үйлдвэрлэдэг Европын орнууд болоод Итали улс ноолуурын зах зээлийн гол түүхий эд үйлдвэрлэгчийг БНХАУ хэмээн ойлгож байна. Дэлхийн зах зээл дээр жилд 20 орчим тэрбум ам. долларын ноолууран бүтээгдэхүүн жилдээ хэрэглэдэг талаар судалгаа бий. Тэгвэл энэхүү 20 тэрбум ам.долларын 10 тэрбум ам.долларынх нь бүтээгдэхүүний түүхий эдийг бид нийлүүлж байна гэсэн үг. Тэгсэн мөртлөө бид Монгол Улсдаа 240 орчим сая долларын ашиг ноолуурын зах зээлээс олж байна. Нэг ёсондоо дэлхийн ноолуурын зах зээлийг эзлэх боломжтой түүхий эдийнхээ 90 орчим хувийг ямар ч нэмүү өртөг шингээхгүйгээр түүхийгээр нь гаргачихаж байна. Тийм учраас 2018 онд “Ноолуур” хөтөлбөрийг батлуулж, дотоодын компаниуд БНХАУ-ын ченжүүдтэй зэрэгцэж ноолуур худалдаж авдаг болсноор сүүлийн жилүүдэд дотоодын ноолуурын үнэ өссөн шүү дээ. Цаашлаад 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс угаасан ноолуур гадагшаа гаргахыг хориглосон шийдвэр гаргасан. Ноолуурыг заавал самнаж байж, дараагийн бүтээгдэхүүн болгож байж гадагшаа гаргах шийдвэр гарсан. Монголд зөвхөн ноолуурын баас шээсийг арилгачихаад гаргадаг байдлыг ийнхүү хориглосон.

-Манай улсын шатахууны хэрэглээ ОХУ-аас бүрэн хараат байна. Сүүлийн үед шатахууны үнэ өсөлт дээр ямар арга хэмжээ авч байна?

-Би саяхныг хүртэл шатахууны үнийн өсөлтийн талаар ойлголт багатай байлаа. Ингээд уул уурхайн сайдаас мэдээлэл авахад яг үнэндээ олон жил шатахууны үнийг төрөөс барьж ирсэн. Ингээд бодит зах зээл дээр өртгөөсөө доогуур нийлүүлэх шаардлагыг шатахуун импортлогчдод тавиад байсан юм билээ. Ингээд зах зээлийнхээ зарчмын дагуу яваад ирэхээр цаанаас оруулж ирж байгаа үнэтэйгээ уялдаад нэмэгдэж байгаа юм билээ. Хоёрдугаарт, миний бие Уул уурхайн сайд Г.Ёндонтой Москвад ажиллах үеэр ОХУ-ын талаас “Ямар ч байсан шатахууны импортоо тасалдуулахгүй гэдгээ хэлсэн. Харин үнийн хувьд тогтвортой барьж чадахгүй. Зах зээлийн зарчмын дагуу явах ёстой” гэдгийг хэлсэн. Мөн ОХУ гадагшаа гаргахгүй байх 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтад бордоо орсон. Бордоо тэсрэх бодисын түүхий эд учраас цэргийн зориулалттай бараа бүтээгдэхүүний жагсаалтад орж гадагшаа гаргахыг хориглосон юм билээ. Гэтэл манайхан ОХУ-аас бордоо авч тэсрэх бодис үйлдвэрлэхгүй бол бүх уул уурхай зогсох магадлалтай. Манай улсын уул уурхай зогсоно гэдэг бол манай улсын эдийн засаг нам зогсоно. Тийм учраас манай улсад ОХУ-ын талаас бордоо нийлүүлэхээ илэрхийлсэн.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хар морь өдөр || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 30, Буд гариг. Билгийн тооллын 28, шувуун хошуут одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6:35 цагт мандан, 19:18 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 0 градус орчим байна.