Categories
мэдээ нийгэм

Шүлхийн тэмдэг арилснаас хойш 28 хоногийн дараа хүнсэнд хэрэглэж болно

Статистик дурдвал, улсын хэмжээнд 16 аймгийн 181 голомтод шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Энэ хүрээнд шүлхийн ил шинж тэмдэгтэй 22,300 мал байна.

Тэгвэл шүлхийгээр өвчилсөн малын махыг идвэл хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэсэн ойлголт иргэдийн дунд бий. Тэгвэл Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатар “Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын хуурай газрын амьтны кодод зааснаар шүлхий өвчин туссан малыг шинж тэмдэг нь арилаад 28 хоносны дараа хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг. Ингэхдээ дулааны аргаар боловсруулах, боловсруулалтад зориулсан аргаар худалдахыг зөвшөөрдөг юм. Үүнд сөрөг заалт байдаггүй.

Гол нь антибиотикийн үлдэгдэл бий юу гэдгийг тандах ажил хийгдэж байгаа. Түүнээс шүлхий өвчнөөс болоод хүний эрүүл мэндэд сөрөг, аюултай байдал үүсэхгүй” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дүүжин тээврийг аяллын зориулалтаар ашиглахыг зөвшөөрөөгүй

Дүүжин зам төслийн ажлын баг бэлтгэл ажлыг хангана

Нийслэлийнхэнд утаа, түгжрэл хоёр толгойны өвчин болоод удаж байна. Түгжрэлийг бууруулах тухай олон жил яригдсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдлээ олоогүй. Энэ асуудлыг шийдвэрлэх, нийгэмд эдийн засгийн үр ашгаа өгөх томоохон төслөөс цаасан дээрээс цааш гавиагүй нь олон. Жишээ нь “Агаарын дүүжин тээвэр”-ийн төсөл. Улаанбаатар хотод анх удаа “Агаарын дүүжин тээвэр нэвтрүүлнэ” гэж Шадар сайд С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулсан.

Тэрбээр “2021 оны зургадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэлд ашиглалтад орно” гэдгийг хэлж байв.Үүнээс хойш хоёр жилийн нүүрийг үзсээр эцэст нь уг төсөл үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болсон. Учир нь, 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгасан билээ.

Тус газрыг байгуулснаас хойш жилийн нүүр үзээгүй байтал ийнхүү татан буулгасан нь төсөл зогсч буй талаар яригдах болсныг Шадар сайд С.Амарсайхан үгүйсгэж “Агаарын дүүжин тээвэр төсөл цаашид үргэлжилнэ” гэх тайлбар өгч байв.

Тэрбээр “Энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой. Зогсч байна гэж ойлгохгүй байна. Өмнө нь байгуулсан төслийн ажлын хэсэг, нэгж, зохион байгуулалтыг өөрчилж шинэчилж байна гэж ойлгосон. Өмнө нь НИТХ-ын тогтоолоор батлагдаж байсан бол Сангийн яамны шийдвэрээр өөрчилж яам, нийслэлтэй хамтран үргэлжлүүлнэ” гэдгийг энэ оны нэгдүгээр сард хэлсэн юм. Уг төслийг цаашид үргэлжлүүлэхээр болсныг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Агаарын дүүжин тээврийг цаашид үргэлжлүүлнэ. Гэхдээ хэзээнээс хэрхэн хэрэгжих тухай гуравдугаар сарын сүүлчээр тодорхой болно. Одоогоор бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна. Цар тахлын улмаас гадаадаас ажиллах мэргэжилтнүүд болон дүүжин тээврийг оруулж ирээгүй” гэлээ.

Мөн “Агаарын дүүжин тээвэр” төслийн нэгж хариуцсан Гүйцэтгэх захирал н.Сумъяа “Агаарын дүүжин тээвэр цаашид үргэлжилнэ. Удахгүй албан ёсны мэдээлэл өгнө” гэв. Францын талаас агаарын дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийг санал болгосны дагуу хэрэгжүүлэхээр болсон уг төслийг чиглэл мөн л тодорхойгүй байгаа.

Өнөөдрийн байдлаар агаарын дүүжин тээврийг Яармагаас гол давуулаад “Баянгол агро” парктай холбох саналыг гаргаад байна. Тухайн хэсэгт 2100 ширхэг авто машины зогсоол байгуулах тухай мөн л саналын түвшинд байгаа юм.

“ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТӨСЛИЙН НЭГЖ БОЛГОНО”

Өмнө нь Сентралаас тауэраас ШангриЛа, Хан-Уулын Имарт худалдааны төвөөс Ривер гарден хотхон хүртэл агаарын дүүжин тээвэр тавихаар төлөвлөж чиглэлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өөрчилж байв. Тэгвэл анхандаа Зайсангийн Миний дэлгүүрээс Хүүхдийн ордон хүртэл, Баян хошуунаас III, IV хорооллын эцэс хүртэл агаарын дүүжин тээвэр барихаар яригдаж байсан юм.

Иймд ямар учраас чиглэлийг дахин өөрчилж Яармагаас гол давуулаад Баянгол агро парктай холбохоор болсныг НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулбал “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгаж төслийн нэгж болгож байгаа. Ерөнхийдөө, Яармагаас гол давуулаад “Баянгол агро” парктай холбох санал яригдаж байна” гэлээ.

Олон нийтийн зүгээс хатуухан шүүмжлэл дагуулсан агаарын дүүжин тээврийг нийтийн тээвэрт бус аялал жуулчлалын зориулалтаар ашиглая гэдэг санал ч нийгмийн сүлжээнд яригдаж байв. Уг нь ийм саналыг нийслэлээс гаргасан ч Франц улсын талаас зөвшөөрөөгүй гэнэ. Уг төслийг Франц улсын засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

МАН Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон гишүүдээ хөөнө

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛД 142.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН  БОНД АРИЛЖЛАА

Хөгжлийн банк 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож, түүнээс 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор нийт 28 зээлдэгчийн нэг их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 52 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна.

Хөгжлийн банкнаас нэрлэсэн 26 чанаргүй зээлдэгчийн долоо нь АН-ын үед, үлдсэн 19 нь МАН засаглах үед олгогдсон. Ингэхдээ М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын томилсон Б.Батбаяр захирлын үед дээрх 19 зээл гарчээ. Мөн зээл нь төлөгдөхгүй зогсож, шүүхэд нэхэмжлэл гаргахаар хүлээгдэж буй 17 компанийн ес нь Б.Батбаяр захирлын үед хамаарч буй аж.

Өнөөдрөөс хэд хэдэн барилга байгууламжийг битүүмжилж, дансыг нь хаасан тухайгаа АТГ-аас мэдээллэв.

Харин МАН-ын генсек Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдсон намын гишүүдээ ХӨӨНӨ гэдгээ мэдэгдлээ.

Энэ тухай тэрбээр, “улс төрийн намын хариуцлагаа бид өнгөрсөн 30 дугаар их хурлаараа нээчихсэн. Намынхаа дүрэмд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон цаашлаад аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдэд улстөрийн хариуцлага тооцож намын гишүүнчлэлээс хасах боломж нээгдсэн. МАН 300 гаруй мянган гишүүнтэй” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш манай улс 5.539.357 хүн тун вакцин хэрэглэв

Ковид-19-ийн эсрэг вакцин 90 хувийн ҮР ДҮНТЭЙГ баталлаа

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт 1,069 хүн вакцины гурав дахь тунд хамрагдсан бол дөрөв дэх тунг 1,357 хүн хийлгэжээ.

Өнөөдрийн байдлаар манай улс коронавирусийн эсрэг 5,539,357 хүн тун вакцин хийсэн байна. Үүнээс

  • I тунд 2,270,107 иргэн буюу хүн амын 69.8 хувь,
  • II тунд 2,171,173 иргэн буюу хүн амын 66.7 хувь,
  • III тунд 1,011,388 иргэн буюу хүн амын 31 хувь,
  • IV тунд 86,689 иргэн буюу хүн амын 2.7 хувь нь тус тус хамрагджээ.

Манай улсад халдварын оргил үе буурсан гэж үзсэн тул Засгийн газраас өчигдөр хичээл, сургалтын үйл ажиллагааг 100 хувь танхимд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэхдээ зарим улс оронд Омикрон хувилбараар өвчилсөн иргэд дахин өвчилж байгаа тохиолдол олноороо бүртгэгдэж байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг УОК, Эрүүл мэндийн яамнаас уриалж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

С.Хүрэлбаатар: Цаашид хэчнээн мутац гарч ирэхийг мэдэхгүй тул хүмүүс өөрийнхөө биеийн эсэргүүцлээр вирустэй тулахаас өөр аргагүй

С.Хүрэлбаатар: Ковидыг 3-5 хоногт эмгүйгээр эмчилж болно, вакцин хэрэггүй ·  Dorgio.mn

“Сэтгэшгүй” эмнэлгийн эмч С.Хүрэлбаатар КОВИД-19-ийн эмчилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Манай улс коронавируст халдварын эмчилгээнд асар их хөрөнгө зарж байна. Үүнийг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хариуцуулах асуудлаар өмнө нь төр засагт хандсан ч үр дүнд хүрээгүй. Тиймээс өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийхээр боллоо.

Өнөөдөр КОВИД-19 халдварыг эмчлэх төгс эмчилгээ дэлхий нийтэд гараагүй. Гэхдээ энэ өвчлөлийн хүндрэл нь ДОХ-оос ч илүү хоруу чанартай. Энэ тухай би өмнө нь “ХОВС био орон зайн өвчлөл, эмчилгээ” гэх номд онолын хувьд бичсэн юм. Мөн би өмнө нь 2008 онд ДОХ-ыг эмчлэх асуудлаар хэвлэлийн хурал хийж байв.

Вирусийг хэн ч хэзээ ч устгаж чадахгүй. Гагцхүү бичил эргэлтийн системийг хэвийн хэмжээнд оруулснаар эмчлэх бололцоотой. Гэвч Монголын болон дэлхийн эрдэмтэд бичил эргэлтийн систем гэж юу болохыг ярихгүй байна.

Би олон хүний коронавирусийн дараах хүндрэлийг эмчилсэн. Энэ өвчнийг тусахаар цус өтгөрдөг гэж ярьж байна. Цус өтгөрнө гэдэг нь чөмөг зэрэг цусыг боловсруулдаг эрхтнүүд нь өөрөө тэжээлгүйдсэнээс болж өвчилсөн гэсэн үг. Мөн дархлаа уналаа гэж яриад байгаа нь дархлаа бий болгодог эд, эсүүд өөрөө тэжээлээ авч чадахгүй болчхоод байгаа юм. Бид ердөө иймхэн зарчмыг ойлгохгүй байна.

Хэрэв үүнийг ойлгоод хүмүүс цусны эргэлтээ хэвийн байдалд оруулчихвал ямар ч вирусээр хүн үхэхгүй. Энэ мэтээр вирусийг эмчлэх тухай ХОВС номынхоо 2,3 дугаар дэвтрийг бичих гэсэн ч санхүүжилт байхгүй байна. Энэ тухайгаа Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хандсан ч хариу өгөөгүй.

Өнөөдөр Монголын Засгийн газар, Эрүүл мэндийн яам коронавируст халдвараар далимдуулж мөнгө угааж байна. Би 2020 оноос хойш эмнэлгээ өргөжүүлэхээр санхүүжилт хүссэн ч өгөөгүй зөвхөн улсынхаа эмнэлгүүдэд л хөрөнгө оруулалт хийж байна. Гэтэл улсын эмнэлгүүд нь бичил эргэлтийн системийн талаар ямар ч онол байхгүй тул эмчилгээ хийж чадахгүй байна.

Дэлхий нийт ч коронавирусийг алахын тулд витамин С уулгаж, антибиотик тарьж байгаагаас өөр зүйлгүй. Урьдчилсан сэргийлэх чиглэлээр ганц ч эмчилгээ хийхгүй байгаад нь би их харамсаж байна.

Иймд би Монголын төр засаг, эмч нартай уулзалт хийж, хэн нь буруу ярьж байгааг нүүр тулж ярилцмаар байна.

Гадаадаас орж ирсэн асар их тусламж нь жинхэнээсээ эмчилж чадаж байгаа эмч нар, хувийн хэвшлүүдэд хүрэхгүй байгаа, бидэнд өгөхгүй байгаа юм.

Вирусийг эмчлэхэд хамгийн чухал зүйл бол дархлаа. Гэвч дархлааг үүсгэдэг цус төлжүүлэх процессын алдагдлыг өнөөдөр ярихгүй байна. Үүнийг л эмчилчихвэл ямар ч вирусээр өвдөхгүй. Энэ талаар дэлхийн эрдэмтэдтэй нээлттэй хэлэлцүүлэг хийгээд ялж чадна гэдэгтээ би итгэлтэй байгаа. Вирусийг 3-5 хоногт эмгүйгээр эмчлэх бүрэн бололцоотой” хэмээн ярилаа.

Түүнчлэн “Амьд амьтан мутацад ороод, амьдрах эрхийн төлөө тэмцэж байгаа. Үүнтэй адилаар вирус дахиад л мутацад орсоор байна. Тэр вирусийн мутац сул эсвэл хүчтэй байж болно. Ямар ч тохиолдолд мутацын шинэ тохиолдол бүрд бид вакцин хийж чадахгүй.

Цаашид хэчнээн ч мутац гарч ирэхийг мэдэхгүй тул хүмүүс өөрийнхөө биеийн эсэргүүцлээр вирустэй тулахаас өөр аргагүй.

Миний хувьд яг коронавирусээр нас барсан гэж ярихыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бичил эргэлтийн системийн алдагдал нь зүрхний үрэвсэл, уушгины хатгаа үүсгэдэг.

Өөрөөр хэлбэл, коронавирус нь далд болон ил хэлбэрийн архаг суурь өвчнийг хүндрүүлсний улмаас өвчилсөн хүн нас барж байна. Түүнээс яг коронавирусийн улмаас нас баралт бүртгэгдэж байгаа гэдэгт итгэхгүй байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Нөөцийн махны худалдааг ирэх сард зохион байгуулна

33 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах борлуулж эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан нөөцийн мах бүрдүүлэхэд анхаарч байна.

Энэ хүрээнд 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр 23 аж ахуйн нэгж ажиллаж, бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд 12 мянган тонн мах нөөцөлжээ.

Өнгөрсөн жил зуншлага сайн байсантай холбоотойгоор махны чанар, өнгө үзэмж сайн байна. Чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд малын өвчин гараагүй бүс нутаг, аймаг, сум, багаас бэлтгэх шаардлагыг онцгойлон тавьж, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр давхар хянан баталгаажуулж байна.

Нөөцийн махны худалдааг ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Манай улсад хөдөлмөр эрхлэхээр 5607, цагаачлахаар 1868 гадаад иргэн иржээ

QUIZ: Улс орнуудын ДАЛБААГ хэр сайн мэдэх вэ?

Монгол Улсад өнөөдрийн /2022.02.10/ байдлаар 123 улсын 16,389 гадаад иргэн түр, албан болон хувийн хэргээр оршин сууж байна.

Тодруулбал албан хэргээр 297, хөрөнгө оруулахаар 1,523, хөдөлмөр эрхлэхээр 5,607, гэр бүлийн зорилгоор 6,340, суралцахаар 723, цагаачлахаар 1,868, түр ирсэн 125 гадаад иргэн байна.

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны нэгдүгээр сард 1,027 гадаад иргэнд визийн зөвшөөрөл, 47 иргэнд виз олгожээ.

Evisa.mn” цахим системээр нийт 14 улсын 59 иргэнд цахим виз олгож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 695 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 4,627 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.

Мөн 300 аж ахуйн нэгж, байгууллагын 757 гадаад иргэний хүсэлтийг цахимаар (eimmigration.mn) хүлээн авч, шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн наадамд оролцох эрхээ хасуулсан Беларусийн цаначин гэр бүлээрээ гадаадад дүрвэжээ

Лукашенкогийн дэглэмийн дарамт шахалтын улмаас Беларусийн ирээдүйтэй цаначин гэр бүлийн хамт гадаадад дүрвэжээ.

Гүйлтийн цанын тамирчин 17 настай Дарья Долидович одоо гэр бүлийн хамт Польш улсад байгаа юм байна.

Цанын энэ төрлөөр долоон удаа олимпын наадамд оролцож байсан түүний аав Сергей Долидович охиноо дасгалжуулдаг юм.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаалд Дарья оролцож байжээ. Уг сонгуульд Беларусийг бараг 30 жил захирсан Александр Лукашенко үнэмлэхүй ялалт байгуулж байв.

Өнгөрсөн сард Беларусийн Цанын Холбоо түүний Олон Улсын Цанын Холбоонд бүртгэлтэй хувийн дугаарыг нь (FIS code) идэвхгүй болгожээ. Ингэснээр улсынхаа хамгийн ирээдүйтэй цаначдын нэг гэгддэг Дарья олон улсын тэмцээн уралдаануудад оролцох эрхгүй болсон юм.

Үүнийг Лукашенкогийн эсрэг жагсаал цуглаанд оролцсоны шийтгэл гэж Сергей Долидович үзэж байна.

2020 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Беларусийн олон алдартай тамирчин шоронд хоригдох, үндэсний шигшээ багаасаа хөөгдөх зэргээр шийтгүүлсэн юм.

“Дарья олон улсын уралдаан тэмцээнд оролцох эрхгүй болсон. Түүний спортын замналыг Беларусьт үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж би бодож байна. Бид ердөө жагсаалд оролцож, уриа хашхирсныхаа төлөө шоронд хоригдох магадлалтай болоод байгаа. Ердөө гурван сарын өмнө би эх орноосоо дүрвэнэ гэж зүүдлээ ч үгүй явлаа” гэж Сергей Долидович ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Балжинням: Багш нар болон төрийн албаныханд гуравдугаар сараас монгол бичгийн хичээлийг үнэгүй заана

No description available.

Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах учиртай.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад амьдарч буй өвөрмонгол иргэд төрийн албаны шат шатны ажилтнуудад үнэ төлбөргүйгээр монгол бичиг заах уриалга гаргаж, “YesMongolbichig” аяныг эхлүүлэх гэж байгаагаа өнөөдөр мэдээллээ.

Аяныг санаачлагч Б.Балжинням “Монгол Улс 2025 оноос монгол бичгээ сэргээж байгаа тул миний бие энэ төслийг санаачлан эхлүүлэх гэж байна. Монгол бичиг бол манай сүр сүлд. Монгол үндэстнийг илэрхийлэх хамгийн гол бэлгэ тэмдэг бол монгол бичиг. Өөрийн бичгийг заавал сурч, сэргээх ёстой. Зарим хүн өөрийнхөө нэрийг монгол бичгээр бичиж чадахгүй байна. Иймд сэргээх ёстой гэж бодож байна. Сургалт гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ” гэлээ.

Аяны хүрээнд 21 аймгаар явж, дунд сургуулиудын багш нар болон төрийн албаныханд сургалт явуулах юм байна. Харин нийслэлд хүсэлтээ гаргасан аж ахуйн нэгж, албан байгууллагад үе шаттайгаар сургалт явуулахаар төлөвлөжээ. Уг аянд монгол бичгийн хичээлийг 10 гаруй зааж буй багш нар нэгдэхээ илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Амарбаясгалан: Авлигачидтайгаа жинхнээсээ тэмцэнэ

Д.Амарбаясгалан МАН-ын дарга болох уу? | Sonin.MN

Улсын дээд шүүхээс өчигдөр МАН-ын дүрмийг бүртгэсэн. Энэхүү дүрмийн дагуу МАН “авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол намын гишүүнээс түдгэлзүүлж, хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол намаас автоматаар хасдаг” шинэ дүрэмтэй болсон гэдгийг тус намын генсек Д.Амарбаясгалан мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, дүрэм нь өчигдөрхөн бүртгэгдсэн учир өнөөдрөөс эхлэн намынхантайгаа “үзэлцэж” эхэлнэ гэв.

Намын дарга Л.Оюун-Эрдэнэ ч мөн авлигачидтай нам харгалзахгүй тэмцэнэ гэдгээ ил зарлачихсан. Гэхдээ түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл МАН авлигачидтай тэмцсэн, хариуцлага тооцсон асуудал алга. Яг МАН-ын авлигачидтай тэмцэх намын дүрэм бүртгэгдэхтэй зэрэгцэн Хөгжлийн банкны асуудал сөхөгдсөн нь учиртай ч байж мэдэх. Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаан зээл аваад төлөөгүй, чанаргүй зээлдэгч 52 аж ахуй нэгжийг АТГ яаравчлан шалгаж эхэлсэн гээд бүх зүйл уялдаа холбоотой мэт. Мэдээж шударга бус зүйлтэй тэмцэх нь зүйн хэрэг ч нам дотор намнах ажиллагаагаа олон нийтийн өмнө дэлгэж, хараалгаж, яллаж байгаад хийж байгаа үйлдэл нь улс төрийн увайгүй соёл гэлтэй. МАН-ын дарга нар ямар ч гэсэн авлигачидтай тэмцэнэ, хариуцлага тооцно гэдгээ хэллээ, зарлалаа. Харин ЖДҮХС-ийн зээлийн асуудал шиг хэдхэн хүн торгоод, өршөөгөөд эсвэл “дайснаа дарах” байдлаар ажиллаад эхэлж байгаа нь тэдэнд жинхнээсээ авлигачидтай тэмцэх хүсэл байна уу гэж тодруулмаар.