Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарын ихэнх хэсгийн агаар цэвэр байна

Улаанбаатар хотын агаарын чанарыг Агаар орчны газраас тодорхойлсон байна. Ингэхэд Нисэх, МҮОНРТ, Нэгдүгээр хороолол, Хайлааст орчмоор “Бага бохирдолтой” буюу 100-аас дээш бохирдлын нэгж илэрсэн байна. Амгалан, Баруун дөрвөн зам, Монгол газар, Баян хошуу орчмоор “Бага бохирдолтой” буюу 100-аас доош үзүүлэлттэй байна гэж агаар хэмжигч заалаа.

Харин Улаанбаатар хотын бусад хэсгээр агаарын бохирдолгүй, цэвэр байна гэж 2022 оны хоёрдугаар сарын 11-ны өглөөний 09:00 цагийн хэмжилт аж.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Залуусын сэтгэлзүйн асуудлыг хөндсөн “Гар+дор” үзэсгэлэн нээгдэнэ

Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн шагналт, залуу уран бүтээлч Ц.Анударийн “Гар+Дор” контемпорэри урлагийн анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 22-ноос үзэгчдэд хүрнэ.

Энэхүү үзэсгэлэн нь залуу хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн, нийгэмд нөлөөлөх зорилготой анхны төсөл нь юм. Түүнчлэн Монголд анх удаа 2100м2 талбайд нэг уран бүтээлчийн үзэсгэлэн гарч буй ховор тохиолдол бөгөөд үзэсгэлэнгийн үндсэн төрөл нь орон зай дахь инстолляц байх агаад холимог техник, видео бүтээлүүдийг мөн агуулах аж.

Залуу уран бүтээлч Ц.Анударь нь “China Academy of Art”-ийг загвар зохион бүтээгчээр төгссөн, суралцах хугацаандаа ZheJiang Government Scholarship-д 5 жил дараалан шалгарч байжээ. Мөн 2018 онд “China Graduation Fashion Week”-д уригдан оролцсон байна. Мөн тэрээр 2020 оны 9-р сараас “Ванжил арт” институтын ганцаарчилсан жилийн хөтөлбөрт хамрагдаж, “Контемпорэри урлагийн онол, бүтээлч судалгаа, дадлага” чиглэлээр суралцжээ.

2021 оны эхээр анх удаа зарлагдсан, Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн “Seed Awards 2021” нь карьерийн эхний 5 жилдээ явж буй, дүрслэх урлаг, гэрэл зураг, сэтгүүл зүй, хөгжим, бүжиг, медиа, театр, бүтээлч судалгаа зэрэг нийт 15 салбарт ажиллаж байгаа, дэлхийн 100 шилдэг залуу уран бүтээлчдийг шалгаруулж, анхны бүтээлийн төслийг нь дэмжих зорилготой, олон улсын чанартай шагнал юм. 2021 оны 10-р сард Ц.Анударийн боловсруулсан төсөл шалгарч, энэ нэр хүндтэй шагналын эздийн нэгээр тодорчээ.

Гудамж талбай, олон нийтийн газарт залуу хүнд бусдаас ирдэг хүсээгүй анхаарал, зөвшөөрөлгүй биед хүрэх, үг хэлээр гадуурхах зэрэг таагүй үйлдлүүдийг тэсэх, ойр дотныхондоо хэлэхгүй байх, мэргэжлийн хүнд хандахгүй байх зэрэг залуу хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн буруу хандлагыг өөрчилж, энэ гинжин хэлхээг таслахад хувь нэмрээ оруулахыг анхныхаа үзэсгэлэндээ хөнджээ.

Үзэсгэлэн Мишээл Экспо ОУҮХТ-ийн үзэсгэлэнгийн төв танхимд энэ сарын 22-27-ны хооронд үзэгчдэд хүрнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ө.Ганзориг: Доллар олж ирдэг үйлдвэр, уул уурхайг дэмжих л эх оронч үзэл

Эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.


ОЛЛАР ОРУУЛЖ ИРЖ БАЙЖ ОЙРЫН ХУГАЦААНД ИНФЛЯЦИЙН ДАРАМТААС ГАРЧ ЧАДНА –


-Инфляци толгойны өвчин болчихлоо. Инфляцийг бууруулах гарц шийдлээр ярилцлагаа эхлэх үү?

-Ганц Монголын биш, дэлхийн зовлон болчихсон инфляцийн хувьд хоёр шалтгаантай. Ковидын үед улс орнууд эдийн засгаа дэмжихийн тулд төв банкуудаараа дамжуулж зах зээлдээ их хэмжээний мөнгө нийлүүлсэн. Хоёрт, халамж хэлбэрээр иргэддээ буцалтгүй тусламжууд олгож, хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлсэн. Манай улсын хувьд гэхэд л цахилгааны үнийг тэглэх, гурван хувийн хүүтэй зээл өгөх зэрэг хэлбэрээр эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлснийг та мэдэж байгаа. Мөнгөний нийлүүлэлт сүүлийн арваад жилд байгаагүй өндөр түвшинд нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор инфляци маш өндөр, хоёр оронтой тоонд хүрчихлээ л дээ. том эдийн засагчдын маргаж байгаа нэг өнцөг бий. Өнөөгийн инфляци ковид дуусч улс орнууд мөнгөний нийлүүлэлтээ татаад эхлэхээр алга болох түр зуурын үзэгдэл үү, эсвэл алсдаа эдийн засагт хор нөлөө үзүүлэх эрсдэлтэй зүйл үү гэдэг дээр маргаж байна. Америкийн төв банк өнгөрсөн жил инфляцийг түр зуурын үзэгдэл гэж хараад инфляцийн эсрэг ямар нэг арга хэмжээ авахгүй гэсэн бодлоготой явсан. Үүнээсээ болж нэлээд шүүмжлүүлж, эцэст нь энэ оны гуравдугаар сараас бодлогын хүүгээ өсгөх, зах зээлдээ нийлүүлсэн мөнгийг мөнгөний бодлогын арга хэрэгслээр буцааж татах арга хэмжээнүүд авах төлөвтэй болж эхэлж байна.

-Монголбанк сая бодлогын хүүгээ нэмлээ, энэ шийдлээс нь харахад цаашид ч нэмээд явж магадгүй зураг харагдаад байна л даа. Ингэлээ гээд инфляцийг хазаарлаж дөнгөх үү?

-Ийм аргаар инфляцийг хазаарлах боломжгүй. Бодлогын хүүг дахиад нэмбэл арай гэж буулгаж эхлээд байсан зээлийн хүү өсөх нөхцөл үүснэ. Банкны хадгаламжийн хүү буурч жилийн долоон хувь руу орсон нь сүүлийн гучин жилийн түүхэнд ажиглагдаагүй үзэгдэл. Хадгаламжийн хүүгийн бууралтыг дагаад зээлийн хүү арван хувь руу орчихсон. Зарим хүн зээлийн хүү огт буурсангүй гэж шүүмжилдэг. Мэдээлэл дутуу учраас тэгж ярьж яваа байх. Шинээр жижиг дунд бизнес эрхэлж яваа, санхүүгийн үзүүлэлт сайтай, найдвартай бизнес хийдэг хүмүүст банкууд аль хэдийнэ арван хувийн хүүтэй зээл санал болгоод эхэлсэн. Жилийн 12 хувийн хүүтэй зээл хэвийн үзэгдэл болсон. Бодлогын хүүгээ 10, 11 хувьд хүргээд инфляцийг бууруулж болно л доо. Энэ тохиолдолд арай гэж буулгасан зээлийн хүүгээ буцаагаад хорин хувь руу алдах эрсдэл бий.

-Тэгэхээр төв банк бодлогын хүүг өсгөлгүйгээр өндөр инфляцийг дарж авах шаардлагатай нүүр тулж байгаа юм байна. Яг ямар тактик хэрэгжүүлбэл инфляцийг барьж авч чадах бол?

-Засгийн газартай хамтарч ажиллах хэрэгтэй. Засгийн газар, төв банк хоёр ямар бодлого барих ёстой вэ гэсэн асуултын хариу маш тодорхой. Бодлогын хүүг зургаан хувь дээр нь барингаа инфляциа бууруулах ёстой. Өөр бодлого байх боломжгүй. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн гэх мэт шалтгаан бүхий нийлүүлэлтийн чанартай инфляци их байгаа. Нөгөө талдаа эрэлтийн чанартай буюу иргэдийн гар дээрх мөнгөн хэмжээ ихэссэн гэх шалтгаантай инфляци ч бий. Шуудхан хэлэхэд, мөнгө тараасан гэсэн үг л дээ. Цахилгааны үнийг тэглэлээ гэдэг чинь мөнгө тарааж байгаагийн нэг хэлбэр.

-Нийлүүлэлтийн чанартай инфляци голлож байгаа гэж ойлголоо. Ийм инфляцийг хязгаарлахын тулд яах ёстой вэ, яг энэ чиглэлээр төв банк, засаг хоёр хамтарч ажиллаж чадсан жишээ манай өнгөрсөн түүхэнд байна уу?

-Ийм инфляцийг хязгаарлах чиглэлд Төв банк, Засгийн газар хамтарч ажиллаж чадсан түүх байхгүй. Засгийн газрын хувьд мөнгө тараах, хэрэглэх сонирхол нь өндөр байдаг. Улс төрийн зорилгоор мөнгө тараах, хэрэгтэй хэрэггүй барилга байшин сав барих, үргүй зардал гаргах сонирхолтой байдаг л даа, улстөрчид. Нөгөө талд нь Монголбанк мөнгийг зөв зүйлд зарцуулах, мөнгөний, төсвийн зөв бодлого явуулах сонирхолтой ажилладаг. Засгийн газрын тухайд улс төрийн популизмасаа татгалзаад нийлүүлэлтийн чанартай инфляцийг хязгаарлахын тулд урт хугацааны ажлууд эхлүүлэх хэрэгтэй. Хил дээр үүссэн гацааны шалтгааныг яг таг олох ёстой. Тэгээд өртөө, боомтынхоо шалган нэвтрүүлэх чадлыг сайжруулчихад л болчих асуудал.

-Та бид хоёрын сая ярьсан зүйлийг ажил болгоход цаг их орох байх. Ойрын хугацаанд эдийн засгаа сайжруулж, инфляцийн дарамтаас гарахад нөлөөлөх бодитой шийдэл санал болгооч?

-Яг одоо хэрэгтэй зүйл бол доллар. Доллар татахад онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй, бүх бараагаа доллараар худалдаж авдаг. Долларыг хоёрхон арга замаар олдог. Нэгдүгээрт алт, нүүрс, зэс, төмрийн хүдрээ гадагш нь зарж доллар олдог. Хоёрдугаарт, гадаадаас хөрөнгө оруулалт хэлбэрээр доллар авч байгаа. 2012 онд тухайн үеийн Засгийн газар буруу бодлого баримталснаас болж манай улс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө нэр хүндээ алдсан. 2011 онд Монгол Улсыг дараагийн Кувейт болно гэж дэлхий даяараа шуугьж байлаа. Тэр үеэс хойш арваад жилийн дараа эргээд харахад гадаадын хөрөнгө оруулалтын сан, гадны уул уурхайн компани Монголыг тоож зүглэхээ больчихсон байна. Гол шалтгаан нь популизм, төрийн залгамж халаагүй байдал. Нэг засгийн гаргасан шийдвэрийг нөгөө засаг нь унагаадаг нь жишиг болчихсон яваа. Гурав дахь шалтгаан нь авлига. Дөрөв дэх шалтгаан нь олон нийтийг гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг турхирдаг нийгмийн популист бүлэглэлүүд. Канадын “Хан ресурс” гэдэг компанийн лицензийг нь булааж аваад арбитрын шүүхэд ялагдаж иргэдийн татварын мөнгөнөөс 80 сая ам.доллар төлсөн жишээ өнгөрсөнд бий. Манайх дэлхийн хууль эрх зүйн конвенцид нэгдээд орчихсон улс, гадаадын хөрөнгө оруулалт олон улсын гэрээгээр хамгаалагддаг. Энд нэг улстөрч популизм хийгээд гадаадын хөрөнгө оруулагчийг дээрэмдлээ. Эцэст нь ирэх төлбөрийг ард түмэн л төлөхөөс өөр гарц байдаггүй.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бид яах ёстой вэ, яг одоо бидэнд ямар асуудал байна?

-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд мөнгөө хийхийн өмнө төрөөс бүх шатны зөвшөөрлийг авдаг. Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм учраас тэд Монголын хуулиар хамгаалагдаж, иргэдтэй нь ижил тэгш эрх эдлэх ёстой. Харамсалтай нь бодит байдал дээр гадны хөрөнгө оруулалттай төслийг янз бүрийн аргаар зогсоох, гацаах, хүндрэл чирэгдэл учруулах ажиллагаанууд эхэлдэг нь жишиг болчихсон. Энэ ажиллагаанууд идэвхжингүүт төрийн дунд шатны дарга нар нь нэмж дарамталдаг. Монголын Засгийн газраас зөвшөөрөл авчихсан хөрөнгө оруулагчид яагаад дахиад зургаа, долоон хүнд мөнгө төлөхөөр болчихов оо гэсэн асуулт амьдралаас урган гарч ирж байна. Хатуухан хэлэхэд, Монгол Улс дээрэмчдийн орон болчихоод байна л даа. Зөгнөлт кинон дээр сансрын колонийн тухай гардаг даа.

Тэнд төр байхгүй, хууль үгүй учраас бүлэглэлүүд оршин тогтнодог. Жишээ нь, та тэр сансрын колонид очиж бизнес хийнэ гэвэл бүлэглэл болгонд нь төлбөр төлөх шаардлагатай болно. Монгол Улс өнөөдөр ийм болчихоод байна. Хуулийнханд, төрийн дунд шатныханд, улстөрчдөд мөнгө төлөх ёстой болчихоод байгаа нь нуух юмгүй ил үнэн. Хуулиа уландаа гишгэсэн, боловсон аргын рекет хөгжсөн улс л болчихоод байна. Ийм газар хэн ч хөрөнгө оруулахыг хүсэхгүй. Тэгэхээр энэ гажуудлаа цаг алдахгүй засах хэрэгтэй.

-Та гадаадаас чамгүй хөрөнгө оруулалтыг улсдаа татаж чадсан залуусын нэг. Нууц биш бол хичнээн ам.долларын хөрөнгө татсан бэ, өнгөрсөн хугацаанд. Хөрөнгө оруулагч танилууд чинь Монголд мөнгөө хийхгүй байгаа шалтгаанаа хуваалцаж байсан уу?

-Нуух юу байхав. Хонконг, Лондон гэх мэт дэлхийн олон төвөөс нийтдээ 70 орчим сая ам.доллар улс руугаа татаж байсан. Тэр утгаараа гадаадын хөрөнгө оруулагчдын зовлон, бэрхшээлийг мэднэ. Барууны хөрөнгө оруулалтын сангийн захирал найз маань манай улс руу хөрөнгө оруулалт хийдэг байснаа больчихсон юм.

Хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлээд хийгээч гэж хүсэхэд мань эр “Ганзориг оо, танай улсад хөрөнгө оруулаад жилд хорин хувийн өгөөж олох боломжтой. Шведэд жилд хоёр хувийн л өгөөж олдог. Гэхдээ би Шведэд хөрөнгө оруулалт хийхийг илүүд үзэж байна. Ядаж л шөнө тайван хононо шүү дээ. Монголд бол би шөнө тайван амарч чадахгүй. Маргааш өглөө юу ч болж мэднэ, хэн ч ирээд эхлүүлсэн төслийг маань гацаах эрсдэлтэй. Ямар ч хэрэг үүсгэж яаж ч гүтгэж магадгүй. Монголын төрөөс зөвшөөрөл аваад, бүгдийг хуулийн дагуу хийж байхад зүгээр нэг байцаагч хүрч ирээд бизнесийг маань бүхэлд нь самрахад бэлэн тийм орчинд хөрөнгө оруулахыг хэн хүсэх вэ дээ ” гэсэн хариу хэлж байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадын хөрөнгө оруулалтын институциүдийг хүлээж авч “Бид гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө буруу юм хийжээ” гэж мэдэгдээд уучлалт гуйсан нь маш зөв алхам. Одоо энэ мэдэгдэл, уучлал гуйлтаа бодит ажил болгох хэрэгтэй.

-Бодит ажил гэдгээ тодруулаач. Засгийн газар хөрөнгө оруулалтыг татах чиглэлд яг яаж ажиллавал долларын урсгал Монголыг чиглэх бол?

-Төрөөс тусгай зөвшөөрлөө авчихсан, Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулчихсан, Монголын хууль тогтоомжийн дагуу хөрөнгөө оруулаад төсөл хэрэгжүүлж яваа компанийг түрүүн хэлсэнчлэн хэсэг этгээдүүд дарамтлаад ажлыг нь зогсоож байна шүү дээ. Засгийн газрын тэргүүн яг ийм үед нь гарч ирээд “Уучлаарай, бид нэг толгойтой нэгдмэл улс. Бид нэг л хуультай. Орон нутгийн удирдлагууд Засгийн газрын гаргасан шийдвэрийг эсэргүүцэх ёсгүй. Засгийн газраас хуулийн дагуу зөвшөөрлөө аваад ном журмаараа ажиллаж яваа төслүүд дээрх элдэв популизмын эсрэг хатуу зогсоно. Зөвшөөрлөө авч, хуулийн дагуу ажиллаж байгаа ямар ч төсөлд элдэв саад учруулах эрх хэнд ч байхгүй” гээд мэдэгдчих хэрэгтэй. Ингэж чадвал Монголын төр гадаадын хөрөнгө оруулагчдаас жинхэнэ утгаараа уучлалт гуйж, алдаагаа засах бодитой алхам хийчихлээ гэсэн үг. Тэгж байж гадаадын хөрөнгө оруулагчдын сэтгэлийг нааш нь эргүүлж чадна.

-Нээрээ л Засгийн газраас гаргасан шийдвэрийг давсан, эсэргүүцсэн шийдвэр сум орон нутгийн хэмжээнд гардаг тохиолдол ганцаар тогтохгүй анзаарагддаг шүү…?

-Төр бизнесийг дэмжих ёстой болохоос дарамтлагч шантаажлагч байх ёсгүй. Харамсалтай нь бизнесийг дарамтлагч, шантаажлагч болж хувирчихаад байна л даа. Сумын ИТХ уг нь нэгдмэл төрийн нэг хэсэг. Гэтэл төв төрөөсөө тэс өөр юм яриад суудаг нь жишиг болчихсон. Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр аймгийн Засаг даргад анхааруулга өгсөн байна лээ. Монголын төр ийм түвшинд хүртэл доройтсон нь гунигтай ч гэсэн бодитой үнэн. Өнөөдөр Казахстанд хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж байгаа хэрнээ Азидаа ардчиллын баянбүрд гэж өөрсдийгөө дөвийлгөдөг Монголд яагаад хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна вэ? Казахстанд хөрөнгө ороод байгаагийн гол шалтгаан нь хууль бол хууль гэсэн сэтгэлгээ хандлага хүчтэй байдгийнх. Дуртай нь гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг орчингүй учраас хөрөнгө оруулагчид мөнгөө хийдэг. Манайх үнэхээр ардчилсан улс л юм бол ийм орчныг бүрдүүлэх ёстой. Хуулийн дагуу хийж байгаа бизнес бүхнийг төр хамгаалдаг байх учиртай. Хуулиа хамгаалдаг төрийг л хүчтэй төр гэдэг.

-Гадаадын хөрөнгө оруулагчдын ганц хоёрыг нь хөөгөөд гаргахад цаана нь Монголыг сонирхож яваа өчнөөн хөрөнгө оруулагч бий гэсэн хандлага улстөрчдөөс илт анзаарагддаг. Хөрөнгө оруулагчидтай ойрхон харилцдаг хүний хувьд энэ хэр ортой хандлага вэ?

-Манай төрийн хурган дарга нар “Дэлхийн хөрөнгө оруулагчид маш олон, хоёрыг нь хулхидаад дээрэмдээд явуулчихаар цаана нь хоёр сая хөрөнгө оруулагч бий” гэж төсөөлдөг л дөө. Тийм юм огт байхгүй. Дэлхийн хөрөнгө оруулалтын сангууд Лондон, Нью-Иорк, Хонконг, Сингапур гэх мэт дөрөв тавхан хотод төвлөрдөг. Хотын төвийнх нь арваад шилэн байшинд оффислодог. Кофе уух, хоол цайнд орохдоо байнга тааралдаж мэдээлэл солилцож байдаг. Ер нь дэлхийн хөрөнгө оруулагчид гэвэл хэдхэн мянган хүн л байдаг. Нэг нь Монголд хөрөнгө орууллаа гэхэд бусдаасаа байнга асууж лавлаж явдаг. 2012 онд эвгүй ойлголт төрүүлж үргээсэн хөрөнгө оруулалт сүүлийн арван жилд сэргэхгүй байгаагийн шалтгаан ерөөсөө л энэ. Мэдээллээ солилцчихдог учраас хөрөнгөө нааш оруулахгүй байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь гадны байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээж авч уулзсан нь хөрөнгө оруулалт татах ажлын ердөө нэгхэн хувь. Дахиад ихийг хийх хэрэгтэй. Реформ хийх ёстой. Төр нь хуулийн дагуу ажиллаж яваа гадаад дотоодын хөрөнгө оруулагчдынхаа бизнесийг хамгаалж, ном журмаараа хэрэгжиж байгаа бизнес төслүүдийг мэргэжлийн хяналт, хуульч, сэтгүүлч, популист улстөрч, малчин, ер хэн ч зогсоох эрхгүй тийм орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

-Яг одоо ийм орчин огт бүрдээгүй явна уу, эсвэл тодорхой хэмжээнд суурь нь тавигдчихсан байгаа юу?

-Яг одоогийн бодит байдлыг харахаар хуулийн дагуу лицензээ авч шударгаар бизнес хийж яваа хүмүүсээ төр хамгаалахгүй байна л даа. Тийм учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчид хэнд хандахаа мэдэхгүй байна. Төрийн албан тушаалтан дээр очоод “Биднийг ингэж дарамтлаад байна” гэхээр “Та нар өөрсдөө л ассан галыг намжаахгүй бол бид зөвшөөрлийг чинь цуцлахаас аргагүй болох нь байна шүү” гэж мөрөө хавчаад сууж болохгүй. Ингэвэл төр гэж оршихын утга байхгүй.

-Оюу толгойн гүний уурхайтай холбоотой сүүлийн мэдээ хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгсөн байх…?

-Оюу толгой дээр тохироонд хүрсэн нь баяртай мэдээ. Яг энэ агшныг дагуулаад гаднаас хөрөнгө оруулалт татаж байгаа компаниудтайгаа уулзалт хийж, төрөөс зөвшөөрөл авсан, Монголын хуулийн шаардлагыг биелүүлсэн, Лондон, Нью-Йоркоос хөрөнгө татаад ирчихсэн бизнесүүдээ дэмжих хэрэгтэй. Гаднаас нэг ч долларын хөрөнгө татаж үзээгүй хүмүүс Лондон, Нью-Йоркоос мөнгө олж ирэхийг амархан гэж боддог шиг байгаа юм.

Маш хэцүү. Банк, санхүү, хөрөнгийн чиглэлд ажилладаг бидний хэдэн залуус 2002, 2003 оноос хойш дэлхийн хөрөнгө оруулалтын төвүүдэд очиж улсдаа мөнгө татах гэж маш олон жил ажилласан. Арваад жилийн эцэст арай гэж хорь, гучин сая ам.доллараар нь Монгол руу мөнгө татдаг болгоод байтал хоёр хөлдүү улстөрч гарч ирээд сүйрүүлчихэж байгаа юм. Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффетийн “Сайн нэр хорин жилд бий болно. Муугаар солиход хоёрхон секунд л хангалттай” гэсэн алдартай үг бий. Бид тэр алдаагаа 2012 онд хийчихсэн. Хөрөнгө оруулагчид 2011, 2012 онд арав, хорин саяыг өгчихье гэдэг байсан бол өнөөдөр тэр тоо тэг руу уруудчихсан. Тэгж сүйрүүлсэн хүмүүс нь улстөрд улам дэвшиж, том дарга болоод яваа нь эгдүүцмээр санагддаг. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдад дэлхийн 200 гаруй улсын сонголт бий гэдгийг. Энэ сонголтын эхний хорь гучид жагсч явсан түүх бидэнд бий. Харин одоо бол сүүлийн хорь, гучид яваа. Шулуухан хэлэхэд дайн дажинтай улсуудын түвшинд очсон.

-Хошин егөө шиг сонсогдох байх л даа, гэхдээ таны яриаг анзаарах нь ээ УИХ-ын гишүүдэд хөрөнгө оруулалт татахад ямар процесс өрнөдөг энэ тэр гээд хөрөнгийн захын цагаан толгойг мэдрүүлж ойлгуулахгүйгээр гадна, дотны хөрөнгө оруулалт дахь популизм зогсохгүй юм байна даа…?

-Гадаадаас хөрөнгө оруулалт татаж үзээгүй, экспорт хийж доллар олж байгаагүй хүмүүс УИХ-ын гишүүн олноороо болчихоод, дураараа ярьдаг байдал хэрээс хэтэрчихлээ л дээ. Доллар байхгүй бол монгол төгрөгийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Монгол төгрөгийн худалдан авах чадварыг төв банкинд байгаа долларын нөөцөөр л баталгаажуулдаг. Манай долларын нөөц өнөөдөр дөрөвхөн тэрбум. Гэтэл манайх шиг дөрөвхөн тэрбум ам.долларын нөөцтэй улс маш ховор. Монголын иргэн бүр нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Аль болох их долларыг улсдаа оруулж ирэх ёстой. Энэ л эх оронч үзэл.

-Эх оронч байхын тулд улсдаа доллар оруулж ирэх ёстой гэдэг санаа онцолж хүргэмээр хэрэгтэй өнцөг байна шүү…?

-Эх оронч үзэл ийм энгийн. Доллар оруулж ирдэг үйлдвэрүүдийг, уул уурхайг дэмжих л эх оронч үзэл. Түүнээс биш хувьдаа ашиг олох өчүүхэн хүслээр гадны хөрөнгө оруулалтыг сүрэглэж дайрдаг байдал өнөө цагт хоцрогдсон. Үүнийг залуус дэмжихгүй. Монголын ард түмэн юм ойлгодог болсон. Солонгосчууд 1997 оны хямралаар алтан ээмэг, бөгжөө хайлуулаад улсдаа доллар авчирч байсан шиг монголчууд тийм эх оронч байх цаг нь иржээ л гэж харж байна. Төрийн нэгдмэл бодлоготой байгаад, дураараа улсаа хорлож суудаг улстөрчдийг хязгаарладаг, хариуцлага тооцдог системтэй болчихвол хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа тэлэх асуудал биш.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ

Аргын тооллын хоёрдугаар сарын 11, Сугар гариг. Билгийн тооллын 10, гөрөөсөн толгой одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 8:05 цагт мандан, 18:07 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасч, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 40-45 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 31-36 градус, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 21-26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд “АН-ын үнс нурман дундаас ардчиллын галт шувууг дахин төрүүлье​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АНУ-ын Брукинс
институтын зөвлөх,
санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын мэргэжилтэн Д.Тэгшбаяр “Нүүрсний
орд эзэмшигч
нэг настай
монгол
иргэний
өмчлөл хууль
ёсных эсэхийг
заавал
шалгах ёстой” гэснийг VII нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн,
Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн “Цаашид ковидын вирус
аюултай, хэрцгий хувилбараар гарч
ирэхгүй болов уу. Тиймээс энэ ондоо
дуусчих байх” гэв.

“Улс төр” нүүрт Боловсрол, шинжлэх
ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын
салбарт улстөржсөн,
мэргэжлийн бус томилгоо
гамшгийн хэмжээнд хүрсэн” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “АН-ын үнс нурман дундаас
ардчиллын галт шувууг
дахин төрүүлье” хэмээн өгүүллээ.

“Гашуунсухайт дахь алдагдсан
тусгаар тогтнол” хэмээв.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжилга”-аар Улсын
Нэгдүгээр төв эмнэлгээс бэлтгэлээ. “Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн
80 хувь нь биеэр ирж
үзлэгийн цаг авдаг” гэв


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Walt Disney” компанийн борлуулалтын орлого 21.8 тэрбум ам.долларт хүрэв

“Walt Disney” компанийн борлуулалтын орлого 21.8 тэрбум ам.долларт хүрэв

“Walt Disney” компанийн борлуулалтын орлого санхүүгийн жилийн эхний улиралд 21.8 тэрбум ам.доллар хүрсэн талаар тус компани тайлагналаа. Энэ нь хүлээлтээс өндөр дүн болж байна. Тайлант хугацаанд “Disney+” үйлчилгээний шинэ хэрэглэгчдийн тоо 11 саяар нэмэгдсэн нь гол анхаарал татсан үзүүлэлт боллоо. Энэ нь мөн адил “Wall Street”-ийн шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт болж байна.

“Disney+” үйлчилгээний хэрэглэгчдийн тоо өсөхөд Зул сарын баярын үеэр гарсан “Encanto” кино түлхэц болсон гэж шинжээчид үзжээ. Мөн “Walt Disney”-ийн сэдэвчилсэн паркуудын орлого цар тахлын улмаас эрс буурч байсан үетэй харьцуулахад хоёр дахин өсөж, 2.4 тэрбум ам.доллар хүрсэн байна.

Тус компанийн орлого, стриминг үйлчилгээний хэрэглэгчдийн тоо өссөнтэй зэрэгцэн хувьцааных нь ханш 10 хувиар өсжээ.

Categories
мэдээ нийгэм

Омни капитал ББСБ хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргалаа

Хөрөнгөө өсгөх сонирхолтой уншигчдадаа дуулгах нэг мэдээтэй шүү. Монголын шилдэг ББСБ-уудын нэг Омни капитал ББСБ нь Омни актив тусгай зориулалтын компанийг үүсгэн байгуулж 2022 оны хамгийн анхны олон нийтэд нээлттэй Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг СЗХ-ны зөвшөөрөлтэйгөөр гаргаж байна.

ХБҮЦ-ны тухай:

Омни актив нь нийт ₮5 тэрбумын хөрөнгийг татан төвлөрүүлнэ.

Уг ХБҮЦ нь ₮11 тэрбумын барьцаа хөрөнгөөр баталгаажсанаараа онцлог.

Апекс капитал үнэт цаасны компаниар дамжуулан 2 сарын 21- 24-ний хооронд захиалга өгөх боломжтой.

ХБҮЦ гэдэг нь орон сууцны зээл, автомашины зээл, кредит картын эргэн төлөлт зэрэг тодорхой мөнгөн урсгалтай хөрөнгийн багцаар үнэт цаасны эргэн төлөлтийг баталгаажуулсан өрийн хэрэгсэл юм. Багцалсан зээлүүд нь тодорхой хугацаанд, тодорхой хүүтэйгээр эргэн төлөгдөх нөхцөлтэй, зохих хууль журмын дагуу бүртгэгдсэн барьцаатай ба бусад өрийн хэрэгсэлтэй харьцуулахад эрсдэл бага өгөөж харьцангуй өндөр санхүүгийн бүтээгдэхүүн юм.

Categories
мэдээ нийгэм

Булган-Хөвсгөл чиглэлийн замд халтиргаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна 

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өнөөдөр 20:00 цаг хүртэл түр хаалаа

Булган-Хөвсгөл чиглэлийн замд нойтон цас орж, цасан шуурга шууран зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдджээ.

Иймд жолооч нар анхаарал болгоомжтой зорчих, шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг Булган аймгийн Замын цагдаагийн төвөөс анхаарууллаа.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангана уу. Мөн цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байна уу.

Categories
мэдээ нийгэм

Газпромбанкны удирдлагууд нийтийн тээвэр, автомашиныг шингэрүүлсэн байгалийн хийгээр хангах ажилд хамтран ажиллах санал тавилаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Газпромбанкны удирдлагууд болон албаны бусад төлөөлөгчидтэй хамтарсан уулзалт хийлээ.

Уулзалтад Газпромбанкны Нефть хийн төслийн газрын захирал, АО “Криогаз” ХХК-ийн Ерөнхий захирал Смелов Владимир Олегович, тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Нефьт хийн газрын дарга Радионов Михайл Юрьевич, орлогч дарга Лавров Леонид Алексеевич, хамтарсан компанийн Ерөнхий захирал Горелов Александр Витальевич, “Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Лий Ил Гио, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн захирал Н.Баярчимэг, Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Г.Даваажаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Газпромбанкны удирдлагууд уулзалтын эхэнд хамтарсан нэгж байгуулан ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Газпромбанкны Нефть хийн төслийн газрын захирал, АО “Криогаз” ХХК-ийн Ерөнхий захирал Смелов Владимир Олегович “Байгальд ээлтэй шингэрүүлсэн байгалийн хийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобус, автомашины хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, хангах, цаашлаад Эрхүү зэрэг хотод шингэрүүлсэн хийн үйлдвэр барьж ашиглалтад оруулах, түгээх станцууд барих төлөвлөгөөтэй байна.

Харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эхлүүлэхэд Нийслэлийн хотын удирдлагуудын зүгээс бодитой дэмжлэг, ойлголцол, шат дараалсан хэлэлцээр чухал. Нийслэлийн иргэдийн шатахууны хэрэглээг хөдөлгүүрийн газ хэрэглээнд нэвтрүүлэхэд төрийн зүгээс бодлогоор тодорхой дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Уул уурхайгаас ангид байгальд ээлтэй, сэргээгддэг эх үүсвэрийг дэлхий нийтээр эрэлхийлж байна. Энэ бол дан ганц Улаанбаатар хотын асуудал биш. Дэлхий нийтийн асуудал. Нийслэл, харьяа агентлаг, газрууд агаарын болон хөрсний бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийг бууруулах зорилгоор хатуу түлшийг байгальд ээлтэй эх үүсвэрээр солих ажилд анхааран ажиллаж байна. Үр дүнд хүрсэн бодитой шийдэлтэйгээр хамтран ажиллахад таатай байна. Хотын зүгээс мэргэжлийн баг бүхий хөрөнгө оруулалтын ажилд НИТХ-ын бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэлээ.

Хамтарсан уулзалтын үеэр Газпромбанкны төлөөлөгчид Улаанбаатар хотын иргэдийн шингэрүүлсэн хийн хэрэглээ нэмэгдэж байгаа хэдий ч эх үүсвэр, түүхий эд, түлшний хангамж тасалддаг, үйлдвэр цөөтэй зэрэг бэрхшээл байгаа нь судалгаанаас харагдаж байна. Нийслэлийн удирдлагын зүгээс нийтийн тээврийн автобусны тоо хэмжээг нэмэгдүүлж, байгалийн хийн түлшний хэрэглээг дэмжих нь чухал болохыг онцолсон юм.