Categories
мэдээ нийгэм

2015-2020 онд бүтээсэн 10 кинонд шүүмж бичих уралдаан зарлалаа

Соёл урлагийн их сургуулийн, Радио, телевиз, медиа урлагийн сургуулиас кино шүүмжийн уралдаан зарлалаа. Монголын кино урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, киноны шүүмж судлалыг төлөвшүүлэх, шинэ залуу судлаач шүүмжлэгчийг дэмжих зорилгоор энэхүү уралдааныг зарласан байна. 2015 оноос хойш бүтээсэн дараах кинонуудаас сонгож, шүүмж бичих юм.

  1. “Содура” найруулагч Б.Жаргалсайхан /2015/
  2. “Цагаан хадаг” найруулагч Б.Сэнгэдорж /2016/
  3. “Ээж” найруулагч Б.Эрдэнэчимэг /2016/
  4. “Чингисийн хүүхдүүд” найруулагч Д.Золбаяр /2017/
  5. “Солиот эх” найруулагч Б.Одончимэг /2017/
  6. “Од ба гэгээ” найруулагч Л.Бат-Амгалан /2017/
  7. “Хийморь” найруулагч Г.Эрдэнэбилэг /2019/
  8. “Хэвтрийн хүн” найруулагч С.Бямбаа /2019/
  9. “Гэргий” найруулагч Ж.Сэнгэдорж /2020/
  10. “Хөхөө” найруулагч Ж.Жамъянсүрэн /2020/

Шүүмжид шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой судалгаанд үндэслэсэн байх, эрдэм шинжилгээний хэл найруулгаар бичсэн байх шаардлага тавьж буй. Бүтээлийг энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэл хүлээн авах юм.

Categories
мэдээ нийгэм

МҮХАҮТ Хөгжлийн банкны асуудлаар мэдэгдэл гаргалаа

МҮХАҮТ-аас Хөгжлийн банкнаас олгогдсон зээлийн асуудлаар мэдэглэл гаргажээ. Тус мэдэгдэлд “2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс өнгөрсөн хугацаанд тус банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа мэдэгдэн шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан чанаргүй 25 зээлийн талаар олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлсэн. Тус банкнаас олгосон зээлүүд, ялангуяа чанаргүй ангилалд шилжсэн, анхаарал татсан зээлүүдийн хувьд томоохон улс төрчид, өндөр албан тушаалтнуудын нэр холбогдож, зээлийг зориулалтын бусаар ашигласан, зээл төлөхөөс зайлсхийсэн, тэдгээр зээлтэй холбоотой шүүхийн үйл явц удаан байгааг холбогдох хууль хяналтын байгууллагууд онцгой анхаарч үнэн зөвийг тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авах нь зүйтэй гэдэгтэй МҮХАҮТ санал нэгдэж байна. Харин Хөгжлийн банкны зорилго чиглэлийн дагуу зохих ёсоор бизнесийн зээл авч, зээлийг зориулалтаар ашиглан төслөө амжилттай хэрэгжүүлж яваа аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг энэхүү асуудалд хутган, олны анхаарлыг өөр чигт залан чиглүүлэх, тэдгээрийн нэр хүндэд халдаж байгаа нь зохисгүй үйлдэл юм. Бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг илтэд үгүйсгэсэн сөрөг мэдээллийг нийгмийн цахим сүлжээгээр түгээж байгаа нь маш харамсалтай байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийг ул суурьтай судлан дүгнэх, олон нийтэд үнэн бодитой мэдээллийг хүргэх, шүүх хяналтын байгууллагууд нь шударгаар ажиллаж зээл тойрсон асуудлуудын үнэн мөнийг тогтоон шийдвэрлэх, цаашид энэхүү сургамжаасаа суралцан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эрүүл, ил тод, хөндлөнгийн хяналттай тогтолцоог бий болгоход анхаарах нь нэн чухал юм” гэжээ.
Categories
мэдээ цаг-үе

Чех улсад суугаа ЭСЯ мэдэгдэл гаргалаа

Бүгд Найрамдах Чех улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд “Жолооны үнэмлэх харилцан зөвшөөрөх асуудлаар манай тал хүчин чармайлт тавьж ажилласны үр дүнд айлын тал хүлээн авсан. Манай иргэд ч энэ давуу талыг ашиглан олноороо жолооны үнэмлэх авч байна. Гагцхүү Чехийн жолооны үнэмлэх авсан иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр автомашин жолоодохтой холбоотой зөрчил өсчээ. Үүнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчих, хурд хэтрүүлэх зэрэг 100 хувь сэргийлэх боломжтой зөрчлүүд давамгайлсан байна. Энэ статистик тодорхой хэмжээнд буурахгүй бол Монголын жолооны үнэмлэхийг шууд сольж байгааг зогсоож, сургалтад хамруулах, жолооны шалгалт авах зэрэг шаардлага тавих хэмжээнд хүрч болзошгүйг анхааруулж байна. “Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино” гэх үгийг үргэлж санаж явцгаая” гэжээ.

Мэдэгдэл дэх агуулгыг тодруулбал, Монголын иргэдэд Чех улсын жолооны үнэмлэх олгохдоо Монгол Улсын шинэчилсэн жолооны үнэмлэхийг үндэслэн буюу курст сууж, шалгалт авахгүйгээр олгодог.

Харин монголчууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчих, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гаргах болсон тул Чехийн тал монгол иргэдийг жолооны курсэд суулгахгүй үнэмлэх олгох ажлаа зогсоох талаар хөндөж эхэлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Хөгжлийн банкны нөхцөл байдал сайжрахгүй бол бондын эргэн төлөлтийг ЗГ хариуцах эрсдэл үүсэж болзошгүй” гэв

Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо “Хөгжлийн банктай холбоотой цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллана. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яам хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Засгийн газрын зүгээс шаардлагатай мэдээллийг тухай бүрд гаргах зэргээр дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Хөгжлийн банк 2017 онд батлагдсан хуулиар зохицуулагддаг. Ирэх жилийн сүүлээр 800 сая ам.долларын бондыг эргэн төлнө. Самурай бонд Засгийн газрын баталгаатай гарсан учир Хөгжлийн банк гэрээгээр төлсөн үүргээрээ эргэн төлөх ёстой. Хөгжлийн банкны зээлийн график зөрчигдөж байгаа учир өөрийн эх үүсвэрээр бондын төлбөрийг төлөхөд хүндрэл үүсэж болзошгүй. Хэрэв 2023 он гэхэд байдал сайжрахгүй бол бондын эргэн төлөлтийг Засгийн газар хариуцах эрсдэл үүсэж болзошгүй байна гэдэг асуудлыг тавьсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Буруу тээвэрлэсэн байж болзошгүй 400 тонн тахианы махыг гаалийн хяналтад авчээ

Замын-Үүдийн автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Буруу тээвэрлэсэн байж болзошгүй 400 тонн тахианы махыг гаалийн хяналтад авч, шалгалт хийж байгаа талаар Гаалийн ерөнхий газрын Статистикын хэлстийн дарга Э.Лхагвасүрэн мэдээллээ.

Тэрээр “400 орчим тонн тахианы махыг буруу тээвэрлэсэн байж болзошгүй хэмээн Гаалийн хяналтад аваад байгаа ба Гаалийн хорио цээрийн газар, зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас шалгалт хийж байна. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарна” хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 112 тэрбум төгрөг болж нэмэгджээ

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасны дагуу нөөц ашигласны төлбөрийн орлого 2018 онд 86 тэрбум, 2019 онд 94 тэрбум, 2020 онд 112 тэрбум төгрөг болж нэмэгджээ.

Хуулийн дагуу жил бүр 25-34 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах ёстой. Гэтэл жилд 7-15 тэрбум төгрөг зарцуулж, 16-20 тэрбумыг нь зориулалтын бусаар ашигласан байна.

Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлогын 15, ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын 50, газрын нөөц ашигласны төлбөрийн орлогын 15, ойн нөөц ашигласны орлогын төлбөрийн 85, ус, рашаан нөөц ашигласны орлогын төлбөрийн 35 хувийг байгаль орчин хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд тухайн жилд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн Засгийн газрын 2022 оны тогтоолоор баталсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилтийг хангахыг чиглэл болгож байна. Иймд БОАЖ-ын сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл хүргүүлснийг тус яам мэдээллээ.

“Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn/ -ээс харах боломжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкинд 39 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулж буй “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг эхэллээ.

Хэлэлцүүлэгт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул цахимаар оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөгжлийн банкны нийт зээлийн 55 орчим хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Хөгжлийн банк ирэх оны сүүлээр нийтдээ 800 сая ам.долларын төгрөгийн гадаад бондын төлбөрийг төлнө. Хэрэв зээлдэгчид зээлээ төлөхгүй бол банкны үйл ажиллагаанд хүндрэл учирна. 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 39 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна” гэлээ.

Хөгжлийн банк 2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 52 зээлдэгчийг АТГ-аас шалгаж энэ хүрээнд 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, нэг үйлдвэр, нэг лиценз, 13 дансыг битүүмжилж, хязгаарласан талаар АТГ-аас өчигдөр /2022.02.10/ мэдээлсэн.

Түүнчлэн Хөгжлийн банкнаас 20 зээлдэгч 520 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан нь нотлогдсон билээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Сугар гаригийн анхны тод дүрсийг NASA олон нийтэд үзүүлжээ

Нарны титмийг судлахаар сансарт илгээсэн Parker Solar Probe (PSP) хөлгийн 2020, 2021 онуудад буулгасан Сугар гарагийн гэрэл зураг, дүрс бичлэгийг NASA өчигдөр олон нийтэд үзүүлжээ.

Нарны аймгийн гарагуудаас дэлхийтэй хамгийн төстэй нөхцөлтэй гэгддэг Сугар гарагийг хүмүүс өмнө нь ийм тодоор харж байгаагүй юм.

2018 онд дэлхийгээс хөөрсөн PSP хөлөг нарны титмийг судлахдаа Сугар гарагт хэд хэдэн удаа ойрхон нисэж өнгөрсөн юм байна.

Сугар гарагийг өмнө нь ажиглахад маш өтгөн үүл манантай байдаг тул гадарга нь тодорхой харагддаггүй байжээ.

Хүний нүд 380-750 нанометрийн урттай гэрлийн долгионыг мэдэрдэг. Харин PSP хөлгийн WISPR камер 470-800 нанометрийн долгионы зурвасыг мэдрэх чадвартай тул үүлний цаанаас гэрэлтэх Сугарын гадаргын дүрсийг буулгаж чаджээ.

“Тэнгэрт хамгийн тод харагддаг сансрын гурав дахь биет Сугар гараг боловч бид өнөөдрийг хүртэл гадаргыг нь тод харж чаддаггүй байлаа. Тэгвэл одоо бид анх удаа ийм тодорхой харж байна” гэж Вашингтон хот дахь Naval Research Laboratory-ийн физикч Брайан Вүүд тайлбарлаж байна.

Эрдэмтэд эхэндээ PSP хөлгийн камераар Сугар гарагийг бүрхсэн үүлний хурдыг хэмжих зорилготой байжээ. Гэтэл санамсаргүй үүнээс ч илүү үр дүнд хүрсэн байна.

“Сүүдэртээ талдаа ч Сугарын гадарга Цельсийн 460 хэм хүрч халдаг. Ийм халуун байдаг учраас Сугарын гадарга улайссан төмөр шиг гэрэлтэж харагдаж байна” гэж Вүүдс ярьжээ.

Өндөрлөг газраа бага, нам дор газраа өндөр температуртай тул энэ зургаас Сугарын гадаргын бүтэц, чулуулгийн найрлагыг мэдэх боломжтой болсон байна.

2024 оны арваннэгдүгээр сард PSP хөлөг сүүлчийн буюу долоо дахь удаагаа Сугар гарагт ойрхон өнгөрөх юм.

NASA энэ үеэр Сугар гарагийн илүү олон зургийг буулгахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэлийг энэ сарын 18-24-нд зохион байгуулна

Цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтын талаарх мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танилцуулсныг хүргэж байна.

Цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаа хэзээ эхлэх вэ

Цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр эхлэх бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдана.

Цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлэгт хүүхэд шинээр бүртгэх үү

2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулна. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ. Улаанбаатарт шинээр ашиглалтад орсон 7 цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ.

Цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийг хэзээ бүртгэх вэ

2022 оны хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд бага бүлгийн бүртгэлийг зохион байгуулна. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ зохион байгуулна.

Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд ямар шинжилгээ өгөх вэ

Танхимын сургалтад хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг цэцэрлэг дээрээ өгнө. Тухайн цэцэрлэгээс эцэг эх, асран хамгаалагчдад шинжилгээ өгөх хугацааны талаар мэдээлэл хүргэнэ.

Тухайн дүүргийн цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг дараах утсаар лавлана уу.

Нийслэлийн Боловсролын газар – 70113032

Баянгол дүүрэг – 76119595

Баянзүрх дүүрэг – 70104005

Сүхбаатар дүүрэг – 70111606

Чингэлтэй дүүрэг – 11-315442

Хан-Уул дүүрэг – 11-342472

Сонгинохайрхан дүүрэг – 88052594, 80006444

Багануур дүүрэг – 70213815

Багахангай дүүрэг – 99989669

Налайх дүүрэг – 70233008

Categories
мэдээ эдийн-засаг

“Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг эхэллээ

Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй ААН-үүдэд шаардлага хүргэх зорилготой “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг яг одоо Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлэг Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг, “Улаан бал” нэвтрүүлгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу нарын санаачлагаар зохион байгуулагдаж буй.

Хэлэлцүүлэгт Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул онлайнаар оролцож байгаа бол Ш.Адьшаа, Б.Бат-Эрдэнэ, Т.Доржханд нарын УИХ-ын гишүүд, сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Б.Солонгоо, Монгол банкны дэд захирал Г.Дөлгөөн тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцож байна.

Мөн бизнес эрхлэгчдийн төлөөлөл болж “Алтан дорнод монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд, “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан, бусад улс төр нам, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шууд дамжуулагдаж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-үүдийн зээлийн төлөлтийг эрчимжүүлэх арга зам, гарц гаргалгаа, цаашдаа хэрхэх талаарх агуулгыг голчлон ярилцах юм.