Categories
мэдээ нийгэм

“Бурхан Халдунд байгаа нисдэг тэргийг түр үлдээсэн” гэв

Энэ сарын 10-ны өдөр Бурхан Халдун хайрханд орхисон гэх нисдэг тэрэгний зураг цахимд тавигдсан. Эзэн нь орхиод явсан байж магадгүй гэсэн тус зургийн дор хүмүүс олон сонирхолтой сэтгэгдэл бичжээ. Тухайлбал, эзэн нь эвдрэхээр нь орхиод явсан байх. Хөрөнгө нь илүүдсэн учраас эргүүлж авахгүй байх. Хайрханд өргөсөн хишиг юм болов уу гэхчлэн сэтгэгдлүүд бичжээ. Хэрэв ослын буулт хийсэн бол тухайн үед сууж явсан зорчигчид аймгийн онцгой байдлын газарт холбогдох ёстой. Гэтэл Хэнтий аймгийн онцгой байдлын албанд ослын буулт болоод, нисдэг тэргээ үлдээсэн, алга болгосон, хулгайд алдсан гэх дуудлага огт ирээгүй аж.

Хэрэв дархан цаазат, төрийн тахилгат ууланд тээврийн хэрэгсэл, нисдэг тэргээ орхисон бол эзэн холбогдогч нь эргээд холбогдоно. Гэхдээ тус хайрханы ойролцоо эргүүл хяналт тавьж ажилладаг. Тухайн нисдэг тэрэг тэр газар олон цагаар байрлаагүй. Одоо тус хэсэгт ямар нэгэн нисдэг тэрэг байхгүй гэсэн тайлбарыг онцгой байдлын албанаас өглөө.

Иргэдийн хэлж буй эзэнгүй гэх нисдэг тэргийг сууж явсан хүмүүс нь түр хугацаанд орхисон аж. Цагаан сар, баярын амралтыг тохиолдуулан хүмүүс шинийн сайн өдрүүдэд уул, овоонд гарч, өргөл өргөх сонирхолтой байдаг. Мөн сүүлийн жилүүдэд нисдэг тэргээр төрийн тахилгат хайрханд аялах, өндрөөс харахыг хүссэн жуулчдад зориулсан тусгай маршрут гаргажээ. Энэ төрлийн үйлчилгээнд явдаг нисдэг тэрэг байсныг үгүйсгэх аргагүй. Магадгүй өдрийн аялал хийх үеэр түр хугацаанд нисдэг тэргээ орхисон байх.

Энэ үед твиттерт тус зургийг жиргэсэн залуус тус нисдэг тэрэгтэй таарсан байх магадлалтай байна. Анх Бурхан Халдуныг зорин очсон эрчүүд эзгүй хээр эзэнгүй хаягдсан нисдэг тэрэг байхтай таарчээ. Сонирхож очвол эвдэрсэн бололтой нисдэг тэрэгнээс утаа хаяж байсан ба эргэн тойронд осолдож, гэмтсэн хүн үгүй байсан тухай бичсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч зарим томоохон голд халиа тошин гүйсний улмаас мөсний зузаан нимгэрч мөс хэврэгших, нуурт өрх үүсэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.

Нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Categories
мэдээ нийгэм

Б.Ачбадрах амжилтаа ахиулж 65 дугаар байрт орлоо

24 дэх удаагийн Өвлийн олимпыг зорьсон Монгол Улсын тамирчин Б.Ачбадрах үндсэн төрөл болох гүйлтийн цанын 15 км-ын зайд уралдлаа.

Эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаанд нийт 99 тамирчин оролцсоноос Б.Ачбадрах 43 минут 29.9 секундийн амжилтаар 65-р байр эзлэв.

Тэрээр 99 тамирчнаас 90-рт эрэмбэлэгдэн оролцсон ч 34 тамирчныг ардаа орхиж түрүү байраас 6 минутаар хоцорлоо.

Хоёр дахь олимпдоо оролцож буй Б.Ачбадрах хоёрдугаар сарын 8-нд болсон спринт төрөлд 90 тамирчнаас 77-р байр эзэлсэн бөгөөд 2018 оны Пёнчаны олимпод 93-р байр эзэлж байв.

Эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаанд Финландын тамирчин Ливо Нисканен 37 минут, 54.8 секундийн амжилтаар тэргүүлж алтан медалийн болзол хангасан бол Оросын Александер Болшунов 38 минут 18.0 секундээр хоёр, Норвегийн Йоханнес Хоесфлот Клаебо 38 минут 32.3 секундээр гуравдугаар байрт орлоо.

Өдгөө 30 настай Ливо Нисканен 2018 оны Пёнчаны олимпын 50 км-ын төрөл, 2014 оны Сочигийн олимпын спринт төрөлд алтан медаль хүртэж байсан. Түүний эгч, Сочигийн олимпын хошой мөнгөн медальт Кертту Нисканен өчигдөр эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд мөнгөн медаль хүртсэн.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компаниуд зээлээ төлж барагдуулжээ

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой “Өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Хэлэлцүүлгийн үеэр зээлийн эргэн төлөлтийн нөхцөл байдлын талаар Хөгжлийн банкнаас мэдээлэл өглөө.

Одоогийн парламентад сууж буй Ц.Анандбазарын эзэмшдэг “Сод Монгол групп” ХХК 669.8 сая иенийн зээл авч байсан бол Ч.Ундрам гишүүний аавын эзэмшдэг компани болох “Вояжер минерал ресурсес” ХХК 414,1 сая иенийн зээл авч байжээ.

Эдгээр компаниуд өнөөдрийн байдлаар зээлээ төлж барагдуулсан байна.

Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан “Сод Монгол компани өчигдрийн байдлаар зээлээ төлж барагдуулсан. 3.6 тэрбум төгрөгийн зээл төлсөн.

“Вояжер минерал ресурсес” уул уурхайн компани өчигдөр 2 тэрбум, өнөөдөр 1.6 тэрбум төгрөг төлөөд зээлээ хаасан. Зээлийн зарцуулалтын тодорхой хувь нь баримтаар баталгаажаагүй.

Өнөөдрийн байдлаар 39 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байна. Үүний дийлэнх нь зөрчилтэй, шүүхэд хандсан зээл байсан” гэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Ачбадрах уралдаанаа эхлүүллээ

Цанын ОУХМ Батмөнхийн Ачбадрах олимпын наадмын эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаанаа эхлүүллээ. Энэ төрөлд 50 Үндэсний олимпын хорооны 100 тамирчин хурд сорьж буй бөгөөд манай хүн 90 дэх ээлжинд гараанаас гарав.

Тамирчдыг гараанаас гаргахдаа Олон улсын цанын холбооны (FIS) чансаагаар нь жагсаадаг. Б.Ачбадрахын хувьд 100 тамирчнаас чансаагаараа 90-д бичигдэж байгаа юм.
Дөрвөн жилийн өмнөх Пёнчаны олимпод Ачбадрах 15 км-т 115 тамирчнаас 93-р байрт орж байсан. Тухайн үед тэрбээр өөрийн зайг 41:40 минутад туулж байв. Гэхдээ тэрхүү олимпод тамирчид чөлөөт техникээр уралдаж байсан бол энэ удаа зөвхөн сонгомол тэшилтээр уралдах ёстой. Тиймээс тамирчдын барианд орох цаг дөрвөн жилийн өмнөхөөс хавьгүй их байна.
Уралдааны үеэр Жанчхүүд цаг агаар тогтуун, салхи багатай байна. Энэ нь тамирчдад эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй.

Categories
мэдээ нийгэм

Хаврын чуулганаар электрон тамхины хэрэглээний зохицуулалтыг батална

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Тамхины хэрэглээ, хууль эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд электрон, шингэн, усан, зажилдаг, уусдаг гэсэн төрөл бүрийн тамхи үйлдвэрлэж, манай залуучууд, өсвөр насныхан эдгээр тамхийг сургууль, олон нийтийн газарт ихээр хэрэглэж байна.

Манай улсад 2019-2020 онд нийт 2,047 ширхэг электрон тамхи БНХАУ-аас импортлогдож байсан бол 2021 онд нэг сая ширхэг, Камбож улсаас 1.6 сая ширхэг 11 тэрбум гаруй төгрөгийн электрон тамхи импортлогдон орж иржээ.

Хүн амын тамхины хэрэглээ хоёр жилийн дотор ингэж их өссөн нь электрон тамхийг дотор болон гадна орчинд хэрэглэж болдог, тамхи үйлдвэрлэгчид янжуур тамхинаас хор багатай, никотингүй, тамхинаас гарахад тусалдаг гэх мэт сурталчилгааг иргэдэд ойлгуулсантай холбоотой гэдэг асуудал Байнгын хорооны хуралдааны үеэр хөндөгдлөө.

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар электрон тамхины хэрэглээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, шаардлагатай зохицуулалтыг батлах юм байна.

Эх сурвалж: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо

Categories
мэдээ нийгэм

Т.Ганболд: Ханшийн зөрүүг иргэд төлөх гээд байна

“Өөрөөр нь төлүүлье” Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн талаарх хэлэлцүүлэгт “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд оролцож үг хэллээ.

Тэрбээр “Хөгжлийн банкны эх үүсвэр дандаа гадаад. Олгохдоо төгрөгөөр олгосон. Иен, ам.долларт нь буцаан хөрвүүлж, зээл авсан хүмүүсээр төлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ханшийн зөрүүг иргэд төлөх болох гээд байна. Ханшийн асуудлыг Монголбанк хариуцдаг болмоор байна.

Гурван том арилжааны банк Хөгжлийн Банкнаас ойролцоогоор нэг их наяд төгрөгийн зээл авсан байна. Тухайн банкуудад байгаа хариуцлагатай явж байгаа зээлийг Хөгжлийн банкны зээл рүү сольж хөрвүүлэх хэрэгтэй. Цаашид төрийн нэгжүүдийг татан буулгах хэрэгтэй” гэлээ.

Мөн иргэн Г.Ганхүү дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Энэ өрийг төлөхгүй гэдгийг хамгийн түрүүнд хэлье. Намынх нь байранд чагнах төхөөрөмж байрлуулсны төлөө Засаг нь унаж байсан жишиг гадаадад бий. Чанаргүй зээлийн буруутан нь МАН, АН-ынхан.

Шийдэл ярьсан хүмүүс ерөөсөө байхгүй байна. Хөгжлийн Банкны захирал нь бид нэрээ өөрчлөх гэж байгаа гэж ярьсан. Тийм зүйл байж болохгүй. Хөгжлийн Банкийг татан буулга. Эсвэл гаднын мэргэжилтнүүдийг ирүүлж ажиллуулах хэрэгтэй байна. Төрийнхөн бизнес эрхчлэгчдээс таны бизнест төр яаж тусалбал сайн бэ гэж асуусан байна. Бизнес эрхлэгч их ухаантай хариу хэлсэн. Төр туслахгүй байвал их том тус болно гэжээ. Төрийн оролцсон бүх зүйл замхардаг.

Нэг их сайхан нэртэй. Тэр нэрийн ард хулгай луйвар явагддаг. Зогсоохгүй бол үнэхээр болохгүй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Шинжилгээ өгөөгүй хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй

Энэ сарын 14-нөөс бүх шатны боловсролын байгууллага танхимаар хичээллэж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн боловсролын газраас танхимын сургалтад хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг цэцэрлэг дээрээ өгөх шийдвэр гаргасан. Тухайн цэцэрлэгээс асран хамгаалагчдад шинжилгээ өгөх хугацааны талаар мэдээлэл хүргэж байгаа ч энэхүү шинжилгээнээс болж эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ удаан хугацаанд оочерлож, халдвар тархах эрсдэл үүсгэжээ. Бид энэ мэдээллийн дагуу өнөөдөр хуваарийн дагуу шинжилгээ авч байгаа цэгүүдтэй холбогдож, газар дээр нь очиход ачаалал их байв. Албаныхан “Аль болох удаан оочерлуулахгүй зохицуулалт хийж ажиллаж байна” гэсэн тайлбар өглөө.

БОЛОВСРОЛЫН ГАЗРААС НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ БИШ, ЦЭЦЭРЛЭГҮҮД ДЭЭР ШИНЖИЛГЭЭ АВАХ ЧИГЛЭЛ ӨГСӨН

Цэцэрлэгийн танхимын сургалтад эхний ээлжид ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож, бүлгийн зохион байгуулалт хийж байгаа бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдах аж.

Цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлэгт хүүхэд шинээр бүртгэж буй эсэх талаар цэцэрлэг дээр ажиллаж буй хүмүүсээс тодруулахад “2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулна. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ. Улаанбаатарт шинээр ашиглалтад орсон долоон цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ” гэв.

Яагаад дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр шаардлагатай шинжилгээ өгөхгүй, зориулалтын бус орчинд шинжилгээ авч байгаа талаар асуухад “Халдвар хамгааллын дэглэм сахиж, эмнэлгийн бус орчинд авах нь зүйтэй гэж үзсэн. Хэрэв хичээл сургалт эхлэх гэж байхад хүүхэд халдвараар өвдвөл бусад хүүхдэд тараах өндөр эрсдэлтэй” гэж хариулав.

Бага насны хүүхдүүд танхимаар хичээллэх үед нэг бүлгээс халдвар илэрвэл тухайн хүүхдийг гэрийн эмчилгээнд шилжүүлж, анги, бүлгийг улаан бүсэд тооцож, хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж магадгүй байна. Энэ талаар нэгдсэн чиг үүрэг ирээгүй аж. Хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлж байгаа асуудал нь цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийг энэ сарын 18-наас 24-ний өдөр бүртгэх юм. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ шууд бүртгэх зарчмаар хүүхдийг бүртгэж авах юм байна.

Эцэг, эхчүүдийн зүгээс “Хүйтэнд ийм утгагүй хэлбэрээр, цагийг нь тулгаж шинжилгээ авч байгаа нь буруу. Аль аль талдаа эрсдэл учруулсан үйлдэлдээ зохион байгуулалт хийх хэрэгтэй. Насанд хүрсэн хүмүүс бол бас яая гэх вэ. Өглөөнөөс эхлээд өчнөөн жоохон хүүхдийг оочерлуулж, чирэгдэл учруулж байгаад бухимдаж байна” гэлээ.

4-5 НАСНЫ 41 МЯНГАН ХҮҮХДЭЭС ШИНЖИЛГЭЭГ ХУВААРИЙН ДАГУУ АВАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Мөн “Ямартай ч нийслэлийн боловсролын газраас зохион байгуулалт хийж ажиллахыг үүрэг болгосон. Танхимын хичээл эхлэх гэж байгаа учраас амралтын өдрүүдэд ч шинжилгээ авна. Эцэг, эхчүүд хүсвэл төлбөртэй лабораторид өгсөн ч болно гэсэн юм.

Одоогийн байдлаар 4-5 насны нийт 41 мянга гаруй хүүхэд шинжилгээнд хамрагдах төлөвлөгөө гаргасан. Шинжилгээг цэцэрлэгүүд дүүргийнхээ Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулж байна. Энэ долоо хоногийн Лхагва гаригаас эхлэн Эрүүл мэндийн төвүүдийн баг хуваарийн дагуу цэцэрлэгүүд дээр шинжилгээ авч эхэлсэн.

Хан-Уул дүүрэг дээр өчигдөр зохион байгуулалт алдагдсан жишээ гарсан. Үүнийг яаралтай өөрчилж, халдвар хамгаалалт талаасаа болон хүүхэд, эцэг эхэд эрсдэл учруулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон. Тухайн дүүрэг, хорооны оршин суугчийн тооноос хамаарч ачаалал харилцах адилгүй байгаа. Мөн зарим цэцэрлэг дээр бөөгнөрөл үүссэн байхыг үгүйсгэхгүй. Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгүүдэд хүүхдүүдийг гадаа оочерлуулж болохгүй, аль болох ачаалал үүсгэхгүй зохион байгуулах чиглэл өгсөн” гэсэн тайлбар өглөө.

Дүүргүүдийн хувьд нэгдсэн зохион байгуулалт хийж, цагийн хуваариар цэцэрлэгүүд дээр ажиллахаар цаг, өдрүүдийг товложээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 22, 61, 167, 302 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 5, 7, 19, 33 дугаар цэцэрлэг дээр шинжилгээ авч байна. Хэрэв та өөрийн харъяа дүүргийн цэцэрлэгийн шинжилгээ авах хуваарийг мэдэхгүй бол дараах утас руу холбогдож мэдээлэл авах боломжтой.

  1. Нийслэлийн Боловсролын газар – 70113032
  2. Баянгол дүүрэг – 76119595
  3. Баянзүрх дүүрэг – 70104005
  4. Сүхбаатар дүүрэг – 70111606
  5. Чингэлтэй дүүрэг – 11-315442
  6. Хан-Уул дүүрэг – 11-342472
  7. Сонгинохайрхан дүүрэг – 88052594, 80006444
  8. Багануур дүүрэг – 70213815
  9. Багахангай дүүрэг – 99989669
  10. Налайх дүүрэг – 70233008
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 1020 иргэнийг дархлаажуулжээ

2022 оны хоёрдугаар сарын 10-нд нийслэлийн хэмжээнд I тунд 46, II тунд 80, III тунд 419, IV тунд 475, нийт 1020 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.7 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3032 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.621 (77.2 хувь), 16-17 насны 27.051 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Д.Амартүвшин: Хөгжлийн Банкийг татан буулгая

“Өөрөөр нь төлүүлье” Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн талаарх хэлэлцүүлгийн үеэр комедиан Д.Амартүвшин байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Учир шалтгаанаа эхлээд олъё. Төрийн мөнгө гэдэг бол хэний ч мөнгө биш байдаг. Та бүхэн санаж байгаа бол Солонгосоос менежментийн баг ирсэн ч буцаагаад явуулсан. Яагаад гэдэг нь тодорхой. Гаднын хүмүүсийг явуулаад өөрсдийн хүмүүсээ ажиллуулсан. Дараа нь МАН-ынхан 2016 онд эрх барьсан ч тухайн асуудлыг өөрчлөөгүй. Энэ процесс тэд нарт хэрэгтэй байсан. Зургаан жилийн дараа гэнэт сэрж байгаа мэт зээлийн асуудлыг мэдэж байна.

Хөгжлийн Банкны хүмүүсийг халаад, шоронд хийсэн ч энэ банк байсаар байвал дараа жил ялсан нам дахиад л олон нийтийн мөнгөнөөс иднэ. Маш их мөнгө зарцуулж УИХ-д гардаг болохоор шархаа нөхөх хэрэгтэй болно. Төрийн банк гээд бас нэг арилжааны банк бий. Ялгаа байхгүй. Улстөрчид гэхээс илүү иргэдэд хандаж үг хэлмээр байна.

Иргэд улстөрчдийн санаачилж байгаа сан, банкуудыг битгий дэмжээч. Санаачлахад нь бүгдээрээ эсэргүүцэж баймаар байна. Хөгжлийн Банкийг татан буулгах хэрэгтэй гэж үзэж байна” гэв.