Categories
гадаад мэдээ

ОХУ Болгар, Польш, Чех улсын нислэгт агаарын хилээ хаалаа || DNN.mn

Болгар, Польш, Чехийн агаарын тээврийн удирдлагуудын найрсаг бус үйлдлийн хариуд агаарын орон зайгаа хаалаа гэж ОХУ-ын Агаарын тээврийн агентлаг бямба гарагт мэдэгдлээ.

Тодруулбал, “Болгар, Польш, Чехийн агаарын тээврийн удирдлагуудын ээлтэй бус үйлдлийг харгалзан Москвагийн цагаар 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагаас тус улсад бүртгэлтэй агаарын тээврийн компаниудын Оросын чиглэлүүд болон Оросын агаарын орон зайгаар дамжин өнгөрөх нислэгүүдэд хязгаарлалт тогтоосон” гэж мэдэгдэлд дурджээ.

Энэ нь олон улсын хуулийн дагуу авсан хариу арга хэмжээ гэдгийг Холбооны Агаарын тээврийн агентлаг онцоллоо. Одоо эдгээр улсаас нислэгийг зөвхөн холбооны агентлаг эсвэл ОХУ-ын Гадаад хэргийн яамны тусгай зөвшөөрлөөр хийх боломжтой.

Өмнө нь Болгар, Чех, Польш улсууд Украин дахь Оросын тусгай цэргийн ажиллагааг эсэргүүцэж Оросын нисэх онгоцнуудад агаарын орон зайгаа хаахаа мэдэгдсэн. Мөн Их Британи мөн агаарын хилээ хаасан. Үүний хариуд ОХУ Их Британийн онгоцнуудыг агаарын орон зайгаа ашиглахыг ийнхүү хориглолоо.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ОХУ фэйсбүүк хандалтыг хязгаарлаж байна || DNN.mn

АНУ-ын технологийн фирм Meta Platforms пүрэв гарагт Оросын эрх баригчид Оросын төрийн өмчит дөрвөн хэвлэл мэдээллийн байгууллагын фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн мэдээллийг шалгах, шүүхийг зогсоох тушаал өгсний хариуд Мета татгалзсан гэдгээ мэдэгдлээ.

Тодруулбал, ОХУ-ын Украин руу түрэмгийлсэнтэй холбоотой ташаа мэдээлэл тархахаас сэргийлэхийн тулд Мета фэйсбүүк хуудсанд тавих хяналтаа чангатгасан байна.

Оросын эрх баригчид энэ үйлдлийг цензургүй, хууль бус үйлдэл гэж үзсэн тул тус улсын хэмжээнд Facebook-ийн хандалтыг хязгаарлажээ. Хязгаарлалт нь Facebook хэрэглэгчдийн үйлчилгээнд нэвтрэх хурдыг удаашруулж магадгүй гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.

Метагийн Глобал харилцаа, харилцаа холбооны тэргүүн Ник Клегг “Жирийн Орос иргэд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж, үйл ажиллагаагаа зохион байгуулахын тулд манай программыг ашигладаг. Бид тэднийг ямар нэг саадгүйгээр дуу хоолойгоо үргэлжлүүлэн хүргээсэй гэж хүсч байна” гэж мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Залуу бөхчүүдийн барилдаанд Аймгийн арслан Х.Очирхуяг анх удаа түрүүлэв || DNN.mn

Ховд аймгийн Манхан сумын харьяат, ХХ зууны манлай аймгийн арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Хүрэлбаатарын Очирхуяг анх удаа түрүүлж, Дорнод аймгийн Булган сумын харьяат, Дорнод бүс эрчим хүчний систем, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Ганхуягийн Шинэзориг үзүүрлэлээ.

Их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нью Жуулчин” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хантайшир дэвжээний бөх, аймгийн харцага Батсүхийн Энхсайхан нар шалгарлаа.

Тус барилдаанд аймгийн хурц арслан Э.Даваажаргал, Т.Пүрэвсүрэн, Ё.Эрдэнэжаргал, Н.Баттүвшин, Э.Ууганбаяр, Ч.Энхмөнх, С.Очирбат, М.Адъяахүү, М.Еркебулан, Э.Төгөлдөр, Ө.Сүхбат, Ө.Сүхбат, Б.Баатархүү, Б.Мижидсүрэн нарын зэрэг 256 бөх зодоглосон юм.

Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Г.Ганбаатар, аймгийн начин Д.Цэнд-Аюуш нар үлдэв.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ыг олон улсын банк хоорондын төлбөр тооцооны SWIFT системээс хаслаа || DNN.mn

Европын холбоо, АНУ ОХУ-ын банкуудыг SWIFT системээс гаргах зөвшилцөлд хүрсэн юм.

Ингэснээр ОХУ-ын үйл ажиллагааг олон улсын хэмжээнд тодорхой хүрээнд хязгаарлаж чадна гэж үзжээ. Учир нь ОХУ байгалийн хий, шатахууны экспортоор дамжуулан SWIFT системтэй холбогддог. Гэвч дээрх шийдвэр ОХУ-тай хамтран ажилладаг, барууны компаниудад сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймд Францын Сангийн сайд ОХУ-ыг энэ системээс гаргасан нь хамгийн сүүлд л авах ёстой алхам хэмээн мэдэгдэж байсан юм.

SWIFT систем гэж юу вэ?
Энэ систем мөнгийг хил харгалзахгүйгээр, нэг газраас нөгөөд шилжүүлдэг, олон улсын санхүүгийн дэд бүтэц юм. Англиар “Society for Worldwide Interbank Financial Telecommunication” буюу олон улсын банк хоорондын санхүүгийн харилцааны нэгдэл гэсэн утгаттай.

Эдийн засгийн хоригт өртсөн, оросын бүх банкийг эхний ээлжид дээрх системээс хасна. Европын холбооны комиссын дарга Урсула вон дер Лэйэн “Бид ОХУ-ын Төв банкны хөрөнгүүдийг царцаан, хөдөлгөхгүй болгосноор ОХУ-ыг зогсооно” гэжээ. Ингэснээр Оросын төв банкны хөрөнгийг шилжүүлэх боломжгүйд хүрэх юм.

Мөн Европын холбооны улсууд Путинтэй ойр харилцаатай байдаг, оросын чинээлэг иргэд мөнгөн төлбөр төлж, Европын иргэн болдог байдлыг эргэн харна гэв. Чинээлэг иргэд өөртөө болон гэр бүлдээ оршин суух эрх амархан худалдан авахыг “алтан паспорт” гэж нэрлэдэг юм.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны хэрэгт 7 үйлдвэр, 46 орон сууцыг битүүмжилжээ || DNN.mn

Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл тус ажлын хэсэг Хөгжлийн банкны асуудлыг УИХ-ын хяналт шалгалтын хүрээнд зохион байгуулж байна. Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын ажлын хэсгийг Б.Баттөмөр гишүүн ахалж байгаа бол С.Чинзориг, Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар багтаж буй.

Хоёрдугаарт, цагдаагийн байгууллагын мөрдөх албан дээр Хөгжлийн банктай холбоотой гурван компани шалгагдаж байна. Тус банктай холбоотой бусад хэргүүд АТГ-ын мөрдөн шалгах албанд шалгагдаж байна. Энэ ажил ойрын хугацаанд хийгдэж дуусна гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн.

Түүнчлэн Битүүмжлэгдсэн эд хөрөнгө дотор 44 үйлчилгээний объект 52.4 тэрбум төгрөг, 7 үйлдвэр 1.9 тэрбум төгрөг, 46 орон сууц 32 тэрбум төгрөг, 82 газар 26.6 тэрбум төгрөг, 4 зоорь 2.3 тэрбум төгрөг, 3 дуусаагүй барилга 656 сая төгрөг, 7 фермийн барилга 228 сая төгрөг, 6 гарааш 564 сая төгрөг гээд нийт 195 ширхэг үл хөдлөхийн барилга байна.

Үүний зэрэгцээ Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүхэлд нь өөрчлөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор ажилдаа хариуцлагагүй хандсан, чанаргүй зээлийн ангилалд багтсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхөөр болсон.

Нөгөө талд Анхан шатны шүүх дээр Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй нийт 16 хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явуулж байна. Үнийн дүнгээр илэрхийлбэл 750 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгааг Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар мэдэгдсэн. Харин Давж заалдах шатны шүүхэд нэг, хяналтын шатны шүүхэд зургаа буюу 173 тэрбум төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүлээгдэж байгаа аж. Нэгдсэн дүнгээр 1.2 их наяд төгрөгийн маргаан зөвхөн шүүхийн процестт явж байна. Мөн энэ хэрэгт Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр, дэд захирал Н.Мөнхбаяр, Б.Чойжилжалбуу, “Алтай констракшн”-ын захирал Х.Бат-Эрдэнэ нарыг нэг сар хүртэлх хугацаагаар цагдан хорисон.

Categories
мэдээ спорт

Паралимпийн наадамд оролцох баг тамирчид өнөөдөр Бээжинг зорино || DNN.mn

“Бээжин 2022” өвлийн паралимпийн наадам ирэх гуравдугаар сарын 4-нд эхлэх бөгөөд үүнд манай улсаас гурван тамирчин оролцохоор боллоо.

Манай улсын баг тамирчид өнөөдөр Бээжинг зорино. Монголын пара цанын баг тамирчид анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм. “Сочи 2014”, “Пенчан 2018” Паралимп наадамд оролцож байсан Б.Ганболд гурав дахь наадамдаа өрсөлдөнө. Түүний хувьд тугчаар ажиллах аж.

2015 оноос пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Ц.Дашдорж болон 2012 оноос эхлэн пара уулын цанын спортын төрлийг сонгосон Б.Цэрэнпунцаг нар анх удаа Паралимпэд өрсөлдөнө. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог болон Д.Очирсүх нар ажиллаж буй.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд 15:00 цаг хүртэл ажиллана || DNN.mn

Өнөөдөр /2022.02.27/ Улаанбаатар хотод 107 суурин цэгт 107 багийн 466 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
гадаад мэдээ

Герман улс Украинд зэвсэг илгээхээр болов || DNN.mn

Өрнөдийн орнуудаас Украины хямралд нэлээд болгоомжтой хандаж байсан Герман улс байр сууриа эрс өөрчиллөө.

Тус улсын засгийн газар танк эсэргүүцэгч зэвсэг 1,000, газар-агаар ангиллын Стингер пуужин харвагч зэвсэг 500 ширхгийг Украинд яаралтай илгээх болсноо Бямба гарагийн орой зарласан байна.

“Украиныг Орос улс эзлэн түрэмгийлсэн нь эргэлтийн цэг боллоо. Дэлхийн хоёрдугаар дайны дараа бидний тогтоосон дэг журам устах аюултай тулгараад байна. Ийм нөхцөлд Владимир Путиний эзлэн түрэмгийлэгч армиас өөрийгөө хамгаалахад нь Украинд чадах бүхнээрээ туслах бол бидний үүрэг юм” гэж Германы канцлер Олаф Шольц мэдэгджээ.

Уг мэдэгдлийн өмнөхөн Герман улс өөрийнх нь үйлдвэрлэсэн зэвсгийг Украин руу илгээх хүсэлт гаргасан улсуудад зөвшөөрөл олгож эхэлсэн юм.Тухайлбал Берлиний эрх баригчдын зөвшөөрлөөр Нидерланд улс Германд үйлдвэрлэсэн танк эсэргүүцэх зэвсэг 400 ширхгийг Украинд илгээхээр болжээ.

Эстони улс мөн 9 ширхэг D-30 их бууг Украинд илгээх зөвшөөрлийг Германы засгийн газраас авсан байна.

Герман улс урт хугацааны туршид Украинд байлдааны зэвсэг нийлүүлэхгүй байх хатуу бодлого баримталсаар ирсэн юм. Тухайлбал өмнө нь тус улс Украинд 5,000 ширхэг дуулга малгай илгээх шийдвэр гаргасан нь шүүмжлэлийн бай болж байв.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский гаргасан шийдвэрийг нь талархан хүлээж авч буйгаа Германы талд сошиал хуудсаараа илэрхийлжээ.

Дээрхээс гадна Герман улс 14 ширхэг хуягт машин, 10,000 тонн шатахуун нэмж илгээхээр болсныг тус улсын эдийн засгийн яам зарласан байна.

“Орос улсын шившигтэй түрэмгийллээс Украин улс өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой. Тиймээс холбооны засгийн газар яаралтай хэрэгцээтэй байгаа материалаар Украинд тусалж байна” гэж Германы гадаад хэргийн сайд Анналена Баербок, эдийн засгийн сайд Роберт Хабек нар мэдэгджээ.

Өчигдөр бас АНУ-ын засаг захиргаа $350 саяын тусламжийг Украинд үзүүлэх болсноо зарласан юм. Ингэснээр ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны Украинд үзүүлсэн нийт зэр зэвсгийн тусламжийн хэмжээ $1 тэрбумд хүрч байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвөрхангай, Дундговь аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна || DNN.mn

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өвөрхангай, Дундговь аймгийн хойд, Архангай, Булганы өмнөд, Төв аймгийн нутгийн баруун, өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө шөнө нутгийн баруун хагаст, маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээтэй цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 18-23 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, явган шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ГХЯ: Польш-Украины хилийн зурвасаас 16 иргэнээ татан авлаа || DNN.mn

Варшав дахь Элчин сайдын яамны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас 16 иргэнээ авсан тухай Гадаад харилцааны яам мэдээллээ. Орон нутгийн цагаар 17:30 цагт тэднийг Польшийн хилээр нэвтрүүлжээ. Одоогоор Польш дахь ЭСЯ-нд манай 24 иргэн ирээд байна.

Өчигдөр 3 иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа эдгээр иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулна. Түүнчлэн Харьков хотод байгаа үлдсэн 18 иргэнээ ойрын хугацаанд татан авахаар ажиллаж байгааг хэллээ.

No description available.