Categories
мэдээ нийгэм

“Архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэр нь дамын наймааг бий болгодог” гэв

Архи ОХУ-ын хамгийн эрэлттэй 50 барааны жагсаалтаас хасагджээ | News.MN

Үйлчилгээний байгууллагуудын цагийн зохицуулалтын талаар Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Согтууруулах ундаа худалдах үйлчилгээ, үл ажиллагааг хориглоод амжилт олсон улс орны жишээ гэж байхгүй. Харин соён гэгээрүүлэх, зөв зохистой хэрэглээг уриалах дэмжих, сурталчлах арга замаар л архидан согтуурахтай тэмцдэг.

Архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэр нь цаад утгаараа дамын наймаа, хууль бус үйл ажиллагааг өөхшүүлдэг, ахуйн архидалт, хяналтгүй нөхцөл байдал руу түлхдэг. Үүний оронд соёлтой зөв үйлчилгээг дэмжсэн бодлого шийдвэр гаргах нь илүү үр ашигтай.

Ая тухтай дэлгүүр, түргэн хоолны сүлжээ газрууд, ресторан, баар зэрэг газруудын хувьд ажиллах цагийн хуваарийг тогтоосон. Эдгээрээс бусад албан байгууллагууд өөрийн дотоод журам, хөдөлмөрийн хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулна.

Бүх үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрээр хэвийн горимд шилжсэн. Гэвч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Хэвийн цагийн хуваарьт шилжиж байгаа нь цаашид цаг хэтрүүлсэн гэдэг юм уу янз бүрийн байдлаар аж ахуйн нэгжүүдийг торгодоггүй болно. Тогтоосон цагийн хуваарийг хэвийн мөрдөж ажиллах ёстой. Хэвийн мөрдөж ажилласан тохиолдолд ямар нэгэн дарам шахалт байхгүй” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Цэвэр ашиг 3.2 тэрбум төгрөгт хүрчээ

Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн онд 3.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тодруулбал, өнгөрсөн оны эцсийн байдлаар:

  • нийт 248 удаагийн арилжаагаар 146 компанийн 733.3 сая ширхэг хувьцааг 304.9 тэрбум төгрөгөөр,
  • 10.6 мянган ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 4.23 тэрбум төгрөгөөр,
  • 75.8 сая ширхэг сангийн нэгж эрхийг 56.8 тэрбум төгрөгөөр,
  • 9.4 сая ширхэг компанийн бондыг 1,048.2 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 1.4 их наяд төгрөгийн гүйлгээ хийжээ.

Зах зээлийн үнэлгээ 97 хувиар өсөж, 5.9 их наяд төгрөгт, ТОП-20 индекс 130 хувиар мөн өсөж 44,411 нэгжид тус тус хүрсэн байна.

Компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлт болон үр ашгийн хувьд 2021 онд үйл ажиллагаанаас нийт 5.5 тэрбум төгрөгийн орлогыг олж, 2.2 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулж, улсын төсөвт нийт 530.8 сая төгрөгийн татвар, хураамжийг хуулийн хугацаанд нь бүрэн төлж, татварын дараах цэвэр ашгийг 3.2 тэрбум төгрөгт хүргэж ажилласан нь Монголын Хөрөнгийн биржийн 30 жилийн түүхэнд онцлох өндөр үзүүлэлт болжээ. Тайлангийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Даатгалын компаниудын хөрөнгө оруулалт 140 хувиар өсөв

Үнэт цаасны зах зээлийн хуульд зааснаар компанийн өрийн хэрэгсэлд даатгалын компаниудын хөрөнгө байршуулах дээд хувийг 30 болгоод байна. Мөн Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй компанийн хувьцаанд хөрөнгө байршуулах дээд хувийг 20 болгон нэмэгдүүлжээ.

Үүнтэй холбоотойгоор даатгалын компаниудын бонд, хувьцаа хэлбэрээр хөрөнгийн зах зээлд оруулсан хөрөнгө оруулалт өсөж, 65.1 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх 2020-2021 онтой харьцуулахад 140.2 хувиар нэмэгдээд буйг СЗХ-ноос мэдээллээ. Компанийн өрийн хэрэгсэлд оруулсан хөрөнгө оруулалт 2020 онд 17.5 тэрбум төгрөгт хүрч байв. Харин өнгөрсөн оны жилийн эцэст дээрх дүн 141 хувиар нэмэгдэн 42.2, Монголын Хөрөнгийн биржийн ! ангилалд бүртгэлтэй компаниудын хувьцаанд ногдсон хөрөнгө оурулалт 96.4 хувиар өсөж 10.8 тэрбум төгрөгт хүрчээ.

Тодруулга: УИХ, Засгийн газраас баталсан бодлогын баримт бичгүүдэд тусгасан арга хэмжээ, Олон улсын даатгалын зохицуулагчдын холбооноос боловсруулсан Даатгалын тулгуур зарчим (ICP), зөвлөмжид тулгуурлан, даатгалын компаниудын хөрөнгө оруулалтын удирдлагыг зөв зохистой, оновчтой хэлбэрээр хэрэгжүүлэх шаардлага тулгарчээ. Мөн хөрөнгийн зах зээлийг дэмжих, даатгагчийн хөрөнгийг олон талт хөрөнгө оруулалтад байршуулж, эрсдэлийг тархаах зорилгоор СЗх-ны өнгөрсөн онд гарсан тогтоолоор “Даатгалын багц дүрэм”-ийн 2 дугаар хавсралт “Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам”, 4 дүгээр хавсралт “Даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг хөрөнгө оруулалтад байршуулахад тавигдах нөхцөл шаардлага”-д холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооныхонтой өнөөдөр уулзана

Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр манай улсад хэрэгжүүлэх дэд бүтцийн хэд хэдэн томоохон төслийн талаар хоёр тал харилцан тохиролцсон. Энэ нь Замын-Үүд Алтанбулагийн хооронд хурдны зам тавих, мөн Улаанбаатар хотод тавих 71 км урт хурдны замын бүтээн байгуулалтууд юм. Энэ талаар айлчлалын үеэр БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзаж, дээрх бүтээн байгуулалтын ТЭЗҮ болон баримт материалыг Монголын талаас Хятадын талд хүлээлгэн өгсөн талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр дээрх хоёр бүтээн байгуулалтын талаар хоёр тал цахимаар уулзан нарийвчлан хэлэлцэх гэж байна.

Тодруулбал, Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яамны ажлын хэсэг БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооныхонтой цахимаар уулзана. Өнөөдрийн уулзалт энэ сарын сүүл болон ирэх сарын эхээр болохоор товлогдоод байсан ч хоёр тал уулзалтыг наашлуулан өнөөдөр хийхээр болоод байна.

Нэмж мэдээлэхэд Монголын Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр Сангийн сайд Б.Жавхлан БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй уулзахад Хятадын тал Монгол Улсаас дэвшүүлж буй төслүүд нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах, Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны хүрээ болон “Бүс ба Зам” санаачилгатай тус тус уялдаж байгааг тэмдэглэж дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч С.Будрагчаа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирлыг шалгуулах хүсэлтийг АТГ-т өглөө

Сэтгүүлч С.Будрагчаа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирлыг шалгуулах хүсэлтийг АТГ-т өглөө

Сэтгүүлч С.Будрагчаа БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус байх магадлалтай үйлдлийг шалгуулах өргөдөл, баримтыг АТГ-т хүлээлгэн өгөхөө мэдэгдэж мэдээлэл хийлээ.

Тэрээр “Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон нь албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан өөрийн дүү Ж.Содбилэгийн нэр дээр байдаг компанитай түрээсийн гэрээ гэгчийг байгуулж төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оны хооронд 845 саяас 1 тэрбум 120 сая төгрөгийг жил бүр шилжүүлж байсныг нотлох баримтын хамт хүргүүлж байна. Тус сургуулийн данснаас жил нийт 46 удаагийн гүйлгээгээр 5 тэрбум төгрөгийг гаргуулсныг шалган тогтоохын зэрэгцээ хуульд заасан хатуу хариуцлага тооцохыг хүсэж байна” гэлээ.

Мөн “Өөрийн гэм буруутай үйлдлийг нуух зорилгоор санхүүгийн баримтаа нуусан, түрээсийн гэрээ байгуулахдаа зах зээлийн үнэлгээнээс 3-5 дахин их байхаар тогтоосон, түрээсийн компанийг сонгохдоо сонгон шалгаруулалт зарлаагүй, мөн нөхрөө өөрийн сургуульд багшаар ажилд авч сар бүр 4,5-10 сая төгрөгийн цалин олгож төрийн өмчийн мөнгийг шамшигдуулсан байна. Гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэж итгэж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн тэмцээнд Монгол сурагчид тэргүүлжээ

Олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн “HIGASHIKAWA Youth Fest”-д монгол сурагчид тэргүүн байр эзэлжээ.

Тодруулбал, Хоккайдо мужийн Хигашикава хотноо долоо дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээнд Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагчид тэргүүн байр эзэлсэн тухай Соёлын сайд Ч.Номин өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн байна.

Тэрбээр “Өнөөдөр өглөө Япон улсаас баярт шуудан хүлээн авлаа. Энэ жил “Холбоос” гэсэн сэдвээр гэрэл зургийн уралдаан болж манай улсын сурагчдын бүтээл шилдгээр шалгарсан тухай мэдээ, мөн шилдэг бүтээлийн эмхэтгэлийн хамт шуудангаар ирлээ. Удахгүй шагналыг нь хүргүүлнэ ээ. Халуун баяр хүргэе” гэжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Цандэлэг: Тариаланчид хавар тариалалтад гарах үндэсгүй болсон

“Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэгтэй ярилцлаа.


өдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан ажлаа мэдэхгүй байгаа бөгөөд тариаланчидтайгаа уулздаггүй, зөвлөдөггүй –


-Ямар буудайд урамшуулал олгодог юм бэ?

-Хөдөө аж ахуйг дэмжих санд тушаасан, өрөндөө өгсөн улаанбуудай болон гурилын үйлдвэрүүдэд тушаасан улаанбуудайд урамшуулал олгодог. Энэ жил ихэвчлэн өрөндөө өгсөн улаанбуудайн урамшуулал олгогдсон байгаа. Бусад зарагдаагүй үтрэм дээр байгаа их хэмжээний улаанбуудайн урамшуулал тушаагаагүй учраас бодогдоогүй байгаа.

-ОХУ-аас 150 мянган тонн улаанбуудай оруулж ирсэн, үүний талаар?

Монгол Улсын нэг жилийн улаанбуудайн хэрэглээ ойролцоогоор 250 мянган тонн байдаг гэж тооцвол ОХУ-аас импортоор бүтэн жилийн хэрэглээний улаанбуудайг оруулаад ирчихсэн. Энэ жил манайх ургац их сайн, 500 гаруй мянган улаанбуудай хурааж авсан. Энэ нь манай улсын хоёр жилийн нөөц гэсэн үг. Одоог хүртэл улаан уудайнууд үтрэм дээрээ байсаар байгаа. Үүнийг гурилын үйлдвэрүүдийг худалдан аваарай гэж гурван хувийн хүүтэй 150 тэрбум төгрөгийг Засгийн газар батлаад өгчихсөн. Тэд будаагаа авахгүй тариаланчдын үтрэм дээр улаанбуудай нь байсаар байна. Энэ хавар тариалалт хийхэд маш хүндрэлтэй болсон. Одоо будаагаа зарж чадаагүй, мөнгө байхгүй газрууд тариа тарина гэдэг нь худлаа юм. Дэлхийн зах зээлийн улаанбуудайн үнэ ОХУ-ын орж ирэх үнэ 1.5 сая орчим төгрөг болж байгаа юм. Гэтэл Монголын гурилын үйлдвэрүүд 450 мянган төгрөгөөр хямдхан авна, үгүй бол авахгүй гэж хэлээд борлуулалт хийлгэхгүй байна. “Алтантариа”, “Улаанбаатар”, “Милл Хаус”, “Ургац”, “Өег” гэсэн таван том компани түлш импортолдог компаниуд шиг нийлж үгсэж үнэ өсгөчихөөд гурилынхаа үнийг буулгахгүй байгаа юм Үүнийг ХХААХҮЯ хянаж зохицуулах ёстой. Энэ олон мянган тариаланч, компаниудын эрх ашгийг ерөөсөө хамгаалж чадахгүй байна. Одоог хүртэл бид будаагаа зарж чадаагүй байна. Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан ажлаа мэдэхгүй байгаа бөгөөд тариаланчидтайгаа уулздаггүй, зөвлөдөггүй, ажлаа мэддэггүй. Бид тариалалтад гарах бордоо ургамал хамгааллын бодис, түлш, сэлбэг, ажлын цалин байхгүйгээр тариалалтад гарах ямар ч үндэслэлгүй боллоо.

Өнгөрсөн жил ОХУ-аас ихээхэн хэмжээний улаан буудайн үр оруулж ирсэн Гэтэл тендерт барилгын компани болон яамны дарга, УИХ-ын гишүүд ихээхэн хэмжээний компаниуд ялсан. Ингэснээр маш чанаргүй гурав, дөрөвдүгээр сортын товарын улаанбуудайг оруулж ирж үрийн буудай гэж тариаланчдад хүчээр шахсан. Энэ нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторийн үзүүлэлтээр Монгол Улсын үрийн стандартын нормыг хангаагүй ихээхэн хэл ам шуугиуллаа. Уг үрийн будааг нэг тонныг 1.5 сая төгрөгөөр үнэлж тариаланчдад шахсан боловч чанаргүй гэдэг шалтгаанаар үнийг буулгаж Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зөрүү 500 мянган төгрөгийг нь авч хөдөө аж ахуйг дэмжих санг хохиролд оруулсан ноцтой үйлдэл боллоо. Энэ асуудлаас үүсч чанаргүй үрээр тариалсан улаанбуудай ихээхэн асуудал болж маргаан дагуулж байна.

-Үүнд ямар нэгэн шийдэл гарсан юм болов уу?

-Ямар ч шийдэл гараагүй, шийдэж өгөхгүй байна. Хавар тариалалтад гарах үндэсгүй болсон тариаланчид нэгдэж нийлж Сүхбаатарын талбайд жагсах бодолтой байгаа. Бид өнөөдөр Монгол Улс өөрсдийн хийж чаддаг зүйлийг ОХУ-аас авч байна гэдэг Монголын газар тариалан, Монголын хүнсний аюулгүй байдалд маш ноцтой хор хохиролтой асуудал юм.

Импортоор улаанбуудай их хэмжээгээр оруулж ирсэн нь Монголын газар тариаланг сөнөөсөн, бид өөрсдөө хоёр жилийн хэрэгцээний буудайг тариад ургуулчихсан байхад ОХУ-аас бүтэн нэг жилийн хэрэгцээний улаанбуудайг оруулж ирсэн нь бодлогын том алдаа гэхээсээ илүүтэй авлига, хээл хахуулийн шинжтэй асуудал гэж бид үзэж байна.

-Тариаланчид урамшууллаа авсан уу?

-Хөдөө аж ахуйг дэмжих санд өрөндөө, гурилын үйлдвэрүүдэд тушаасан улсууд оноос өмнө урамшууллаа авсан сурагтай байгаа. Үтэрмийнхээ хашаанд их хэмжээгээр агуулагдаж байгаа улаанбуудайн урамшууллаа аваагүй байгаа.

Монгол хүний эрүүл амьд явах баталгаа болсон, мах гурил хоёрыг хариуцаж байгаа яамны сайд маш хариуцлагагүй ажиллаж байна. Мал нь өвчтэй, газар тариалан нь унасан. Энэ бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдал буюу монголчуудын эрүүл мэндийн эсрэг хийж байгаа заналхийлэл. Үндсэн хуульд заасан амьд явах, эрүүл хүнс хэрэглэх эрхийг зөрчиж байгаа юм. Зохих ёсны хүмүүс урамшууллаа авсан байх. Зарим хүмүүсийн мөнгө одоо болтол ороогүй байна. Хөдөө аж ахуйг дэмжих санд өрөндөө тариа буудайг өгсөн тодорхой хэмжээний тариаланчдын мөнгө орсон байгаа.

-Тариа буудайны борлуулалтад юу нөлөөлж байгаа вэ?

-Хөдөө аж ахуйн яамны бодлогогүй бодлого л нөлөөлж байна. ОХУ-аас импортоор будаа оруулж ирээгүй байсан бол бид дотоодынхоо хэрэгцээг хангачихсан учраас ийм асуудал үүсэхгүй байсан. Хаа байсан ОХУ-аас бүтэн жилийн хэрэгцээний улаанбуудайг оруулж ирнэ гэдэг нь бид дотооддоо хоёр жилийн хэрэглээний буудайг хангачихсан байхад тариаланчдыг хүчээр дампууруулж байна. Тариаланчид банкнаас зээл авсан ба бүх газар тариалангийн газрын гэрчилгээгээ, сууцаа Хаан банкны барьцаанд тавьчихсан байдалтай байна. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь төрийн өмчит байгууллагыг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож дүрмийг нь өөрчлөн хөдөө аж ахуйн корпораци болгож, хувьцааг нь ХХААХҮЯ 100 хувь бүрэн эзэмшдэг бүтэц зохион байгуулалт руу оруулах гэж байгаа нь сэжигтэй асуудал юм.

-Борлуулагдаагүй үлдсэн улаанбуудайнууд муудаж байгаа болов уу. Хадгалах сав бий юү?

-Хадгалах сав зөвхөн төрд болон гурилын үйлдвэрүүдэд байгаа. Одоогийн байдлаар бүх тариа буудай тариаланчдын хашаанд үтрэм дээр цасан доор бүтээлгээр хучсан байдалтай байна. Цас хайлаад, ус доогуур нь урсаад тэр их будаа муудах аюултай боллоо.

-Тэгвэл борлуулагдаагүй улаанбуудайг яаж борлуулах вэ?

-ХХААХҮЯ яаралтай зохион байгуулалттайгаар тариаланчдын гар дээр байгаа улаанбуудайг татаж авч улсын нөөцийн сав, бусад гурилын үйлдэрүүдийн хадгалах саванд хийхгүй бол тариаланчдын буудай цас хайлахад доогуур нь ус гүйж, норж муудах байдалтай байна. Ийм тулсан үе байхад ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан ямар ч арга хэмжээ авахгүй, тариаланчидтай уулзахгүй, биднийг хүн гэж тоохгүй байгаа нь тариаланчдын эгдүүцлийг хүргэж банйа. Монгол тариаланчдын, монгол хүний хийж бүтээсэн хоёр жилийн хөдөлмөр шүү дээ. Энэ бол Монголын баялаг. Тийм учраас эхний ээлжинд улаанбуудайг сав сууулгад хийх нь бидний зорилго юм.

Ц.УЯНГА

Categories
мэдээ нийгэм

Гачуурт чиглэлийн автобус шатаж, зорчигч нь галыг унтраалцжээ

Тэрэлж, Налайх, Өлзийт, Био комбинат, Баруун түрүү зэрэг найман чиглэлд  өглөө, оройдоо автобус явна

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Гачуурт чиглэлийн автобус техникийн саатлын улмаас шатжээ. Тус автобусанд сууж явсан зорчигчид эрсдэлд ороогүй бөгөөд амжиж автобуснаас бууцгаасан байна.

Энэ талаар тус автобусанд сууж явсан зорчигч цахим хуудаснаа бичихдээ “Шатсан автобусны жолооч эмэгтэй хүн байсан. Зорчигчдын дундаас цэргийн хувцастай залуу гадуур хувцсаа тайлаад галыг улаан гар, хувцсаараа цохиж багасгаж байтал онцгойгийнхон гарч ирж унтраалаа. Цэргийн албан хаагч хүүд баярлалаа” гэжээ.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Дашмаа: Хөгжлийн Банктай холбоотой хэрэг нээхээс татгалзсан, хаасан болон хэрэгсэхгүй болгосон 50 орчим материалыг хянаж дууссан

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа хийж байгаа эсэх талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаатай ярилцлаа.


-Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудалд прокурорын байгууллага ямар байр суурьтай байна. Хууль хяналтын байгууллага энэ асуудалд анхаарал хандуулахгүй, зээл авсан хүмүүсийг шалгахгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд байна?

-Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байна.

Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой асуудлууд өмнө нь эрүүгийн журмаар шалгагдан прокурорын байгууллагаас хяналт тавьж, мөн төр, нийтийн ашиг ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр иргэний журмаар нэхэмжлэл бичих зэрэг ажлууд хийгдэж байсан. Эцэслэн шийдвэрлэгдээгүй нэхэмжлэл, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа

-Одоогоор Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэдэн хэрэг шалгагдаж байна вэ?

-Прокурорын хяналтанд өнөөдрийн байдлаар тус банктай холбоотой Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн ес, мөрдөн байцаалтын дөрөв, Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гурван хэрэг тус тус байна. Өмнө нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн дөрвөн хэрэг байгаа. Одоо Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Мөн прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Хөгжлийн банкнаас 2019, 2020 онд ирүүлсэн хүсэлтийн дагуу найман зээлтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон. Тодруулбал, “Хөтөл” ХХК-ийн 61.2 сая ам.доллар, “Эрэл” ХХК-ийн 23 сая ам.доллар, 13 сая евро, “Бэрэн” группийн 27.2 сая ам.доллар, ТОСК-ийн 57 сая ам.доллар, “Монгол драй милк” ХХК-ийн 14.9 сая ам.доллар, “Капитал” банкнаас дамжуулан зээлсэн 68.1 тэрбум төгрөг, “Бишрэлт групп” ХХК-ийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн” ХХК-иудын 30.3 сая ам.доллар, “Кью Эс Си” ХХК-ийн 71.3 сая ам.доллар, “Ган Хүдэр Орд” ХХК-ийн 5 тэрбум йенийн зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхэд прокурорыг оролцуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэсэн.

Эдгээрээс “Хөтөл” ХХК, “Бэрэн групп”, “Монгол драй милк” ХХК, “Бишрэлт групп” ХХК, “Ган Хүдэр Орд” ХХК-тай холбоотой хүсэлтүүдийг эрүүгийн журмаар шалгуулахаар холбогдох мөрдөх байгууллагад шилжүүлж, ТОСК-тай холбоотой хүсэлт нь төрийн байгууллага хоорондын маргаан, “Капитал” банктай холбоотой хүсэлт нь эрх хүлээн авагч төлбөрийг барагдуулах дараалалд багтсан үндэслэлээр тус тус прокурор оролцохоос татгалзсан.

Харин “Кью Эс Си” ХХК, “Эрэл” ХХК-ийн зээлтэй холбоотой иргэний хэрэгт прокурор төрийн эрх ашгийг хамгаалж оролцсоноос “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэл одоогоор шийдвэрлэгдээгүй байна. “Кью Эс Си” ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, 192.6 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар болсон.

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УЕП-ын газраас Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулсан уу. Эргэн төлөлт нь эрсдэлд орсон бусад компаниудыг шалгах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Улсын ерөнхий прокурорын газраас 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны холбогдох хүмүүстэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж, эргэн төлөлт нь эрсдэлд орсон зээлтэй холбоотой асуудлын талаар ярилцсан. Уулзалтаар зарим зээлийн асуудлыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай гэж үзсэн.

Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар нийт 75 зээл /66 зээлдэгчийн/-ийн жагсаалтыг хүргүүлснээс зээл олголтын байдал, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан эсэхийг тус тус шалгуулна.

-Хөгжлийн банкнаас зээл авсан асуудал шалгагдаж байсан ч хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хэрэгсэхгүй болсон асуудлууд бий. Үүнийг сэргээн шалгаж байгаа юу?

-Улсын ерөнхий прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой нийгэмд үүсээд байгаа асуудлаар буюу Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш тус банктай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг, материалуудыг хянаж, гарч байсан шийдвэрүүдийн үндэслэлийг танилцуулах үүргийг бүх нэгж прокурорын газруудад өгсөн. Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрчлэн хянаж, одоо дуусч байна. Удахгүй тухайн хэрэг, материалуудыг сэргээн шалгуулах шаардлагатай эсэх талаар прокурорын шийдвэрүүд гарна.

Мөн тус банк байгуулагдсан цагаасаа хойш иргэний журмаар шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, холбогдох шүүхийн шийдвэрүүд, нэхэмжлэлүүдэд эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай асуудал байсан эсэхийг судлан үзэж байна.

Түүнчлэн өмнө нь УИХ-аас байгуулагдан Хөгжлийн банкийг шалгаж байсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үзэж танилцан, эдгээр ажлуудын үр дүнг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр Авлигатай тэмцэх газарт одоо шалгагдаж байгаа хэрэгтэй хамтатган шалгуулах эсэхийг шийдвэрлэнэ.

Ерөнхий прокуророос Хөгжлийн банктай холбоотой хэргүүдэд УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааны явц байдалтай тухай бүрт танилцах, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллах үүргийг өгсөн байгаа.

Дээрх ажлын үр дүнгийн талаар болон хэргийн шийдвэрлэлттэй холбоотой асуудлаар тухай бүр олон нийтэд мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

В.Путин Украиныг тойрсон асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгааг мэдэгджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украиныг тойрсон нөхцөл байдал болон аюулгүй байдлын баталгааны асуудлаар “хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “CNN” телевизийн сэтгүүлчид мэдэгджээ.

“Ерөнхийлөгч Путин юуны түрүүнд хэлэлцээ, дипломат харилцааг үргэлж шаардаж ирсэн… мөн үнэн хэрэгтээ тэрбээр ОХУ-ын аюулгүй байдлын баталгааны асуудлыг санаачилсан. Украин бол асуудлын зөвхөн нэг хэсэг бөгөөд энэ нь Оросын аюулгүй байдлын баталгааны илүү ноцтой асуудлын нэг хэсэг, мэдээж хэрэг Ерөнхийлөгч Путин хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж Д.Песков мэдэгдсэн байна.

Сүүлийн саруудад Орос, Өрнөдийн харилцаа улам хурцадмал болж, Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдал улам дордож байна. Вашингтон, Брюссель Москваг цэргээ хөрш улсынхаа хил рүү татаж, “халдлагад бэлтгэж байна” гэж буруутгаж буй. Үүнтэй холбоотойгоор Умард Атлантын эвсэл Зүүн Европод нэмэлт хүч, цэргийн бүрэлдэхүүн илгээж оролцоогоо бэхжүүлж байна.

Харин Кремль эдгээр буруутгалыг үгүйсгэж, ОХУ-ын хил орчимд эвслийн цэргийн оролцоог бэхжүүлэх шалтаг болгож байна гэж мэдэгджээ.

Өнгөрсөн оны сүүлчээр Орос улс НАТО болон АНУ-д аюулгүй байдлын баталгааны тухай баримт бичгийн төслийг хүлээлгэн өгсөн бөгөөд гол шаардлага нь эвслийг дорно зүгт өргөжүүлэхгүй байх явдал байсан боловч барууны түншүүд нь нэгдүгээр сарын сүүлчээр бичгээр хариу өгөхдөө Оросын талын энэхүү шаардлагыг хүлээж аваагүй юм.