Categories
мэдээ нийгэм

Унаач хүүхдийг зөвхөн баяр наадмын өдрүүдэд даатгадаг гажуудлыг засна

12 хүртэлх насны хүүхэд ХУРДАН МОРЬ унахгүй

ХЗДХЯ-наас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, санал солилцох уулзалтыг “Монголын морин спорт уяачдын холбоо”-ныхонтой хийлээ.

Морь бүртгэлийг уралдаанаас өмнө хийж, олон нийтэд нээлттэй мэдээлж байх, ялтас суулгах замаар сангийн мэдээллийг баталгаажуулж, бэхжүүлэх,

Унаач хүүхдийн эрхийг хамгаалах, даатгалын компаниуд унаач хүүхдийг зөвхөн баяр наадмын өдрүүдэд л даатгадаг гажуудлыг залруулах,

Аливаа маргааныг шийдвэрлэх процессыг шуурхай, ил тод болгох

Хариуцлагын тогтолцоог чангатгах зэрэг онцлог олон заалтыг хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

2050 онд Монгол Улсын хүн ам 5.003.938 болно

Монгол Улсын хүн амын нас, хүйсийн суварга

Монгол Улсын хүн амын төрөлт, нас баралт, хэтийнтөлвийн судалгаа

Нэг. Төрөлт

Монгол Улсын хэмжээнд 2016-2021 онд буюу 6 жилд 456.193 хүн төрсөн нь жилд дунджаар 76.032 хүн, сард 6336, өдөрт 211 төрсөн байна.

Сүүлийн 6 жилд улсын хэмжээнд төрсөн хүнийг Нийслэл, орон нутгаар нь харьцуулахад Нийслэлд 237.195, жилд дунджаар 39.532, Орон нутагт 218.998, жилд дунджаар 36.499 хүн төрсөн байна.

Хоёр. Нас баралт

Монгол Улсын хэмжээнд 2016-2021 онд буюу сүүлийн 6 жилд 102.380 хүн нас барсан ньжилд дунджаар 17.063, сард дунджаар 1421, өдөрт дунджаар 47 хүн нас барсан байна.

Сүүлийн 6 жилд улсын хэмжээнд нас барсан хүнийг Нийслэл, орон нутгаар нь харьцуулахад Нийслэлд 49.041, жилд дунджаар 8173, Орон нутагт 53.338, жилд дунджаар 8889 хүн нас барсан байна.

Нэг аймагт жилд дунджаар 1738, сард дунджаар 144, өдөрт дунджаар 4 хүн төрсөн байна.

Нэг аймагт жилд дунджаар 423, сард дунджаар 35, өдөрт дунджаар 1 хүннас барсан.

Зөвхөн 2020 онд Монгол Улсын хүн амын нийт тоонд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 49.3%, эмэгтэйчүүд 50.7% байсан бол нас баралтын хувьд эрэгтэйчүүд 61.0%, эмэгтэйчүүд 39.0% байна. Үүнээс дүгнэхэд эрэгтэй хүний нас баралт их байгаа нь харагдаж байна.

Хүн амын нас баралтын шалтгаан: Манай улсын хүн амын нас баралтыг зонхилох шалтгаанаар авч үзвэл, 1990 онд амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлж байсан бол 1992 оноос эхлэн одоог хүртэл зүрх судасны тогтолцооны өвчин тэргүүлэх шалтгаан болж байна.

2011-2020 он Хүн амын нас баралтын түвшинг зонхилох шалтгаанаар сүүлийн 10 жилийн байдлаар харвал 2020 онд зүрх судасны тогтолцооны өвчин тэргүүлж 16.2 болсон нь сүүлийн 10 жилийн дундаж болон өмнөх оноос 1.1-3.0-аар тус тус буурчээ.

Нас баралтын 2 дахь шалтгаан болсон хавдрын өвчлөлийн түвшин 2020 онд 12.9 болж, сүүлийн 10 жилийн дундаж болон өмнөх оноос 0.6-1.5-аар тус тус буурсан байна. Гэмтэл хордлого ба гаднын шалтгаант бусад эмгэг, хоол боловсруулах тогтолцоо, амьсгалын тогтолцооны өвчин мөн 0.3-1.0-ээр буурчээ.

Гурав. Төрөлт, Нас баралтын харьцуулалт

Монгол Улсад өдөрт дунджаар 211 хүн төрж, 47 хүн нас бардаг нь манай улсын хүн амын өсөлт 77.6 хувьтай байна.

Дөрөв. Хүн амын өсөлтийн хэтийн тооцоо

Монгол Улсын хүн амын өсөлтийн хэтийн судалгаа:

2021 онд эрэгтэй-1.622.839, эмэгтэй-1.669.890 нийт:3.292.729 хүн бүртгэгдсэн.

2030 онд эрэгтэй-1.851.602, эмэгтэй-1915712 нийт:3.767.314 хүн.

2040 онд эрэгтэй-2.134.262, эмэгтэй-2.199.168 нийт:4.333.430 хүн.

2050 онд эрэгтэй-2466460, эмэгтэй-2537478 нийт:5.003.938 хүн амтай болох төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Монголхүү, Л.Ганхөлөг нар МоАХ-ны нэр, тугийг зөвшөөрөлгүй ашиглаж байжээ

Д.Монголхүү : Бид нарын амыг барьчхаад, тэд өөрсдөдөө ашигтайгаар хэргийн  талаар замбараагүй ярьж байна - iVoice

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ ТББ-ыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга удирддаг. Тус төрийн бус байгууллагаас Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст Д.Монголхүү нарт холбогдуулан гомдол гаргажээ.

Тодруулбал, Д.Монголхүү, Л.Ганхөлөг нар МоАХ-ны нэр, бэлгэдэл, туг зэргийг удаа дараа ашиглан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна” гэжээ.

Тус гомдлыг хариуд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс, “Шалгалтын ажиллагаагаар иргэн Д.Монголхүү, Л.Ганхөлөг нар МоАХ ТББ-ын гишүүнчлэлгүй, төлөөлөх эрхгүй, мөн МоАХ ТББ-ын нэр, туг, бэлгэдлийг зөвшөөрөлгүй ашигласан болох нь тогтоогдсон” гэх албан тоотыг хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Ачбадрахын үндэсний дээл, малгайг Швейцарын Лозанн хотноо байрлах олимпийн музейд хандивлахаар болжээ

МҮОХ-ны удирдлагууд Олон улсын олимпын хорооны Үндэсний олимпын хороод болон Эв санааны нэгдлийг хариуцсан захирал Жеймс Маклеод, ҮОХ-дын харилцааны албаны Байгууллагын харилцаа ба засаглал хариуцсан захирал Жероме Поуэ нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

МҮОХ нь байгууллагын гадаад харилцаагаа өргөжүүлэх, олон улсын хурал, сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, цаг үеийн бусад асуудлаар санал солилцов.

Олон улсын олимпын хорооны Соёлын өвийг хамгаалах сангаас тавьсан хүсэлтийн дагуу “Бээжин-2022” олимпын наадмын нээлтэд өмссөн тамирчин Б.Ачбадрахын үндэсний дээл, малгайг Швейцар улсын Лозанн хотноо байрлах ОУОХ-ны Олимпын музейд хандивлахаар боллоо.

Манай тамирчин хаалтын ёслолд дээлээ өмсөөд маргааш нь Олимпын музейд хүлээлгэн өгөхөөр тохиров.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын 24 автобус үйлчилгээнд явж байна

Сурагчдын 24 автобус үйлчилгээнд явж байна

ЕБС-ийн II улирлын хичээл эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргаад байна. Тодруулбал, долоон ААН-ийн 24 автобус өчигдрөөс эхлэн үйлчилгээнд гарчээ.

2021-2022 оны хичээлийн жил эхлэх үед 37 чиглэлд 37 автобус явуулж байв. Сурагчдын зарим автобус газаар явдаг учир, газны нийлүүлэлт тасалдсан учир ийнхүү автобусны тоо цөөрчээ.

Сургуулийн автобусны үйлчилгээ нэвтрүүлээд гурван жил болж байгаа ба цар тахалгүй, хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үед өдөрт 5600-6300 хүүхэд тээвэрлэж байв. Өнгөрөгч хичээлийн шинэ жилд 5/9 зарчмаар хичээллэж байхад өдөрт дунджаар 3000 орчим хүүхэд зорчиж байжээ.

Мөн Нийслэлийн боловсролын газраас хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Үүнийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа ба удахгүй Засаг даргын захирамж гарна хэмээн эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм спорт

“Тель Авив-2022” Их дуулгад хүч үзэх жүдочид эх орноосоо мордлоо

Израил улсын Тель Авив хотноо 2022 оны 2 дугаар сарын 17-19-нд зохион байгуулах Гранд Слам /Их дуулга/ тэмцээнд хүч, ур чадвараа сорих Монголын жүдочид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Энэ удаагийн Их дуулга тэмцээнд 34 орны 309 жүдоч /эрэгтэй 170, эмэгтэй 139/ хүчээ сорихоор мэдүүлгээ ирүүлжээ. Монгол Улсаас 11 эрэгтэй, 3 эмэгтэй жүдочид хүчээ сорих юм.

Израил улсын “Тель Авив-2022” Их дуулга тэмцээнийг 2 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд 22 цаг 45 минутаас шууд дамжуулан үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Компанийн засаглалын зарчмуудыг шинэчилж байна

Компанийн засаглалын зарчмуудыг шинэчилж байна

УИХ-ын 2006 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.5-д зааснаар Хороо нь санхүүгийн зах зээлд компанийн засаглалын зарчмыг нэвтрүүлэх, боловсронгуй болгох үндсэн зорилтыг хангах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 онд “Компанийн засаглалын кодекс”-ыг батлан компанийн засаглалын талаарх мэдлэг, мэдээллийг түгээх, уг зарчмуудыг хэрэгжүүлэх үндсэн суурийг тавьж, улмаар 2014 онд шинэчилсэн.

Манай улсад компаниудын оролцогч талуудын чадамж харилцан адилгүй, компанийн дотоод эрх зүйн зохицуулалт төдийлөн хангалттай биш, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үүрэг, хариуцлага тодорхой бус зэргээс хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудын эрх ашиг хохирох явдал цөөнгүй гарч байв. Иймд компанийн засаглалын тулгуур зарчмуудад тулгуурлаж санхүүгийн зах зээлийн үндэсний онцлог, тулгарч буй хүндрэлтэй асуудлуудад тохирсон нэмэлт шаардлага, шалгуурыг бий болгож, тэдгээрийг хэрэгжүүлэх шаардлага нэгэнт үүссэн тул Хорооноос “Компанийн засаглалын кодекс”-ын шинэчлэлийг эхлүүлээд байна.

Шинэчлэн боловсруулсан кодексын төслийг энэ хоёрдугаар сард багтааж олон нийтэд танилцуулах тул санхүүгийн зах зээлд оролцогчид холбогдох саналаа ирүүлж, Хорооноос зохион байгуулах хэлэлцүүлэг, сургалтад идэвхтэй оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэс бүтээгдэхүүний экспорт сүүлийн 2 долоо хоногт нэмэгджээ

Эрдэс баялгийн эдийн засаг - www.miningnews.mn

Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт сүүлийн 2 долоо хоногт өмнөх долоо хоногуудынхтай харьцуулахад нэмэгдсэнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлэв.

Тухайлбал, энэ сарын 4-10-нд авто замаар 1224, төмөр замаар 654 чингэлэг оны эхнээс 806.7 мян.тн нүүрс, авто замаар 152, төмөр замаар 329 чингэлэг буюу оны эхнээс 124.5 мян.тн зэсийн баяжмал, төмөр замаар 1086 чингэлэг буюу оны эхнээс 165.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.

Төв банк оны эхнээс 1,663.0 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.7 хувиар нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны байдлаар 155,544 тн шатахууны нөөц байгаагаас А-80 автобензин 9,822 тн, АИ-92 автобензин 32,873 тн, ДТ 101,793 тн байна. Энэ нь АИ-92 /95,98/ автобензиний 33, А-80 автобензиний 59, ДТ-ний 37 хоногийн, Улаанбаатар хотод 78,626 тн буюу АИ-92 автобензиний 26, ДТ-ний 45 хоногийн нөөцтэй гэсэн үг аж.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн Төр захиргааны II байрнаас Улсын бүртгэлийн үйлчилгээг авах боломжтой

Баянзүрх дүүргийн хувьд хүн ам ихтэй, ачаалал өндөр байдаг дүүргүүдийн нэг бөгөөд иргэдийн зүгээс газрын алба болон улсын бүртгэлийн хэлтсээс авах үйлчилгээ зонхилдог байна.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Төр захиргааны II байранд Улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг энэ сараас үзүүлж эхлээд байна.

Иргэдэд үйлчлэх нийт долоон цонх ажиллаж байгаа бөгөөд цаг хугацааг хэмнэх, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх үүднээс Гэрэгэ киоск машиныг байрлуулж өгсөн нь үйлчилгээ авч буй иргэд заавал банк орох шаардлагагүй болжээ.

Баянзүрх дүүргийн Төр захиргааны II байр нь Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эсрэг талд байрладаг бөгөөд энд Зүүн бүсийн нийт 12 хорооны иргэд үйлчлүүлж байна.

Иргэдийн хувьд заавал дүүрэг орох шаардлагагүйгээр өөрт ойр байрлах Улсын бүртгэлийн хэлтэс, нэгжүүдээс бүртгэлтэй холбоотой үйлчилгээг авах бүрэн боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Шүүгчээр ажиллахад харшлах өвчний жагсаалт”-ын төсөлд иргэдээс санал авна

"Шүүгчээр ажиллахад харшлах өвчний жагсаалт"-ын төсөлд иргэдээс санал авна

Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд “Шүүгчээр ажиллахад харшлах өвчний жагсаалт”-ыг шинэчлэх шаардлага үүсээд буй. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус харилцааг зохицуулах журмын төслийг боловсруулж, холбогдох байгууллага болон иргэдээс санал авна.

Өнөөдөр энэ чиглэлээр асуудал хариуцаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх, санал солилцох уулзалтыг хийж, зарчмын байр сууриа нэгтгэлээ. Тус жагсаалтыг гаргахдаа хүний эрхийг хангаж, дээдэлж ажиллах ёстой гэдэгт талууд нэгдсэн саналтай байв. Уг журмын төслийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст ирэх сард байршуулан олон нийтийн саналыг цахимаар 30 хоногийн турш авч, улмаар зөвлөлийн хуралдаанаар эцэслэн батална.

Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, болон зөвлөлийн гишүүд, ЭМЯ-ны дэргэдэх Сэтгэц судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн О.Ганчулуун, ЭМЯ-ны дэргэдэх Дотор өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Ц.Сарантуяа, ЭМЯ-ны дэргэдэх Гэмтэл, согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн С.Отгонгэрэл, ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Т.Булган, ЭМЯ-ны дэргэдэх Чих, хамар хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Э.Жаргалхүү нар оролцов.

Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан тодорхой төрлийн албан тушаал хашихад харшлах өвчний жагсаалтыг гаргадаг бөгөөд шүүгчийн албыг гүйцэтгэх боломжгүй гэж үзэх ямар өвчин байж болохыг ийнхүү нарийвчлан авч үзэж, оновчтой тодорхойлох нь шүүх эрх мэдлийн шинэтгэлийн бас нэг чухал хүчин зүйл болох юм.