Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Ковидын 834 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барлаа

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 834 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 479 нь Улаанбаатар хотод,
  • 355 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 1 иргэн нас баржээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

“Мунзуй” Г.Нямдорж нарын ялыг хэвээр үлдээлээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр “мунзуй” хэмээн танигдсан Г.Нямдорж болон Ч.Шинэцэцэг, Н.Галмандах нартай холбогдох хэргийг өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр хянан хэлэлцсэн байна.

Г.Нямдорж гэртээ хар тамхи хадгалсан гэх үндэслэлээр 2020 оны арваннэгдүгээр сард саатуулагдан хоёр жилийн хорих ял авсан юм. Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хэргийг нь хамруулж зорчих эрхийг мөн хоёр жил хассан.

Харин өчигдрийн хуралдаанаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн өмнөх шүүгчдийн ялласан дүгнэлтийг хэвээр үлдээсэн байна.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Энэ сард хүчит бөхийн таван барилдаан болно

Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан энэ сарын 31-нд эхэлнэ

Үндэсний бөхийн холбооноос мэдээлснээр энэ сард Бөхийн өргөөнд таван удаагийн барилдаан болох нь.

  1. Хоёрдугаар сарын 18-нд 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан
  2. Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан
  3. Хоёрдугаар сарын 20-нд 12:00 цагаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Ц.Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
  4. Хоёрдугаар сарын 26-нд 12:00 цагаас Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Б.Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
  5. Хоёрдугаар сарын 27-нд 12:00 цагаас Бизкон аудит ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан “Монгол Улсын начин цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болох аж.

Үзэгчид болон бөхчүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, эрсдэлээс сэргийлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Өглөө 06:30-07:30 цагийн хооронд үнэгүй ажиллах спорт заал, танхимын байршил

Баянхутаг сумын спорт заал ашиглалтад ороход бэлэн болжээ

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1 хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлэх нээлтийг өнөөдөр хийлээ.

Ингэснээр 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж буй юм.

Ингээд нийслэлийн есөн дүүргийн дараах заал, танхимууд өглөөний тогтсон цагийн дагуу иргэдэд үнэгүй үйлчлэх юм.

Өглөө спорт заал, танхимыг зорьсон иргэд дасгалыг багш нарын хичээлийг лайваар үзэж, хамтдаа хичээллэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ харьяа газруудын албан хаагчидтай уулзав

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Аялал жуулчлалын хөгжлийн төв, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, Цаг уур, орчны шинжилгээний газар зэрэг тус яамны харьяа газрын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд БОАЖЯ-ны харьяа газрууд мэдээллээ танилцуулаад цаашид хийхээр төлөвлөсөн ажил, тус газрын ажилчдын цалин, нийгмийн асуудлыг бодлогоор дэмжихийг хүсэв.

Тухайлбал, хүний нөөцийг төрийн албаны цалингийн шаталсан системтэй уялдуулан шинэчлэх, нэн ялангуяа эдгээр газарт тусгайлсан мэргэжилтэнг улсдаа цөөн бэлтгэдэг. Насны хувьд харьцангуй залуу, цаг үеэ дагаад чадварлаг боловсон хүчин бэлтгэж байгаа ч цалин бага учир ажиллах мэргэжилтэн олдохгүй байгааг хэллээ.

Түүнчлэн цар тахлын улмаас өнгөрсөн 3 жилд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, техник шинэчлэл, мэргэжилтэн чадавхжуулах зэрэг нь орхигдсон. Иймд салбарын зорилгоо өргөжүүлж, тогтвортой бодлогоор хамтын ажиллагаагаа уялдуулан дэлхийн хөгжил рүү хурдацтай тэмүүлэх хэрэгтэйг хөндөж байв.

Уулзалтын үеэр Аялал жуулчлалын хөгжлийн төв, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, Цаг уур, орчны шинжилгээний газрын удирдлагууд цар тахлын цаг үед бүхий л үйлчилгээ, мэдээлэл, хурал, зөвлөгөөнийг цахим руу шилжүүлж чадсан давуу талтай ч техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатайг танилцуулаад, салбарын сайдаас нэг бодлогоор тогтвортой цаг хугацаанд салбараа удирдаж, дэмжин ажиллахыг хүсжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Гантогоо: Юнител дата хэрэглээгээр нь далимдуулаад иргэдийг хохироож байна

Үүрэн телефоны операторуудтай холбоотой гомдол санал ирсээр байна. Хамгийн сүүлд дуучин С.Гантогоо “Юнител” корпорацийн талаар өөрийн цахим хуудсандаа саналаа бичжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Бүх хэрэглэгчийн өмнөөс дуу хоолойгоо томоохон компаниудын өмнө илэрхийлж байна-


-Та Юнителийн дугаарыг хэдэн жил барьж байна вэ. Энэ хугацаанд таны эрх ашгийг яаж хөндөж байв?

-Би Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирээд таван жил гаруй хугацаа өнгөрч байна. Надад Мобиком, Юнител, Жи мобайлын дугаар байдаг. Гэхдээ би юнителийн дугаараа түлхүү барьдаг. Энэ хугацаанд юу ажиглагдсан гэхээр гэр, ажил дээрээ байх хугацаандаа wifi-аа ашигладаг. Гадуур явах үедээ утасныхаа датаг ашигладаг. Би сошиал орчинд байнга идэвхтэй байдаг. Миний хэрэглэдэг багцын дата нэг л мэдэхэд дуусчихсан, нэмэлт дата авдаг. Тиймээс би гадуур явахдаа wi fi-гүй үедээ нэмэлт дата худалдаж авна. Урьд нь 1 гВ дата 1500 төгрөгөөр худалдаж аваад 24 цагтаа багтааж хэрэглэдэг байсан. Түүнээс өмнө 1 гВ дата 1000 төгрөгийн үнэтэй байлаа. Гэтэл нэг л өдөр гэнэт 500 төгрөгөөр нэмсэн. Тэр үед нь юмны үнэ нэмэгдэж байгаа юм чинь гээд тоогоогүй. Хүмүүс ч нэг их юм яриагүй. 1500 төгрөгөөр 1 гВ датаа аваад 24 цагтаа фэйсбүүк, инстаграммаа шалгаад, ганц нэг бичлэг үзээд таардаг байлаа. Би сардаа 20 хоногт нь 1500 төгрөгний дата хэрэглэлээ гэж бодоход 30000 төгрөг болно. Гэтэл миний үндсэн хэрэглэдэг багцан дээр энэ үнэ нэмэгдэж төлбөр өндөр гардаг. Гэтэл саяхнаас 1 гВ гэдэг сонголт байхгүй болоод 2 гВ дата 2500 төгрөгөөр авах сонголттой болчихсон. Олон оюутан дүүтэй миний хувьд дүү нар маань гадуур явахдаа дандаа 1 гВ дата хэрэглэдэг. Гэтэл хамгийн хямд датаны сонголтын үнэ нь нэмэгдэхээр гэр бүлийн санхүүг нуруун дээрээ үүрдэг эцэг эх, ах эгч нарт нь санхүүгийн дарамт нэмэгдэж байна. Түүнийг нь Юнител компани руу яриад “Яагаад 1 гВ-ын сонголтыг байхгүй болгочихов” гээд асуухаар “Хэрэглэгчдийн судалгаан дээр үндэслэн ийм сонголттой болгосон” гэсэн хариу өгсөн. Ийм судалгааг хэзээ, хаана хийсэн юм бэ. Ямар хүмүүс нь 1 гВ датаг 2 болгоод илүү өндөр үнээр авъя гэж хариулсан юм бэ. Үнэхээр утгагүй байгаа биз дээ.

-Хэрэглэгчдийн дунд санал асуулга явсан юм уу. Танд жишээ нь, “Та 1 гВ датаг 1500 төгрөгөөр авах уу, 2 гВ дата 2500 төгрөгөөр авах уу” гэдэг ч юмуу санал асуулга ирсэн үү?

-Юу ч ирээгүй. Интернэт, сошиалаар юу ч яваагүй. Бодоод үз л дээ. 1, 5, 10 гб-аа авна уу бидний сонголт, бидний эрх биз дээ. Дүү нар маань оюутан, арван жилд сурдаг. Хичээл цахимаар орох үед дандаа нэмэлт дата авч хичээлээ хийдэг. Гэтэл хямд датаг нь хасаад үнээ нэмчихлээ. Энэ үнэхээр шударга бус шийдвэр гэж харж байгаа.

-Өөр танд үүрэн холбооны талаар шүүмжлэх зүйл байна уу?

-Нэгжийн зээлийн асуудал байна. 1000 төгрөгний нэгж зээлэхэд түүний 10 хувийг эргээд нэмж төлдөг. Энэ чинь цэвэр луйвар. Одоо үед 10 хувийн хүүтэй ломбард ч байхгүй шүү дээ. 10 хувийн хүү төлөх чинь хууль бус биз дээ. Үүнд хохирч байгаа хүмүүс нь хэн байна гэхээр энгийн иргэд юм. Үүний талаар хүмүүс яагаад дуугардаггүй юм бол. Яагаад ингээд шулуулаад өчнөөн жил дуугүй яваад байдаг юм бэ. Үнэхээр удаан бодож яваад тэсэлгүй өөрийн сошиал хуудсандаа сэтгэгдлээ бичсэн.

-Нууц биш бол та сард хэдэн төгрөгийн багц хэрэглэдэг вэ. Тэр багц нь хэдэн дататай ирээд хэдэн өдөр хэрэглээд дуусдаг юм бэ?

-Би 80000 төгрөгний багц хэрэглэдэг. Түүнд бүх сүлжээнд сардаа хязгааргүй үнэгүй ярьдаг. Зарим нэмэлт үйлчилгээ үнэгүй нэмэгддэг. Тэгээд яг хэдэн дата ирдгийг одоо санахгүй байна. Гэхдээ тэр ирсэн дата нь эхний 10 хоногтоо хүрэлгүй нэг л мэдэхэд дуусчихдаг. Тэгээд л гадуур гарахаар датагаа асаагаад явахаар 128 мВ-аар ороод маш удаан уншдаг. Юу ч үзэж болдоггүй. Гадуур гарах болгондоо 1 гВ дата нэмж авсаар байгаад сардаа миний төлбөр 100 мянга давдаг. Хэрвээ одоо сүүлийн сонголтоор 2 гВ дата нэмж авбал миний төлбөр бүр л өндөр гарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Юнител дата хэрэглээгээр нь далимдуулаад иргэдийг хохироож байгаа биз дээ. Үүнийг ямар судалгаан дээр үндэслээд, хэнээс асуугаад ингэж өөрчилсөн юм бэ. Хаанаас гаргасан болохоороо хэрэглэгчдээ шулсан ийм судалгаа хийгээд байдаг юм бэ. Хэзээ ч хүмүүс ийм сонголт хийхгүй. Миний постны дор сэтгэгдэл бичсэн нэг ч хүн 2 гВ дата 2500 төгрөгөөр авмаар байна гэж бичээгүй. Бүгд үүнийг шүүмжилж байна.

-Цар тахлын энэ хэцүү үед ганц ашигтай алдагдалгүй ажиллаж байгаа салбар бол үүрэн телефоныхон. Гэтэл хэрэглэгчдийн дунд зарладаг урамшуулал ч байхгүй болсон гэгдэх боллоо?

-Үнэхээр тийм шүү дээ. Хүүхдүүд хөл хорионд ороод бүгд цахимаар хичээллэж дата худалдаж авдаг болсон. Мөн дээрээс нь хурд гэж нэг юм байна. Маш их гацдаг. Асуудлууд их байгаа. Юнител том компани, том групп. Одоо намайг ямар нэгэн үйл ажиллагаандаа оруулахгүй байх. Гэхдээ тэр нь надад үнэхээр хамаагүй. Би адилхан хэрэглэгч хүн. Бүх хэрэглэгчийн өмнөөс дуу хоолойгоо томоохон компаниудын өмнө илэрхийлж байна. Энгийн иргэд яагаад дуугүй байгаад байдаг юм бэ. Би тийм мөнгө төгрөгтэй баян тансаг хүн биш л дээ. Гэхдээ өөрийнхөө хүчээр хоёр идэхгүй, хоосон хонохгүй явж чадаад байна. Үүний цаана нэгжиндээ санаа зовдоггүй хүмүүсээс илүү өдрийн хоолондоо санаа зовдог хүн асар их байгаа шүү дээ. Жишээ нь, 1 гВ-ын сонголтоо байхгүй болгоод 2 гВ дата 2500 төгрөгөөр авахаар 4 дахин үржигдэж 8 гВ-ыг 24 цагийн дотор хэрэглэх ёстой юм гэнэ. Ямар ч өндөр хэрэглээтэй хүн байсан 8 гВ-ыг 24 цагийн дотор хэрэглэж амждаггүй л байхгүй юу. Ингэж хэрэглэгчдээ хуурч байгаа юм.

-2 гВ-ын сонголт нь адилхан 24 цаг л хэрэглэдэг юм уу?

-Ерөөсөө нэмэлтээр авч байгаа 1, 2, 5, 10 гВ байна уу хамаагүй 24 цагийн дотор л хэрэглэх ёстой юм билээ. Мөн нэг ийм боломж байгаа. 25000 төгрөгөөр 50 гВ дата нэмэлтээр аваад нэг сар хэрэглэх. Уучлаарай. 25000 төгрөгөөр нэг дор 50 гВ дата авах чадалтай хүн хэр олон байна вэ. Гэтэл хамаагүй ээ гээд тэр сар хэрэглэх нэмэлт 50 гВ датаг худалдаж авлаа. Сардаа хүрэхгүй дуусчихвал яах вэ. Дахиж нэмж дата авах уу.

-Тэгвэл 1 гВ датаг 24 цагийн дотор хэрэглэхдээ 1500 төгрөгөөр худалж авдаг байсан бол 2 гВ датаг 2500 төгрөгөөр 48 цагийн турш хэрэглэнэ гэсэн хугацааны хувьд уян хатан нөхцөл нэмэгдээгүй юу?

-Яг үнэн. Дата нэмээд үнэтэй зарж байгаа юм бол хугацаагаа сунга л даа. 2-3 хоног хэрэглэдэг болъё. Тэгвэл хүн чинь надад аль нь ашигтай вэ гэж бодно шүү дээ. Ийм зүйлүүдийг л хэлэхийг хүссэн юм. Эцэст нь хэлэхэд, урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг зорилтот бүлгийн иргэдэд маш хүнд байгаа. 1 гВ-ыг алга болгоно гэдэг нь яаж байгаа юм бэ. Буцаагаад 1 гВ-ын сонголтоо оруулаасай гэж хүсч байна

Categories
мэдээ нийгэм

Х.Ариунбуянт: Хуучин цагт таньдаг хүндээ л найддаг байсан бол одоо өөрийгөө үнэлүүлээд ажилд орох боломж илүү болсон


Халтархүүгийн Ариунбуянт ОУВС 1 дүгээр төв байр дээр, 2021 он (зарим хэрэгжүүлсэн барилгын төслүүд цаана нь харагдаж байна)


Олон улсын нэр хүндтэй томоохон байгууллагад ажиллаж, мэдлэг оюуныхаа цар хүрээг таниулж яваа монгол залуус олон бий. Тэдний нэг бол ОУВС-гийн ажилтан Х.Ариунбуянт юм. Түүнийг эх орондоо түр ирээд буцахад нь амжиж цөөн хором ярилцлаа.

-ОУВС нь олон улсын санхүүгийн тогтвортой байдал, хамтын ажиллагааг дэмжих,зээлдэгч орнуудад зөвлөгөө өгөх, эдийн засгийн боловсон хүчин бэлтгэдэг гээд үйл ажиллагааны чиглэл нь хэн бүхэнд ойлгомжтой байдаг. Тиймдээ ч ОУВС-г Дэлхийн төв банк гэж тодорхойлох нь бий. Энэ том байгууллагад ажиллах нь анхнаасаа төлөвлөгөөнд чинь байсан уу?

-ОУВС 190 гишүүн орныхоо санхүүгийн тогтвортой байдал, мөнгөний бодлогын хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ олон улсын худалдааг хөнгөвчлөх, ажил эрхлэлт, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, дэлхийн ядуурлын түвшинг бууруулахад тусалдаг. ОУВС-д 150 орны 2700 гаруй ажилтан ажилладаг. Мөн Вашингтон дахь олон улсын байгууллагуудад дэлхийн эдийн засгийг тогтвортой байлгахын төлөө ажилладаг өндөр ур чадвартай эдийн засагчид болон бусад нарийн мэргэжилтнүүд ажилладаг зэрэг нь миний сонирхлыг татсан. Нөгөөтэйгүүр хэдийгээр Америкт олон жил болсон ч зөвхөн америк хүмүүстэй ажиллавал цар хүрээллээ тэлэх боломж хязгаарлагдмал санагдсан учраас энэ сонголтыг хийсэн.

-ОУВС-гийн босго мэдээж өндөр байх?

-Энэ байгууллагын гол тархи зүрх нь эдийн засагч нар учраас энэ талын мэргэжилтнүүд зонхилж ажилладаг. Миний хувьд ОУВС-д анх ажлын зарын дагуу анкет өгөөд, гурван сарын дараа ярилцлаганд уригдсан. Тэгээд сар хагасын дараа албан ёсны ажлын саналын захидал аваад ажилд орж байсан. Одоо 10 дахь жилдээ ажиллаж байна. ОУВС-гийн шалгуур нь ажлын байраасаа шалтгаалаад өөр өөр байдаг. Хугацааны хувьд ч мөн адил янз бүр. Зарим хүний ажлын байр хурдан шийдэгдэж байхад заримынх нь удаан хүлээгдэх жишээтэй. Бас аз гэх юм уу, нөхцөл боломж нь бүрдээд тэнцсэн тохиолдлууд ч харагддаг.Тиймээс ОУВС-д ажиллахыг хүсч байгаа хэн бүхэнд өөрийгөө сориод үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Энэ хугацаанд олон төсөл дээр ажилласан байх, тушаал дэвшсэн үү?

-Олон улсын байгууллагууд албан тушаалыг түвшингээр ангилдаг. Миний хувьд анх орсноосоо хойш гурван түвшин ахисан. Энэ хугацаанд нэлээд хэдэн барилгын шинэчлэлт, сэргээн босголтын төслүүд дээр ажилласан. Хамгийн сүүлд ОУВС-гийн томоохон төслийн удирдлагын багт нийт төслийн хугацаанд эхнээс нь дуустал ажилласан. Энэ нь надад маш том туршлага болсон.

-Хийсэн ажлаа үнэлүүлж, карьераа дээшлүүлэхэд хүчин чармайлт чухал нь мэдээж. Олон улсын байгууллагад ажилласан чиний амжилтын туршлагаас асууж болох уу?

-Хариуцсан ажлаа ямагт бүрэн гүйцэд, төлөвлөгөөнөөс нь илүү хийхийн төлөө байдаг.Мөн баг хамт олонтойгоо мэргэжлийн түвшинд зөв харилцаатай байж, ажлын гүйцэтгэл, бүтээмжээ зөв үнэлүүлж, алхам тутамдаа илүү зорилттойгоор өөрийгөө сорьж ажилласан маань карьераа дээшлүүлэхэд нөлөөлсөн болов уу гэж бодож байна.

-Ямар ч ажлын ард гарахад баг болж гар сэтгэл нийлэх чухал. Ялангуяа төслийн зохицуулагчаас олон талын чадвар шаарддаг болов уу ?

– Оролцсон том төслүүдийн бүх шатанд маш хатуу хяналт, өндөр шаардлагын дагуу чадварлаг удирдлагуудаас гадна архитектор, дизайнер, инженер, санхүүч гээд олон чиглэлийн мэргэжилтнүүдтэй гар нийлж ажилласан. Тэр хэмжээгээрээ өөрийгөө сорих алхмууд тавигдаж байсан. Нэг баг болж ажиллахад бусадтайгаа харьцах соёлоос гадна харилцан ойлголцол хамгаас чухал.

-Хамгийн том төслийн удирдлагын багт ажилласан гэлээ. Уг төсөл гол нь юунд чиглэснийг сонирхож болох уу?

-Төслийн гол зорилго нь ОУВС-гийн нэгдүгээр төв байрны ашиглалтын хугацаа нь дууссан барилгын системүүдийг сэргээн засварлах, дэд бүтцийг нь шинэчлэхэд чиглэгдсэн байсан. Энэ төслийг хэрэгжүүлснээр хэрэгжүүлснээр эрчим хүчний зарцуулалтыг 50 хувиар бууруулж, LEED (Leadesrhip in Energy & Environmental Design) хэмээх барилга байгууламжид тавигддаг тогтвортой, байгаль орчинд ээлтэй байдлыг үнэлэх стандартуудын дагуу хамгийн өндөр түвшинд гүйцэтгэгдсэн.

-Манайхаар бол байгууллагын захиргаа аж ахуй талын төсөл юм уу даа?

-Тэгж хэлж болно. Энэ нь олон улсын байгууллагуудад амжилттай хийгдсэн анхны байгаль орчинд ээлтэй барилгын стандартын дагуух төсөл гэдгээрээ онцлог. Орчин үед барилга байгууламжийн шинжлэх ухаан улам эрчимтэй хөгжиж, байгууллагууд ажилчдынхаа нийгмийн хангамжийг сайжруулахаас гадна байгаль орчинд ээлтэй, тогтвортой ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудал мөн түлхүү яригдах болсон. Одоогийн байдлаар ажиллаж байгаа төсөл маань WELL Building Standard хэмээх эрчим хүчний үр ашигтай байдлаас гадна хүний эрүүл мэндэд чиглэсэн, хүн төвтэй дизайны зохицуулалт, барилгын ажлыг сайжруулах архитектурын анхны жишиг үзүүлэлтийн дагуу хийгдэж байгаа. Бидний ихэнх цагаа өнгөрүүлдэг барилга байгууламж нь байгаль орчинд ээлтэйгээс гадна дотор нь байгаа хүнийхээ бие болон сэтгэлийн эрүүл мэнд, тав тух, ажлын бүтээмжид нийцсэн байх шаардлагатай юм.

Сүүлийн үеийн жишээг нэмж хэлэхэд, ковидын нөхцөл байдлаас болоод агаар, ус, цэвэрлэгээний чанарыг анхаарах хэрэгтэй болсон. Мөн үүнээс гадна ажилчдын хоолны газар, кофе шоп нь эрүүл хоолны сонголттой байх, ажилчдаа өвдсөн үед хангалттай эмчлүүлэх, чөлөөтэй амрах өдрийг яаж зохицуулах, гэрээсээ ажиллах боломжийг нээлттэй байлгах, ажил руугаа явган алхах, дугуй унах, жимд явах зэргээр эрүүл мэнддээ анхаарах нөхцөлийг бүрдүүлэх гээд ерөнхийдөө цогцоор нь дэмжсэн төслүүд дээр ажиллаж байна.

-Та Америкт 21 жил амьдарч байсан гэхээр их багаасаа гэрээсээ гарчээ. Очсон даруйдаа орчинд нь зохицох гэж багагүй бэрхшээлтэй тулгарч байв уу?

-Өссөн орчин маань өөр болохоор эхлээд цочирдох зүйл их байсан. Гэхдээ тэр үед туулсан зүйлүүд маань намайг хөгжиж боловсроход ихээхэн нөлөөлсөн гэж боддог. Би ер нь аливаа зүйлийг хүндээр тусгаж авалгүй, зовлон бэрхшээл гэж бодолгүй, эсрэгээрээ намайг сорьж байгаа том шалгуур гэж хүлээж авдаг. Аав ээж маань ч тэгж сургасан. Америк улс нь мөрөөдлөө биелүүлэх боломж маш ихтэй, эрх чөлөөтэй орон хэдий ч энэ байдал нь эсрэгээрээ хүний аюулгүй байдалд, халдах эрсдэлийг бүрдүүлж байдаг мэт. Тиймээс багаасаа олон жил энэ улсад амьдарснаар, эргэн тойрондоо сэрэмжтэй байж, хүмүүстэй болгоомжтой харьцах хэрэгтэй юм байна гэдгийг сурсан. Өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд шийдвэртээ хэзээ ч эргэлзэлгүй, энэ улсын хуулийг бүрэн дагаж, мэдлэг боловсролдоо анхаарч шамдан, ур чадварт суралцаж ирсэн дээ.

-Нууц биш бол таны дараагийн том зорилго чинь юу вэ. Мэдээж том мөрөөдөл өвөртөлж яваа байх?

-Ойрын 5-10 жилдээ эндээ байх болов уу. Дараа нь сонирхол өөрчлөгдөөд өөр бодолтой болохыг үгүйсгэхгүй. Ковидоос хойш амьдралын хэв маяг арай удаашралтай болоод ирэхээр төлөвлөгөө маань өөрчлөгдөж эхэлсэн. Хамгийн ойрын зорилт гэвэл хувийн амьдралдаа илүү анхаарна гэж бодож байгаа. Америкт амьдарсан эхний 10 жилийг сурахын төлөө, сүүлийн 10 жилийг карьертаа зориулсан байна.

Гэхдээ карьер гэхээсээ илүү өөртөө, гэр бүлдээ чөлөөт цагаа зориулах нь миний хувьд хамгаас чухал байдаг. Тиймээс амралтаараа аль болох аялах дуртай. Аав ээжтэйгээ 20 гаруй орноор, би өөрөө 40 орноор аялсан. Хааяа гоё хоолонд орох дуртай. Ажилдаа, амралт чөлөөт цагтаа зарцуулах бүх боломж нөхцөлөө тааруулсан гэж боддог. Үүндээ сэтгэл хангалуун байдаг.

-Дэлхийн нэр хүнд бүхий байгууллагад ажиллах сонирхолтой залуус их бий.Тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгмөөр байна?

-Дэлхийн боловсролыг эзэмшсэн, өндөр түвшинд боловсорсон, шинэ үеийн залуу боловсон хүчнүүд маш олноор бэлтгэгдсээр байгаа учраас жил бүp өрсөлдөөн нэмэгдэж байгаа гэж хэлж болно. Миний хувьд ОУВС-д ажилд орохын тулд гурван өөр хэлтэст анкетаа өгөөд нэгд нь тэнцэж байсан учраас боломжоо хязгаарлахгүй байх нь чухал гэж хэлмээр байна.Дэлхийн байгууллагад ажиллана гэдэг нь олон улсын, өөр соёл боловсролтой хүмүүстэй ажиллана гэсэн үг. Тиймээс өөрийгөө зөв илэрхийлж, хийсэн ажлаа зөв үнэлүүлснээр хүссэн ажилдаа орж, цаашдаа карьераа дэвшүүлэх боломжтой болно. Заавал магистр, докторын зэрэг гэхгүйгээр өөрийн хүсэл мөрөөдлийнхөө дагуу өөртөө ач холбогдолтой ажил хийгээд, түүгээрээ танигдаж чадах юм бол аяндаа байгууллагуудаас хамтран ажиллах санал ирж, ажил үүрэг хариуцуулдаг болсон байна. Хуучин цаг үед бол таньдаг хүндээ найдах нь их байдаг байсан бол одоо өөрийгөө таниулаад, үнэлүүлээд ажилд орох боломж илүү болсон.

-Америк соёл боловсролд суралцаад цаашлаад ажиллаж амьдрахад хамгийн гол баримтлах зарчим юу байдаг, тэр нийгэм хүнээс гол нь юу шаарддагийг хэлэхгүй юү?

– Америкийн нийгэм гол нь бие даасан байхыг шаарддаг. Аль болох хүнд төвөг бололгүй, хүнээс хамааралтай байлгүй өөртөө эзэн байхыг шаарддаг. Одоо үе бол миний анх очиж байсан 2000 онтой харьцуулшгүй өөр болсон. Мэдээллийн технологи асар хурдацтайгаар хөгжихийн хэрээр илүү өрсөлдөөнтэй болж байна. Тиймээс зөвхөн Америкт ч биш, хаана ч амьдарсан өөрийн хүсэл сонирхлоо мэдээд түүнийхээ төлөө зоригтой тууштай байх нь чухал. Бүх зүйлд нээлттэй хандаж, хэрэггүй, шаардлагагүй гэж бодож байсан зүйлээ оролдож үзээд, тэр дундаас боломжийг олж харах бас нэг сайхан мэдрэмж. Энэ боломжгүй гэж гололгүй, өөрийнхөө потенциалыг хязгаарлалгүй, аль болох өргөн байлга. Мэргэжлээ бүрэн зөв эзэмшээд,хүссэн ажилдаа ороод, сонголтуудаа өргөн байлгаж, томоор хар гэж л хэлмээр байна даа. Ер нь бол өөрийгөө бүрэн таньж, юунд дуртай дургүйгээ мэдсэн хойноо ямар ч шийдвэр гаргаж, яаж ч амьдарсан харамсах зүйл гарахгүй л болов уу.Юм эхлүүлчихээд амархан шантардаг монгол хүний cул зан байдаг. Тэр тууштай биш зангаа л хаяж чадвал хаа ч алзахгүй гэж боддог. Заавал хэн нэгнээс дэмжлэг хүлээлгүй өөрийгөө хамгийн хүчтэй гэдгээ мартахгүй байх ёстой.

Ц.ТУУЛ

Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрт гал гарч 25 настай эрэгтэйн дух, сарвуу нь түлэгджээ

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

Цахилгааны утас, шүүгээ шатаж түймэрт өртсөн 25 настай эрэгтэйн дух, баруун сарвуу нь түлэгдсэн байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Үйлдвэрийн тойрогт өчигдөр гал гарчээ. Гал сөнөөгчдийг дуудлагын дагуу очих үед “Эс Жи Эс” ХХК-ийн 6х10 метрийн хэмжээтэй өрөөнд цахилгааны утас, шүүгээ шатаж байсан аж. Тэдний хэлж байгаагаар түймэрт өртсөн иргэн тус байгууллагын ажилтан байжээ.

Онцгой байдлын алба хаагчид галд өртсөн иргэнийг ГССҮТ-д хүргэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 5981 хүн хавдраар оношлогдсоноос 4559 хүн хорвоог орхижээ

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар

Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд нийт хүн амыг хамруулах талаар ЭМЯ-наас өнгөрсөн бямба гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дахинд өнгөрсөн жил 19 сая хүн хавдраар өвчилж, 9.9 сая хорт хавдрын улмаас нас баржээ. Тэгвэл Монгол Улсад 2021 онд 5981 хавдраар оношлогдож, 4559 хүн хорт хавдрын улмаас хорвоог орхив. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байна гэсэн харамсалтай тоон мэдээг ХСҮТ-ийн Бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа танилцуулав.

Манай улсад 100 мянган хүн ам тутамд 229 хүн хорт хавдраар өвчилж байгаа ба энэ өвчин өртөж буй иргэдийн 80 хувь нь 45-аас дээш насныхан байна. Улсын хэмжээнд 24 мянган хүн хорт хавдрын шалтгаанаар ХСҮТ-ийн хяналтад эмчилгээ, тусламжаа аваад явж байна.

Монгол Улс дэлхийн 185 орноос элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлж байгаа ба сүүлийн 15 жил энэ үзүүлэлт буурахгүй байгаа нь эмгэнэлтэй.

Хорт хавдар нь осол гэмтэл, халдвар өвчин шиг биед гэнэт бий болдоггүй. Хорт хавдрын суурь хүний биед 15-30 жилийн өмнө үүсдэг учир сэргийлэх бүрэн боломжтой өвчин гэж үздэг. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бүр жилд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах эрхтэй. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг уриалж, бодлогоор дэмжиж байна. Иргэдийг Эрүүл мэндийн даатгалаар эрт илрүүлэгт тэгш хамруулах зорилгоор 2022 онд Улсын төсөвт 60.8 тэрбум төгрөг суулгажээ. Энэ бол та бидний эрүүл мэндээ хамгаалах, хавдрын суурь байвал эрт эмчлүүлэх боломжийг бүрдүүлж буй хөрөнгө оруулалт юм.

Хорт хавдрын эрт илрүүлгийг амжилттай хийж чадвал ийм шалтгаант нас баралтыг 35-60 хувиар бууруулна гэсэн тооцоолол хийжээ. Монголд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар нийт хавдрын 75 хувийг эзэлж байна. Эдгээр хавдрыг эрт илрүүлэх бүрэн боломжтой аж.

Хорт хавдар үүсэх шалтгаан:

  • Насжилт
  • Хүрээлэн буй орчны сөрөг нөлөө
  • Төрөл бүрийн халдвар
  • Архи, тамхины зохисгүй хэрэглээ
  • Таргалалт
  • Хөдөлгөөний хомсдол гэх мэт…

2021 ОНД УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААР 312 ХҮН ОНОШЛОГДЖЭЭ

Умайн хүзүүний хорт хавдраар 2021 онд 312 хүн оношлуулсан нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдрын шалтгааны хоёрдугаарт, тохиолдлын тоогоор нийт хорт хавдрын тавдугаарт эрэмбэлэгджээ. Энэ хавдрыг үүсгэгч гол шалтгаан нь бэлгийн замаар дамжих папиллома вирусийн халдвар юм. Умайн хүзүүний хорт хавдартай өвчтөний 98 хувь нь маш аюултай папиллома вирусийн халдвар авсан байдаг.

Умайн хүзүүний хорт хавдар нь 20-иос доош насныханд тохиолдох нь ховор. 30 наснаас энэ өвчинд өртөх магадлал нэмэгддэг ба 50-иас дээш насныхан маш эрсдэлтэй бүлэгт ордог байна. ДЭМБ-аас 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдаргүй болох, 100 мянган хүн амд энэ өвчлөлийг дөрөв болгон бууруулах зорилт дэвшүүлжээ. Үүний тулд:

  • Бэлгийн харьцаанд ороогүй 9-15 нас охидыг хүний папилома вирусийн /ХПВ/ эсрэг вакцинжуулалт хийх
  • 35-45 насны эмэгтэйчүүдийг ХПВ илрүүлэх шинжилгээнд хамруулах зэрэг санаачилгаа өрнүүлж, улс орнуудыг энэ чиглэлд идэвхтэй ажиллахыг уриалж байна.

ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд папиллома вирусийн эсрэг вакциныг 9-13 насны охидод хийж эхэлжээ. Энэ нь ДЭМБ-аас баталгаажсан 4 цэнт вакцин хийх бөгөөд I тунг хийлгэснээс хойш хоёр сарын дараа II тунг хийлгэж, эхний тунгаас зургаан сарын дараа III тунг хийлгэснээр дархлаа тогтоно.

ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР УДАМШДАГ

  • Хөхний хорт хавдар удамшдаг. Хэрэв таны ээж, эмээ хөхний хорт хавдраар өвчилж байсан бол та өөрийгөө өндөр эрсдэлтэйд тооцож, урьдчилан сэргийлэх үзлэгт орох шаардлагатай.
  • Ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар Монгол Улс дэлхийн 185 орноос мөн л нэгдүгээрт эрэмбэлэгджээ. 40 настай хүн эрүүл мэндийн даатгалаараа нэг удаа ходоодоо дурандуулах хэрэгтэй. Хэрэв эмгэг болон хавдрын шинж тэмдэг илрээгүй бол 50 наснаас дээш хоёр жилд нэг удаа дурандуулаад явахад ходоодны хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой гэж Т.Ундармаа эмч зөвлөв.
  • Засгийн газраас хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С, Д вирусийг илрүүлэх шинжилгээг орон даяар явуулсан. Вирусийн халдвар илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад орох, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээрээ эмээ авч тогтмол уух зэргээр эмчилгээний арга техник нь тодорхой болоод байна. Элэгний вирусийн халдвартай хүн эмчийн хяналтад байх бөгөөд вирусийн эсрэг арга хэмжээ авахгүй бол халдвар авснаас хойш 15-20 жилийн дараа хавдар болон өвчилдөг.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дайчин Олхунуд: Японы парламент Өмнөд монголчуудыг өмгөөлсөн нь үнэхээр зоримог, сайхан алхам боллоо

Япон улсын парламент дэлхийн улс орнуудын парламентууд дундаас анх удаа Өмнөд Монголыг өмгөөлөн дуугарсан билээ. Энэ талаар Японд төвтэй Өмнөд Монголын Их Хуралдай ТББ-ын дэд дарга Дайчин Олхунудтай ярилцлаа.


-Японы парламентын шийдвэрийн талаар товч танилцуулна уу?

-Өмнөд монголчуудын байдал маш хүнд бэрх байгааг Монголын уншигчид мэдэж байгаа. “Өдрийн сонин”-д гарсан малчин Саранхүүгийн ярилцлага ч ихийг ухааруулсан гэж бодож байна. Өмнөд монголчуудаа тууштай ойлгон дэмжиж ирсэн “Өдрийн сонин”-д талархал илэрхийлж байна.

Хэдийгээр нөхцөл байдал хүнд байсан ч дэлхий дахин, ялангуяа улсуудын төрийн байгууллагууд өмнөд монголчуудын байдлыг мэдэхгүй, эсвэл мэдсэн ч дуугарахгүй байсан. Хятад улстай бас нэг асуудлаар санал зөрөхөөс болгоомжилсон байж мэдэх юм. Япон улс БНХАУ-тай болгоомжтой харьцаж ирсэн. Гэхдээ олон нийт нь өмнөд монголчуудыг идэвхтэй дэмждэг, улстөрчид нь янз бүрийн хэмжээгээр дэмждэг байсан.

Саяхан Японы парламент Хятадын үндэсний цөөнхийн асуудлаар резолюци гаргахдаа өмнөд монголчуудыг өмгөөлсөн нь үнэхээр зоримог сайхан алхам боллоо. Тэрхүү шийдвэрт Өмнөд Монгол болон Шинжаан, Төвөд, Хонконгод хүний эрх маш их зөрчигдөж байна, үүнтэй эвлэрэхгүй, тэр нутгуудад хүний эрхийг сайжруулах ёстой гэж тодорхой өгүүлэн шаардсан юм. Энэхүү шийдвэрийг Хятадын Цагаан сарын шинийн нэгэнд, олимп эхлэхээс гурав хоногийн өмнө гаргасан. Энэ нь Японоос Хятад улсад барьсан Цагаан сарын содон бэлэг, Бээжингийн олимпод хүргэсэн өвөрмөц мэндчилгээ болсон юм. БНХАУ үүнд асар их хилэгнэж, хариуг нь цаг алдахгүй барина гэж тэр дор нь мэдэгдсэн.

-БНХАУ ямар хариу барив?

-Одоогоор мэдэгдээгүй байна. Япон өргөн гадаад харилцаатай учир Хятад наймаа хийхээ болилоо ч ажрахгүй.

-Япон улсад өмнөд монголчуудыг идэвхтэй дэмжихийн учир?

-ХХ зуунд Өвөр Монголын нэг хэсэг нь Манж-Го улсын харьяанд орсон. Нэг хэсэгт нь Японы цэрэг орж ирж, Хятадын цэргийг хөөж явуулсан. Нэг хэсэгт нь Хятадын цэргүүд байв. Эхний хоёр хэсэгт Японы нөлөө хүчтэй байлаа. Япончууд өмнөд монголчуудтай холбоолж, тал бүрээр дэмжиж, улс орондоо олон хүнийг сургасан.

Өмнөд монголчууд засаг төр, улс орноо бүтээн байгуулахыг Япон дэмжиж байлаа. Тэгвэл Ялтын гэрээгээр их гүрнүүд Өмнөд Монголыг Хятадад өгнө гэж буруугаар шийдвэрлэж, монголчууд нэгдэн нийлэх эрхэм эрмэлзэлд цохилт өгсөн.

Дэлхийн дайны дараа хятадууд өвөр монголчуудыг “Японтой сүлбээцэлдсэн” гэж их харгисласан, “нүглээ цайруул” гэж дайн тулаанд их оруулсан, тийм учраас Япон улс өмнөд монголчуудад туслах ёстой гэж ярих япон хүн цөөнгүй. Ямар ч болсон Японд өмнөд монголчуудад сайн ханддаг. Японд түмэн өмнөд монгол хүн ажиллаж амьдарч байна. Бусад улсад өмнөд монголчууд зүйрлэшгүй цөөн. Хилийн гадна өмнөд монголчууд сууж байгаа гол газар бол Япон. Өмнөд монголчуудад хамгийн сайн хандаж байгаа улс бол Япон.

Улс төрийн дүрвэгч авахаас Япон болгоомжилдог. Гэхдээ өмнөд монголчуудад ажлын, сурах визийг яршиг төвөг удалгүй өгдөг учир Японд олон өмнөд монгол хүн байгаа.

Ер нь Япон улс, япончууд бүх монголчуудад сайн ханддагийг Монгол Улсын иргэд мэдэх буй за. Япончууд ба монголчуудад адил төстэй зүйл байна ч гэж ярих япон хүн бий. Гэхдээ гол нь япончууд ардчилал, эрх чөлөөг эрхэмлэдэг болохоороо монголчуудыг мөн ардчилал, эрх чөлөөтэй байгаасай гэж дэмждэг гэж бодно. “Манай улс ардчилсан улс учраас хүний эрхийг хамгаалах үүрэгтэй” гэж япончууд үздэг.

-Японы парламент энэхүү шийдвэрийг гаргахад өмнөд монголчууд хэр нөлөөлөв?

-Японд байгаа өмнөд монголчууд эрх чөлөөнийхөө төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. БНХАУ-д зах зээл нэлээд төлөвшсөн үе буюу 1990-ээд онд өмнөд монголчууд олноороо Япон руу явж эхэлсэн. Тэгээд үндэсний эрх чөлөөний төлөө дуугарч тэмцэж, янз бүрийн зохион байгуулалтад орж эхэлсэн. Эхлээд Японы иргэний хөдөлгөөнийхөнтэй, дараа нь улстөрчидтэй хамтран ажилласан. Олон жил тэмцэж зүтгэж, асуудлаа ойлгуулсан энэ хүмүүсийн гавьяа зүтгэл их.

Бид бүхнийг ойлгож дэмждэг япончуудын гавьяа зүтгэл ч их. Мөн Монгол Улсын ахан дүүс маань бид бүхнийг ойлгуулахад маш их үүрэг гүйцэтгэдэг. 2020 оны намар ар монгол ахан дүүс минь Өмнөд Монголын төлөө түрхрэн босож, самсаа шархируулж, зүрх сэтгэл уярааж байлаа. Төрсөн ахан дүүтэй байхын сайхныг мэдэрч байлаа. Энэрэнгүй хүмүүнлэг сэтгэлт эрхэм хүмүүст талархаж явдгаа илэрхийлье.

-Урьд улс орнууд өндөр хэмжээнд өмнөд монголчуудыг дэмжиж байсангүй гэж та хэллээ. Гэтэл Төвөд, Шинжааны асуудлыг эртнээс дэмжсэн. Яагаад өмнөд монголчуудыг дэмжиж байгаагүй вэ?

-Төвөд хүмүүс Хятадын түрэмгийллээс зугтаж, Энэтхэг, бусад улс руу эртнээс олноороо гарч чадсан. Энэтхэгт гэхэд 100.000 байна, Дээд Дарамсалаа гээд хот үүсгээд сууж байна, Делид төвөд хороолол байна. Уйгуруудыг дэлхийн түрэг улсууд чөлөөтэй хүлээн авч байсан, хилийн цаана төвөдүүдээс хэд дахин олуулаа шүү. Энэ нь шууд нөлөө үзүүлсэн. Бас тэдэнд Далай лам, Ребия Кадыр гээд хүчтэй удирдагчид байна, тэд бас шашинлаг. Энэ нь мөн их нөлөөтэй.

Өмнөд монголчууд 1990-ээд оноос л гадагшаа гарч эхэлсэн, гадаадад түм гаруй. Бүгд зөвшөөрч биширсэн хүчтэй удирдагчийн тал дээр бол асуудалтай, бас шашинлаг биш, эв нэгдэл хангалтгүй гэх үү дээ.

Мөн олон улсын байдал их нөлөөлнө. Төвөдүүд хүйтэн дайны үед асуудлаа дэлхийд ойлгуулсан. Тэгвэл уйгурууд асуудлаа ойлгуулах гэж их хүчин чармайлт гаргаад гаргаад, хүссэн үр дүндээ төдийлөн хүрэхгүй байсан. Худалдааны дайн л тэдний асуудлыг ойлгоход их нөлөө боллоо шүү дээ. 2019 онд АНУ-ын Конгресс уйгурын асуудлаар шийдвэр гаргасан. Харьцангуй богино хугацааны дараа буюу гурван жилийн дараа бид Японы парламент өмнөд монголчуудын асуудлаар шийдвэр гаргасанд баясаж сууна.

-Эв нэгдлээ бэхжүүлэх тал дээр ямар алхам хийж байна вэ?

-Өмнөд монголчуудын нам холбоод эвлэлдэн нэгдэх асуудал олон удаа тавигдсан. Тархай бутархай болохоор хүч нөлөө муутай. Энд тэнд хүн бүр туг босгосноос, нэгэн тугийн дор олон хүн байвал өөр шүү дээ. Мөн Японы улстөрчид чухам хэнтэй нь хамтран ажиллах вэ, хэнд нь итгэх вэ, хэнд нь туслах вэ гэдгээ мэдэхгүй байх тохиолдол гарч байсан.

Ингээд 2016 онд Өмнөд Монголын нам холбоод нэгдэж, Өмнөд Монголын Их Хуралдайг байгуулсан. Хуралдай маань түүнээс хойш олон арга хэлбэрээр тэмцлээ.

Японы парламентын саяны шийдвэртэй холбоотой ярья. 2019 онд АНУ-ын Конгресс уйгуруудын асуудлаар шийдвэр гаргангуут, бид тус Конгресст “манай талаар мөн шийдвэр гаргаач, лобби бүлэг байгуулаач” гэж захидал бичиж, захидлаа нийтэлсэн. Үүнтэйгээ зэрэгцээд Японы парламентад мөн тэгж хандсан.

Жилийн өмнө Уэно, Нагао нарын парламентын гишүүд Японы парламентад Өмнөд Монголыг дэмжих лобби бүлгийг байгуулж байсан бол сая сайхан шийдвэр гарлаа. Шийдвэрийг Японы парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим гаргасан. Энэ танхим илүү эрх мэдэлтэй. Японы Либерал ардчилсан намын зүтгэлтнүүд эртнээс биднийг дэмжиж ирсэнд талархаж явдаг. Хамтран шийдвэр гаргасан бусад намуудад ч талархаж байна.