Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдвээр сургагч багш бэлтгэж байна

“Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдвээр сургагч багш бэлтгэж байна

Цагдаагийн байгууллагын мөрдөгч, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 16-19-ний хооронд зохион байгуулж байна.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Цагдаагийн ерөнхий газартай хамтран Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” төслийн хүрээнд уг сургалтыг зохион байгуулж буй.

Тус сургалтаар Төв аймаг болон нийслэлийн 8 дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн болон хүүхдийн асуудал хариуцсан 60 гаруй алба хаагчид

  • хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ,
  • шинэ үеийн охид хөвгүүдийн сэтгэл зүйн онцлог, хэв маяг,
  • жендэрийн тэгш байдлыг хангах,
  • хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг ялган зүйчлэх,
  • мөрдөн шалгах арга зүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх явцад хүүхдийн эрхийг ханган, хамгаалах,
  • гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг ойлголтоо дээшлүүлж байна.

Тус сургалтыг төслийн хүрээнд бүтээсэн “Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сургагч багш бэлтгэх гарын авлагад суурилан явуулж байгаа бөгөөд хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай профессор, хууль эрх зүйн багш нар удирдан чиглүүлж, онол практикийн мэдлэг олгож байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Стивен Кент оролцон “Сургагч багшийн сургалтын хүрээнд 60 гаруй алба хаагч, мэргэжилтнийг сургаж байгаа нь бидний хамтын ажиллагааны тогтвортой байдал, урт хугацаанд гарах үр нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм” хэмээн цохон тэмдэглэлээ.

Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа П.Эрдэнэбилэг “Сүүлийн жилүүдэд цар тахлын үр нөлөө, бусад хүчин зүйлийн шалтгаант холбоотой гэмт хэрэгт үйлдлийн арга, шинж хувьсан өөрчлөгдөж байгаатай холбоотой хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад биднээс илүү их мэдлэг, ур чадварыг шаардах болжээ” гэв.

Мөн түүнчлэн Цагдаагийн Ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Төслийн менежер М. Бямбарагчаа нар нээлтийн ажиллагаанд тус тус оролцлоо.

Categories
мэдээ цаг-үе

АМГТГ-ын даргаар Л.Баярмандал, дэд даргаар Б.Түвшинжаргалыг томилжээ

Мэдээ.МН
АМГТГ-аас УТБЗ-ын даргын ажилд очсон Хэрлэнгийн хуучин албыг
Л.Баярмандал хаших болжээ. Түүнийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны
нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал газрын тосны
газрын даргаар Л.Баярмандалыг томилсон байна.
Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй. Боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/.ОХУ-ын Геологихайгуулын дээд сургууль, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн.

Тэрээр 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2007 онд Япон Улсын Тохоку Их Сургуульд Ассистант багш, 2007-2011 онд Сүмитомо Корпорацид Менежер, 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал, 2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал, 2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газарт Судлаач ажилтан, 2017 онд Геологийн судалгааны төвд Судлаач ажилтан, 2017 онд “ЭТТ Майнинг”ХХК-д Зөвлөх, 2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ.

Харин тус газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярын албыг Б.Түвшинжаргал гэж хүн хаших болжээ. Тэрбээр, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Тэнхлэг Зууч: Оффисын зориулалттай талбайн худалдах дундаж үнэ 4 сая болж, 11 хувиар өссөн

Тэнхлэг Зууч: Оффисын зориулалттай талбайн худалдах дундаж үнэ  ₮4 сая болж, 11 хувиар өссөн

2021 оны IV улирлын байдлаар оффисын зориулалттай талбайн худалдах дундаж үнэ нэг метр квадрат нь 4.1 сая төгрөг болжээ. Өмнөх оны мөн үеэс 11 хувиар өссөнийг “Тэнхлэг зууч” мэдээллээ.

Хөл хорио, хязгаарлалтууд суларч, эдийн засаг эрчимжиж эхэлснээр оффисын эрэлт нэмэгджээ. Мөн барилгын материалын үнийн өсөлт шинээр ашиглалтад орж буй оффисуудын үнэ өсөхөд гол нөлөө үзүүлсэн гэж салбарынхан онцолж байна.

Тайлант хугацаанд Сүхбаатар дүүрэгт оффисын талбайн худалдах үнэ нэг метр квадрат нь зургаан сая төгрөг хүрсэн нь бусад дүүрэгтэй харьцуулахад өндөр дүнд тооцогдож байна. Харин Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт оффисын талбайн худалдах дундаж үнэ өмнөх жилийнхээс 30-33 хувиар өсжээ.

Оффисын талбайн түрээсийн дундаж үнэ мөн өссөн. Тухайлбал 2021 оны IV улиралд оффисын талбайн түрээслэх дундаж үнэ нэг метр квадрат нь 32 мянган төгрөг болж, өмнөх улирлаас таван хувиар өсжээ.

Оффисын эрэлт энэ онд нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа төвийн бүсийн байршлын оффисын эрэлт, хэрэгцээ өсөх хандлага ажиглагдаж байгааг “Мongolian Properties” онцолж байлаа. Мөн оффисын эрэлт нэлээд өсөх хандлагатай байгааг “Remax Mongolia” тооцоолж байна. Харин тээвэр логистикийн асуудлаас үүдэн нийлүүлэлт талаасаа хүндрэлтэй байх төлөв ажиглагдаж байгааг “Remax Mongolia” тодотгож байсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

В.Энхтамир: Дахин төлөвлөлт гэхээсээ илүү иргэд өөрсдөө нэгдээд орчноо сайхан болгох боломжтой

Нийслэлийн 37 байршилд газар чөлөөлөлт явагдаж, төр хувийн хэвшлийн компаниуд дахин төлөвлөлтийн ажил хийж байгаа. Иргэд газраа хэрхэн үнэлүүлэх, төр хувийн хэвшлийн компаниудтай хэрхэн гэрээ байгуулж, газраа үнэлүүлэх талаар өмгөөлөгч, судлаач В.Энхтамиртай ярилцлаа.


-Газрын чөлөөлөлт, газраа орон сууцаар солих хэдэн хэлбэр байдаг вэ?

-2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлөх хууль батлагдсанаар бидний мэдэх гэр хорооллыг түр суурьшлын бүс гэж үзэхээ болиод өмч гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх болсон. Ингэж газрыг гэр хорооллын иргэдэд өмчлүүлж эхэлсэн. Гэвч үүнийг дагасан агаар хөрсний бохирдол ихэссэнээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөх болсон. Агаар хөрсний бохирдол нь зөвхөн газрын эзний асуудал биш гэр хороолол, айл болгоны нүхэн жорлон, айл бүрийн хашаандаа ухсан гүний худагтай болсонтой холбоотой. Үүнээс гарах шийдэл хайхад олон улсад жишиг болсон гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсон. Ингээд 2015 онд “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль” батлагдсан. Газар өмчлөх тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжиж байгаа өнөөдрийн загварыг харвал гурван төрлөөр гэр хорооллын газрыг чөлөөлж дахин төлөвлөлт хэрэгжүүлж байгаа нөхцөл байдал ажиглагддаг. Нэгдүгээрт, улс орны төсөв тэдгээртэй адилтгах эх үүсвэрээр хэрэгжиж байгаа томоохон хэмжээний бүтээн байгуулалтын төслүүд байна. Жишээ нь, Улаанбаатар хотод Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа гэх мэт дэд төвүүдэд зөвхөн орон сууц бариагүй. Зам харгуй, орон сууц, сургууль цэцэрлэг, эмнэлэг гээд иж бүрнээр нь төлөвлөөд барьж эхэлж байгаа. Манай хот Сүхбаатарын талбай гэдэг ганц л дэд төвтэй шүү дээ. Тэр уламжлалт зохион байгуулалтыг эвдээд долоон байршилд дэд төвүүд хөгжүүлж байгаа. Тэгэхээр тэнд худалдаа үйлчилгээ, соёл боловсролын байгууллага, урлаг уран сайхны газрууд гээд бүх зүйлийг цогцоор нь барьж байгаа. Энэхүү газар чөлөөлөлтөд шаардлагатай төсөв Засгийн газраас гарч байгаа. Тухайн иргэний газар ямар үнэтэй гэдгийг хөрөнгийн үнэлгээний компани томилоод иргэний газар байршлаасаа хамаараад ийм үнэтэй юм байна гэдгийг тогтоож өгнө. Хоёрдугаарт, НИТХ, Засаг даргаас баталснаар хамгийн сүүлд 37 байршлыг баталсан байдаг. Үүн дээр дахин төлөвлөлтийн хувийн хэвшлийн компаниуд орж ирээд иргэдтэй тохиролцоод газраа чөлөөлөөд явж байгаа. Энэ тохиолдолд ихэвчлэн хөрөнгийн үнэлгээний компани гэж байхгүй. Иргэд өөрсдөө барилгын компанитай шууд тохироод нэг, хоёр өрөө байр уу гэдгээ тохирно. Компанийн зүгээс улсаас төсөв орж ирэхгүй, цэвэр өөрсдийн ашгийг харж байгаа учраас бэлэн мөнгө гэхээсээ илүү байраар үнэлээд явдаг. Гуравдугаарт, нийслэл, төр захиргааны байгууллагын оролцоотой ямар нэгэн барилгын компанид 2-3 айлын газрыг чөлөөлөөд, дэд бүтцэд ойрхон, эсвэл өөрсдөө дэд бүтцээ татаад барилгажуулж болно. Үүн дээр мөн л компаниуд тухайн иргэнд өгөх нөхөн олговрыг гэрээгээр тохирч явна. Ийм дүр зураг Улаанбаатар хотод түлхүү байна.

-Иргэд эдгээр төрлүүдийн алинтай нь тохирч газраа чөлөөлөөд үнэлүүлбэл илүү ашигтай вэ?

-Аль нь ашигтай гэж ярих нь түвэгтэй л дээ. Түрүүн хэлсэн Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа орчмын байршилд арай ондоо схем явж байгаа. Дахин төлөвлөлтийг цогцоор нь хөгжүүлээд явж байгаа. Улсаас газрын эзэдтэй хамтраад гүйцэтгэгч компаниудын оролцоотой зам харгуй бариад, дэд станц байгуулаад, магадгүй үндсэн дулааны магистрат шугамыг ч татаж байгаа. Тэгээд тухайн газрын эзэд салбар шугамуудаа өөрсдөө татна ч гэдэг юмуу гэрээн дээрээ зааж өгнө. Яармаг болон бусад байршилд хувийн компаниуд хэрэгжүүлж байгаа дахин төлөвлөлтийн төсөл нийтийн зориулалттай орон сууц барих чиглэлээр явагдаж байна. Тэнд мэдээж агаар хөрсний бохирдол багасч байгаа. Иргэд тохилог орон сууцтай болж байгаа. Гэхдээ хөрөнгийг хувийн компани гаргаж байгаа учраас үнэ тэд байна, эд байна гэх боломжгүй. Тухайн газрын эзэнтэй барилгын компани тохироод явдаг.

-Иргэд газраа компаниар үнэлүүлж байраар солихдоо газрынхаа м.кв-аар ярих ёстой юу. Эсвэл тэдэн өрөө тэдэн байр гэж ярьж тохирох уу?

-Үүн дээр бол хувийн компаниуд бэлэн мөнгө гэхээсээ илүү нэг, хоёр өрөө байр гэдэг хэмжээнд л тохиролцоо нь явж байгаа юм. Яагаад гэхээр өөрсдийн хэмжээнд төслөө хэрэгжүүлэх боломж нь тэр. Гэр хорооллын иргэдийн хувьд “Газар дээрээ ингээд л байж байя” гэдэг хүн маш цөөхөн. Бүгдээрээ тохилог орон сууцанд орохыг боддог. Харин барилгын компани бизнес хийж байгаа учраас иргэдийн хүсэлд тулгуурлан боломжит хэмжээгээр үнэлээд иргэдийг байранд оруулах юм. Ийм учраас иргэн Энхээ “Миний газрыг аваад надаад 500 сая төгрөг өг” гээд нэхээд байж болно. Нэхэх эрх нь байгаа. Гэвч нөгөө барилгын компанийн боломжит хязгаараас давж байгаа учраас авч чадахгүй. Бодит тохиолдол зөндөө бий. Барилгын компани өндөр үнэ нэхсэн газрын эздийг орхиод тойруулаад орон сууцаа бариад явдаг. Баригдсан хойно тэр хавийн орчин нөхцөл сайжраад тохижилтоо хийгээд ирэхээр орхигдсон айл саарал бүс болж, газрын үнэ унах магадлалтай. Дахин төлөвлөлт эхэлж байхад тухайн айл тохиролцож чадаагүй бол төсөл хэрэгжээд айлууд ороод бүх зүйл дууссаны дараа магадгүй 500 саяар зарна гэж байсан газраа иргэн Энхээ гурван жилийн дараа “Миний газрыг 50 саяар авчих” гээд эргээд гуйгаад байхад тэнд хөрөнгө оруулалт хийх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр энэ тал дээр иргэд газраа үнэлэхдээ бодитой үнэлгээг тогтоож, компанитайгаа тохиролцох хэрэгтэй. Эсвэл тусдаа хөрөнгийн үнэлгээний компани томилоод хөрөнгөө үнэлүүлж болно. Хамгийн аюултай нь дэд бүтцээсээ алслагдмал газруудад компаги өөрсдөө эрсдэл үүрээд бүтээн байгуулалт хэрэгжүүлж байгаа. Компани иргэн Энхээд амлаж байгаа хоёр өрөө байрны зах зээлийн үнэлгээ нь магадгүй өнөөдрийн ханшаар бодвол 120-130 сая байх. Гэтэл иргэн Энхээ хөрөнгийн үнэлгээний компаниар өөрсдийн зардлаар газраа дээрх байшинтай нь хамт үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээ нь 30 сая төгрөг юм байна гээд гараад ирэхээр иргэд ч барилгын компани ч аль аль талаасаа бодох ёстой асуудал болж байгаа юм. Тэгэхээр би газрын эзэн гэдэг байдлаар асуудалд хэт өөрийнхөөрөө хандах нь өрөөсгөл юм шүү.

-Гэр хорооллын нэг хашаанд олон өрх амьдардаг. Нэг хашаанд 4-5 айл тусдаа амьдардаг байхад хэзээ ч тэр хашааг 4-5 байраар үнэлэхгүй. Айл өрх бүрийн асуудалд хэрхэн хандах ёстой вэ?

-Энэ бол үнэхээр хэцүү. Газрын эзэн, компани хоёрын л асуудал. Газрын эзэн мэдээж бүх өрхөө л орон гэртэй болгоно гэх байх. Гэтэл нөгөө талаас барилгын компани тэр асуудлыг шийдэж чадах уу. Хөрөнгө мөнгө нь дийлэх үү л гэдэг асуудал.

-Газрыг янз бүрээр үнэлж тохирч авсан байх юм. Газрын тогтсон 1 м.кв-ын үнэлгээ гэж байна уу?

-Зах зээлийн зарчим нь өөрөө ийм. Жишээ нь, чи Нарантуул зах дээрээс халуун сав худалдаж авчээ. Магадгүй чи 8000 төгрөгөөр тэр халуун савыг авсан байж болно. Гэтэл би яг адилхан халуун савыг тэр хүнээсээ 12000 төгрөгөөр худалдаад авчихсан байж болно. Яг л үүнтэй адилхан зах зээлийн зарчим явж байгаа. Барилгын компани өөрсдөө хөрөнгөө оруулаад 30 айлын газар чөлөөлнө гэж бодъё. 30 айлын газар 150 айлын орон сууц барилаа. 30 айлаа эргүүлээд оруулна. 120 айлын орон сууцыг зах зээлд өөрсдөө борлуулж байгаа. Гэхдээ 30-хан айл оруулаад 120 орон сууц зарж байгаа мэт харагдаад байгаа. Бүх хөрөнгө оруулалтын эрсдэл, шугам сүлжээ, тохижилт гээд бүгдийг хийж байгаа учраас иргэдийн газар, хүний газар, миний газар гэж хэлэх боломжгүй.

-Тэгэхээр иргэд хувиараа эсвэл гудамжаараа, үгүй бол хороогоо цуг ярилцаад нийлээд гэрээгээ хийх ёстой юу?

-Уг нь бол дахин төлөвлөлт барилгын компани гэхээсээ илүү иргэд өөрсдөө нийлж нэгдээд сууц өмчлөгчдийн холбоо гэдэг шиг газар өмчлөгчдийн холбоо байгуулаад өөрсдөө нэгдээд орчноо сайн сайхан болгоё. Өөрсдөө газраа дахин төлөвлөөд энэ хэсэгт нь нийтийн зориулалттай орон сууц барья, энэ хэсэгт нь хувийн орон сууц барья. Үлдсэн тэр хэсгээ зарж борлуулаад хөрөнгө босгоё гэдэг нь нээлттэй. Гэтэл иргэдийн ганц л зүйл байдаг нь аминч үзэл. Миний 300, 500, 700 гээд л аминчирхана. Чи бид хоёр газраа нийлүүлээд талыг нь зарж хөрөнгө босгоод голд нь жижиг цэцэрлэгт хүрээлэн барьж болно. Барууны хэллэгээр энэ сервес ланд буюу үйлчилгээтэй газар болж эхэлнэ. Би 700 м.кв газартай байсан 700-гаа л авна гээд байвал андуурал болчихож байгаа юм. 700 м.кв газрынхаа 350-г нь дахин төлөвлөлтөд өглөө. 350 м.кв газраа авч үлдэнэ. Үүн дээр харин дахин төлөвлөлтийн дэд бүтцийн салбар шугам татаж өг. Гэрэл цахилгааныг нь оруул. Тэгээд би байшин барья гэвэл бас нээлттэй. Түрүүний нэг өрөө байр гэдгээс өөр болоод явчихна. Чи өөрийнхөө газар дээр өөрөө хувийн орон сууцаа бариад үйлчилгээ эрхлээд явахад чинь асуудалгүй. Түүнийг иргэд өөрсдөө олуулаа нийлээд нэгдээд хийвэл магадгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гал команд гээд орон сууцны иж бүрэн хороолол босгох ч боломж нь бий шүү дээ. Хэрвээ үүн дээр иргэд зохион байгуулалттайгаар өөрсдөө нэгдэж хийж чадвал дахин төлөвлөлтийн нэг хоёр өрөө байр солино гээд м.кв дээрээ хэрүүл хийдэг асуудал өөр болно шүү дээ. Магадгүй иргэд өөрсдөө барилга угсралтын компанитай гэрээ байгуулаад өөрсдийн газар дээр орон сууц, хувийн байшин, нийтийн эзэмшлийн талбай гээд цогц хороолол байгуулаад илүүдлээ зах зээлд борлуулаад хамтраад ажиллах эрх нь ч бий.

-Газар дээр үйл ажиллагаа эрхэлдэг жижигхэн бизнес явуулдаг айл өрхүүд газраа өөрөөр үнэлүүлдэг үү?

-Бизнесийн алдагдлыг үнэлэх нөхцөл байдаг. Гэхдээ бизнес эрхэлдэг байсан уу, орлого ашиг олдог байсан уу. Газар дээрээ үйл ажиллагаа яг эрхэлдэг байсан уу гэдгээ нотлох хэрэгтэй. Татвараар баталгаажсан орлого нотолсон баримттай л байх ёстой.

-Иргэдийн газрыг 1 м.кв барилгын компани 1 сая төгрөгөөр бодоод үнэлээд авчихлаа гэж бодъё. Буцаад танд 48 м.кв хоёр өрөө байр өгье гээд гэрээгээ байгуулахаар боллоо. Гэтэл компанийн зүгээс тогтсон хэмжээндээ гарахгүй 2 м.кв-аар илүү 50 м.кв байр гарч болно. Хэрэв тэгвэл та зөрүү мөнгийг тухайн байрны зах зээлийн ханшаар бодож төлөх ёстой. Харин дутуу буюу 46 м.кв ч юмуу байр гарчихвал компани тэр зөрүүг төлөхгүй гэсэн байх юм. Үүнийг яаж тохирох ёстой вэ?

-Энэ мөн л барилгын компанитайгаа тохиролцох асуудал байна л даа. Гэхдээ гэрээн дээрээ тухайн заалтаа сайн заагаад өөрчлөх, ярилцах хэсэг дээр нь ярилцаад тохирч болно. Барилгын компани үүн дээр заль хэрэглэх магадлалтай л юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Баатар: Өмнөд Монголчуудын хэл харьшаад ирж буй нь харамсалтай юм даа

Allstate компанийн программ хангамжийн ахлах инженер Ш.Баатартай ярилцлаа.


-Та АНУ-д амьдраад хэдэн жил болж байна вэ?

-Би Америкт 1997 онд очсон. ОХУ-д таван жил сураад Монголдоо ажиллаж байгаад Японд долоон жил сурсан юм. Түүний дараа докторын дараахь сургалт гэдэгт АНУ-ын Бостонд очиж байлаа. Харвардын их сургуулийн Анагаах ухааны их сургууль болон Массачусеттсийн технологийн дээд сургуулийн хамтын факультетад судлаач эрдэмтнээр үлдсэн. Одоо Сан-Франциско, Сан-Хозе хоёрын дундах Цахиурын хөндийд IT-гаар ажиллаж байна. Америкийн даатгалын салбарын Allstate Corporation дотроо мэдээлэл технологийн 2500 орчим ажилчинтай. Миний хувьд программ хангамжийн ахлах инженер гэсэн албыг хашдаг.

-Монголдоо мэргэжил эзэмшиж ажиллаж байв уу?

-Би Өвөрхангай аймгийн төвийн Нэгдүгээр 10 жилийг төгсөөд Орос руу суралцахаар явсан. Тооцоолон бодох машины инженер гэдэг мэргэжлээр Новосибирскт сураад 1988 төгсөж Монголдоо ирсэн. Ирээд Эрүүл мэндийн яамны тооцоолон бодох төв, Анагаах ухааны хүрээлэнд удирдлагын секторт программист эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан даа.

-Таны шинэхэн мэндэлсэн “Хайрхаан!” номын талаар асуумаар байна. Энэ номыг яагаад бичих болсон талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-“Хайрхаан!” номыг бичих болсон гол шалтгаан бол Лувсанхайдав хэмээх монгол хүнээс улбаатай. Лувсанхайдав гуай 1930 онд төрсөн, морь жилтэй хүн. Лувсанхайдав гуай маань өдгөө АНУ-д суугаа 92 настай буурай юм. Лувсанхайдав Түвдийн орныг зорьж, бурхны шавь болж буурал Түвдийн орноо шавилан сууж, Энэтхэгт гарч,мөн Жавхарлал Нерутай уулзаж, улмаар АНУ-д хүрч ирсэн байдаг. Өмнөд Монголын Шилийн голын Зүүн сөнөд хошууны хүн байгаа юм. Энэ хошуу нь манай Монгол Улсын хилтэй залгадаг. Хуучин Ар Халхаас Манжийн хааны төмөр сүрэг гээд Манжийн хааны албанд Монголын бүх хошуунаас алба барьж тэнд суудаг хүмүүс байж. Зарим суусан хүмүүс нь тэндээ үлддэг түүхтэй байж л дээ. Лувсанхайдав гуайн эх нь Архангай аймгаас гаралтай хүн байж. Харин эцэг нь Дарьганга зүгийн хүн ажээ. Дарьганга бол Манжийн хааны төмөр сүрэгтэйгээ залгаа газар байсан юм билээ. 1965 онд Лувсанхайдав гуай ямар өөрийнхөө багш Цагаан овоо хийдийн Да лам Намжилдорж хувилгааныг дагаж АНУ-д ирсэн гэдэг. Багш нь Далив хутагтын гарын шавь байжээ. Далив хутагт нас барахынхаа өмнө Да лам Намжилдоржийг “Би удахгүй боллоо, миний толгой дээр ирж хонх дамар дуугаргаж, ном унших хэрэгтэй байна. Чи ир ээ” гэж дуудуулжээ. Да лам Намжилдорж эрдэм номтой их хувилгаан хүн байсан учраас тухайн үед Калифорнийн их сургуулийн Бөрклид зочин эрдэмтнээр (visiting professor) ажиллаж байгаад 1969 онд нас барсан гэдэг.

-Та энэ хүнтэй хэрхэн холбогдож байв?

-Би 1999 онд Лувсанхайдав гуайтай танилцсан юм. Тэрээр 20 жилийн өмнө миний түүх монголчуудад сургамжтай, ном болгож бичиж үлдээгээч гэж надаас гуйж билээ. Би эхлээд бүх л яриаг сонсчихоод энэ хүний үзэж туулсан амьдрал монголчуудад сургамжтай, маш чухал зүйл байна гэж үзсэн л дээ. Яагаад тэгж үзсэн гэхээр монголд олон төрлийн шашин ороод ирчихсэн, буддизм буюу үндсэн соёл дээрээ хүндэтгэлгүй ханддаг болсон санагдсан. Монгол хүний ёс зүй зэвэрчихсэн өнөө үед Монгол хүн гэж хэн юм, ёс зүй нь ямар байсан,сэтгэлийнхээ хүч тэнхээнд хэчнээн хол замыг туулж энэ хүрэв гэдэг нь их сонирхолтой санагдсан. Үндсэндээ 20-иод жил энэ эрхэм хүний яриаг бичиж, тэмдэглэж авсан юм. Аман яриаг нь бичиж тэмдэглэж дуусгачихаад түүхийг баримтжуулах хэрэгтэй учраас тухайн үеийн баримт бичиг, номыг нэлээд эргүүлж үзлээ. Энэ хүний ярианаас 1930-1949 оны хооронд 20 жил үргэлжилсэн иргэний дайнаас монгол хүн хэр их зовлон үзсэн талаар сонслоо. Лувсанхайдав гуай тэр бүхнийг биеэр эдэлж, нүдээр үзэж зовлонг нь туулаад гарсан хүн юм билээ. Тэрээр гоминданы талд явсан болохоор БНХАУ-ын түүхэнд хараар бичсэн хүмүүсийн төлөөлөл болно. Хоёрдугаарт, лам хүний ёс зүй, монгол хүний ёс зүй ямар байсан юм, яаж хүний нутагт бие биедээ тусалж явсан юм гэдгийг ч энэ номд тод томруун харуулсан. Данзан-Осорын сургуулиар явдаг. Цэндийн Дамдинсүрэн гуай, Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багш, Чой.Лувсанжав багш энэхүү тогтсон дэг сургалтаар явсан байдаг. Хятадууд яагаад ханз үсгээсээ салдаггүй юм гэхээр ханз үсэг чинь сургалтын систем нь болчихсон байдаг. Ханз сурдаг хүнийг юм сурчихаар хүн гэж үздэг бол сураагүйг нь мууд оруулан ангилдаг. Их айхтар нарийн систем. Үүнийгээ хаяхгүй байна гэдэг том гүрэн ямар айхтар байгааг харуулж байна. Өмнөд Монголчуудын хэл 1990 оноос өмнө сайн байсан. Биднээс бараг ялгагдахгүй л байлаа. Гэтэл 1990 оноос эрс муудсан байна. Хэл нь харьшаад ирж буй нь харамсалтай юм даа.

-“Хайрхаан!” номын хэсгээс сонирхуулаач?

-1927 онд Тува нарыг оросууд турхирч, Дархадын хотгор явуулж дархадуудыг Монголоос салгаж тусгаар улс болгоно гэж хатгаад бослого гарсан. 1929 онд тэр бослогыг дарахад манай цэрэг арми чадвар сул байж. Тэгээд Оросын цэрэг оруулж ирж л дээ. Манайх үндсэндээ 1936 онд оросын цэргийг хэлэлцээрийн дагуу оруулж ирсэн гэдэг боловч тэрнээс өмнө оросын цэрэг орж ирсэн байна. Ингээд 1927 оны оросуудын шаардлагаар тайж язгуур гаралтай хүмүүс нөлөө ихтэй байсан учраас бүгдийг нь устгах төлөвлөгөө гаргасан бололтой юм. Бүх газар тайж нарыг устгаж эхэлсэн байгаа юм. Монголын нутгаас чадалтайхан шиг тайж язгууртай хүмүүс нь ах дүү нараа дагуулаад бүх чиглэлд урагшаа хил давсан ажээ. 1929 оноос 1932 он хүртэл их гарсан байна лээ. Тагнуулын архивын мэдээллээс үндсэндээ 50-иад мянган хүн Монголоос гарсан гэж байна. Тухайн үед 30-аад мянган хүнийг өөрсдийнх нь дураар оруулж ирсэн гэж буй боловч үнэн хэрэгтээ хөөж оруулж ирсэн байгаа юм. 20-иад мянган хүнээс 1945 онд 10-аад мянгыг малтай юутай нь хөөж оруулж ирсэн байна. Ихэнх үлдсэн иргэдийн гол цөм нь Говь-Алтай аймагтай залгаа Алшаа аймагт байна. Эзний хошуудад нь торгууд, Алшаа баруун хошуунд халхууд, зүүн хошуунд нь торгууд, халхууд холилдсон хүмүүс одоо байна. Шилийн голд Халх айлд битгий ороорой гээд гуйдаг байж, тогоо шанага нь бузар шүү гэдэг байж. Яагаад гэвэл тэд ядрахын эрхэнд тором байдас унагаж иддэг байж л дээ.

-Таны өвөг дээдсээс Өмнөд Монголд бий юү?

-Байна аа. Манай өвөг дээдэс Засагт хан аймгийн Урианхай дайчин вангийн хошуу гэж одоогийн Говь-Алтай аймгийн Цээл сумын хүмүүс байжээ. Энэ газраас өвөг дээдэс минь оргож, Таянгийн нурууг уруудаад Мазун-шан (Дал) уул руу гарсан байдаг. Манай элэнц өвөө Туваанжавын Чимэд тайж 1932 онд Дал уулын хавиар буцаж хөөгдөж орж ирсэн юм байна. Дал уулын гэдэг нь Говь-Алтайгаас урагшаа хилийн цаана 15 км-т байдаг уул. Элэнц өвөө 1934 онд баригдаж Улиастайд хороогдсон. Миний өвөө 15 настай байсан тул амьд үлдэж,1938 онд 18 нас хүрээд цэрэгт татагдсан. Манай ах дүү нараас Алшаад гараад үлдчихсэн хүмүүс байдаг. Гэхдээ ихэнх нь ороод ирчихсэн. Тухайн үед тэмээн цэрэг гэдэг шуурхай анги гаргаад, хоёр монгол комиссартай 300 орос цэргээр хөөгөөд, гүйцэж очоод, монгол эрчүүдийг хонь шиг холбож байгаад жалганд оруулж байгаад “орос буудалт” гэдгээр алсан ажээ. 1954 онд Дал уулын хавиар боом өвчин дэгдсэн гэдэг. Хятадын чөлөөлөх армийн цэргүүдээр өнөөх буудаж алсан 1000 гаруй иргэдийн цогцсыг цэвэрлүүлсэн гэж нутгийнхан нь ярьдаг байна.

-Та номоо яагаад “Хайрхаан!” гэж нэрлэх болов?

-Лувсанхайдав гуай “Амьдарна гэдэг үхэхээс бусдыг үзэхийг хэлдэг юм аа, Ээ Хайрхаан!” гэж хэлдэг юм. Монголчууд хэцүү зүйл тохиолдвол Хайрхаан гэдэг шүү дээ. Би монгол хэлийг эрхэмлэдэг, дээдэлдэг хүн л дээ. Ном бичихдээ монгол бичгийн хэлийг сайтар ашиглахыг хичээвээс бид цаашид нэг шат ахих боломжтой.

-Энэ ном таны хэд дэх ном бэ?

-“Хайрхаан!” ном миний дөрөв дэх ном болно. Өмнө нь Хөх нуурын хошууд удмын дээд монгол гаралтай Ажаа гэгээнтний намтар болох “Цагийг билэгдэгч наран чөлөө” номын тэргүүн бүлгийг орчуулсан. Түүнээс өмнө “Монгол гэгээн Ажаа ринбүүчи” гэдэг бэсрэг номыг 2000 оны эхээр бичсэн. Түүнчлэн “Миний өссөн монгол ахуй” номоо бичсэн дээ. Мөн “Сайн ноён ханы хүрээний түүх” хэмээх орчуулгын ном гаргасан.

-Та Монголдоо ирдэг үү?

-Очно оо. Очилгүй яах вэ. Хамгийн сүүлд 2019 онд эх орондоо очсон.

-Монголын талаар хаанаас мэдээлэл авч байна?

-Монголд таньдаг хүн олон бий. Тэр бүхнээсээ мэдээлэл авч байна.Телевизийн мэдээ үзнэ. Генералтай ч найз, гяндангийн хоригдолтой ч найз гэдэг шиг төрөл бүрийн л найзуудтайгаа мэдээ мэдээлэл хуваалцаж байна.

-Монголоос л явъя, гадагшаа гарч амьдаръя гэж монголчууд их ярих боллоо. Монголыг яагаад муу муухайгаар хардаг болчихов?

-Нийгмийн стресс бухимдал их байгаа учраас ингэж байгаа байх гэж бодож байна. Монгол ирээдүйтэй. Өөрийгөө хөгжүүлчихсэн хүн Монголд юу ч бүтээж, хийж болно. Бидний үед хэл сурах хэцүү байсан. Одоо залуучууд хаанаас ч гадаад хэлийг сурч болж байна. Монгол хүмүүсээс хэсэг нь гадаадад байвал Монголд ашигтай. Монголын соёлыг тэд дэлгэрүүлж чадаж байна. Хүмүүс юм үзэж, ажлын арга барил сурч байна. Тэдгээр хүмүүсийн оруулж ирж байгаа оюуны болон эд хөрөнгийн зөвөөр ашиглавал Монголын хөгжилд тодорхой хэмжээнд нөлөөлж чадаж байна гэж бодож байна. Гадаадад 20 гаруй жил амьдарч байхад энэ урт хугацаанд Монголд ч бай, гадаадад ч бай монголчууд хувь хүнийхээ хувьд хөгжиж байна. Энэ хөгжлөө улс орондоо зөв зохистой ашиглах хэрэгтэй. Сайнтай, муутай нь аваад үзэхэд Монгол амар тайван орон. Монгол хүмүүст үг хэлэх эрх чөлөөтэй орон. Хэрэглээ нь өндөр болчихсон. Түүнээсээ үүдээд элдэв бухимдал үүсдэг. Бусад орнуудтай харьцуулаад үзвэл гараад явахад буудуулчихдаг, дээрэмдүүлчихдэг тийм бэрх улс зөндөө байна шүү дээ. Дайн болж буй, өлсгөлөн болж буй орнууд ч хүртэл байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Цэрэнпунцаг паралимпийн уулын цанын төрөлд өрсөлдөх анхны тамирчин боллоо

Б.Цэрэнпунцаг паралимпын уулын цанын төрөлд өрсөлдөх анхны тамирчин боллоо

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд Монгол Улсаас анх удаа төлөөлөн Б.Цэрэнпунцаг өрсөлдөхөөр болжээ.

Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016, уулын цанын төрлөөр 2016-2022 он хүртэл хичээллэхдээ 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.

Бээжингийн өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанад Ц.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанад Б.Цэрэнпунцаг нар эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр боллоо.

Categories
мэдээ цаг-үе

БНХАУ-ын Олимпийн хорооны удирдлагуудтай уулзжээ

БНХАУ-ын Олимпын хорооны удирдлагуудтай уулзжээ

МҮОХ-ны удирдлагууд Бээжин хотноо БНХАУ-ын ҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Спортын дэд сайд ноён Ли Ингчуантай албан уулзжээ.

Уулзалтын эхэнд цар тахлын хүнд үед “Бээжин-2022” олимпын наадмыг амжилттай зохион байгуулж байгаа явдалд талархал илэрхийлээд өвөл, зуны олимпын наадмыг зохион байгуулж буй анхны хот болсонд баяр хүргэв.

Хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа хоёр ҮОХ нь спортын салбарт нягт хамтран ажиллаж, олимпын наадамд баг тамирчдаа зохион байгуулж оролцуулан, нөхөрсгөөр дэмжиж байгаад БНХАУ-ын тал хариу талархал илэрхийллээ.

Уулзалтын явцад “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахад хамтран ажиллах болон ирэх есдүгээр сард Ханжоу хотноо болох Азийн наадамд баг тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцохыг хүсэн ерөөлөө.

БНХАУ-ын баг тамирчид өвлийн олимпын наадамд 1980 оноос оролцож эхэлсэн бөгөөд 1992 онд анхны медаль, 2002 онд анхны алтан медалиа хүртсэн түүхтэй.

Хэдхэн хоногийн өмнө гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 м-ийн төрөлд тамирчин Гао Тинюү олимпын рекорд тогтоож, тус төрлөөр анхны алтан медалиа авсан юм.

БНХАУ-ын тамирчид нутагтаа зохиогдож буй олимпоос зургаан алт, нийт 12 медаль авч, өвлийн олимпын түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлээд байна. Тэд 2010 оны Ванкуверийн олимпоос таван алт, 11 медаль хүртсэн нь өмнөх дээд амжилт байв.

Categories
мэдээ цаг-үе

“Илгээлт-2100” хөтөлбөрт тэнцсэн 428 хүүхдэд захиа, даалгавар гардуулна

Ээждээ бичсэн захидал: Ижий минь ирээгүй хавар

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 10:00 цагаас “Илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдэд захиа, даалгавар гардуулна.

2100 оюутныг дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2021 оны 8-р сарын 27-нд гарсан. Энэ зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд ЗГ-ын тогтоолоор гадаадад сурах оюутны тэтгэлгийн зээлийн журам өөрчлөгдсөн. Журмын дагуу улсын хэмжээнд энэ жил ЭЕШ-д орсон хүүхдүүдээс хамгийн өндөр оноо авсан 428 хүүхдийг сонгон шалгаруулаад нэрсийг зарласан юм.

Хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэнэ.

Журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангах юм.

Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна.

Хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэнэ.

Уралдаант шалгалтаар элсэж ордог гүнзгийрүүлсэн сургалттай болон хувийн хэвшлийн сургуулийн хүүхдүүд олон улсын олимпиадад медальт байрт шалгарч, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулиас албан ёсны урилга авсан бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ: БОАЖЯ-наас олгодог 22 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хувь хүн хэн байх, зоригтой зориггүйгээс үл хамаарч ил тод байдлын системийг бүрдүүлэх нь чухал-


-Монгол Улсын Засгийн газар дэлхийд хилээ нээснээ зарлалаа. Аялал жуулчлалын салбар жуулчдыг хүлээж авахад бэлэн байна уу?

-Дэлхийн улс орнууд өөрсдийн бодлогыг тодорхой хэмжээгээр зарлаад явж байна. Хил нээсэнтэй холбогдуулаад Монгол Улсын Засгийн газраас тавьж байгаа асуудлуудын нэг нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх, аялал жуулчлалын хувийг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхтэй холбоотой асуудлууд бий. Тийм ч учраас аялал жуулчлалын салбарыг Засгийн газрын түвшинд онцолж байгаад баяртай байна. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр эдийн засгаа тэлэх, цаашлаад олон оронтой харилцах харилцаагаа нээх зэрэг томоохон асуудлууд давхар шийдэгдэх болов уу гэж харж байна.

-Ковидын үед хамгийн их хохирол амссан салбар бол яах ч аргагүй аялал жуулчлалын салбар байсан. “Шинэ сэргэлтийн бодлого аялал жуулчлал” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс ямар үр дүнгүүд гарав?

-Ер нь бол жилийн жилд л хэлэлцүүлгүүд өрнүүлдэг. Хамгийн гол нь хэлэлцүүлгээс бодит үр дүн гарч чадаж байгаа эсэх асуудлыг манай салбарынхан хөндөж байна. Тиймээс төр бодлогынхоо хүрээнд тодорхой хэмжээний шийдлүүдийг гаргах ёстой. Ямар шийдэл хүлээж байгаа талаараа аялал жуулчлалын компаниуд, анхан, дунд шатанд ажиллаж байгаа хүмүүс саналаа хэллээ. Эдгээр саналыг үндэслээд тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллах ёстой. Түүнээс биш Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гэдэг утгаар өөрийнхөө бодсон бодлыг тулгах, экспертүүдийн бодлогыг орхигдуулах ёсгүй. Миний хувьд бол төр хувийн хэвшлээс гадна олон нийтийн оролцоо чухал гэж боддог. Учир нь төв хувийн хэвшлийн түншлэлээс гадна олон нийтэд хүрч байгаа үйлчилгээ, хууль эрх зүйн хүрээнд гарсан шийдвэрүүд байгаа оносон эсэх, олон нийтэд тулгамдаад буй асуудлыг шийдэж чадах эсэх дээр анхаарч ажиллана.

Энэ утгаараа БОАЖЯ-наас хэд хэдэн том арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ялангуяа эдийн засгийг тэлэхтэй холбоотой асуудлаар “Шинэ сэргэлтийн бодлого аялал жуулчлалын салбарт” хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь төлөвлөсөн томоохон ажлуудынхаа эхлэлийг тавилаа. Мөн хоёрдугаар сарын 21-нд Гадаад харилцааны яам, Соёлын яамтай хамтраад Монгол Улсад суух Бүрэн эрхт Элчин сайдуудтай уулзалт хийнэ. Бид Засгийн газар, кабинетын бодлогыг сайтар харж, хамтын ажиллагаагаа сайжруулах, уялдаа холбоог нэгтгэх учиртай. Асуудлаа нэгтгэж харснаар асуудлаа цогцоор нь шийдэх боломж бүрдэх юм.

-Та Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдоод 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд ямар ажлуудыг хийж амжуулав. Бодлогын түвшинд танай яаманд тулгамдсан асуудлууд олон бий. Хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэхийг зорьж байгаа ажлууд юу байна?

-Сайдын ажлаа аваад хамгийн түрүүнд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдуудтайгаа холбогдож Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод хөтөлбөр дээр ямар байдлаар ажиллах талаар санал солилцлоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаар өгсөн үнэлэлт дүгнэлт тааруухан үнэлгээтэй байгаа. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд дээр бид хэрхэн хамтарч ажиллах, аялал жуулчлалын салбараа яаж хөгжүүлэх вэ гэх мэтчилэн бодлогын хүрээний асуудлуудыг ярилцаж байна. Хоёрдугаарт, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдуудтай дээрх асуудлаар ярилцлаа. Хүн төрөлхтөн нэг л дэлхий дээр хамтаараа оршиж байгаа учраас аль нэг газрыг цөлжилттэй, уур амьсгалын өөрчлөлттэй гэж орхигдуулахаас илүү хамтын ажиллагааны түвшинд дэлхийн улс орнуудын анхаарлын төвд асуудлыг аваачих дээр ач холбогдол өгч ажиллаж байна гэж ойлгож болно. Нөгөө талаас аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, өргөжүүлэхтэй холбоотой ажлуудыг хийж эхэллээ. Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, төр хувийн хэвшлийн компаниудын төлөөлөлтэй уулзсан. Ингээд сайдын дэргэд аялал жуулчлалын зөвлөл байгуулж, уг зөвлөл энэ хугацаанд хоёр удаа хуралдлаа. Хурлын үр дүнд “Шинэ сэргэлтийн бодлого аялал жуулчлалын салбар” хэлэлцүүлгийг хамтын хүчээр зохион байгууллаа. Цаашид хийхээр зорьсон олон ажил байна.

-Та “БОАЖЯ нэг талаараа зөвшөөрөл олгодог яам болчихсон” гэдгийг хэлж байсан. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх вэ?

-Үүнийг ганцхан би хэлээгүй л дээ. Иргэд манай яамыг “Тусгай зөвшөөрлийн яам болсон. Үндсэндээ байгаль орчин болон аялал жуулчлалын салбарын бодлого орхигдуулсан” хэмээн дүгнэж олон санал, сэтгэгдэл ирүүлсэн. Тиймээс иргэдийнхээ итгэлийг эргүүлэн олж авахын тулд тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулахыг зорьж байна. Яамны үндсэн бодлого нь бодлого төлөвлөлт дээр тогтох ёстой болохоос биш тусгай зөвшөөрөл байх ёсгүй. Энэ байдлыг халах ёстой. Энэ утгаараа БОАЖЯ-наас олгодог 22 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эхлүүлээд байна. Хамгийн эхний ээлжинд загасчлалтай холбоотой зөвшөөрлүүдийг цахимжууллаа.

Тухайлбал, загасчлах иргэд заавал тухайн орон нутгийн удирдлага Засаг даргаас зөвшөөрөл авахын тулд зорьж буй газраасаа олон арван км хазайх шаардлагагүй. Харин цахимаар зөвшөөрөл авах хүсэлтээ илгээгээд, загасчлах газар руугаа явж байх үед нь зөвшөөрлийн бичиг нь гарах жишээтэй. Ингээд тухайн орон нутгийн байгаль хамгаалагчид холбогдох зөвшөөрлийг QR кодоор шалгах боломж бүрдэх юм. Манай салбарт нийт 700 гаруй байгаль хамгаалагч ажиллаж байна. Тиймээс энэ чиглэлийг цахимжуулах шаардлагатай. Ялангуяа аялал жуулчлалыг татах зорилгоор дэлхийд ховордсон ан амьтдын зургийг авч цахим платформ оруулах, байгалийн үзэсгэлэнт газрыг сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хийж байна.

-Ан амьтдын зургийг сурталчлан таниулах гэснээс манай улсаас шонхор шувуу агнах, эсвэл барьж Арабын орнуудад өндөр үнээр худалдан борлуулахтай холбоотой асуудалд мөн л танай яамныхан нэр холбогддог. Ан амьтнаа сурталчилж таниулчихаад гадаадын оронд худалдан борлуулаад байх юм уу?

-Нэгдүгээрт, шонхор шувуу бол нүүдлийн шувуу. Бид энэ шувууг ашиглах ёстой юу гэвэл ашиглах ёстой. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн түүхийг нь харах юм бол Засгийн газрын хуралдаанаар орж нууцын горимоор хэлэлцэгдээд шийдвэрлэгддэг асуудал юм билээ. Дээр дурдсан 22 зөвшөөрөл дотор ан агнуур, шувуутай холбоотой зөвшөөрөл ордог. Бид яагаад ховордсон ан амьтнаа гадны фестиваль дээр дуудлага худалдаагаар зарласан үнээр нь худалдан борлуулах ёстой гэж. Дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлж, тодорхой эвентүүдийг уламжлал болгон зохион байгуулж, дуудлага худалдаанд яагаад оруулж болохгүй гэж.

Харин төлөвлөсөн үнээс дуудлага худалдаагаар борлуулсан үнийн дүнгийн зөрүүг төрд авч, төсөв бүрдүүлнэ гэхээсээ илүүтэйгээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тухайн ховор ан амьтныг өсгөж үржүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалахад зарцуулах хэрэгтэй. Түүнчлэн энэ ажлыг ганцхан төр биш, мэргэжлийн холбоод нь хамтарч хийх санал, санаачилга гарч байна. Энэ ажлыг бүрэн дүүрэн дэмжих боломжтой гэж харж байгаа. Авлигатай тэмцэх газраас гаргадаг шударга байдлын үнэлгээгээр БОАЖЯ сүүлээсээ гуравт орсон. Тиймээс бид аль болох яамныхаа үйл ажиллагааг цахимжуулж, ил тод байлгахыг зорьж ажиллана. Гэхдээ цахимжуулна гэдэг нь цаасаар авч ирэх материалыг цахим хэлбэрээр явуулна гэхээс илүүтэйгээр шууд цахимаар зөвшөөрөл олгох хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой хэмээн харж байгаа. Тиймээс шинээр байгуулагдсан Цахим хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга нарын хүрээнд уулзалтууд хийгдээд эхэлсэн. Тус яаманд Байгаль орчин, аялал жуулчлалын яаман дээр байгаа 22 төрлийн зөвшөөрөл, орчим үйлчилгээг цахимжуулах тал дээр тусгайлан баг томилж ажиллуулах албан ёсны хүсэлтээ хүргүүлсэн.

-Төрийн тусгай хамгаалалттай газарт газрын зөвшөөрлийг БОАЖЯ-наас олгодог. Үүнээс үүдэн нөлөө бүхий албан тушаалтнуудад газар наймаалцдаг гэх шүүмжлэлүүд өрнөдөг. Цаашид эмх замбараагүй олгосон зөвшөөрөл, газрын асуудлыг хэрхэх билээ?

-Богд хан уулын хязгаарлалтын бүсэд баригдсан орон сууцууд, газрын худалдаатай холбоотой асуудалд хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдаж байна. Улсын Их хурал болон Засгийн газар дээр ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлыг зогсоочихсон байна. ЮНЕСКО-д бүртгүүлсэн дархан цаазат газруудаа Монгол Улс, ялангуяа манай яамнаас ЮНЕСКО-д хандаж хязгаарлалтын бүсийг нь цуцлуулах асуудлыг тавина гэдэг бол утгагүй зүйл. Тиймээс УИХ, Засгийн газар дээр ажиллаж байгаа ажлын хэсгийн дүгнэлтүүдийг хүлээхээс өөр арга байхгүй. Тодорхой хэмжээний асуудлаар Авлигатай тэмцэх газар дээр хэрэг үүсээд явж байгаа гэж ойлгосон. Ний нуугүй хэлэхэд, процессын талаар нарийн мэдээлэл одоогоор надад алга. Тиймээс УИХ, Засгийн газар дээр явж байгаа ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээхээс өөр арга алга.

-БОАЖЯ-нд үүрлэсэн идээ бээр, асуудалтай тэмцэхэд танаас тодорхой хэмжээнд эр зориг, манлайлал шаардах байх. Учир нь танай салбар хууль бус газрын наймаа, ашигт малтмалын зөвшөөрөл гэх мэтчилэн их хэмжээний мөнгө эргэлддэг салбар. Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөөллөөс ангид ажиллаж, салбараа аварч чадах болов уу?

-Энэ асуудал дээр хувь хүний эр зориг гэхээсээ илүүтэй стандартын асуудал, эрх зүйн орчны асуудал яригдах байх л даа. Та бүхэн санаж байгаа бол УИХ-ын 76 гишүүн 2020 онд шинээр сонгогдоод “Авлигаас ангид байна” хэмээн тангарагласан. Энэ бол стандарт. Ийм стандартуудыг бид сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулж нээлттэй ил тод, дуудлага худалдаанд оруулдаг болсноороо авлигаас ангид байх том схемийг бүрдүүлж байгаа юм.

Хувь хүнийг залуу, зоригтой гэж цоллохоосоо илүү стандартаа төрийн зүгт бодлогын хүрээнд хийж өгөх нь чухал. Ингэснээр салбарын хэмжээнд ажиллаж байгаа олон мянган албан хаагчдыг хамгаалах схемийг бүрдүүлэх учиртай. Миний бие мэргэжлийн хяналтын байгууллага, ШӨХТГ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Шадар сайдын ажлын алба, олон нийт болон олон улсын байгууллагуудад олон жил ажилласан.Тиймээс эр зориг гэхээс илүүтэй олон улсын түвшинд схемчлэх, стандартыг гаргаж тавих асуудал, ил тод байдлын үнэлгээгээ сайжруулах, ил тод байдлыг илүү сайжруулж өгөхтэй л холбоотой асуудлууд дээр анхаарч ажиллана. Хувь хүн хэн байх, зоригтой зориггүйгээс үл хамаарч ил тод байдлын систем бүрдүүлэх нь чухал.

-Нэн тэргүүнд өөрчлөх шаардлагатай хууль эрх зүйн орчин юу байна вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 40 орчим хуульд өөрчлөлт оруулахыг зорьж байна. Тиймээс нэгдүгээрт, салбар дотроо хэлэлцүүлгүүдийг яаралтай хийх шаардлагатай байна.

Хоёрдугаарт, төрийн хэмжээнд тухайн яамдууд нь өөрсдөө хууль өөрчлөх санаачилга гаргахдаа олон нийтэд хаалттай байдлаар явуулдаг.Үүнээс улбаалж, хуульд өөрчлөлт орж, хэрэгжиж эхэлсний дараа асуудал дагуулдаг. Тиймээс хуульд өөрчлөлт оруулахаасаа өмнө мэргэжлийн байгууллагууд, холбоод, энэ салбарт нь үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААН-үүдээс энэ эрх зүйн орчин ямар байвал Монгол Улсын эдийн засаг, бодлого стратегид чухал байх ёстой юм бэ гэдэг шийдлээ нэгтгэх ёстой. Түүнээс биш дан ганц төрийн байгууллагын хэдэн албан тушаалтнуудын туршлага дээр үндэслэсэн бодлого, шийдвэр гаргаж болохгүй. Салбарууд өөрөө өөрсдийнхөө хүрээнд оруулах шаардлагатай байгаа эрх зүйн өөрчлөлтүүдийн талаар хэлэлцүүлгүүдийг яаралтай өрнүүлэх шаардлагатай. Хууль эрх зүйн хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга явуулахад хуулийн фермүүдтэй хамтарч ажиллах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

-Аялал жуулчлалын салбарыг уул уурхайн салбараас илүү орлого олдог болгох талаар ярьж байсан. Үүний тулд одоо байгаа салбарынхаа дүр төрхийг хэрхэн яаж өөрчлөх юм бэ?

-Уул уурхайн компаниудаа шүүмжилмээргүй байгаа юм. Учир нь энэ салбар Монгол Улсын татварын орлогод жинтэй хувь нэмэр оруулж, төсвийг бүрдүүлж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд олон үйл ажиллагааг иргэдийн сайн сайхны төлөө хийдэг. Нэг талдаа ААН-үүдээ дэмжих, нөгөө талдаа эдийн засгийн чадамжаар шийдэх асуудал, цаг хугацааны хамаарлаар шийдэгдэх асуудал гэж байна.Үүнийг ялгаж, салгах учиртай. Тухайлбал, бүтээн байгуулалтын ажлууд эдийн засгийн чадавхаар шийдэгдэнэ. Гэтэл цаг хугацааны хамаарлаар нөхөн сэргээгдэх ажлыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Байгаль орчны нөхөн сэргээлтийн тухайд 100, 50, 60 жилийн дараа өмнөхтэйгөө адил нөхөн сэргээгдэх тохиолдол байна. Мөнгөөр хэмжигдэхгүй, цаг хугацааны асуудлаа мөнгөөр хэмнэгдэх арилжаалагдах хэмжээний жижиг зүйлээр солимооргүй байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ковидын цар тахлын үед цэнгэг агаар, цэвэр устай газар аялах, алхахыг зөвлөж байгаа энэ үед аялал жуулчлалаар дамжуулаад эх орноо сурталчлах, байгалийн сайхнаа үзүүлэхийн тулд аялал жуулчлалын компаниуд нь нэг талдаа мөнгө олдог систем байх ёстой. Нөгөө талдаа стандартаа мөрддөг, эргээд байгаль орчиндоо ээлтэй байх ёстой. Тухайлбал, Хөвсгөл далай тойрсон аялал жуулчлал хөгжихийн хэрээр ариун цэврийн байгууламж, хог хаягдлын асуудал үүсдэг. Нэг асуудлыг шийдэхийн тулд дахин нэг асуудал үүсгэж болохгүй. Ингэвэл тухайн хоёр асуудлыг хоёуланг шийдэж хэрэггүй. Асуудлыг цогцоор нь шийдэж байгаа бол дагавар асуудлуудаа 100 хувь шийдэх хэрэгтэй. Монгол Улс мөнгөгүй болчихлоо гээд уул уурхайн салбараа дэмжиж байгаа бол нөгөө талдаа байгаль орчиндоо хор хохиролгүй, хариуцлагатай уул уурхайг дэмжих ёстой.

-Хаврын улиралтай золгосон хэдий ч агаарын бохирдлын асуудал одоо ч тулгамдсан асуудал хэвээр байна. Ер нь ирэх өвлийг агаарын бохирдол багатай давах боломж, бололцоо юу байна. Бохирдлыг бууруулах гарц гаргалгааг та юу гэж харж байна вэ?

-Шахмал түлш тухайн үедээ агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулах нэг шийдэл мөн байсан уу гэвэл байсан. Энэ шийдвэр технологи, шинжлэх ухааны үндэстэй шийдэл байсан. Харин одоо бид юу хийх ёстой вэ гэхээр аялал жуулчлалын хилээ нээлээ гэдэгтэй адилхан барилгажуулах, орон сууцжуулах хилийг нээх хэрэгтэй байна. Тухайлбал, БНСУ-д арилжааны банкны хамгийн дээд хүү жилийн гурван хувьтай л байдаг. Харин хамгийн багадаа ипотекийн зээл зургаан хувьтай байна. Уг зургаан хувийн зээлийг авах гэж бөөн юм болдог. Барилгажуулах, орон сууцжуулах хилийг олон улсад нээх ёстой. Энэ ажлыг Барилга хот байгуулалтын яамтай ярилцаад хоёр дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Өнөөдөр моргэйжийн зээл 10-15 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй байна. Япон, Солонгост газар нутаг багатайгаас улбаалаад барилгын компаниудын орон сууцжуулах хөтөлбөр, шинэ барилга барих эдийн засгийн эргэлт саармагжсан. Тийм учраас баригдаад 10-15 жил болсон, манайд бол бараг шинэдээ тооцогдох барилгуудаа нураагаад дахин барилга барьж, эдийн засгийн эргэлтээ дэмжиж байна. БНСУ-д Пак Гын Хе ерөнхийлөгчийн үед “Орон сууцжуулах хөтөлбөр буюу барилгын компаниудын эргэлтийг зогсоохгүй. Энэ хөтөлбөр Солонгосын эдийн засагт томоохон хэмжээний эргэлтийг авчирдаг учраас гадагшаа орон сууцжуулах барилгажуулах хөтөлбөрүүдийг хайж, эхлэх болжээ” хэмээн мэдэгдэж байсан. БХБЯ, БОАЖЯ, Гадаад харилцааны яам болоод бусад холбогдох байгууллагууд хамтраад бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Төр барих бодлогоо албан ёсоор зарлаад гадаадын барилгын компаниудыг оруулж ирж болно. Улаанбаатар хотын төвлөрсөн зургаан дүүргийн хэмжээнд 195 мянган гэр хорооллын айл өрх бий. Ийм хэмжээний айл өрхийг орон сууцжуулах асуудал гадаадын томоохон компаниудын хувьд том асуудал биш л дээ. Хоёрдугаарт, утаа эдийн засгийн шийдэлтэй л холбоотой асуудал. Тиймээс эдийн засгийн хөшүүргүүдийг сайн бодох ёстой. Агаарын бохирдлыг бууруулахад ганцхан гэр хорооллын асуудлыг яриад байж болохгүй.

Өнөөдөр агаарын бохирдлоос илүүтэй хөрс, усны асуудал, шороо тоос, тоосонцрын асуудал мөн л тулгамдсан хэвээр байгаа. Эдгээр асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд ямар бодлого явуулах ёстой вэ гэдгээ ойрын хугацаанд гаргаж ажиллах ёстой болов уу гэж арж байна.

Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын сэргээштэй тэмцэх байгууллагын тэргүүн Валиеваг зориуд хориотой эм хэрэглэсэн гэж үзэж байна

АНУ-ын сэргээштэй тэмцэх байгууллага USADA (United States Anti-Doping Agency)-ийн гүйцэтгэх захирал Трэвис Тайгарт уран гулгалтын 15 настай тамирчин Камила Валиеваг тойрсон дуулианы талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр хүч чадлыг нь нэмэгдүүлэхийн тулд Валиевад хориотой эм зориуд өгсөн гэж үзэж байгаагаа өчигдөр CNN сувагт ярьсан байна.

Арванхоёрдугаар сард Оросын залуу тамирчнаас авсан шинжилгээгээр зүрхний үйл ажиллагааг дэмждэг гурван төрлийн эм илэрсэн юм.

Тэдгээрийн нэг болох триметазидинийг Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Байгууллага WADA хориотой эмийн жагсаалтад оруулсан байдаг.

Нөгөө хоёр эм нь гипоксен (hypoxen), L-Carnatine байжээ.

Эдгээр нэмэлт эмүүд сэжгийг улам лавшруулахад хүргэж байгааг Тайгарт тайлбарласан байна.

“15 настай хүүхэд ингэж чадах уу гэдэг нь асуудлын гол юм. Хүч чадал, тэвчээрээ сайжруулахын тулд хориотой эмийг бусад төрлийн эмийн бодисуудтай хольж хэрэглэх боломж, мэдлэг, санхүүгийн эх үүсвэр түүнд бий гэж үү?” гэж тэр ярьжээ.

Дээр дурдсан эмүүдээс зүрхний хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулдаг гипоксен эмийг хориотой эмийн жагсаалтад оруулах саналыг 2017 онд USADA гаргаж байсан юм байна.

Тайгартын үзэж байгаагаар 2.1 нанограмм хэмжээтэй триметазидин, бусад нэмэлт бодисуудын хамт Валиевагийн сорьцоос илэрсэн нь үүний цаана “ямар нэг ноцтой асуудал” байгаагийн шинж гэнэ.

“Биеийн хүч чадлыг нэмэгдүүлэхийн тулд л эдгээрийг хамтад нь хэрэглэдэг. Энэ нь Валиевад итгэх аргагүй болгож байна” гэж тэр ярьжээ.