Categories
мэдээ нийгэм

​ Энэ онд 33 мянга гаруй сурагч ЕБС төгсөнө

Англи хэлний ЭЕШ-ын дүн 16:00 цагт гарна | News.MN

2022 онд Монгол улсын хэмжээнд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөнө.

Мөн энэ жилийн төгсөлтийн онцлог нь Элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулахаар болсон.

ЭЕШ-ын онцлог №1: Хоёр удаа авна
ЭЕШ-ын эхний шалгалтыг 2022 оны зургаадугаар сард авна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр ЕБС-ын зуны амралт зургаадугаар сарын 19-нд эхлэх ба 20-30-ны хооронд тодорхой дөрвөн өдрийг сонгож шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн хагас жилд буюу 12-р сарын шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, өмнөх ЭЕШ-д орж чадаагүй бол нэмэлт шалгалтдаа орох боломжтой.

Онцлог №2: Батламж хуудсаа хэзээ ч хэвлэж авч болно
Энэ жилийн нэг онцлог нь батламж хуудас, дүн оноог хэвлэж өгдөг байсан бол түүнийг хаяж гээгдүүлэх гэх мэт сөрөг талтай байгаа учраас шалгуулагч хүссэн үедээ хэвлэж авдаг байх системийг нэвтрүүлжээ.

Онцлог №3: ЭЕШ-ын дүнг олон улсын дүнтэй дүйцүүлнэ
ЭЕШ-ын дүн оноог Олон улсын дүн оноотой дүйцүүлэх журам гарсан ба үүнтэй холбогдуулан МУ-д суралцаж байгаа олон улсын сургуулийн сурагчид болон гадаадад сурч байгаа журамд заагдсан хичээлүүдээр шалгалт өгсөн сурагч нь ЭЕШ өгөхгүйгээр, тухайн улсынхаа дүн оноог дүйцүүлэн Монгол Улсын их дууд сургуулиудад элсэх боломжтой болж байгаа юм.

Онцлог №4: Мэргэжилт сонголтод туслах сайтыг нэвтрүүллээ
Бүртгүүлэгч нарт зориулж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох myfuture.mn сайтыг ажиллуулж эхэлжээ. Энэ нь хүүхдэд мэргэжил сонгоход нь туслах, дүн шинжилгээ хийж, өөрт тохирсон мэргэжлийг сонгох боломжтой юм.

Онцлог №5: Сэтгэлзүйч ажиллуулна
Элсэлтийн ерөнхий шалгалтын үед болон Боловсролын үнэлгээний төвд мэргэжлийн сэтгэлзүйч ажиллаж байгаа ба цар тахлын үед үүссэн хүүхдийн сэтгэл гутрал, түгшлийн үед зөвлөгөө өгч байна хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад захиа, даалгавар гардуулав

Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргасан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар 2021 оны 275 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох журам” баталсан юм. Шалгуур үзүүлэлт хангасан оюутнууд МУИС болон ШУТИС-ийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бэлтгэл хөтөлбөрт тэнцсэн эхний ээлжийн оюутнуудад захиа, даалгавар гардууллаа.

Тэрбээр авьяас билиг, хичээл зүтгэл, сурлага, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийн эзэд болсонд баяр хүргэлээ. Мөн төр засаг, түмэн олныхоо итгэл найдварыг даан, эх орныхоо ирээдүйг түүчээлэн цогцлоох үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, ухаант дээдсийнхээ мэргэн сургаалыг дээдлэн санаж явахыг захив.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагчийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, гадаадын шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэх, төгсөж ирэхэд нь орон нутагтаа ажиллах нөхцөл, боломжоор хангах зорилготой юм.

Суралцагсад Засгийн газрын баталсан журмын:

  • 2.1. сүүлийн гурваас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалах сум, хороондоо суралцаж төгссөн байх;
  • 2.2. тухайн жилийн математик болон гадаад хэлний хичээлийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоороо харьяалагдах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх;
  • 2.3. Элсэлтийн ерөнхий шалгалтад гадаад хэл /англи эсвэл орос/ болон математикийн хичээлээр авсан онооны дунджаар сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх шалгуур хангажээ.

Оюутнуудад захиа, даалгавар гардуулах ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: 20 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар гал түймрийн 366, аврах ажиллагааны 23 буюу 389 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дээрх дуудлагаар нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 413 иргэнийг гаргаж, 20 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж ажилласан байна.

Харин ослын 23 удаагийн дуудлагаар 23 иргэний амь насыг авран хамгааллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ утга-зоxиол

​Монголын кино урлаг дахь Үүрийн цолмон буюу Содура киноны дууны шүлгийн тухайд

Монголын кино урлаг дахь Үүрийн цолмон буюу Содура киноны дууны шүлгийн тухайд…


Содура киноны дууны үг

Удган нуурын усанд нь үүрийн цолмон тольдлоо

Үүлэн нулимстай хөх тэнгэр үнэгчлэн сэрлээ

Өдөр өдрийн жаргалаа манаж зүүдлээрэй

Өнжөөд хоноглох гунигийг өрцөндөө нимгэлээрэй

Гурван хөлтэй тулга нь голомтоо сахиад үлдлээ

Дөрвөн улирлын салхираа чимээ чагнаарай

Ян Сарьдгийн цаснаас хүслээ гуйгаарай

Наран өөдөө амьдралд насаа даатгаарай

Сарьдаг өндөр хөвчийн ууландаа

Хүслээ дууданхан шивнэж сөгдөнхөн залбирая

Хүслэээ дууланхан сөнгдөнхөн мөргөе дөө.

Бууриа манасан зүр нь шувууд ирэхийг хүлээнэ

Будант амьдралын жимээрээ нүүдлээ сэлгэлээ

Агаар ус нь ханьсаж амьдрал эвлэх жамтай

Амраг хайрын сэтгэлээ аргадаж тойглоорой хэмээн МУГЖ Б.Сарантуяа зүрхэнд хүртэл дуулдаг. Энэ шүлэг бол сайн шлэг, жинхэнэ дууны яруу найраг болж чадах сонгодог шүлэг.

Удган нуурын ус гэж цаатан ард түмнийг хэлж байгаа юм. Үүрийн цолмон тольдлоо гэдэг нь Содура киноны голд дүрийн бүсгүйгээс мэндэлдэг хүүг цаатан аялгаар Эрдаань Салтаас буюу Үүрийн цолмон гэж нэрлэдэг бөгөөд энэ нь цаатан ард түмний амьдрал түүхийн энэ мөчлөгт үүр цайж байна, шинэ үе ирж байгааг бэлгэддэг.

Үүлэн нулимстай хөх тэнгэр үнэгчлэн сэрлээ гэж хөвсгөлийн их тайгын байгаль хурмастыг сүр жавхаатайгаар дүрслэн үзүүлжээ. Тэнгэрийг үнэгчлүүлж, үүл хурмастыг нулимстай зүйрлэдэг овоо том онгодтой найрагч ажээ.

Өдөр өдрийн жаргалаа манаж зүүдлээрэй

Өнжөөд хоноглох гунигийг өрцөндөө нимгэлээрэй гэх нь өөрийн эрхгүй гуниг төрүүлнэ. Өнжөөд л гуниг төрөөд байна гэдэг бол яах аргагүй өнө холд санаа зовоосон асуудал байна гэдгийг хэлж байна.

Гурван хөлтэй тулга нь голомтоо сахиад үлдлээ гэдэг нь орон нутагт залуус тогтохгүй хот суурин газарлуу нүүн одож цаатны голомт л бөглүү хязгаар тайгадаа хоцорч цаагаа маллаж амьдрах залуус ховордож буйг хэлж байна. Энэ хэрээр цаатан ард түмний соёл уламжлал устан үгүй болж, үлдсэн цөөн хэд нь өөр хоорондоо гэрлэж цус ойротох аюул нүүрлэж байгааг утга зохиол, урлагийн хэлээр уран яруу өгүүлжээ.

Дөрвөн улирлын салхиараа чимээ чагнаарай гэдэг нь Содура киноны гол дүр болон цаатан түмэн цаашид тодорхойгүй хувь заяаны замд аж төрөн байдаг. Ингэхдээ жилийн дөрвөн удирлын янз байдал буюу ирээдүйн өнгө аясыг харж байж л болох байх гэсэн хувь тавиландаа найдаж даатгасан хандлага.

Ян Сарьдгийн цаснаас хүслээ гуйгаарай гэдэг нь өөртэйгөө, өөрийнхөө дотор хүнтэй яриарай гэсэн үг. Цаснаас гуйгаад юу олдох вэ дээ, уран дүрслэл.

Наран өөдөө амьдралд насаа даатгаарай гэдэг нь хувь тавилантайгаа эвлэрч амьдраарай гэсэн үг.

Мөн түүнчлэн гуравдугаар бадаг нь:

Бууриа манасан зүр нь шувууд ирэхийг хүлээнэ гэдэг нь хос буюу гур/эрэгчин гөрөөс/-аа анчинд алдаж хагацал үзэж гоонь ганц болж гунигт живж үлдсэн дүрслэлийг үзүүлж байна. Энэ бол байгаль орчин буюу хууль бус хулгайн ан агнуурын тухай хөндсөн санаа. Урлагийн хэлээр хэлж байгаа илрхийлэл.

Будант амьдралын жимээр нүүдлээ сэлгэлээ гэдэг нь цаатан зон олон цаг жамын аясаар өнгө төрхөө өөрчилж сэргэн мандахын уриа зөнг хэлсэн болов уу.

Агаар ус нь ханьсаж амьдрал эвлэх жамтай

Амраг хайрыг сэтгэлээ аргадаж тойглоорой хэмээн дуусгажээ. Энэ дууны шүлэг бол үнэхээр олон зүйлийг өгүүлж чаджээ. Дууны шүлгийг, дууны яруу найргийг ингэж л бичих ёстой. Содура кионы талаарх судлал шүүмжийн бүтээлээ удахгүй толилуулах болно, дууны шүлгийнх нь тайлал зүйн хувьд ийм байна.

Categories
гадаад мэдээ

Бразилд үерийн улмаас 94 хүн амиа алдав

Бразилын Петрополис хот мягмар гарагт үерт автсан. Үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 94-д хүрлээ гэж тус хотын захирагч Клаудио Кастро мэдэгдээд байна. Петрополис хотын захиргаа гурван өдрийн гашуудал зарлажээ.

Харин үерийн улмаас хөрсний гулгалт болж, орон гэргүй болсон хүмүүсийн тоо 400-д хүрээд байна. Аврах багийнхан өчигдөр бүтэн өдрийн турш эрэн хайх үйл ажиллагаа явуулж 21 хүнийг эсэн мэнд гаргаж авсан байна. Мөн энгийн иргэд ч аврах ажиллагаанд нэгдэж, хотыг сэргээн босгох ажилд оролцож эхэлжээ. Петрополис нь тус улсын анхны төлөвлөлт хийгдсэн хотуудын нэг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд хүн ам нь огцом өсч, нягт бэхлэгдсэн жижиг байшингуудаар дүүрчээ.

Тус хот нь барилга байгууламж барихад тохиромжгүй газартай дэд бүтэц хөгжөөгүй, ус зайлуулах суваг хангалтгүй байгаагаас байгалийн гамшиг, үер усний гамшигт илүү өртөмтгий болж байгааг мэргэжилтнүүд шүүмжилсээр байгаа юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд хэд хэдэн удаагийн үерийн гамшиг тохиолдож 900 гаруй хүн нас барсан гэх тооцоо бий.

Мөн сүүлийн 10 жилд Петрополис хотын хөрсний нуралтын эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг хотын эрх баригчид танилцуулсаар байгаа ч ажил хэрэг болох нь удаашралтай байгааг иргэд нь цахим орчинд ихээхэн шүүмжилж байна.

Бразилын ерөнхийлөгч Жаир Болсонаро ОХУ-д айлчлах үеэрээ Бразилчууд эв санааны нэгдэлтэйгээр үерийн гамшгийг туулан гарна гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ спорт

Tel Aviv-Grand Slam: Монголын зургаан жүдоч өнөөдөр хүч үзнэ

Израилын Тель Авив хотноо өнөөдөр IJF-ийн дэлхийн цуврал тэмцээн Гранд слам ангиллаар зохион байгуулагдана. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн аваргууд тодорно. Тель Авив хотноо 34 улсын эрэгтэй 165, эмэгтэй 133, нийт 298 жүдоч хуран цуглажээ. Эхний өдөр манай улсаас зургаан жүдоч хүч үзнэ.

-60 кг: Нийт 23 жүдоч хүч үзэх энэ жинд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат, “Женко” клубын тамирчин Энхтайваны Сумъяабазар, Увс аймгийн Тэс сумын харъяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубын тамирчин Бямбажавын Цогт-Очир нар барилдана. Э.Сумъяабазар тэмцээний чансааны 8-д эрэмбэлэгдсэнээр сугалаанд А хэсэгт бичигдэн, эхний тойрогтоо гоц мөргөөд, хоёрын даваандаа Европын залуучуудын аварга, Украины Дилшот Халматов, Израилын Ям Вользак нарын ялсантай шигшээ наймд шалгарахын төлөө хүч үзнэ.

Ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, тэмцээний чансааг тэргүүлж буй Азербайжаны Карамат Хусейновтой оноолт таарах магадлал өндөр байна. Харин энэ оны Португалийн Гран Пригийн хүрэл медальт Б.Цогт-Очир эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Д Анжело Биажотой учраа таарсан. Өрсөлдөгчөө ялсан тохиолдолд С хэсгийг тэргүүлэгч өнгөрсөн оны Антальягийн Гранд Сламын аварга Бельгийн Жорре Верстраетентэй учраа таарна. Улмаар ялбал шилдэг наймд шалгарч, залуучуудын ДАШТ-ий мөнгө, өнгөрсөн оны Парисын Их дуулгын аварга Азербайжаны Агаев Балабайтай барилдах боломжтой.

-66 кг: Нийт 26 жүдоч хүч үзэх энэ жинд “World Masters”-ийн алт, мөнгөн медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн, Хэнтий аймгийн тамирчин -66 кг-ын жингийн улсын аварга Гүнжинлхамын Сод-Эрдэнэ нар барилдана. 2021 оны ДАШТ-ээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан Г.Хэрлэн тэмцээний чансааны 4-т эрэмбэлэгдэж, В хэсгийг тэргүүлэн барилдахаар болсон. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд, хоёрын даваандаа эзэн орны Ярин Менагед, Узбекистаны Бобур Яджиев нарын ялсантай барилдана. Ялсан тохиолдолд Украины Богдан Ядовтой барилдах магадлал өндөр байна.

Домогт жүдоч Георгий Зантарая зодог тайлснаар Украины -66 кг-ын жингийн гол төлөөлөл болсон энэ залуу өнгөрсөн оны төгсгөлд Абу Дабигийн Их дуулга, энэ оны Португалийн Гран Пригээс хүрэл медаль хүртээд байгаа юм. Харин манай залуу мастер Г.Сод-Эрдэнэ эхний тойрогтоо 2021 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальтай Германы Сламбергер Леннарттай учраа таарлаа. Энэ бөхийг ялбал хэсгийг тэргүүлэгч эзэн орны Барух Шмайловтой барилдана. Сонирхуулахад, энэ жинд -60 кг-ын олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Казахстаны Елдос Сметов, Гусман Кыргызбаевийн хамт жин өгсөн барилдах гэж байна.

-48 кг: Парисын “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэж, чансаагаа үлэмж нэмэгдүүлсэн Бавуудоржийн Баасанхүү эхний тойрогтоо 2021 оны залуучуудын дэлхийн аварга, 2021 оны Абу Дабигийн Их дуулгын аварга Италийн Скутто Ассунтатай шилдэг наймд шалгарахын төлөө хүч үзнэ. Ялбал хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх Шира Ришонитой барилдах өндөр магадлалтай. Энэ жинд нийт 20 жүдоч хүч үзэх бөгөөд Францын Ширинли Боукли тэргүүлэн барилдаж байна. Хэрвээ манай бөх хэсгээ тэргүүлбэл хагас шигшээд Ш.Боуклитэй учраа таарна.

-57 кг: Өсвөрийн Ази, номхон далайн орнуудын аварга Оюунгэрэлийн Оюунчимэг эхний даваандаа өөрөөсөө 10 насаар эгч Казахстаны Севара Нишанбаеватай учраа таарсан. Энэ бөхийг ялбал тэмцээний чансааг тэргүүлэгч эзэн орны Тимна Нельсон Левайтай учраа таарна.

Тэмцээний хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар өнөөдөр 17:00 цагаас эхлэх бол медалийн барилдаанууд 23:00 цагт эхэлнэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Шударга ёс гэж байхгүй, хууль биелүүлэх л гэж бий

“Шударга ёс гэдэг бол хүн төрөлхтний түүхэнд өдрийн од мэт зүйл” гэсэн утгатай үг баруунд бий. Харин хууль яс тас хэрэгждэг байх ёстой, хуулийн хүрээнд нийгмийн амьдрал өрнөдөг байх ёстой гэсэн үзэл баримтлал бол баруунд тогтсон ойлголт юм. Шударга ёс-Хууль биелүүлэх… хоёр нь өөр ойлголтууд байх нь. Та шударга бус байж болно. Харин хуулийг ягштал баримталдаг, хуулийн хүрээнд ажилладаг иргэн байх ёстой. Хөгжиж цэцэглэсэн улс орнуудад хуулийн хүрээнд бүх дүрэм, журам, стандартууд хэрэгждэг. Ер нь ямар улс орныг хамгийн их хөгжсөн улс орон гэдэг вэ гэхээр бүх зүйл нь стандарттай, стандартын дагуу нийгмийн амьдрал нь өрнөж байдаг, хүн ам нь аюулгүй эрүүл орчинд, чанартай боловсрол эзэмшин, хангалттай орлоготой амьдарч байгаа нийгмийг хэлдэг. Энэ бол эрдэмтэн судлаачид, Нобелийн шагналтны тодорхойлолт шүү.

Наад зах нь их дэлгүүрүүд, том худалдааны төвүүд, кино театруудын гол хаалга нь ямар ч үед гадагшаа шууд онгойдог стандарт Америкт хэрэгждэг. Гал гарлаа, гараад гүйх гэтэл төв хаалгууд нь бүгд зөвхөн дотогшоо онгойдог байвал бачимдсан хүмүүс ар араасаа дарсаар дотогш нь онгойлгох боломжгүй болж шатацгаана… гэдэг ч юмуу. Ийм энгийн стандартаас хөгжил эхэлдэг.

Энэ мэт бүх зүйл хүний төлөө зориулагдсан, нийгмийн бүх салбар, бүх түвшинд стандарттай нийгмийг л бид дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй улс орнуудаас харж байна. Стандарт бол хууль. Монгол Улсад энэ бүхэн ямар байдгийг бүгдээрээ мэднэ…

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлийн 2.2 хувь нь чанаргүй ангилалд багтжээ

2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар 104.364 зээлдэгчийн нийт 5.654.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэл байгааг Монголбанкнаас мэдээллээ.

Үүнээс хөтөлбөрийн эх үүсвэрээр 80.523 зээлдэгч 4,295.9 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 76 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21.3 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 2.7 хувь нь бусад эх үүсвэрээр олгогдсон зээл байгаа аж.

Ипотекийн нийт зээлийн 16.7 хувь буюу 943.3 тэрбум төгрөгийн зээл орон нутагт ногдож байна. Орон нутгийн ипотекийн зээлийн 77.4 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21.1 хувь нь банкны өөрийн эх үүсвэрээр, 1.4 хувь нь бусад эх үүсвэрээр олгогджээ.

Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.3 хувь нь хэвийн, 0.6 хувь нь анхаарал хандуулах, 2.2 хувь нь чанаргүй зээл байна. Чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн 60.4 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 38.7 хувийг хөтөлбөрийн зээл, 0.9 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгч 4.6 сая, интернэт хэрэглэгч 4.1 сая болжээ

Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2021 оны эцэст 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 230.6 (16.8%) тэрбум төгрөгөөр өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Уг өсөлтөд

  • Утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 136.3 (17.7%) тэрбум төгрөг,
  • Өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааных 32.6 (19.7%) тэрбум төгрөг,
  • Шуудангийн үйл ажиллагааных 11.5 (43.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2021 оны дөрөвдүгээр улиралд 441.3 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 28.7 (7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Суурин утасны цэгийн тоо өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 310.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.7 (1.5%) мянган цэгээр буурчээ. Үүнд Улаанбаатар хотын суурин утасны цэг 3.7 (1.4%) мянгаар буурсан нь нөлөөлсөн аж.

Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгч тус улиралд 4.6 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеэс 243.7 (5.6%) мянган хэрэглэгчээр өссөн байна. Интернэт хэрэглэгчийн тоо өмнөх оноос 5.9 хувиар өсөж, 4.1 сая болжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Нийслэлд өнөөдөр (2022.02.17) суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.