Categories
мэдээ нийгэм

“Хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдвар дахин нэмэгдэх магадлалтай” гэв

ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар халдвартай 18 мянган хүн гэрийн хяналтад, 5500 орчим хүн эмнэлэгт байна. Энэ сарын 14-нөөс хичээл сургууль эхэлж, албан газрууд хэвийн горимд ажиллаж байгаа учир хүүхдэдээ тавих хяналтаа нэмж, олон нийтийн газраар явахгүй байх гэх мэт өөрсдийгөө хамгаалах дэглэм, арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн сахиарай.

Хэдийгээр халдварын тохиолдол буурч байгаа ч хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдвар дахин ихсэх магадлалтай учир эцэг эхчүүд, иргэд анхааралтай байх, олноороо цуглахгүй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөж байна. 18-35 насныхны дархлаажуулалтын хамрагдалт бага байна. Тэдний хөдөлгөөн идэвхжих үед халдварын тохиолдол ихсэх магадлалтай. Омикрон халдварын шинж чанар нь дахин халдварлах чадвар нь өндөр байгаа учир үүний эсрэг дархлаажуулалт үр дүнтэй байгаа нь олон улсад баталгаажсан учир дээрх насныхан вакцинаа хийлгэхийг уриалж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Томуугийн дэгдэлт улаан түвшинд хүрсэн таван аймаг байна

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Манай улсад Омикроны давлагаа Дельта хувилбарын давлагаанаас өндөргүй байна. Өнгөрсөн долоо хоногоос хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой халдварын тохиолдол нэмэгдэж байна. Омикроны ид ачааллын үетэй харьцуулахад орны ачаалал буурсан.

Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлт улаан түвшинд байгаа зургаан аймаг бий. Өмнөх долоо хоногтой харьцуулахад улаан түвшиндээ орсон аймаг таваар нэмэгдсэн. Энэ өвчний дэгдэлт орон нутагт нэмэгдсээр байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын хамгийн том шингэн хүнсний олон улсын үзэсгэлэнд АПУ ХК эх орноо төлөөлөн оролцож байна

29 дэх удаагийн “Продэкспо” олон улсын үзэсгэлэнд АПУ ХК экспортын брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлхийд таниулан оролцож байна. Уг үзэсгэлэнд дэлхийн 30 гаруй улсаас 2660 гаруй томоохон компаниуд жил бүр оролцдог ба 115 гаруй улсаас сүлжээ дэлгүүрийн төлөөлөл, бизнес эрхлэгчид, сонирхогчид зорин ирж зах зээлийн судалгаа хийхийн зэрэгцээ дэлхийн чиг хандлагатай танилцдаг. Тиймээс цар тахлын үеийн тээвэр логистикийн хүндрэл бэрхшээлтэй үед ийнхүү гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ танилцуулж экспортын хүчин чармайлтаа нэмэгдүүлснээр Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлөх үйл явдал болж байна.

Москва хотод болж буй ОХУ-ын хамгийн томд тооцогдох энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь дэлхийн улс орнууд брэнд бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна ОХУ-ын шингэн хүнсний зах зээлийн чиг хандлага, тавигдах стандарт, бөөний болон жижиглэн худалдааны систем, сав баглаа боодлын технологийн шинэ чиг хандлага тэргүүтэй олон төрлөөр хэлэлцүүлэг, форум зохион байгуулагддаг нь зах зээлд оролцогчдын хувьд томоохон давуу тал бий болгож буй юм.

АПУ ХК нь сүүлийн 10 гаруй жил экспортоо нэмэгдүүлэхээр зорьж буй бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ОХУ-д нийлүүлсэн экспортын хэмжээ 220%-иар огцом өссөн амжилттай ажиллаж байна.

Үзэсгэлэнд хүрэлцэн ирж олон улсын зах зээлд эх орноо төлөөлж экспорт хийж буй үндэсний компанийн хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байгаа Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин танд талархал илэрхийлье.

Үзэсгэлэнд оролцогчдын зүгээс Монгол бүтээгдэхүүний түүхий эдийн чанар, шүүлт, технологийн дэвшлийг онцлон сонирхож буй бөгөөд ялангуяа ОХУ-ын “Клевер” органик, био сүлжээ дэлгүүрийн төлөөлөл Монгол гэх тодотгол нь АПУ ХК-ийн брэнд бүтээгдэхүүний орц найрлага, цэвэр, тунгалаг байдлыг илэрхийлж байна хэмээн онцолсон юм.



Ерөнхий захирал Руслан И.Максудов /Татспиртпром компани/:

Татспиртпром компани нь АПУ компанитай хамтран ажиллаад 4 жил болж байна. Энэ 4 жилийн хугацаанд бид нэлээдгүй их амжилтад хүрсэн. Манай талаас ч тэр АПУ талаас ч тэр бид ажлынхаа үр дүндээ сэтгэл хангалуун байгаа. Бидний хэмжээ, цар хүрээ ч ихсэж үүний зэрэгцээ мөн борлуулалт, ашиг ч өсөж байна. Хамгийн гол нь бид ирээдүйн өсөлтөө харж чадаж байна. Энэ л хамгийн гол зүйл, учир нь бид шинэ түвшинд гарч, өөр тоонууд руу өсөж тэмүүлэх боломжтой байна. Бид энэ жил буюу 2022 оноос эхлээд, бараг л энэ үзэсгэлэн худалдаанаас эхлээд шинэ тоолол эхэлнэ гэж найдаж байна. Би энэ хамтын ажиллагаанд мөн АПУ компанийн Удирдлагад их талархаж байгаа. АПУ компани ч мөн адил бид нарт түншүүдийн хувьд Татспиртпром компанид сэтгэл хангалуун байгаа гэдэгт найдаж байна.

Түүхийн хувьд Монгол Улс болон Татарстан их дөхөм юм. Бид их төстэй бүтээгдэхүүн, төстэй брэндүүд үйлдвэрлэдэг нь хамтын ажиллагааг амар болгодог. Бид Татарстандаа манлайлагч нь ба АПУ компани ч гэсэн өөрийн зах зээл дээрээ манлайлагч. Энэ нь бидэнд сайн хоршиж, хамтран ажиллах, брэндүүдийнхээ потенциалыг харах боломж олгож байна. Бид ийм брэндүүдтэй ажиллаж чаддаг учир тухайн барааны тэмдэгтийг сонгосон. Хамгийн гол нь бид бий болгосон сайн амжилт болон судалгаатай. Бид маркетингийн компанийн үүднээс зах зээлийн энэ төрөлд өндөр хөгжлийн потенциал харж байна. Энэ зах зээлийн төрөл нь бүрэн эзлэгдээгүй байгаа ба брэндүүдэд том боломж болж байна. Үүн дээр нь нэмээд манай сайн дистребюторын платформыг нэмж өгснөөр бид харилцан сайн үр дүн олох боломжтой.

Чингис Хан брэнд бол дээд сегментийн бүтээгдэхүүн ба түүний хэрэглэгч нар нь масс хэрэглэгч биш юм. Гэхдээ бид энэ бүхнийг судалсан ба яаж түүнтэй ажиллах аргаа олсон. Хаанаас хэрэглэгчээ олох, яаж тэдэнд хүргэх гэх зэрэг. Энэ нь өргөн түгээлтэд зориулагдаагүй нь ойлгомжтой. ОХУ-ын зах зээл дээр авах гэж байгаа тодорхой арга хэмжээнүүд нь тухайн брэндийн зорилтод хэрэглэгчийн хүрээг тэлнэ гэж бодож байна. Дахиад хэлье энэ зах зээлийн төрөл нь хараахан эзлэгдээгүй байгаа.

Клевер сүлжээ дэлгүүрийн төлөөлөл:

Би энд бол ерөнхийдөө бүтээгдэхүүний талаар мэдээ мэдээлэлтэй байхын тулд ирсэн. Би Клевер сүлжээ дэлгүүрийн матрицыг хариуцаж ажилладаг. Энэ үзэсгэлэн дээр би харилцагч болон худалдан авагч нартаа ямар нэгэн шинэ, онцгой зүйл эрэн энд ирлээ. Тэгээд яг Монгол архийг оллоо. Учир нь хүмүүс Франц, Польш архийг маш сайн мэддэг ба эдгээр зүйлсээр хэнийг ч гайхшируулж чадахгүй. Харин Монгол архи гэснээр бид наад зах нь хүмүүсийн анхаарлыг татаж чадаж байгаа юм. Юуны түрүүнд бид Клевер био бүтээгдэхүүний сүлжээ дэлгүүрийг төлөөлж байгаа ба бидний хувьд хамгийн чухал зүйл бол бүтээгдэхүүний цэвэр, натурал байдал нь юм. Тийм ч учраас Монгол гэсэн тодотгол нь үүнд маань төгс тохирч байна.

Дээд зэрэглэлийн архи болох Чингис Хан нь намайг маш ихээр гайхширууллаа. Энэ бүтээгдэхүүн нь ихэнхдээ бэлэгт өгөхөд зориулагдсан юм. Энэ архины яг юу нь намайг татаж, надад таалагдсан бэ гэвэл Чингис Хан архийг амсахад түүний маш зөөлөн цэвэр байдал нь юм. АПУ компани спиртийн шүүлтийг улам сайжруулж нь Альфа чанарын спиртийг шүүж цэвэршүүлэн Супер Альфа спирт болгосон байна. Миний хувьд энэ нь борлуулалтын хувьд маш том давуу тал болох юм. Худалдахад илүү хялбар болох ба бүтээгдэхүүн ч өөрөө илүү цэвэр болох юм.

Архины ийм ангилалд архийг нэг амьсгаагаар уух биш амталж уух ёстой гэсэн ойлголт байдаг.

Categories
мэдээ нийгэм

Б.Идэрчулуун: БОАЖЯ-нд хууль бусаар ажил үүргээсээ буусан гурван хүний асуудал байсан

Төрийн албаны зөвлөл - Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан Төрийн  албаны шалгалтын талаар ярилцлага өглөө

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 72/188 тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд (2022.02.17) ажиллаж байна.

Тус ажлын хэсэг нь төрийн байгууллага, удирдлагуудын үйл ажиллагаатай танилцаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд үнэлгээ өгөх, төрийн жинхэнэ албан хаагчийг 2019, 2020, 2021 онд сонгон шалгаруулж, томилсон үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, хүний нөөцийн чиглэлээр 2019, 2020, 2021 онд гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт гаргах зэрэг үүрэгтэй юм. Гаргасан дүгнэлтүүдийг ТАЗ болон Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулах аж.

Энэхүү ажлын хэсэг нь Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ-ын албан хаагч нараас бүрдсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Удирдамжийн дагуу бол тус Ажлын хэсэг БОАЖЯ, БШУЯ, Соёлын яам, ЭМЯ, нийслэл, Булган, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд дээр ажиллах юм байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар тус яамны газар, хэлтсийн дарга нарын хамт өнөөдөр тус Ажлын хэсгийн ахлагч, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, ЗГХЭГ-ийн Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр нарын албаны төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ яамны газар, хэлтсийн дарга нарт шалгалтын Ажлын хэсэгт бүх бичиг баримтыг саадгүй үзүүлэх чиглэл өгөөд аливаа байдлаар бичиг баримт нуух, ажлын хэсгийн гишүүдийг төөрөгдүүлсэн үйл явдал болбол хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгад үүрэг болгосон юм. Мөн Ажлын хэсэгт чин шударгаар хэн нэгний нөлөөнд орохгүй ажиллаж, хууль дагаж мөрдөөгүй албан тушаалтнууд байвал зохих шийдвэрийг гаргаж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлт тавилаа.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун “Бид 2019 оноос хойш өмнөх хоёр ч сайдад албан бичгээр хандаж байсан, удирдамжаа ч явуулж байлаа. Миний мэдэж байгаагаар танай яаманд хууль бусаар ажил үүргээсээ буусан гурван хүний асуудал байсан. В.Жавзан, Б.Оюунсанаагийн асуудал шийдэгдсэн юм байна. Говийн сав газрын захиргааны дарга байсан Б.Ялалтбаяр үлдчихээд байгаа юм билээ.

Шинэчилсэн Төрийн албаны тухай хуулиар бидний тавьж байгаа зорилго бол ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, ур чадвар нь шаардлага хангасан хүнийг л ажиллуулах. Төрийн албаны зөвлөл эрхэм төрийн албаны дарга, албан хаагчдаас хүсэх ганцхан зүйл бол хууль мөрдөж ажиллах юм. Танай ТНБД бол төрийн албаны мэргэшсэн албан хаагч. Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд хууль хэрэгжүүлэх гэж өөрөө жинхэнэ гар бие зүтгэж байсан хүний хувьд энэ зовлонг ойлгох байх гэж бодож байна.

Төрийн албан хаагчийн хориглосон зүйлийг Төрийн албаны тухай хуулийн 39, 37 дүгээр зүйлд заасан байдаг. Үүний хэрэгжилтийг харна. Хэрэв энэ дунд зөрүү буруу юм явах юм бол томилох эрх бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, улс төрийн албан хаагчийг огцруулах мэдэгдлийг томилох эрх бүхий албан тушаалтанд нь явуулах эрхийг хуульчилсан байдаг” гэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “2019 онд батлагдсан шинэчилсэн Төрийн албаны тухай хуулиар маш олон харилцааг ойлгомжтой болгож өгсөн. Би хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллаж ирсэн хүний хувьд өнөөдрийн байгаа мэдрэмжээр шалгалтыг зайлшгүй оруулах шаардлагатай. Хурдан хугацаанд орж ирж байгаад туйлын баяртай байна. Ажлаа хүлээж авснаас хойш нэг албан хаагч төрийн албаны шалгалтаа өгч тэнцээд орон тоон дээрээ жинхэлсэн. Бусад нь түр болон үүрэг гүйцэтгэгч байна. Төрийн албан хаагчийн шалгалтаа өгсөн ч ажлын байран дээрээ тавигдаагүй албан хаагчид бас байна.

Томилох асуудлыг яаралтай хийх үүргийг Төрийн нарийн бичгийн даргад өгсөн. Б.Оюунсанаагийн асуудал бол шүүх дээр явж байсан. Шүүхийн шатанд БОАЖЯ-наас давж заалдсаныг эвлэрлийн шугамаар шийдвэрлэж Б.Оюунсанааг шууд ажлын байран дээр нь тавьсан байгаа. Б.Ялалтбаярын хувьд яаралтай ажлын байран дээр нь тавих хэрэгтэй. В.Жавзан даргын хувьд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсныг бид Төрийн захиргаа удирдлагын газрын дарга руу шилжүүлж ажиллуулж байгаа. Учир нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар Авлигатай тэмцэх газраас албан тушаалтныг сэлгэн ажиллуулахаар ярьж байна.

Ер нь төрийн албанд байгаа бугшсан системийг бид сайн цэгцлэх хэрэгтэй гэж харж байгаа. АТГ-аас гардаг Шударга байдлын үнэлгээгээр БОАЖЯ доороосоо гуравдугаарт орсон. Дотоодод ужгирсан авлигын системийг шинэ сайд, дэд сайд, ТНБД ирснээр тасалж чадахгүй. Харин АТГ-аас сэлгэн ажиллуулж байгаа албан тушаалтан авлигатай холбоотой асуудлыг таслан зогсоож, энэ чиглэлд тодорхой шийдлүүд гаргаасай гэж хүсэж байгаа. Үүнийгээ ч бид АТГ-т шууд илэрхийлсэн. АТГ-аас гаргадаг дараагийн Шударга байдлын үнэлгээгээр доороосоо гуравт биш ядаж эхний арван байрт орох шаардлагатай гэж үзэж байгаа” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун “100 хувь санал нэг байна. Та нарын мэдэж байгаа сайн, муу бүх мэдээлэл Төрийн албаны зөвлөлд бий. БОАЖ-ын сайд тус яамны ТНБД гэх мэт бүрэлдэхүүнээр нь ингэж сольсон нь бол энэ Засгийн газар гаргаж байгаа алдаан дээрээ том дүгнэлт хийжээ гэж иргэд олон нийт ч тэр, Төрийн албаны зөвлөл ч харж байгаа. Төрийн албанд хуульд тавьж байгаа шаардлагыг хангасан хүн ажиллана. Ажлаа зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй бол ажлаа өгнө.

Өнгөрсөн ганцхан жилд бид цар тахлын дундуур яваад 5,277 хүний хувийн хэрэг, бүх материал, томилсон, чөлөөлсөн тушаалыг эмэрч үзсэн. Тэднээс 1,100 гаруй нь хууль бус томилгоо байгаа юм. Үндсэндээ тавны нэг нь гэсэн үг. Одоо энэ шалгалтаар ямар ч байсан хаана нь алдаа догол байгаа юм гэдэг нь ширээн дээр гарч ирж таарна. Энэ бол шийдэл хийх гэж явж байгаа болохоос бид хэн нэгний улыг шагайж яваа юм биш. Яг энэ шаардлагыг би танай өмнөх хоёр сайдад хоёуланд нь явуулж байсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш миний нэртэй болон Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичгүүдтэй танилцаарай гэж хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Тель Авивын их дуулгын эхний өдөр манай улс гурван хүрэл медаль хүртлээ

Тель Авивын их дуулгын эхний өдөр манай улс гурван хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний нэг Тел Авивын их дуулга өчигдөр эхэлсэн. Дэлхийн 34 орны 298 тамирчин өрсөлдөж буй уг тэмцээний эхний өдөр манай улсаас зургаан тамирчин зодоглосноос гурав нь хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэй -48 кг жинд зодоглосон Б.Баасанхүү хэсгийн аваргын төлөө Израилын бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Чилийн Мэри Ди Варгас Лей, Сербийн Андреа Стоядинов нарыг ялж хүрэл медаль хүртлээ.

Харин эрэгтэй -60 кг жинд зодоглосон Б.Цогт-Очир шөвгийн дөрөвт Украины Артем Лесиукт ялагдсан ч хүрэл медалийн төлөө Нидерландын Торнике Цякадоеаг ялсан. Торнике нь дагах барилдаанд Э.Сумъяабазарыг даваад байсан бөгөөд Э.Сумъяабазар шагналт долоодугаар байрт шалгарсан.

Мөн эрэгтэй -66 кг жинд зодоглосон Г.Хэрлэн шөвгийн дөрөвт Азербайжаны Яашар Нажафовд ялагдсан ч Францын Дайки Бубаг ялж хүрэл медаль хүртэв.

Тус жинд зодоглосон Г.Сод-Эрдэнэ, эмэгтэй -57 кг жинд зодоглосон О.Оюунчимэг нар эхний шатнаас тэмцээнээ дуусгасан.

Өнөөдөр шөнө манай улсын дөрвөн тамирчин гурван жинд барилдана.

Categories
мэдээ нийгэм

Трамп хоёр хүүхдийн хамт шүүхэд дуудагдав

Трамп хоёр хүүхэдтэйгээ шүүхэд дуудагдав

Бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор шалгагдаж буй хэрэгт АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп хоёр хүүхдийн хамт Нью-Йорк хотын шүүхэд библи дээр гараа тавин мэдүүлэг өгөх ёстой гэж шүүгчийн шийдвэр гарчээ. Нью-Йорк хотын прокурорын газраас Трампын байгууллагыг татварын хууль зөрчиж, зээлээр дамжуулан хөрөнгийн үнэлгээг өөрчилж, залилан хийсэн хэрэгт буруутгаж буй. Шүүгчийн шийдвэрийн дагуу Трамп 21 хоногийн дотор мэдүүлэг өгөх ёстой. Харин Трамп гэр бүлийг нь буруутгаж буй уг хэргийг үгүйсгэж, шийдвэрийг давж заалдахаар төлөвлөсөн байна.

Нью-Йорк хотын дээд шүүхийн шүүгч Артур Энгорон өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, Дональд Трамп болон түүний 44 настай хүү Дональд Трамп Жуниор, 40 настай охин Иванка нар өнгөрсөн арванхоёрдугаар сард прокуророос гаргасан хуулийн захирамжийг биелүүлэх үүрэгтэй гэжээ. Харин Нью-Йорк хотын ерөнхий прокурор Летитиа Жеймс хэлэхдээ, “Мөрдөн шалгах ажиллагааны явцад санхүүгийн залилан байж болзошгүй үйлдлийг гэрчлэх тодорхой баримт илэрсэн” гэдгийг онцолжээ.

Өдгөө 75 настай Дональд Трампын хувьд энэ хэргийг Ардчилсан намынхны хийж буй улс төрийн зорилготой “шулмын ан” гэж нэрлэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаа 2019 онд эхэлсэн бөгөөд Дональд Трамп нь зээл авахдаа банкинд тавьсан барьцаа хөрөнгийн үнэлгээг бодит бусаар өндөр үнээр тогтоолгосон эсэхийг шалгаж байна. Энэхүү залилангийн шинжтэй хэрэг нь түүнийг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахаас өмнө болсон аж.
Categories
мэдээ нийгэм

ТЕГ-аас Ч.Мөнхбаярын гэрт нэгжлэг хийлээ

МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

21.30 цагийн орчимд ТЕГ-ын ажилтнууд иргэн Ч.Мөнхбаярын гэрт нэгжлэг хийж эхэлсэн байна. Өчигдөр түүнийг саатуулах ажиллагаа явуулж, баривчилсан билээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байршилтай “Наран” плазагийн ойролцоох газраас Ч.Мөнхбаярыг баривчилж буйг баримтжуулсан иргэний мэдээлэлд үндэслэн, саатуулах ажиллагаа явуулсныг бид мэдээлсэн. Одоогоор ТЕГ-ын зүгээс энэ талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

85 хувьцаат компани өмнөх оны жилийн эцсийн тайлангаа өгөөгүй байна

ЭЛДЭВ-ОЧИРЫН НЭРЭМЖИТ КИНО ТЕАТР БУЮУ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН Б… | Flickr

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани жилийн эцсийн санхүүгийн тайланг энэ сарын 10-ны Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх шаардлагатай. Тайлан хүлээн авах хугацааг энэ сарын 15-ны өдрийг хүртэл сунгажээ.

Энэ хугацаанд нийт бүртгэлтэй 179 хувьцаат компаниас 91 компани олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж, МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлсэн байна. 85 компани хуулийн хугацаандаа илгээгээгүй.

Хуульд заасан хугацаанд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй нэр бүхий хувьцаат компаниуд энэ сарын 25-ны дотор зөрчлийг арилгахгүй бол МХБ-ийн холбогдох журмууд, “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхааруулав.

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг эндээс харна уу.

Categories
мэдээ спорт

Аваргуудын лигийн хасагдах шат эхэллээ

Европын хөлбөмбөгийн багуудын дунд зохиогддог асар их нэр хүндтэй Аваргуудын лиг хоёр сар шахам завсарласны эцэст хасагдах шатны тоглолтуудаа эхлүүллээ. Шилдэг 16-д үлдсэн багууд энэ долоо хоног ба ирэх долоо хоногт эхний тоглолтуудаа зохион байгуулна. Үргэлжлээд удаахь долоо хоногуудаас хариу тоглолтууд нь талбайгаа сольж явагдах дүрэмтэй. Түүнчлэн энэ удаагийн Аваргуудын лигээс эхлэн хүний ба өөрийн талбайд оруулсан гоолын ач холбогдол байхгүй болж байгаа. Урьд нь хоёр багийн гоолын тоо нийлбэрээрээ тэнцсэн тохиолдолд хэн нь эсрэг багийнхаа талбайд илүү гоол оруулсан бэ гэдгээрээ давуу эрх эдэлдэг байсан бол үүнийг халж оноо оруулсан гоолын тоо үндсэн цагт тэнцсэн тохиолдолд цаг сунгаад үүний дараа ялагч тодрохгүй бол торгуулийн цохилтоор асуудлаа шийдэж байхаар болжээ.

02.16.2022

“ПСЖ”-“Реал”Мадрид 1:0

“Спортинг”-“Манчестер Сити” 0:5

02.17.2022

“Интер”-“Ливерпүүл” 0:2

“Ред Булл Зальцбург”- “Бавари” 1:1

02.23.2022

“Вильярреал”- “Ювентүүс”

“Челси”-“Лилль”

02.24.2022

“Атлетико”-“Манчестер Юнайтед”

“Бенфика”-“Аякс”

Бэлтгэсэн Б.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын сонсгол зохион байгууллаа

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтын сонсгол зохион байгууллаа

“Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2022.02.17/ Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов, тус Комиссын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нартай хийх томилгооны сонсголыг зохион байгууллаа.

Ажлын хэсгийг УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбатаар ахлуулан байгуулсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнцэцэг, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Жамбал, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх Д.Батдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Сонсголын үйл ажиллагааг Ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбат даргалан явуулсан бөгөөд нэр дэвшигчид ажлын туршлага, сонгон шалгаруулалтад нэр дэвших болсон шалтгаан, зорилгоо танилцуулсан.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч С.Дондов 1964 онд төрсөн. 1984-1989 онд Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн Дарга, 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч, 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж буй юм байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул 1974 онд төрсөн. 1992-1996 он Улсын Багшийн Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэлний сургуулийг Англи-Орос хэлний орчуулагч мэргэжлээр, 2001-2006 он МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр сурч төгссөн.

2010-2013 онд ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Хууль зүйн магистр, 2010-2012 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Улс төрийн магистрын зэрэг хамгаалсан.

1996-1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд Англи хэлний багш, 2007-2010 онд “GCE” ХХК, “GT’s Адвокатс”-д Хуулийн зөвлөх, 2013 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Судлаач, Шүүхийн ерөнхий зөвлөлд Гадаад харилцааны хэлтэст даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2013-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Бодлогын Судлаач, 2014 оноос “Түгээмэл эрх хөгжил” ТББ-ын Тэргүүн, 2019 оноос “Эко соёл сан” ТББ-ын Тэргүүнээр ажиллаж байгаа юм байна.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Ч.Отгончулуун 1978 онд төрсөн. 1997-2001 МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2002-2004 Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2004-2006 Удирдлагын академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академид докторантаар суралцсан. 2002-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Улсын нөөцийн газарт мэргэжилтэн, Өр барагдуулах албаны дарга, 2004-2007 онд Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газарт мэргэжилтэн, Өр барагдуулах албаны дарга, 2009-2012 онд Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албанд ахлах референт, 2012 онд Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газарт хэлтсийн дарга, 2012-2016 онд Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийн дэд захирал, 2017-2019 онд Онцгой байдлын ерөнхий Газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарт хэлтсийн дарга, Өр барагдуулах албаны даргаар ажилласан байна.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Б.Өнөрмаа1974 онд төрсөн. 1994-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд бакалавр, 2007-2010 онд ХБНГУ-ын Триерийн Их Сургуульд Хууль зүйн магистр, 2010-2014 онд ХБНГУ-ын Триерийн Их Сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

1998-1999 онд Баянзүрх дүүргийн Прокурорын газарт мэргэжилтэн операторч, 1999-2002 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, 2002-2007 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, 2010-2010 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст хяналтын прокурор, 2010-2011 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст Хяналтын прокурор, 2014 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтэст Хяналтын прокурор, 2014-2015 онд Улсын ерөнхий прокурорын Мэдээлэл дүн шинжилгээний албанд хяналтын прокурор, 2015-2017 онд Улсын ерөнхий прокурорын Сургалт, судалгааны төвд хяналтын прокурор, сургагч багш, 2017-2019 онд Улсын ерөнхий прокурорын Сургалт судалгааны төвийн Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах хүрээлэнд Хүрээлэнгийн захирал, ахлах прокурор, 2019 оноос хойш Улсын ерөнхий прокурорын Сургалтын төвд хяналтын прокуророор ажиллаж байгаа аж.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн 1981 онд төрсөн. Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийг төгссөн. Эрхзүйч, хууль зүйн магистрын зэрэгтэй.

2008 онд Завхан аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах 2 дугаар тасагт мөрдөн байцаагч, 2012-2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, Дэд профессороор ажиллаж байгаа юм байна.

Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ажлын хэсэг нууц санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулах бөгөөд Хууль зүйн байнгын хороонд танилцуулах юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.