Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Батжав: Зээлээ нэг өдрийн дотор төлж байгаа нь факт. Ард иргэдийн боломжийг хулгайлсны нотолгоо

Хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжавтай Хөгжлийн банкны асуудлаар ярилцлаа.


-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 1.7 их наяд төгрөгийг богино хугацаанд төлүүлэх асуудал чухал байна. Дээр нь зээл авахад улс төрийн нөлөөлөл орсон тухай сэдэв ч үргэлжилж, хариуцлагын асуудал яригдсаар байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Ер нь улстөрчид банк байгуулдаг, буцаагаад дампууруулдаг. Үүний тод илрэл нь Хөгжлийн банк гэж харж байна. Хөгжлийн банкин дээр өрнөж байгаа асуудлыг гурван талаас нь харах ёстой. Нэгдүгээрт, мэдээж зээл авсан хүмүүсийн асуудал яригддаг. Үүн дотор төсөл хэрэгжих эсэх нь чухал биш, зөвхөн зээл авахын тулд авсан хүмүүс байна. Энэ бол гэмт хэрэг. Хоёрдугаарт, зээл авахад нөлөөлсөн албан тушаалтнууд байгаа. Нөлөөлсөн холбоос ч харагдаж байна лээ. ЖДҮ-гийн хэрэг энэ шүү дээ. Яг адилхан, нэг нь банк нөгөө нь сан. ЖДҮ-гийн зээл авахад өндөр албан тушаалтнууд нөлөөлсөн нь шүүхээр тогтоогдоод ялаа аваад явсан. Тэгэхээр энэ удаа ч адилхан хариуцлага хүлээх ёстой. Хариуцлагын хувьд юун намын дэмжлэг үзүүлэхгүй байх, намаас түдгэлзүүлэх тухай вэ. Бүр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой юм. Монголд ийм асуудал олон улсын жишгээс буруу өрнөдөг. Япон, Солонгосын жишээг харж л байгаа байх. Солонгос гэхэд сүүлийн ерөнхийлөгчөө албан тушаалын хэрэгт буруутгаж 20 гаруй жилийн ял оноосон. Монголд болохоор намаас түдгэлзүүлэх, намын дэмжлэг үзүүлэхгүй гэж байгаа нь ял мэт сонсогдож байна. Гурав дахь зүйл бол зээлийг нөлөөлж байгаад авсан бол зээл өгсөн тал гэж байх ёстой. Энэ асуудал хөндөгдөхгүй байгаад гайхаж байна. Зөвхөн зээлийн хороо асуудал шийдсэн тухай л яриад байх юм.

-Банкны албан тушаалтнууд илүү өндөр хариуцлага хүлээх ёстой гэж үү?

-Нэгэнт зээл авахад нөлөөлсөн нь гэмт хэрэг гэж үзэж байгаа бол өгсөн нь бас гэмт хэрэг. Миний судалж үзсэнээр 1993 оноос хойш манайд 23 банк дампуурсан байдаг. Тэгэхэд банкны удирдлага гээд хоёр гурван хүн хариуцлага хүлээснийг эс тооцвол бусад нь хариуцлага хүлээгээгүй. Банкны захирал, дэд захирал, хяналт шалгалтын хэлтсийнхэн, зээл гаргаж байгаа Зээлийн хорооны гишүүд бүгд хариуцлага хүлээх ёстой юм.

Нийгмийн хор аюулын хувьд авлига өгч байгаагаас авч байгаа нь илүү хортой. Авч байгаа хүн бол төрийн нэр хүнд, албан тушаалыг хэрэгжүүлэх үүргээ худалдаж байгаа учраас хор аюул нь их. Үүнтэй нэгэн адилаар Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлж байгаа нь хууль бус гэж үзсэн бол банкны зээл олгосон хүмүүс нь тэднээс илүү өндөр хариуцлага хүлээх ёстой гэж хэлэх гээд байна. Манайд бол зээл олгогч талд, банкны албан тушаалтангуудад хариуцлага ярьдаггүй учраас зээл авч болоод байдаг, сүүлд нь дампууруулчихаж болдог гэдэг хандлага бий болчихлоо.

-Барьцаа хөрөнгөгүйгээр зээлүүд олгогдсон асуудал дээр талууд янз бүрээр тайлбарлаад байна. Банк бол ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалж олгосон гэж. Хууль зүйн талаас үзвэл боломжтой юу?

-Яагаад ноос ноолуур барьцаалж, эсвэл ирээдүйд бий болох хөрөнгө гэх нэрээр зээл өгдөг юм бэ. Энэ бол байж болохгүй асуудал. Тэгвэл бусдадаа ижил боломж олго л доо. Хөгжлийн банкны зарим удирдлагууд хэлж байна лээ, би шийдээгүй, зөвлөл шийдсэн юм гэж.

Намайг Байгаль орчны яаманд хэлтэс, газрын даргаар ажиллаж байх үед Сайншандын аж үйлдвэрийн парк гэж том төсөл эхэлсэн. Тэнд байгаль орчны үнэлгээ хийгдэж байж санхүүжилт эхлэх ёстой байлаа. Гэтэл ТЭЗҮ нь батлагдаагүй байхад байгаль орчны үнэлгээ хийгдчихсэн байдаг. Үүнээс болж Үнэлгээний хорооны гишүүд бүгд шалгуулж, хариуцлага хүлээсэн. Угтаа Байгаль орчны яамны дэргэдэх Үнэлгээний хороо бол олон талаас бүрдсэн, төрийнх биш, нэг ёсондоо сайн дурын бүтэцтэй байгууллага. Хэрэгжээгүй, хохиролгүй төсөл дээр эрх мэдэл, албан тушаалаа урвууллаа гэж Үнэлгээний хорооны гишүүдийг буруутгаж байсан юм. Үүнийг Хөгжлийн банкны Зээл олгох хороотой харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай. Хэдэн их наядаар хэмжигдсэн чанаргүй зээлийг иргэний эрх зүйн харилцаа нэрийн дор олгож байгаа үйлдэл өөрөө гэмт хэрэг.

-Хөгжлийн банкны хэрэг дээр шүүхийн асуудал хөндөгдөж байгаа. Олон зээл шүүх дээр гацсан, буцсан, хэрэгсэхгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж яригдаж байна. Ер нь ийм хэргийг шүүх процесс удаан үргэлжилдэг гэж хуульчид ярьж байна?

-Ер нь Монголд шүүхийн, шүүгчийн буруу гэж хэлэхээсээ илүү хэрэг шийдэх процесс, хууль нь өөрөө завхарчихаад байна. Хууль зүйн сайдаас эхлээд хэлж байна шүү дээ. Монгол Улсын шүүх нэг асуудал дээр 17 удаа хуралдаж байлаа. Иргэний нэг хэргийг шийдэхэд дунджаар 3.6 жил болж байна гэх мэтээр.

Хэрэг шүүх дээр удаж байгаа тухайд хэргийн оролцогчийн ч асуудал байдаг байх, шүүгчийн ч асуудал байдаг байх. Гол нь хуулинд богино хугацаанд шийдээд явах зохицуулалт хэрэгтэй. Үүнийг хууль тогтоогч л шийдэх ёстой. Сонгуулийн маргааныг түргэн хугацаанд шийдэх хугацааг хуулинд оруулаад шийдчихсэн. Үүнтэй адил иргэний эрх зүйн маргаан дээр хурдан явах гарцыг хийгээд өг л дөө. Талууд хуралд өмгөөлөгчтэй орно гэдэг. Гэтэл зөвхөн өмгөөлөгчөөс шалтгаалаад 10 удаа хойшилж байгаа шүүх хурал байна. Хуулиндаа өмгөөлөгчөөр хангах эрхтэй гэчихсэн. Тэгэхээр нөгөөх нь өмгөөлөгч авлаа, болилоо, солилоо гээд цаг хугацаа аваад байдаг. Үүнийг хуулиар хаах хэрэгтэй. Хоёр, гурван удаа боломж олголоо, дууслаа гэх мэтээр зохицуулж болно доо.

-Авлига, албан тушаалын хэргийн шийдвэрлэлт удаан, ялын бодлого сул байлгахыг хууль тогтоогчид өөрсдөө хүсдэг юм биш үү?

-Хууль тогтоогчид энэ асуудал дээр анхаарал хандуулахгүй, хүсэхгүй байна. Тиймээс шүүх дээр хэрэг удаж байгаа шалтгааныг шийдвэрлэе гэвэл хуулиа өөрчлөх ёстой.

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 20.2-т төрийн албан тушаалтнууд төрөөс батлан даасан зээл хүртэгч байж болохгүй гэж хориглосон байдаг. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн дунд улстөрчид, тэдний хамаарлын компаниуд олноор байна. Хууль нь тодорхой байхад зөрчөөд зээл олгочихжээ?

-Зээл өгсөн хүмүүсийн буруу гэдэг энэ шүү дээ. Зээл авч байгаа хүмүүсийн хувьд “Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэдгийн адилаар асуудалд хандаж, эзэрхийлж, Монголын төрийг өөрийгөө гэж ойлгож байна. Та бүхэн санаж байгаа бол ЖДҮ-гийн асуудал дэгдэж байхад УИХ-ын гишүүн Байнгын хорооны хурал дээр “Хүний нэр дээр авдаг гэж хэлэхгүй яасан бэ” гэж хэлээд сууж байсныг харсан биз дээ. Манайхан ийм болтол дампуурчихсан байна.

Нөгөө талаасаа улстөрчдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд авчихсан байна. Зээл авахад тэд нөлөөлсөн эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Хэрэв батлагдсан тохиолдолд Эрүүгийн хуульд улс төрд нөлөө бүхий албан тушаалтан энэ хэргийг үйлдсэн бол санкцыг хүндрүүлнэ гээд заачихсан. Хууль нь бэлэн байна, гагцхүү биелүүлэхгүй байна. Өнөөдөр бизнес хийж мөнгө олдог байсан бол банкнаас зээл авч мөнгө олдог болчихоод байна шүү дээ. Тийм учраас улстөрчид хүсэхгүй байгаа юм. Тийм учраас банкнаас хууль бусаар олгогдсон зээлийн тухай асуудал дээр Эрүүгийн хариуцлагыг чангатгахгүй байна. Банкны хууль тогтоомжийг зөрчсөн хүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгахгүй байна. Иргэний эрх зүйн харилцаа гэдгээр халхавчилж банкийг тонож амьдарч байна.

-Чанаргүй зээлдэгчийн дуулианаар зарим нь төлж эхэлж байгаа сайн мэдээтэй байна шүү дээ?

-Өөрөөр нь төлүүлье гээд шуугихаар бизнесмэн, улстөрчийн хамаарал бүхий компани төлж эхэлж байна. Тэдэнд алга таших гээд байгаа юм уу. Үгүй шүү дээ. Авахёсгүй хүмүүс байсан байна. Зээл авах ёсгүй хүмүүс авсан учраас хэл аманд өртөхгүйн тулд нэг өдрийн дотор төлж байна. Энэ чинь баярлах асуудал биш, факт гэдгийг нотолж байгаа хэрэг. Хэрэв нэг өдрийн дотор төлчих боломжтой байсан юм бол зээл авах шаардлагагүй. Ард иргэдийн боломжийг хулгайлж байсан хулгайч байжээ гэдгийг нотолж байгаа явдал.

Түүнчлэн зээлсэн мөнгөө төлж байгаа асуудал нь гэмт хэргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Гэмт хэрэгт өөрөөр хэлбэл, банкны зээл авахад нөлөөлсөн бол зээлээ төлсөн эсэхээс үл хамаараад хариуцлага хүлээх ёстой. Хуулийн зарчим нь тийм шүү, энэ байдал орхигдоод явчих вий.

-Улстөрчид банк байгуулаад буцаагаад дампууруулдаг гэж та эхэнд хэллээ. Банк санхүүгийн салбарын нөлөөлөл төрд өндөр байдгийн илрэл биз?

-Улс төрийн намууд сонгуульд оролцоно. Аль нэг нь олонх болоод явна. Аль аль талд нь санхүүжүүлэгч байна. Энэ утгаар улс төрд банкууд сонгуульд оролцоод байгаа нөхцөл байдал харагдаж байгаа. Нэг ёсондоо ёсчилж хэлбэл улс төрийн намууд биш, банкны эзэд сонгуульд өрсөлдөөд байгаа юм биш үү. Аль нам нь ялах вэ гэдгийг харахаас гадна аль банк нь ялж байна гэж харах болчихоод байна. Тийм учраас банкны захирал байсан хүмүүс УИХ-д нэр дэвшиж гарч байгаа нь нууц биш.

Буцаад тэр нөхдийн ард байгаа банкууд Хөгжлийн банкаа тонож байна. Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Чингисхаан банк гээд бүгд зээл авчихсан байсан. Банк биз дээ, тэд чинь мөнгөтэй биз дээ.

Одоо бизнес эрхлэгч, олон нийтийн дунд “Зээл авбал сайн, зээл өгвөл тэнэг, авсан зээлдээ төлбөл бүр тэнэг. Авсан зээл ашиг, аваагүй ашиг алдагдал” гэдэг хэлц үг гарчихсан байна. Ингэтлээ банк санхүүгийн салбар уруудна гэдэг аймшигтай.

-Банкны эзэд улс төрд нөлөөлж байгаа гэсэн. Үүнийг батлах жишээг хэлнэ үү?

-Монгол Улсын Үндсэн хууль болон иргэний суурь хуулиудыг зөрчсөн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг хүчээр батлуулчихлаа. Иргэний хуулинд үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр шүүхийн журмаар үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийддэг. Гэтэл Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулинд шүүхийн бус журмаар борлуулах тухай заагаад ороод ирж байна. Нэг ёсондоо банк мөнгө хүүлэгчийн талд, иргэний эд хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр хүчээр авах тухай хуульчилчихсан. Тэр нь Иргэний хууль болон Үндсэн хуулийн бусад олон хуулийг зөрччихсөн. Энэ чинь банкны эзэд Монголын төрд, хууль тогтоогчдод нөлөөлж байгаа явдал. Энэ хууль батлагдсанаар маш ноцтой үр дагавар гарч байна. Ер нь банк санхүүгийн салбар бол Монгол Улсын хувьд дэлхийн хэмжээний бизнес болчихсон. Арилжааны банк 18-24 хувийн хүүтэй зээл өгч байна. Банк бус санхүүгийн байгууллага сарын 3.5 хувиар бодоход жилийн 42 хувийн хүү авч байна. Гэхдээ энэ бол бизнес биш луйвар. Банкууд ийм луйврын бизнес хийгээд зогсохгүй дээр нь иргэний хөрөнгийг булаах хууль захиалаад батлуулчихлаа. Жишээ нь, нэг иргэн банкнаас 50 сая төгрөгийн зээл авахын тулд 200 сая төгрөгийн байраа барьцааллаа гэж бодъё. Гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалж зээлээ төлж чадахгүйд хүрээд, хүү алданги нь нэмэгдэн 75 сая төгрөг боллоо. Банк зээлээ нэхнэ, төлөхгүй бол барьцаа хөрөнгийг нь дуудлага худалдаанд оруулна. Зарагдахгүй бол үнэлнэ. Тэгээд болохгүй бол зах зээлийн үнээс хямдаар зарна. Нэг ёсондоо 200 сая төгрөгийн байрыг 100 саяар зарна. Энэ бол банк зараад мөнгөө авч байгаа юм биш, ард нь 100 сая төгрөгийн ашгийг хэн нэгэн хийгээд байна.

Хувийн банк ингэж ашигтай, лоббитой ажиллаад цэцэглээд байдаг. Гэтэл улсын банк барьцаагүй зээл өгөөд дампууурч байдаг. Зөвхөн Хөгжлийн банкны хариуцлагаар тогтохгүй, банк санхүүгийн салбарын хүмүүс улс төрд нөлөөлж, хууль батлуулж бизнесээ дэмжүүлж байгаа асуудлыг цаашид ярих ёстой.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Харагчин туулай өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 19, Санчир гариг. Билгийн тооллын 18, харцага одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 07:52 цагт мандан, 18:20 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Хур усны цаг 0 цаг 37 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатар өдөртөө 15 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 37-42 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 17-22 градус, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурыз баяраар Баян-Өлгий аймагт ажиллана

Наурыз буюу Нарны баярын тухай

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурыз баяраар Баян-Өлгий аймагт зочлохоор төлөвлөж байна.

Тэрээр энэ онд багтаан 21 аймгаар тойрч “Шинэ сэргэлтийн бодлого”-оо орон нутгийн иргэдэд танилцуулах аж.

“Үндэсний цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж, Баян-Өлгий аймгаас танилцуулгаа эхэлнэ. Гол нь надад Баян-Өлгийн өрсөлдөх чадварыг сайжруулах хоёрхон том төслөө л танилцуулаарай” хэмээн энэ сарын 17-ны өдөр Төрийн ордонд болсон нэгдсэн зөвлөгөөний үеэр Засгийн газрын тэргүүн хэлэв.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржаны мэдэгдсэнээр Ерөнхий сайд Баян-Өлгий аймагт казах түмний хаврын баяр “Наурыз”-ын үеэр ирэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийг хөгжүүлэхэд уялдаа холбоо хамгийн чухал

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн удирдлагууд 2022 онд Улс, Нийслэл, дүүргийн төсвөөр хийж хэрэгжүүлэх ажил болоод “Хөгжлийн Зураглал – 2030” баримт бичгийн сонсголыг хийж санал бодлоо солилцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан хэлэхдээ “Бид түүхэндээ анх удаа Баянзүрх дүүргээ 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж дуусах шатанд орлоо.

Баримт бичигт Баянзүрх дүүрэгт 2030 он хүртэл улс, нийслэл, дүүргийн төсвөөр эрүүл мэнд, нийгэм, ногоон хөгжил, боловсрол, авто зам, дэд бүтэц зэрэг бүх салбарт хийгдэх ажлуудыг тодорхойлж өгсөн. Тиймээс бид бүх шатандаа нэг зүгт харж, бодлогын баримт бичгийн дагуу ажиллахад Баянзүрх дүүрэг нийслэл хотод манлайлах бүрэн боломжтой” талаар хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлэхдээ “Өмнө нь УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн удирдлагуудтайгаа ингэж уялдаатай ажллаж байсныг мэдэхгүй. Баянзүрх дүүргийн удирдлагууд ажлаа бүх шатанд тайлагнаж, нээлттэй ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Бид бүх шатандаа ингээд хамтраад, төлөвлөөд явахад хөгжлөөрөө хоцрогдсон дүүрэг гэх тодотгол ард үлдэнэ” гэдгийг онцолсон юм. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Нийслэл, дүүргийн зарим төлөөлөгч, удирдлагуудын зүгээс хийх бүх шатанд ажлаа маш сайн төлөвлөж чадсан. Харин одоо бид гүйцэтгэлд хяналт тавьж, мэдээллээ хурдан солилцож ажиллах шаардлагатай талаар хэлсэн. Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн төлөөлөгч удирдлагуудын санаачлан хэрэгжүүлж буй “Хөгжлийн зураглал – 2030” баримт бичгийн баг бүрэлдэхүүнд Засгийн газраас барьж буй “Алсын Хараа – 2050”, Нийслэлийн Засаг даргын багаас барьж буй “Улаанбаатар – 2040” хөгжлийн төлөвлөгөө, баримт бичгийг хийж гүйцэтгэхэд оролцсон мэргэжлийн баг хамт олон байгаа.

Энэхүү боловсруулагдаж буй баримт бичиг нь дүүргийн түүхэнд анх удаа 2030 он хүртэл дүүргээ хөгжүүлэх ажлыг эрэмбэлж, иргэдийн санал асуулга, мэргэжлийн баг хамт олны судалгаанд үндэслэгдэн боловсруулагдаж байгаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр инженер, буддын судлал зэрэг чиглэлээр суралцах боломжтой” гэв

АСЕМ: Энэтхэг улс

Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь 2022-2023 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор/пост докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) сурлагын сайн дүнтэй, холбогдох хичээлийн суурь болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан онлайнаар бүртгүүлж маягтыг бөглөнө.

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/114797 холбоосоор авах боломжтой.

Тодруулах зүйлийг Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын яамны reception.ulaan@mea.gov.in хаяг pуу и-мэйл бичих эсвэл 70132248/70132249 утсаар авна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн Тэтгэлгийн портал сайт http://a2ascholarships.iccr.gov.in/.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг усан бассейнаа үнэ төлбөргүй болгожээ

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газраас “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд усан бассейнаа үнэ төлбөргүй болгожээ. Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд өглөө 07:00-08:30 цагийн хооронд аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж эхэлсэн байна. Иймээс аянд нэгдэж, байгууллага, иргэдийг идэвхтэй оролцон эрүүл мэнддээ анхаарахыг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнээс хасчээ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралджээ. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Тус хорооны дарга Б.Баярбаатар “МАН-ын дүрэмд орсон сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Намын гишүүн нь цаг хугацаанаас үл хамаарч авлига албан тушаалын гэмт хэрэгт буруутай нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан бол намын сонгуульт албан тушаалт нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй, улс төрийн бүх сонгуульд нэр дэвших боломжгүй болгосон.

МАН-аас улс төрийн өндөр албан тушаалд нэр дэвшин сонгогдож ажиллаж байх хугацаандаа авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан тохиолдолд өөрийн хүсэлтээр түдгэлзэх хүсэлтээ ирүүлдэг. Ингээгүй тохиолдолд Хяналтын ерөнхий хороо хуралдаж, намын гишүүнээс нь түдгэлзүүлэх дүрэмтэй.

Энэхүү дүрмийн нэмэлт өөрчлөлтийг ес хоногийн өмнө Улсын дээд шүүх бүртгэгдсэн. Намаас гарсан тухай асуудлын талаар эхэлж хэлэлцлээ.

Албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон зэрэг зүйлчлэлээр ял шийтгэл сонсоод, энэ хугацаа нь дуусаагүй зарим гишүүнийг намаас гарсанд тооцсон. УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцлоо” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Тансаг зэрэглэлийн машинууд ачсан хөлөг онгоцонд гал гарчээ

Тансаг зэрэглэлийн машинууд ачсан хөлөг онгоцонд гал гарчээ

Тансаг зэрэглэлийн автомашинууд дүүрэн ачсан тээврийн хөлөг онгоцонд гал түймэр гарчээ. Тиймээс хөлгийн багийнхан яаралтай зугтаж, усан онгоц одоогоор Атлантын далайд эзэнгүй тэнүүчилж яваа ажээ. Тодруулбал, уг хөлөг онгоц Германы Эмден хотоос Род-Айлендын Дэвисвилл хот руу Порше, Вольксваген зэрэг автомашинуудыг тээвэрлэж явсан аж. “Felicity Ace” нэртэй энэхүү хөлөг онгоц нь 200 метр орчим урттай бөгөөд 17 мянган тонн ачаа тээвэрлэх чадалтай.

Гал гарах үед хөлөг онгоц Португалийн Азор арлаас баруун өмнө зүгт 166 километр орчим зайтай явж байсан гэж тус улсын тэнгисийн цэргийн хүчнээс мэдээлэв. Ачааны агуулахад гарсан гал газар аван цааш тархаж, багийн 22 гишүүн бүгдээрээ хөлөг онгоцоо орхихоос өөр аргагүй байдалд хүрчээ. Понта Делгада нэртэй аврах ажиллагаа зохицуулах төвийн ажилтнууд багийнхнийг орон нутгийн зочид буудалд аюулгүй хүргэсэн. Одоогоор гал түймрийн улмаас үүссэн хохирлыг бүрэн тооцоолж дуусаагүй байна. Усан онгоц Лхагва гаригт шатаж эхэлснээсээ хойш гал нь бүрэн унтраагүй л байгааг CNN өчигдөр мэдээллээ.

“Porsche” болон “Volkswagen” компанийхан усан онгоцон дээр байсан машинуудын захиалагчидтай холбогдож, цаашид хэрхэх шийдлийг олоход чадах чинээгээрээ дэмжинэ гэжээ. Яг юу болсон хийгээд цаашид хэрхэхийг одоогоор мэдээлэхэд арай эрт байна гэж “Porsche”-гийн PR хариуцсан дэд ерөнхийлөгч Ангус Фиттон хэллээ.

Хөлөн онгоцонд байсан машинуудын дунд хөтлөгч, продюсер Мэтт Фарагийн 2022 оны Porshe Boxster Spyder машин байжээ. Мэтт Фара нь “The smoking tire” нэртэй машины нэвтрүүлгээрээ алдартай.

Categories
мэдээ нийгэм

Ч.Мөнхбаяр, Б.Батбаяр, Б.Шинэбаатар, Ч.Энхбат нарыг 1 сарын хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэлээ

Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон захирлууд болох зургаан хүнийг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр орой ирсэн. Үүний дагуу өнөөдөр тус шүүх дээр нэр бүхий зургаан хүнийг цагдан хорих эсэх шүүх хурал боллоо.

Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Мөнхбаяр, 2016-2019 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр нарыг нэг сарын хугацаагаар цагдан хорих, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайханыг цагдан хорих үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

Түүнчлэн Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат нарыг нэг сарын хугацаатай цагдан хорих шийтгэл оногдуулав.

Мөн 2013-2016 оны хооронд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат болон Ц.Баатарбилэг нарын өмгөөлөгчийн шүүгчээс татгалзах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл шүүх хурлыг хойшлуулав.