Categories
мэдээ нийгэм

Жолоочид төлбөрийн баримт өгдөггүй төлбөртэй зогсоолыг шалгуулах эрхтэй

Улаанбаатар хотын хэмжээнд “Замын хөгжлийн газар”-тай гэрээ байгуулан ажиллаж буй 61 төлбөртэй зогсоол байна.

Төлбөртэй зогсоол эзэмшигч нь зогсоолыг батлагдсан зураг төслийн дагуу байгуулах, орлогын 60 хувийг замын санд төвлөрүүлэх, үйлчлүүлэгч нарт төлбөрийн баримт өгөх үүрэгтэй. Албаныхны мэдээлж буйгаар сүүлийн үед тогтоолыг хуулбарлаж, зөвшөөрөлгүй зогсоол ажилуулах зөрчил гарч байгаа аж. Тиймээс жолоочид төлбөрийн баримт өгдөггүй төлбөртэй зогсоолын тухай мэдээллийг Нийслэлийн Замын хөгжлийн газарт мэдээлэлж, шалгуулах эрхтэй байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Сар шинийн барилдааны түрүү бөх Э.Мөнхжаргал “Их дуулга”-д хүч үзнэ

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Их дуулга тэмцээн Израиль улсын Тел Авив хотод өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн. Энэ удаагийн тэмцээнд 34 орны 309 тамирчин оролцож байгаа юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн, О.Хангал, +100 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адъяасүрэн нар өнөөдөр хүч үзэх юм байна.

Сонирхуулахад, Э.Мөнхжаргал нь саяхан болж өндөрлөсөн Цагаан сарын барилдааны түрүү бөхөөр шалгарсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Бээжин-2022: Цасан шуурганы улмаас цанын марафон хойшиллоо

Өнөөдөр эрэгтэйчүүдийн цанын марафон буюу 50 км-ийн уралдаан 14 цагт эхлэх товтой байсан. Гэвч Жанчхүүд хүчтэй цасан шуургатай байгаа тул зохион байгуулагчид яаралтай хуралдаж, тамирчдын эрүүл мэндийг бодолцон тэмцээн явагдах зай, эхлэх цагт өөрчлөлт оруулахаар болсон байна. Уралдааны зайг 30 км болгон багасгаж, эхлэх цагийг нэг цагаар хойшлуулан 15.00-д эхлүүлэхээр болжээ. Цанын марафонд 61 тамирчин уралдах юм.

Categories
гадаад мэдээ

“Бээжин-2022”: Норвегийн баг тамирчид түүхэн дээд амжилт тогтоолоо

Норвегийн баг тамирчид “Бээжин-2022” олимпоос 15 дахь алтан медалиа хүртсэнээр өвлийн наадмаас хамгийн олон алтан медаль хүртсэн түүхэн дээд амжилтыг шинэчиллээ.

Тодруулбал, биатлонч Йоханнес Тиннес Бо эх орондоо 15 дахь алтан медалийг авчирснаар Канадын улсын 2010 онд тогтоосон 14 алтан медаль хүртсэн дээд амжилтыг эвджээ.

Тэрбээр Бээжингийн өвлийн олимпоос дөрөв дэх алтан медалиа хүртэж буй нь энэ бөгөөд хоёрыг нь ахтайгаа хамт оролцсон буухиа тэмцээнээс хүртсэн байна.

Ингэснээр Й.Бо нь Олимпын нэг наадмаас дөрвөн алтан медаль хүртсэн хоёр дахь биатлонч болсон бөгөөд өмнө нь түүний нутаг нэгт тамирчин Уле-Эйнар Бьорндален 2002 онд ийм амжилт үзүүлж байсан түүхтэй юм.

Й.Бо баасан гарагт өрсөлдсөн тэмцээндээ түрүүлснийхээ дараа энэ удаагийн олимпод гаргаж буй амжилтдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, улс орныхоо түүхэн амжилтад хувь нэмрээ оруулснаараа бахархаж байгаагаа ярьжээ.

Өнөө өглөөний байдлаар “Бээжин-2022” олимпын наадмын медалийн чансааг Норвегийн баг тамирчид 15 алт, 8 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Тус улсын араас 10 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн Герман, 8 алт, 9 мөнгө, 6 мөнгөн медаль хүртсэн АНУ удаалж байна.

Өвлийн олимпыг зохион байгуулагч БНХАУ-ын багийн хувьд 8 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэнээр жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа бол Нидерланд, Швед, Швейцар, Австри, ОХУ-ын Олимпын хороо, Францын баг тамирчид эхний 10-т жагсаж байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын нислэгийн зуны хуваарь

Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл” 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/, Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/, “Worldwide airport coordinators group” /WWACG/-ээс хамтран гаргасан NS22 зөвлөмж, Улсын онцгой комиссын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн нэгдүгээр тогтоолын дагуу 2022 оны зуны буюу гуравдугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх олон улсын нислэгийн цагийн хуваарийг баталлаа.

Агаарын тээврийн компаниуд энэхүү цагийн хуваарийн дагуу нислэгийн хуваарь, төлөвлөлтөө зохион байгуулна. Мөн аялал жуулчлалын компаниуд Монгол Улсыг зорих жуулчдыг авчрах ажлаа эртнээс төлөвлөхөд хамтын ажиллагааны томоохон дэмжлэг болдог.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Аялал жуулчлал, агаарын тээврийн хамтарсан зөвлөл”-ийн ээлжит хурлаар талууд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг сэргээх, 2022 оны төлөвлөгөө гаргахад олон улс, орон нутгийн нислэгийн хуваарь чухал ач холбогдолтойг мэдэгдэж байсан юм.

ТАНИЛЦ: Олон улсын нислэгийн ЗУНЫ ХУВААРЬ

Categories
мэдээ цаг-үе

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлжээ

Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.3 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.3 километр төмөр замын төслийн доод бүтцийн газар шороо, ухмалын болон үер ус хоолойн барилга угсралтын ажлыг Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний ангиудаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ажлаа эхлээд байна.

Монгол Улс, БНХАУ-ын хилийн Ханги-Мандал боомт хүртэл ойролцоогоор 226.3 км төмөр замын суурь бүтцийг барьж, БНХАУ-ын төмөр замтай холбосноор Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 километр буюу 318 километрээр дөт болж, түүхий эд, бараа материалыг тээвэрлэх тээвэрлэлтийн зардал буурч, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөж өндөртэй бүтээн байгуулалт болон хэрэгжих юм” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

n6v91z_274291981_346052660859767_2574157745863212004_n_x974 Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлжээ

Categories
амьдралын-өнгө мэдээ

С.Эрдэнэчулуун: Өглөө долоон цагт хогийн шүүрээ барьж ирээд л миний ажил эхэлдэг

“Амьдралын өнгө” булангийн энэ удаагийн дугаарт бизнес эрхлэгч С.Эрдэнэчулууныг урилаа.


-Та өөрийгөө танилцуулаач?

-Би Баянхонгор аймгийн Жаргалант сумын хүн. Айлын отгон хүү л дээ. Аав минь нутагтаа насаараа зоотехникч, ээж минь холбоочин хийсэн. Жаргалант сумынхаа арван жилийн сургуулийг төгссөн. Хамгийн том ах маань Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны газрын дарга, генерал С.Дашзэвэг гэж хүн бий. Нэг эгч маань цэцэрлэгийн эрхлэгч, бусад нь хувиараа бизнес эрхэлдэг дээ.

-Ямар ажил эрхэлдэг вэ?

-Гэр бүлээрээ “Аз амортизатор сервис” гээд авто засварын газар ажиллуулдаг. Манайх оношилгоо, тэнхлэг тохиргоо, амортизатор, пүрш, тиаг, шарнер, өндгөн тулгуур, тос масло гээд явах эд ангийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хүйтний улиралд ажлын ачаалал багасдаг урин цагтай харьцуулахад ажил багатай л байна.

-Хэзээнээс үйл ажиллагаа явуулж байна вэ, олон ажилтантай юу?

-Би 1997 онд Улаанбаатар хотод орж ирээд баар, караокеноос эхлээд байж болох бүхий л үйлчилгээний газрыг ажиллуулсан. 2005 оноос хадам ахыгаа дагаж “Өгөөмөр” зах дээр сэлбэг зарсан. Манай дунд хүүг Э.Аз-Эрдэнэ гэдэг, хүүгийнхээ нэрээр нэрлэж байлаа. Сэлбэг зарж эхэлснээсээ хойш 10 жилийн дараа “Аз амортизатор сервис”-ээ нээсэн юм. Манайх долоон ажилтантай. Бүгд 1,5-10 жил ажиллаж байгаа залуус. Нэгэнт л би тэднийг цалинжуулж, ажиллуулж байгаа учир ахуй амьдрал, ажил гээд бүх зүйлд нь санаа тавьж өөрийн хүүхэд шиг, дүү шиг ханддаг.

-Машины сэлбэг, засвар хийх тухай хаанаас, яаж сурав…

-Анх юу ч мэдэхгүй л “Өгөөмөр” зах дээр авто сэлбэг зарж эхэлсэн. Тэр үеэс хойш бага багаар сурсаар байгаад машинд дөртэй болсон. Давтах тусам туршлагаждаг юм байна. Сэлбэгтэй удаан зууралдсаны л үр шим гэж боддог. Ер нь машин бүрийн сэлбэгийг мэднэ, ялгана гэдэг амар зүйл биш. Гэхдээ ажилдаа маш дуртай.

-Ажлаа хийж байхдаа юуг чухалчилдаг вэ?

-Орлогоо бодож буруу зөрүү, шаардлагагүй зүйлийг нь сольдоггүй. Үйлчлүүлэгчийнхээ эдийн засагт өөрийн мэт хандах хэрэгтэй. Хүний хүлгийг зөв оношлоод, зөв зүйлийг нь солиод өгчих юмсан л гэж боддог. Тийм ч учраас манайх олон үйлчлүүлэгчтэй. Манайх 25 дугаар суваг, UBS, SBN телевиз гэх мэт олон ч газартай хамтарч ажиллаж байсан.

-Танайхыг өдөрт хэд орчим машин зорьж ирдэг вэ?

-Өвөл дунджаар 20-оод машин ирнэ. Зун бол битүү. Өдөрт 40-өөс дээш машин ирэх ч тохиолдолд бий.

-Цар тахлын үед машины сэлбэг, материалын үнэ өссөн үү?

-Үйлдвэрүүдэд барааны үнэ 10 хувь, тээврийн хөлс замбараагүй их өслөө. Сэлбэгийн үнэ өнгөрсөн жилээс 30-40 хувь нэмэгдсэн. Сэлбэгээ ирсэн үнээр нь зарна гэж байхгүй шүү дээ. Бид ажилчдаа цалинжуулна, тог, усаа төлнө гээд зардал их гарна. 70 мянган төгрөгөөр сольдог байсан амортизаторын үнэ 100 мянга гараад талийж өгсөн дөө.

-Хэдэн онд хаана өрх тусгаарлаж байв, гэр бүлийнхээ тухай яриач?

-Ханьтайгаа 2003 онд танилцсан. Анх хадмындаа, дараа нь түрээсийн байр, хашаа байшин, өөрийн гэсэн байр гээд бага багаар дэвшсээр л байгаа. Одоо бид гурван сайхан хүүтэй.

-Та амьдралынхаа хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Гурав дахь хүүгээ мэндлэхэд хажууд нь байсан, тэр л их сайхан мэдрэмж. Одоогийн энэ бүхэн эхнэр бид хоёрын уйгагүй хөдөлмөрийн үр шим учраас талархаж явдаг.

-Амьдарч байгаа нийгэмдээ сэтгэл хангалуун байдаг уу?

-Үгүй яахав ээ, миний хувьд багаасаа хөдөлмөрлөөд болоод л амьдарч байна. Харин миний хүүхдүүдийн амьдрах нийгэм яг ийм байвал үнэхээр хэцүү. БНСУ-руу сэлбэг, машин оруулж ирэх гээд ажлаар олон удаа явж байсан. Тэдний нийгэм, амьдрах орчин маш таатай санагддаг. Өөрийнхөө хэмжээнд болоод байгаа ч надаас хойш нийгэм ямар байх бол гэдэгт их санаа зовдог.

-Төрийн бодлого, шийдвэрүүдийг зөв гэж боддог уу?

-Иргэнийхээ хувьд хамгийн наад захын жишээ гэхэд бид банкнаас 20 сая төгрөгийн зээл аваад төлөхгүй сар болоход байр, машин хамаг юмнаасаа сална. Бид бор зүрхээрээ, ямар ч төрийн дэмжлэггүйгээр олсон орлогоо хувааж идээд, бараагаа захиалаад, зээлээ цагт нь төлөөд амьдарч байна. Бид нэг өдөр л ажлаа хийхгүй байхад амьдрал зогсоно шүү дээ.

-Засвараа өргөжүүлэх төлөвлөгөө бий юү?

-Бид тэнгэрээс их юман дээр унаагүй, бүх зүйлийг байхгүйгээс бий болгосон. Өмнөх ажлаа хамгийн сайнаараа хийх, боломж гарвал машин угаалгатай болж өргөжих тухай боддог л юм. Гэхдээ тэр хүртэл эдийн засгийн нөхцөл байдал хэцүү.

-Таны ажил хэдэн цагт эхэлдэг вэ?

-Өглөө долоон цагт хогийн шүүрээ барьж ирээд л ажил минь эхэлдэг дээ (инээв). Өдөржин бүх засвараа гардаж хийнэ. Орой 19-20 цагт ажлаа дуусгаж, ажилчдаа явуулчихаад гэртээ харьдаг.

-Өнөөгийн нийгмийг ямар байгаасай гэж хүсч байна?

-Үнэнч, шударга л байгаасай гэж хүсч байна. Бид ч яахав, хувиараа бизнес эрхлээд болоод л байна. Иргэдийн амьдрал улам л доошилж байна шүү дээ. Биднээс хойш үеийнхэн яаж амьдрах юм бол доо. Машин нь эвдэрчихээд орж ирж байгаа хүний мөнгө нь хүрэхгүй байна.

“Доошоо байгаа юу” л гэж асуудаг. Аль болох хамгийн чухал зүйлийг нь л сольж өгөхийг хичээдэг.


А.ГАНТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүд 15 цаг хүртэл ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 117 цэгт 117 багийн 505 эмч, ажилтан ажиллана.

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллах тул иргэн та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.7 хувь байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

НҮБ-ын тэргүүн Украины хурцадмал байдлыг намжаахыг уриалжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украинд үүсээд буй нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, хурцадмал байдлыг намжаахыг уриалжээ.

“Европт хурцадмал байдал нэмэгдэж, цэргийн мөргөлдөөний талаарх таамаглал газар авч буйд миний бие маш их санаа зовниж байна. Би ийм зүйл тохиолдохгүй гэж би бодож байна. Гэхдээ ийм зүйл болбол гамшиг нүүрлэх болно” гэж А.Гутерреш Мюнхений аюулгүй байдлын бага хурлын нээлтийн үеэр хэлэв.

“Үүнийг шийдвэрлэхэд дипломат ажиллагаанаас өөр арга үгүй, шийдвэрлэхэд хүнд эсэхийг нь үл харгалзан бүх асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэн зохицуулах ёстой, одоо хурцадмал байдлыг намжаах цаг нь болсон” гэдгийг тэрбээр мөн нэмж хэлсэн байна.

Мөн НҮБ-ын тэргүүн, “Шинэ Хүйтэн дайн эхэлсэн эсэх талаарх асуулт надад хааяа ирдэг. Үүнд одоо хариулбал дэлхийн аюулгүй байдалд заналхийлэх аюул нь энэ цагт тухайн үеийнхээс илүү төвөгтэй бөгөөд магадгүй өндөр байна” хэмээн ярьжээ.

Мюнхений аюулгүй байдлын бага хурал хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болох бөгөөд “COVID-19” цар тахлын улмаас өнгөрсөн онд цахим хэлбэрээр явагдсан бол энэ удаагийн бага хуралд оролцогчид болон үйл ажиллагааны тоог гуравны хоёроор багасгасан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ц.Төмөрбаатар: Одоо би залуу наснаасаа ч илүү эрч хүчтэй ажилламаар байна

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатартай ярилцлаа.


-Та сайхан хаваржиж байна уу, одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна. “Гэм зэм” жүжгээс өөр дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байна уу?

-Сайхан хаваржиж байна. Одоогоор найруулагч М.Батболдын найруулга дор Английн зохиолч Майк Бартлеттийн “Love love love” жүжгийн гол дүрд ажиллаж байна. Энэ жүжиг гуравдугаар сарын 28-наас тоглоно. Ф.М Достоевскийн хоёр зуун жилийн ойн хүрээнд бүтээсэн “Гэм зэм” жүжиг үзэгчдийн хүсэлтээр гуравдугаар сарын 4-27-ны хооронд тоглохоор болсон. Үзэгчдийн хүсэлт учир зайлшгүй тоглох ёстой, мөн өмнө нь 100 мянган төгрөгөөр тоглож байсан бол энэ удаа 50 мянган төгрөгөөр тоглох гэж байна. Чанар, тоглолтын өөрчлөлт байхгүй, гол дүрүүд маань бүгд хэвээр, туслах дүрд тоглож байсан хоёр хүн өөрчлөгдсөн.

-Жүжгийг хэр удаан бэлтгэсэн бэ?

-Наймаас арваннэгдүгээр сар хүртэл гурван сар ажилласан.

-Бусад жүжигтэй харьцуулахад гурван сар урт хугацаа юу?

-Энэ бол постдрамын жүжиг, монголоор чөлөөт сэтгэлгээ гэх юмуу даа. Мань мэт нь ойлгохгүй жаахан удсан (инээв). Учир нь би чинь социализмын үеийн “Соц” реалист урлагийн бүтээгдэхүүн шүү дээ. Реализм бол буруудах юм байхгүй.

-Та жүжгээ удаан ойлгосон гэв үү…

-Тийм, найруулагчтайгаа олон цаг ярьж сууж, нэлээд цаг зарцуулж байж ойлгосон. Өөрөөр хэлбэл М.Батболд гэдэг найруулагчийн төгссөн сургуулийг Төмөрбаатар гэдэг хүн энэ жүжгээр бага ч гэсэн төгслөө гэж ойлгож байна. М.Батболд “Гэм зэм” жүжгийг тавьснаараа, бид тоглосноороо, үзэгчид үзсэнээрээ Монголын урлагт цоо шинэ шугам гарч ирж байна. Энэ шугам Монголын урлаг, тэр дундаа тайзны урлаг шинэчлэгдэх ёстойг хэлж өгч байгаа юм. Хэзээг хүртэл 1950, 1960-аад оны үеийн хэлбэрээр байх юм бэ, жүжигчид, найруулагчид үүнийг ойлго, сонго гэдгийг хэлж байна.

-Та жүжгийн дүрийнхээ гол утга, агуулгын талаар ярихгүй юу?

-Уг жүжгийн хувьд би баян чинээлэг газрын эзэн, Дуня гэдэг бүсгүйд дурлаад эхнэрээ бас бус хүмүүсийг хорлож байгаа дүрд тоглосон. Амьд ахуй насандаа өөрөө хор хийгээгүй ч, хортой нөлөөтэй явсан хүн. Сүүлд нь надаас болж хүмүүс ийм байдалд хүрсэн юм байна.

Ер нь муу нэртэй, муухай зүстэй хүн дурлаж болдоггүй юм уу. Тэр хүн хайрлуулахыг хүсэхгүй байна гэж үү, та нарын дунд эхээсээ төрсөн шигээ цэвэр ариун хүн бий юү, та нар хүнд хайрлуулах гавьяатай хүмүүс мөн үү, бүгд нүгэлтэй улсууд шүү дээ, яг надтай ижил. Чи нүгэл хийсэн бол тэр нүглийнхээ төлөөсийг төлөх ёстой, миний хувьд нүглийн төлөөс маань их том учраас би өнөөдөр энэ амьдралаас явах ёстой, ийм л дүр.

-Жүжигт залуу жүжигчид олон харагдсан. Залуустай хамт ажиллахад тэдний хандлага ямархуу байна?

-“Гэм зэм” жүжигт хамгийн ахмад жүжигчин нь байлаа. Залуу жүжигчдэд хэлж ярих зүйл маш их байсан, хэрээрээ л тусалж, дэмжиж найз нөхөд шиг, эхнэр нөхөр шиг, аав, хүү хоёр шиг гээд атгасан гар шиг л байж энэ жүжгээ гаргасан. Нэг дүр нь тайзан дээр ажиллаж байхад бусад нь бодлоо хэлж найруулагчтайгаа яриад тэр дундаас дүрийнхээ гол шугамыг гаргаж ирдэг. Жүжигчин хүн гэдэг найруулагчийн өмнө баримлын шавар байх ёстой гэдэг л дээ. Баримлын шавраар найруулагч ямар дүр бүтээнэ тэр рүү л явна, жүжигчин хүн зөвхөн дотор нь юу байгаа вэ гэдгийг л гаргах ёстой.

-Сүүлийн үед кинонд тоглож байна уу?

-Өнгөрсөн онд хоёр кинонд тоглосон. Нэг нь “Миний муу найз” гэдэг киноны гол дүр, нээлтээ хараахан хийгээгүй. Халх голын сангийн аж ахуйд зургийг нь авсан. Малчин хоёр найз өвгөн, тэд гурван хүү, гурван охинтой. Өсөхөөсөө өтлөх хүртэл хамт байгаа ч яриа нийлдэггүй ёдор өвгөчүүл. Миний гурван хүү, танай гурван охиныг тоохгүй ээ, миний гурван охин ч танай гурван хүүг тоохгүй ээ гэж ярьсаар киноны төгсгөлд зургуулаа хоорондоо суугаад, нэг нь алуулах шахаад яг тэр мөчид би чамд хайртай шүү дээ, чи насаараа хамт байчихаад намайг орхиж яваад байхдаа яадаг юм, явбал хамтдаа явна гэж ярьдаг биз дээ гээд уйлаад сууж байгаа өвгөчүүлийн нөхөрлөлийн тухай кинонд ажилласан.

-Таны хувьд дэлгэц, тайзны уран бүтээл юугаараа өөр вэ?

-Тэс өөр шүү дээ, хамгийн наад зах нь амьд ба амьд бус харилцаа. Дэлгэц дээр болоод өнгөрсөн юмыг л хараад байгаа, харин тайзан дээр жүжигчинтэйгээ хамт уйлж, дуулж, гасалж, инээдэг. Тийм учраас жүжигчин үзэгчдийг байлдан дагуулахад илүү дөхөм байдаг. Кинонд тоглоход хариуцлага өндөр. Бага зэргийн алдаа гарахад л засч болохгүй.

-Нэг жүжгээ өдөр бүр анх удаа тоглож байгаа юм шиг тоглоход ямар нэг “жор” байдаг уу?

-Зүгээр л өнөөдрөөрөө тоглодог. Өнөөдөр миний сэтгэл зүй, оюун ухаан, орчин тойрны болж буй үйл явдал ямар байгаагаар л тоглодог. Би өнөөдөр тоглоод маргааш үхчихэж магадгүй.

-Киноны саналууд ирж байна уу?

-Сүүлийн үед нэлээд санал ирж байгаа. Гоо сайхны мэс засалд ороод удаагүй болохоор энэ жилдээ кинонд тоглохгүй.

-Гоо сайхны мэс засалд орох шийдвэрийг гаргахын тулд удаан бодсон уу?

-Үрчлээгээ хараад нэг татуулчих юмсан, арилгах арга байдаг болов уу гэж боддог л байсан, нэг их удаан бодоогүй ээ. Эмнэлэгтэйгээ хамтраад Төмөрбаатар гэдэг хүнд бүрэн капитал засвар хийнэ гэж зорьж байгаа. Ганцхан нүүр царай ч биш зүрх судас, бөөр, элэг, түрүү, нойр булчирхай, хүзүүний арьс татуулах, хөмсөгний үс суулгах, шүд цайруулах гэх мэт бүх эрхтэнг орчин үеийн техник, эмчилгээний аргаар капитал засварт оруулна гэсэн юм. Би үүнд их дуртай байгаа.

-Таны охидоос урлагийн салбарт орж байгаа хүн бий юү?

-Том хүү Т.Анар найруулагч, жүжигчин, охин Т.Энхжин маань бүжигчин. Эхнэртэйгээ ханилаад гурван хүүхэдтэй болсон. Том охин маань олон улсын эдийн засагч, дундах нь одоо төгсөх анги. Жүжигчин болно, бэлтгэж байгаа. Бага хүү маань есөн настай. Өөрөө бол цагдаа болно л гэдэг юм, яг мэргэжил сонгоход яахыг таашгүй. Би бол жүжигчин болгох юмсан гэж боддог.

-Удмаа таслах ёсгүй гээд үү?

-Тэгэлгүй яахав, гэр бүл гурван үеэрээ урлагийн төлөө зүтгэнэ гэдэг ховорхон завшаан. Би дүү Ц.Төмөрхуяг, эгч Ц.Уртнасангаараа бахархдаг. Миний эгч бол мундаг төгөлдөр хуурч эмэгтэй. Бидний аав ч гэсэн ямар мундаг хүн байсан билээ дээ. Тиймээс энэ хүний нэр төрийг унагахгүй юм шүү гэж хичээж, эзэмшсэн мэргэжлээрээ ард түмнээ баясгая л гэж боддог. Эцэг хүнийхээ хувьд “Үр хүүхдүүдээ зөв яваарай. Чиний ард ийм удам байгаа шүү. Тийм удмын хүн шүү” л гэж захидаг.

-Том хүүдээ урлагийг санал болгосон уу?

-Манай хүү уг нь барилгын инженер мэргэжилтэй. Сургуулиа төгссөн жил цэрэгт явж ирээд “Аав аа, би жүжигчин болмоор байна. Миний судсаар өвөөгийн цус гүйгээд байх шиг байна” гэж ярьж байсан юм. Гэтэл удалгүй “Улаан эрэг” гээд кинонд айхтар тоглосон байсан. Тэгээд л найруулагчаар сурсан. Төгсөөд гурав дахь киногоо хийчихэв үү дээ.

-Энэ жилдээ кинонд тоглохгүй гэлээ. Мэс засалд орчихоод яг ийм киноны ийм л дүрд тоглоно гэсэн зорилго байв уу?

-Байхгүй, өөрөө хийнэ гэж бодсон хэд хэдэн кино төсөл бий. Бөх, архины тухай болон баримтат хоёр ч кино байна. Өөрөө дүрс гарахгүй юм чинь киноны ард найруулж болно. Өвгөнөөс өөр залуу дүрд, залуу наснаасаа ч илүү эрч хүчтэй ажилламаар байна. Хүмүүс муу хэлж л байна лээ. Яахав ээ, би өөрийнхөө биеийг л аятайхан болгочихъё гэсэн болохоос тэр хүний биеийг янз бүр болгоё гээгүй. Би 20-той болъё гээгүй. Би 60 гарсан хүн яагаад 40, 50-тай юм шигээ байж болохгүй гэж. Би хөгширч үхмээргүй байна. Би цэл залуугаараа байж байгаад үхмээр байна.

-Таныг анх жүжигчин болж байх үеийн ахуй амьдрал одоогийнхоос ямар ялгаатай байна вэ?

-Цаг үе ч гэсэн өөр, би чинь 1978 онд төгссөн социализмын үеийн жүжигчин шүү дээ. Олон театртай байлаа, хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр орж байсан. Хэн илүү хөдөлмөрлөж байна, тэр илүү цалинтай байсан. Одоо бол бараг гуйж байж хэдэн төгрөг олж авдаг болж. Социализмын үед юунд ч санаа зоволтгүй ажиллаж болдог байсан. Өнөөдөр үхтлээ ажилласан ч цалингаа авч чадахгүй байна. Би социализмыг магтаад байгаа ч юм биш, гэхдээ нийгмийн өөрчлөлтүүд дунд монголчууд маань хөгжиж чадна л гэж итгэж явдаг.

-Соёлын яамтай болсон. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Соёлын яамтай л болсон доо, өөр юу ярихав дээ. Мэргэжлийн бус хүмүүс юу ч хийж чадахгүй, яг юу хөгжүүлэх гэж байгаагаа ч ойлгоогүй хүмүүс сууж байна.

-Монголын урлагийн салбарын хөгжлийг хэр түвшинд байна гэж хардаг вэ?

-Маш муу. Ухамсар дутагдаж байна, зүгээр карьер хөөгөөд л гүйгээд байгаа болохоос урлагаа хөгжүүлье гэсэн хүн алга. Хамгийн гол нь дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэгтэй ижил. Толгой дээр сууж байгаа хүмүүс нь юугаа ч мэдэхгүй байхад яах юм бэ.

-Залуучууд таныг ахмад жүжигчин гээд түрүүлээд явдаггүй. Оройтсон ч хамт байж л байдаг гэж ярьдаг юм билээ. Таны насны уран бүтээлчид ажил, амьдралынхаа тэнцвэрийг яаж барьдаг юм бэ?

-Хуучин цагт бол уран бүтээлээ нэгдүгээрт, ар гэрээ хоёрдугаарт гэдэг байлаа. Манай гэр бүлийн хувьд 27 жил амьдарсан, эдийн засгийн хувьд тэнцвэртэй болчихоор хүнд санаа зовох зүйлгүй болчихдог. Мэдээж ажлаа тараад гэртээ очлоо, аав, хань хүний үүргээ биелүүлнэ. Ерөнхийдөө өдөр нь ажилдаа, орой нь гэртээ л байдаг.

-Зарим кинонд санхүүжилт олдохгүй удаж байхад зарим кино төрөл жанраасаа хамаараад арай хурдан санхүүжилттэй болдог юм шиг?

-Чанартай бүтээл хийхийн тулд санхүүжилт өндөр байх ёстой. Дутуу дулимаг бүтээлийг, зарим залуус 20, 30, 60 сая төгрөгөөр хийж байна. Кино гэдэг тийм өчүүхэн зүйл биш л дээ.Ийм тулдаа л манайхан ядуу байгаа юм. Ядаж хоёр хөршөө хар л даа. ОХУ-д нэг киноны гол дүрд тоглоход байр, машинтай болчихдог. Манайх бол өчүүхэн. Киноны зураг авалт эхлэхэд авсан урьдчилгаа кино бэлэн болоход дуусч, дараагийн өр тавигдчихсан л байдаг. Ийм байхад яаж баян тансаг амьдрах юм.