Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно

НӨАТ-ын урамшууллын 2022 оны 2 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6000 орчим хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногт шилжүүлнэ

Өнгөрсөн онд тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6,000 орчим хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг ирэх долоо хоногт багтааж шилжүүлэх аж.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсандаа мэдээллээ.

Тэрбээр “Бид Сангийн яамтай хамтран ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сард багтааж хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийхээр боллоо. Мөн энэ сарын хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг хийнэ.

Ebarimt эсвэл ehalamj.mn-д хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаарай. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана. Илэрхийлээгүй нь цагаанаар харагдана.

ХНХЯ

Манай халамжийн хэлтэс болон банкны теллер дээр хүсэлтүүдээ бүртгүүлж болно.

Эцэг эхчүүдээс гуйхад хүүхдийн нэр дансны зөрчилтэй гэж буцаагдаж байсан бол зөрчлүүдээ арилгана уу. Ehalamj.mn-д орж хянаж болно. Бүр болохгүй бол хэлтэс дээр очих, утсаар асуух, Ehalamj.mn цахим хуудас дээрх чатаар холбогдох зэрэг арга хэмжээ авна уу” гэжээ.

Хоёрдугаар сарын 17-ны өдөр 1,033,283 хүүхдэд хүүхдийн мөнгөний шилжүүлэг хийгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөшигийн хөндийд ИНЕГ-ын 600 айлын орон сууц 150 хүүхдийн цэцэрлэг байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөшигийн хөндийд өрнөх бүтээн байгуулалтын зарим ажлын зураг төсөл, газрын байршилтай танилцлаа.

Хөшигийн хөндийд баригдах Засгийн газрын нэгдсэн цогцолбор ИНЕГ-ын 600 айлын орон сууц барих, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зураг төсөл бэлэн болжээ. Тухайлбал, ИНЕГ-ын ажилтнуудын орон сууцыг дагаад 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн хотхон сүндэрлэх юм байна.

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хотыг тэлэх, дагуул хот байгуулах бодлогын хүрээнд Төв аймаг, Хөшигийн хөндийд орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, оюутны хотхон, үйлчилгээний төвүүдийг БНСУ, Казахстан, Сингапур улсын загвараар барьж байгуулахаар төлөвлөж, зөвлөх үйлчилгээ авч, зарим ажлынх нь зураг төслийг гаргасан байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудлын орчимд багагүй газар иргэд, аж ахуйн нэгж авсныг Ерөнхий сайд шүүмжилж, Засгийн газрын шийдвэр албажихаас өмнө иргэд яаж мэдэж, газар авсан байх вэ. Энэ бол цэвэр авлигатай холбоотой асуудал гээд үүнийг шалгахыг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болголоо. Мөн энэ үеэр Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад хариуцлага тооцож, цаашид энд шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетынхаа бүх сайд нартай хамт дээрх ажилтай танилцсан. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа гурван удаа Хөшигийн хөндийд ажиллаж, зарим үүрэг даалгаврыг өгч байсан, өнөөдөр энэ ажлынхаа биелэлтийг шалгаж буй нь энэ юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Г.Эрхэмбаяр: Найруулагчийн санал болгосон дүрийг мөрөөдлийн дүр юм шиг бүтээхийг зорьдог

СТА, жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө “Этгээд” УСК-оо нээсэнд баяр хүргэе. Киноны зураг авалт хэр удаан үргэлжлэв?

-Юуны түрүүнд “Өдрийн сонин”-ы уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Жүжигчин Г.Эрхэмбаярын хувьд бие дааж продюсерлосон анхны уран бүтээл. Киноныхоо гол дүрд тоглосон, анх Мөрөөдлийн театрыг байгуулж байсан шиг бүх зүйл шинэ мэдрэмжийг дахин мэдэрлээ. Найруулагч, зурагчнаар Баатар ажилласан. Хөрөнгө оруулалт, продюсерийг Мандах гэдэг найз маань хариуцсан. Бид гурвын хамтын уран бүтээл. Зураг авалтыг өнгөрсөн арваннэгээс нэгдүгээр сар хүртэл хийсэн. Цас орохыг хүлээж байгаад нэгдүгээр сард үлдсэн цөөн зургаа аваад кино бэлэн болсон.

-Киноны төлөвлөгөөт ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-Өнгөрсөн тав, зургадугаар сараас хоёр гурван уран бүтээл хийе гэж төлөвлөж байсан. “Этгээд” УСК-ны зохиолтой давхар, тайчдаг бүсгүйн тухай киноны ажилд орох гэж байсан юм. Тэр кино түр хугацаанд хойшлогдоод “Этгээд” УСК-ныхоо ажилд орсон.

-Тайчдаг эмэгтэйн тухай кино хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?

-Ирэх дөрөвдүгээр сараас тайчдаг эмэгтэйн тухай кинондоо ажиллана. Гол дүрд нь манай гэр бүлийн хүн Э.Намуунаа тоглоно. Өнгөрсөн долдугаар сараас хойш шон дээр бүжгийн бэлтгэлээ базааж байгаа, гол нь орлон тоглогчгүй. Тэр киног маань үзэгчид их хүлээж байх шиг байна.

-“Этгээд” УСК юу үзүүлэхийг, хэлэхийг зорьсон юм бол…

-Кино урлагийг бүх урлагийн нийлбэр гэдэг шүү дээ. Кино сонирхдог, судалдаг хүмүүс илүү сайн мэдээд байх шиг, уран бүтээлч хүний хувьд чанартай л юм хийчих юмсан гэсэн бодлоор өнгө, гэрэл тавилт, зураг, найруулга, дуу, жүжигчний тоглолт гээд бүгдийг нийлмэл байлгахыг зорьсон. Хүмүүс үзээд “Кайф” аваасай, шинэлэг юм үзүүлье гэж хичээсэн. Мөн энэ уран бүтээлээ олон улсын кино наадамд сойх гэж байгаа.

-Гурван гол дүрээр үзэгчдийг уйдаахгүй, сайхан уран бүтээл болжээ гэсэн үзэгчдийн сэтгэгдэл олон харагдсан. Энэ тухай?

-Хөгжим ч сонсож, уран зураг ч харж бүх юмны нийлбэр болохоор хүмүүс уйдахгүй байгаа юм. Хэрвээ дуу нь ямар сонин юм бэ гээд нэг бодчихвол онцгүй шүү дээ (инээв). Яасан хурдан дуусчихав аа гэж олон хүнээс сонсож байгаа.

-Мөрөөдлийн театрт ажиллаж байгаа юу?

-Театртаа ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жил тайзны уран бүтээлүүд зогслоо.

-Тайзаа санаж байна уу? -Маш их санаж байна (инээв). Киноныхоо нээлтээр тайз дээр гартал чичрээд байсан.

-“Бүтэн амьдрал” ОАК-ны Зоригоогийн дүрээр үзэгчдийг уурлуулж, уйлуулж, үзэн ядуулсан. Тэр дүрийг бүтээхийн тулд удаан хугацаанд судалгаа хийсэн үү, нэг биш олон ангит кино шүү дээ?

-Тэгэлгүй яахав, олон ангит кино гэдэг бол жүжигчин хүнээс сэтгэл зүй, судалгаа, ур чадвар их шаарддаг. Яагаад гэвэл нэгдүгээр ангиас эхлээд 21 дүгээр анги дуустал тэр дүрээрээ амьдарна. Эрхэмбаяр биш Зоригоогоор олон сар амьдарсан. “Бүтэн амьдрал” ОАК маань ард түмэнд хүргэх гэсэн санаагаараа ч, ашиг орлогоороо ч, сенсациараа ч тэр олон ангит кинонууд дундаа хит болж чадсан. Ер нь би оногдсон дүрдээ амьдрахыг хичээдэг.

-Оногдсон дүрээр амьдрахад юу чухал вэ?

-Судалгаа хамгийн чухал, найруулагч Батсайхан ах маань “Жүжигчин хүн гэдэг өнгөрсөн амьдралынхаа дурсамжийг сайн хадгалдаг” гэж хэлж байсан. Хадгалаад тогтоож авсан хүн сайн уран бүтээл гаргадаг юм болов уу гэж боддог. Жишээлбэл, би аав нь өнгөрч байгаа дүрд тогловол хэрвээ Эрхэмээ байсан бол яах вэ, аавыгаа өнгөрч байгаа дурсамжийг дотроо бодож, мэдэрч тогтоож үлдэнэ. Уран бүтээлчид нас ахих тусам сайн уран бүтээл гаргадгийн учир тэр байх. Мэдэрч, тогтоосон дурсамжуудаа онолтойгоо холбоод сайн уран бүтээл гардаг. Бүх л дүрд эд эсээ шатааж, судалгаа хийж л тоглоно доо.

-Таны мөрөөдлийн дүр ямар дүр вэ?

-Яг үнэндээ надад энэ дүр дээр л тоглочих юмсан гэдэг мөрөөдөл байдаггүй. Найруулагчийн санал болгосон дүрийг мөрөөдлийн дүр юм шиг бүтээхийг зорьдог. Тэгээд л түүн дээрээ сайн ажиллахыг хичээнэ.

-Гэр бүлийнхээ хүнтэйгээ кино хийх гэж байгаа гэсэн. Гэр бүл гэдэг утгаараа догдолж байна уу, та?

-Мэдээж догдлолгүй яахав. Гэхдээ ажил, амьдрал хоёрыг ялгаад сурчихсан даа. Шинэ уран бүтээл дээр найруулагчаар ажиллана, дүр бүтээхгүй.

-Таны багш “Жүжигчин хүн зорилго тоглодог юм” гэж хэлдэг байсан гэж уншсан. Ер нь таны амьдралын зорилго юу юм бэ?

-Туйлын бөгөөд үндсэн зорилго бол эрүүл энх, амар тайван, аз жаргалтай амьдрах. Зорилго гэдэг үгэнд хүрэхийн төлөөх бодлууд маань л сайн сайхан руу хөтлөдөг байх. Жишээлбэл, би үргэлж хүний итгэлийг алдахгүй илүү хичээх юмсан гэж бодож явдаг. Хэн нэгэн магтахад, шүүмжлэхэд хүлээж авч илүү их хичээх хэрэгтэй.

-Таныхаар Монголын урлагийн салбарын хөгжил ямар түвшинд явж байна?

-Камертай болгон кино хийж, бараг хүн бүр кино найруулж байна. Нэг талаараа зөв л гэж боддог, хийгээд л, үзээд л байх хэрэгтэй. Тэгж байж үзэгчид ч, уран бүтээлчид ч хөгжинө. Өрсөлдөгчгүй бол хөгжихгүй шүү дээ. Гадны кино наадмуудаас яагаад монгол кино шагналыг нь аваад байгаа юм. Монголчууд мөнгө өгч лав аваагүй байх, тэгэхээр гадныхан үзэж байна, хөгжиж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхболд: Тойрог зам дөрвөн замын уулзвараас дөрөв, тав дахин нэвтрүүлэх чадвартай байдаг

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболдтой замын хөдөлгөөний дүрэм болон түгжрэлийн асуудлаар ярилцлаа.


-САППОРОГИЙН УУЛЗВАР ТОЙРОГ ЗАМТАЙ БАЙХАД ХЭЗЭЭ Ч ДӨРВӨН ТАЛААСАА ГАЦАЖ БАЙГААГҮЙ-


-Замын хөдөлгөөний нөхцөл байдлаас ярилцлагаа эхэлье. Баяр наадмын үе шиг л замууд таг гацаж байна. Уулзвар, гэрэл дохио бүрт цагдаа нар зогсож харагдах юм. Ачаалал яг яаж нэмэгдэв?

-Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаал 2022 оны хоёрдугаар сарын 9-нөөс гарч, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар хичээллүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой авто замын түгжрэл, саатал нэлээд үүсч байна. Сургууль, цэцэрлэг амарч байх үед өдөрт дунджаар 250-350 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байсан. Харин одоо бол замын хөдөлгөөн 10-20 хувиар нэмэгдээд байна. Ялангуяа Энхтайваны өргөн чөлөө, Энхтайваны гүүр, та бидний ярьж заншсанаар Наадамчдын гудамж буюу Яармагийн замд хөдөлгөөний ачаалал их үүсч байна.

-Тээврийн цагдаагийн байгууллага замын түгжрэлийн шалтгааныг юу гэж харж, дүгнэдэг юм бол?

-Замын түгжрэл үүсч байгаа хэд хэдэн гол шалтгаан байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсад жолоочийн бүртгэлтэй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй 1.4 сая хүн байна. Тээврийн хэрэгсэл нь ч 1.4 сая байна. Энэ нь насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь жолооч, нэг нь автомашинтай гэсэн үг.

Манай улс 2020, 2021 онд ковидын нөхцөл байдалтай байлаа. Үүнээс улбаалж гадаадад байсан Монгол Улсын иргэд эх орон руугаа зорчин ирэх хөдөлгөөн нэмэгдсэн. Автомашин худалдаалдаг томоохон зах, худалдааны төв, жишээ нь, Да хүрээ зэрэг захын автомашины борлуулалт дууссан байдалтай байна. Авто тээврийн бүртгэл хяналтын төв дээр ирж байгаа мэдээллээр бол жилд 80.000 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдэж байна. Энэ нь замын ачааллыг зохиомлоор үүсгэж байгаа нэг үндэслэл.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанд хоногт дунджаар 300-400 дуудлага мэдээлэл ирдгээс яг зам тээврийн осолтой холбоотой нь 200-300 орчим байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд 200-300 цэгт зам тээврийн осол гарч байна гэсэн агуулга. Түгжрэлийн бас нэг шалтгаан энэ.

-Осол гарсан тохиолдолд шуурхай баримтжуулаад замаа чөлөөлөх байдал манайд муу юм шиг харагддаг. Үүнээс л болж түгжрэл үүсээд байдаг байх нь?

-Эхлээд хэлэхэд зам тээрийн ослын шалтгаан жолооч нар үл ойлголцол, соёлын байдлаас болж осол аваар гардаг. Бие биедээ зам тавьж өгөөгүйгээс мөргөлддөг, шүргэлцдэг. Ийм байдлуудыг арилгачихвал замын хөдөлгөөний ачаалал саарах боломжтой. Жишээ нь, олон улсад хэрэгждэг “Та-би-та” зарчим байдаг. Гэтэл манайд “Та-би-та” биш “Би” гэдэг хувийн аминчхан байдлаас болж зам тээврийн ослын дийлэнх нь гардаг.

Өдөрт 200-300 цэгт осол гардаг гэж хэллээ. Манай эргүүлийн байцаагчид гурван бүсэд хуваагдаад хөдөлгөөнийхөө эргүүлийг хийж явдаг. Хэрэв нэг бүс дээр тав зургаан осол гарах юм бол байцаагч дуудлагынхаа дарааллаар явдаг. Хэрэв шаардлагатай гэж үзвэл ойролцоо бүсийн эргүүл дуудлагагүй бол түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс хамтарч ажилладаг. Даатгалын байгууллага мөн адилхан, ингэж бүсчилж явдаг.

Гол нь иргэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй байдлаасаа болж заавал цагдаа ирж хэмжилт хийнэ, эсвэл даатгал ирэхийг хүлээдэг. Энэ талаар замын хөдөлгөөний дүрэмд тодорхой заачихсан. Хэрэв та зам тээврийн осол гаргаад хөдөлгөөнд саад учруулж байгаа бол 102 дугаарын утсанд дуудлага өгнө. Мөн даатгал руу холбогдоно, хэрэв хүн гэмтсэн бол 103-т дуудлага өгөх ёстой. Шаардлагатай тохиолдолд хэргийн газрын зургийг дөрвөн талаас нь авах, дөрвөн дугуйн дээрээ ямар нэгэн зүйлээр тэмдэглэгээ хийгээд уулзварыг чөлөөлж, бусад хөдөлгөөнд оролцогчдод давуу байдлыг олгох ёстой. Гэтэл дүрмийн мэдлэггүйгээс болж ослын газар дээрээ зогсоод л байдаг. Хөдөлчихвөл миний буруу болчих байх гээд. Нэгэнт фото зураг, тэмдэглэгээтэй байхад цагдаагийн албан хаагч хэмжилтээ хийгээд л явна. Ямар ч ялгаагүй.

-Жолооч нар замын хөдөлгөөний соёлгүйгээс болж осол гарах шалтгаан болж байна гэлээ. Дүрмийн мэдлэггүй хүмүүс ч хөдөлгөөнд оролцож явдаг шүү дээ?

-Жолооч нарын осол гаргаад байгаа явдалд цагдаагийн байгууллага анализ хийгээд үзэхээр нийт 1.4 сая жолооч нарын 50-60 хувь нь 18-30 насны ид хөдөлмөрийн насны залуус байна. Нэг ёсондоо туршлага бага жолооч нар гэсэн үг. Үүнээс харахаар сургалтын систем манайд олон улсаас хоцрогдож байна гэж үзэж байгаа. Жишээ нь, Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй Азийн орнуудад замын хөдөлгөөнд оролцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцлагыг өндөржүүлсэн. Манайд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эхний удаад 400.000 төгрөгөөр торгож, нэг жил жолоо барих эрхийг хасдаг. Давтан баригдах юм бол 7-30 хоног баривчилдаг.

Харин Солонгост согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдвал бүх насаар нь жолоодох эрхийг хасах арга хэмжээг авч эхлээд байна. Торгууль нь гэхэд 10 сая хүртэл вон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод хүний амь нас хохирсон, гэмтсэн бол тус улс бүх насаар нь хорих хүртэл ялыг 2020 оны шинэчилсэн хуулиараа оруулаад өгчихсөн.

Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авахдаа тэдгээр улсууд иргэдээрээ 100 карт бөглүүлдэг. 100 карт бөглөнө гэдэг замын хөдөлгөөний дүрмийг бүгдийг нь уншиж, цээжилж таарна. Манайд 20-хон карт бөглөж байгаа. Тэгэхээр хүн бингодох юмуу, бидний ярьдгаар таамгаар бөглөөд төгсөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр дунд дүрмээ уншиж байгаа сайн төгсөгчид байгаа л даа.

Нэг ёсондоо олон улсын жишиг бол замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлье гэвэл хууль нь чанга байх хэрэгтэй юм байна. Дээрээс нь иргэдийн ухамсрыг сайжруулах шаардлагатай нь харагдаж байна. Манайхаас Боловсрол, шинжлэх ухааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлдэг. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг оруулъя. Хүүхдэд багаас нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгоё гэж. Энэ аргууд Япон, Солонгост хэрэгждэг. Гэтэл манайд зам тээврийн осол гаргачихаад 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгөхөө мэдэхгүй хүмүүс төгсөж байна шүү дээ.

-Замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлэх, зөрчсөн тохиолдолд торгуулиа төлөх асуудал манайд тун хүнд. Замын цагдаа торгуул бичээд л байдаг, араас нь Өршөөлийн хууль гаргаад тэглэчихдэг. Танай алба үүн дээр ямар суурьтай байдаг вэ?

-Цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагч уулзварынхаа ойр орчимд 100-200 метрт хяналт тавих ёстой. Тэнд гарч байгаа зөрчилд хариуцлага тооцох нь хууль ёсны үйлдэл. Уг нь хуулиндаа цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага буюу торгуулийг 14 хоногийн дотор төлөх ёстой байдаг. Үүнтэй давхар зөрчлийн оноо хасагддаг. Торгуулиа төлөөд, дахин зөрчил гаргахгүй бүтэн жил явахад зөрчлийн оноо сэргэдэг журамтай. Үүнийг жолооч нар ихэнх нь мэддэггүй.

Торгууль төлүүлэх асуудал дээр сүүлийн үед манайд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд жолоочоор хүн авахдаа торгууль, замын хөдөлгөөнд хэрхэн оролцдогийг нь хардаг болж эхлээд байна. Энэ бол сайшаалтай. Та манай компанид борлуулалтын жолооч хийх гэж байна. Таны мэдээллийг шалгахаар тэдэн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна, тийм газруудад дүрэм зөрчиж торгуулсан байна. Ер нь та их зөрчил гаргадаг юм байна. Дээрээс нь татвар, торгуулаа төлдөггүй юм байна гэж хөшүүргийн арга хэмжээ авч байна.

-Гэхдээ нийтлэг арга хэмжээ биш шүү дээ?

-Тийм л дээ. Энэ тал дээр цагдаагийн байгууллагатай хамтраад дүрэм журам болгож боловсруулан, Монгол Улсын хэмжээнд ажиллаж байгаа төрийн болон хувийн байгууллагууд ийм байдлаар хяналт тавиад эхэлбэл үр дүнтэй. Дараа нь нэг ажилд оръё гэхэд зөрчилтэй бол ажилд орохгүй юм байна гэдэг ойлголт жолооч нарт бий болно. Ийм зарчмыг бусад улсууд хуулиндаа хүртэл зохицуулаад өгчихсөн байдаг.

Жолоочийн хариуцлагыг чангаруулъя гэвэл хуультайгаа л ярих ёстой. Нэгэнт би нэг хүн дээр очоод “Чи дүрэм зөрчиж болохгүй шүү” гэж хэлээд нэмэргүй. Нийтийг хамарсан эрх зүйн зохицуулалт бол хууль. Тиймээс хуулинд өөрчлөлт оруулах арга зам байгаа гэсэн үг. Цагдаагийн байгууллага бол гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэг, чиглэлийнхээ хүрээнд ажилладаг.

-Улаанбаатар хотын замын түгжрэл олон гэрэл дохионоос үүдэлтэй гэж зарим мэргэжлийн хүмүүс хэлж байна. Гэрэл дохиогоо цөөрүүлж, зүүн гар тийш эргэхийг хориглобол хөдөлгөөний эрч буурах боломжтой гэх юм. Үүн дээр замын цагдаагийн байгууллагын байр суурийг сонсмоор байна?

-Замын зохион байгуулалттай холбоотой асуудлыг Хотын захиргаа шийддэг. Тээврийн цагдаагийн албанаас санал л хүргүүлдэг. Хэрэгжүүлэгч байгууллага нь Нийслэлийн захирагчийн алба болон Нийслэлийн авто замын газар. Нийслэлийн авто замын газарт замын инженерчлэлийн судалгааны том байгууллага, баг ажиллаж байдаг. Одоогоор Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид хөдөлгөөн зохицуулалт дээр ажиллаж байна.

Уг нь гэрэл дохио бол цагдаагийн албан хаагчийг орлох зохицуулалт байх ёстой. Гэвч үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас цагдаагийн албан хаагчид уулзвар, гэрэл дохионууд дээр зогсч байна. Нөгөө талаар Замын хөдөлгөөний дүрэмд таны орох гэж байгаа уулзвар гацаатай байвал та хөндлөн замаас яваа тээврийн хэрэгсэлд саад болохгүйгээр зогсох ёстой гэдэг. Гэтэл манайх түгжирчихсэн байсан ч араас нь очиж зогсоод би ч явахгүй, хөндлөн замын жолооч ч явах боломжгүй болгоод таг гацаачихдаг. Энэ үед иргэдийн бухимдал үүсдэг. Гацаж, гацаж гарахаар уулзвар дээр цагдаа зогсож байдаг. Тэгээд л “Өө цагдаа гацаагаад байсан байна” гэдэг. Гэтэл цагдаа бол тэр уулзварын гацааг арилгахаар, бусад хөдөлгөөнд оролцогчдод давуу эрх олгохын төлөө гэрэл дохионы үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ талаас нь ойлгоосой гэж хүсч байна.

-Түгжрэлийг бууруулах тал дээр Тээврийн цагдаагийн албанаас ямар нэг санал гаргасан уу?

-Тээврийн цагдаагийн алба болон бусад төрийн байгууллагуудаас сургууль, цэцэрлэгийн эхлэх болон тарах цагийг ажлын цагаас зөрүүлэх саналыг Хотын захиргаанд хүргүүлсэн. Үүний дагуу Нийслэлийн захирагчийн албанаас олон нийтээс санал асуулга авч эхлээд байна. Харин гэрэл дохиотой холбоотой асуудал яригдаагүй байна. Энэ бол манайхаас хамаарах асуудал биш.

-Зүүн эргэхийг хориглох шийдвэр өмнө нь гарч байсан ч улс төрөөс болж зогсож байсан. Ер нь замын хөдөлгөөн, түгжрэлд улс төр нөлөөлж байгаа гэсэн агуулга яригддаг?

-Зарим шаардлагатай уулзваруудад чигээрээ явах хөдөлгөөний эрчим их байдаг. Гэтэл зүүн болон баруун эргэх чиглэл дээр хоёрхон машин зогсож байх тохиолдол бий. Нийт гэрэл дохионы асах хугацаа 20-30 секунд. Шулуун гэрэл нь 30 секунд асаад зүүн эргэх гэрэл 30 секунд давхар асангуут бусад хөдөлгөөнд оролцогч хүлээх болчихдог. Гэтэл энэ хугацаанд хоёр машин гараад л сул болчих жишээтэй. Өндөр хөгжилтэй улсуудад замын түгжрэл саатал их үүссэн газруудад уулзвараа тойрог хөдөлгөөнд оруулж шийдвэрлэдэг жишиг бий.

Энгийнээр хэлэхэд, манайд Саппорогийн тойрог, Баянбүрдийн тойрог гэж байгаа шүү дээ. Уг нь тойрогтой уулзвар дөрвөн замын уулзвараас илүү хөдөлгөөн нэвтрүүлэх чадвартай. Яагаад гэвэл гэрэл дохио бол зөвхөн нэг талынхаа хөдөлгөөнийг авдаг, бусад хөдөлгөөн зогсчихдог. Тэгээд л ачаалал үүсчихдэг. Тойрог бол мөнхийн урсгалтай. Жолооч нарын ухамсаргүй соёлгүй байдлаас болж хэн нь төв зам, хэн нь туслах замаа мэдэхгүй дайрч ороод мөргөлддөг. Тэгээд л тойрог гацчихдаг. Үүнээс үүдэж манайх тойргийг болиулаад дөрвөн зам болгочихдог. Гэрэл дохиотой уулзвар нэг цагийн дотор 100 машин нэвтрүүлж байхад тойрог хөдөлгөөнтэй зам 400, 500 машин нэвтрүүлэх чадалтай. Та санаж байвал Саппорогийн уулзвар тойрог замтай байхад хэзээ ч дөрвөн талаасаа гацаж байгаагүй.

-Яармагийн замын ачаалал юунаас болж байна вэ?

-Зам, замын байгууламжтай холбоотой. Яармагийнх нэг л замтай. Яармагийн эцсээс Туулын гүүр рүү орж ирээд уулын зам, наадамчдын гудамж, Саппоро гээд салаад явчихдаг. Цаанаас ирж байгаа урсгал нэг чиглэлтэй учраас гацаад байгаа юм. Миний дуулснаар Яармагийн эцсээс шууд Хархорин руу нийлэх зам барих ажил Нийслэлийн авто замын газар дээр яригдаж байгаа юм билээ.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хөх луу өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 20, Адъяа гариг. Билгийн тооллын 19, Тугчин одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 07:50 цагт мандан, 18:22 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байх авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, Өдөртөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 35-40 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 27-32 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 22-27 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 16-21 градус, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эйлин Гу хоёр дахь алтан медалиа авч, Хятад улсын олимпын амжилтыг ахиуллаа

АНУ-д төрсөн 18 настай цанын спортын тамирчин Эйлин Гу энэ удаагийн өвлийн олимпын наадамд ээжийнхээ эх орон Хятад улсын нэрийн өмнөөс өрсөлдөж байгаа билээ.

Тэрбээр Баасан гарагт эмэгтэйчүүдийн чөлөөт цанын halfpipe төрөлд түрүүлж, хоёр дахь алтан медалиа зүүжээ. Тэр бас нэг мөнгөн медаль авсан бөгөөд Бээжин 2022 наадмаас нийтдээ гурван медаль зүүгээд байна.

Эйлин Гу 2019 онд Хятад улсын өмнөөс өвлийн олимпын наадамд өрсөлдөх шийдвэр гаргасан нь тухайн үедээ нэлээд маргаан дэгдээж байв.

Гэсэн хэдий ч тэр Хятадад “Цасны гүнж” хэмээн өргөмжлөгдөж, өнгөрсөн онд томоохон брэндүүдтэй хийсэн сурталчилгааны гэрээнүүдээс нийтдээ $31.4 саяыг олсон юм.

“Би яг л америк хүн шиг ярьдаг, бас харагддаг. Хэн ч намайг америк биш гэхгүй. Хятадад ирэхэд намайг бас хэн ч хятад биш гэж хэлж чаддаггүй. Би хэлээр нь чөлөөтэй ярьж, соёлыг нь маш сайн мэддэг” гэж Гу саяхан хэвлэлд ярьж байжээ.

Эйлин Гугийн авсан хоёр алт, нэг мөнгөн медалийн ачаар Хятад улс өвлийн олимпын наадмын түүхэнд хамгийн өндөр амжилтаа үзүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар тус улсын баг 8 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль, нийт 14 медальтай дэлхийн улс орнуудаас Норвеги, Герман, АНУ-ын дараа дөрөвт эрэмбэлэгджээ.

Хятадын баг 2006, 2010 оны өвлийн олимпын наадмуудаас тус бүр 11 медаль авч байсан нь өмнөх дээд амжилт нь байсан юм. Ингэхдээ нэг өвлийн олимпын наадмаас дээд тал нь таван алтан медаль авч байжээ.

Эх сурвалж: Business Insider

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Уушги цэвэрлэх арга

Олон жил тамхи татсан хүн бронхит, ханиалга цаашлаад уушгины хорт хавдартай болдог. Үүнээс сэргийлэх хамгийн сайн арга бол мэдээж тамхинаас гарах. Гэхдээ тамхинаас гарч чадахгүй байгаа бол ядаж уушгиа цэвэрлэдэг аргыг мэдээд авахад хэрэгтэй. Уушги цэвэрлэгч ундаа хийх арга.

Орц:

  • 1 кг сонгино
  • 1 л ус
  • 400 гр хүрэн сахар
  • 2 цайны халбага куркума /turmeric/
  • Арилгасан жижгэвтэр цагаан гаа

Хүрэн сахараа усанд хийж гал дээр тавина. Сонгиноо арилган дөрөв хуваан хэрчиж, жижиглэж хэрчсэн цагаан гаа, turmeric нунтагтайгаа холино. Ус буцалсны дараа бэлдсэн бэлдмэлээ хийж галыг нь багасгана. Ус ширгэж талдаа ортол нь зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь шилэн саванд хийж хөргөнө. Хөрснийх нь дараа хөргөгчинд хийх хэрэгтэй.

Бэлдмэлийг өлөн элгэн дээрээ хоёр халбага, орой хоол идэхээс хоёр цагийн өмнө хоёр халбага идээрэй.

Categories
мэдээ нийгэм

Луганскийг орхисон дүрвэгсэд Ростов мужийн шалган нэвтрүүлэх цэгт ирсээр байна

Украин болон салан тусгаарласан Лунгаскийн Бүгд найрамдах улсын хил дээр болж буй зөрчлөөс үүдэн Луганскийн оршин суугчид орон гэрээ орхин дүрвэж Ростов мужийн “Изварино-Донецк” шалган нэвтрүүлэх боомтыг зорих болжээ. Өөрийг Бүгд Найрамдах Луганск Ард Улс хэмээн тунхагласан тус улсын дүрвэгсэд баасан гаригийн шөнө ч Ростов мужийн Изварино-Донецк шалган нэвтрүүлэх боомтод ирсэн байна.

Хэдийгээр орой болсон ч шалган нэвтрүүлэх цэг хөл хөдөлгөөн ихтэй байгаа аж. Луганск болон жижиг хотуудаас хэсэг бүлэг дүрвэгчид өдөр шөнө ялгаагүй өөрсдийн машинаар эсвэл таксигаар, найз нөхдийнхөө унаагаар хүргүүлж ирдэг байна.

Өчигдөр орой Лунгасккаас ирсэн том цүнх барьсан хоёр эмэгтэй “Мэдээж бид 2014 он давтагдах вий гэхээс маш их айж байна. Охины маань найзууд цэргийн холбоо барих шугамын ойролцоо амьдардаг. Өчигдөр гэхдээ Укриан талаас тийм ч олон удаа буудсангүй” хэмээн ярьжээ. Тэд найз нөхөд, хөршүүдтэй орж ирсэн байна.

Оросын хилчид тэдэнд Ростов мужийн Донецк хотод байрлах түр байрлах газрын хаягийг өгч байгаа бөгөөд дүрвэгсэд байр руу таксигаар явж очдог аж. Олон хүн дүрвэгсдийн байранд хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулздаг бөгөөд дүрвэгсдийн дунд олон хүүхэд байгаа. Мөн зарим хүн тэжээвэр амьтдаа дагуулж яюж байгаа аж.