Categories
мэдээ спорт

Таеквондоч Б.Баатархүү АНУ-ын Виржиниа мужийн тэмцээнээс медаль хүртлээ

Сэлэнгэ аймгийн Хөтөлийн “Таеквондо хөгжлийн төв” клубийн тамирчин, таеквондоч Б.Баатархүү АНУ-ын Виржиниа мужийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр АНУ-д мастерт сурч байгаа бөгөөд Виржиниа мужийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож медалийн тавцанд зогссон байна.

Categories
мэдээ нийгэм

Соёлын салбарын сэргэлтийн бодлогыг танилцуулав

Соёлын сайд Ч.Номин энэ сарын 18-нд Төрийн ордонд аймгийн Засаг дарга болон ИТХ-ын тэргүүлэгчидтэй уулзаж Соёлын салбарын бодлого, орон нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оноос хэрэгжиж эхэлсэн, мөн аймгууд Соёлын хэлтэстэй болсон зэргээр Соёлын яам орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах цар хүрээ улам өргөжсөн юм. Энэ өөрчлөлтийн хүрээнд соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд аймгууд шууд оролцоотой, Соёлын яамтай байнгын харилцаа холбоотой ажиллах ёстой болж байгаа юм.

Энэ уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин: “Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд оролцож буй Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Соёлын салбарын бодлогын хэрэгжилтийг орон нутгийн түвшинд ханган ажиллахад Та бүхний оролцоо, хамтын ажиллагаа маш чухал болж байгаа.

Өнгөрсөн онд соёлын салбарынхаа бодлого, эрх зүйн шинэчлэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж, анх удаа соёлын салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 24 жилийн хугацаанд шинэчлэгдээгүй байсан Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг салбарын гурван ч хууль УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан.

Монгол Улсын Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор бид Үндэсний бахархал, эв нэгдлийн сэргэлт, Соёлын дархлааны сэргэлт, Соёлын эдийн засгийн сэргэлтийн 3 тулгуурт бодлогын тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна.

Салбарын стратегийн зураглалаа гаргахдаа бид “Алсын хараа-2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан тус салбарт хамаарах зорилго, зорилт болон Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Соёлын тухай хууль, бусад хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн шинжилгээнд тулгуурлан Алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлсон.

Цогц бодлого, эрх зүйтэй, дижитал үйл ажиллагаатай, мэргэшсэн хүний нөөцтэй, соёл гэгээрлийн үйл ажиллагаа нь хүртээмжтэй, соёлын өвийн дархлаатай, урлаг, уран бүтээлээр тэргүүлэх байр суурьтай, стандартын шаардлагад нийцсэн соёлын байгууламжтай, үр ашигтай бүтээлч үйлдвэрлэл, олон талт соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлж, үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.

Энэ зорилт, үйл ажиллагааны хүрээнд та бид өнгөрсөн 2021 онд анх удаа хамтран ажилласан бөгөөд энэхүү бодлого, зарчим, стратегийн хүрээнд энэ онд хамтран ажиллах гэрээг боловсруулсан” гээд соёлын салбарын сэргэлтийн бодлогоо танилцуулж, аймгийн удирдлагуудын асуултад хариуллаа.

Орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахдаа Соёлын сайд Ч.Номин:

  • Ёс зүйтэй төрийн албаны шинэтгэл,
  • Үр дүнд суурилсан төсвийн шинэтгэл гэсэн үндсэн хоёр чиглэлийг баримтлан ажиллана гэдгээ мөн хэлсэн юм.

Ёс зүйтэй төрийн албаны шинэтгэл: Соёлын яам нь соён гэгээрүүлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2022 онд Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийн таван зорилтын нэг болох ёс зүйтэй төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

Тоймловол, соёлын салбарт иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, ёс зүйтэй хандлага ба шийдвэр гаргалт, шаардлага хангасан сонгон шалгаруулалт, ёс зүйг болон сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд орон нутагт ч уялдаатай хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн.

Ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд сургалтууд зохион байгуулах, төрийн албаны салбар зөвлөл болон яамны аппаратаар дамжуулан ёс зүйн зөрчил, гомдол, саналыг түргэн шуурхай шийдвэрлэх юм. Мөн яамны сургалтын төлөвлөгөөнд ёс зүйтэй төрийн албыг хэрхэн хэрэгжүүлэх талаар Төрийн албаны зөвлөлтэй хамтран сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Үр дүнд суурилсан төсвийн шинэтгэл: Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг төсвийн шинэчлэлийн жил болгон зарласантай холбогдуулан салбарын байгууллагуудын үр дүнд суурилсан төсвийн шинэчлэлийн тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа юм.

Төсвийн шинэчлэлийг хийснээр төсвийн хөрөнгө үр өгөөжтэй, оновчтой зарцуулах тогтолцоо бүрдэх, үр дүнд суурилсан уян хатан санхүүжилтийн аргачлал үйл ажиллагаанд нэвтрүүлэх, Орон нутгийн соёлын байгууллагууд хагас бие даасан байдлаар төсвөө зарцуулах, үр дүнгээ үнэлүүлэх боломжтой болох, соёлын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцож, эдийн засгийг эрчимжүүлэх төсөв, санхүүгийн шинэчилсэн арга хэмжээнүүд хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа юм гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өсчээ

Иргэд эрүүл мэнддээ анхаарал тавьж, 1-2 жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг болох дадлыг хэвшүүлбэл өвчлөл, нас баралт . Монгол эмэгтэй хүний дундаж наслалт 75.6 байгаа бол эрэгтэй хүнийх 66.1 байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.5 насаар, эрэгтэйчүүдийн дундаж наслалтын дэлхийн үзүүлэлтээс 4.7 насаар бага байна.

Амьдралын буруу хэвшил, эрүүл мэнддээ тавих анхаарал сул байдгаас монгол эрчүүд эрт нас бардаг. Энэ мэт шалтгаанаас үүдэж өрх толгойлсон эмэгтэйчүүд, ганц бие эмээ нарын тоо өсөж байгаа нь нийгмийн эмзэг асуудлын нэг мөн билээ.

2020 онд улсын хэмжээнд 153 мянган хүн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар төсөвлөсөн санхүүжилтийн 8.8-хан хувийг зарцуулжээ. 2021 онд энэ үзүүлэлт буурч төсөвлөсөн зардлын 4.4 хувийг зарцуулсан байна. Эрт илрүүлгэд хамрагдах иргэдийн тоо өнгөрсөн онд буурсан нь ковидын нөлөөгөөр эмнэлэг халдварын эрсдэлтэй орчин болсонтой ч холбоотой юм.
Өнөөдрийн байдлаар 11 аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулагдаад байна.

Урьдчилан сэргийлэх үзлэгийг Аймаг дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд болон гурав дахь шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд, хувийн эмнэлэг лабораториудад хийх юм. Эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан ЭМДЕГ-аас эмнэлгүүдийн дунд дахин сонгон шалгаруулалт хийх гэж байна.

Монгол Улс нэг хүнд ногдох эмнэлгийн орны тоогоор дэлхийд 10-рт эрэмбэлэгддэг. Хөгжсөн орнуудын хувьд эмнэлгийн орны тоо олон байх нь чухал үзүүлэлт биш бөгөөд иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах дадалд сургасан байдаг. Орны тоо олон байх нь эрүүл мэндийн салбарын зардлыг нэмэгдүүлэх сөрөг талтай хэмээн үздэг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, явган шуурга шуурч, жавартай хүйтэн хэвээр байна.


2022 оны 02 сарын 20-ны 20 цагаас 02 сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.


2022 оны 02 дугаар сарын 22-ноос 02 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24, 25-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Зүүнбаян-Хангийн төмөр замын ажил үргэлжилж байна

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 4-ний өдрөөс эхэлж, амжилттай үргэлжилж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.3 км төмөр замын төслийн доод бүтцийн газар шороо, ухмалын болон үер ус хоолойн барилга угсралтын ажлыг Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн удирдах газрын харъяа Зэвсэгт хүчний ангиудаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ажлаа эхэлсэн билээ.

Монгол Улс, БНХАУ-ын хилийн Ханги-Мандал боомт хүртэл ойролцоогоор 226,3 км төмөр замын суурь бүтцийг барьж, БНХАУ-ын төмөр замтай холбосноор Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 км буюу 318 км-ээр дөт болж, түүхий эд, бараа материалыг тээвэрлэх тээвэрлэлтийн зардал буурч, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөж өндөртэй бүтээн байгуулалт болон хэрэгжих юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран MUNCEP хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ нь АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран Mongolian – U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо дуулгахад таатай байна.

Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилго бүхий Хөтөлбөрийн агуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.usasiainstitute.org/mongolian-us-national… холбоосоор орж үзнэ үү.

Цаг хугацааны дараалал:

3 дугаар сарын 10: MUNCEP 2022 хөтөлбөрт оролцох хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч дуусна.

3 дугаар сарын 21: MUNCEP 2022 хөтөлбөрт оролцохоор шалгарсан иргэдийг зарлана.

3 дугаар сарын 20 – 5 дугаар сар: АНУ-ын Азийн хүрээлэн оролцогчдыг дадлага хийх байгууллагад хуваарилж, дадлагын удирдагчтай холбож өгнө.

6 дугаар сарын 6-10: Хөтөлбөрийн танилцуулга арга хэмжээ болно.

6 дугаар сарын 13 – 7 дугаар сарын 29: Хүлээн авагч байгууллагад дадлага хийнэ.

8 дугаар сарын 1-5: Дадлага хийсэн байгууллага, АНУ-ын Азийн хүрээлэн, ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзаж, дадлагын үр дүнг тайлагнана. Монгол Улс, АНУ-ын харилцааны талаар ЭСЯ-ны дипломат ажилтнууд мэдээлэл өгнө.

Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:

– 18-25 настай

– Бакалаврын эсхүл магистрын шатны сургалтад сурч буй, эсхүл сургуулиа төгсөөд удаагүй байгаа

– АНУ-д байнга оршин суугч (ногоон карттай) Монгол Улсын иргэн эсхүл АНУ-ын иргэншилтэй байх

– Манлайлах ур чадвартай, харилцааны өндөр чадвартай

– Нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулсан туршлагатай

– Англи хэлний өндөр мэдлэгтэй (бичгийн болон аман)

– Эцэг, эх нь Монгол Улсын иргэн байх

Бүрдүүлэх материал:

Хөтөлбөрт оролцогчид 2022 оны 3 дугаар сарын 10-ны дотор дараах баримт бичгийг /англи хэлээр/ бүрдүүлж usasiainstitute@hotmail.com цахим хаягаар илгээнэ үү. Хөтөлбөрийн талаарх аливаа асуултад АНУ-ын Азийн хүрээлэнгийн 757-373-8398 утсаар холбогдон хариулт авах боломжтой.

– Товч намтар, зурагтай (resume with photo)

– Хөтөлбөрт оролцох зорилго ба үр нөлөөг тодорхойлсон нэг нүүр зохион бичлэг. Яагаад хөтөлбөрт оролцохыг хүсч буй болон хөтөлбөрт оролцох нь Таны ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар зохион бичлэгтээ тусгасан байна.

– Сүүлийн улирлын сурлагын дүнгийн хуулга

– АНУ-д байнгын оршин суугч эсхүл тус улсын иргэншилтэй болохыг нотолсон баримт бичгийн хуулбар

– Монгол гаралтайг нотолсон баримт бичгийн хуулбар. Тухайлбал, эцэг эхийн Монгол Улсын иргэний баримт бичгийн хуулбар байж болно.

– Тодорхойлох захидал

Хөтөлбөрт оролцохтой холбогдох бүхий л зардлыг оролцогч өөрөө хариуцна.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр ангийн сурагч Д.Хүчитбаатар автобусанд гарсан галыг унтраажээ

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харьяа “Тэмүүжин Өрлөг” дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч Д.Хүчитбаатар хүү автобусанд гарсан галыг унтрааж, жолооч эмэгтэйд туслан зорчигчдыг гаргажээ.

Уг автобус хоёрдугаар сарын 15-нд Гачуурт чиглэлд зорчигч тээвэрлэж байсан байна.

Тус сургуулийн захиргаанаас “Монгол цэргийн сүр хүч, эх оронч үзэл төлөвшлийн тод илэрхийлэл, ирээдүйн офицеруудын залгамж халааг нийгэмд бэлтгэдэг Нийслэлийн Тэргүүний ЕБ-ын “Тэмүүжин Өрлөг” сургуулийн Г. Үүрцайх багштай 9а ангийн сурагч Д.Хүчитбаатарт сургуулийнхаа нийт сурагчид, ажилтан албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж талархал илэрхийлье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Сарамбайн үзүүлэх харваанд спортын мастер Ц.Булган тэргүүллээ

Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн тэмцээн “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн дээр үргэлжилж байна. Монголын үндэсний сурын харвааны сарамбайн үзүүлэх харвааны тэмцээнд 21 эмэгтэй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн бөгөөд Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, “Засагт хан” клубын харваач Ц.Булган алтан медаль хүртлээ. Харин дэд байрт “Хилчин” спорт хорооны тамирчин Г.Энхмандах, гуравдугаар байрт “Зуун мэргэн” клубын тамирчин, дархан мэргэн Х.Оюунчимэг шалгарсан юм. Мөн тус харвааны дөрөвдүгээр байрт “Петровис” компанийн тамирчин Б.Отгонжаргал, тавдугаар байрт “Зуун мэргэн клубын харваач Д.Бадамхорлоо нар шалгарлаа. Түрүү харваач, спортын мастер Ц.Булган нь үндэсний сур харвааны спортоор найм дахь жилдээ хичээллэж буй бөгөөд 2016 оны нээлтийн харваанд тэргүүн байр, 2017 оны Улсын баяр наадамд дөрөвдүгээр байр, 2020 оны Улсын баяр наадамд тавдугаар байр эзэлж, 2016 оны УАШТ-ээс алтан медаль хүртэж байсан юм.

Categories
гадаад мэдээ

Камбожид 3-5 настай хүүхдийг вакцинд хамруулна

Зүүн өмнөд Азийн Камбожи улсад ковид-19 халдварын омикрон хувилбарын тохиолдол өдөр бүр нэмэгдэж байгаа энэ үед 3-5 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлнэ гэж тус улсын ерөнхий сайд мэдэгдлээ.

Тодруулбал, олон нийтэд цацсан аудио мессеждээ ерөнхий сайд өнгөрсөн оны 12 дугаар сарын дундуур омикрон хувилбар тус улсад нэвтэрснээс хойш халдвар авсан хүмүүсийн 20 гаруй хувь нь тав ба түүнээс доош насны хүүхдүүд байсан гэжээ. “Тиймээс 3-5 хүртэлх насны хүүхдийг омикрон хувилбараас хамгаалахын тулд вакцинд хамруулах шаардлагатай” гэж мэдэгдсэн байна. Улс даяар ойролцоогоор 700 мянган хүүхэд энэ насны бүлэгт хамрагдаж байгаа бөгөөд вакцин нь халдвар авах магадлалыг бууруулаад зогсохгүй хүн халдвар авсан тохиолдолд өвчний хүнд явцыг хөнгөвчлөхөд тусалдаг гэж мөн мэдэгдэлд дурджээ.

Камбожийн ерөнхий сайд Хун Сен улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдүүдэд вакциныг аль болох хурдан өгч, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчдаас хүүхдүүдээ хамгийн ойрын вакцинжуулалтын цэгт авчрахыг зөвлөжээ.

Тус вант улсад пүрэв гарагт гэхэд 444 шинэ ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдсэний 14 нь зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд бүгд омикрон хувилбар болох нь батлагджээ. Тус вант улсын вакцинжуулалтын кампанит ажилд ашигласан вакцины ихэнх нь Хятадын Синовак болон Синофарм байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 11.1 мянган толгой мал хорогджээ

Том малын зүй бус хорогдол 2022 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 11.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 285.5 мянгаар буурчээ. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 4.9 мянга, хонь 3.9 мянга, үхэр 1.5 мянга, адуу 799 толгой, тэмээ 11 толгойгоор тус тус хорогдсон байна.

Нийт хорогдсон малын 44.2 хувийг ямаа, 35.4 хувийг хонь эзэлж байна. Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд Хэнтий аймагт 2.1 мянга, Ховд аймагт 2 мянга, Баян-Өлгий аймагт 1.5 мянга, Архангай аймагт 1.2 мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 62.2 хувийг эзэлж буй аж.

ТОМ МАЛЫН ЗҮЙ БУС ХОРОГДОЛ, аймаг, нийслэлээр, 2022 оны 1 дүгээр сарын
байдлаар, мянган толгой