Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрснээс 28 хоногийн дараа цусаа өгч болно

Коронавирусий халдвараар өвчилсөн болон вакцин хийлгэснээс хэр хугацааны дараа цусаа өгч болох талаар ЦССҮТ-өөс мэдээллээ.

Хэрэв та вакцин тариулсны дараа хариу урвал хөнгөн, дунд зэрэг илэрсэн бол 14 хоногийн дараа цусаа хандивлаж болох юм байна. Мөн КОВИД-19 халдвар авч бүрэн эдгэрснээс 28 хоногийн дараа цусаа хандивлаж болох аж.

Цусаа өгөхөөс өмнө та зургаагаас дээш цагаар унтаж амрах, ердийн үеийнхээс илүү хэмжээний шингэн зүйл уух, өмнөх гурав хоногт согтууруулах ундаа хэрэглээгүй байх, сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, өөх тос ихтэй хоол хүнс хэрэглээгүй байх зэргийг анхаарна уу.

Эх сурвалж: ЦССҮТ

Categories
мэдээ спорт

Олимпийн тэнгэрт ямар орнууд тугаа мандуулсан бэ

Өвлийн олимпийн 24 дэх удаагийн наадамд нийт 91 улс оролцсоноос 29 нь их бага хэмжээгээр ямар нэгэн медаль хүртсэн байна. Эдгээр улсуудыг Норвеги улс 37 медалиараа тэргүүлж, нэг хүрэл медальтай Латви, Эстони, Польш улсууд эцэст жагсжээ.

Шилдэг арван багийг нэрлэвээс:

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр-2022” өвлийн наадам болно

Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр-2022” өвлийн наадам ирэх гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд болно.

23 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдааныг өмнө нь тус аймгийн Булган суманд явуулдаг байсан аж. Харин энэ удаад илүү өргөн хүрээг хамруулахын тулд аймгийн төвд хийхээр болжээ.

Тэмээний баяр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Монголын анхны эвентүүдийн нэг юм. Энэ үеэр тэмээн поло, тэмээтэй буухиа уралдаан, гоё тэмээтэй сайхан хос, тайлаг тэмээний бооцоотой уралдаан болно. Мөн атан тэмээ болон хоёр наст хурдан тэмээний уралдаан болох талаар албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 21-28-ны хооронд ажиллах шинжилгээний цэгүүд

Коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээний зургаан цэг энэ сарын 21-28-ны хооронд ажиллах хуваарьтай байна.

Ингэхдээ Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт тус бүр нэг цэг байх бөгөөд 09:00-12:00 цагт ажиллах юм

Categories
гадаад мэдээ

Балбын нийслэлд АНУ-аас тусламж авахыг эсэргүүцсэн жагсаал болжээ

АНУ-ын Мянганы Сорилтын Сангаас 500 саяын тусламж авахыг эсэргүүцсэн олон зуун хүний жагсаал Ням гаригт Балбын нийслэл Катманду хот дахь парламентын ордны гадaa болжээ.

2017 онд тус улсын засгийн газар дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилготой уг тусламжийг авах гэрээнд гарын үсэг зурж байсан юм.

Харин гэрээг парламентаар батлах асуудал Балбын улс төрийн хүрээнд өргөн маргаан дэгдээгээд байна.

Парламент гэрээг хоёрдугаар сарын 28-ны дотор батлах төлөвлөгөөтэй байгаа. Гэвч Балбын улс төрийн намууд, эрх баригч нам нь хүртэл дотроо энэ асуудал дээр хуваагдаад байна.

Хятадын талыг баримтлагч ерөнхий сайд Шер Бахадур Деубагийн фракц АНУ-аас тусламж авахыг эсэргүүцэж байгаа ажээ.

Гэрээг эсэргүүцэгчид АНУ-ын тусламжийг Балбын тусгаар тогтнол, бие даасан байдалд аюултай гэж үзэж байгаа гэнэ.

Өчигдөр болсон жагсаалыг тараахын тулд цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн байна.

Буурай хөгжилтэй орнуудын эдийн засгийг тэтгэж, ядуурлыг бууруулах зорилготой Мянганы Сорилтын Корпорацыг 2004 онд АНУ-ын Конгресс байгуулж байжээ.

АНУ-ын засаг захиргаа гэрээг энэ сард багтаан парламентаар батлуулах хугацааг Балбын талд өгч, амжихгүй бол нөхцөлөө эргэж харах болсон тухай тус улсын зарим хэвлэлүүд мэдээлж байна.

“Ийм хөгжлийн хамтын ажиллагаанд ямар нэг үүрэг хариуцлага дагалдах ёсгүй” гэж Хятад улс үзэж байгааг тус улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэнбин саяхан мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Categories
гадаад мэдээ

Украины асуудал шийдэгдэх шатандаа оров

Цагаан ордон “Ерөнхийлөгч Жо Байден Италийн ерөнхий сайд Марио Драгитай утсаар ярьж Украины бүрэн эрхт байдлыг хамгаалахаа харилцан илэрхийлсэн. Мөн ОХУ-ын зүгээс Украин руу халдвал хариуд нь эдийн засгийн хүнд цохилт өгөх саналтай байгаагаа талууд илэрхийлсэн” гэж мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден NATO болон түнш улсын удирдлагуудтай цахимаар уулзаж, Украины хилийн асуудал болон ОХУ-ын шаардлагын талаар ярилцлаа. Тухайн уулзалтад Франц, Герман, Итали, Их Британи, Канад, NATO, Европын холбоо, Польш, Румын улсын удирдагчид оролцсон байна. Уг шуурхай хурлыг төлөвлөөгүй байсан ч ОХУ-ын байдлаас үүдэн зохион байгуулагджээ. Хэлэлцээний тодорхой мэдээлэл одоогийн байдлаар ил болох болоогүй ч ОХУ болон Украины талаар ярилцсан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. ОХУ-аас Украиныг бүслэн 100 мянган цэрэг бэлэн байлгаж байгаа бөгөөд Беларусь шаардлагатай тохиолдолд өөрийн нутаг дэвсгэр дээрээ цөмийн зэвсэг байршуулах болно гэж А.Лукашенко мэдэгдэв. Мөн ОХУ өнгөрсөн бямба гаригт цөмийн баллистик пуужин харвах хээрийн сургууль хийснийг барууныхан болон Оросын зарим судлаачид “Энэ арай хэтэрлээ” гэж В.Путиныг буруутгав. Үнэндээ энэ нь жил болгон болдог В.Путин цөмийн пуужин харвах тушаал өгч ямар хүчирхэг байгаагаа харуулдаг ээлжит шоу үзүүлбэр юм. Ганц ялгаа нь А.Лукашенко байлцаж байгаа явдал. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “ОХУ-ын цэрэг Украинд хэзээ мөдгүй довтолж магадгүй болсон” гэсэн бол NATO -гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Өрнөж буй байдлаас харахад Орос Украинд өргөн хэмжээний довтолгоо хийх гэж буй нь тодорхой болсон учраас Украин дахь NATO-гийн албан хаагчдыг Львов болон Брюссельд яаралтай шилжүүлсэн” гэж мэдэгдэв. Бас Оросууд Украин руу довтлох байх гэсэн болгоомжлолын улмаас Германы армийн 130 цэрэг, 60 машин бүхий нэмэлт хүч Литвад ирлээ. Украины хямралаас үүдэн АНУ тэргүүтэй NATO-гийн шуурхай хүч (NATO Response Force, NRF)-ний олон мянган цэрэг 30 хоногт бус долоо хоногт багтан Украины хил орчимд очиж байрлахад бэлэн болов. Украины Донецк болон Луганск мужийн салан тусгаарлагчид ОХУ руу Оросын паспорт бүхий 700 мянган хүнийг шилжүүлэхээр төлөвлөж, баасан гаригаас эхлэн эхний ээлжинд 3000 иргэнийг нүүлгэв. Нүүлгэх ажиллагаа эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа Донецк хот дахь салан тусгаарлагчдын засаг захиргааны байрны гадаа зогсож байсан УАЗ автомашин дэлбэрчээ.Салан тусгаарлагчид “Донецк мужийг ням гаригийн 00:03 цагт Украины талаас хүчтэй буудсан” гэж мэдэгдэв. “Салан тусгаарлагчид цэргийн дайчилгаа эхлүүлэв. Донецк хотын гудамжинд танк, өөрөө явагч их буу орж ирэв. Салан тусгаарлагчид иргэдээс зураг авч олон нийтийн сүлжээнд тавихгүй байхыг уриалав”. Харин Өрнөдийнхөн Донецк, Луганск мужуудад өрнөж буй үйл явдлыг ОХУ-ын зүгээс Украинд халдан довтлох дайны оршил хэмээн болгоомжилж байна.

Дээрх мужуудтай хил залгаа Оросын Ростов мужид Украинаас ирэх дүрвэгсдийг хүлээн авч, байрлуулах, хүн бүрд 10 мянган рублийн тусламж үзүүлэх даалгаврыг ерөнхийлөгч Владимир Путин онцгой байдлын сайддаа өгсөн тухай Москва мэдээлжээ. Мөн ерөнхийлөгч В.Путин, А.Лукашенко нар Москвад уулзаж дараа нь хамтарсан хэвлэлийн бага хурал хийхэд В.Путин “Барууны улсууд ямар ч нөхцөлд бидний эсрэг хориг арга хэмжээ авах болно. Яагаад гэвэл тэд ОХУ, Беларусь улсын хөгжлийг зогсоох зорилготой. Бид энэ хоригийг давж гарах нь улсаа хөгжүүлэх ганц гарц” гэж мэдэгдэв. Тэрээр коммунистуудаар Украины Донецк болон Луганск мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх Думын тогтоолын төсөл гаргуулж бэлдсэний дараа ингэж шууд мэдэгдэж буй нь В.Путин байдлыг чинээнд нь тултал хурцатгаж байгаад барууныхантай уулзах гэж буй тактик билээ. Гэхдээ өнгөрсөн хоногуудад эрчимтэй өрнөсөн эдгээр үйл ядлууд нь Украины асуудлыг цогцоор нь харах, юу болж өндөрлөхийг таамаглах боломж бидэнд олгож байгаагаар онцлог юм. Бас жирийн иргэд бид өнөөдөр ямар их хуурамч мэдээлэл дунд амьдарч байгаагийн баталгаа ч гэж хэлж болно.

Украиныг 150 мянган цэргээр бүсэлсэн нь дайн хийх гэсэн юм биш зүгээр л барууныхантай хэлэлцээ хийхэд үзүүлдэг байсан ЗХУ-ын хуучин арга болох шахалт. Харин үүнийг нь АНУ болон барууны улсууд үгсэн, жинхэн мэдээллийн дайн болгон хувиргаж яг төдийд дайрах гэж байна гэж худал мэдээлэл байнга тараан В.Путины талынхны багийг хуулж, цаад үнэн нүүр царайг нь дэлхий нийтэд ил болгочихсон нь үнэн. Гэхдээ В.Путин ч өөрийн тавьсан зорилгодоо хүрсэн нь бас үнэн. Иймээс түүнийг барууны зарим улс төр судлаачид ялахад ойрхон боллоо гэж бичээд байгаа хэрэг. Тэрээр бүрэн авлигажсан өөрийгөө болон төр, засгаа түр ч гэсэн байлгах цаг хожихын тулд ард иргэддээ өөрийгөө олон улсад ямар том байгааг харуулах гол зорилго тавьсан. Ер нь Оросын худалч, төрийн мэдлийн мэдээлэлд гадныхан байтугай оросууд өөрсдөө итгэхээ болиод удаж байна. Ганцхан жишээ авахад, дэлхийн анхны ковидын эсрэг орос вакцинд өөрийнх нь иргэд байтугай эмч нар нь итгэхгүй байгаа явдал. Ийм вакцин тариулсан В. Путин хэт урт ширээний араас албаны хүмүүстэй уулзаж өөрөө үүнийгээ баталгаажуулаад амжсан.

Өчигдрөөс эхлэн Оросын ардчилагчдын нэгдсэн нам “Яблоко” (Российская объединённая демократическая партия “Яблоко”) ОХУ даяар дайны эсрэг иргэдийнхээ гарын үсэг цуглуулж эхлээд байна. Энэ бүхэн В.Путин улс орондоо ардчилсан өөрчлөлт зоригтой хийхгүй бол өөрөө ч төр, засаг нь ч удахгүй болсон гэсэн үг. Үнэндээ ийм өөрчлөлт хийхгүй бол ОХУ ЗХУ-ынхаа түүхийг давтана. Харин ардчилсан өөрчлөлтийг авлигачид хийх хэцүү гэдэг бас үнэн.

Украины асуудал намжвал Сири, Афганистан, Кавказын нуруу, Казакстан, Румынаас ЗХУ-ын салган авсан Молдов бас Арктикт, мэдээж Венесуел, Куба улс гэх мэт Өмнөд Америк тивд В.Путины нөлөөг арилгах үйл ажиллагаа өрнөж эхлэх нь ойлгомжтой, бас тодорхой.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ спорт

Өвлийн олимпийн 24 дэх удаагийн наадам Бээжин хотноо бамбараа жаргаалаа

БНХАУд хоёр долоо хоногийн туршид үргэлжилсэн XXIV өвлийн олимп ийнхүү түүх болон үлдлээ. Ковид, улс төр, Уйгарын асуудал, цаг агаар гээд түмэн бэрхшээл өмнө нь байсан ч гэлээ Хятад улс ямартаа ч олимпийг өндөр түвшинд элдэв зөрчил гомдолгүйгээр өөрийн зүгээс хүлээн авсан үүргээ бүрэн ухамсарлан зохион байгуулж чадав. Хятадын гурван бүс нутагт хуваагдан зохиогдсон энэ удаагийн өвлийн олимпийн цанын тэмцээнүүд өмнийн хилээс минь холгүй орших Жанчхүүгийн даваанд өрнөж чухамдаа цастай, жавартай Монголын маань өвлийн цаг агаар ямар байдгийг дэлхийд харуулсан нь сонирхолтой байлаа.

Агаарын үнэлэмж хасах арван хэмээс жаахан давах үед уралдах зайгаа богиносгож, цасан шуурга говьд өдөр бүр л харагддагтай адил хэмжээнд босход тэр өдрийнхөө тэмцээнийг цуцлаад л төв Азийн хүйтэн нутгийн хүмүүсийн хөх инээдийг хүргэхээр үйл явдлууд зөндөө л ажиглагдаж байх юм. “Валиева2022” гэх үйл явдалыг эс тооцвоос спорт талаасаа үзүүштэй, тэмдэглүүштэй, хожим хойно удаан хугацаанд дурсагдан ярих түүхтэй наадам байлаа шүү дээ. 24 дэх удаагийн өвлийн олимпийн наадамд ханатлаа наадаж элэг нэгт түмэн олноо баясгасан тамирчдыг онцолбол:

-Йоханнэс Бо, Норвеги, биатлон (дөрвөн алт ба хүрэл)

Богино зай, буухиа, холимог, багийн гээд бүх тэмцээндээ гүйсэн л бол түрүүлж байсан 28 настай норвеги залуу энэ удаагийн олимпод хамгийн олон алтан медаль хүртсэн тамирчин гэж нэрлэгдлээ.

No description available.

-Мартэ Ульсбюү-Ройсэланн, Норвеги, биатлон (гурван алт, хоёр хүрэл)

15 настайгаасаа цана углаж, 31 хүрсэн хойноо од нь гийсэн шаргал үст Мартэ бүсгүй, эмэгтэйчүүд дундаа олимпийн таван медалийг “Бээжин2022”д хүртсэн цор ганц эмэгтэй

No description available.

-Александр Большунов, ОХУ, цана (гурван алт, мөнгө, хүрэл)

Большуновыг Жанчхүүгийн даваанд зогсоох цаначин олдсонгүй. Энэ орос залуу эцэстээ “Хятад ер нь миний хоёр дахь эх орон боллоо” гэж уулга алдтлаа наадаж чадлаа.

No description available.

-Ирэн Схөүтэн, Нидерланд, тэшүүр (гурван алт ба хүрэл)

Олимпийн тэшүүр гэхээр зөвхөн голландчууд нүдэнд харагддаг зуршил уджээ. Энэ удаа ч гэлээ өөрчлөгдсөнгүй. Тэр дундаа тэшүүрийн дөрвөн төрөлд медаль хүртсэн Схөүтэн бүсгүй бүр ч онцгойрно.

No description available.

-Тереза Йохауг, Норвеги, цана (гурван алт)

Тереза 10 кмийн ганцаарчилсан ба скелиатонд түрүүлээд байсан амжилтаа олимпийн сүүлчийн өдөр марафонд манлайлсан ялалтаар баталгаажуулан Бээжингийн олимпийн гурван удаагийн аварга боллоо

No description available.

-Сүзаннэ Схюлтинг, Нидерланд, шорт-трек (хоёр алт, мөнгө, хүрэл)

Нидерландын тэшүүрчид том талбайг эзэгнээд зогсоогүй жижиг талбайг ч гэлээ эрхшээлээ. Тод жишээ нь Схюлтинг. Энэ бүсгүй 1000 метр, 3000 метрийн буухиад аваргалж 500 метрт мөнгөтэй, 1500д хүрэлтэй олимпийг өндөрлүүлжээ.
No description available.

-Айлин Гу, БНХАУ, фристайл (хоёр алт, мөнгө)

Хятад улс өөрийн оронд зохиогдож буй олимп гэдгээрээ амжилттай оролцохыг эртнээс хүсч тэмүүлсэн. Тийм учраас амжилт гаргах боломжгүй төрлүүдээр элэг нэгт өөр улсад амьдардаг хүмүүс рүүгээ анхаарал хандуулсны нэн жишээ нь Гу билээ. Сан Францискод төрж, Америкт амьдралаа өнгөрөөсөн Гу бүсгүй эцэг эхийнхээ нутгийн иргэншлийг сэргээн хоёр алт, мөнгөн медалиар итгэлийг нь ивээлээ. Энэ удаагийн өвлийн олимпийг Норвегийн шигшээ баг 16 алт, найман мөнгө, 13 хүрэл нийт 37 медальтайгаар бусад улсуудаа манлайлсан нь урьд өмнө гарч байгаагүй амжилт юм байна.

No description available.

Б.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

МИАТ компани Бруней улс руу анх удаа ачаа хүргэжээ

МИАТ ТӨХК-ийн хамт олон гадаадын улс орон руу ачаа тээвэр хийх ажил үргэлжилж байна. Тус компаниас мэдээлснээр хоёрдугаар сарын 19-нд JU-1021 агаарын хөлгөөр Бруней улс руу ачаа тээвэрлэж, Бандар Сери Бегаван хотын олон улсын нисэх буудалд амжилттай газарджээ.

Өнгөрсөн онд Нидерланд, Африк, Румын улс руу анх удаа ачаа тээвэр хийсэн тухай мэдээлж байсан билээ.

“COVID-19 өвчнөөс шалтгаалаад хамгийн түрүүнд нэрвэгдэж буй салбар нь дэлхий даяар агаарын тээвэр байна. Онгоцныхоо суудлыг аваад карго тээвэрлэлтэд явахаар тендерт оролцох санал гаргасан” хэмээн тус компанийн захирал мэдээллээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Укрианд өдөрт 80 гаруй буун дуу гарч, иргэд дүрвэж эхэллээ

ДОНБАССЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР

Украйны аюулгүй байдлын хүчнийхэн Донецкийн “Бүгд Найрамдах Улс” руу өдөрт 80 гаруй халдлага үйлдсэн нь бүртгэгдлээ. Энэ талаар тус бүгд найрамдах улсын гал зогсоох дэглэмийн хяналт зохицуулалтын нэгдсэн төв дэх төлөөлөгчийн газраас мэдээллээ. Докучаевск, Спартак, Донецк зэрэг хэд хэдэн суурин газрууд цохилтод өртжээ.

Халдлагад зөвхөн байшин сууц өртөөд зогсохгүй мөн дэд бүтэц,
стратегийн чухал ач холбогдолтой барилга байгууламжууд ч өртсөн байна.
Тухайлбал, химийн үйлдвэрийн газар луу Украйны Зэвсэгт хүчнийхэн арав гаруй
мина харвасан аж. Түүгээр ч барахгүй, Минскийн гэрээгээр хориглосон зэвсэг
хүртэл ашигласан нь батлагджээ. Өөрсдийгөө “Лугаскийн Бүгд Найрамдах
Улс” хэмээн зарладаг улсад ч мөн тавь гаруй буудалцаан болсон гэх мэдээлэл
ч байна.

Луганскийн ардын цагдаагийн албаныхны хэлснээр, Украйны Зэвсэгт хүчин хүн ам суурьшсан Пионерское суурингийн нутаг дэвсгэрт довтлох гэж оролдсон гэлээ. Энэ үеэр хоёр ч энгийн иргэн амиа алджээ.

Ийнхүү хоёр шөнө Донецкийн оршин суугчдын хувьд тайван бус түгшүүртэй хонож өнжлөө. Дэлбэрэлтүүд яг хотын төв хэсэгт хүртэл тод сонсогдсон байна. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй Донецкийн “Бүгд Найрамдах Улс”-ын Засгийн газрын мэдээлснээр, гал зогсоох хяналт зохицуулалтын нэгдсэн төвд Минскийн гэрээгээр хориглосон 20 гаруй том калибр маягийн мина Украйны талаас хотын зах руу чиглүүлэн харважээ. Шөнийн цагаар “Бүгд Найрамдах Улс”-ын хүн ам суурьшсан зургаан ч сууринд галын дуу гарсан байна.

Холбоо барих шугамын дагуух бүс нутагт буун дуу тоо хоёр дахин ихэссэн болохыг Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага /ЕАБХАБ/-ын тусгай хяналтын комиссын ажиглагчид мөн тэмдэглэжээ. Хоёрдугаар сарын 19-20-нд шилжих ганцхан шөнийн дотор л гэхэд гал зогсоох тухай тогтоолыг 2500 орчим удаа зөрчсөн гэж тоог нь нарийн гаргасан байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, хоёрдугаар сарын 20-ны өдрийн
үүрийн 05 цагийн орчимд Украйны арми Северский Донец голыг гаталж, Пионерское
тосгоны ойролцоох Луганскийн “Бүгд Найрамдах Улс”-ын ардын цагдаагийн байрлал
руу халдах оролдлого хийжээ. Халдлагын улмаас өөрсдөө их хохирол амсаж, ухарсан
аж. Тэд таван орон сууцны барилгыг сүйтгэснээр энгийн номхон иргэд амиа алдсан
гэсэн мэдээлэл байгаа юм.

Ингээд Донецк, Луганск хоёр “Бүгд Найрамдах Улс”-д бүх
нийтийн цэрэг дайчилгаа зарлалаа. Цэргийн албанаас чөлөөлөгдөөгүй залуус хүртэл
цэргийн зарлан дуудах хуудас авч эхэллээ. Олон олон хүмүүс өөрсдийн сайн дураар
цэргийн бүртгэлийн цэгүүдэд ирж, бүртгүүлж эхэлсэн байна. Донбассаас ирсэн
дүрвэгсдийн тоо хэдэн арван мянгад хүрээд байна гэсэн мэдээлэл ирлээ. Зөвхөн бямба
гараг /2022.02.19/-ийн орой гэхэд л бараг 17 мянган иргэн Луганскийг орхин
гарчээ. Тэдний олонх нь дайн гэдэг ямар аймшигтай болохыг аль хэдийн биеэрээ
туулсан байгааг хэвлэл мэдээллийнхэн онцоллоо.

Автомашин, автобус гээд бүх урсгал Ростов мужтай хиллэдэг боомтоор дамжин өнгөрдөг. Ард иргэдийг түр байршуулах төвүүдийг эл газарт түргэн шуурхай байршуулдаг туршлага 2014 оноос эхэлсэн түүхтэй. Гэсэн ч, дүрвэгсдийн ихэнх нь цаашаа явна гэсэн бодолтой байгаа аж. Нөхцөл байдал улам л хурцдаж байгаа тул оросын бүс нутгууд ээлж дараалан Донбассын оршин суугчдыг хүлээн авахад бэлэн буйгаа зарлаж эхэллээ.

Хоёрдугаар сарын 20-ны өглөө Донбассын дүрвэгсэдтэй анхны
галт тэрэг Воронеж мужид ирсэн байна. Галт тэрэг Таганрогоос өмнөх өдрийн шөнө
хөдлөсөн ба дүрвэгсдийг түр байршуулахаар болжээ. Үүний тулд хүүхдийн хоёр ч
зусланг ашиглахаар болов. Воронеж муж бол Донецк, Луганскийн нүүлгэн шилжүүлсэн
оршин суугчдыг хүлээн авч буй хоёр дахь бүс боллоо.

Хүмүүсийн дийлэнх нь харин Ростовский мужид байгаа юм.
Онцгой Байдлын Яамны даргын үүрэг гүйцэтгэгч Александр Чуприян мэдэгдэхдээ, 40
мянга гаруй хүнийг Ростовский мужид хүргэсэн ба тэдний 6,500 гаруйг нь түр
байршуулах газарт байрлуулаад байгаа аж. Тэдэнд эмнэлгийн болон хууль эрх зүйн
гэх мэт шаардлагатай бүх тусламжийг үзүүлж эхэлсэн гэдгийг мөн дурдав.

“Нэгдсэн Орос” /Единая Россия/ Нам хууль эрх зүйн дэмжлэг
үзүүлэх төвийг нээн ажиллуулж эхэлсэн байна. Түүнчлэн “Залуу гвардууд”, “Бид
хамтдаа”, “Сайн дурынхны салаа” гэх зэрэг залуусын сайн дурын хөдөлгөөн бий
болоод байна. Сайн дураар эвлэлдэн нэгдсэн залуусын хамтарсан бүлгүүд өдөр,
шөнөгүй ажиллаж эхэлжээ. Тэд бичиг баримт бүрдүүлэх, хаана хандах зэрэг хүмүүст
туслахаас гадна дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэлсэн байна. Сайн
дурынхны бүлгэм, хөдөлгөөнийнхнийг Ростов муж руу явах замд хэд хэдэн бүс
нутагт байгуулахаар ажиллаж эхэлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр

ЮНЕСКО дэлхийн хэл, соёлын олон янз байдлыг дэмжих зорилгоор жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын эх хэлний өдөр” болгон 1999 онд зарлаж, 2000 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлсэн. Энэ жил буюу 2019 оныг “Олон улсын уугуул хэлний жил” (International Year of Indigenous Languages) болгон зарласан нь дэлхий дахинд даяаршил, хотжилт эрчимжиж буй өнөө үед уугуул хэлний асуудал тухайн хэлт ард түмний боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжил, иргэншил, нийгэмд эзлэх байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хөдөлмөр эрхлэлт зэрэг өргөн хүрээг хамарсан чухал асуудал болж байгаатай холбоотой ажээ.

НҮБ-ын мэдээлснээр дэлхийн 90 оронд 370 сая уугуул ард түмэн амьдарч, 5000 өөр соёлыг бүрдүүлдэг ажээ. Гэвч сүүлийн үед нийгэм, улс төрийн болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалан уугуул ард түмний эрх зөрчигдөж, тэдний хэл, соёлын асуудал хурцдаж, мөхөх аюулд орж байна. Ялангуяа Америк, Африк, Австрали, Зүүн өмнөд Азийн орнуудад уугуул хэл, соёл мөхөх үзэгдэл түгээмэл байна. Тухайлбал, Америкт 600 гаруй уугуул хэл байсан бол одоо гуравны нэг буюу 206 хэл үлдснээс 50 хэл нь мөхлийн ирмэгт байна. Харин Австралид 300 орчим уугуул хэл байснаас одоо дөнгөж 90 нь үлдэж, түүнээс 30 нь мөхлийн ирмэгт байна.

“Олон улсын эх хэлний өдөр-2019”-ийн нээлт Франц улсын Парис хот дахь ЮНЕСКО-ын төв байранд болох бөгөөд “Хөгжих, энх тайвныг тогтоох, эвлэлдэн нэгдэхэд уугуул хэлний үүрэг” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Монгол Улсын хувьд “Олон улсын эх хэлний өдөр”-ийг 2001 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд хэлний бодлогыг хэрэгжүүлэх, бүх нийтийн эх хэлний боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх, улмаар тэдэнд эх хэлээ хайрлах, түүгээр бахархах үзэл төлөвшүүлэх, эх хэлээ сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгч, Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх Ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС болон бусад холбогдох байгууллагууд олон үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн билээ.

Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 8 дугаар сарын 25-нд зарлиг гарган жил бүрийн есдүгээр сарын 01-нийг “Эх хэлний өдөр” болгон Монгол Улсын нийт ард, иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд тэмдэглэн эх хэлээрээ бахархах, сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэх боллоо.

ЮНЕСКО-оос 2019 оныг “Олон улсын уугуул хэлний жил” болгон зарласантай холбогдуулан Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн 1950-аад оноос төлөвлөгөөтэй, өргөн хүрээтэй бүрдүүлсэн нутгийн аялгууны баялаг хэрэглэгдэхүүнд суурилан бүтээсэн “Монгол аман зохиолын чуулган” нийт 45 боть, 1988 онд хэвлүүлсэн “БНМАУ дахь монгол хэлний нутгийн аялгууны толь бичиг” 3 боть (халх, ойрад, буриад аялгууны толь), 2008 онд хэвлүүлсэн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” 5 боть, 2015 онд нийтэлсэн “Монгол хэлний цахим их тайлбар толь” (mongoltoli.mn, монголтоль.мон) бүтээлүүдийнхээ үргэлжлэл болгож компьютер хэл шинжлэл, бүртгэл хэл шинжлэл, нийгэм хэл шинжлэл, соёл хэл шинжлэлийн онол, арга зүйгээр монгол хэлний нутгийн аялгуунууг баримтжуулах, уламжлуулах, хамгаалах, хөгжүүлэх, зорилго бүхий цогц бүтээлийг эхлүүлээд байна.

ШУА-ийн ХЗХ-ийн Хэрэглээ хэл шинжлэлийн секторын ЭША, доктор Н.Мөнхцэцэг