Categories
мэдээ цаг-үе

06:00-07:00 цагт замын ачаалал 23 хувиар өсчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр ЕБС-ийн хичээл эхлэх болон тарах цагт оруулсан зохицуулалтын талаар хэлэлцжээ.

Тээврийн цагдаагийн албанаас өнөө өглөөний байдлаар Нарны зам дагуух сургуулиудын хичээл адил цагт эхэлж байгаагаас түгжрэлийг бууруулахад нөлөөлж чадахгүй байна гэсэн байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, Нарны зам дагуух сургуулиуд болох Сант, Орос III, 31 дүгээр сургуулийг зорьсон хөдөлгөөний ачаалал буурсангүй гэсэн юм. Өмнөх хоёр жилд нийслэлийн хэмжээнд 281 сургууль хөл хориотой байсан бөгөөд үндсэндээ 340 мянган тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөнд оролцоогүй гэдгийг албаны эх сурвалж тодотгож байлаа.

ЕБС-ийн хичээл эхлэх цагийн зохицуулалтыг нийслэлийн хэмжээнд туршилтын журмаар хэрэгжүүлж буй бөгөөд цаашид уян хатан байдлаар хэрэгжүүлж, үр дүн өгөхгүй байгаа газруудад өөрчлөлт оруулах бүрэн боломжтой шийдвэр гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарлалаа.

Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өмнөх долоо хоногийн даваа гарагийн түгжрэлийн оргил цагийг өнөө өглөөний оргил цагтай харьцуулжээ. Өглөөний 06:00-07:00 цагт замын ачаалал өмнөх хоногоос 23 хувиар өссөн бол бусад цагуудад 17-21 хувиар буурсан байна. Цагийн зохицуулалттай холбоотойгоор энэ долоо хоногийн турш тодорхой байршлуудад ажиглалт хийж, бусад үетэй харьцуулсан судалгаа хийнэ гэдгийг албаныхан хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхцэцэг: Намууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийг дэмжвэл нэмэлт санхүүжилт олгодог болно

УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж буй Улс төрийн намын тухай хуулийн төслийн агуулгад намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө оруулалт, санхүүжилт болон зарцуулалтын ил тод байдлыг хангах, эмэгтэй, эрэгтэй улстөрчдийн тэгш гарааны нөхцөлийг хэрхэн хангах талаар санал солилцох “Улс төрийн нам ба тэгш гараа” уулзалт, хэлэлцүүлэг болов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Намд хэдий хэмжээний санхүүжилт орсон, хэрхэн олон нийтэд тайлагнадаг нь тодорхойгүй байна. ХҮН нам анх санхүүжилтээ ил болгож байсан бол МАН хоёрдугаар сарын 1-нээс санхүүжилтээ ил болгосон. Улс төрийн намууд санхүүжилтээ тайлагнахгүй байгаа нь хууль бусаар санхүүжих эрсдэлийг дагуулж байна. Тиймээс улс төрийн намын санхүүжилт, бүх орлого, зарлагыг ил болгох ёстой гэж үзэж байна.

Тухайн намууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн тохиолдолд нэмэлт санхүүжилтийг олгодог болно. Намын санхүүгийн дэмжлэгийг зөвхөн УИХ-д суудалтай намуудад олгодог байдлыг өргөжүүлж өгсөн.

Нам бүх зардлын тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ. Сонгуулийн төв байгууллага тухайн намуудад хэрхэн санхүүжилт хуваарилах, санхүүгийн тайланд алдаа байна гэдэгт үндэслэж дараагийн санхүүжилтийг олгоно. Намын санхүүгийн үйл ажиллагаанд намын дарга захиран зарцуулах эрхтэйгээр оролцохыг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл, нам болгон санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтан ажиллана.

Categories
мэдээ нийгэм

МоАХ-ноос С.Эрдэнэ, Д.Монголхүү нарт гомдол гаргалаа

“Монголын ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн” гэгчийг зохион байгуулсан нэр бүхий иргэдийн үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа тул МоАХ-оос мэдээлэл хийж байна.

МоАХ-ны төлөөлөл “С.Эрдэнэ, Б.Бурмаа, Л.Ганхөлөг, Д.Монголхүү, Д.Рэнцэнтавхай, Д.Цогтбаатар, М.Зундуйдаваа, А.Цэрэнбат нар нь хоёрдугаар сарын 18-нд Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд “Монголын Ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн” гэх Монгол Улсын хууль тогтоомж, Монголын Ардчилсан холбооны дүрмийг илэрхий зөрчсөн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, Монголын Ардчилсан холбоо НҮТББ-ын гишүүд, дэмжигч иргэдийг залилсан байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Монголын Ардчилсан холбооны дүрэм, журмыг илт зөрчиж, бусдыг төөрөгдөлд оруулж, Монголын Ардчилсан холбоо гэдэг байгууллага шинээр байгуулж буй,зохион байгуулалтыг нь өөрчилж буй мэтээр дураараа загнаж байгаа үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд Цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаж байгаа юм. Иргэдийг төөрөгдөлд оруулж, зориудаар улс төрийн намын үйл ажиллагаандаа МоАХ-г ашиглахын тулд залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хийж байна.

Цаашид МоАХ-ны тамга, тэмдэг нэр лого-г дураараа ашиглаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй бол улс төрийн намын үйл ажиллагаанд ашиглаж байгаа зүйл гарч байна. МоАХ улс төрийн нам биш” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас УИХ-ын гурван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны зээлдэгч нарыг шалгаж байгаа билээ. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хөгжлийн банкны асуудалтай холбогдууланУИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан хууль бусаар олгосноос гадна авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэх баримтад тулгуурлан шалгаж эхэлсэн байна.

УИХ-ын гишүүний бүрэн эрх хуулиар хамгаалагдсан байдаг тул бүрэн эрхийг нь түр түдгэлзүүлж шалгадаг. Дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, яллагдагчаар татан шалгах саналыг Ерөнхий прокурорын газраас УИХ-д гаргах учиртай. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлсэн эсэхийг тодруулахад “Одоогоор тийм санал гаргаагүй байна” гэж прокуророос мэдээлэ

Categories
мэдээ нийгэм

ТЦА: 10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа

Бүх шатны сургууль, цэцэрлэг хичээллэж байгаа учир эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даалган хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

“Явган зорчигч 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх зэргээр авч явахаар заасан” байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, автомашинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 8 дахь заалтыг баримтлан хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тавдугаарт “Явган зорчигчийн үүрэг: “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан байдаг.

Мөн дүрмийн 5.2-д “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэсэн зөвлөмжийн шинжтэй заалт байдаг.

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нарыг “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас 11 хүн бэртэж, 1 хүн энджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 568 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 446 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, бэртсэний ес нь нийслэлд, хоёр нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр долоон осол бүртгэгдэж, долоон хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, хоёр хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж нэг хүн гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Өнгөрсөн долоо хоногт хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж, гурван хүүхэд гэмтэж бэртсэн байна. Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас анхаарууллаа.

Түүнчлэн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 150 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 111, орон нутагт 39 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчхоор заасан байдаг. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

Израилийн хилээр нэвтрэх журмыг өөрчилнө

Израил улс гуравдугаар сарын 1-нээс вакцин хийлгэсэн болон хамрагдаагүй жуулчдыг нэвтрүүлэх боловч PCR-ийн шинжилгээг хоёр удаа өгсөн байх ёстой гэж тус улсын Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газар мэдэгджээ.

Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет, Эрүүл мэндийн сайд Ницан Говориц нар коронавирусний хязгаарлалтыг сулруулах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, мэдэгдэлд дурдсанаар, гуравдугаар сарын 1-нээс вакцин хийлгэсэн болон хийлгээгүй ямар ч насны жуулчдыг тус улсад нэвтрэхийг зөвшөөрсөн боловч Израил руу нисэхээсээ өмнө болон тус улсад буусныхаа дараа PCR-ийн шинжилгээ өгөх нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд нэвтрүүлэх аж.

Тус улс нэгдүгээр сард вакцин тариулсан болон халдвар аваад эдгэрсэн жуулчдад хилээ нээсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослоос 5 иргэний амь, 323 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ

Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 14-20-ны өдрүүдэд ахуйн гал түймрийн 34, аврах ажиллагааны хоёр, нийт 36 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид үүргээ гүйцэтгэж, таван иргэний амь, 323 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Он гарсаар нийслэлийн хэмжээнд ахуйн 381 гал түймэр, 24 аврах ажиллагааны буюу 405 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн онд олгогдоогүй үлдсэн 6000 орчим хүүхдийн мөнгийг энэ долоо хоногт шилжүүлнэ

Өнгөрсөн онд тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6000 орчим хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг энэ долоо хоногт багтааж шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Хөдөлмөр нийгэм хамгааллын яам Сангийн яамтай хамтран энэ долоо хоногт буюу хоёрдугаар сард багтааж хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийхээр болжээ. Мөн энэ сарын хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг хийх юм байна.

Салбарын сайд иргэдэд хандан Ebarimt эсвэл ehalamj.mn-д хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгахыг хүсчээ. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана. Илэрхийлээгүй нь цагаанаар харагдана. Манай халамжийн хэлтэс болон банкны теллер дээр хүсэлтүүдээ бүртгүүлж болно гэдгийг мэдээлээд байна.

Мөн сайд А.Ариунзаяа “Эцэг эхчүүдээс гуйхад хүүхдийн нэр дансны зөрчилтэй гэж буцаагдаж байсан бол зөрчлүүдээ арилгана уу. Ehalamj.mn-д орж хянаж болно. Бүр болохгүй бол хэлтэс дээр очих, утсаар асуух, Ehalamj.mn цахим хуудас дээрх чатаар холбогдох зэрэг арга хэмжээ авна уу” хэмээн мэдэгджээ. Хоёрдугаар сарын 17-ны өдөр 1.033.283 хүүхдэд хүүхдийн мөнгөний шилжүүлэг хийгдээд байгаа юм байна.

Categories
арын-нүүр булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал

Ковидын үеийн төгсөгч ажилд авахгүй гэв үү

Өнгөрсөн гурван жил үргэлжилсэн цар тахлын үеэр хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндээ хамгаалуулах, боловсрох гээд монгол хүнд Үндсэн хуулиар олгосон суурь эрхүүд ноцтой зөрчигдөж ирсэн. Хүний эрхийн зөрчил цаашид ч үргэлжлэх бололтой. Энэ удаа төр засаг бус ажил олгогчид хүний эрхийн зөрчил гаргаж эхэллээ.

Хувийн хэвшлийн нэгэн компани шинэ ажилтан авах шалгууртаа “Ковидын бус төгсөгч авна” гэжээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үеэр их, дээд сургууль төгссөн төгсөгчийг ажилд авахгүй гэсэн байна. Тодорхой ингэж бичиж байгаа нэг хэсэг байхад ил цагаан бичихгүй ч бодлогоор ялгаварлаж байгаа ажил олгогчид ч нэмэгдсээр байгаа аж.

Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил юм. Уг нь ажил олгогчид хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой юм. Угаас онолын мэдлэг, практик хоёр зөрдөг нь амьдрал. Цаг үеийн хүнд нөхцөлд боловсрол эзэмшсэн залуусаа хөгжүүлээд, боловсруулаад авах нь зүй ёсны л хэрэг баймаар.

Тэр бүү хэл ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах үүргийг Хөдөлмөрийн хуулиар хүлээдэг. Хүний эрхийн наад захын зөрчил гаргаж байгаа ийм нөхөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах тухай бүр ч саналтгүй байх даа.