Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн нислэгийн зуны хуваарь

Иргэний нисэхийн ерөнхий газраас 2022 оны зуны буюу гуравдугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх орон нутгийн нислэгийн цагийн хуваарийг баталлаа. Агаарын тээврийн компаниуд энэхүү цагийн хуваарийн дагуу нислэгийн хуваарь, төлөвлөлтөө зохион байгуулах шаардлагатай гэдгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөө, орон нутгийн эмч нарын цахим ур чадварыг сайжруулна

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар уулзлаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академи нь энэ 2022 онд бүх аймгуудын нутгийн захиргааны үйлчилгээнүүдийг цахимжуулахын зэрэгцээ, хөдөө орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд аймгийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүдийн цахим ур чадварыг сайжруулах, “Цахим эрүүл мэнд” төслийн ажлыг эрчимжүүлэхэд талууд хамтран ажиллахаар тохиролцов.

Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” платформд эрүүл мэндийн салбарын 14 үйлчилгээ нэгтгэгдсэн байгаа бөгөөд эрүүл мэндтэй холбоотой давхардсан тоогоор 4.9 сая үйлчилгээг иргэд цахимаар авсан байна.

Тодруулбал, иргэд E-Mongolia аппликэйшн болон www.e-mongolia.mn сайтын тусламжтайгаар лавлагаа шатлалын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, 21 аймаг, нийслэлийн харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвд цаг захиалах болон захиалсан цагаа цуцлах боломжтой болсон. Мөн 2016 оноос хойших хугацаанд дээрх эмнэлгүүдэд өгсөн шинжилгээний хариугаа цахимаар харах боломжтой болсон.

Categories
мэдээ нийгэм

Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ян Вытопил Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, 70 гаруй жилийн баялаг түүхтэй манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид харилцан үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Элчин сайд Ян Вытопил Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земаны мэндчилгээг уламжилж, Монгол Улсын төр засгийн бодлого, санаачилгыг дэмжиж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн баяжуулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.

Тэрбээр 1967 онд төрсөн. 1995 оноос Чехийн Гадаад хэргийн яаманд ажиллаж, Лима, Хавана, Мехико, Нью-Йорк, Манила, Киншаса зэрэг хотод БНЧУ-ын Элчин сайдын яаманд томилогдон ажиллаж байсан байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Categories
мэдээ нийгэм

БОАЖЯ-ны ойн 12 үйлчилгээ “e-Mongolia”-д орлоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж, байгууллагад зориулсан ойн 12 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia платформ орлоо.

Үүнд:

  • Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага / сунгах /
  • Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага / шинээр авах /
  • Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / сунгах /
  • Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / шинээр авах /
  • Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах
  • Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах / сунгах /
  • Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага
  • Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага / сунгах/
  • Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /сунгах /
  • Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /шинээр авах /
  • Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага
  • Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага /сунгах/

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг нийт үйлчилгээнээс өнөөдрийн байдлаар 47 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia-д оржээ.

Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлттэй эмээр үйлчлэх 30 гаруй эмийн сантай гэрээ байгууллаа

Ховд аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ч.Уранчимэг өнөөдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангийн эрхлэгч, холбогдох төлөөллүүдтэй уулзалт хийлээ.

Энэ үеэр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журмын тухай мэдээлэл солилцож, 2022 оны “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г байгуулж, холбогдох дээд шатны байгууллагад уламжлахаар боллоо.

Сүүлийн жилүүдэд иргэдийн хөнгөлөлттэй эм худалдан авах хэрэгцээ тодорхой хувиар нэмэгдэж байна. Ховд аймгийн тухайд 39 эмийн сан эмчийн бичсэн жорыг үндэслэн жилд дунджаар 500 гаруй нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгож байгаа гэж албаныхан онцоллоо.

Ийнхүү аймгийн төв болон хөдөөгийн сумдын эмийн сантай хөнгөлөлттэй эмийн жагсаалтаар эм олгох гэрээ байгуулснаар иргэн, даатгуулагчид өөрт ойр байрлах эмийн сангаас сонголтоо хийн хөнгөлөлттэй эмээ худалдан авах боломжтой бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо 16.5 хувиар өсчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн онд насанд хүрээгүй 921 хүн гэмт хэрэг үйлдэж, 1365 хүн гэмт хэргийн улмаас хохирсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн тоо 7 хувиар буурсан боловч хохирсон хүүхдийн тоо 16.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Цагдаагийн байгууллагад 2021 оны нэгдүгээр сараас хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нэмэгдээд буй. Мөн алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэрт оршин суух эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, сум дүүргийн хамтарсан баг, гэр бүлд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Мөнхшүр дэлхийн хошой аварга боллоо

30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр тэргүүлж, Дэлхийн хошой аварга боллоо. Түүнчлэн Монголын баг 33 медаль хүртэж 21,435 оноогоор тэмцээнийг тэргүүлжээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж нийт 19 тамирчин оролцсоноос тав нь ОУ-ын Мастерийн цолны болзол хангасан байна.

30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 18 улсын 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөн аж.

Categories
мэдээ нийгэм

Азийн АШТ-нд оролцох дугуйчдын анхны сорил боллоо

Ази тивийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын дугуйчдын анхны сорилт тэмцээн энэ сарын 18-нд Төв аймгийн Соломын давааны зам дээр болсон.

Сорил цасан шуургатай хүйтэн өдөр болсон тус тэмцээн ганцаарчилсан 15 болон 25 км-т зохиогдсон. Сорилтонд амжилттай оролцсон тамирчид Даланзадгад хотноо 10 хоногийн нэгдсэн бэлтгэлд гарч улмаар 2 дахь сорилтноос шалгарсан шилдэг тамирчид ирэх дугаар сарын 7-нд Турк улсыг зорих юм.

Улмаар манай дугуйчид 2022 оны ирэх гуравдугаар сарын 25-29-нд Таджикстан улсын нийслэл Душанбе хонооболох Ази тивийн АШТ-д хурдаа сорих юм.

Categories
мэдээ нийгэм

Шатаж байсан автобусны галыг унтраасан хүүг “Нийслэлийн тэргүүний сурагч“-аар шагналаа

Шатаж байсан автобуснаас зорчигчдыг гаргаж, галыг унтраасан “Тэмүүжин өрлөг” сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар хүүд “Нийслэлийн тэргүүний сурагч” шагналыг гардууллаа.

Тэрбээр хоёрдугаар сарын 15-ны өдөр Гачуурт чиглэлд явж байсан эмэгтэй жолоочтой автобус шатах аюул нүүрлэхэд дотор байсан хүмүүсийг гаргаж, асаж буй галыг унтраасан юм.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Украинд суралцаж буй 35 оюутан нутагтаа ирэх хүсэлт өгсөн

Украины их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар дөрвөн монгол оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгдсэн байна.

Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад “Монгол Улсаас Польш Улсад суугаа Элчин сайдын яам болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан тус улсад суралцаж байгаа монгол оюутнуудтай тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Тухайн улсад оршин суугаа, суралцаж байгаа оюутнуудтай цахим уулзалт хийсэн. Уулзалтаар тулгамдаж буй асуудал байгаа эсэх талаар ярилцахад байхгүй гэсэн хариулт өгсөн. Хэрэв асуудал үүссэн болон эх орон руугаа буцах хүсэлтэй байгаа бол ЭСЯ-нд хүсэлтээ гаргавал яаралтай буцаах, шийдвэрлэх зохицуулалт хийж байна.

Украинд Монгол Улсын 90 орчим иргэн оршин сууж байгаагаас 22 нь байнгын оршин суугч иргэд байна. Харин их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас цахимаар суралцдаг 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргасан.

Тэдгээр оюутнууд эх орондоо ирсэн буюу ирж яваа бол байнга оршин суугаа монгол иргэдээс эх орондоо буцах шийдвэр гаргасан иргэн байхгүй. Оюутан болон иргэдээс өөр нэмэлт хүсэлт ирээгүй байна. Ямар нэгэн бүртгэлгүй, Украин улсад оршин суугаа иргэд ЭСЯ-нд заавал биечлэн очих шаардлагагүй бөгөөд энэхүү цахим шуудангаар бүртгүүлэх боломжтой. Мөн ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдож болно. Хэрэв Украин улс руу зорчихоор төлөвлөж буй иргэд байвал нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна” гэлээ.