Categories
мэдээ нийгэм

Ч.Мөнхбаярт 8-15 жилийн ял төлөвлөнө

Ч. Мөнхбаяр нийтлэлч | Sonin.MN

Өнгөрсөн баасан гарагт ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг баривчилсан талаар мэдээлэл хийсэн.

Тодруулбал, Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, үүрэг даалгаврыг нь биелүүлж, мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан нь илэрсэн. Өчигдөр үйлдэл дээр нь баривчилсан. Нэгжлэгээр валют, баримт сэлт илэрснийг эд мөрийн баримтаар хурааж аваад байна гэж ТЕГ-ын хэвлэлийн ажилтан П.Өгөөмөр мэдээлсэн.

Тэгвэл түүнд холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн талаар зарим хэвлэлээр мэдээлсэн юм. Бид энэ талаар тодруулахад эл хэрэг ТЕГ-аас прокурорт шилжиж ирээгүй байгааг мэдээллээ. Эрүүгийн хуульд зааснаар түүнд дараах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэх учиртай.

Эрүүгийн хуулийн 19.4 Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монголын улс төрөөр сонин юу байна

Хавар болохоор Монголын улс төр идэвхиждэг, идэвхжүүлдэг бичигдээгүй хуультай. Үүнийг олон нийт хаврын синдром гэж нэрлэдэг. Хаврын эхэн сар дуусч буй цаг үед энэ хаврын улстөржилт эхэллээ. МАН Хөгжлийн банкийг, АН тамганы маргаанаа тойрч хэрэлдсээр. Үүн дээр МоАХ эвсэл шинэ эзэнтэй болсон уу, хоёр хуваагдсан уу гэсэн маргаан зучил нэмлээ.

Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас зээл авсан, авсан зээлээ эргүүлэн төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан улстөрчдийн асуудал өнгөрсөн хугацаанд олны анхаарлын төвд байв. Ялангуяа эрх баригч МАН гишүүддээ ямар хариуцлага тооцох нь анхааралтай ажиглах сэдэв байлаа.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Албан тушаал эрх мэдлээ ашиглан залилсан, дээрэмдсэн, зээл аваад төлөхгүй, асуудлыг хүндрүүлсэн намын гишүүддээ улс төрийн хариуцлага тооцно. Намаас хөөгөөд болчих юм уу гэдэг асуултыг олон нийтийн зүгээс тавьж байгаа. Гол агуулга нь тэр этгээдийг ямар нэгэн байдлаар улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй болгоно гэдэг нь тэр хүний олон жилийн хөдөлмөр үнэгүйдэх нөхцөл бүрддэг учраас өөрсдийн хэмжээнд улс төрийн хариуцлага тооцох юм. Манай намын саяхан Дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмээр илтэд ёс зүйн зөрчил гаргасан улстөрчийн дараа дараагийн сонгуульд оролцох боломж хаагдана. Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ. Ингээд шүүхээр таслагдаад гэм буруутайд тооцогдох юм бол намын гишүүнчлэлээс гарна. Ингэснээр насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана. Манай намын хувьд сумын ИТХ-д ч нэр дэвшихгүй. Нам дотроо улс төрийн албан тушаал хашихгүй” гэсэн юм. Түүний энэ үгийг сонссон хүмүүс “Ингэж л хариуцлага тооцох ёстой. МАН-ын залуу дарга нар өмнөх дарга нараасаа арай өөрөөр ажиллах нь” хэмээн итгэл найдвар тавьж байлаа. Гэвч МАН-ын гаргасан шийдвэр энэ хүлээлтийн хаана нь ч хүрсэнгүй. Тус намын Хяналтын хороо өнгөрсөн баасан гаригт хуралдаж гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн юм. Хурлаар УИХ-ын гишүүн асан Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Д.Хаянхярваа, Б.Ундармаа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцсон шийдвэр гаргав. Тэд бол шүүхээс аль хэдийнэ ял шийтгэлээ сонсчихсон, улс төрийн хариуцлагаа ч хүлээсэн хүмүүс. Олон нийт тэдэнд бус яг одоо яригдаж буй Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцох, хамгийн багадаа намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэрийг МАН-аас хүлээж байлаа. Гэтэл МАН молиго үмхүүлэв бололтой. Аль хэзээний улс төрөөс гарч буй хүмүүст хариуцлага тооцсон болоод өнгөрөх шив. Эхнээсээ Хөгжлийн банкны асуудлыг жүжиг гэх юмуу, эсрэг фракцаа намнах тоглолт гэж харах хүмүүс нийгэмд олон байв. Энэ ч ортой болж мэдэх юм. Гэвч цаашид үргэлжлүүлэн ажиллахыг нь харах л үлдэв бололтой. Хэрэвзээ үнэхээр албан тушаалаа ашиглаж гэмт хэргийн гэж хэлж болох арга замаар зээл авсан нь нотлогдвол тийм зээл авсан хүмүүстэй хатуу арга хэмжээ авч чадвал энэ намыг өөрчлөгдөж байна гэж үзэж ард түмэн итгэж эхлэх буй за.

АН шинэчлэгдэх хэрэгтэйг бид сануулсаар байгаа. Өнөөдөр сөрөг хүчин гэж хэлэгдэх АН-ын зөрчил хэнээндээ тулсан. Уг нь АН сөрөг хүчний хувьд эрх баригчдын энэ байдал дээр жинхэнэ улс төр хийж байх цаг л даа. Гэвч энэ фактыг эрх баригчдын эсрэг бус дотоод зөрчилдөө ашиглаж нэгнээ намнах оролдлого хийж байгаа нь харамсалтай. “Хөгжлийн банкны асуудалд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг буруутай” гэсэн байр суурийг МАН, АН-ын гишүүд илэрхийлж байна. Нэгэн цул болж үнэмлэхүй олонх эрх баригчдын эсрэг дуугарах ёстой АН-ынхан энэ мэтээр нэгнээ намнаад дуусах нь. Улмаар энэ нам эрх баригчдын бодлого үйл ажиллагаанд хяналт тавьж, сөрөг хүчний үүргээ биелүүлэх бус өөрөө орших уу, эс орших уу дээрээ тулчихсан яваа. 2020 оны сонгуулийн дараа эхэлсэн тамганы хэрүүл нь одоо хүртэл эцэслэгдээгүй. Магад 2024 оны сонгуулийн өмнө энэ хэвээрээ байхыг үгүйсгэхгүй болчихоод байна. Нийтлэлч Баабар “АН ёроолдоо тултал унах ёстой. Тэгж байж сэргэнэ” хэмээн хэлж байсан удаатай. Гэвч АН-ын уналтад ёроол гэж алга. Хамгийн сүүлд Онц их хурлаа хийж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон ч Улсын дээд шүүх энэхүү шийдвэрийг нь бүртгэж авахаас татгалзсан. Тиймээс гуравдугаар сарын 3-нд АН Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, дахин Их хурлаа товлохоор болоод байна. Гэвч нөгөө талд нь “С.Эрдэнэ намын дарга хэвээрээ байгаа. Энэ асуудалтай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригтой холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана” гэсэн хэсэг бүлэг хүмүүс бий.

АН намынхаа даргын суудал, тамга тэмдгээ булаацалдаж буй тэдний хэрүүл тэмцэл бүр жижгэрч, “доторх МоАХ фракцыг хэн удирдах вэ” гэсэн тэмцэл рүү шилжлээ. Тус холбоог олон жилийн турш удирдаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас холбооны удирдлагыг салгаж авах гэсэн тэмцэл эхэлчихсэн. Үүний эхлэл болгон УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, Г.Баярсайхан, гавьяат жүжигчин Д.Сосорбарам нар өнгөрсөн долоо хоногт МоАХ-ны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд 21 аймгаас хүрэлцэн ирсэн гишүүд, МоАХ-г үүсгэн байгуулагчид оролцсон. Зөвлөгөөнөөр МоАХ-тавдугаар Их хурлыг хийх нь зүйтэй гэж үзсэнээс гадна Д.Монголхүүг тэргүүнээр нь сонгох саналыг зарим гишүүд нь гаргажээ. Удахгүй МоАХ-ны тавдугаар Их хурлын товыг тогтоох юм байна. Гэхдээ энэ бүхэн тэдний санаснаар үргэлжлэхгүй нь бололтой. Учир нь, МоАХ-ны зөвлөгөөнийг зохион байгуулахын өмнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс тус холбооны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогтын хүсэлтээр шалгалтын ажиллагаа явуулж “Иргэн Д.Монголхүү, Л.Ганхөлөг нар МоАХ ТББ-ын гишүүнчлэлгүй, төлөөлөх эрхгүй. Мөн МоАХ ТББ-ын нэр, туг, бэлгэдлийг зөвшөөрөлгүй ашигласан болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн байна. Одоо ингээд л улс төрийн тоглолт эхлэх сайхан шалтаг гаргаж өгч байгаа нь энэ юм. Эрхтэй, эрхгүй гэсэн хэрүүл дахин дахин шүүхэд өгөх зэрэг үйл явдлууд үргэлжилсээр дараагийн сонгууль хүргэнэ. Энд танил арга барил байгаа нь илт харагдаж байна.Уул нь МоАХ-д хэн ч хамаагүй элсэж орж болдог, харин тэр элсэн орсон хүн нь бичигтэй баримттай байдаг гэж дуулдаагүй л юм байна. Энэ сайн дурын байгууллага, ямар ч намаас хэн ч гишүүн дэмжигчид нь байдаг биш бил үү. Хэзээнээс “монтажтай” хүн энэ байгууллагад ордог болчихсон юм бүү мэд.

АН-ын алдчихаад буй сөрөг хүчний орон зай дээр тоглох боломжтой нам бол УИХ-д суудалтай ХҮН. Энэ нам Хөгжлийн банкны асуудалд ганц мэдэгдэл гаргаад л орхичихлоо. Өөрсдийгөө боловсрол өндөртэйг гайхаад бардаггүй энэ намын кандидатуудаас эрх баригчдыг дорвитой шүүмжилж байхыг ард түмэн харсангүй. Хэт ухаалаг бодлого бариад байгааг нь хүмүүс ойлгодоггүй юм уу, тийм зөөлхөн эрх баригчдын амыг харсан хүмүүс байдаг юм уу. Хоёр МАН-тай болохдоо тулбал хүмүүс хуучин МАН-ыг л сонгох нь мэдээж тул дараагийн сонгуулиар ХҮН олон суудал авах эсэх нь эргэлзээтэй. Тэгээд ч 2028 онд намууд дор хаяж 30 гаруй мянган гишүүнтэй байж нам байгуулах эрхтэй болно. Энэ жижиг намууд хүссэн, хүсээгүй аль нэг том намд нэгдэж л таарах байх. Ирээдүй нь тодорхой болчихсон учраас аль намтай нь нэгдвэл ашигтай вэ л гэж харж байгаа байх гэсэн таамаглалыг улс төр судлаачид хэлдэг нь ортой. Хаврын их “бужигнааны” өмнө манай улс төр нэг иймэрхүү л өнгө аястай байна. Жижиг намууд бол бүр юу ч хийхээ больсон нь дээрх Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой биз.

Categories
мэдээ цаг-үе

Дэд сайд,ТНБД нарыг халж, УИХ-д нэр дэвших хүмүүсээр шинэчлэн томилно

УИХ-ын ирэх долоо хоногийн ээлжит бус чуулганы хуралдааны тов

МАН-ын удирдлагуудын түвшинд ТНБД нарыг сольж, сэлгэн томилгоо хийх агуулга бүр Их хурлаас нь өмнө яригдсан. Гэвч одоогоор уг сэлгэн томилгоо эрчимтэй өрнөөгүй байгаа юм. Тэгвэл яамдын дэд сайдаар ажиллаж буй хүмүүсийг шинэчлэх агуулга МАН-ын удирдлагуудын түвшинд дахин яригдсан байна.

Одоогийн ихэнх ТНБД нар ТӨХК-иуд болон Төрийн банк, Хөгжлийн банкны ТУЗ-д багтсан. Эдгээрийг цэгцлэх ажлын хүрээнд тэднийг ТУЗ-өөс чөлөөлөх процесс мөн өрнөх аж. Өчигдөр /2022.02.21/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийг 100 хувь өөрчлөх чиглэл өгсөн.

Үүнд, Барилга хот байгуулалтын ТНБД С.Магнайсүрэн багтаж буй. Энэ мэтээр цаашид тэдний хэрэгжүүлдэг эрх мэдлийг хязгаарлах бодлого баримтлах чигтэй байна. Харин яамдын дэд сайд нарын тухайд ирэх хавраас чөлөөлт хийгдэхээр яригдаж байна.

МАН дотор яригдаж буйгаар, “Ирэх 2024 оны УИХ-ын
сонгуульд шинээр өрсөлдөх боломжтой дүрүүдээ Дэд сайд, ТНБД нарын албан тушаалд
томилох замаар олон нийтэд таниулах бодлого баримтлах аж.

Categories
мэдээ цаг-үе

Монгол дохионы хэлний багшийн орон тоог нэмэх шаардлагатайг онцлов

Монгол дохионы хэл — Википедиа нэвтэрхий толь

“Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, асуудал, шийдэл”-ийн талаар БШУЯ, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, сургууль, цэцэрлэг, төрийн бус байгууллага, эцэг эхийн төлөөллүүд харилцан ярилцлаа.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны мэдээгээр 0-18 насны сонсголын бэрхшээлтэй 644 хүүхэд бүртгэгдсэн байна. Эдгээрээс 530 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд, 61 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад бүртгэлтэй байна.

Хэлэлцүүлгийн үеэр монгол дохионы хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хичээлийг оруулах, багш нарын дохионы хэлний чадварыг сайжруулж, орон тоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудлыг хөндлөө. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын хос хэл соёлын арга зүйгээр мэргэшсэн мэргэжилтнийг сургаж, орон нутгийн багш нарыг сургаж, чадварыг дээшлүүлэх шаардлага тулгараад байгааг онцолсон.

Оролцогчид сонсголын бэрхшээлтэй 0-3 насны хүүхдийн эрт оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэв. Харин тэд үндэсний хэмжээний судалгаа хийж, статистик бодит тоог гаргах шаардлагатай. Цаашид монгол дохионы хэлээр хичээл ордог нөхцөл боломжийг бүрдүүлэхийг хүсэж байгаагаа хэлж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг тусган зөвлөмж гаргахаар болов.

Categories
мэдээ цаг-үе

Олон улсын стандартын анхны кино студи байгуулах чиглэлээр Унгар улстай хамтран ажиллана

Олон улсын стандартын анхны кино студи байгуулах чиглэлээр Унгар улстай хамтран ажиллана

Монгол Улс 2021 онд Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн тул Соёлын яам олон улстай кино урлагийг дэмжих хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна.

Тухайлбал, өнгөрсөн онд 7.5 сая ам.долларын өртөгтэй Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төслийг эхлүүлэх асуудлыг ярилцаж байсан бөгөөд кино зураг авалтын тодорхой хэсгийг Монгол Улсад хийж, 2 сая орчим ам.доллар нь 100 хувь Монгол Улсад зарцуулагдах тооцоо гарч байсан юм.

Тэгвэл өнөөдөр Монгол болон Унгар улсын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан өнөөдөр болж, “Кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай Монгол Улсын Соёлын яам, Унгар улсын Хүний хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа.

Санамж бичигт, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански нар гарын үсэг зурав.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол, Унгарын кино урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.

Тухайлбал, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн анхны кино студийг байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, мэргэжлийн кино студи, хамтарсан бүтээлийг шинэ түвшинд хүргэх, хоёр орны кино үйлдвэрлэгчид, продюсерууд болон салбарын бусад мэргэжилтнүүдийн уулзалтыг тогтмол зохион байгуулахаар тохиролцов.

Мөн кино урлагийн сургууль, мэргэжлийн байгууллага хоорондын уран бүтээлчид, оюутан, судалгааны мэдээ, материал солилцох замаар кино урлагийн байгууллагууд болон сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар боллоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Орос улс Украинаас салсан хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо

Өчигдөр орой болж өнгөрсөн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дараа Украинаас салсан Донбассын хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тогтоолд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.

Ингэснээр Украины дорнод хэсэгт одоогоор зөвхөн ОХУ-ын хүлээн зөвшөөрсөн Бүгд Найрамдах Донецк Ард Улс (БНДАУ), Бүгд Найрамдах Луганск Ард Улс (БНЛАУ) бий болж байна.

Эдгээр мужууд 2014 онд Украинд гарсан Майданы хувьсгалын дараа Киевийн засаг захиргаанаас гарч байгаагаа зарласан ч дэлхийн ямар ч улс хүлээн зөвшөөрөөгүй байсан юм.

Путин телевизээр ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ “Олон жилийн өмнө гарах ёстой байсан БНДАУ болон БНЛАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг одоо гаргах цаг нь болсон гэж би үзэж байна” гэж хэлжээ.

Тэрбээр уг шийдвэрээ 2014 оны Минскийн гал зогсоох гэрээ хэрэгжээгүйн үр дүн гэж тайлбарласан байна.

“Тэд энхийн замаар асуудлыг шийдэх сонирхолгүй, харин Цахилгаан дайн хийхийг санаархсаар ирлээ. Тэд өдөр бүр Донбасст цэрэг илгээж байна” гэж Путин хэлсэн үгэндээ Украины талыг буруутгажээ.

Тэрбээр бас Украинд хэт үндсэрхэг үзэл, нацизм, оросын эсрэг үзэл дэлгэрч буй нь ийм алхам хийх шалтгаан болсон гэсэн байна.

Киевийн эрх баригчид Оросын дэд бүтцийг устгах хорлон сүйтгэгчдийг илгээж, Оростой үүсгэсэн зөрчил мөргөлдөөндөө гадаадын орнуудыг татан оролцуулж, NATO-д элсэхийг санаархаж буй нь “манай улсын аюулгүй байдалд шууд заналхийлсэн хэрэг юм” гэж Путин мэдэгджээ.

Дараа нь тэр Украин улсын статусын асуудлыг хэлсэн үгэндээ хөндсөн байна.

“Дахин хэлэхэд Украин бол зүгээр л манай нэг хөрш улс биш юм. Энэ улс бол манай түүх, соёл, оюун санааны ертөнцийн салшгүй нэг хэсэг. Орчин үеийн Украин улсыг Орос, тодруулбал Большевик Коммунист Орос бий болгосон юм. Ленин ба түүний хүмүүс Оросын түүхэн газар нутгийг салгах ажлыг бүдүүлэг арга замаар хийсэн. Ингэхдээ тэнд амьдардаг сая сая хүний саналыг ч сонсоогүй” гэж Путин тайлбарлажээ.

Кремлийн албаны эх сурвалжийн мэдээлснээр Путин мэдэгдэл хийхээсээ өмнө Донбассын мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэж байгаагаа Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Олаф Шольц нарт урьдчилж мэдэгдсэн гэнэ.

Тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тогтоолд гарын үсэг зурсныхаа дараа Путин ОХУ-ын цэргийг энхийг сахиулах үүрэгтэйгээр Донецк, Луганск руу илгээх шийдвэр гаргажээ.

Путиний мэдэгдлийн дараа Цагаан ордны хэвлэлийн албанаас хариу мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд “ОХУ-ын зүгээс ийм алхам хийхийг урьдчилан таамаглаж байсан тул авах хариу арга хэмжээний төлөвлөгөө маань бэлэн байгаа. Ерөнхийлөгч Байден удахгүй БНДАУ, БНЛАУ гэгдэж буй Украины бүс нутгууд дахь АНУ-ын хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүгийн үйл ажиллагааг хориглох захирамж гаргах болно” гэжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдэлдээ “Энэ арга хэмжээ бол Орос улс Украин руу халдан довтолсон тохиолдолд бидний холбоотнууд, түншүүдийнхээ хамтаар авах эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнээс тусдаа зүйл гэдгийг тодруулж байна” гэсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Хоёр хөрштэйгөө найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эн тэнцүү хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


Та хамгийн сүүлд БНХАУ-д албан айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын хүрээнд ямар ямар үр дүн гарав. Бүхий л айлчлалын дараа “Айлчлал амжилттай боллоо” гэсэн гурван үгийг хэлдэг. Хамгийн гол нь эргээд ажил хэрэг болж, үр дүнгээ өгдөг нь хэр олон байна вэ. Тухайлбал, БНХАУ-ын айлчлалын хүрээнд яригдсан ямар гол асуудлууд байна. Хэзээнээс ажил хэрэг болж, үр дүнгээ өгөх вэ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ли Кэчян ерөнхий сайдтай албан ёсоор уулзаж БНХАУ-ын дарга Си Жиньпинд бараалхсан. Эдгээр уулзалтаар Засгийн газар хооронд хамтран хэрэгжүүлэх хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, цар тахлын дараа худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон ногоон хөгжлийн чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож хоёр Засгийн газрын хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаарх өндөр дээд түвшин дэх харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн томоохон төслүүдийг урагшлуулахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж байна. Айлчлалаар хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж шинэ агуулгаар баяжуулах, Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалт яриаг тогтмолжуулах, ялангуяа хоёр талын дэвшүүлсэн хөгжлийн бодлогын зорилтуудыг харилцан уялдуулахад чиглэсэн бодит хамтын ажиллагааг ахиулсан гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэр, Улаанбаатар хотын төвлөрөл болон ногоон хөгжлийн чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцуулах, мөн олон жил яригдсан Гашуунсухайт Ганцмод төмөр замын боомтыг холбох ажлыг эрчимжүүлэх, Шивээхүрэн Сэхээ, Бичигт Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэх зэрэг олон асуудлаар Ерөнхий сайд нар тохиролцоонд хүрлээ.

Айлчлалын үеэр цар тахлын хязгаарлалтаас болж саараад байсан боомтуудын үйл ажиллагааг сэргээх талаар түлхүү ярилцсан. Бид цар тахлын халдварыг хянаж дотооддоо уялдаа холбоогоо сайжруулж чадвал Гашуунсухайт Ганц модны боомтыг төмөр замаар холбох ажлыг нэг жилийн дотор багтаах боломжтой болсон. Шивээхүрэн Сэхээ, Бичигт Зүүнхатавч төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцож, төмөр замын шугамыг холбох эрх зүйн үндэс бүрдсэн тул бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэхээр төр, засгийн байгууллагууд яриа хэлэлцээ хийж эхлээд байна.

Айлчлалын үеэр тохиролцсон ажлуудыг шуурхай хэрэгжүүлж хамтарсан төсөл хөтөлбөр, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулахын тулд хоёр талын хамтын ажиллагааны механизмуудыг бүрэн дүүрэн ашиглаж байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх явдал чухал юм. Монголын тал дотоодын байгууллагуудаа нэгдсэн мэдээллээр хангаж харилцаанд оролцогч талуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулна. Хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулахын тулд бид зохион байгуулалтын ажлыг боловсронгуй болгож, дотоодын шат дамжлагыг түргэтгэж, халдварын эсрэг авах арга хэмжээгээ сайжруулахаар төлөвлөж байгаа.

-БНХАУ манай улсын мөнхийн хөрш. Тийм учраас бүх талаар бид харилцаагаа гүнзгийрүүлэх, харилцан ашигтай байхад гадаад бодлого чиглэгдэх учиртай. Хоёр орны өнгөрсөн, одоо, ирээдүйн хамтын ажиллагааны талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс уул усаар холбогдсон мөнхийн хоёр хөрштэй. Хоёр хөрштэйгөө найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эн тэнцүү хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Монгол, Хятадын харилцаа олон жилийн баялаг түүхтэй. Энэ харилцаа сүүлийн 30 жил эрчимтэй хөгжиж өнөөдөр хамгийн таатай үедээ хүрээд байна. Хэдийгээр цар тахлын хориг хязгаарлалтууд хүнд бэрх нөхцөлийг тулгаж байгаа ч хоёр тал нягт харилцаатай ажиллаж худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тасралтгүй өрнүүлсээр байна. Өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ-ын Эрээн хотод цар тахлын улмаас хилийн боомтын үйл ажиллагаа тасалдахад хоёр талаас ажлын хэсэг байгуулж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн. Манай хоёр орон худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо давуулан биелүүлснийг энд тэмдэглэж байна. Цар тахлаас үүдсэн хязгаарлалтууд тулгараагүй бол бид үүнээс ч илүү амжилтад хүрэх байсан нь эргэлзээгүй. Тэгэхээр бидэнд хамтын ажиллагааг өргөжүүлэх асар их нөөц бололцоо байгаа гэдэгт итгэлтэй байна.

Бид дан ганц уул уурхайн бүтээгдэхүүний экспортод тулгуурласан худалдааны хандлагыг өөрчилж экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд төсөл хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх шаардлагатай. Ерөнхий сайдын айлчлалын дүнд Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох нөхцөл бүрдсэн. Монгол Улсын Их Хурал Замын-Үүд Эрээний эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталж, бидний ирээдүйн хамтын ажиллагаанд шинэ боломж, үүд хаалгыг нээж өгснийг энд онцлон дурдахыг хүсч байна.

Бидний хамтын ажиллагаа хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаагаар хязгаарлагдахгүй. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил үндсэндээ дууссан. Энэхүү төслийн хүрээнд бид Хятадын талтай идэвхтэй хамтран ажиллаж, манай Хөрөнгө оруулалтын судалгааны төв, Хятадын Үндэсний газрын тосны корпорацитай бодит ажлыг эхлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Уламжлалт худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн салбараас гадна хоёр тал байгаль орчныг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтэд тулгамдсан асуудлын нэг тул цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх нөөц бололцоо бидэнд арвин бий. Энэ асуудлыг хоёр орны төр, засгийн тэргүүн онцгой анхаарч яриа хэлэлцээний үеэр байнга санал солилцдог. Үүний үр дүнд хоёр улс “Цөлжилттэй тэмцэх, шар шороон шуурганы нүүдэл, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай Протокол” байгуулсан.

Цар тахлын дараа Монгол, Хятадын хамтын ажиллагааг бүх салбарт идэвхжүүлэхийн төлөө хоёр тал хичээл зүтгэл гаргаж, өндөр дээд түвшинд харилцан тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход онцгойлон анхаарч, бие биенээ харилцан дэмжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-БНХАУ-д Өвлийн олимп зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор хилээ хаагаад нэлээд хугацаа өнгөрч байна. Манай улсын экспорт, импортын үзүүлэлтэд БНХАУ-ын хилийн боомт чухал нөлөө үзүүлдэг. Тус улс хилээ удаан хугацаагаар хаасан нь манай улсад ямар нэгэн байдлаар өгч буй сануулга хэмээн хардах иргэн цөөнгүй байна. Энэ хэр үнэний ортой бол?

-Хятадын талаас тавьсан хилийн хязгаарлалтууд зөвхөн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлсэн үйл ажиллагаа. Хоёр улсын харилцаанд өндөр, дээд түвшний харилцан айлчлал хэд хэдэн удаа хэрэгжиж, хамтын ажиллагаа идэвхтэй хэрэгжиж байна. Тиймээс улс төрийн болон дипломат харилцаанд ямар нэгэн үл ойлголцох асуудал байхгүй гэдгийг онцлон хэлье.

БНХАУ өөрөө 14 улстай хиллэдэг, авто замын 82, төмөр замын 22 боомттой. Үйл ажиллагааны хязгаарлалт нь хилийн бүх боомтод ижил түвшинд үйлчилж байгаа. Цар тахлын тархалтаас болж олон улс орон хөл хорионы чанд хатуу бодлого баримталж, бараа нийлүүлэлт, худалдааны урсгал тасалдаж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хомсдож, үнэ өсөх үзэгдэл дэлхий даяар үргэлжилсэн хэвээр байна. Энэ бүхэн нь иргэдийн амьжиргааны асуудалтай шууд холбогддог учраас бухимдал үүсгэж, янз бүрээр таамаг дэвшүүлж байгааг ойлгож хүлээж авах хэрэгтэй.Харин манай улсын хувьд импорт, экспорт идэвхжиж хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч эхэлж байна. Гэхдээ хилийн боомт орчимд коронавируст халдварын тархалт нэмэгдэх, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдах эрсдэл хэвээрээ байгаа тул Засгийн газар Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцавын хилийн боомтын бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үеэрээ “Хөгжлийн галт тэргэнд хамтдаа суулаа” хэмээн хэлсэн нь олны анхаарлын төвд байна. Монголчууд БНХАУ-ын хөгжлийн галт тэргэнд суусан гэсэн үг үү?

-Хятадын “бүс зам” санаачилга “Хятадын хөгжлийн галт тэргэнд сууж, хамтдаа хөгжих, хөгжлийн үр ашгаа хуваалцах” гэсэн үндсэн зарчимтай гэдгийг төр, засгийн удирдлага нь дэлхий нийтэд зарласан. Эдүгээ энэ санаачилгад дэлхийн 141 улс, олон улсын 32 байгууллага нэгдэж хамтын ажиллагааны 206 баримт бичигт гарын үсэг зурсан нь бүгд хөгжлийн галт тэргэнд хамтдаа суусан хэрэг. Монгол Улс “бүс зам” санаачилгыг “талын зам” хөтөлбөртэйгөө уялдуулан хэрэгжүүлэхээр тохиролцсон. Хөгжлийн галт тэрэг гэдэг ойлголт Хятадын “бүс зам” хэмээх энэ томоохон төсөлтэй холбоотой хэлсэн үг гэж ойлгож болно.

-Коронавируст цар тахал дэлхий нийтэд тархаад даруй хоёр жил боллоо. Цар тахлын үед улс орнууд өөр өөрийн онцлогт тохирсон арга хэмжээ авч ажиллалаа. Энэ үед манай улс гадаад харилцаан дээрээ хэрхэн анхаарч ажиллав. Хүндрэлтэй болоод давуу тал юу байв?

-Цар тахлын давуу тал гэж байхгүй. Гадаад харилцааны яам хорио хязгаарлалт ихтэй хүндрэлтэй нөхцөлд 2021 онд өмнөө тавьсан зорилт, төлөвлөгөөт ажлуудаа бүрэн хэрэгжүүлсэн. Хоёр болон олон талт шугамаар идэвхтэй ажилласны дүнд гадаадын улс орнуудтай улс төрийн харилцаагаа бэхжүүлж, хөрш орнуудтайгаа худалдаа, эдийн засгийн харилцааг хэвийн хэмжээнд хадгалж, гадаадаас иргэдээ татан авах, вакцины нөөц бүрдүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцлоо.

Дэлхийн улс төрийн байдал ээдрээтэй, төвөгтэй болох тусам олон улсын харилцааны практик үйл ажиллагаа улам ярвигтай, тээг саад ихтэй болох нь гарцаагүй. Дээр нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой хязгаарлалтууд нэмэгдсэнээр олон талтай, динамик хөдөлгөөнтэй дипломат ажиллагаа нийгмийн харилцааны бүх салбарт хамаатай болж хэлбэрших хандлагатай байдаг зүй тогтол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажиглагдлаа.

-Магадгүй гадаад харилцаанд хамгийн их сорилт, бэрхшээл учруулсан жилүүд байсан болов уу?

-Цар тахлын нөхцөлд иргэдийн эрх ашгийг хамгаалах ажил хамгийн хүндрэл бэрхшээлтэй байсан. Манай иргэдтэй холбоотой асуудал гарах бүрт дипломат шугамаар ярьж хөөцөлдөж, олон улсын хүмүүнлэгийн байгууллагад хандаж боломжтой бүх арга хэлбэрийг эрэлхийлж ажиллалаа. Энэ ажлын үр дүн ч гарсан. БНХАУ-д л гэхэд виз, зөвшөөрлийн хугацаагаа хэтрүүлсэн 4000 гаруй иргэнийг татан авахдаа бичиг баримтын болон визний зөрчилд ногдуулсан олон сая төгрөгийн торгуулаас чөлөөлүүлсэн. Ковидын эсрэг вакцины нөөц бүрдүүлэхэд хоёр болон олон талт яриа хэлэлцээ амжилттай хийсний үр дүнд манай улс дархлаажуулалтын хувиар бүс нутагтаа тэргүүлж, дэлхийд эхний 10-т орсон үзүүлэлттэй байна. Харин цар тахлын яахын аргагүй хязгаарлалтаас болж гадаадын хөрөнгө оруулалт багасаж манай эдийн засагт хүндрэл сорилт учруулсан. 2019 онд 3.1 орчим тэрбум ам.доллар байсан гадаадын хөрөнгө оруулалт 2020 онд 2.5 тэрбум, 2021 оны 1.2 тэрбум ам.доллар болж буурсан.

-Цаашид дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа хэвийн түвшинд хүргэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Дэлхийн улс орнууд цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгаж, ард иргэдийнхээ аж амьдралыг хэвийн голдиролд оруулахад чиглэсэн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Дэлхий даяар цар тахлын хязгаарлалтыг үе шаттай хөнгөвчилж, одоогоор 140 гаруй улс орон хилийн хоригоо цуцалж, гадаадын иргэдийг нэвтрүүлж эхлээд байна. Монгол Улсын Засгийн газар саяхан цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай тогтоол баталлаа. Цар тахлын хязгаарлалтыг цуцалж, олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо зарлаж хөрөнгө оруулагч, жуулчдыг хүлээж авахад бэлэн боллоо.

Манай улс дэлхийн 30 орчим улс оронтой давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр, 20 гаруй улстай худалдаа, эдийн засгийн ерөнхий хэлэлцээр, 40 гаруй улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хоёр талт хэлэлцээр байгуулсан. Засгийн газар Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эргэлзээг арилгах, эрхийг хамгаалах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвийг байгууллаа.

Одоо хилээ нээлттэй болгосноор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх олон боломж нээгдэнэ гэж үзэж байна. Монгол Улсад томоохон хөрөнгө оруулагчдыг дэмжих форум, бизнес уулзалт, экспо зэрэг арга хэмжээг зохион байгуулж хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, хувийн хэвшил, байгууллага хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх өргөн боломжтой.

Гадаад сурталчилгааны чиглэлээр ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам хамтын ажиллагааны төлөвлөгөө баталж хэрэгжүүлж байна. Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар Аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Монгол Улс жуулчдад хилээ нээснээ зарлалаа. Манай улс жуулчдыг хүлээн авах бэлтгэл байдлаа бүрэн хангаж чадсан болов уу?

-Агаарын хилийг 2021 оны тавдугаар сараас үе шаттай нээсэн. Өнөөдрийн байдлаар гадаадын зургаан улс руу 12 чиглэлд хуваарьт нислэгийг үйлдэж байна. Монгол Улсад аялж жуулчлах, бизнесийн болон бусад зорилгоор ирэх гадаадын иргэдэд виз хэвийн журмаар олгож байгаа.-Хэдийгээр манай улс хилээ нээсэн боловч бусад улс орны хил хаалттай хэвээр байна. Одоогийн байдлаар хичнээн улс манайд хилээ нээгээд байна вэ. Түүнчлэн хөрш хоёр орон хилээ нээх эсэх талаар албан ёсоор мэдээлэл ирсэн үү?

-Цар тахлын үед улс орнууд халдвараас сэргийлэх зорилгоор хилээ бүрэн болон хэсэгчлэн хаах, хөл хорио тогтоох, виз олгохоос татгалзах, хилээр нэвтрүүлэхгүй буцаах зэрэг олон төрлийн арга хэмжээ авч байгаа нь тухайн улсын дотоодын шийдвэр юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын иргэдийг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн улс орон байхгүй, зохих ангиллын визтэй, тухайн улсын тавьсан шаардлагыг хангасан иргэдийг хилээрээ чөлөөтэй нэвтрүүлж байна.

Хойд хөрш ОХУ-д манай иргэд агаарын замаар визгүй зорчиж байгаа боловч авто замаар хилээр зорчих хөдөлгөөн хязгаарлалттай байна. ОХУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй монгол иргэд бол авто замын боомтоор чөлөөтэй зорчиж байгаа.

БНХАУ-ын хувьд хилийн боомтын зорчих хөдөлгөөн хатуу хязгаарлалттай хэвээр байна. Хятад руу авто замын боомтоор зорчих боломжгүй, агаарын замаар зорчиход маш хатуу шаардлага тавьж байгаа. Эдгээр шаардлага зөвхөн манай улсын иргэдэд хамаатай бус, гадаадын бүх улсын иргэд, өөрийн иргэддээ хүртэл тавьж байгаа нэгэн ижил шаардлага юм.

-Монгол Улсын бүрэн эрхийг төлөөлөн суух дипломатуудын томилгоо хийгдэж дууссан уу?

-Хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн нийт 48 газрын 46-д нь тэргүүнийг томилсон. 2022 онд Оттава, Токио дахь элчин сайдын томилолтын хугацаа дуусах тул оны эцсээр орны хүнийг нь томилно.

-Аль нэг улсад дипломатаар ажиллах нь тэтгэвэртээ гарсан улс төрчдийн “амрах” газар болдог хэмээн иргэд шүүмжилдэг. Томилогдсон дипломатуудыг сонгон шалгаруулах үйл явц шударга, мерит зарчмаар явагдаж чадаж байна уу?

-Элчин сайдаар ажиллах хүнийг яамныхаа үндсэн албан хаагч нар болох мэргэжлийн дипломатуудаас нэр дэвшүүлэх зарчим баримталдаг. Мөн олон улсад тогтсон жишгийн дагуу төр, засгийн удирдлагатай зөвшилцөж зарим Элчин сайдыг томилдог. Элчин сайдад нэр дэвшүүлсэн албан хаагчид төрийн болон дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн тусгай албанд ажиллах шалгуурыг хангасан, Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх боломжтой хүмүүс байдаг. Сонгон шалгаруулах үйл явц мерит зарчмын дагуу, шударга явагдаж байгааг энэ удаагийн томилгооноос харж байгаа байх. Мэдээж улс төрийн томилгоо тодорхой хувийг эзэлдэг. Дан ганц манай улсад байгаа юм биш, олон улсын жишигт ч ийм томилгоо байдаг. Байхаас ч аргагүй.

-Томилогдсон дипломатууд ёс зүйн доголдол гаргасан, ажилдаа хойрго хандаж Монгол Улсын нэр төрийг сэвтээсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага юу байна вэ?

-Дипломат албаны сахилга хариуцлагын асуудалд үе үеийн сайдууд онцгой ач холбогдол өгч тодорхой арга хэмжээ авч ирсэн. Миний хувьд ч ялгаагүй, гадаад харилцааны салбарын нийт албан хаагчдад үүрэг чиглэл өгөхдөө энэ асуудлыг онцгойлон анхаардаг. Хилийн чанад дахь ДТГ-ын ажилтнууд хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд тухайн албан хаагчаас гадна ДТГ-ын тэргүүнд нь давхар хариуцлага тооцох зарчмыг баримталж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дипломат албаны сахилга хариуцлагыг эрс нэмэгдүүлэх тухай заалтыг тусгайлан оруулсан байгаа. Энэ заалтыг үндэслэн саяхан БНСУ-д суугаа Элчин сайдыг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр эгүүлэн татах шийдвэр гаргасан.

-Гадаад харилцааны бодлого урт хугацаанд тогтвортой хэрэгжиж чадаж байна уу. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна?

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Гадаад бодлогын үзэл баримтлалд манай улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” гэж заасан байдаг.

Тусгаар тогтнол, бүрэн эрхээ сахин хамгаалсан, үндэсний эрх ашгаа дээдэлсэн бие даасан шинж чанартай гадаад бодлогын эдгээр тулгуур зарчим, чиглэлүүдийг бид 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжихдээ шинээр томьёолж баталсан. Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл болон үндэсний хэмжээний бусад хөтөлбөрүүдийг эдгээр зарчимд тулгуурлан боловсруулдаг.

Өнөөдөр бид эдгээр суурь зарчмуудыг баримтлан дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр хөрш, бүс нутаг, тив дэлхийн улсуудтай харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлж 193 улстай дипломат харилцаа тогтоосон, мөн олон талт олон улсын 303 гэрээ, хоёр талт олон улсын гэрээ 1325 байгуулсан байна.

Монгол Улсын гадаад бодлого гадаад харилцааны сайдын албыг ямар хүн хашихаас үл хамаарч эдгээр суурь зарчмуудын дагуу явдаг тул урт хугацаанд тогтвортой хэрэгждэг гэж үздэг.

-Одоогоор Монгол Улсаас хичнээн мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна вэ. Хилийн чанадад оршин суугаа, зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар танай яам хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Цар тахлын өмнө буюу 2019 онд манай улсын 2.4 сая иргэн гадаадад зорчсон тоо байдаг. Иргэдийнхээ зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эрх ашгийг хамгаалах яриа хэлэлцээг бид тасралтгүй хийдэг. Монгол иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлэх, гадаад улсын визийг цахимаар болон хилийн боомт дээр авдаг болох зэрэг хэлэлцээнд ахиц гарч байна. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 онд энгийн паспорттой манай иргэд дэлхийн 11 улсад визгүй зорчдог байсан бол өнөөдөр 25 улсад визгүй зорчих боломжтой боллоо.

2021 оны байдлаар Монгол Улсын 163.437 иргэн дэлхийн 87 улсад оршин сууж байна. Эдгээрээс хууль ёсоор оршин суугаа 95 мянга орчим, оюутан 29 мянга, хууль бусаар оршин суугаа 40 мянга гаруй иргэн байна. Мөн БНСУ-д 37.000, АНУ-д 30.000, Японд 13.500, Чехэд 11.000, Шведэд 10.500, Францад 7000, Герман, Турк, Австралид тус бүр 6000 гаруй иргэн байна гэсэн судалгаа байдаг. Цар тахлын өмнө БНХАУ-д манай 13000 гаруй иргэн оршин сууж байсан бол 2021 онд 1200 болж буурсан. Хойд хөршид 3000 гаруй монгол иргэн оршин сууж байна.

Гадаад харилцааны яам хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн 48 газраараа дамжуулан гадаадад байгаа монгол иргэддээ төрийн үйлчилгээг шуурхай хүргэж, мэдээ сэрэмжлүүлэг түгээж, эрх ашгийг нь хамгаалах чиг үүргээ идэвхтэй хэрэгжүүлж байна. ДТГ-ууд үндсэн чиг үүргийнхээ хажуугаар өөрийн иргэддээ нотариатын болон иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг.

Гадаадад байгаа иргэдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цаг үеийн мэдээ, зөвлөмжийг шуурхай түгээж, монголчуудын холбоодтой хамтран ажиллаж, суугаа болон хавсран суугаа орны хүмүүнлэгийн болон хууль хяналтын байгууллагатай ажил хэргийн холбоотой ажиллаж иргэдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд боломжтой хэлбэрээр туслалцаа дэмжлэг үзүүлдэг.

-Ковидын үед гадаадад гацсан монголчууддаа Монголын төр анхаарал халамж хэр тавив?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Гадаад харилцааны яамны хийсэн томоохон ажлын нэг нь хилийн чанадад байгаа монгол иргэдэд мэдээлэл, зөвлөгөө түгээж туслалцаа дэмжлэг үзүүлэх, хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь ирүүлэх ажил байлаа. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадад байгаа монгол иргэдээ татан авах ажлыг ГХЯ зохион байгуулж 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс 2021 оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд тусгай үүргийн 258 удаагийн нислэгээр 37.752, Монгол, Хятадын боомтоор 4321, Монгол, Оросын боомтоор 2859, нийт 44.932 иргэнийг эх орондоо авчирлаа. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2021 онд 160 иргэнд 133.312.992 төгрөгийн тусламж үзүүлсэн, мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд тусламжийн 2.1 тэрбум төгрөгийн зардлаар 554 иргэнийг эх оронд нь ирүүллээ.

Энэ бүх ажлыг товчилж багцаалбал цар тахлын үед Гадаад харилцааны яам Монгол Улсын иргэд олноор төвлөрөн суудаг гадаадын 52 улсын Засгийн газарт хандаж хилийн чанадад оршин суугаа иргэдэд туслалцаа үзүүлэх хүсэлтийг дипломат шугамаар хүргүүлсэн байна.

-Гадаадад байгаа иргэд хэлний мэдлэггүй, эсвэл тухайн улсад оршин суух албан ёсны эрхгүйгээс үүдэн хууль, эрх зүйн туслалцаа авах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломж бололцоо муутай байдаг. Энэ чиглэлд Элчин сайдууд үүргээ хэр сайн биелүүлж байна?

-Гадаад харилцааны яам хилийн чанад дахь өөрийн иргэдийн эрх ашгийг хууль ёсоор, эсвэл хууль бусаар оршин суугаа хэлбэрээс нь үл хамааран туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Ингэхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд мэдээлэл зөвлөмж түгээх, иргэдийнхээ итгэлийг олж эргэх холбоотой ажиллах, бүртгэл мэдээллийн санг сайжруулах, монголчуудын холбоодыг идэвхжүүлэх, Өргөмжит консулуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлийг нийт Элчин сайд нарт өгч хяналт тавин ажиллаж байна.

Иргэд ЭСЯ, Консулын газарт хандсан л бол манай консулын ажилтнууд шуурхай ажиллаж холбогдох байгууллагад нь хүсэлт, захидал илгээж, газар дээр нь очиж уулзаж, орчуулагч, өмгөөлөгчтэй холбоо тогтоож, бүх талын туслалцаа үзүүлдэг.

Хэлний болон хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж манай иргэд эрх ашиг нь зөрчигдөж хохирох, гэмт хэрэгт холбогдох, шийтгүүлэх явдал түгээмэл байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд бид тухайн улсын төрийн бус байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж “pro bono” хэлбэрээр хууль, эрх зүйн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна. Элчин сайдын яамд, Ерөнхий консулын болон Консулын газруудад иргэдтэй шуурхай харилцах, тэдний санал хүсэлтийг цагийн хязгаарлалтгүй хүлээн авах боломжтой шуурхай утас, олон нийтийн мэдээллийн сүлжээ, цахим хуудсыг тогтмол ажиллуулж байна.

Харин иргэд хилийн чанадад ямар нэгэн хэрэг төвөгт холбогдоод ЭСЯ-ндаа мэдэгдээгүй тохиолдолд бид мэдэхгүй өнгөрдөг тал бий. Иргэд өөрийн оршин суугаа хаяг, холбоо барих утас зэрэг мэдээллээ ЭСЯ-ндаа сайн дураараа бүртгүүлдэг байвал урьдчилан сэргийлэх ажилд нэн хэрэгтэй.

-Дипломат, албан паспортыг ГХЯ-наас нэлээн цэгцэлж, өмнө олгогдсон их хэмжээний паспортыг хүчингүй болгосон гэж байсан. Ямар учраас хүчингүй болгосон бэ?

-Дипломат, албан гадаад паспортын ашиглалт, хадгалалтад тавих хяналтыг сайжруулах тухай УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 он, 2019 оны тогтоолууд байдаг. Тогтоолын хүрээнд Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг Засгийн газар 2020 онд шинэчлэн баталсан.

Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдэд тавигдах хариуцлагыг нэмэгдүүлж, паспорт олгох шалгуурыг өндөрсгөн паспортын хадгалалт, ашиглалтад онцгой анхаарах чиглэлээр олон зохицуулалт тусгасныг манай яам мөрдөн ажиллаж байна. Энэ журамд дипломат, албан паспортоор зөвхөн албан ажлын шугамаар зорчих, энэ тухай нотлох баримтыг Монгол Улсын болон гадаад улсын хилийн боомтод шалгуулах, паспорт эзэмшигч албан хаагч томилолтоор ажиллаад Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд хилийн боомтод паспортыг хураан ГХЯ-нд тусгай бүртгэлийн дагуу хадгалах, паспорт эзэмшигч төрийн албан хаагч гадаадад томилолтоор ажиллах бүрт нь харьяа байгууллагын хүсэлтийг үндэслэн паспортыг буцаан олгож байх, хилийн боомтод паспортоо хураалгахаас татгалзсан тохиолдолд дахин паспорт олгохгүй байх зэрэг онцлог заалтууд багтсан. Дипломат, албан гадаад паспортын ашиглалт, хадгалалтад тавих хяналтыг чангатгах чиглэлээр Гадаад харилцааны яам үе шаттай арга хэмжээ авч байна. Засгийн газрын тогтоолыг үндэслэн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, халагдсан, өөр албанд шилжсэн хүмүүсийн нийт 806 дипломат, албан паспортыг хүчингүй болгож олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, журамд тусгайлан заасан үүргийн дагуу Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага интерполын цахим мэдээллийн санд мэдээллийг хүргүүлсэн.

Тийм болохоор дипломат, албан паспорт эзэмшигч иргэд хилийн чанадад зорчихоосоо өмнө www.consul.mn хаягаар орж хүчингүй болсон дипломат, албан паспортын жагсаалтаас паспортынхоо дугаарыг шалгаж үзэхийг зөвлөж байгаа.

-Виз олголттой холбоотой үүсдэг хүндрэл бэрхшээлийг бууруулахын тулд цахим виз олгож эхэлсэн. Гэсэн хэдий ч бодит хэрэглээн дээр хүндрэл бэрхшээл их байгааг хэлж байна. Энэ ажил ямар шатандаа явж байна?

-Өөрийн болон гадаадын иргэдэд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх гол арга нь консулын үйлчилгээг цахимжуулах явдал юм. Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн баталж 2021 оны наймдугаар сараас мөрдөж эхэлснээр гадаадын иргэдэд цахим виз олгох хууль эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.

Монгол Улсын цахим виз, визийн нэгдсэн мэдээллийн системийг нэвтрүүлэх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар болон “Интерактив” ХХК-тай хамтран хэрэгжүүлж, Монгол Улсын цахим визийн системийг 2021 оны аравдугаар сараас туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн.

Цахим визийн системээр гадаадын 36 улсын иргэнд гурван ангиллын богино хугацааны визийг 20-72 цагийн дотор шуурхай олгож байгаа, Монгол Улсын цахим визийн загварыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон гадаадын улс орнуудад дипломат шугамаар мэдэгдээд байна. Цахим визийн системийг нэвтрүүлэх явцад зарим төрлийн картаар төлбөр хийгдэхгүй байх, зарим улсаас виз авч болохгүй байх зэрэг тохиолдлууд гарч байгаа. Жуулчны улирал эхлэхээс өмнө эдгээр алдаануудыг засч системийн ажиллагааг хэвийн болгохоор бид холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаан морь өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 22, Ангараг гариг. Билгийн тооллын 21, салхины эх одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 7:47 цагт мандан, 18:25 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Хур тунадас: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх гол орчмоор цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр 32-37 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 11-16 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд “МАН-д байтугай маньд хэрэггүй хүмүүсээ хөөгөөд л болоо юу?” хэмээв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Оюу толгойн
2.3 тэрбум ам.долларыг тэглэснээр манайд ирэх
ашиг хугацааны хувьд наашлах боломж бүрдсэн” хэмээснийг IV, V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хөгжлийн банкны
Гүйцэтгэх захирал асан
Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар “Н.Мөнхбат гэдэг залууг
их муухайгаар олон жил харлууллаа” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “МАН-д байтугай маньд хэрэггүй
хүмүүсээ хөөгөөд л болоо юу?” хэмээв.

ШУТИС-ийн түүхийн
багш доктор, дэд
профессор, “Дэлхийн
энхийн их наадам” ТББ-ын
тэргүүн Д.Сэрдарам “Технологи хүчээ
авч байгаа энэ
үед монголчууд
хэрсүү байхаас
аргагүй” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

МАН-ын гишүүнээс хасагдах зургаа дахь
хүн нь Ч.Хүрэлбаатар бололтой.

“Вояжер
Минерал Ресурсес” ХХК-ийн
ТУЗ-ийн дарга Ч.Чинбат “Манай компани Хөгжлийн
банкнаас зээл авахад Ч.Ундрам
МУИС-д ажиллаж байсан, нөлөөлөх
ямар ч боломжгүй” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ