Categories
мэдээ нийгэм

Жонш олборлох уурхайн ажилтан шороонд даруулж амиа алджээ

Жонш олборлох уурхайн ажилтан шороонд даруулж амиа алджээ

Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багийн “Бэрх” тосгонд Жонш олборлох уурхайд нуралт болж, нэг хүн амиа алджээ.

Хэргийг тодруулбал, Уурхайн шороонд хүн дарагдсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 22-ны 00:28 цагт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Эрэн хайх, Аврах салбарын алба хаагчид 70 км зам туулан очиход “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жоншны уурхайн ажилтан 53 настай иргэн бэхэлгээ хийж байгаад шороонд даруулж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

2021 онд 921 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1365 хүүхэд хохирчээ

Гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 670 нь хүүхэд байна

Улсын хэмжээнд 2021 онд насанд хүрээгүй 921 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1365 хүүхэд гэмт хэргийн улмаас өртөж хохирсон байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн тоо долоон хувиар буурсан боловч хохирсон хүүхдийн тоо 16.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар 45 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 220 хүүхэд гэмт хэргийн улмаас өртөж хохирсон статистик үзүүлэлттэй байна.

Цагдаагийн байгууллагаас 2021 онд хүүхэд болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдын эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Хүүхэд хамгаалал”, “Хичээл эхэллээ” “Нуугдмал” зэрэг дөрвөн ерөнхий арга хэмжээ, 320 удаагийн хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан.

Цагдаагийн байгууллагад 2021 оны нэгдүгээр сараас хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нэмэгдэж, алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэрт оршин суух эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд хариу үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, сум дүүргийн хамтарсан баг, нутаг дэвсгэрийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажил арга хэмжээ зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монголбанк Maстеркарт байгууллагатай хамтран EMV чип технологид амжилттай шилжүүллээ

ӨРӨГ.МН

Монголбанк болон Мастеркарт байгууллага “M/Чип технологийн лицензийн гэрээ”-г 2019 онд байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд хамтран ажилласнаар Үндэсний брэнд ₮ картыг EMV чип технологид суурилсан нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан чип технологид шилжүүллээ.

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар “М/Чип ₮-картыг арилжааны 11 банк, карт гаргагч финтек компаниудаар дамжуулан карт эзэмшигчид авах боломжтой боллоо. М/Чип технологийг нэвтрүүлснээр үндэсний брэнд ₮ картын нууцлал, аюулгүй байдал эрс сайжирч, өмнөх соронзон туузтай карт ашиглаж байхад үүсэж байсан нууцлал, аюулгүй байдлын эрсдэлийг бүрэн арилгасан. Чип технологид суурилсан ₮ карт нь манай улсын банк, санхүүгийн салбар эдийн засагт ашиглаж буй төлбөрийн үндсэн хэрэгсэл төдийгүй төлбөр тооцооны системд томоохон үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг онцлов.

Мастеркарт байгууллагын Ази Номхон далайн бүсийн Ерөнхийлөгч Ари Саркер энэ үйл явдлыг өндрөөр үнэлж, “Энэ бол Монголын хэрэглэгчид төдийгүй бизнес эрхлэгчдэд ихээхэн ашиг, тусаа өгөх дэвшил юм. Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд тэргүүлэх зорилтоо биелүүлсэн төдийгүй цар тахлын үед авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг юм. Иймд, Мастеркарт нь Монголын үндэсний төлбөрийн системийн хөгжилд идэвхтэй хувь нэмрээ оруулж, чип технологийг нэвтрүүлж, Монгол Улсын төлбөр тооцооны эко-системийг үр дүн, өгөөжтэй хөгжүүлж байгаадаа баяртай байна” хэмээн дурдсан.

₮ карт нь төлбөрийн картын зах зээлийн 62 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт 2.6 сая карт эзэмшигч төлбөр тооцоогоо гүйцэтгэж байна. Чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) суурь тавигдаж байна. Мөн, карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээнд пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоогоо хийх боломж бүрдэж байна.

Монголбанк нь Maстеркарт байгууллагатай “M/Чип технологийн лицензийн гэрээ”-г байгуулсан нь Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд бэлэн мөнгөний хэрэглээгүй эдийн засаг бий болгоход чухал алхам болсон юм. Монголбанк, Мастеркарт байгууллагын энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Сидней, Шинэ Өмнөд Уэльс, Сингапур зэрэг орнуудын хэрэгжүүлсэн “ухаалаг хот”, “санхүүгийн хүртээмж хурдасгах, дижиталжуулах” гэх мэт шинэлэг технологийг Монгол Улсад нэвтрүүлэх суурь тавигдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Унгар улс шууд нислэг нээх боломжийг судална

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газрын комиссын 7 дугаар хуралдаан энэ сарын 18, 21-нд цахимаар боллоо.

Комиссын Монголын хэсгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Унгарын хэсгийг тус улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Эдийн засгийн гадаад харилцааны асуудал хариуцсан орлогч Төрийн нарийн бичгийн дарга Юу Иштван нар тус тус даргалав.

Хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, хөдөө аж ахуй, усны менежмент, тээвэр, боловсрол, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчин, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, Протоколд гарын үсэг зурав.

Комиссын хуралдааны хүрээнд Монгол Улсын Соёлын яам, Унгар Улсын Хүний хөгжлийн яам Кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай харилцан ойлголцлын санамж бичигт Соёлын сайд Ч.Номин, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Обрушански нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын мега төслүүдэд хөрөнгө оруулалт татах, худалдааны эргэлтийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийн салбарын хамтын ажиллагаа чухал гэдэгтэй талууд санал нэгдэж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов. Мөн Монгол, Унгарын Засгийн газрын агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах яриа хэлэлцээ идэвхтэй үргэлжилж буйг тэмдэглэж, хоёр улсын хооронд шууд нислэг нээх боломжийг судлахаар талууд мөн тохиров.

Унгарын Засгийн газраас манай улсад олгодог 200 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлж байгааг Комиссын Монголын хэсгийн дарга З.Мэндсайхан сайшаан талархаж, хөтөлбөр цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Комиссын хуралдааны үеэр соёлын дурсгалт өвийг сэргээн засварлах, музей судлал, түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, археологийн хамтарсан судалгаа явуулах, хоёр талын хамтарсан шинжилгээний баг харилцан солилцох зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой тохиролцоонд хүрсэн нь чухал байв.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн өвөлжөө, хаваржаа, рашаан сувилал, замын тэмдэг зэргийг нэр өгч хаягжуулжээ

Энэ жил эрт дулаарна | News.MN

Газрын шинэтгэлийн үндэсний хороо өчигдөр хуралджээ.

Энэ удаагийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны тайлан, 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Мөн Монгол Улсын иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Өнгөрсөн онд тус хорооны төлөвлөж хийсэн ажлын хүрээнд газрын харилцаа, хот зохион байгуулалтын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх талаар онцгой анхаарч ажилласан талаар тус хорооны нарийн бичгийн дарга А.Энхманлай хэллээ. Уг ажлын дүнд иргэд газрын харилцаатай холбоотой 36 үйлчилгээг цахимаар авч эхэлсэн бөгөөд 600 гаруй сая төгрөгийг бодитоор хэмнэсэн судалгаа гарчээ. Цаашид өргөжүүлэхэд хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг Шадар сайдад уламжиллаа.

Мөн 2013 онд Хаягжуулалтын тухай хууль батлагдсантай холбоотойгоор улс орон даяар мэдээллийн сан үүсгээд буй. Уг санд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүргийн бүх хашаа, байшинг, бүртгэлжүүлсэн байна.

Түүнчлэн орон нутгийн өвөлжөө, хаваржаа, рашаан сувилал, замын тэмдэг зэрэг бүх хэсгийг хамруулан, нэр өгч хаягжуулжээ. Хаягжуулсан газруудад 2014 онд баталсан Монгол Улсын стандартын дагуу тэмдэг тэмдэглэгээ тавих ажлыг эхлүүлэн, одоогоор 220 сумд хэрэгжүүлээд буй аж. Цаашид хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг Шадар сайд үүрэг болголоо.

Газрын шинэтгэлийг эрчимжүүлэх хүрээнд хийж буй ажил үйлчилгээнд гарч буй асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж байх зорилгоор бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны хуралдааныг 14 хоног тутам зохион байгуулахыг Шадар сайд Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга А.Энхманлайд үүрэг болголоо.

Мөн дараагийн хуралдаанаар 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Газрын багц хуулийн төслүүд, Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг дахин хэлэлцэхээр тогтсон юм.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууг цагдан хорьж, “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэд хилийн хориг тавилаа

Хөгжлийн банк, ЖДҮ зэрэг хэрэг явдал хуульгүй, эсвэл хуулийг эс  хэрэгсдэгээс л үүдэлтэй

Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн Банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбуу, “Монгол драй милк” ХХК буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ нартай холбоотой хэргийг хянан хэлэлцсэн байна.

Тодруулбал, Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарыг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд

  • Яллагдагч Б.Чойжилжалбууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “…гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа…” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “….гэрчийг …дарамталсан, …сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа…” гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн өчигдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
  • Харин яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “…гэрчийг ….дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа…” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.

“Монгол драй милк” компанийн Хөгжлийн Банкнаас авсан зээл чанаргүй ангилалд орж, 49.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар тус банк мэдээлсэн юм. Хөгжлийн Банктай холбоотой албан тушаалтнуудыг шалгах үүргийг Ерөнхий сайд өгөөд байгаа билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Алив, найзууд минь тэврэлдье

Үзэг нэгтэн, фэйсбүүкийн найз маань “Өглөө цагтаа ирсэнгүй гэж цалин хасдаг, заавал ажил дээрээ байх ёстой” гэх мэт хэт уламжлалт, үүрэг хариуцлага нэхдэг байснаасаа хааяа ичээд байх юм” хэмээн нүүр номдоо бичсэн байна лээ. Үнэхээр ковидын нөхцөл байдал уламжлалт ажлын байр хэмээх ойлголтыг эвджээ. Дэлхий нийтээр цахимаар ажиллах соёлыг хүлээн зөвшөөрч, манай намууд хүртэл Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цахим ажлын байрны тухай дурдав. Ковид дуусч, амьд харилцаа цэцэглэх өдрүүд айсуй. Гэсэн ч долоо хоногийн аль нэг өдөр цахимаар ажиллах, эсвэл цахимаар ажиллах боломжтой ажлаа цахимаар хийгээд, ажлын байран дээр ажиллах шаардлагатай ажлуудаа ажил дээрээ амжуулах байдлаар уян хатан ажлын нөхцлүүд ч бий болгож болно.

Энэ бүхэн ажлын үнэлгээ өөрчлөгдөхөд хүргэж буй юм. Өглөө ажилдаа ирээд цагаа бүртгүүлж, ажлын байран дээрээ сууж байгаа хүнийг ажилласан гэж үзэх үү. Аль эсвэл ажлын үр дүнгээр нь хүнийг үнэлэх үү гэдэг асуулт зүй ёсоор ургана. Үнэндээ өдөржин ажил дээрээ суусан ч үр бүтээлгүй байж болно. Ажил дээрээ харагдаж үзэгдээ ч үгүй мөртлөө час хийсэн ажил гараас гаргасан ажилтан байж мэднэ. Ковид дууссан ч Улаанбаатарын түгжрэл ойрын мөддөө дуусахгүй. Нийслэлчүүд маань ажил дээрээ ч биш, гэртээ ч биш зам дээр, автобус, унаанд “амьдарч” мэдэхээр байна. Цахимаар ажиллан, цаг, мөнгөө хэмнэх сонголт бий.

Алив, найзууд минь тэврэлдье. Сонголт олон байх тусмаа ашигтай шүү дээ.

Categories
булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

 Нийт өрхийн 80 хувь нь интернэттэй, 97.6 хувь нь гар утастай байна

Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм дулаан

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-г олон нийтэд танилцуулж байна.

Энэхүү судалгаа нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөмжийн дагуу хийгдсэн Үндэсний хэмжээний анхны түүвэр судалгаа бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг бодитой тооцоход Монгол Улсын тоо баримтыг тусгах, цаашид салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах суурь судалгаа, статистик мэдээ мэдээллээр хангах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдлыг үнэлэх ач холбогдолтой.

Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна.

Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2021 оны байдлаар нийт иргэдийн 97.6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84.7 хувьд хүрсэн. Энэ нь төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, нээлттэй, хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тус судалгаанаас харж болох юм.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 98 хувь нь гар утастай бөгөөд үүнээс 54.8 хувь нь боловсролгүй иргэд байжээ. Түүнчлэн 15 ба түүнээс дээш насны хүмүүсийн 31.5 хувь нь суурин компьютер ашигладаг бол цахим худалдаанд иргэдийн 29.9 хувь нь тодорхой хэмжээгээр оролцсон байна. Сүүлийн гурван сарын хугацаанд судалгаанд оролцсон иргэдийн 84.3 хувь нь интернэт ашигласан бөгөөд тэдний 95 хувь нь мэдээлэл авах зорилгоор интернэтийг ашигласан ажээ.

Түүнчлэн Монгол Улсын нийт өрхийн:

  • 97.9 хувь нь гар утастай
  • 97.3 хувь нь телевизтэй
  • 80.0 хувь нь интернэттэй
  • 8.1 хувь нь радиотой
  • 9.0 хувь нь суурин утастай
  • 33.3 хувь нь компьютертой гэсэн судалгаа гарав.

Мөн сүүлийн гурван сарын хугацаанд монголчууд харилцаа холбоо, мэдээллийн технологийн зардалд 246.1 мянган төгрөгийг зарцуулсан байна. Үүний

  • 29 хувь нь тоног төхөөрөмж
  • 69.9 хувь нь үйлчилгээ
  • 0.5 хувь нь программ хангамж
  • 0.5 хувь контент
  • 0.1 хувь нь видео тоглоомд зарцуулжээ.
Categories
мэдээ улс-төр

МАН-ын гишүүнээс хасагдах зургаа дахь хүн нь Ч.Хүрэлбаатар бололтой

Увс аймагт сонгогчид нь санал өгөхдөө заавал мөнгө авч байж саналаа өгдөг жишгийг Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар эхлүүлсэн. Аймгийн төвийн худалдааны зах дээр 20 мянгатын дэвсгэртүүд хүмүүст өөрийн биеэр тарааж, хээв нэг зогссон бичлэгүүд нь одоо сошиалд бий. Сонгуулийн хууль зөрчсөн энэхүү хуулийн хариуцлагыг Ч.Хүрэлбаатарын бие төлөөлөгч залуу нь үүрч, шоронд ачигдсанаар Ч.Хүрэлбаатар гэж Монголын төрийн өндөр албанаас өнөөдрийг хүртэл буухгүй яваа нөхрийн тарыг монголчууд таньж эхэлсэн. МАН-ын залуу гишүүдийн дунд Ч.Хүрэлбаатараас л холхон байх ёстой шүү гэх үг тэр үед хүчээ авч байлаа. МАН-д, маньд гай болох хүн намаас хамгийн том албан тушаалуудад томилогдож ирлээ шүү, ийм хүнээс салах цаг болоогүй юм байх даа гэсэн яриа хаалганы цаана өрнөх болсон нь Ч.Хүрэлбаатарын хүйтэн харьцаа, өөдгүй хандлагаас намын гишүүд нь хүртэл залхсан, ад үзэх болсны шинж юм.

Өөрийнхөө өмнөөс бие төлөөлөгч залуугаа шоронд явуулчихдаг Ч.Хүрэлбаатар юуны хүчинд УИХ-ын гишүүн, сайд дарга хийсээр өнөөдрийг хүрэв. Мэдээж МАН-д шүдний өвчин болж нэлээн хэдэн жилийн нүүр үзэж байгаа Сү-гийн фракцийн гол төлөөлөл юм. Сү.Батболдын энэхүү фракцид Орост их сургууль төгссөн, сүүлд баруунд мэргэжил дээшлүүлсэн нэр бүхий, боловсролтой гэдэг нөхдүүд бий. Бүгдээрээ гишүүн, сайдын суудлаас бүх цаг үед салдаггүй. Хамгийн гаслантай нь Монгол Улсын зүгээс бүгдийг нь гадаадад боловсрол эзэмшүүлж, төрийн ажлын маш их туршлага суулгасан болохоор улс орноо хөгжүүлнэ гэж найдсан. Гэвч нөхдүүд олсон боловсролоо эх орноо хөгжүүлэх үйлсэд биш, харин боловсрол мэдлэгээ эх орноо тонон дээрэмдэхэд зориулсан юм. Түүний нэг жишээ нь, Ч.Хүрэлбаатарын Хотгор шанагын уурхайг солонгосчуудад сая сая доллараар зарсан явдал. Энэ түүхийг их олон хүн мэдэх учраас ингээд орхиё.

Одоо ид дуулиан шуугиан болж байгаа Хөгжлийн банкны асуудал байна. Үүнд хамгийн их оролцоотой хүн бол Ч.Хүрэлбаатар. Мань эр 2017 оноос эхлэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хөл нүцгэн хүүхнээр далимдуулж огцрох хүртэлх хугацаанд Сангийн сайдаар ажилласан. Өнөөдөр Хөгжлийн банкнаас хамгийн өндөр дүнтэй баталгаагүй зээл авсан, эргэн төлөлт хийгээгүй, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нөхдүүдийн 70 хувь нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллаж байх үед олгогдсон байгаа юм. Хөгжлийн банкинд хамгийн нөлөөтэй албан тушаал бол Сангийн яам. Нөхөр Сангийн сайд болонгуутаа “Монгол Улс чинь дөрвөн тусдаа төсөвтэй болчихож. Түүний нэг нь Хөгжлийн банк. Үүнийг эмхэлж авахгүй бол болохгүй нь” гэсэн сүртэй мэдэгдэл, мессэжүүдийг нийгэмд өгч, тархи угааж байгаад Хөгжлийн банкны бүх эрх мэдлийг өөртөө авсан. Ингээд юу хийсэн байх вэ. Тодорхой шүү дээ, өөрийн гар хөлөө байршуулж, Хөгжлийн банкаар тоглож өгснийг шинжээчид одоо ярьж байна. Гэвч нийгэмд гарч ирж дуугарч чадахгүй байгаа нь анхаарал татах асуудал. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур, бантан зуурагч Ч.Хүрэлбаатарын нэр Хөгжлийн банкин дээр тийм тод биш байгааг МАН-ын Хяналтын хороо ч дотроо ярьсан байна. Ажлын хэсгийнхэнд анхааруулсан байна. Үүний нэг тод жишээ бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдрөөс эхлэн “Хөгжлийн банкны захирлуудыг томилсон, томилуулсан хүмүүсийг хамгийн сайн шалгах ёстой юм байна” гэсэн үгийг хэлэх боллоо. Энэ нь Ч.Хүрэлбаатар нарыг шалгаж эхэлсэн гэсэн үг. МАН-ын удирдах зөвлөл дээр Хөгжлийн банк яагаад ийм байдалд хүрсэнд хамгийн тодорхой хариулт өгөх хүн бол Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар гэдэг үгийг тодорхой хүмүүс хэлжээ. Ингээд сая намаас сануулга өгөх хүмүүсийн нэрст түүний нэрийг оруулахыг, бүр зарим гишүүд нь МАН-ын гишүүнчлэлээс хамгийн эхэнд түдгэлзүүлэх ёстой хүн бол Ч.Хүрэлбаатар гэсэн санал гарч эргэн ярилцахаар болжээ. Ч.Хүрэлбаатарыг ийнхүү намаас хөөх, түдгэлзүүлэх асуудал дээр ордонд байгаа нэгэн мэнгэтэй хүн түгжээ болж байгаа гэсэн яриа ч байна.

Ч.Хүрэлбаатарын хууль бус үйлдэл, албан тушаалын хэтрүүлэлтийг хамгийн ихээр илчлэн ил цагаан нийгэмд мэдээлдэг Увсын Засаг дарга асан Д.Цэндсүрэн үүний үнэрийг авсан бололтой сая хэвлэлийн баг хурал хийхдээ түүний Увсад хаанчлалаа хэрхэн тогтоосон, 10 гаруй жил Увс аймгийг тонон дээрэмдэж байгааг зарлалаа. Түүний яриагаар бол наад зах нь гэхэд түүний сонгуулийн штабын ажилтан байсан Б.Дүгэрээ гэж нөхөр Увсын Драмын театрын барилгын ажлыг 6.8 тэрбумаар барина гэж аваад 3.6 тэрбумыг төсөвт нэмүүлсэн нь Ч.Хүрэлбаатарын нөлөө гэнэ. Одоо хүртэл театрын барилга нь ашиглалтад ороогүй байгааг баримтаар зарлалаа. Цаашилбал, Увс аймагт царцсан бүтээн байгуулалтын олон ажил болох Усан бассейн барилга, Чандманы автозамын тендерүүдийн ард Ч.Хүрэлбаатар байгаа гэв. Тэр ч бүү хэл тендерийн таван давхрын барилгыг дөрвөн давхар болгон барьж, барилгаас давхраар нь иддэг нөхөд ямар ч гэм зэмгүй явааг Ч.Хүрэлбаатартай холбон баримт дэлгэлээ… Энэ мэтээр Ч.Хүрэлбаатарын хууль зөрчсөн баримтууд, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлүүдийн баримтууд МАН-ын цагаан байр руу урсаж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Энэ бүгдийн эцсийн үр дүн нь МАН-ын гишүүнчлэлээс Ч.Хүрэлбаатарыг түдгэлзүүлэх, улмаар гишүүнээс хасах, АТГ-т баримт нотолгоо батлагдвал УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлууд шил шилээ даран шуугиан болохоор хүлээгдэж байгаа бололтой. Угаасаа ч УИХ-ын нэр бүхий гишүүдэд АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Түүн дотор Хаан банкны хувьчлалтай холбоотойгоор Японы иргэн Савадагийн гомдлоор Ч.Хүрэлбаатарт хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм билээ. МАН-ын шинэчлэгдсэн дүрмээр хэн нэгэн гишүүн нь хуулийн байгууллагад шалгагдаж эхэлбэл намын гишүүнчлэлээс шууд түдгэлзүүлнэ гэсэн заалт үйлчилж эхлээд яг 10 хонож байна… Зөвхөн Хаан банкны хувьчлалтай холбоотойгоор албан тушаалаа урвуулан ашигласан нь нотлогдвол намын гишүүнчлэл байтугай юм болох биз дээ.

Б.Сэлэнгэ

Categories
мэдээ нийгэм

Шилдэг багшийн хичээлийг 100 мянгаар худалдаж авна

Мэнэнгийн талд анхны сургууль үүдээ нээлээ

БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх үүднээс /2021.07.05 /medlee.mn цахим хуудас ажиллуулж эхэлжээ. Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа бөгөөд энэ үзүүлэлт 1-3 дугаар ангийнханд илүү байгааг салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлж байв.

Medlee.mn цахим хуудсанд Монгол Улсын шилдэг багш нарын хичээлийг байрлуулж, хүүхдүүд бүх төрлийн хичээлийг үзэх боломжтой. Мөн орон нутагт цахим хичээлийн хүртээмж хангалтгүй байгаа тул 45 лаборатори сургуульд видео хичээлийг бэлтгэх студи байгуулж, багш нар видео хичээлээ бэлтгэх боломжтойг сайд онцолсон. Энэ талаар холбогдох албанаас тодрууллаа.

БШУЯ-ны харьяа Боловсролын мэдээллийн технологийн төвийн Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Түмэн-Аюуш:

-Medle.mn бол боловсролын салбарын цөм хөтөлбөрийн бүхий л хичээлийг агуулсан үндэсний цахим платформ юм. Бүх сургууль, цэцэрлэг энэ системээр бүртгэлээ хийж байгаа. Багш болгон өөрийн эрхтэй гэсэн үг. Төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар өөрийнхөө заадаг хичээлийг системд тохируулна. Тэгээд заадаг хичээлээрээ нэвтэрч, тэр хичээлийн контентын сонгон шалгаруулалт зарлагдсан байвал удирдлагаас хамааралгүй өөрсдөө хүсэлтээ гаргаж, оролцох боломжтой. Аймаг орон нутагт ч ялгаагүй багш нар өөрийнхөө арга барилаараа 45 минутын хичээлийг 15 минутад багтаан контент болгож оруулна. Багш ганцаараа болон баг болж хийж болно.

Нэг бүлэг сэдэв 5-10 хичээл болдог. Улирал эхлэхээр багш нар тус бүрдээ төлөвлөгөө батлуулдаг байсан. Нэг бүлэг хичээлийг зарим багш 7 зарим нь 9 цаг заах жишээтэй. Бид энэ контентыг манай дээр зөвлөх багш нарын тендерээр шалгаруулсан 1-12 бүх контентыг арга зүйгээр хангаж, багшид зөвлөгөө өгөх баг ажиллаж байгаа. Тэд багш нарын контентыг үзэж, сайн болсныг шалгаруулж, зөвлөгөө мэдээлэл өгдөг. Хамгийн сайн болсон багшид тухайн бүлэг сэдвээр контент хийх эрхийг олгож байгаа. Тэр багш эхний цагийн контентоо сайн хийж шалгарвал 5-10 контентын эрх авна гэсэн үг” гэв.

Тодруулбал, шилдэг багшийн контентыг 100 мянган төгрөгөөр урамшуулж байгаа аж. Одоогоор хамгийн ихдээ нэг багш 55 цагийн хичээл хийсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулийн батлагдсан хөтөлбөрийн дагуу төлөвлөгөөндөө хуваахаар 1-12 дугаар ангийн нийт 16411 цагийн хичээлийн агуулгын хураангуйлсан 15 минутын контент болгосноор гадаадад амьдарч буй хүүхдүүд зайнаас суралцаж, хичээлээ сонгон суралцах болно гэдгийг мэргэжилтэн хэлсэн юм.

Аль ч үүрэн телефоны гар утаснаас medle.mn цахим хуудас руу нэвтрэхэд дата хязгааргүй үнэ төлбөргүй гэнэ.

Цар тахлын хуулийн дагуу энэ цахим санг бүрдүүлэхээр сайдын багцад нэг тэрбум 600 сая төгрөгийн төсвийг 2021 онд бүрэн олгожээ. Эхний ээлжид багш нар контент бага хийж байсан бол сүүлийн үед идэвхтэй болж 800 гаруй контентыг санд оруулсан байна.

Салбарын сайд Л.Энх-Амгалан шинэ оны өмнөхөн хамгийн олон контент хийсэн гурван багшид таван сая, удаах байранд орсон багш нарт 3-4 сая төгрөг, оролцсон бүх багш нарт нэг сая төгрөгийн урамшуулал өгчээ.

Үлдсэн санхүүжилтээ буцаан татуулахгүй нь тулд сайдтай зөвлөлдөн лаборатори сургуульд видео студи байгуулж, тэндээ багш нар нь ээлжлэн контентоо хийх боломжийг нь бүрдүүлжээ. Тодруулбал, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсрол, соёл урлагийн газрууд болон лаборатори сургуулиудад тус бүр нь 19 сая төгрөг төсөвлөж, студи байгуулсан байна. Уг студид микрофон, компьютер гэх мэт долоон төрлийн бүтээгдэхүүн худалдаж авах мөнгө төсөвлөсөн аж.