Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн Банкны зээлтэй холбогдуулан шүүхээс 10 хүнийг яллагдагчаар татжээ

ХУЯГТАЙ” ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА ЭНЭ ОНД ДУУСНА

Монгол Улсын шүүхийн 2021 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг танилцууллаа.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Д.Баяржаргал “Хөгжлийн Банктай холбоотой нийслэлийн прокурорын газраас нэр бүхий 12 хүнд холбогдох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирсэн.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээж аваад өнөөдрийн байдлаар нийт 10 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр, А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Б.Шинэбаатар, Ч.Энхбат, Ц.Баатарбилэг, Ц.Ууганбаяр, Д.Дэлгэрсайхан эдгээр хүмүүст яллагдагчаар татах, таслан сэргийлэх арга хэмжээг шүүх аваад байна.

Б.Мөнхтөрд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон. Н.Мөнхбатад холбогдох яллагдагчаар татах, таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирсэн боловч шүүх хуралдааны явцад өчигдөр яллагдагч Н.Мөнхбатын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид дахин татгалзсан. Уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түр хойшилсон.

Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Эрдэнэд холбогдуулан яллагдагчаар татах, цагдан хорих арга хэмжээ авах санал ирүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.2-т зааснаар гэрчийг дарамталж, сүрдүүлсэн, үндэслэл бүхий баримт байгаа гэсэн үндэслэлээр уг санал ирсэн. Шүүх уг үндэслэл нь тогтоогдохгүй байна гэж үзсэн тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, Х.Бат-Эрдэнэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

2021 онд нийтийн хоолны салбарын орлого өмнөх оноос 8.9 хувиар өсчээ

2021 онд нийтийн хоолны салбарын орлого 661 тэрбум төгрөг хүрч, 2020 оныхоос 8.9 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд ресторануудын орлого харьцангуй өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Өнгөрсөн онд рестораны салбарын орлого 381 тэрбум төгрөг хүрчээ. Энэ нь цар тахлын өмнө үе буюу 2019 оныхоос 2.5 хувиар бага үзүүлэлт болж байна.

Нийтийн хоолны салбарын орлого ийнхүү нэмэгдсэнийг өнгөрсөн хавраас цар тахлын хязгаарлалтууд харьцангуй суларсантай холбон тайлбарлаж болохоор байгаа юм. Тухайлбал: ресторанууд 2021 оны тавдугаар сарын 22-ноос эхлэн 00.00 хүртэл цаг ажиллах цагийн хуваарьт орж байв.

2021 онд нийтийн хоолны салбарын орлого өмнөх оноос 8.9 хувиар өсжээ

Үүнээс гадна өнгөрсөн оны 12 дугаар сард дотоодод Шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэсэн нь нийтийн хоол, зочид буудлын салбарт эергээр нөлөөлжээ. Тухайлбал: 12 дугаар сард зочид буудлын салбарын орлого 47.4 тэрбум төгрөг хүрсэн байна. Энэ нь 11 дүгээр сартай харьцуулахад 77 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Зочид буудлуудын орлого 12 дугаар сард ийнхүү өссөнийг Шинэ жилийн баяртай холбон тайлбарлаж болохоор байна.

2021 оны дүнгээр харвал зочид буудлын салбарын орлого 230.2 тэрбум төгрөг хүрч, 2020 оныхоос 25 хувиар өсөөд байна. Ялангуяа гурав ба түүнээс дээш одтой зочид буудлын орлого 22 орчим хувиар нэмэгджээ.

Засгийн газраас энэ сарын 15-наас эхлэн цар тахлын үеийн хязгаарлалтуудыг цуцалж, баар, рестораныг 05.00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрсөн юм. Ингэснээр 2022 оны эхний улиралд тус салбарын орлого цар тахлын өмнөх үе рүү дөхөх боломжтой болж байна.

Categories
мэдээ нийгэм

336 дугаар ангийн ахлагч өөрийгөө шатааж, биеийн 90 хувь түлэгджээ

Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ...

Дорноговь аймагт өөрийгөө шатаахыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, “Сайншанд сум Зүүнбаян суманд хүн өөрийгөө шатаасан байна” гэсэн мэдээллийг хоёрдугаар сарын 13-ны 00:50-д цагдаагийн байгууллага авч шалгажээ.

Ингэхэд 19 настай эрэгтэй О өөрийнхөө дээрээс бензин асган шатааж, амиа хорлохыг завдсан байжээ. Хохирогчийн биеийн 90 хувь нь түлэгдэж, эмчлүүлж байгаа бөгөөд бие нь муу байгаа аж. Хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээллээр уг хэрэг Зэвсэгт хүчний 336 дугаар ангид болсон бөгөөд хохирогч нь тус цэргийн ангид жилийн өмнө хөгжимчнөөр ажилд орсон ахлагч байжээ.

Categories
мэдээ нийгэм спорт

“Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аянд АНУ, Австрали, Чех, Япон, БНСУ дахь монголчууд нэгджээ

Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян тав дахь өдрөө өрнөж байна. Өнөөдөр улсын хэмжээнд 3,304 иргэн 85 заал, 13 клуб, 15 танхим, хоёр соёлын төв, нэг усан бассейнаар үнэгүй үйлчлүүлэн дасгал хөдөлгөөнд нэгджээ.

Орон нутгаас Говь-Алтай аймаг, дүүргээс Сонгинохайрханы иргэд хамгийн идэвхтэй байна.

Өнөөдрийн дасгал хөдөлгөөнд Налайх дүүргийн 77 настай оролцогч хамгийн ахмад нь бол Сэлэнгэ аймгаас дөрвөн настай оролцогч хамгийн залуу нь байв.

“Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян хүрээгээ тэлж, хилийн чанд дахь монгол иргэд нэгдэж буй нь сайшаалтай. Тухайлбал, АНУ, Австрали, Чех, Япон, БНСУ дахь Монгол иргэд идэвхтэй байна. Тус аянд Цагдаагийн байгууллагын 50 ажилтан, албан хаагч, “Тэмүүлэл” сургуулийн 40 сурагч, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид шинээр нэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 74 жолооч согтуугаар жолоо барьжээ

Согтуу жолооч хоёр хүүхэд гэмтээж, хоёр хүний аминд хүрчээ

Энэ сарын 21-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1762 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1336, хулгайтай холбоотой 51, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 107, гэмт хэргийн шинжтэй 118 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 74, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 120, хүний биед халдсан 67, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 90, эрүүлжүүлэх байранд хоносон 201, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 74 тохиолдол гарчээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Э.Ганцэцэг: Өнгөрсөн онд авлига, албан тушаалын болон залилах төрлийн гэмт хэрэг өссөн

Ардын намын үед авлига ялна | News.MN

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс /ШЕЗ/ “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.02.22/ зохион байгууллаа. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулсан юм. Тус хурлын хүрээнд Эрүү болон зөрчлийн хэрэг, эвлэрүүлэн зуучлалын дүн мэдээ сэдвээр Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг мэдээлэл өгөв.

Тэрбээр хэлэхдээ, “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ тайлант хугацаанд 12,068 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,402 хэргээр буюу 10.4 хувиар буурсан дүнтэй гарсан бол давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхүүд 2,105 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 597 хэргээр буюу 22.1 хувиар буурчээ.

Хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн танхим тайлант хугацаанд 322 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 363 хэргээр буюу 53 хэргээр буурсан дүнтэй гарсан байгаа юм.

Анхан шатны шүүхүүдийн хянан шийдвэрлэсэн хэргийн 17.4 хувь нь давж заалдах шатны шүүхээр, давж заалдах шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн 15.3 хувь хяналтын шатны шүүхээр тус тус хянан шийдвэрлэгдсэн байна” хэмээн мэдээллээ.

Мөн нэмж хэлэхдээ “Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн ихэнх гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан бол хүчиндэх болон залилах гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал, хүчиндэх гэмт хэргийн тухайд өнгөрсөн оны мөн үед 307 хэргийг хянан шийдвэрлэж байсан бол өнгөрсөн оны тайлант хугацаанд 346 хэрэг хянан шийдвэрлэж 39 хэргээр буюу 12.7 хувиар өссөн дүнтэй гарсан байгаа юм. Харин залилах гэмт хэрэг 736 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 22 хэргээр буюу 3.1 хувиар өссөн дүнтэй гарсан.

Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиглах 147 хэрэг хянан шийдвэрлэснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 34 хэргээр буюу 18.8 хувиар буурсан дүнтэй байна” гэсэн юм.

Өнгөрсөн онд авлигын гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байжээ. Тодруулбал, тухайн тайлант хугацаанд нийт 235 хэргийг хүлээн авснаас 33 хэргийг прокурорт буцааж дөрвөн хэргийг түдгэлзүүлж, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлж 155 хэргийг хянан шийдвэрлэж, 42 хэргийн үлдэгдэлтэй байжээ. Энэ бүлэгт хамаарах 235 хэргийн

  • 14.2 хувь нь прокурорт буцаж,
  • 1.8 хувийг түдгэлзүүлж
  • 0.4 хувь нь харьяаллын дагуу шилжиж 65.9 хувь нь шийдвэрлэгдэж, 15.9 хувь нь тайлангийн эцсийн үлдэгдэл гэсэн дүгнэлттэй гарсан байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн авлигын эсрэг гэмт хэрэг 39 хэргээр буюу 33.6 хувиар өсжээ.

Categories
мэдээ нийгэм

Украин улсад суралцаж байгаа 35 Монгол оюутан түр хугацаагаар нутаг буцна

Украин улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас дараах мэдээллийг өглөө.

Уг мэдээлэлд “Өнөөдрийн байдлаар Украин Улсад 22 Монгол иргэн байнга оршин сууж байгаа бол 68 Монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Украин улсад суралцаж байгаа монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн буюу ирж яваа бол байнга оршин суугаа Монгол иргэдээс эх орондоо буцах шийдвэр гаргасан иргэн байхгүй.

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украин Улсад оршин суугаа монгол иргэд болон суралцаж байгаа оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.

Украин Улсад оршин суугаа Монгол иргэд хэрвээ Элчин сайдын яамандаа бүртгүүлээгүй бол tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд туслалцаа, зөвлөгөө хэрэгтэй болсон тохиолдолд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.

Мөн түүнчлэн, Украин Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил 300 оюутан цэрэг хамрагдана

Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэлийн талаар өнөөдөр /2022.02.22/ Батлан хамгаалах яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтран мэдээлэл хийлээ.


Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “E-Mongolia” академийг энэ онд байгуулсан. Үүнтэй холбоотойгоор 21 аймгийг цахимжуулах ажлыг хийж байна. 2022 он гарснаас хойш төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системд 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимжуулсан . Мөн шинээр Барилга хот байгуулалтын яамны таван тусгай зөвшөөрөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагуудад үзүүлдэг 12 төрлийн үйлчилгээ, хүүхдийн мөнгө авах хүсэлт зэрэг үйлчилгээнүүд нэмэгдлээ. Ирэх гуравдугаар сард оюутан цэргийн бүртгэл цахимаар болно. Батлан хамгаалах яам 2022 оны нэгдүгээр сард цэргийн бүртгэлийг улс орон даяар амжилттай зохион байгуулж нийтдээ 100 мянга гаруй иргэн цахимаар бүртгүүлсэн талаар” гэв.

БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж “Өмнө “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хүүхдүүд сурч буй сургуулиасаа сургуулийн тодорхойлолт, голч дүн баталгаажуулсан бичиг авч, дүүргийнхээ цэргийн штаб дээр бүртгүүлдэг байсан. Энэ жилээс эхлэн энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд Е-Mongolia цахим үйлчилгээний системд бүртгүүлэхэд хангалтай. Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд сурч байна уу эсэх, голч дүн 2.8 эсэх гэх мэт шаардлагад хүрч байгаа эсэхийг таван минутын дотор оюутнуудад мэдээлэх боломжтой болж байна. Жилд дунджаар 5000 гаруй хүүхэд оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах хүсэлт илгээдэг. Бид энэ хөтөлбөрт батлагдсан төсвийнхөө хэмжээнд хүүхэд авдаг. Энэ жилийн төсөвт 314 сая төгрөг тусгасан. Энэ нь 300 гаруй хүүхэд хамрагдах боломжтой төсөв юм. Цар тахлын улмаас хоёр жил оюутан цэрэг аваагүй. Тиймээс хоёр, гуравдугаар курсийн оюутнууд хамрагдах боломжгүй. Зөвхөн нэгдүгээр дамжааны оюутнууд хамрагдах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад найман объектод нэгжлэг хийжээ

АТГ 532 хэрэг мөрдөн шалгаж байна

Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 576 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас есөн хэргийг шүүхэд шилжүүлэх, найман хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 556 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт зарим эрүүгийн хэрэгт хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад найман объектод прокурорын зөвшөөрлөөр нэгжлэгийг хийв.

Categories
мэдээ нийгэм

П.Ангарагсайхан: Гэрлэлт цуцлуулсан маргаан 3.6 хувиар өссөн

Иргэн, захиргааны хэрэг болон шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн оролцоо, шүүхийн үйлчилгээний талаарх өмнөх оны мэдээг Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан танилцууллаа.

Тэрбээр “Иргэний хэрэг өмнөх онд 14.4 хувиар буурсан байна. Анхан шатны шүүхээр шийдвэрлэж буй хэргийн 5.6 хувийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн 62.3 хувийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн.

Иргэний хуулиар шийдвэрлэж байгаа маргааны дийлэнх хувийг гэрээ, үүрэгтэй холбоотой маргаан эзэлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэж буй маргааны дийлэнх хувийг ажилласан жил тогтоосон маргаан эзэлж байгаа юм.

Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэж буй маргаан 0.9 хувиар буурсан ч гэрлэлт цуцлуулсан маргаан 3.6 хувиар өссөн байна. Иргэний хэрэг маргаан 14.3 хувиар буурсан ч тайлант хугацаанд зарим хэрэг маргаан өссөн. Тухайлбал, худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан 7,871 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 303 хэргээр буюу 4 хувиар өссөн.

Банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан өссөн дүнтэй байна. Тухайлбал, банкнаас олгох зээлтэй холбоотой 3,582 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 22.8 хувиар, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой 3,006 хэргийг хянан шийдвэрлэсэн нь 15.2 хувиар өссөн байна.

Тайлант хугацаанд зээлийн гэрээний маргаан 16.3 хувиар буурсан. 411 газрын маргааны хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 18.4 хувиар, төрийн албаны маргаан 33.3 хувиар өссөн. Тус маргааны 60-70 хувийг ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан эзэлж байна.

Шүүхээс өмнөх онд 31.2 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар төлөвлөжээ” гэсэн юм.

Тус мэдээллийг eagle.mn сайтын шууд дамжуулалтаас бэлтгэв.