Categories
мэдээ нийгэм

Сэтгэл зүйчийн өрөөг ЕБС бүрд байгуулахад дэмжлэг үзүүлэхийг Туркийн Элчин сайдаас хүслээ

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атешийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.

“Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн дүнд дээд боловсролын салбарт ахицтай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ.

Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монгол Улсаас оюутан суралцдаг. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ.

Мөн энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-уудад ажиллуулж байгаа сэтгэл зүйчийн өрөөг сургууль бүрд байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Монгол болон БНТУ хооронд сүүлийн жилүүдэд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байна.

Тодруулбал:

  • Налайх дүүргийн МСҮТ-ийн гагнуурын анги байгуулах
  • Мал аж ахуй, Биотехнологийн сургуульд хэрэгжүүлсэн “Малын уурагт тэжээл тариалах, тэжээл үйлдвэрлэх” төсөл
  • Төв аймгийн Эрдэнэ сумын бага сургуулийн анги танхимыг тохижуулж, Техник, технологийн политехникийн коллежийн хоол, нарийн боов үйлдвэрлэлийн дадлагын газар, сургалтын орчны үйл ажиллагааг сайжруулах төсөл,
  • ШУТИС-ийн БуХС-ийн дэргэд “3 хэмжээст мэдээлэлзүй дизайн”-ы лаборатори байгуулах төсөл,
  • МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд Цахилгаан соронзонгийн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл зэрэг хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлжээ.
Categories
мэдээ нийгэм

АТГ: Баян-Өлгий аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол бусад аймгуудаас өндөр хувийг эзэлжээ

АТГ-т Баян-Өлгийн иргэдээс ирүүлсэн гомдол бусад аймгуудаас өндөр хувийг эзэлжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир нар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед нартай уулзжээ.

Тус аймагт гарсан нийтлэг зөрчил, уг зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарах, удирдах албан тушаалтны ёс зүй, манлайлал, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ярилцлаа.

Авлигатай тэмцэх газарт 2021 онд иргэдээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах нийт гомдол, мэдээллийн

  • 48 хувийг нийслэл, дүүргээс,
  • 52 хувийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна.

Орон нутгаас ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг харвал сүүлийн хоёр жилийн хугацаанд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Архангай аймгийн иргэдээс өргөдөл, гомдол, мэдээлэл түлхүү ирсэн. Баян-Өлгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо бусад аймгуудаас харьцангуй өндөр хувийг эзэлжээ. Тухайлбал,

  • 2020 онд аймаг, орон нутгаас ирүүлсэн гомдол, мэдээллийн 11.6 хувь,
  • 2021 онд ирүүлсэн гомдол, мэдээллийн 23,4 хувь нь Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилд хамаарч байна.

Баян-Өлгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнхийг хууль бус томилгоо, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй, этгээдийг нийтийн албанд томилсон, ялангуяа сумдад томилогдсон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарын томилгоо, төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаа, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал гаргасан гэх гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна. Томилгоотой холбоотой асуудлаар Баян-Өлгий аймгийн Толбо, Цэнгэл, Баяннуур сумын иргэдээс түлхүү гомдол ирүүлжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, 2021 онд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд анхаарч ажилласнаар бүх сумдад хөрөнгө тавиулж, цахим мэдээллийг олон нийтэд хүргэж, төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод болгоход анхаарсан гэжээ. Авлигын эсрэг хууль тогтоомжид заасан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг онцгойлон хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.

Мөн тус аймагт гарсан нийтлэг зөрчил, уг зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарах, Авлигатай тэмцэх газрааc холбогдох сургалт, арга зүйн зөвлөмжийг тухай бүрд хүргэх, цаашид нийтийн албан тушаалтан хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг бүрэн хэрэгжүүлэх, анхан шатны нэгж буюу сумдын удирдлагад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хяналт тавьж, дахин зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахаа аймгийн удирдлагын зүгээс илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Цагдаа нарын ажлын нөхцөл болон дүрэмт хувцас, хэрэгслийг сайжруулж, орон сууцны хөтөлбөрт хамруулна

Ш.Бааварын хүүг БЗД-ийн цагдаа шалгаж байгаа” | News.MN

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр “Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн групп”-ийн төлөөлөлтэй уулзжээ.

Тэд цагдаагийн албан хаагчдын цалинг нэмэх, илүү цагийн хөлс тооцох, нийгмийн асуудлыг шийдэх, тэр дундаа орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрт хамруулах, ажлын байрны ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг уламжилсан байна.

Уулзалтын үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд “Эдгээр асуудал бодит амьдрал, ялангуяа хуулийн байгууллагын алба хаагчдын гэр бүл бүрд тулгардаг бэрхшээл, нэмэлт хачиргүй үнэн. Цагдаа ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь үнэн. Цагдаа нарын үүрэг оролцоо аливаа ажилд ямар түвшинд байдгийг бид бүгдээрээ цар тахлын дэглэмийн үед харсан.

Тиймээс ХЗДХЯ өнгөрсөн жил гаруйн хугацаанд хангамж, ажлын орчныг сайжруулахад багагүй анхаарч ажиллалаа. Цаашдаа төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлнэ.

Тухайлбал, ирэх жилүүдэд цагдаагийн алба хаагчийн ажлын орчин нөхцөл, өмсөж буй хувцас, хэрэгслийн чанарыг сайжруулах, орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах гээд цөөнгүй арга хэмжээ төлөвлөснөө танилцуулж, ярилцлаа. Группийн төлөөлөл гишүүдийнхээ санал хүсэлтийг бичгээр өгөхөөр болсон, бид судална, бодит ажил болгоно” гэдгээ мэдэгджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Репо арилжаагаар гурван банканд 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгов

Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 4 дүгээр тогтоол болон 2022 оны 1 дүгээр тогтоолд үндэслэн Монголбанк өчигдөр урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа. Тус банкнаас 100 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарласан бөгөөд арилжаанд

  • Худалдаа хөгжлийн,
  • Голомт,
  • Богд банкнууд оролцон нийт 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр авах хүсэлт ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлэв.

Мөнгөний бодлогын хорооны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 1 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн бус экспорт болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгох зээлийн хугацааг 3 хүртэл жил болгон, нэг зээлийн дээд хэмжээ 3 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн А-34 дүгээр тушаалаар зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Уг нөхцөлөөр уул уурхайн бус экспорт болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгох зээлийн дүнгийн 30-аас багагүй хувийг банкнууд өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх ба Монголбанкны эх үүсвэрээс нэг зээлдэгчид 15 хүртэл тэрбум төгрөгийг олгох юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дональд Трампын сошиал платформын ажиллагаа нээгдсэн өдрөө тасалджээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын үүсгэн байгуулсан сошиал платформ Truth Social өнгөрсөн Ням гарагт нээлтээ хийжээ.

Гэвч нээлтийнхээ өдөр ажиллагаа нь доголдож, нийтдээ долоон цаг, 40 минут холболтгүй болсон байна.

Truth Social-ийн вэбсайтад мэдээлснээр тус үйлчилгээ ачааллаа зохицуулахын тулд шинэ хэрэглэгч бүртгэх үйл явцад хязгаарлалт тогтоосон гэнэ.

Шинэ үйлчилгээний гар утсанд зориулсан аппликэйшн Ням гарагт Apple-ийн App Store-т орсон ч Google-ийн Play Store-д нэмэгдээгүй байв.

Аппликэйшнийг гар утсандаа татаж суулгасан ч бүртгүүлэх явцад алдаа гарч, олон удаа оролдож байж бүртгүүлснээ зарим хүмүүс мэдээлжээ.

Truth Social үйлчилгээг хөгжүүлсэн Trump Media and Technology Group (TMTG) компанийн гүйцэтгэх захирал Дэвин Нунез “Бид үйлчилгээгээ энэ долоо хоногоос App Store-оор эхлүүллээ. Үйлчилгээгээ алхам алхмаар сайжруулж, гуравдугаар сарын сүүлч гэхэд ядаж АНУ-ын зах зээлд бүрэн ажилладаг болгохыг зорьж байна” гэж Fox News сувагт ярьсан байна.

2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордонд үймээн самуун дэгдсэний дараа Twitter, Facebook, YouTube зэрэг гол сошиал платформууд Дональд Трампын эрхийг хааж байсан юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард Трамп өөрийн сошиал платформыг нээж, технологийн том компаниудын тогтоосон дарангуйлалтай тэмцэхээ мэдэгдэж байжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, 50 саяас дээш борлуулалтын орлоготой ААН-үүд 20-500 саяын буцалтгүй тусламж авч болно

Энэ оноос эхлэн Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ хүрээнд уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай ААН-үүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх Түншлэлийн хөтөлбөрийн 2022 оны зорилго, зорилтыг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр болов.

Тодруулбал, Түншлэлийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг түлхүү хамруулах, боломж олгох үүднээс нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, жилийн 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой ААН хамрагдах боломжтой гэдгийг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулгын үеэр онцоллоо.

Хөтөлбөрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлэх ба нэг ААН хамгийн доод талдаа 20 сая төгрөг, дээд хэмжээ нь 300 сая, кластер бүхий нэгдэл 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой байна.

Экспортыг дэмжих төсөлд хамрагдах ААН-д тавигдах шаардлага:

  • 12 ба түүнээс дээш cap үйл ажиллагаа явуулсан байх
  • Жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш байх
  • ХХААХҮЯ-ны тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
  • Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг, дийлэнх хувийг хувийн хэвшил эзэмшдэг хуулийн этгээд байх;
  • Улс төрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчгүй байх;

КЛАСТЕРТ тавигдах шаардлага:

  • Кластерын толгой болон гишүүн аж ахуйн
  • Кластерын хувьд гишүүн байгууллагуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан байх;
  • Кластерын толгой болон гишүүн байгууллагын гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нар гэр бүлийн холбоо хамааралгүй байх.

Хүснэгт. Санхүүжилтийн нөхцөл

Санхүүжилтийн хэмжээ: ААН

20-300 сая хүртэлх төгрөг (зөвшөөрөгдсөн зардлын 50 хувь хүртэл)

Кластер бүхий ААН-үүд

50-500 сая хүртэлх төгрөг (зөвшөөрөгдсөн зардлын 50 хувь хүртэл)

Санхүүжилтийн хүү:

Хүү байхгүй буюу буцалтгүй тусламж

Санхүүжилтийн хугацаа:

Гэрээ байгуулсны дараа есөн сарын дотор төслөө хэрэгжүүлэх

Санхүүжилтийн шимтгэл:

Шимтгэл байхгүй буюу нэмэлт зардалгүй

Санхүүжилт хийх төрөл:

Нөхөн төлбөр хэлбэрээр

Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран ажилласнаар аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлагыг бууруулж, боломжийг илүү нэмэгдүүлж байгаа онцлогтой. Мөн хөтөлбөрийн зохион байгуулалт, хяналт дээр хамт орж ажиллах боломжтой ба ил тод байх юм. Засгийн газраас экспортыг дэмжихэд чиглэлд барьж буй бодлоготой энэхүү хөтөлбөр мөн уялдана. Төсөл хөтөлбөрт ААН-үүд дангаараа болон кластер хэлбэрээр нийлж оролцож болно.

Өөрөөр хэлбэл, Түншлэлийн хөтөлбөр бол зээл биш буцалтгүй тусламж олгоно. Жишээлбэл тухайн ААН 600 сая төгрөгийг шинэ техник тоног төхөөрөмж өөрсдийнхөө мөнгөөр оруулаад ирсэн тохиолдолд хөтөлбөрөөс 50 хувийг нь буцалтгүй тусламж хэлбэрээр олгоно гэсэн үг” хэмээв.

“Экспортыг дэмжих төсөл”-ийн зохицуулагч Б.Дөлгөөн Энэ удаагийн төслийн нийт үнийн дүн 20 сая ам.доллар. Энэ жилийн хувьд 3.6 сая ам.долларын гэрээ хийгдэхээр төлөвлөгдсөн.Монгол Улсын уул уурхайн бус салбарын экспортыг салбараар нь авч үзвэл ноос, ноолуурын салбар 58 хувийг эзэлж байна. 2016 оноос хойш 76 ААН, байгууллагад 887 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон. 2021 оноос Түншлэлийн хөтөлбөр гурван цонхыг нээгээд одоогийн байдлаар дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээг 68 ААН, байгууллагатай байгуулсан. Эдгээр гэрээнүүд хэрэгжилтийн шатандаа явж байгаа” гэв.

САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЗАРДЛЫН ЖАГСААЛТ

Экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд зориулан худалдан авч буй техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийх (хуучин тоног төхөөрөмж биш байх)

  • Тоног төхөөрөмжийн сонголт хийхэд шаардагдах нарийвчилсан судалгаа
  • Тоног төхөөрөмжийн худалдан авалт, тээвэр болон даатгал
  • Тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт

Экспортын зах зээлд зориулсан маркетинг, түгээлт, цахим болон гадаад худалдааны чадавхыг нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээ:

  • Гадаад худалдааны ур чадвар дээшлүүлэх сургалт
  • Бизнесийн менежментийн сургалт
  • Экспорт хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалт болон зөвлөх үйлчилгээ
  • Бүтээгдэхүүний загвар гаргах хөгжүүлэх үйлчилгээ
  • Үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдүүлэх үйл ажиллагаа
  • Олон улсын зах зээлийн судалгаа шинжилгээ
  • Олон улсын маркетингийн үйл ажиллагаа, борлуулалтын идэвхжүүлэлт, тэдгээртэй холбоотой материал, контент бэлтгэх
  • Бизнес, санхүүгийн менежменттэй холбоотой мэдээлэл технологийн систем хөгжүүлэлт, суурилуулалт, түүнтэй холбоотой сургалт
  • Сав баглаа боодлыг загвар гаргах

Экспортын зах зээлд зориулсан бүтээгдэхүүний чанарын туршилт, гэрчилгээ, баталгаажуулалт авахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ:

  • Лабораторийн шинжилгээ, стандарт, сертификат авах
  • Бүтээгдэхүүний туршилт, сертификат авах
  • Чанарын менежментийн систем хөгжүүлэх, турших
Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгжүүд материалаа application@edp.mn цахим хаягаар илгээх ба pimis.edp.mn цахим системд нэвтэрч мэдээллээ оруулна. Мөн ААН-үүд экспортыг дэмжих төслийн https://edp.mn/ цахим хуудас болон төслийн Бизнес хөгжлийн зөвлөхүүдтэй уулзаж, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Categories
гадаад мэдээ

БНХАУ тус бүр тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий нүүрсний гурван уурхай байгуулна

БНХАУ тус бүр тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий нүүрсний гурван уурхай байгуулна

БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо тус бүр тэрбум ам.долларын өртөг бүхий нүүрсний гурван уурхай байгуулах зөвшөөрөл олголоо.

Өнгөрсөн онд БНХАУ-д нүүрсний нөөц нь багасаж, эрчим хүчний хомсдол үүсэж, нүүрсний үнэ огцом өссөн юм. Үүний дараа дотооддоо нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлээд байгаа юм.

Уурхайнуудын хоёр нь Шаньси мужид, нэг нь ӨМӨЗО-д байрлалтай бөгөөд төслийн нийт санхүүжилт 3.8 тэрбум ам.доллар байх юм байна. Жилд дунджаар 19 сая тонн нүүрс олборлох тооцоо гарчээ.

2021 оны эцэст БНХАУ-д нүүрс олборлолт шинэ дээд түвшинд хүрсэн юм. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.

БНХАУ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээс гадна нүүрсний хэрэглээг бууруулахгүй гэдгээ мэдэгджээ. Тус улсын хувьд эрчим хүчний хомсдол үүсэхээс сэргийлэх нь илүү чухал байгаа аж.

БНХАУ-ын эрчим хүчний эх үүсвэрийн 60 хувь нь нүүрс байдаг. Өнгөрсөн оны аравдугаар сард нүүрсний үнэ дээд түвшинд хүрснээс хойш буурсан үзүүлэлттэй байна.

ОХУ болон Украины геополитикийн асуудал хурцадсан энэ үед Европт нүүрс, эрчим хүчний үнэ өсөх төлөвтэй байна. Харин Азид нүүрсний хэрэглээгээр тэргүүлдэг БНХАУ, БНЭУ дотооддоо үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бусад улсаас авах эрэлт буурснаар үнэ буурах магадлалтай байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу 2022 оны хоёрдугаар сарын 23-24-ний өдөр Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд болох гэж байна.

Эхний өдрийн салбар хуралдаануудаар “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл сонсох юм. Чуулганы хоёрдахь өдөр дээрх сэдвүүдээр нэгдсэн хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргана.

Хөвсгөл нуурыг хамгаалах үүднээс 2022-2024 онд эрэг орчимд нь аялал жуулчлалын зориулалтаар шинээр газар олгохгүй байх, хур хогийг цэвэрлэх, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг устгах, хориглох, живсэн машин, техникийг бүрэн татаж гаргах, Усны чанарын лабораторийг шинэчлэх, Судалгаа-шинжилгээний төв байгуулах, аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг цогц ажил хийхээр төлөвлөж байна.

Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж хоёрдугаар сард 52 тэрбум хуваарилжээ

Ипотекийн зээлтэй холбоотой сүүлийн үеийн тоо баримтын талаар Монголбанкнаас мэдээллээ.

Тус банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах эдийн засагч Г.Намуун “Зургаан хувийн хүүтэй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ онд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байна.

Үүнээс нэгдүгээр сарын байдлаар 50 тэрбум төгрөгийг Монголбанк болон банкны эх үүсвэрээр хуваарилсан. Үүнээс 43.3 тэрбум төгрөгийн зээлийг 545 зээлдэгчид олгоод байна.

Хоёрдугаар сарын эх үүсвэрт зориулж 52 тэрбум төгрөгийн эх үүсвэр хуваарилсан. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар 154 өрхөд 12.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна.

Коронавируст халдвар /цар тахал/-аас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн нийт 26 сарын турш дөрөв дэх удаагаа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна.

Сүүлийн зээлийн эргэн төлөлт хойшлуулалтаар 3.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 61,715 зээлдэгчийн хүсэлтийн шийдвэрлэсэн. Тус зээлдэгчид 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд 67.2 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн төлбөр, 96.1 тэрбум төгрөгийн хүүний төлбөрийг хойшлуулсан тоон мэдээлэл байна.

Нийт банкны системд орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 5.6 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Үүнээс хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Зээлийн дундаж хэмжээ 66 сая төгрөг, сарын дундаж төлөлт 649 мянган төгрөгтэй тэнцэж байна” гэлээ.

2021 онд нийтийн зориулалттай 17,478 орон сууц ашиглалтад орсноос Улаанбаатар хотод 14,184, орон нутагт 3,294 орон сууц ашиглалтад оржээ. Харин 2022 онд урьдчилсан байдлаар 95 төслийн хүрээнд 16,495 айлын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
Categories
мэдээ нийгэм

З.Батбаяр: Бид өвөл газар доорх усыг нь ховх сордгоос Туул гол хавар тасалддаг болсон

No description available.

“Усны төлөө иргэдийн нэгдэл” ТББ-аас “Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай болон Монгол усны нөөцийн хомсдолд орсон тухай” сэдвээр мэдээлж байна.

“Усны төлөө иргэдийн нэгдэл” ТББ-ыг үүсгэн байгуулагч Батбаяр:

-УСУГ 12 мянган худгаас ус татдаг. Хоёр литр ус хэрэглэх боломж байхад бид гурван литрийг хэрэглэж байна. Бид усны нөөцийн хомстолд орсноо дэлхий дахинд зарлах цаг ирлээ. Үүнээс гарах арга замыг ярилцах хэрэгтэй боллоо.

Би УСУГ-т ажиллаж байсан. Нэг үеэ бодвол би усаа хэмнэж байна. Гэвч ус дахин ашиглалт их бага байна. Мянганы сорилтын сангийн төслөөр ус дахин ашиглах үйлдвэр барьж байна. Гэвч энэ төсөл усны хомстлыг шийдэхгүй. Туул голд 2008 оноос хойш жил бүр шахуу ширгэдэг, тасалддаг боллоо. Учир нь өвөл бид газар доорх усыг нь ховх сордгоос Туул гол тасалддаг. Туул гол газар доорх усаа нөхөж чадахгүй байгаа тул энэ голд далан барьж, усны нөөцөө бүрдүүлэх цаг болсон. Ямар нэг бизнес хийхэд мөнгө хэрэгтэй болдог. Тэд банкнаас мөнгө авдаг шиг ямар ч улсад ус хамгийн чухал нөөц юм. Усны талаар нэгдсэн ойлголтод хүрье.

“Усны төлөөх иргэдийн нэгдэл” хүн бүрд нээлттэй. Бид олон үйл ажиллагаа явуулна.

Лас Вегас хотыг хүн бүр мэднэ. Энэ хотыг бий болгохын тулд 1931-36 оны хооронд, их хямралын үеэр тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч байсан Хуверийн нэрээр нэрлэсэн маш том далан барьсан юм. дараа нь олон хотыг барьсан. Хувер Ерөнхийлөгч нэрээ дэлхийн түүхэд нэрээ үлдээжээ.

Одоо бид эх орондоо манлайлах хэрэгтэй байна.

Миний хэлсэн тоо баримтууд санаа зовох хэмжээний биш шөнө унтаж чадахааргүй хэмжээний чухал юм шүү.

Дэлхийн усны өдрийг энэ жил газар доорх ус буюу харагдахгүй зүйлийг харагддаг болтол нь ажиллая гэсэн уриатай тэмдэглэнэ. Усыг ашиглагч л хамгаалж чадна.

Би энэ салбарт арваад жил ажиллаж байна. Манай улсын арваад голд далан барих боломжтойг судлаачид хэлдэг. Алтай хот хамгийн муу устай байсан бол одоо хамгийн цэнгэг ус уудаг болсон. Яг ийм шийдлээр Орхон, Эг, Сэлэнгэ мөрөн, Туул, хэрлэн, Булган, Ховд, Шишгэт, Байдраг голуудад далан барьж болно. Манлайлал дутуу байгаа тул одоо энэ ажлыг зоригтой хийх цаг ирлээ. УСУГ манлайлж чадахгүй байна. Далан барихад их хэмжээний хөрөнгө хэрэгтэй.

Усны үнэ нэмэгдээгүй. Харин усны үйлчилгээний үнийг л нэмсэн. Бид усаа үнэгүй ашигласаар байна. Орон сууцанд амьдардаг иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг нэмэх нь зөв. Харин гэр хорооллын иргэд орон сууцанд амьдардаг иргэдээс хамаагүй бага ус ашигладаг. Уул уурхайн компаниудын усны төлбөрийг нэмэх ёстой. Хэн хамгийн их ус ашиглаж байна, тэд илүү өндөр үнэ төлөх ёстой.