Categories
гадаад мэдээ

ОХУ-ын парламент зэвсэгт хүчнээ гадаадад илгээх эрх мэдлийг ерөнхийлөгч Путинд олголоо

Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын парламентын дээд танхим зэвсэгт хүчнээ гадаад орнуудад илгээх бүрэн эрхийг ерөнхийлөгч Владимир Путинд олгох тогтоолыг баталжээ.

Ингэснээр Путин өөрийн улсын зэвсэгт хүчнийг “олон улсын хууль дүрэм, хэм хэмжээний хүрээнд” гадаад орнуудад илгээх эрх мэдэлтэй болж байгааг тогтоолд өгүүлсэн байна.

Гэхдээ уг тогтоолд цэргийн тоо, үйл ажиллагааны хүрээ, зорилго, гадаадад байх хугацаа зэргийг огт дурдаагүй ба ерөнхийлөгч үндсэн хуульд заасны дагуу өөрөө шийдвэрлэхээр тусгажээ.

Одоогоор ОХУ-ын цэрэг Украинаас салан тусгаарласан Донецк, Луганск мужуудад энхийг сахиулах үүрэгтэйгээр нэвтрээд байгаа.

Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Путин дээрх мужуудад шаардлагатай бол цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх боломжтойг хэлжээ.

“Өчигдөр бид БНДАУ (Бүгд Найрамдах Донецк Ард Улс), БНЛАУ (Бүгд Найрамдах Луганск Ард Улс) -тай гэрээ байгуулсан. Уг гэрээнд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх заалт байгаа. Хэрвээ шаардлагатай бол бид амлалтаа биелүүлнэ” гэж Путин хэлсэн юм.

Даваа гарагт дээрх мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараа Путин шинээр байгуулагдсан улсуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байв.

Гэрээг өчигдөр ОХУ-ын парламентын хоёр танхим болон Донецк, Луганскийн хууль тогтоох дээд байгууллагууд баталсан байна.

2014 онд Украинд гарсан Майданы хувьсгалын дараа Донбассын бүс нутаг дахь орос хэлтэй хүн ам голлон суудаг Донецк, Луганск мужууд салан тусгаарлаж, бие дааж буйгаа зарласан юм.

Өнгөрсөн жилүүдэд Украины засгийн газрын арми, салан тусгаарлагчдын хооронд цус асгаруулсан дайн үргэлжилж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН-д байтугай маньд хэрэггүй хүмүүсээ хөөгөөд л болоо юу?

Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөлт хийгээгүй компаниуд, улстөрчдийн нэрс ил боллоо. Хууль хяналтынхан эхнээсээ шалгаж барьж хориод эхэлсэн шуугиан сүүлийн өдрүүдийн онцлох мэдээлэл байна. Зээлдэгчид нь эрх баригч МАН-ын гишүүд л дээ. Гэтэл МАН-ын хяналтын хороо хуралдаж Ж.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Хаянхярваа, Д.Дамба-Очир нарыг намаас хөөжээ. Мөн хэдэн хүнийг Бага хурлын гишүүнээс хассан. Тэгээд болоогүй зээл аваад төлөөгүй одоогийн найман гишүүнээрээ гэмшлийн захиа бичүүлсэн болоод асуудлыг шийдсэн болж хэл ам дарах төлөвтэй харагдаж байна. Хөөсөн гээд байгаа хэд бол МАН-д бүү хэл маньд хэрэг болохоосоо өнгөрсөн хүмүүс гэж нийтээрээ шоолон ярьж байна. Үнэхээр ч гэмт хэрэгт орооцолдож ял авсан, улс төрийн карьераа аль хэдийнэ дуусгасан хүмүүсээ намаасаа хөөсөн болж жүжиглэлээ. Үнэндээ бол УИХ-ын гурван гишүүний 33 тэрбум төгрөг, банкнууд, гишүүдийн хамаарал бүхий компаниудын талаар л дурдаж, тэдэнд хариуцлага тооцох байх гэж харж байтал огт эсрэгээрээ жүжиг тоглов.

Хөгжлийн банкны энэ шуугиан даргынх нь мэдэгдлээр гэнэт л дэлбэрээд гараад ирсэн. Засгийн шууд мэдэлд байдаг банкны захирал дур зоргоороо аашилж, бодит байдлыг дэлгэж чадахгүй, мэдээж зорилготой мэдээлсэн.Араас нь МАН-ын УИХ дахь 60 гаруй гишүүн бүгд л сөрөг хүчин мэт оволзлоо. Бүгд л шүүмжилж, хариуцлага нэхэж байгаа харагдана.

Яагаад эд нар ингэж их идэвхтэй шүүмжлээд байна гэдэг нь ч учиртай агаад инээдтэй. Учир нь Хөгжлийн банкны хэрэг тэртэй тэргүй тун удахгүй илрэх байсан юм. 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлийн өдрийн байдлаар 4 их наядын активтай байсан тус банкны зээлийн өрийн үлдэгдэл цэвэр дүнгээр 2.1 их наяд төгрөг болжээ. Асар их хэмжээний мөнгө зээлчихээд эргэн төлөлт нь таг болчихсон. Тэгэхээр Хөгжлийн банк 800 орчим сая ам.долларын гадаад бондын эргэн төлөлтөө ирэх жил яагаад ч хийж чадахгүй. Мэдээж энэ мэдээлэл нийтэд ил болно. Гэнэт л Хөгжлийн банкаа юу ч үгүй цөлмөсөн гээд мэдээлэл задраад ирвэл МАН-д сонгуулийн өмнөх маш том цохилт болох нь ойлгомжтой юм. 

Тиймээс тэгж илчлэгдэхээс өрсөж Хөгжлийн банкнаас чанаргүй зээл авсан гишүүддээ МАН хариуцлага тооцсон дүр эсгэж жүжиглэж эхэллээ. Энэ жүжиг энгийн масст таалагдахаар уран гэж жигтэйхэн. Үүний цаана эрх баригчид өөрсдөдөө тун ашигтай шийдвэр гаргажээ. Сайд, даргад горилсон илүү санаатнуудаа нам дарж авав. Миеэгийн төлөөлөл гэх мэт өөрсдийнхөө эсрэг фракцийнхныг номхруулав. Шадар сайд болно гэж цамнасан С.Бямбацогтыгоо бас дуугүй болгож дөнгөлөө. Эрх баригчид ийм давхар давхар ашигтай жүжиг амжилттай дэглээд эхэлж явна. Тэд Си даргын Хөгжлийн галт тэргэнд суухын тулд л ийм тоглолт хийгээд байна уу даа. Энэ намын удирдлагууд Си даргын хэлдэг үгийг байнга давтаж жүжиглээд байх боллоо. Анзаараарай та нар, алтан хөршүүд, хөгжлийн галт тэргэнд суух тухай тэд үргэлж ярьж байгаа.

Эрх баригчид илрэх гэж байсан хэргээ ийн өөрсдөө өрсөн задалж гал хамгаалагч хийлээ. Тун ашигтай тоглолт. Жүжгийн оргил хэсэг нь АН угшилтай хэдэн хүнийг буруутгаж шоронд суулгах байх. Ингээд зогсох бодолтой байвал дажгүй эхэлсэн жүжгийн төгсгөл нь тун эмгэнэлтэйгээр дуусах болно гэдгийг хэлье. Зүй нь нэгэнт эхэлсэн л юм чинь АН, МАН-ын гишүүн гэлтгүй хариуцлага тооцох ёстой. Нийгэмд шударга ёс гэдгийг бодитоор тогтоох үүргээ эрх баригчид биелүүлэх хэрэгтэй байна. Си дарга авлигачидтай хатуу тэмцээд эхэлсэн. МАН-ын даргын хэлсэн үг ч бий, авлигачидтай тэмцэх нь намтайгаа тэмцэнэ гэсэн үг гэж. Энэ үгэндээ хүрвэл Монгол Улсад тун их ашигтай. Намын нэр хүнд ч эрс өснө. Ийм шийдлийг л Монголын ард түмэн хүсэн хүлээж байна. Шударга ёс гэдэг зүйл ус агаар мэт хэрэгтэй болсон өнөө үед эрх баригчид Хөгжлийн банкны хэргийг үнэн мөнөөр нь шалгаж, дахиж ийм хуйвалдаан хулгай гарахгүй болтол шийдэх хэрэгтэй байна. Төлөх ёстойг нь шударгаар төлүүл. Шийтгэх ёстойг нь шийтгэ. Хийж байгааг нь урамшуул. Ард түмэн ажиглан харж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар Хөгжлийн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.02.23/ болно. Тодруулбал, Ерөнхий сайд Хөгжлийн банкны ТУЗ-ийг чөлөөлөх үүрэг өгсөн. Энэ дагуу тус банкны шинэ бүрэлдэхүүнийг хэлэлцэж, сайд нараас санал авах аж.

к в

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 18.664 ААН-ийн бие засах газрыг үнэ төлбөргүй болгоно


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээг нийслэлийн хэмжээнд зөвшөөрөл, батламжаас чөлөөлөх шийдвэр гарсантай холбогдуулан Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчиллээ. Нийтлэг үйлчилгээний журамд нэмэлтээр хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Онцлоход, үйлчилгээний байгууллагуудын бие засах газрыг үнэ төлбөргүй болгож түгээмэл хэрэгждэггүй энэ үйлчилгээг нэвтрүүлэхээр боллоо. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 18.664 ААН үйл ажиллагаа явуулж байгаа дээрх журмыг мөрдсөнөөр хэрэглэгчдэд ая тухтай орчин бүрдүүлж, сэтгэл ханамжтай үйлчилгээ өгч улмаар тухайн байгууллагын бизнес өргөжиж үйлчлүүлэгчийн хүрээ тэлнэ гэж үзжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төсөл боловсруулахад мэргэжлийн байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудаас саналаа өгөх боломжтой юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Цэндбаатар Азербайжаны Рауф Агаевыг яллаа

Өчигдөр /2022.02.22/ 22.00 цагт Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Азербайжан улсын 38 настай Рауф Агаевтэй тулалдаж яллаа.

Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийх гэж байгаа бөгөөд одоогоор 2-0 (1КО) амжилттай бол түүний өрсөлдөгч 38 настай Азербайжаны Рауф Агаев мэргэжлийн дэвжээнд 47 тулаан хийж 33-14(15КО) амжилттай явсан билээ.

Тус тулааны өмнө Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Урьдны тулаанууд дээр би гоё боксын тоглолт үзүүлсэн, энэ удаад нокаут яаж хийдгээ үзүүлнэ. Гоё тоглолтыг үзүүлэхийн төлөө бид хоёр хичээнэ. Та бүхэн Монгол тамичрдаа дэмжээрэй” хэмээж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар сайд 200 саяар цахим систем хийнэ


Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар 200 сая төгрөгөөр цахим систем хийх тендер зарласан байна. Тодруулбал, “ХЗДХ-ийн салбарын цахим архив, цахим албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем” гэх нэрээр өчигдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр тендер зарлажээ.

Эл худалдан авалтын зардлыг “Улсын төсвөөс” гаргана гэж мэдээлэлдээ цохон дурдсанаас гадна тендерт оролцогчийн санал хүлээн авах эцсийн хугацаа 2022 оны гуравдугаар сарын 24 -ны өдрийн 10 цаг 00 минут, цагаас өмнө ирүүлсэн байх гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сэрдарам: Технологи хүчээ авч байгаа энэ үед монголчууд хэрсүү байхаас аргагүй

ШУТИС-ийн түүхийн багш доктор, дэд профессор, “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын тэргүүн Д.Сэрдарамтай ярилцлаа.


-Монгол хэлний тайлбар тольд хэрсүү гэдэг үгийг аливаа зүйлд сэрэмж болгоомжтой, хашир байх гэж тайлбарласан байдаг. Монголчууд бид хэрсүү байх хэрэгтэй нь аль ч шатанд харагддаг болж. Таны байр суурийг сонсъё?

-Монгол хүнийг тодорхойлдог үнэт зүйл яах аргагүй хэрсүү, уужуу тайван, холч ухаантай гэх мэт сайн сайхан чанарууд байгаа. Гэтэл өнөөдөр нийгмийг юу хөтлөөд байна вэ гэдэг асуудал бий. Боловсрол юм уу, улс төрийн, төрийн алсын хараа юм уу. Эсвэл улс төрийн лидер юм уу. Байхгүй. Хөтөлж явдаг хүн байхгүй болсон. Нэг ёсондоо бид говьд төөрсөнтэй адил болчихсон. Хэрэв говьд төөрчихвөл хамгийн түрүүнд зогсоод зүг чигээ олох ёстой биз дээ. Бид төөрчээ гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Машин дотор байгаа хүмүүсээс аль туршлагатай нь удирдах ёстой шүү дээ. Боловсролд ч, улс төрд ч тэр, төр засгийн алсын хараанд ч тэр улстөрч хүний харизм манайд үгүй болсон. Мөн үүнд нөлөөлж байгаа өөр нэг хүчин зүйл бол технологийн хөгжил. Өнөөдөр бид технологийн хөгжлийн ололтоор амьдарч байна. Хуучин бидний хэрэглэж байсан технологи бол автомат тохиргоотой байсан бол одоогийн технологи хиймэл оюун ухаанд тулгуурлажээ. Тухайлбал, фэйсбүүкийг Нарантуул захтай зүйрлэж болно. Тэнд удаан явбал зорилготой хүн зорилго марттал эргэлдэнэ, удаан байхын хэрээр эрсдэл тэнд отож байна. Монголчууд технологийн Нарантуул зах дотор амьдарч байна.

Технологийг тодорхой сценарьтай бүтээж хүн түүнд хөтлөгддөг. Өөрөөр хэлбэл, хийсвэр оюун ухаан хүмүүсийн сэтгэл зүйн хандлагыг өөрчилж хүмүүс юу ч хийхэд бэлэн, тэр үйлдлээрээ олон нийтэд танигдаж баатар болж байна. Тэгэхээр ийм орчинд монголчууд хашир байхаас өөр аргагүй.

-Монгол хүний дархлааны асуудал яригдах хэрэгтэй болж байна. Бид хэдий хүртэл нүдээ боолгосон гөлөг шиг амьдрах вэ. Хэрсүүжих, эзэн байх тухай яригддаг болжээ?

-Аливаа улс үндэстний дархлаа гэдэг аль болох зөв шударга, дэлхийн сонгодог, шинжлэх ухаанч хандлагад тулгуурласан байх тогтолцоог хэлдэг. Жишээ нь, боловсролыг авч үзье. Өнөөдөр хүүхдүүдийг сайн дархлаатай, сайн мэдлэгтэй болгох гол зүйл нь бүх шатны сургуулийн нэгдсэн стандартыг бий болгох ёстой. Японд бага ангиас дунд ангид орохдоо тэдэн ханз тогтоосон, тийм зохиол уншсан байх ёстой гэдэг нэгдмэл стандарттай байдаг бол Монголд төлсөн төлбөрийн ялгаагаар боловсролын үйлчилгээ явагдаж байна.

Хуучин цагт биднийг зургадугаар ангид Пушкиний “Евгений Онегин”-ийг уншсан байна гэсэн программтай, “Евгений Онегин”-ийг зургаа, найм, аравдугаар ангид уншихад өөр өөрөөр ойлгодог. Түүнийг тайлбарладаг байсан болохоор дэлхийн сонгодогтой танилцаж боловсролын стандартад хүрдэг байжээ. Тухайн зохиолыг унших дуртай ч бай, дургүй ч бай тэр тухай мэддэг болох нь чухал байсан. Энэ бол энгийн нэг жишээ. Үүний адил бид өнөөдөр боловсролын түвшиндээ нэг стандартыг тавих хэрэгтэй.

-Та бол түүхийн багш хүн. Монгол Улсын хувьд хоёр хөршдөө хандах хандлага манайд харилцан адилгүй. Томоор нь харвал тэд том гүрэн, бид жижиг улс гэсэн хандлага олон нийтэд бий. Гэхдээ одоо үүнээс салах цаг нь болсон юм биш үү. Жижиг сэтгэлгээ хөгжилд саад болдог гэдэг биз дээ?

-Танин мэдэхүйн үндэс бол гайхах. Бидний үед юм бүрийг гайхаж сонирхож хүлээж авдаг байсан болохоор Боловсролын систем хүүхэд залуучуудын идэвхтэй сонирхдог зарчим дээр тулгуурлаж хөгжиж байжээ. Одоогийн залуу үе гайхаж сонирхохоо больчихсон юм уу? Үгүй шүү дээ. Тэдний энэ зан чанар сүүдэр шиг нь хамт байгаа ч Боловсролын систем нь хүүхэд залуучуудыг гайхаж сонирхуулахгүй болчихсон буюу хоцрогджээ. Монголчууд гайхалтай сониуч, хэрэгт дуртай, мэдэхийн төлөө тэмүүлдэг хүмүүс. Хүн бүр хоёр хөршийнхөө, дэлхий дахины тухай сонирхдог,цэц булаалдан мэтгэлцдэг. Энэ чанар дээр өмнө хэлсэн технологийн шийдэл нэмэгдчихээр нөгөө сошиал ертөнц нь олон нийтийг төөрөгдөлд оруулж, анархизм, улс төрийн цуу яриа, дуулиа, цаашлаад эмх замбараагүй байдал гаргах, туйлшрах үндэс болчихоод байгаа юм.

Зарим улс орны иргэд улс төрийн идэвх сул, улс төрд санаа зовох шаардлагагүй, улс төрийн сонголтоо зөв хийгээд чадварлаг улс төрийн сонголт хийдэг учир төр засагтаа итгэдэг. Харин эдийн засаг, бизнесийн сонирхолд илүү анхаарч нийгмийн идэвх нь эдийн засгийн сонирхолтой байдаг. Төрийн бодлого, алсын хараа гэдэг 100 км цагийн хурдтай явж байгаа машинд хурдаа сааруулахгүйгээр 200 метрийн цаана унасан чулууг тойроод явахыг хэлнэ. Гэтэл бид буруу сонголтынхоо үйлийн үрийг дараагийн сонгууль хүртэл эдэлсээр 30 жил болох нь.

-Тэгээд явбал монгол хүнд хангалттай нөөц боломж байгаа байх…

-Боломж бол хаа сайгүй байна. Залуусын “How too” гэдэг хүний хөгжлийн хоосон номлолруу хошуураад байгаа магадгүй өөрчлөлтийн эхлэл болж болох юм. Хэрхэн яаж гэдэг олон номлолын үндэс нь ганцхан байдаг. Тэр бол хийх гэж байгаа зүйлээ хэвшил буву хабит болгох. Зөвхөн залуус гэхгүйгээр улс үндэстнээрээ санаачилгыг хабит болгохын өөрөөрөө харуулах хэрэгтэй. Жишээ нь, Ерөнхий сайд “Илүүдэл жингүй эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн санаачилсан байна. Ядаж дулаахан гурван сардаа хамгаалалтаасаа татгалзаад гүйгээд, дугуйгаар жийгээд заншвал энэ хөдөлгөөнд нэг сая хүн дагалдаж оролцоод 10.000 хүнд нь хэвшил болж магад. Санаачилгын цаана зөв үлгэрлэл хэрэгтэй

-Монгол хүний бахархал Чингис хаанаар л хязгаарлагдаж байна. Орчин үетэйгээ хөл нийлүүлье, өнөө үеийн бахархлыг бий болгоё гэх агуулгыг та хэрхэн хардаг вэ?

-Би өөрөө түүхийн багш мөртлөө Чингис хааны тухай хоосон магтаж ярих дургүй. Бид хуучнаа дурсах шаардлагагүй. Түүхийг сайн мэддэг байх нь чухал болохоос биш байн байн улиг болтол ярих шаардлагагүй. Мэдэхгүй түүхээ догма шиг шүлэглэдэг болчихлоо. Яс юман дээрээ би ч түүхээ сайн мэдэхгүй.Эх түүх маань үзэл суртал, сэтгэл зүй, утга уянгын уран зохиол болчих гээд байна.

Өнөөгийн хүүхдүүдэд ийм номлолыг сонсоод суух өгөгдөл байхгүй. Яагаад гэвэл тэдний амьсгалдаг агаар нь мэдээллийн технологи. Тэд технологийн тусламжтайгаар хэрэгтэй зүйлээ хялбаршуулаад мэдлэг болгоод авах чадвартай, бидний яриад байгаа зүйлийн 90 хувийг нь “сийндэх” буюу аньчихдаг.

Улс үндэстэнд бахархал байлгүй яахав. Бахархлыг бид түүхээс илүү бодит зүйлд буюу амьтай зүйлд тулгуурлан босгох хэрэгтэй. Бидний бахархах зүйл хэр зэрэг шинжлэх ухаанч байна, хэр зэрэг прагматикбайж орчин үетэй хөл нийлүүлэх чадвартай байна, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монгол хүн хэчнээн байна гэдгээрээ л бахархааас биш өнгөрсөн цаг дээр тийм байсан гэж бахархах шаардлагагүй. Угаас 30 жилд ийм бахархал яриад үр дүн алга. Үгүйсгэж байгаа юм биш, гэхдээ бид хуучнаараа бахархах завгүйгээр ажиллах, боловсрохын төлөө, улс үндэстнээрээ хөгжихийн төлөө шамдах хэрэгтэй. Хийсний дараа бахархал гарч ирнэ.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Улаагчин хонь өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 23, Буд гариг. Билгийн тооллын 22, онгоц одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 7:45 цагт мандан, 18:26 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойшоо мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 32-37 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 25-30 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 10-15 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Путины дараах Орос​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол-Оросын
хамтарсан сургуулийн
захирал, Монгол Улсын
болон ОХ-ны Буриад улсын
гавьяат багш, доктор Ж.Соронзон “30 жилийн хөдөлмөр, зүтгэлийг
нэг шуугиан үгүй хийж чадахгүй” гэснийг “Өөрөөc нь” нүүрээc үргэлжлүүлж уншаарай.

Ч.Мөнхбаярын
өмгөөлөгч Г.Баасан “Ч.Мөнхбаярын
гэм бурууг
шүүх
тогтоогоогүй
байхад ТЕГ
ноцтой зөрчил
гаргалаа” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Путины дараах Орос” нийтлэл хэвлэгдлээ.

МоАХ-ны Ерөнхий зохицуулагч Д.Монголхүү “МоАХ-ны амин сүнс
нь мянга, мянган гишүүдийнх нь зүрх
сэтгэлд байдаг” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

МоАХ-ны хяналтын
зөвлөлийн дарга Д. Пүрэвбаатар “С.Эрдэнийн хэргийг улс
төрийн зорилгоор барьчихсан байгаа учраас
захиалгаар намаа задалж, өнөөгийн төр
МоАХ-ны Ерөнхий барьж байгаа намд үйлчлээд байгаа юм” гэв.

“Спорт” нүүрт “Хаяанаас минь холгүйхэн наадсан “Бээжин-2022” хэмээн өгүүллээ.

Багш, жүжигчин, Соёлын
тэргүүний ажилтан Б.ГанхүүЛ.Жанчивдоржийн маань ээж
”Сайхан жүжиг байна аа, гэхдээ миний
хүү тусгүй л юм хийлээ дээ” гэж билээ” хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ