Categories
мэдээ эдийн-засаг

ББСБ-уудын хөрөнгийн хэмжээ 2.709.9 тэрбум төгрөг хүрч 35 хувиар өслөө

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын байгууллагуудын “Санхүүгийн салбарын тойм 2021 он” цахим хувилбараар гарлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар нь үзвэл үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 314 ХК, 265 мэргэжлийн оролцогч, даатгалын зах зээлд нийт 322 даатгалын компани, мэргэжлийн оролцогч, аудитор, 534 банк бус санхүүгийн байгууллага, 209 хадгаламж зээлийн хоршоо, 248 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 476 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 1072 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын олон арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 97.5 хувиар өсөж 5,982.9 тэрбум төгрөгт, хувьцааны хөрвөх чадвар 3.3 нэгжээр өсөж 5.1 хувьд, харин хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 3.8 хувьд, ТОП-20 индекс өмнөх оноос 25,125.80 нэгжээр буюу 130,3 хувиар өсөж 44,411.60 нэгжид хүрч хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөн 30 жилийн түүхдээ хамгийн дээд түвшинг тогтоолоо.

Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2,709.9 тэрбум төгрөг хүрч, өмнөх оноос 35.0 хувиар өслөө. ББСБ-уудын нийт зээлийн үлдэгдэл өмнөх онтой харьцуулахад 51.6 хувиар өсөж 2.0 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд олгосон зээлийн 66.6 хувь нь хэрэглээний зээл, нийт зээлийн үлдэгдлийн 87.5 хувийг иргэдийн зээл, 12.5 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.

Хадгаламж зээлийн хоршоодын тоо өмнөх оноос 16 хувиар буурч 209-д хүрсэн ч гишүүдийн тоо 3.8 хувиар өсөж 75,400 гишүүндээ санхүүгийн үйлчилгээ үзүүлж, нийт хөрөнгө өмнөх оноос 13.8 хувиар өсөж 291.2 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс гишүүдийн хадгаламжийн хэмжээ нь 203.6 тэрбум төгрөг буюу 70 хувийг эзэлж байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага: Давхардсан тоогоор 2021 онд 248 ҮХЭХЗ-ын байгууллага нийт 6,274 хэлцлээр 1,302.5 мянган м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 852.6 тэрбум төгрөгөөр худалдах, худалдан авах үйл ажиллагааг зуучилсан.

Харин 2,114 хэлцлээр 186.4 мянган м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 23.6 тэрбум төгрөгөөр хөлслүүлж, түрээслүүлэх үйл ажиллагааг тус тус зуучилсан байна. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа: Тайлант онд нийт 694.4 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдаж, 583.9 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат шүүгчээс гурван удаа татгалзав

Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр ирүүлжээ.

Уг саналыг хянан хэлэлцэх явцад яллагдагчийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан тул Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хурлыг хойшлуулсан. Улмаар шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр дахин явуулахад яллагдагчийн өмгөөлөгч шүүгч болон прокуророос татгалзах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг дахин хойшлуулаад байв.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр энэ сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг гурав дахь удаагаа зохион байгуулахад яллагдагчийн өмгөөлөгч дахин шүүгчээс татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Шүлхийгээр өвчилсөн 93310 толгой малын шинж тэмдэг арилжээ

Хөвсгөл аймагт шүлхий өвчнөөр нийт 102382 толгой мал өвчилснөөс 93310 толгой мал эдгэрч шинж тэмдэг нь арилжээ. Өнөөдрийн байдлаар 18 сумын 55 багт 22 голомт идэвхтэй хэвээр байна. Цаашид халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, шинээр голомт үүсгэхгүйн тулд орон нутгийн удирдлагууд, мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, шат шатандаа урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж буй.

Мөн өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэлгүйгээр ахуйд хэрэглэх, хашаа, байранд мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гаднын хүн оруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн мал эмнэлгийн газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ-ны худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс энэ сарын 14-18-нд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах долоон удаагийн сургалт явуулжээ. Сургалтад нийт 1316 албан тушаалтныг хамруулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эрүүл мэндийн яамны 2021 оны худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийж, мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж, зөвлөмж хүргүүлэх, албан тушаалтны ёс зүй, хүнд сурталтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг шалган шийдвэрлэж, авлига үүсгэх нөхцөл боломжийг бий болгож болзошгүй зохицуулалт дүрэм, журмуудад туссан эсэхийг хянажээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Муу эр дайнд хөөрнө

“Муу эр дайнд хөөрнө” гэж яасан үнэн үг вэ. Цахим орчноор дүүрэн ОХУ, Украины асуудлыг ярьж хөөрцгөөсөн улс. “Цус үзье” гэдэг шиг байлдахыг нь дэмжээд ч байгаа юм шиг. Байлдаасай гэж бодоод эхлэхийг нь хүлээгээд ч байгаа юм шиг. Монголчуудад угаас нэг муухай зан байна. Энэ бол аливаа асуудлын гоё сайхныг харахаас илүү муу, бүтэлгүйг нь олж хардаг зан. Машин, мотоциклийн уралдаан үзэж буй гадныхан “Ямар гоё уралдаан болж байна аа” гэж үздэг бол монголчууд “За одоо аль нь унаж, ямар осол аваар гарах бол” гэж хүлээдэг гэсэн хошигнол хэрнээ үнэнд ойр хөнгөн яриа бий. Үүн шиг ОХУ, Украин хоёр байлдаж л байвал сонирхолтой бололтой. Хэрэв байлдвал бидэнд яаж нөлөөлөх вэ гэдгийг бодож байгаа хүн цөөхөн аж. Одоогийн байдлаар ОХУ, Украины харилцаа хурцадсаны улмаас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2-3 хувиар нэмэгдээд байна. Хэрэв нөхцөл байдал улам муудвал үүнээс ч илүү нэмэгдэнэ л гэсэн үг.

Хэдэн сарын өмнө шатахуун нь дууссан “Приус”-ээ түрж явсан монголчууд үүнийг ойлгохгүй дайнд хөөрч, даган баясаж яваа нь харамсалтай.

Москва найтаахад Монгол ханиад хүрдэг гэдэг шиг шатахууны үнэ нэмэгдэх нь хамгийн эхний асуудал. Цаашлаад ОХУ, Украинаас импортоор авдаг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, үнэ нь нэмэгдэх магадлалтай. Тиймээс дайн бол хүсээд байх зүйл биш!

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Шатахууны ердийн хэрэглээний 34 хоногийн нөөцтэй байна

2022 оны 2 дугаар сарын 23-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар 34 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 64, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 37, ТС-1 онгоцны түлш 3 хоногийн үлдэгдэлтэй байна.

2022 оны 2 дугаар сарын 15-наас 2 дугаар сарын 20-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор Аи-92 автобензин 7,824 тн, дизелийн түлш 18,867 тн, шингэрүүлсэн хий 607 тн, бусад бүтээгдэхүүн 154 тн, нийт 27,453 тн, Эрээнцав боомтоор А-80 автобензин 178 тн, Аи-92 автобензин 118 тн, нийт 296 тн, Цагааннуур Аи-92 автобензин 514 тн, дизелийн түлш 341 тн, нийт 296 тн, Боршоо боомтоор Аи-92 автобензин 222 тн, дизелийн түлш 699 тн, нийт 922 тн, Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 1241 бусад бүтээгдэхүүн 216 тн, нийт 1457 тн буюу Монгол Улсад нийт 30,983 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.

Categories
гадаад мэдээ

Донецк болон Луганск ард улсыг хүлээн зөвшөөрөв

Бүгд найрамдах Донецк ард улс болон Бүгд найрамдах Луганск ард улсын тэргүүн Денис Пушилин, Леонид Пасечник нар бүгд найрамдах улсуудаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг В.Путинээс хүсчээ. Үүний дараа Кремльд ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж, зөвлөлийн бүх гишүүд энэхүү шийдвэрийг дэмжиж буйгаа нэгэн дуугаар илэрхийлсэн юм. Үүний дараа Бүгд найрамдах Донецк ард улс болон Бүгд найрамдах Луганск ард улсыг тусгаар тогтносон улсууд гэж хүлээн зөвшөөрөх зарлигт В.Путин энэ сарын 21-нд гарын үсэг зурсны дараа Украины зүүн хэсэгт орших хоёр бүс нутагт энхийг сахиулагчдаа илгээхийг Батлан хамгаалах яаманд тушаав. В.Путин иргэддээ хандан цаг орчим үг хэлэхдээ, БНДАУ, БНЛАУ-ыг тусгаар тогтносон улсуудаар хүлээн зөвшөөрснөө “хожимдсон шийдвэр” гэж нэрлээд парламентаас шийдвэрийг нь дэмжиж, бүгд найрамдах улсуудтай байгуулсан найрамдал, хамтын ажиллагаа харилцан туслалцаа үзүүлэх гэрээг соёрхон батлахыг хүсэв. Мөн тэрбээр “Киевийн эрх барьж байгаа хүмүүсээс байлдааны ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан байна. Эс бөгөөс цус үргэлжлэн урсаж болзошгүйн бүх хариуцлагыг Украины нутаг дэвсгэрийг захирагч дэглэм хүлээх болно” гэж анхааруулав. Түүний хэлснээр “Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд Орос улс бүхнийг хийсэн бөгөөд тэр дундаа Минскийн гэрээг хэрэгжүүлэхийн төлөө тууштай байсан боловч энэ нь дэмий хоосон зүйл болов. “Украин НАТО-д элсэж, дараа нь НАТО-гийн цэргийн баазыг энд байрлуулна гэдэг бол цаг хугацааны асуудал” гэж үзэх бүх үндэслэл Москвад бий гэж В.Путин цохон тэмдэглэв. Энэ тохиолдолд Украин нь Барууныхан Орост цохилт өгөх тэргүүн шугам болно. Оросын тал аюулгүй байдлын баталгааны талаар тохиролцох саналыг Вашингтон, Брюссельд 12 дугаар сард тавьж, НАТО-г цаашид дорно зүгт, тэр дундаа Украин руу тэлэхгүй байх, мөн тус улсын нутаг дэвсгэрт цохилтын зэвсэг байрлуулахгүй байхыг шаардсан юм. В.Путины цохон тэмдэглэснээр, эдгээр саналууд үндсэндээ хариултгүй хэвээр байгаа бөгөөд ийм нөхцөлд Орос улс “өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд хариу арга хэмжээ авах бүрэн эрхтэй. Бид яг үүнийг хийх болно”. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үгний бас нэг гол хэсэг нь орчин үеийн Украин улс байгуулагдсан түүх болон Киевийн эрх баригчдын талаарх шүүмжлэлд зориулагдав. “Орчин үеийн Украин улсыг Оросын большевикууд, коммунистууд байгуулсан” бөгөөд тус улс тэр дундаа Оросын түүхэн нутаг дэвсгэрт байгуулагдсан болохыг В.Путин сануулсан байна. Одоо Украинд тус улс “Өөрийн улсыг үндэслэгч, архитектор” Владимир Лениний хөшөөг буулгаж байгаа ч энэ бодлогыг “замаас нь зогсоох шаардлагагүй” ба “Украины хувьд түүхээ устгахаар юу болдгийг харуулахад бид бэлэн байна” гэж тэрбээр хэлжээ. Украинд “тогтвортой төрт улс” хараахан төлөвшөөгүй авлигад “идэгдэж, зэвэрсэн” бөгөөд одоогийн эрх баригчид нь “улс орныг бүрэн эзэнгүйдүүлж байна”. Украины цэргийн стратеги нь үндсэндээ ОХУ-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулахад бэлтгэх явдал бөгөөд саяхан Киев өөрийн гэсэн цөмийн зэвсгийг бүтээхээр заналхийлж байгаа нь “хий хоосон зүйл биш” юм. Москва энэ аюулыг тоомсорлохгүй орхиж чадахгүй” гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

Украины ерөнхийлөгч В.Зеленьский “ОХУ нь Донецк, Луганск мужийн “тусгаар тогтнолыг” хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаснаараа Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг зөрчиж, 2014 оноос хойш Донбасст байгаа цэргүүдээ хууль ёсны болгож байна” гэж Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн хурлын дараа мэдэгдэв. “ОХУ-ын энэ үйлдлийг Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн үйлдэл гэж хоёрдмол утгагүйгээр бид үнэлж байна. Эдгээр шийдвэрийн үр дагаврын бүх хариуцлагыг Оросын улс төрийн удирдлагууд хүлээх болно” гэж В.Зеленский хэлсэн байна. Мөн Донецк, Луганск мужийн “тусгаар тогтнолыг” хүлээн зөвшөөрсөн нь ОХУ Минскийн гэрээнээс гарч, Нормандын дөрвөлийн шийдвэрийг үл тоомсорлосон явдал гэдгийг нэмж хэлжээ. Тэрбээр нөхцөл байдлын талаар Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Олац Шольц, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нартай утсаар ярьсан бөгөөд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай мөн ярихаар төлөвлөөд байгаа аж. Мөн өнөөдөр Украины Гадаад хэргийн яам НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүдэд Будапештийн санамж бичгийн үндсэн дээр яаралтай зөвлөгөөн хийх санал тавьсан гэдгийг В.Зеленьский цохон тэмдэглэв. Үүний зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын тусгай уулзалт хийхийг уриалсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден даваа гаригт холбоотон улсуудын удирдагчидтай утсаар ярих үеэрээ Украины мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины шийдвэрийг зэмлэн буруушаажээ. “Жо.Байден Украины Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын “тусгаар тогтнолыг” хүлээн зөвшөөрөх ОХУ-ын ерөнхийлөгчийн шийдвэрийг Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үеэрээ эрс зэмлэн буруушаасан” гэж Цагаан ордон мэдэгдсэн байна. Тэрбээр Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Олаф Шольцтой “хариу болгон авч хэрэгжүүлэх дараагийн алхмуудаа хэрхэн уялдуулах талаар” хэлэлцсэн гэж бас мэдэгдэв. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден Америкийн иргэдийг ОХУ тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөөд буй Украины зүүн нутгийн хоёр мужтай худалдаа, хөрөнгө оруулалт хийхийг хориглох зарлигт гарын үсэг зурав. Энэхүү зарлиг хамрах бүс нутгаас АНУ-д шууд болон шууд бусаар аливаа бараа, үйлчилгээ, технологи импортлох зэргээр шинээр хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүжилт хийхийг хориглох ажээ. Зарлигт Минскийн гэрээний дагуу ОХУ-ын өгсөн үүрэг амлалтууд нь Украины энх тайван, тогтвортой байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж, улмаар АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод урьд хожид үзэгдээгүй аюул занал учруулж байна хэмээн тэмдэглэжээ.

БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь даваа гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байранд болсон Украины нөхцөл байдлын асуудлаарх шуурхай хурлын үеэр талуудад маргааныг энхийн замаар зохицуулж, хүлээцтэй хандахыг уриалав. Тэрбээр хурлын үеэр “БНХАУ Украин дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд одоогийн нөхцөл байдалд холбогдох талууд хүлээцтэй байж, асуудлыг хурцатгах аливаа үйлдлээс татгалзах хэрэгтэй. БНХАУ асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг дэмжиж байгаа ба талууд эрх тэгш, бие биенээ харилцан хүндэтгэх зарчмаар асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг уриалж байна” гэв. Мөн тэрбээр, Украины нөхцөл байдал өнөөгийн түвшинд хүрч байгаа нь олон тооны нарийн төвөгтэй хүчин зүйлийн үр дүн гэжээ.

Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа, Москвагийн үйлдлийг зэмлэн буруушааж, Киевийг дэмжиж байгаагаа илэрхийлснээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярьж, ЕЗ Украинтай эв санал нэг байгааг илэрхийллээ. ЕЗ таны талд байгаа бөгөөд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж байна. Оросын энэхүү алхам нь олон улсын хууль тогтоомж, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журамд халдсан алхам юм” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

Орчуулсан

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ спорт

Хаяанаас минь холгүйхэн наадсан “Бээжин-2022”

Урд хөршийнхөн олимпийн наадмаа ямар ч атугай дуусгаад авлаа. Тайвань, Уйгарын асуудал, Хонконгийн эсэргүүцэл гэх зэргээс шалтгаалан Америк тэргүүтэй олон орны засгийн газрын түвшин дэх хориг арга хэмжээ, дэлхийг хамарсан ковид өвчинтэй хавсраад 24 дэх удаагийн өвлийн олимпийн “амийг таслах” шахсан ч гэлээ хятадууд элдэв асуудал үүсгэлгүй тун чамбай зохион байгуулж чадсан нь үнэн л юмдаг.

XXIV өвлийн олимпод 91 улс тамирчдаа илгээн долоон үндсэн төрлийн спортын 109 багц медалийн төлөө өрсөлдсөн. ОУОХ өвлийн наадмын спорт төрлүүдийн хүрээг нэмж үзэгч, хөгжөөн дэмжигчдийнхээ тоог олшруулахын тулд фристайл, шорт трек, трамплины төрөлд шинэ ангилал нэмсэн авч цаг уурын хавчигдмал нөхцөлд нэг төрлийн спортыг дотор нь цаг, зайгаар нь л ихэсгэхээс өөр шинэ санаа гаргаж чадсангүй. Уг нь бөмбөгтэй хоккей буюу бэнди гээд бие даасан жинхэнэ өвлийн спорт бэлхэнээ байдаг ч гэлээ олимпийн хөтөлбөрт оруулахгүй яваад л байх юм. Орчихвол Монголын шигшээ баг гээд одоохондоо гайгүй дээгүүр үзэх баг бий юмсан.

Олимпийн тэмцээнүүд хэрэвзээ хаалттай цэнгэлдэх хүрээлэнд явагдахаар байвал Бээжин хотноо, задгай талбайд өрсөлдөхөөр байвал Янжин, Жанчхүүд зохиогдлоо.

Ялангуяа өвлийн олимпийн ундаргаас нь эхлэлтэй цанын төрлийн уралдаанууд Жанчхүүгийн даваан дээр уралдаж олимпийн эхний өдрөөс эцсийн өдөр хүртэл нүд хужирлав. Мах цусны минь тасархай Цахар түмний өлгий нутаг, эртний монголчуудын жингийн цувааны өмнөд цэг болох Хаалган хотын ойролцоо олимп болно оо гэдэг чинь ковид байхгүй байсан бол гэрийнхээ таапчиктай алхаж очоод үзчихээд ирэхээр ойрхон байлаа шүү дээ, золиг гэж. Цаг агаар нь хүртэл задгай салхитай, жаахан жавартай, цасан шуурга нь хүртэл малгайлж бус элсэн ширхэгээр асгараад яг л говийн өвлийг санагдуулам. Тийм нөхцөлд уралдаж тэмцэлдэж үзээгүй европынхонд хүндхэн л тусах шиг. Агаарын байдал хасах арван хэмээс жаахан дээшлэхэд хацар хуруу нь хөлдөж заримынх нь бэлэг эрхтэн ч гэмтсэн гэх шиг сонин юмс дуулдаж л байна лээ. Ер нь цаг агаараас шалтгаалан олимпийн тэмцээний цагийг хойшлуулж, уралдах зайг нь багасгаж байсан тохиолдол байдаггүй юм билээ. Бас нөгөө өнцгөөс нь харваас өвлийн спорт гэж нэрлэсэн л юм бол өвөлдөө тааруулаад өрсөлдөх л хэрэгтэй баймаар. Эс бөгөөс Европын дулаан цаг агаартай нутагт цасаа зөөж авчирч хиймэл нөхцөлд нөгөө цасаа “амь оруулж” байгаад уралдсаар дасчихсан нь тун сонирхолтой. Сочигийн олимпийн наадамд цас нь өдөртөө хайлчихдаг тул шөнөдөө шинэ цас “ургуулах” ажил гардаг, тамирчид нь цээж нүцгэн наранд биеэ ээгээд сууж байдаг зураглал зөндөө хараа биз дээ.

Норвегиуд галзуу наадлаа. Зургаахан сая хүн амтай улс олимпийн наадмын оргилд бичигдэн 16 алт, найман мөнгө, 13 хүрэл нийтдээ 37 медаль хүртэнэ гэдэг үнэхээр гайхамшиг. Өвлийн олимпийн наадам зохиогдох бүрт эхнээс нь оролцож, зөвхөн оройд нь бичигдэхээс өөр гаргалгаагүй явсан уг улсыг цана, биатлоноор төсөөлдөг байсан бол сүүлийн үед трамплин, тэшүүр, фристайл, керлинг гээд өөр төрлүүдэд бас цойлоод эхлэх юм.

Хүүхэд байхаас нь эхлээд спортоор хичээллүүлж эхэлдэг, дунд сургууль болгон хажуу бөөрөндөө спорт сургалтын томоохон баазуудтай, тэндээ сургалтын хөтөлбөрт нь тусгасан заавал биелүүлж дуусах ёстой хичээлтэй, сайн багш, хүмүүжүүлэгч заадаг, улс нь хөрөнгө мөнгөөр лут хангадаг байхад Бо, Клэбо, Ульсбюү нар төрдөг л юм байна. Норвегиудыг ганцаарчилсан спортын хүмүүс тул багийн спортоор гавьдаггүй гээд байсан чинь кёрлингийн холимог хос төрөлд мөнгөн медаль авчирч л байна лээ. Ер нь энэ удаагийн олимпийг сайхан чимсэн спорт нь кёрлинг байв.

Тун өрсөлдөөнтэй эцсийн үе хүртэл ялагч нь тодролгүй нэмэлт үеэр ялагчаа тодруулах цаг ч гарч байв. Италийн холимог хосын Стефани Константини, Амос Мозанэр нар чухам энд л аваргалж 2026 онд өвлийн олимп хүлээн авах орны цорын ганц алтан медалийг авчирсан. Тэр тусмаа олимпийн наадамд анх удаа оролцоод шууд алт шүү. Гэтэл Шведийн скип Никлас Эдин дөрөв дэх олимпдоо оролцон байж алтан медалийн эзэн болж байх юм. Урдахь гурван олимпдоо дөрөв, гурав, хоёрдугаар байруудад орж байсан гээд бодохоор шат ахисаар байгаад түрүүлсэн юм уу даа. Их Британийн багийн энэ олимпийн цорын ганц алтыг англи охид авчирсан гэдгийг санавал керлинг тун хөгжилтэй өнгөрчээ.

Уран гулгалтын тухай сайн, мууг олимпийн эхний өдрөөс эхлээд нурштал хэлэлцсэн тул харин орхиё. 15 настай жаахан охиныг арай дэндүүллээ гэх ярианд хачир нэмэхэд дөрвөн наснаасаа эхлэн тэмцээнд оролцож тив дэлхийгээр хэссэн, спортын хатуу хөтүү амьдралаар амьдраад олон жилийг өнгөрөөж буй хүний хувьд 15 нас гэдэг бага биш шүү. 11 настай хүү говийн хатуу цаг агаартай нутагт зуу, зуун малтайгаа ганцаараа дассан сурсан амьдралаараа болоод л байгаа биз дээ. Ялгаа байна уу. Ер нь олимпийн наадмын уран гулгалтын тэмцээнд 17-гоос дээш настай тамирчдыг оруулдаг болгоно гэдэг л зөв шийдвэр болов уу. Үүнтэй адил төстэй шахуу бас нэгэн хов жив хөвөрсөн нь аль эртнээс яригдаж буй хоккейн тэмцээнийг зуны олимпод багтаах асуудал дахиад л өндийж эхэллээ. Ялангуяа Хойд Америкийнхан түлхүү түлхдэг уг санаа нь олимпод НХЛ-ийн шилдэг тамирчид оролцож чаддаггүй, улирлын тоглолтууд жинхэнээсээ манаргаж байхад олимп зохиогдох нь канад, америк залуусаас гадна Европын шилдэг хоккейчид ч халгаатай байна гээд дэмжлэг авдаггүй байсан бол Европ тивийн хоккейн лигүүд сүүлийн үед чангарч эхэлсэн, тэд ч бас тодорхой хугацаагаар олимпоос шалтгаалан улирлын тэмцээнээ түр зогсоодог болсон нь ийм яриа дахин дэгдэх үндэс боллоо. Өвлийн олимпийн ганц манлай нь зун руу гүйчихвэл одоо яана вэ.

Өвлийн XXIV олимп өөр ямар сонин хачин зүйлүүдээр элбэг байв гээч. Төрлийг нь олшруулах боломж хомсодмол тул ангиллыг нь нэмснээс шалтгаалан хосолсон, гурвалсан, бүр дөрвөлсөн алтан медальтан төрсөн олимп байлаа. Йоханнэс Бо (Норвеги, биатлон, дөрвөн алт, хүрэл),

Александр Большунов (ОХУ, цана, гурван алт, мөнгө, хүрэл), Мартэ Ульсбюү-Ройсэланн (Норвеги, биатлон, гурван алт, хоёр хүрэл), Ирэн Схөүтэн (Нидерланд,тэшүүр, гурван алт, хүрэл), Тереза Йохауг (Норвеги, цана, гурван алт) гээд баахан медаль ганцаараа авчихдаг лут тамирчдаас гадна хос алтан медальтан бол зөндөө бий. Зохион байгуулагч орон гэдгээрээ БНХАУ есөн алтан медальтайгаар эхний гурван багт багтсан. Айлин Гу гэдэг Америкт төрж хүмүүжсэн хятад гаралтай бүсгүй хоёр ч алтан медаль фристайлд авчирч өвөө, эмээгийнхээ нутгийнхныг баярлуулсан бол жинхэнэ одууд нь олимпийн сүүлийн өдөр ес дэх алтыг нь авчирсан уран гулгалтын хос Суй Вэнжин, Хан Цун байв. Олон жилийн хөдөлмөр, Суйгийн төрөл бүрийн бэртэл, хэсэг хугацаанд сохорсон, бүтэн жил хэвтрийн дэглэмд амьдарсан гэх мэт давж туулах нь бүү хэл сонсоход хэцүү бэрхшээлийг хотойлгон олимпийн аваргад түрүүлсэн хосууд юм.

Спортоосоо ангид ч гэлээ олимптой холбоотой, үргэлж хамт яригдаж бичигдэж байдаг нэгэн сэдэв нь олимпийн нээлт, хаалтын үйл ажиллагаа билээ. Бээжин хот зуны олимп, өвлийн олимп хоёрыг зохион байгуулж үзсэн цорын ганц хот гэж нэрлэгдэхээс гадна 2008 оны зуны олимпийн соёлын арга хэмжээг энэ удаагийн өвлийнхтэй харьцуулах боломжийг өгсөн. 2008 оны тэр зун хятадууд хүн ба хөрөнгө мөнгөөр “зодсон” лут нээлт, хаалтыг дэлхийд соёрхуулж байсан бол энэ удаагийнх их энгийн. Хамгийн гол нь технологийн шинэчлэлийг түлхүү харуулж дрон, лед гэрэл, 3D-г хэрхэн ашиглаж болох вэ, ногоон эрчим хүчийг түлхүү хэрэглэе гэдэг үзлийг дэлхийд үзүүлэхийг хичээсэн олимп байлаа гэж бодох юм.

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Капитал банканд байршиж байсан НДС-ийн хөрөнгийг төлүүлэх талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар,

  • Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явц,
  • Газрын тос дамжуулах хоолой барих төслийн хүрээнд авах зарим арга хэмжээ,
  • Татан буугдсан “Капитал банк” ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.


Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Соронзон: 30 жилийн хөдөлмөр, зүтгэлийг нэг шуугиан үгүй хийж чадахгүй

Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал, Монгол Улсын болон ОХ-ны Буриад улсын гавьяат багш, доктор Ж.Соронзонтой ярилцлаа.


-Сүүлийн үед Олон нийтийн сүлжээгээр тантай холбоотой олон сенсаци шуугиан дэгдэх боллоо. Энэ талаар ярилцахаар таныг зорин ирлээ. Шуугианы үндсэн шалтгаан юу вэ?

-Манай сургуульд 29 жил тасралтгүй ажилласан Максим Суянз ажлаас халагдсантай холбоотой ийм асуудал үүсэх шиг боллоо. Максим бол Сэлэнгэ аймгийн Зүүнхараад төрж өссөн, манай дотоодын Орос хүн. Монголын эсрэг байр суурьтай байх үндэслэлгүй гэж боддог. Газарзүйн багш мэргэжилтэй, сайн гүйцэтгэгч байсан. Манай сургуулийн 30 жилийн амжилт энэ хүнтэй бас холбоотой. Үүнийг үгүйсгэж болохгүй. Бид хөтлөлцөөд шахуу энэ сургуульдаа ирсэн улс. Ийм асуудал үүссэнд харамсаж байна.

-Яагаад ингэх болов?

-Максим маань сүүлийн гурван жил зан харьцаа их өөрчлөгдсөн. ОХУ-аас ирж ажиллаж байгаа менежерүүдтэй шөргөөцөлдөх, хэл ам их хийх болсон. Миний зүгээс зарим үед анхааруулж, зарим үед оролцдоггүй байлаа. Энэ 29 жилд сургуулийн байрны өргөтгөлийн хажуу өрөөнд 11 жил амьдарч, эхнэр, хүү, охин, хүргэн гээд бараг арваад хүн манай сургуульд ажиллаж, амьдарсан. Угтаа бол энэ сургуулийн үр шимээс хамгийн их хүртсэн хүн гэж болно. Түүнд асар их эрх мэдэл ч олгосон. Үүнийг Максим ч хүлээн зөвшөөрөх биз.

Эхний асуудал бол цар тахлын үед ОХУ руу амрахаар явах багш нарыг хилээр буцааж оруулахгүй байх магадлал өндөр байсан. Тиймээс хавар нь багш нартайгаа хуралдаж энэ зун Монголд үлдээд зургадугаар сард сурагчдад давтлага өгч ажиллуулаад цалинг нь бүтэн тавих, долдугаар сард амралтын мөнгөө авч амрах, амрах хугацаандаа дотоодын аялал зохион байгуулах, наймдугаар сарын 1-нээс ажилд нь оруулъя, цалинг бүтэн олгоно гэдэг арга хэмжээ авсан. Гэтэл Максим өөрийн удирддаг дунд, ахлах ангийн багш нарыг “Энэ сургууль удахгүй дампуурна, та нар буц” гэж хөөж байсан гэдэг.

Гэнэт багш нарыг хагаралдуулах үйлдлийг санаатайгаар удаа дараа гаргаж, багш нараа хэл амаар доромжилж, сургуулийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, багш нарын нөөцийг бусниулж эхэлсэн. Түүнээс болж бид хоёрын дунд нэлээд ширүүн яриа болсон юм. Удалгүй Максим нэргүй болон өөр хүний нэрээр Москва руу мэдээлэл бичиж, ОХУ-д шат шатандаа мэдэгдсэн. Захидалдаа багш нар болон сургуулийг муучилж, “ОХУ-ын өмчийг Монгол Улсын нийслэлийн өмч болгож бүртгүүлсэн. Эргээд ОХУ-ынх болгоход хамгийн их саад болж байгаа, Монголын эрх баригчидтай нийлсэн гол буруутан Ж.Соронзон. Энэ хүнийг зайлуулахаас нааш ОХУ өөрийнхөө өмчийн эзэн болж чадахгүй” гэж бичсэн байсан. Би үнэхээр харамсаж, бас уур хүрч Максимыг дуудаж хэлтэл уурлаад гарч явсан. Халагдах өргөдлөө нарийн бичгийн ширээн дээр үлдээгээд явсан. Тэрнээс хойш Суянз.М.М надтай уулзаагүй.

-Өмч гэж та яг юуг хэлж байна. Энэ талаар тодруулаач.

– Энэ их хэцүү асуудал юм. Сургуулийн үндсэн байшин барилга 60 айлын орон сууц, хэдийгээр Монголын өмчид бүртгэсэн ч, олон улсын гэрээн дээрээ сургуулийн өмч гээд цагаан цаасан дээр хараар биччихсэн. Энд нэг том зөрчил харагдаж байгаа биз. Өмчийн маргаан олон жил үргэлжилсээр байна. Энэ шуугианы дараа шийдэгдэх нь бараг тодорхой болчих шиг боллоо. Сургуулийн өмчийг хэнийх гэдгийг нотолдог гол баримт бичиг үл хөдлөх хөрөнгийн эрхийн бичиг байдаггүй нь үүнийг бас нотолно. Одоо байгаа эрх зүйн үндэс буюу олон улсын гэрээгээрээ “сургуулийн өмч” гэж үзэхээс өөр аргагүй. Гэрээн дээр яг тэгж бичсэн байна. Тиймээс энэ сургууль бол Монголын төрийн өмчит сургууль биш. Харин нийт төсвийн 17 хувийг Монгол Улсаас өгдөг.

-Максимыг хэзээ ажлаас халсан юм бэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард өргөдлийг нь үндэслэн халсан. Би уг нь түүнд тэтгэвэртээ гарсан ч үргэлжлүүлээд ажиллая гэвэл удирдлагуудын багт сайн туслахууд томилж өгч болно гэж хэлж байсан юм. Ичсэн хүн хүн ална гэгчээр бичсэн захидал нь баригдаад арга буюу ийм шийдэлд хүрсэн биз ээ. Тэгээд л С.Будрагчаатай учирсан бололтой.

-Танаас С.Будрагчаа сэтгүүлчийн гаргаж тавьсан баримтын талаар асуух зүйл нь дүүгийн тань нэртэй түрээсийн байр байна. Үүнд тайлбар өгөөч?

-Манай сургууль 95 бүлэг, 2700 сурагчтай. 2009 оноос арай гэж нэг ээлжинд шилжсэн. Нэг ээлжинд шилжүүлэх нь төрийн бодлого. Чухал арга хэмжээ. Бэлтгэл бүлэг буюу 5 настай хүүхдийг 15 хүүхдээр анги бүрдүүлэн, хичээллэх, унтах, амрах, тоглох орчинд бүтэн жил бэлтгэсний үндсэн дээр нэгдүгээр ангиас ОХУ -ын программаар хичээллэх бэлтгэх хангах шат юм. Үнэн чанартаа хагас сургууль, хагас цэцэрлэг. Энэ нь хүүхдийн эрх ашиг, эцэг эхийн хүсэл шаардлага байсан юм аа. Ийм бэлтгэл бүлгийг эхлээд багш нарын байранд хичээллүүлж байлаа. Багш нарын тоо олшроод арга буюу шилжүүлэхээс өөр аргагүй болсон. Гэтэл сургуулийн дэргэд шинээр байр баригдаж тэндээс түрээсэлж эхэлсэн. 2015 оноос өмнө асуудалгүй байсан. 2015 оноос түрээслэгч солигдсонтой холбоотойгоор ийм асуудал үүссэн. Яагаад ийм асуудал үүссэн, ямар үндэс шалтгаантай, Монгол Улсын хууль зөрчсөн үү, олон улсын гэрээгээр захиралд тийм эрх олгосон уу гээд хуулийн олон асуудал бий. Тэр бүгдийг би хуулийн байгууллагад тайлбарлана даа. Би юу болох, юу болохгүйг мэдэхээ байчихсан, цайчихсан тэнэг амьтан бас биш шүү. Бүх юм учир шалтгаантай. Юманд учир суманд занги бий гэдэг байх аа.

-Таныг гэр бүлийн хүн Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндоржийг сургуульдаа өндөр цалингаар багшлуулсан гэж байна.?

-Тийм ээ. Нөхөртөө мөнгө өгөх гэсэн зорилго байгаагүй. Харин төгсөх ангийнханд өндөр түвшний мэдлэг өгөх гэсэн сайхан санаа байлаа. Манай гэр бүлийн хүн бол нийгэм судлалын багш мэргэжилтэй, философийн доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор хүн. Монголын нэртэй эрдэмтэн хүн. Нийгмийн ухаануудын суурь ойлголтыг орос, монгол хэл дээр тайлбарлан заадаг байлаа. Үндсэн багш биш. Гэрээгээр ажиллуулсан. Төсвийн мөнгөнөөс цалин олгоогүй. Сургууль өөрийн орлогоос цалинжуулсан. Энд бас хуулийн нарийн ширийн асуудал бий. Түүнийг хуулийн байгууллагад тайлбарлана. Үндэслэл, нотолгоогоо гаргана. Ер нь манай сургууль 12 гэрээт багштай. Тэдний цалин дээд тал нь 10 сая төгрөг. Манай хүний сарын хөлс 4.1 сая төгрөг. Татвар төлөөд 3.3 сая төгрөг авдаг байсан.

-Гэрээт багш нарын цалинг яаж тогтоодог вэ?

-Ур чадвараар нь өөр, өөр тогтооно. Олон жил ажилласан үр өгөөжтэй багш нарын цалинг өндөр тогтооно. Чадвартай хүн сайн цалин авдаг гэсэн зах зээлийн зарчмыг л барьдаг.

-Багш нараа торгосоор байгаад багшид цалин очдоггүй гэсэн шүүмж байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Бүх багш нартай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа цалин тогтоох, цалин олгох журам зэргийг танилцуулаад харилцан зөвшилцөн гэрээ байгуулдаг. Цалин тогтоох журамд үндсэн цалин дээр анги удирдсан, дэвтэр зассан, ангийн ажил гээд л сургуульд байдаг бүх л нэмэгдлийг хэлж байгаа юм. Харин цалин олгох журам бол багш таны үр дүн, хариуцлагатай шууд хамаатай. Сурагчийн мэдлэгийг хөндлөнгөөс үнэлээд хүүхэд сургасан чанараар цалинг нэмэх, хасах тогтолцоотой. Энэ бол 20 жил хэрэгжиж байгаа арга. Үүний үр дүнд Орос-3 имиж, эрэлт, чанар, хүлээн зөвшөөрөлт бий болсон. Эцэг эхчүүдийн төлсөн төлбөрөөр, зарим багш нарт шагнал нэмэгдлээр 10 гаруй сая төгрөгийн цалин болгож өгчихөөд тэдний хүүхдийн сурсан эсэхийг шалгахгүй байж болохгүй. Багш хүүхдэд зарцуулах 40 минутын хичээлийн гурван минутыг ч хоцорч хороож болохгүй л гэсэн алтан дүрэмтэй. Багш яагаад тэр байгаагүй цагийн цалинг бүтэн авах ёстой билээ. Ангиа муу удирдсан бол яагаад анги удирдсан цалин авах ёстой билээ. Энэ бол цэвэр хариуцлагын тогтолцоо. Багш хүн шавь нартаа эрдэм ном заахын зэрэгцээ сайн хүн байх, хариуцлагатай, шударга, эх орондоо хайртай хүн болгохын тулд өөрөө үлгэрлэх ёстой. Еврейн боловсролын нэг нууц бол зөв үлгэр дуурайл шүү. Тийм учраас багш ажлаа муу хийсэн, цагийн хийдэл гаргасан бол мөн л шударга ёсны зарчмаар цалингаа хасуулах ёстой. Нэр нь торгуул гэнэ үү, хасалт гэнэ үү тэр нь чухал биш. Хүнээр ажил хийлгэх амаргүй шүү. Шуудхан хэлбэл, гадаад багш нар бидний үр хүүхдийг сургах гэж ирээгүй шүү. Тэд цалин авахаар ирсэн, хянахгүй бол эцэг эхийн мөнгө үр дүнгүй болно.

-Танай сургууль улсын өмчит сургууль уу?

-Үгүй. Монгол, ОХУ хоёрын засгийн газрын хоорондын гэрээгээр байгуулсан өөрийн өмчит сургууль. Гэрээнд тэгж заасан байна. Энэ бас өмчийн маргаан гарах нэг шалтгаан байж мэднэ. Энэ бол хуулийн нарийн асуудал. Мэргэжлийн хуульчид бол ойлгох байх. Жирийн хүмүүс ойлгоход төвөгтэй асуудал.

-Төлбөр авах эрхтэй юү?

-Манай сургуулийн үйл ажиллагааг зохицуулсан олон улсын гэрээнд ямар ямар үйл ажиллагаа явуулж орлого олохыг маш нарийн заасан. Тэр мөнгөө өөрийн дансанд байршуул гэдгийг ч заасан. Одоо арилжааны банкинд данстай ганц сургууль. Тэр мөнгийг сургуулийн зорилгод нийцүүлэн зарцуулах эрхийг сургуулийн удирдлагад олгосон байдаг юм.

-Багш нарын байранд амьдардаг багш нар түрээс төлдөг үү?

-Төлөхгүй, гурван яамны гэрээгээр багш нар байранд үнэ төлбөргүй амьдардаг. Цахилгааны төлбөрөөс өөр хэрэглээний төлбөр төлдөггүй, ор дэр, сандал, ширээ, цагаан хэрэгсэл, компьютер, хөргөгч, плитка гээд хэрэгцээт бүх зүйлийг сургуулиас бэлтгэдэг. Энэ бүх зардлыг сургууль өөрийн хөрөнгөөр хангадаг.

-Гэр бүлээрээ ирж амьдарч болох уу. Ямар зөвшөөрлөөр байх вэ?

-Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын хууль гэж байдаг. Түүнд гэр бүлээрээ ирсэн хүмүүс Монгол Улсад түр оршин суугчаар бүртгүүлээд ГИХГазраас зөвшөөрөл аваад багш нарын байранд хамт амьдардаг. Манай сургуульд багшлах гэж байгаа бол БШУЯ-наас зөвшөөрөл авна.

-Таныг дарамт шахалт их үзүүлдэг гэж шүүмжилдэгт ямар тайлбар өгөх вэ?

-Дэг журам бол амжилтын үндэс. Би дэг журмыг барьдаг. Замбараагүй, хариуцлагагүй байдалтай эвлэрдэггүй. Энэ нь зарим хүнд хатуу мэт санагддаг буй за. Бид чинь бие биедээ шаардлага тавьж чадахгүй, янз бүрийн барьцаанд хаа саагүй орчихсон юм шиг л байх юм. Ийм байхад ажил яаж явах билээ. Эцэг эхчүүд төлбөрөө төлсөн л бол сургуулиас хариуцлага нэхэх хэрэгтэй. Муу сургавал шүүхэд ч өгч болно шүү дээ. АНУ -д тэгдэг юм гэнэлээ. Миний шаардлага, хариуцлага нэхдэг ажлын арга барил цөөнгүй хүнд таалагддаггүй байж мэднэ. Эцэстээ хүүхэд хождог гэдэгт би итгэдэг.

-Одоо таныг АТГ-т өгчихлөө, мэдээж шалгагдаж эхэлнэ. Нийтэд шуугьж байгаа мэдээлэл бүр дээр та бараг няцаалт хариу хэлж байна. Та үүнийгээ батлахад бэлэн үү?

-Олон жил шалгууллаа. Хийсэн бүхэн нийтэд ил байна. АТГ-т өгсөн, нууц гэх материалууд нууц биш ээ. Манай шилэн данснаас гарсан ил материал. Мөнгө идэж уудаг бол шилэн дансан дээрээ тавьчихаад байх уу. Бодоод үз дээ. Гэм зэм бол дандаа нууц далд аргаар гэмт санаагаар хийгддэг биз дээ. Харин ч элдэв яриа нэг талдаа шийдэгдэнэ шүү дээ. Харин энэ бүх хар мэдээ мэдээлэл дунд хүүхэд болон гаднаас ирж ажиллаж буй багш нарын сэтгэл зүй гэмтэх вий гэсэн л болгоомжлол байна.

-Гучин жилийн ойн баяраа удахгүй хийх гэж байгаа гэсэн. Сургуулийн гэрэл гэгээтэй мэдээллээр ярилцлагаа төгсгөмөөр байна.

Энэ сургуульд суралцаж зорилгодоо хүрсэн, одоо суралцаж байгаа, үр хүүхдээ итгэж элсүүлсэн эцэг эхчүүд та нарын итгэлийг даахын төлөө зүтгэсэн миний 30 жилийн хөдөлмөр зүтгэлийг нэг шуугиан үгүй хийж чадахгүй байх аа. Та нартаа баяртай гэж хэлэх цаг улам бүр ойртсоныг энэ шуугиан надад маш сайн ойлгууллаа. Олон жил ажиллахаар олон хүн бас дургүйцдэг юм шиг байна. Олон хүн бас үр хүүхдээ бодон зүтгүүлэхийг хүсч байгааг би бас мэднэ. Гэвч зарим хүмүүсийг алдаршуулан баярлуулаад амрах цаг дөхжээ.