Categories
мэдээ нийгэм

Б.Пүрэвдорж: Хөгжлийн Банканд шалгалт хийе гэтэл бүх бичиг баримтыг хууль хяналтын байгууллага аваад явсан байна

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУД ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ  ЗАНГИАГҮЙ УУЛЗАВ

Хөгжлийн Банканд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “2011-2017 онд УИХ-ын чуулганаар ямар зээл өгөх вэ гэдгийг баталдаг байсан. 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр энэ заалтыг болиод ТУЗ тус шийдвэрийг гаргадаг болсон. 2017 он хүртэл зургаан жилийн хугацаанд 348 ААН-д Хөгжлийн Банк өөрийн шийдвэрээр зээл олгосон. Хөгжлийн Банк 2017 оны хуулийн өөрчлөлтөөр дарга нарын банк болсон.

Ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байгаа. Хөгжлийн Банканд шалгалт хийе гэхээр бүх бичиг баримтыг хууль хяналтын байгууллага аваад явсан байна. Дээрээс нь ААН-ийн нууц тул данс гүйлгээ рүү орж болохгүй.

ААН-ийн захирал, Хөгжлийн Банкны дарга нарыг дуудаад зээл авсан компаниудад хэн нөлөөлсөн бэ гэдгийг шалган мөрдөх эрх байхгүй. Тиймээс УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу хянан шалгах түр хороог байгуулах нь зөв. Ингэвэл мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр хүмүүсийг дуудаж байцаах эрхтэй болно. Мөн шинжээч томилох бүрэн эрх бий болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ц.Даваасүрэн: Хөгжлийн Банкнаас зээл аваад арилжааны банкны зээлээ төлсөн тохиолдол байна

Даваасүрэн.Ц

Хөгжлийн Банканд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хөгжлийн Банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж уу үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Хөгжлийн Банкнаас зээл аваад арилжааны банкны зээлээ төлсөн тохиолдол байна. Хэдэн зуун тэрбум төгрөгийг аваад чанаргүй зээлээ төлсөн байгаа юм.

Зориулалтын бусаар зарцуулсан хүмүүс ч бий. Газар дээр нь очиж шалгах хэрэгтэй байгаа тул цаг хугацаа их шаардаж байна. 10 хоногийн дотор шалгана гэвэл сийрүүлж бичих болно.

Зарим нэг төслийн мэдээллээр байшин барьж, тоног төхөөрөмж худалдаж авсан гэж байгаа ч барилгын араг яс л байх жишээтэй. Ийм байдлыг шалгаж шалгалтын ажил удааширч байна. Өмнөх шалгалтуудаас өөр дүгнэлт гаргахыг зорьж байгаа.

Улс төрийн өндөр албан тушаалтан ашиг сонирхлын зөрчил гаргаж уу гэдгийг тогтооно. Нөлөөлөл үзүүлэлгүйгээр тодорхой хэмжээний зээлийг хамаарал бүхий этгээд нь аваад зориулалтын дагуу ашиглаж уу гэдгийг хянах хэрэгтэй. Ер энэ асуудлыг огт хориглож болохгүй. Улс төрийн өндөр албан тушаалтан нөлөөлсөн үү гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Далай ээжийгээ ариун тунгалаг байлгаж, үр хойчдоо унаган төрхөөр нь хадгалан үлдээх нь та бидний эрхэм үүрэг

Хөвсгөл далай үзэх аялал - Аялал

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “2004 онд 7,716 жуулчин Хөвсгөл нууранд хүрч аялсан бол өнөөдөр дээрх тоо 12 дахин өсөж, 90 мянга гаруй жуулчин очдог болсон байна. Түүнчлэн нуурын эргэн тойронд 120 гаруй аж ахуйн нэгж ажиллаж, олон арван худалдаа үйлчилгээ явагдаж байна. Эдгээрээс олсон орлогоос айл өрх, аж ахуйн нэгжүүд маань амьжиргаагаа залгуулж, ажлын байр бий болгон, ашиг орлого олж, улсдаа татвар төлж байгаа нь нэн сайшаалтай боловч далай ээжийгээ хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, цэвэрлэх ажлыг хэр зэрэг хийж байгаадаа үнэлэлт, дүгнэлт өгч, дор бүрнээ нэгийг бодох шаардлагатай байна.

Далай ээжийгээ цэвэр цэмцгэр, ариун тунгалаг байлгаж, үр хойчдоо унаган төрхөөр нь хадгалан үлдээх нь та бидний эрхэм үүрэг” гэв.

Чуулганы эхний өдрийн салбар хуралдаануудаар “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл сонсох юм.

Categories
мэдээ нийгэм

Х.Кобаяши: Япон, Монголын харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө холбогдох хүмүүсийн хамт хүчин чармайлт гарган ажиллана

Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөр болон Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойд зориулсан ёслолын арга хэмжээ өчигдөр Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар их танхимд боллоо. Уг арга хэмжээг Япон Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан юм.

Японы уламжлалт бөмбөрийн “UB Drums” хамтлагийн тоглолт, Морин хуурын чуулга хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлсний дараа Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн дүрс бичлэгт илгээлтийг зочдод толилуулав.

Элчин сайд Х.Кобаяши “Цог Жавхлант Эзэн Хааны 62 насны ойг тэмдэглэхийн хамт хоёрдугаар сарын 24-ний өдөр Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо угтаж байгаатай холбогдуулан холбогдох хүмүүсийн өнөөг хүртэлх дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн Япон, Монголын харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө хоёр орны холбогдох хүмүүсийн хамт хүчин чармайлт гарган ажиллах болно” хэмээв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарухито угсаа залгамжлагч хунтайж байхдаа 2007 онд Монгол Улсад айлчилж, манай улсын түүх, соёл, уламжлалт урлаг, үндэсний их баяр наадмыг сонирхон танилцсанд монголчууд бид нэн таатай байдгаа онцлон тэмдэглэж байна.

50 жилийн хугацаанд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай урагшлан хөгжиж, өнөөдөр Япон Улс манай чухал гуравдагч хөрш, бүс нутаг дахь найдвартай Стратегийн түнш болж, олон улс, бүс нутгийн тавцанд ч нягт хамтран ажиллаж байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг идэвхжүүлэх, Япон Улсын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, өндөр технологийг нутагшуулах нь ирэх шинэ зууны харилцааны чухал алхам гэж үзэж байна” гэв.

Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн түүхийг эргэн сөхвөл:

  • 1991-2021 он хүртэлх хугацаанд Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нийтдээ 336 тэрбум иенийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлж, гадаадын улс орон, олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлсэн нийт тусламжийн 50-аас илүү хувийг Япон Улс дангаараа олгосон.
  • Япон Улс, Монгол Улсад хоёр талын харилцааны хүрээнд туслахын зэрэгцээ 1991 оноос Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагчдын уулзалтыг Токио хотноо 10 удаа санаачлан зохион байгуулсан.
  • 1990 оноос Япон Улс “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 332 сумаас 206-д нь боловсролын салбарын 500 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.
  • Японы буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр 2002 онд Нарны зам, 2012 онд Нарны гүүр, 2019 онд Япон, Монголын сургалтын эмнэлэг, 2021 онд “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсон.
  • 2015 онд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан.
  • 2021 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 2 сая 350 мянган тун Pfizer вакцин нийлүүлсэн. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийт 21.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгож, вакцинжуулалтын мэдээлэл сурталчилгааны аяныг дэмжих, вакцины төв агуулахыг өргөтгөх, хүйтэн хэлхээг сайжруулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр техник, ложистик, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Ёслолын арга хэмжээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын зарим гишүүн, үе, үеийн зарим Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, спорт, байгаль орчин аялал жуулчлал, батлан хамгаалах, онцгой байдлын байгууллагын төлөөлөл, ОХУ, АНУ, БНСУ, БНЭУ, Казахстан зэрэг улсын Элчин сайд нар, дипломат төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр Монголтой харилцаа бүхий Японы орон нутгийн засаг захиргаанаас ирүүлсэн Япон, Монголын харилцааны арга хэмжээний үеийн гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж, хүрэлцэн ирсэн зочдод өнөөг хүртэлх хоёр орны ард түмний харилцаа холбоог эргэн дурсах боломжийг олгосон байв.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлыг түргэсгэнэ

Засгийн газар өнөөдрийн /2022.02.23/ ээлжит хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцын асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлыг хурдасгах, яаралтай дуусгах, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэхээр шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Улмаар төмөр замын бүтээн байгуулалт ирэх онд эхлүүлнэ гэх мэдээлэл бий.

Тус чиглэлийн төмөр зам барьснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр гаргах бас нэгэн гарц нээгдэх төдийгүй бүс нутгийн хөгжилд ч бодит хувь нэмэр оруулна. Эл бүтээн байгуулалт эхэлснээр Зүүнбаян өртөө өргөжин тэлж, цаашдаа хөдөлгөөн зохион байгуулах, вагон үзэх, зам засварын зэрэг ажил нэмэгдэх төлөвлөлтийг албаныхан хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Ө.Энхтүвшин  Оросын зарим эрдэмтэнд “Алтан гадас” одонг гардуулж өгөв

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан Монгол, Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Оросын талын эрдэм шинжилгээний удирдагч, академич В.В.Рожнов, мөн экспедицийн Оросын талын дарга С.Н.Бажа, орлогч дарга Н.И.Дорофеюк, А.Д.Гунин, тэргүүлэх программист А.В.Андреев нарт шагналыг нь Элчин сайдын яамны төв байрны хүндэтгэлийн танхимд 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр гардуулж өглөө.

Элчин сайд Ө.Энхтүвшин биологийн иж бүрэн экспедицийн оросын талын тэргүүлэх оролцогчдод төрийн дээд шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ, тус экспидеци 53 жилийн туршид тогтвортой, тасралтгүй ажиллаж, энэ хугацаанд Монгол орны амьтан, ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүнийг үндсэнд нь нарийвчлан тогтоож, биологийн олон янз байдал, байгалийн нөхцөлийн өвөрмөц онцлог, зүй тогтлыг илрүүлсэн эрдэм судлалын олон зуун боть эрдмийн бүтээлийг, тухайлбал “Монгол орны байгалийн нөхцөл, биологийн нөөц” цувралаар 66 боть, “Монгол орны шавж” цувралаар 11 боть, “Сээр нуруутан амьтад” цувралаар 7 боть, түүнчлэн 100 гаруй нэг сэдэвт бүтээл туурвиж, нийтдээ 6.5 мянган эрдмийн бүтээл хэвлүүлж, “Монгол орны экосистемийн зураг” бүтээснийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр цааш нь, экспедицийн хээрийн судалгааны ажлын дүнд тулгуурлан хоёр орны 107 эрдэмтэн докторын, 45 эрдэмтэн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсныг тэмдэглээд Монгол орны байгаль орчныг хамгаалах, судлах, экологийн аюулгүй байдлыг хангахад олон жилийн туршид нөр их хөдөлмөрлөж, олон арван эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн бүтээл туурвиж ирсэнд нь талархал илэрхийлэв.

Ёслолын арга хэмжээний дараагаар Элчин сайд Ө.Энхтүвшин академич В.В.Рожнов, экспедицийн Оросын талын дарга С.Н.Бажа болон шагнал гардан авсан бусад эрдэмтэдтэй дотно яриа өрнүүлж, тэдний ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ, ажлын талаар ярилцлаа.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкнаас зээл авсан зарим ААН барьцаагаа суллаж авчээ

Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкнаас зээл авсан зарим ААН барьцаагаа суллаж авчээ

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг хэвлэлийн хурал хийж байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Пүрэвдорж дараах мэдээллийг өглөө:

-Хөгжлийн банкнаас олгосон зээлийг хоёр хувааж авч үзнэ.

  • 2011-2017 он хүртэл
  • 2017-2021 он хүртэл

2011-2017 онуудад УИХ хэлэлцэн, ямар зээл дэмжихийг баталдаг байв. Гэвч 2017 онд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ УИХ, Засгийн газар биш Хөгжлийн банкны ТУЗ-д зээл олгох эрх мэдлийг шилжүүлсэн. 2017 он хүртэл нийт 1625 ААН-д арилжааны банкуудаар дамжуулаад, 348 ААН-д Хөгжлийн банк шууд өөрөө зээл олгожээ.

2017 оноос хойш Хөгжлийн банк ААН-үүдийн биш дарга нарын банк болж хувирсан. Учир нь ердөө 40 ААН-д зээл олгожээ. Үүнээс өмнөх зээлүүдийг Засгийн газрын тогтоолоор олгож байсан ч 2017 оноос хойш ТУЗ шийдэх эрхтэй болсон.

Манай ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байна. Учир нь банкны баримт бичгүүдийг хуулийн байгууллагууд хураан авсан тул бид танилцах боломжгүй байна. Мөн бидэнд чанаргүй зээлүүдэд хэн нэг улс төрч нөлөөлсөн, эсэхийг шалган мөрдөх эрх байхгүй, хэн нэгнээс тайлбар мэдүүлэг авах боломжгүй. Иймд энэ ажлын хэсгийг Хянан шалгах түр хороо болгон өргөтгөх шаардлагатай. Түр хороо мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрч дуудах, шинжээч томилох эрхтэй болно.

Хуулийн зарим ажилтан Хөгжлийн банкны хэргийг санаатайгаар удаашруулсан, нуун дарагдуулсан байна. Зарим ААН барьцаагаа суллаад аваад явжээ, зарим нь барьцаагаа сольжээ. Эдгээр шийдвэрийг гаргасан шүүгч нараас бид тайлбар авна. Тэднийг хэн гэдэг прокурор хянав гэдгийг тодруулна. Энэ бүхэн хуулийн байгууллагуудын ялзралтай холбоотой тул УИХ түр хороо байгуулах нь зөв.

Categories
мэдээ нийгэм

12-оос дээш насны иргэдийн 92 хувь нь вакцины бүрэн тунд хамрагджээ

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхлээд жилийн хугацаа өнгөрчээ.

Тодруулбал, дэлхий нийтийг хамарсан коронавируст COVID-19 өвчний эсрэг вакцины анхны тунг манай улсаас 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариулснаар дархлаажуулалтын ажил албан ёсоор эхэлж байв.

Харин өнөөдрийн байдлаар хүн амын 69.8 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол 68.7 хувь нь хоёр дахь тунг хийлгээд байна.

“Энэ нь 12 ба түүнээс дээш насныхны 92 хувь вакцины бүрэн тунд хамрагдсан гэсэн үг бөгөөд 18 ба түүнээс дээш насныхны 53 хувь нь вакцины тунд хамрагдаад байгаа” гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Ташрамд дурдахад, манай улсад коронавируст халдварын оргил үе буурсан гэж үзсэн тул Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг буюу цар тахлын үеийн хязгаарлалтын бүх арга хэмжээг цуцлан, агаарын хилээ бүрэн нээгээд буй.

Гэхдээ халдварын эрсдэл огт байхгүй боллоо гэсэн үг биш тул вакцинд хамрагдах, маск зүүх, хүн хоорондын зай барих дэглэмээ мөрдөхийг мэргэжлийн байгууллагаас сануулж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 525 хүн халдвар авч, хоёр иргэн нас баржээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 525 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 463,380 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 293 нь орон нутагт,
  • 232 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 2,089 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,409 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 784 нь хүүхэд бол 208 нь жирэмсэн эмэгтэй байна.

Мөн хөнгөн хэлбэрийн оноштой 11,429 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 881
  • Хүндэвтэр – 2,185
  • Хүнд – 294
  • Маш хүнд – 49 хүн байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Б.Баттөмөр: Чанаргүй зээлтэй ААН-үүдийн эцсийн өмчлөгчийг олж, дансыг нь царцаана

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх мэдээллийг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Ажлын хэсэг ес хоногийн хугацаанд ажиллаж, урьдчилсан дүгнэлтийг гаргасан бөгөөд 800 гаруй материал цуглаад байна. Үүнээс цөөн хэдийг нь яръя. Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн эх үүсвэрийн 68.9 хувь нь буюу нэг их наяд найман зуун далан дөрвөн тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон бол 845 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаатай олгосон байна.

Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн Банкны 63 тэрбум төгрөг, мөн тухайн оны аравдугаар сард бондын 1.6 их наяд ам.долларын мөнгийг төлнө. Мөн 2023 оны арванхоёрдугаар сард Японы Хөгжлийн Банкны Самурай бондын эргэн төлөлтийг хийнэ. Ингэхэд урд нь олгосон зээл хүрэлцэхгүй.

Засгийн газрын нуруун дээр их хэмжээний ачаалал ирэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн Банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг байсныг 1.3 их наяд төгрөг болгож нэмэгдүүлсэн. 777 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нийт зээл 2012 оноос эхлэн олгогдсон. 2021 он хүртэл олгосон зээлээс 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болоод байна.

Нийт зээлээс 1.2 их наяд төгрөг нь чанартай гэж үзэж байгаа. Нийт зээлийн 52 зээл нь зориулалтын дагуу зарцуулагдсан. 20 аж ахуйн нэгжийн 21 зээл зориулалтын бусаар зарцуулагдсан байна.

Зээлийг зориулалтаар нь авч үзвэл 48 хувь нь боловсруулах үйлдвэрт, 25 хувь нь барилгын салбарт, 12 хувь нь уул уурхайн салбарт бусад нь цахилгаан тээвэр, агуулах, санхүү болон даатгалын үйлчилгээнд хамаарч байна.

797.8 тэрбум төгрөгийн зээл нэг жил хүртэлх хугацаа хэтрэлттэй байна. 1-2 жилийн хугацаа хэтэрсэн 462 тэрбум төгрөг, 2-3 жилийн хугацаа хэтэрсэн 482 тэрбум төгрөг, 3 жилээс дээш хугацаа хэтэрсэн 1.1 их наяд төгрөгийн зээл байна. Хэвийн зээлтэй 20 аж ахуйн нэгж байгаа.

Анхаарал хандуулах таван зээл байна. Үүнд, Эрдэнэс Монгол, Эрчим хүчний яам, Ган-Хүдэр, Монгол Эм Импекс зэрэг компанийн анхаарал хандуулах зээл бий.

Өнөөдрийн байдлаар 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн төлөлт хийгээд байна. Амжилттай хэрэгжиж байгаа найман төсөл бий. Шалгалтын ажил үргэлжилж байна. Хөгжлийн Банк зургаан шаардлагын гурвыг нь хангаж байгаа” гэлээ.