Categories
мэдээ эдийн-засаг

859.563 ширхэг хувьцаа арилжжээ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ЛАВЛАХ УТАСТАЙ БОЛЖЭЭ

2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 346,744,637 төгрөгийн үнийн дүн бүхий 859,563 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 26 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Стандарт проперти групп” ХК (BBD +15.00 хувь), “Бэрх Уул” ХК (BEU +14.78 хувь) болон “Ган хийц” ХК (GHC +13.74 хувь) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Өндөрхаан” ХК (ONH -14.86 хувь), “Эрдэнэт авто зам” ХК (EAZ -13.75 хувь) болон “Хасу-Мандал” ХК (HSR -13.39 хувь) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 45,608 ширхэг нэгж эрхийг 13,716,871 төгрөгөөр арилжсан бол багцын арилжаанд “АПУ” ХК-ийн 13,800,000 ширхэг хувьцааг 20,010,000,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -1.84%хувиар буурч 39,051.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,496,478,750,667 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Халдварын тохиолдол 497-оор нэмэгдэж, хоёр иргэн нас баржээ

PCR: falsos positivos y los pacientes asintomáticos - Amunet Laboratorios

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 497 шинэ тохиолдол батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Шинэ тохиолдлуудын

  • 257 нь Улаанбаатар хотод
  • 240 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 3,238 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 894
  • хүндэвтэр 2,039
  • хүнд 260
  • нэн хүнд 45 хүн байна.

Түүнчлэн 11,310 хүн гэрийн ажиглалтад байгаа аж. Харамсалтай нь сүүлийн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар хоёр иргэн нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Б.Энхболд нар НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа, хүүхдийн эрхийн тулгамдаж буй асуудал, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах хэрэгцээ шаардлагын талаар ярилцаж, санал солилцлоо.

НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлт боловсруулах, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, эргэх холбоо бүхий хүүхдийн эрхтэй холбоотой гомдол шалгах ажиллагааг боловсронгуй болгох, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлэх комиссын илтгэлийг бэлтгэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.

Мөн уулзалтын үеэр Комисс энэ онд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгааг дуулгасан бөгөөд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тусгай илтгэгчийг Монгол Улсад урих саналыг гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

2019 онд төрсөн багачууд гуравдугаар сарын 1-нээс цэцэрлэгтээ явна

Энэ хичээлийн жилд 42 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна

Цэцэрлэгийн бага бүлгийн цахим бүртгэл өнөөдрийн 17:59 цаг хүртэл WWW.PARENT.EDU.MN цахим систем болон гар утасны ESIS аппликэйшнээр зохион байгуулагдаж байна.

Үүнд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах боломжтой. Мөн тухайн хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч

  • “Дунд” бүлэгт: 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн,
  • “Ахлах” бүлэгт: 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн,
  • “Бэлтгэл” бүлэгт: 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг нэмэлтээр бүртгэнэ.

Бүртгэл өнөөдөр 17:59 цагт хаагдсанаар цахим элсэлтийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулж, элсэлтийн мэдээг эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээх юм.

Харин хүүхдүүд хэзээнээс цэцэрлэгт явж эхлэх талаар нийслэлийн Боловсролын газраас тодруулахад “Хоёрдугаар сарын 25-28-нд анги бүлэг хуваарилалтыг хийнэ. Хүүхдүүд гуравдугаар сарын 1-нээс цэцэрлэгтээ явж эхлэх боломжтой. Үүнээс өмнө шинжилгээ өгсөн байх ёстой тул элссэн цэцэрлэгээсээ шинжилгээний тухай тодруулаарай” гэлээ.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хонь нь бүтэн, чоно нь цатгалан”

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хурал зарлан хуралдуулж, дэлхий нийтээр цацаж, улс төр гэж бодит байдал дээрээ ямар гээч хошин шог жүжиг болохыг бүх нийтэд ил тод дэлгэн харуулав. Тэрээр улсынхаа бүх томчуудаа цуглуулсан энэхүү хуралдаан дээр “Би та нартай урьдчилан тохиролцолгүй шууд саналыг чинь сонсох гэсэн юм” гэсэн нь харин үнэний ортой байв. Учир нь Оросын Гадаад тагнуулын албаны даргын санал хэлэх ээлж ирэхэд “нөхөр” Сергей Нарышкин “Украины Донецк, Луганск мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэхийг дэмжиж байна” гэх нь тэр. В. Путин “Хүүе, юугаа яриад байна аа. Бид энд Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж байна. Дэмжинэ, дэмжихгүй хоёрын нэгийг хэл” гэв. Нарийн мэргэжлийн албанд улстөрч гэх “цүнх баригч” тавихын гай нь энэ. Мөн ерөнхий сайд Михаил Мишустин “Аль эрт шийдчихсэн Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж байгаа учраас би дэмжиж байна” хэмээн бусдыгаа пал хийтэл нь хэлж орхив. Энэ нь тэд дэлхий нийтийг санаатай хуурч байсан гэсэн үг. Ийнхүү Оросын бүх томчууд эм, эргүй яг л хүний хэл сурсан тоть шиг “дэмжиж байна” гэсний дараа Владимир Путин “За, би та нарын саналыг сонслоо. Би шийдвэрээ гаргах болно” хэмээн гарч одов. В.Путин энэ хурал дээр сайд, дарга нараасаа шинэ заншлаараа хоёр биш, 20м зайтай сууж хуралдсан юм. В.Путины энэхүү шинэ араншинг нийтийн сүлжээнд сэтгэцийн юмтай болсны шинж гэж шуугьж байгаа нь огт худал болохыг түүний Москвагийн цагаар 21:00 цагт ард иргэддээ зориулан хийсэн цаг орчим явагдсан түүхт лекцээр батлагдсан юм. Тэрээр энэхүү түүхэн лекцээр Украин улс бас төр засаг, ард иргэдийг нь ёстой “будаа” болгов. Харамсалтай нь В.Путин ингэж муулж байгаа бол Украины төр засаг, ард иргэд маш зөв замаар явж байгаа гэсэн үг гэдгийг захын дурак гадарладаг болчихсон цаг. Харин түүнд энэ огт хамаагүй, гол нь өөрийн иргэдийнхээ тархийг угааж байвал барав. Үүнийгээ харин гарамгай биелүүлсэн. Ингээд тэрээр “Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг зөвшөөрөх тухай тогтоол”-д гарын үсэг зурж баталгаажуулав. Үүний дараа В.Путин ДБНУ, ЛБНУ-ын тэргүүн Денис Пушилин, Леонид Пасечник нартай уулзаж, найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцааны тухай гэрээнд бас гарын үсэг зурсан.

Тогтоол бас гэрээ батлагдсаны дараа Донецк, Луганск мужийн иргэд үнэн сэтгэлээсээ бөөн баяр хөөр болж буй нь ганц гэгээтэй зүйл болов. Үнэндээ бол улстөрчид гэх жинхэнэ хорт могойнууд зүгээр амьдарч байсан иргэдийг хооронд нь найман жил буудалцуулсны дараа ингэж “харж үзэж” байгаа хэрэг шүү дээ. Гол нь энэхүү үйл явдал Франц, Германы удирдагч нар Москвад В. Путинтэй уулзсаны дараа жирийн иргэд бидэнд “Оросын цэргүүд хээрийн сургууль дууссаны дараа Украины хилээс цэргээ татна” гэж худал бурж, цаагуураа огт өөр зүйл тохиролцсоныг нь ил болгов. Бүр энэ хуйвалдаанд Владимир Зеленский, Жо.Байдан нар оролцсон болох нь тодорхой аж. Үүний баталгаа нь энэ “эрхэмүүд”-ийн яаж худал “цам харайж” цаана нь юу болж байгаагаас тодорхой харагдана. ОХУ Украины Донецк, Луганск мужийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден Донецк, Луганскт хөрөнгө оруулах, худалдаа хийхийг хориглосон зарлигт гарын үсэг зуржээ. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Сангийн яам ДБНУ, ЛБНУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зургаан тусгай лиценз гаргахаар болжээ. Эдгээр баримт бичиг нь ДБНУ, ЛБНУ-ын энгийн иргэдийг дэмжих зорилготой гэж тус яам тодруулсан байна.

Ерөнхийлөгч Владимир Зеленский “Украин улс газар нутгаа хэнд ч өгөхгүй. Гэхдээ асуудлыг дипломат болон энхийн замаар шийдвэрлэх байр сууриндаа үнэнч хэвээр байх болно” гэж ОХУ Донецк, Луганскийг бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөх тухай шийдвэр гаргасны дараа Украины ард түмэнд мэдэгджээ. Оросууд Украины зүүн хэсэгт салан тусгаарласан хоёр бүс нутгийг хүлээн зөвшөөрч, энх тайвныг сахин хамгаалах зорилгоор цэрэг байршуулна гэсэн мэдэгдэл гаргасны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаан зохион байгууллаа. Хуралдлаа гээд яах вэ дээ. Татвар төлөгчдийн мөнгө л үрэгдэнэ.Өөр яах ч үгүй. Наад Байнгын зөвлөл гээд байгаа таван улсаа хар даа.

Германы канцлер Олаф Шольц “Северный поток-2” хийн хоолойд зөвшөөрөл олгох үйл явцыг зогсоов. Мөн гийгүүлэв ээ. Эдийн засгийн хувьд ямар ч утга учиргүй зүйл болох зэрэгцээ хоолой бариулсан чинь та нар хийгээ тайван авч В. Путиныг Украин руу довтлохыг шууд дэмжиж байсан гэсэн үг шүү дээ. Одоо Украинд дайн гарахгүй болсон юм чинь илүү зардал болох наад илүүдэл хоолойгоор чинь яах вэ дээ. Улс төр, улстөрчид гэж энэ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Путины шийдвэрийг олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл гээд Европын улс орнууд үүний хариуд хориг арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ. Сайхаан сайхан. Хөөе “эрхэмүүд” ээ. Бидэнд амлаад байсан нөгөө Орос бас Путиныг “нам цохих” эдийн засгийн хориг чинь яасан бэ, айн.

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Украины салан тусгаарлах зорилготой хоёр мужийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрснөөр ОХУ олон улсын эрх зүй, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, Минскийн хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчиж байна” гэжээ. Хөөе, хүүхэн гуай. Огт байхгүй болчихсон хэлэлцээрийг ОХУ яаж зөрчдөг байна аа. Та нар В.Путинтэй хуйвалдаж энэ гэрээ, хэлэлцээрийг хэргээр байхгүй болгосон. Учир нь чухамхүү Минскийн хэлэлцээр л та нарын бүгдийнх нь “шүдний өвчин” болчихоод байсан юм. Бүгд энэ гэрээг биелүүлэх ёстой гэдэг ч хэн нь ч биелүүлж чаддаггүй байв. Учир нь Минскийн хэлэлцээрийн заалтуудыг ОХУ, АНУ, Украин, Европын холбоо энэ холбооны Франц, Герман гэх мэт улсууд бүгд өөр өөрөөр тайлбарладаг учир дуусашгүй маргаан болчихоод байсан хэрэг. Яг л шүүхийн шийдвэрийг манай хоёр АН хоёр өөр янзаар тайлбарладаг шиг. Улстөрчид хаана ч адилхан байгаа биз. Иймээс яг үнэндээ бол Минскийн хэлэлцээрийг шууд устгасан Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолд бүх тал үнэн голоосоо баярлаж байгаа. Ялангуяа Владимир Зеленский зөв харан уйлж, буруу харж баярлан бүр дороо дэвхцэж байгаа. Үүний учир нь энэхүү нийтлэлийн эхэнд байгаа Украины газрын зураг юм. Тод нь өнөөдөр Донецк, Луганскийн мэдэлд байгаа нутаг. Харин арай бүдэг нь энэ хоёр мужийн НҮБ-д бүртгэлтэй хууль ёсны нутаг. Тэгвэл Владимир Зеленскийн “атаат дайсан” Владимир Путины итгэлт хүмүүсийн нэг болох ОХУ-ын Холбооны зөвлөлийн Олон улсын асуудал хариуцсан хорооны дэд тэргүүн Андрей Климов “Ерөнхийлөгч Владимир Путины зарлиг нь Бүгд найрамдах Донецк ард улс болон Бүгд найрамдах Луганск ард улсыг өнөөдрийн оршин тогтнож байгаа хилээр нь хүлээн зөвшөөрч буй явдал” гэж шууд бас шулуухан мэдэгдсэн. Энэ нь Донецк, Луганск мужийн НҮБ-д бүртгэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны газар нутгийн 3/2-оос ч илүү нь Украины мэдэлд үлдэж байна гэсэн үг. Ёстой ”Хонь бүтэн, чоно цатгалан үлдэнэ” гэж үүнийг л хэлнэ. Үнэндээ В.Путины ард иргэддээ зориулсан түүхэн лекц нь 1939 онд Германы арми Польшид халдан довтлохоосоо өмнө өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөж А.Хийтлэрийн түүхийг өөрөөр тайлбарлаж хэлсэн үгний “орос орчуулга” бөгөөд В.Путин фашистуудыг дуурайж хэлсэн үгнээсээ буцан цааш ахивал ёстой жинхэнэ “зодоон” эхлэх төдийгүй түүх бүрэн давтагдана. Ер нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хурал хуралдуулж гишүүдээ эм, эргүй хүний хэл сурсан тоть шиг болгон харуулж байгаа нь барууны үгсэн хуйвалддаг төрийн тэргүүнүүддээ “Та нар намайг байхгүй болговол ийм л хүмүүстэй бас манай Думын гишүүдтэй улаан нүүрээрээ тулна шүү” гэж анхааруулж байгаа хэрэг. Мөн асуудал буруугаар эргэвэл гол хариуцлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хурлын гишүүд үүрнэ шүү гэсэн үг. Улс төр хийнэ гэж ийм л юмыг хэлээд байгаа юм.

Яг үнэндээ Украины Донецк, Луганск мужийн тусгаар тогтнолыг Оросууд хүлээн зөвшөөрлөө гээд иргэдийн хувьд огт юу ч өөрчлөгдөөгүй. Энэ хоёр мужийг орос иргэдийн мөнгөөр тэжээж, Оросын арми хамгаалан байлдаж байсан. Байсан юм байснаараа л үлдэж байна. Иймээс эдгээр улстөрчид В.Путин нь хэлсэн үгнээсээ буцчихгүй бол ичих ч үгүй жирийн иргэдийн татварын мөнгийг үрэн, бүх талуудыг оролцуулсан чуулган удахгүй хуралдуулж, Украины асуудлыг хэлэлцэн бидэнд энх тайван “бэлэглэнэ”. Өнөөдөр бидэнд эвлэршгүй мэт харагдаж жүжиглэдэг улстөрчдийн байж байгаа цаад үнэн нүүр царай гэвэл ийм л байна. Танил дүр зураг байгаа биз.

Энэ нь жирийн иргэдийг худал хуурмаг мэдээллээр булж буй эдгээр улстөрч гэх “гай гамшиг”-уудын үе дуусч оронд нь ард иргэдээ гэсэн, бодит үнэнийг айхгүй мэдээлдэг жинхэнэ төрийн зүтгэлтнүүд гарч ирэх цаг удахгүй болсон гэсэн үг. Сайн цаг айсуй. Харин энэхүү сайн, сайхан цаг хэзээ ирэх нь сэтгүүлчид бид ард иргэдээ улстөрчдийн худал хуурмаг мэдээллээс яаж, хэрхэн хамгаалж чадахаас шууд хамаарна.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Путинтэй холбогдож чадаагүй Зеленский Оросын ард иргэдэд хандаж үг хэлжээ

Өнгөрсөн шөнө Украины ерөнхийлөгч Володимир Зеленский телевизээр ард иргэддээ хандаж мэдэгдэл хийсэн юм.

ОХУ-ын зүгээс эзлэн түрэмгийлэх өндөр магадлалтай болсон тул улс орондоо 30 хоногийн онц байдал зарлаж байгааг тэр энэ үеэр мэдэгджээ.

Эхлээд Зеленский өөрийн ард иргэдэд хандаж, болзошгүй дайны талаар анхааруулсан байна. “Украины ард түмэн, засгийн газар энх тайвныг хүсэж байна. Гэхдээ манай улс руу довтолбол эрх чөлөө, хүн ардаа хамгаалахын тулд бид хариу дайтах болно” гэж Зеленский хэлжээ.

Харин дараа нь тэр Оросын ард иргэдэд хандаж, орос хэлээр үг хэлсэн байна.

Оросын иргэд төрийн хяналттай мэдээллийг зөвхөн хүлээж авдаг тул хэлсэн үгийг нь сонсох магадлал бага болохыг тэр хүлээн зөвшөөрсөн ч “үнэнийг мэдэх ёстой” гэж хэлжээ.

“Хэтэрхий оройтохоос нь өмнө та бүхэн үнэнийг мэдэх ёстой. Тэд та нарт хэлэхдээ Украины ард түмнийг чөлөөлөх зорилготой гэж байгаа. Гэхдээ Украинчууд эрх чөлөөтэй байна. Та нарын телевизээр үздэг Украин, бодит Украин хоёр тэс өөр улсууд юм шүү” гэж тэр хэлсэн байна.

Мөн Украинд үндсэрхэг үзэл дэлгэрч, оросуудыг гадуурхдаг гэсэн шүүмжлэлийг Зеленский няцаажээ.

“Та нарт биднийг нацистууд гэж ойлгуулж байгаа. Нацизмийн эсрэг тэмцэлд 8 сая хүнээ алдсан орон яаж ийм байх юм бэ? Миний өвөө дайны турш Зөвлөлтийн армид алба хааж, тусгаар тогтносон Украин улсын хурандаа цолтой нас барсан. Ийм байхад би яаж нацист байх билээ” гэж Зеленский яриад өөрийнхөө жүүд гарал угсааг бас дурдсан байна.

“Хөршүүд үргэлж нэг нэгэндээ соёлын нөлөө үзүүлж байдаг ч энэ нь тэд нэг үндэстэн гэсэн үг биш. Бид өөр үндэстэн. Гэхдээ энэ нь дайсан болох шалтгаан биш” гэж тэр тайлбарлажээ.

Лхагва гарагт Путинтэй холбогдох гээд чадаагүй тул ийнхүү Оросын ард түмэнд шууд хандаж байгаагаа Зеленский эцэст нь мэдэгдсэн юм.

“Хэрвээ Оросын удирдлагууд бидэнтэй нэг ширээний ард суугаад яриа хэлэлцээ хийхийг хүсэхгүй байгаа бол тэд та бүхэнтэй ярилцаж магадгүй юм. Орос улс дайныг хүсэж байна гэж үү? Энэ асуултын хариуг би хүлээж байна. Хариулт ямар байх нь зөвхөн та бүхнээс шалтгаална” гэж Украины ерөнхийлөгч хэлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн Банкнаас авсан зээлээр ХХБ болон Улаанбаатар хотын банк дахь зээлийг төлжээ

22 хоногийн хугацаанд

Хөгжлийн Банкнаас зээл аваад төлөөгүй болон шаардлага хангахгүй зээл олгосон албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж буй.

Энэ хүрээнд тус банкны хамгийн өндөр дүнтэй зээлдэгчдийн нэг болох “Кью Эс Си”, “Хөтөл” компанийн авсан зээлээр Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк дахь зээлүүдийг төлж, зориулалтын бусаар ашигласныг АТГ тогтоожээ. Энэхүү мэдээллийг албаны эх сурвалж баталсан бөгөөд шүүхээр хэргийг эцэслэн тогтоож, прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгөх боломжтой гэдгийг хэллээ.

Шалгалтын явцад дээрх хоёр компани ХХБ-тай нэгдмэл сонирхолтой болохыг тогтоожээ. Тодруулбал, “Кью Эс Си” компанийг 2014 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн Банкнаас 71.3 сая ам.долларын зээл авах үед Д.Эрдэнэбилэг ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байсан бөгөөд тэрбээр ХХБ-ны ТУЗ-ийн дарга юм.

Түүнчлэн Хөгжлийн Банкнаас 2012 оны аравдугаар сарын 10-нд 61.25 сая ам.долларын зээл авсан “Хөтөл” компанийн ТУЗ нь Д.Эрдэнэбилэгтэй нэгдмэл сонирхолтой болохыг мөн тогтоожээ.

Хөгжлийн банканд хийсэн шалгалтын талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл өгөхдөө “Хөгжлийн Банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж уу үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Хөгжлийн Банкнаас зээл аваад арилжааны банкны зээлээ төлсөн тохиолдол байна. Хэдэн зуун тэрбум төгрөгийг аваад чанаргүй зээлээ төлсөн байгаа юм” гэдгийг дурдсан.

Хөгжлийн Банк 841 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй 25 найдваргүй зээлдэгчдийг шүүхэд өгсөн талаар нэгдүгээр сарын 20-нд мэдээлсэн бөгөөд үүнээс зургаа хоногийн өмнө “Кью Эс Си” компанийн нэхэмжлэл нь Дээд шүүхээр шийдэгдэж байв.

Тус компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээл авсан ч зээлээ эргэн төлөөгүй, чанаргүй зээлийн ангилалд орсон байна. Улмаар нэгдүгээр сарын 14-нд Улсын Дээд шүүх тус компанийг үүргээ биелүүлээгүй хэмээн үзэж, 200 гаруй тэрбум төгрөгийг Хөгжлийн Банканд төлүүлэх шийдвэр гаргаад буй.

Харин Хөтөл компанийн зээл Газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалтад багтсан байв.

Зээлдэгчийн нэр Олгосон огноо Валют Олгосон дүн (тухайн валютаар) Зээлийн үлдэгдэл (тухайн валютаар) Нийт үлдэгдэл (тухайн валютаар) Нийт үлдэгдэл (төгрөгөөр)
КЬЮ ЭС СИ ХХК 12.3.2014 USD 71,300,000 53,206,368 74,967,579 213,620,116,133
ХӨТӨЛ ХХК 10.19.2012 USD 61,265,000 61,212,461 103,773,397 295,702,295,236
Нийт 509,322,411,369
Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын XIV зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын XIV зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2022.02.23) Төрийн ордонд боллоо.

Уулзалтыг нээж Монгол Улсын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, Европын Парламентын талаас Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Андрис Америкс нар үг хэлэв.

Талууд Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын XIII зөвлөлдөх уулзалтын тэмдэглэлийг баталсан. Талууд хоёр талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон чөлөөт зах зээлийн эдийн засгийг дээдэлдэг нэгдмэл үнэт зүйлсээ улам бататгахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа санал нэгтэй илэрхийллээ.

Энэ удаагийн уулзалт хоёр талын түншлэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын цаашдын хамтын ажиллагаа, ногоон хөгжил, “КОВИД-19” цар тахлын дараах боломж, сорилт, хүний хөгжил – хүний эрх зэрэг асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцсон юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн УИХ дахь Монгол, Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийж буй эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулсан. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр эдийн засгийн өнөөгийн төлөв байдал болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл өглөө.

Харин УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол, Европын Парламенттай харилцах бүлгийн гишүүн С.Одонтуяа уур амьсгалын өөрчлөлт, хүүхдийн эрх, жендэрийн тэгш байдалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн УИХ дахь Монгол, Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг парламентаас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан Азийн анхны улс болсныг дурдаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулж байгааг уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Андрис Америкс Европын Холбооноос Монгол Улсад 2021-2027 онуудад хэрэгжүүлэх олон жилийн баримжаат хөтөлбөр баталж, тэргүүлэх чиглэлээ Ногоон хөгжил, ардчилсан ба эдийн засгийн хөгжил гэж тодорхойлсон нь Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын тодорхой зорилтуудтай нийцэж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал улс орнуудын эдийн засгийн хөгжил, гадаад хамтын ажиллагаа, хил дамнасан зорчих хөдөлгөөн, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл, хязгаарлалт учруулсан хэвээр байна. Энэ амаргүй цаг үед хоёр тал харилцан бие биеэ дэмжиж, хамтран ажиллаж буйг тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын XIV зөвлөлдөх уулзалтаар талууд эдийн засгийн хамтын ажиллагаа, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Европын холбооноос Монгол Улсад олгож буй импортын тарифын хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+), Бүртгэгдсэн экспортлогчдын систем (REX), Монголын худалдааг дэмжих TRAM төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын XV зөвлөлдөх уулзалтыг 2023 оны эхний хоёр сард багтаан хийхээр товлолоо.

Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын XIV зөвлөлдөх уулзалтад УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал П.Баасанхүү, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Атидже Алиева-Вела, Европын Парламентын Нарийн бичгийн дарга нарын газрын Ази, Австрали, Шинэ Зеланд Улсыг хариуцсан тасгийн дарга Никколо Риналди, Европын Парламентын Нарийн бичгийн дарга нарын газрын мэргэжилтэн Хатагтай Жоанна Роунио, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз болон албаны бусад хүмүүс байжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орно

УБТЗ-ын гол замаар дамжин өнгөрсөн транзит чингэлгийн галт тэрэг 900-д  хүрлээ

Маргаашаас буюу хоёрдугаар сарын 24-ний өдрөөс /2022.02.24/ зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарь дараах байдлаар өөрчлөлт орохыг УБ төмөр зам ХНН анхааруулжээ.

Үүнд:

  1. Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн №271-р галт тэрэг Улаанбаатараас 11:40 цагт хөдөлж, Сүхбаатар өртөөнд 20:50 цагт ирнэ.
  2. Сүхбаатар – Улаанбаатар чиглэлийн № 264-р галт тэрэг Сүхбаатар өртөөнөөс 21:30 цагт хөдөлж, Улаанбаатарт 06:16 цагт ирэх аж.
Categories
мэдээ нийгэм

Автомашинтай иргэд жилд дунджаар 410 мянган төгрөгийг урсгал зардалд зарцуулдаг

СУДАЛГАА: Автомашинтай иргэд жилд дунджаар 410 мянган төгрөгийг урсгал зардалд зарцуулдаг

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Авто замын түгжрэлийг бууруулах шийдлийн талаарх судалгааг хийжээ.

Судалгаагаар автомашинтай иргэн нэг жилд дунджаар 410 мянга орчим төгрөгийг урсгал зардалдаа зарцуулдаг гэжээ. Мөн иргэдийн 52 хувь нь 100-500 мянган төгрөгийг автомашиндаа зарцуулдаг байна.

Машиндаа зарцуулж буй зардал нь иргэдийн 30 хувьд их санагддаг бол 9 хувьд нь бага санагддаг, 50 хувьд нь боломжийн санагддаг гэжээ.