Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын аварга саальчин Д.Алдарцэцэг: Сааль арвин байж, цагаан идээ маань бусдын сэтгэлд хүрэх л сайхан байдаг

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын “Найз” багийн малчин Даваадоржийн Алдарцэцэг 2021 оны Улсын аварга саальчин болсон билээ. Тэрээр удам дамжсан саальчин юм. Түүнтэй ярилцлаа.


-Өнтэй сайхан өвөлжиж байна уу?

-Энэ жил цаг сайн, өнтэй сайхан өвөлжиж байна аа. Өнгөрсөн жил цаг тааруухан, хүндхэн онд орсон. Харин энэ жил долдугаар сараас хойш цаг сайхан, их дулаан өвөлжиж байна. Нэг гэм нь цасгүй, хуурай л байна.

-Та Өмнөговь нутгаасаа ганцаар Улсын аварга саальчин хэмээх хүндтэй цолыг хүртжээ. Энэ тухай хэзээ яаж мэдэв, сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Анх багийнхаа Засаг даргаас мэдсэн. Улсын аварга саальчид ихэвчлэн хангайн аймгаас төрдөг. Энэ удаад говь нутгаас аварга саальчин болсондоо их баяртай байна.

-Та удам дамжсан малчин уу?

-Тийм ээ, аав, ээж хоёр маань нэгдэл нийгэмлэгийн үеэс Илгээлтийн эзэд болж 1985 онд тэмээчин болсон. Миний аав эмнэг хангал сургалтын спортын мастер Шархүүгийн Даваадорж гэж хүн бий, одоог хүртэл тэмээн сүргээ өсгөж байна. Ээж минь Цэрэвийн Валяахүү гэж үйлэнд уран, нягт нямбай, цагаан идээ, арьс шир, эсгий урлал үйлдвэрлэх тал дээр гаргууд хүн байлаа. Ээжийнхээ гайхалтай ур чадваруудаас суралцаж үе дамжин цагаан идээгээ боловсруулсаар явна.

-Энэ өвөл сааль арвин уу…

-Арвин арвин. Сая гэхэд ингээ саачихаад л орж ирлээ. Тэмээ гэдэг жилийн дөрвөн улирал саальтай амьтан. Ингээ өдөрт хоёр удаа саадаг, энэ жил төл цөөн саадаг нь 20 гаруй л байна. Нэг удаадаа 15-20 литр сүү саачихдаг.

-20 гаруй ингийг хэдий хугацаанд саах вэ?

-Гайгүй ээ, хоёроос гурвуул гарвал цаг гаруй л болно доо.

-Өвлийн орой олон ингэ саах бас л чанга ажил байх даа…

-Цаг уур ямар ч байсан боломж бололцоогоороо ингээ сааж л орхино доо.

-Хоормогоо борлуулдаг уу?

-Хоормогоо борлуулж л ахуй амьдралаа болгож явдаг айл даа. Энэ жил цагаан идээ ховор, ханш өндөр байна. Малчин бидэнд бол боломжийн, литр нь найман мянган төгрөгөөр худалддаг. Хоормогоо төв оруулаад л борлуулчихдаг, тогтмол авдаг хүнтэй. Манай нутагт Цагаан сараас өмнө цагаан идээний үзэсгэлэн худалдаа болдог. Түүнд цагаан идээгээ авч очиж борлуулна даа.

-Малаа таван төрөлд өсгөдөг үү?

-Манай гэр бүл тэмээ, адуу, хонь, ямаатай. Сүргийн бүтцийн 50-60 хувийг тэмээн сүрэг эзэлдэг. 500 гаруй тэмээ, 700 гаруй бага мал, цөөвтөр адуутай. 2000 оны эхээр ханьтайгаа 200 гаруй бага мал, 30-аад тэмээтэй өрх тусгаарлаж байлаа.

-Танай гэр бүл 2020 онд алтан ботгоны эзэн болж байсан гэж дуулсан. Жилд хэд орчим ингэ ботголдог вэ?

-2017 оноос хойш сүүлийн гурван жил 70, 80-аас дээш ботго авч Алтан ботгоны эзэн болсон. Өнгөрсөн жил цаг муу, буур ч бага орсон. Бог, бод нийлсэн 400 гаруй мал төллөх янзтай байна. Энэ хавар 100 гаруй ингэ ботголох тооцоотой байсан. Цаг хүнд учир бараг тал хувь нь сувайрчээ.

-Тэмээчин, саальчин хүний жаргал юу вэ?

-Сааль арвин байж, цагаан идээ маань бусдын сэтгэлд хүрэх сайхан.

-Таны өглөө хэдэн цагт эхэлдэг вэ?

-Улирал бүр өөр байдаг. Өвлийн улиралд аажуу нар манддаг учир найман цагт л ажилдаа гардаг. Урин цагт бол эрт эхэлнэ ээ.

-Монгол тэмээ Галбын говийн улаан, Ханийн хэцийн хүрэн, Төхөм тунгалгийн хүрэн гээд гурван үүлдэр байдаг. Танай тэмээ голчлон аль үүлдэр вэ?

-Манайх Ханийн хэцийн хүрэн тал руугаа ордог юм. Галбын говийн улаан Ханбогд, Манлай сумын урд тал орчимд арвин бий.

-Тэмээ уядаг уу?

-Уядаггүй, унаж эдлэхээс цаашгүй (инээв). Дараагийн төл мэндэлтэл ботгоо уяж, ингээ саана даа. Хүүхдүүд өвлийн амралтаараа тэмээ унадаг.

-Бурантаг, ногт, тохом, буйл гээд тэмээний эд хэрэгслээ өөрсдөө хийдэг үү?

-Бүгдийг нь өөрсдөө томж, нийтгэж, зорж, оёж хийдэг.

-Хүүхдүүд нь амраад халуун ам бүлээрээ байна уу?

-Тийм ээ, бүгд цуглардаг үе. Манайх 13-22 насны гурван хүү, нэг охинтой. Гурав нь оюутан, нэг нь сурагч. Охин Боловсролын их сургуульд, том хүү Төмөр замын сургуульд, дунд хүү Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд суралцдаг. Отгон хүү маань долдугаар ангийн сурагч.

-Гэр бүлийнхээ хүнтэй хэрхэн танилцаж байв, нэг нутгийн хоёр уу?

-Нэг нутгийн, бүр найман жилийн сургуулийн нэг ширээний хоёр шүү дээ (инээв). Миний ханийг Сонгуулийн Жуул гэдэг. Гурав, дөрвөн үе дамжсан тэмээчин ардын хүү. Миний ханийн өвөө Ш.Түдэв гэж их сонин түүхтэй, 1882-1985 оны хүртэл 103 насалсан тэмээчин хүн байсан. Тэмээнд их хайртай тэмээний ноос элээчихнэ гээд тэмээгээ явган хөтлөөд алхдаг хүн байсан гэлцдэг юм.

Залуудаа нутгийн бүсгүйтэй ханилж, хүүхэд тогтохгүй, хийдэд очтол хуварга “Олон нохой тэжээ, тоог нь чадвал 30 хүргээрэй. Тэгээд хүүхэд тогтоно, тэмээ ч өснө” гэж хэлсэн гэдэг. Ёсоор болгож нохой тэжээж, 28 хүрч байтал л зарим нь явчихна, алга болчихно. Олон нохой тэжээхэд хоол ховор, зэлэн дээрээс хувинтай сүүгээ барьж ирээд нохдынхоо идүүр рүү хийдэг байсан гэдэг. Тэгээд өвдсөн тэмээ эмчилж, тэмээгээ өсгөсөөр тэмээ ч олширч, хүүхдүүд ч өссөн гэж ярьдаг юм. Одоо тэр хүний хүүхдүүдээс нэг хүү нь улсын аварга тэмээчин, алтан ботгоны эзэн, түүний ах нь Т.Туулайхүү гэж улсын аварга тэмээчин байсан. Миний ханийн ах дүү нар ерөнхийдөө тэмээ маллах, тэмээн сүргээр аж амьдралаа авч явдаг хүмүүс. Өнөөдөр ханийн минь үеэл дүү улсын аварга малчин болж манай нутгаас хос аварга төрлөө.

-Бог малтай харьцуулахад тэмээ гарын дор амьтан биш. Танай гэр бүл ямар арга ухаанаар тэмээн сүргээ өсгөдөг вэ?

-Зарим хүмүүс ярьдаг юм. “Тэмээ гэдэг тэнгэрийн муухайд уруудаад явчихна, хоолгүй хашаатай байгаа гэж санаа зовохгүй. Бүдүүн тоймын амар” гэж. Цагийн бэрхэд бага малаасаа дор ч юм уу гэж бодсон шүү. Идэх хоол, услах унд ахиу ордог. Бага малыг бол тэжээж, тэтгээд болгочихно. Ноднин цагийн муугаар л мэдэрсэн. Өмнө нь бид юм анзаардаггүй байжээ. Тэмээ маллахад явдалтайхан байна даа гэдгийг ойлгож л байлаа.

-Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэдэг шүү дээ. Сүрэг өтгөрүүлэхэд буур чухал, танай гэр бүл буураа яаж сонгодог вэ?

-Буур сонгоход дөлгөөн зан, зүс хоёр их чухал. Түүнийг нь харж сонгоод, нэг буураа гурваас дөрвөн жил тавьдаг. Нэг буур тавилаа гэхэд түүний төл дөрөв, таван жилийн дараа бууранд гарна. Тиймээс богино хугацаанд эцэг малаа сэлгэх шаардлагагүй.

-Дөлгөөн занг нь яаж мэдэх вэ?

-Ер нь хүн ч бай, мал ч бай шинжихэд удам гэдэг хамгийн гол зүйл. Эх, эцгийнх нь мах, чяц, төрх, ноос, унаж эдлэхдээ зан авирыг нь анзаарч байгаад л сонгоно шүү дээ.

-Олон тэмээг усална гэдэг яггүй ажил байх. Ялангуяа чийггүй өвлийн цагт, танайх тэмээгээ яаж усалж байна?

-Дээр үед элбэг устай гар худаг олон байсан. Одоо элбэг устай гар худаг цөөн, байсан ч олон тэмээг усалж хүчрэхгүй. Манайх гүний худагтай, түүгээрээ усалдаг.

-Жилд хэдэн кг орчим ноос авдаг вэ?

-Хоёр тонн гаруй, гурав шахуулаад л авчихдаг юм. Хавар хүүхдүүд, ойр орчмын ах дүү нар шаардлагатай үед хүн хөлслөөд 10 гаруй хүнтэй тэмээгээ хяргадаг.

-Сүүлийн үед малчид малдаа “GPS” буюу байршил тогтоогч суулгадаг болжээ. Танайх тэмээгээ хэрхэн хамгаалж, бүртгэдэг вэ. Байршил тогтоогч ашиглаж байна уу?

-Хэрэглэж байгаагүй, манай нутгийнхан адуунд голцуу хэрэглэдэг. Аймгаас хот чиглэлийн хар замын хоёр талд манай тэмээний ус, бэлчээр байдаг. Шөнийн цагаар машинд дайруулах эрсдэл өндөр. Түүнээс сэргийлж гэрэлтдэг хүзүүвч зүүж, оройн цагаар засмал хавиар тэмээгээ эргэдэг.

-Туслах малчинтай юу?

-Одоохондоо байхгүй. Хавар мал төллөх, ноослох цагаар л туслах авдаг.

-Танай нутагт залуу малчид олон бий юү?

-Цөөвтөр, охин хүүхэд гэдэг бараг үзэгдэхээ больсон.

-Сар шинийн баяр дөхөж байна. Баярын бэлтгэлээ базааж байна уу?

-Баярын бэлтгэл ханасаан. Малчин бидний хамгийн их ач холбогдол өгдөг баяр шүү дээ. Хүүхдүүд бүгд ирчихсэн, гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэнэ ээ. Өмнө жилүүд шиг өргөн дэлгэр тэмдэглэх юм хаа байхав.

А.ГАНТУЯА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Чойжамц: Цагаан сар бол монголчууд дөнгөж өчигдөр эхэлсэн түүхтэй ард түмэн биш гэдгийг гэрчилдэг чухал баяр

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Хичээнгүй зүтгэлт, Хамба Номун Хан Д.Чойжамцтай ярилцлаа.


-“Буян үйлдэгч” хэмээх бар жил ирлээ. Та нийт лам хуваргуудаа төлөөлж, монголчууд, сүсэгтэн олондоо Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил гарч байна. Их сайхан бэлгэ дэмбэрэлтэй нэртэй жил. Зурхайгаар жилүүдэд олон ёгт нэр байдаг. Сайн, муу янз бүрийн ёгт нэртэй. Тэрэн дотроос энэ жил “Буян үйлдэгч” гэсэн ийм сайхан нэртэй жил гарч байна. Дөрвөн хүчтэний нэг нь бар гэж монголчууд хэзээнээсээ л бэлгэшээж, хүчтэй, хүч лугаа төгөлдөр хэмээн бэлгэддэг ийм амьтны нэрээр нэрлэгдсэн жил гарч байна. Сайхан жил гарч байна. Цагаан сарын амар мэндийг айлтгаж, хотлоороо сайхан шинэлээрэй гэж ерөөе.

-Айлчлан ирж буй бар жилийн өнгө ямар байгаа вэ. Бар жилд хүн ард юунд анхаарвал зохилтой вэ?

-Жилийн өнгийг монголчууд болоод дэлхий нийтээрээ ирээдүйгээ мэдэх гэж шинждэг.

Өнгөрсөн цагийг бид бүхэн мэддэг. Одоо үргэлжилж буй цаг бол бидэнд мэдэгдээд явж байгаа. Гэтэл ирээдүй мэдэгддэггүй. Тийм учраас хүн төрөлхтөн, оюун ухаант хүн төрөлхтний хувьд ирээдүйгээ мэдэх юмсан гэсэн эрмэлзэл дүүрэн. Энэ бол дэлхий нийтээрээ ийм хандлагатай байжээ.

Ялангуяа Азийн оронд, Араб, Энэтхэг болоод Хятад, Төвөд, Монгол тэргүүтэй ийм өргөн дэлгэр нутагт эртнээсээ эхэлж өөрийн болон улс орныхоо ирээдүй, байгаль дэлхий маань ямар байх бол гэж одон орон, тоо бодлого, зурхай зэрэг шинжлэх ухаанаар төлөөлөн бодож үздэг байжээ. Ийм зүйл дээр үндэслэн тухайн ард түмэн өөрсдийнхөө ирээдүйг ямар нэгэн хэмжээгээр зурж, жилдээ жилийнхээ зурлагыг хийж үздэг. Үүгээр өнөө жилийн зурлага ямархуу гарч байна вэ гэхээр, ерөнхийгөөрөө улирлын эхэн үедээ жаахан бороо, хур овоо байх янзтай боловч хүйтэндүү бороотой, салхи савиртай тийм байх болов уу гэмээр. Тийм учраас хүйтэн сэрүүнээс хамгаалсан байдал баймаар юм байна даа гэсэн зүйл байна.

Тариа ногоо сайхан ургах маягтай. Гэхдээ сэрүүн мөндөр зэрэг элдэв юмнаас харгалзаж үзэж байх хэрэгтэй байх гэсэн ийм анхааруулга байгаа юм шиг харагдаж байгаа. Дээрээс нь хүн ардынхаа хувьд бол настай хүнд жаахан бэрх, залуучуудад нэлээд сайн жил гарна аа. Хүн ардын хувьд ерөнхий нийтээрээ улс орны хэмжээнд сайхан жаргалтай байх учраас жаргалтай байна. Гэхдээ өөрсдөө хичээвэл ямар ч зурлага гарсан бай өөрчилж болдог газар даа. Тийм учраас хичээх хэрэгтэй юм. Дээрээс нь Монголын ард түмэн төр засаг, удирдлага руугаа анхааралтай байх хэрэгтэй болов уу. Сүүлийн нэлээд хэдэн жилийн зурлагад иймэрхүү маягийн төсөөлөл гараад байгаа юм. Тэгэхээр үүн дээр ард түмнийхээ төлөө уриалгахан, зөөлөн, ард түмнийхээ хэл үгийг дуулсан, хариуг нь дор нь барьж, үйл хэрэг болгосон ийм байвал эв зохицлоо олно гэсэн үг. Залуучууд, ард иргэд ч засаг төрөө хүндэтгэж, хийж байгаа ажлыг нь үнэлж сурах хэрэгтэй. Энэ их сайхан ажлууд явж байна, Оюу толгойгоос эхлүүлээд өчнөөн төчнөөн ололт амжилт олж байна, хойно Оросоос газ урагшаа татаж байгаа энэ ажил байна. Энэ мэтээр маш олон ажил хөдөлж байна. Засаг төрийнхөө ажлыг ойлгож, ухаарч мэдрэх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Ер нь сүүлийн хэдэн жилд монголчууд дэлхий дээр байхгүй ухаан гаргалаа. Засаг төрдөө баяртай байгаа. Яагаад вэ гэвэл, аливаа орон шиг их хэмжээгээр мөнгө өгч чадаагүй ч энэ тахлын үед орон сууцны төлбөр, цахилгаанаар нь дэмжээд өгчихсөн. Энэ бол бүх ард түмэнд хүрсэн. Хэрвээ гэр бүлд хэн нэг нь эрх мэдэл өндөртэй, мөнгө үрэмтгий бол тэр хүний гарт бүх мөнгө очвол гэр бүлийн бусад гишүүд юу ч хүртэхгүй, тэр мөнгө нь гоёл, гангараанд үрэгдээд л алга болж магад, архи тамхи болоод алга болж магад. Тэгэхэд засаг төрийн энэ цэцэн бодлогоор бүх ард түмэн гэртээ халуун дулаан сууж чадлаа. Тог цахилгааны мөнгөө төлцгөөсөнгүй. Бага орлоготой байсан хэдий ч бид өлсөж цангалгүй, ихэнх нь гайгүйшүү яваа нь сайхан бодлогын үр дүн гэж ойлгож байгаа. Тийм учраас бид ч гэсэн энэ засаг төр, улс орноо удирдаж яваа улсуудыг ойлгож мэдрэх, буруу зүйлийг нь шүүмжилж, зөв сайхан зүйлийг нь дэмжиж явбал хоорондоо эвтэй, түнжинтэй байна. Бид эвтэй байхын хэрээр энэ улс орон үргэлж урагшилж хөгжинө өө. Хамгийн гол анхаарах зүйл бол хоорондоо эвтэй байх, гэр бүлдээ эвтэй байх, албан байгууллагадаа эвтэй байх, улс орондоо эвтэй байх. Бие биенээ ойлгож мэдрэх, шүүмжлэлийг зөвөөр нь хүлээж аваад, дор нь засч ажил хэрэг болгож байх. Энэ бүгд л бидэнд хамгийн их чухал болж байна уу даа гэсэн юм зурхайн төлөвөөр гарч байгаа нь санаанд орж байна.

Бурхан багш “Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэж айлдсан юм байгаа. Тийм учраас өөрийн хичээл зүтгэл гэдэг хүнд хамгийн чухал зүйл байгаа юм. Ямар ч гэсэн сургууль, соёл, боловсрол бидэнд бусдаас хамааралтайгаа олдож байгаа боловчиг өөрөө зүтгэл гаргаад, гэр орондоо коронагийн үед зүгээр суухгүй боловсролдоо анхаарч, эрдэм номоо үзэж, аав ээж зэрэг мэддэг чаддаг хүнээрээ заалгаад байвал бас л болох учиртай. Мэдлэгээ олж авч, сайн сайхан болж байгаа хүмүүс зөндөө байна. Нөгөө талд сургууль хаагдсан юм чинь гээд хичээл номоо хаячихсан, боловсролоор хоцорч байгаа хүмүүс ч байна. Тийм болохоор ер нь хувь хүнээс их хамаарч байгаа юм байна шүү гэдгийг анхаарч үзүүштэй байгаа юм. Ер нь энэ коронагийн хоёр жил бидэнд маш олон зүйлийг сануулсан. Нүүдэлчин амьдрал бол бие даалт ихтэй. Тээр тэнд байгаа мал руугаа өөрөө л морио унаад явна, хэдэн хоногоор, өдөр шөнөгүй явна. Байгаль дэлхийд тийм бие даалттай, юунаас ч айхгүй, олон хоног морьтой ингэж явахдаа айл олдвол орж хоол унд идэж унтчихаад цааш эрлээ үргэлжлүүлдэг ч юм уу иймэрхүү маягийн, нэлээд бие даалттай байсан. Гэтэл энэ байдал нь олон нийтийн дунд бужигнасаар байгаад ганцаараа ч гарахад бэрхтэй, харанхуйд ч ганцаараа гарахаас айдаг, ганцаараа явж чаддаггүй ч юмуу, дандаа ард нь юм болдог ийм байдал ажиглагддаг. Энэ корона бол бидэнд биеэ даах сургууль маягтай боллоо гэж бодож байна.

-Магадгүй. Их олон зүйл дээр сургамж өглөө?

-Олон нийтийн дунд очоод наргиж, тургиад л, бүжиглээд наадаад л, баар шааранд яваад л, өөрийгөө нэг ч уйдаахгүй тухайтад цагаа баахан хэрэггүй юманд үрж үрж өнгөрөөдөг. Тийм юмнуудаа гоё гэж бодож байсан бол хорвоо дээр өөр цаг хугацаа бас ирдэг юм байна шүү гэдгийг бидэнд ойлгууллаа. Гэрээсээ гарч болдоггүй, наргиж тургиж болдоггүй, бусад хүмүүстэй нийлээд өчнөөн төчнөөнөөрөө амралт зугаалганд явж болдоггүй ийм үе ирэхээр бидэнд хорвоо дээр бас өөр янзын оршин тогтнол байж байдаг юм байна шүү дээ гэдэг ийм ухааныг өглөө. Гэртээ байхдаа эхнэр, нөхрүүд хоорондоо зохицлоо олох гэж зүдэрсэн. Дараа нь үр хүүхэдтэйгээ зохицох гэж үзлээ. Бүгд өглөө ажил, сургууль руугаа яваад орой ирээд хоолоо идчихээд л унтчихдаг. Бүгд нэг нэгнээ мэдээд байгаа юм шиг боловч нийгмийн дунд явж байгаад бүгдээрээ өөр өөр араншин төрх, өөр өөр хэвшил авчихсан байсан. Тийм учраас гэр бүлийн тэр зохицол гэдэг юмыг бий болгох гэж коронагийн эхэн үед нэлээд зүдэрцгээлээ. Түүнээс болж хэрүүл тэмцэл, биенээ дээрэлхэх юм гарч байгаад сүүл рүүгээ хүн төрөлхтний явж ирсэн хэдэн мянган жилийн амьдрал бидэнд буцаж хүрч ирээд дорхноо эв зохицлоо олоод хоёр жилийг түүртэхгүй даваад, сүүлдээ гэр бүлүүд сайхан боллоо шүү дээ. Зарим нь чөлөөт цагаараа эргэл мөргөл хийдэг, биеийн тамир хийдэг, гэртээ янз бүрийн бясалгал бүтээл хийж сэтгэлээ тогтоох зэргээр олон сайхан үйлийг хийдэг болцгоолоо. Энэ бүхэн хорвоо ертөнц үргэлж ганцхан чигээрээ байдаггүй юм шүү гэдгийг ойлгууллаа. Гадаад, дотоодын орнуудад сууж байгаа улсууд ч гэсэн “Эх орон шиг хэрэгтэй юм хаа байхав” гэдэг ойлголтыг авлаа. Мөн эцсийн бүлэгтээ хамгийн халдвартай, хэцүү өвчинг тусаад ирэхийн цагтаа ерөөсөө л гадны хүнийг хажигладаг юм байна шүү дээ.

-Дэлхийн хаана ч тийм ажээ.

-Ялангуяа тэр корона дэлгэрсэн гэж үздэг газруудыг хажиглаад, гудамжинд ч явуулахгүй, тэдэнтэй ижилхэн зүс царайтай улсуудыг тэгж хавчиж, шахаж эхэлж байгаа нь ч эцсийн бүлэгтээ яагаад ч юм Монгол оронтой хүйн холбоотой, монгол хүнд “Энэ Монгол гэдэг эх орондоо байхад хэн нь ч ирээд хөөж чадахгүй” гэдэг бахархал төрж байгаа юм. Миний эх орон, яаж ч шоронд орлоо гэсэн Монгол Улсаас хасаад хаячихдаггүй тийм газар нь Монгол юм байна даа гэж ойлгогдож, эх орноо хайрлах сэтгэл бас маш олон хүнд үүслээ. Энэ бол их сайхан боллоо гэж боддог.

Боловсролын чиглэлд мэдлэгийг голлоод явчихсан. Бид янз бүрийн мэргэжилтэй, мэргэжилтнүүд бэлдэж чадсаан. Гэтэл бид юуг хаячихсан байсан бэ гэхээр ёс суртахуун гэдэг том зүйлийг хаячихсан байсан. Тийм учраас их, дээд сургууль төгсөж диплом авсан эрдэмтэн болно гэсэн ч ёс суртахуунтай нийлж чадаагүй. Тэндээс хичнээн мундаг төгссөн мөртлөө хээл хахууль авдаг ч юм уу, бусармаг зүйл хийх, улс орны мөнгөөр гадаад дотоодод тоглодог ч юм уу, янз бүрийн буруу үйл явдалд орооцолддог. Тэдний их, дээд сургууль төгссөн диплом байна уу, байна. Зөндөө мэдлэг бий юү, бий. Яагаад, юугаар дутаад тийм бусармаг зүйл хийв гэхээр ёс суртахууны мэдлэгийг олгоогүй. Бидний уламжлалд юу байсан бэ гэхээр ёс суртахуун-мэдлэг хоёрыг хослуулж явж байсан. Ёс суртахуун дээр тогтсон мэдлэг хүн ардад жинхэнэ хэрэгтэй болдог юм аа гэдгийг бидний өвөг эцэг зааж ирсэн байдаг. Тийм учраас ёс суртахуун гэдэг юмыг гарцаагүй хэрэглэх хэрэгтэй байна. Үүнийг дэлхий даяараа ойлгож эхэлж байна. Ялангуяа Далай багшийн сүүлийн үед хэлж байгаа ёс суртахууны сургаал номууд нигүүсэл, энэрэл, хайр, бие биенээ хайрлаж чаддаг, өршөөж, уучилж чаддаг уужуу ухааныг төлөвшүүлэхийн төлөө дэлхийгээр явсан олон жил явсан хөдөлмөрийн үр дүнд АНУ, Энэтхэг гээд олон орны ерөнхий боловсролын сургуулиудад Далай багшийн энэрэл, нигүүсэл, хайр, өршөөл, ёс зүйн хичээлүүд ордог болж байна, бясалгалууд ордог болж байна. Хүүхдүүдээр бясалгал хийлгэхэд зан ааш нь яаж сайхан засарч байна вэ. Хичээл эхлэхийн өмнө бясалгачихаад хичээлдээ ордог сургуулиуд маш олноороо бий болж байна. Үүнийг уламжлал дээр нэгэнт тогтсон байдаг учир гарцаагүй бид хэрэгжүүлэх ёстой болжээ. Бидэнд юу дутуу байна вэ? Ёс суртахуун л дутуу байна. Бусад нь бидэнд бүгд бий болж болж байна. Сайхан мэдлэгтэй, сайхан боловсролтой, гадаад дотоодод төгссөн өчнөөн сайхан залуучууд байна. Одоо бидэнд энэ мэдлэгийг ёс суртахуунжуулах л хамгийн чухал зүйл болоод байна. Энэ бол гарцаагүй боловсролын байгууллагуудын анхаарах ёстой зүйл юм даа гэж бодож байгаа.

-Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт бясалгалын хичээл оруулах талаар сүүлийн үед эцэг эхчүүд, сүсэгтнүүдийн зүгээс санал их гарах болсон нь цаг нь иржээ гэж бодогдохоор л юм?

-Тусгай цагтайгаар оруулах хэрэгтэй. Сурах бичгүүдийг нь лам хар гэлтгүй, энэ соёлоо мэддэг л байвал ямар ч насны хүмүүстэй хамтарч хийх ёстой. Монгол бол олон зууны турш Буддист байсан. Цаад тал нь 2000 жил, наад тал нь Чингисийн үе, дунд үеийн дэлгэрэлт. Сүүлчийн дэлгэрэлт нь Манжид дагаар орохоос өмнөх 100 жил. Ингэж Монгол оронд Бурханы шашин дэлгэрч байсан. Шашин гэдэг бол тухайн ард түмний оюун сэтгэхүй болоод хүлээж авах уран чадвар, элдэв юмнаас хамаарч тухайн ард түмний сонголт байдаг. Тийм учраас Буддын шашиныг гурав, дөрөв сонгож шүтэж ирсэн ард түмэн байна. Буддын шашин бол ёс суртахуун, мэдлэгийн салбарт

гайхамшигтай шашин. XXI зууны Бурханы шашинтан хүн гэдэг бол орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, орчин үеийн бичиг, үсгийн боловсролыг бүгдийг нь эзэмшсэний дээрээс Бурханыхаа шашны сургаалыг маш өндөр мэдсэн байх ийм шаардлагатай байгаа юм. Энгийн улсуудад зориулж хэлэхэд, энгийн сүсэгтнүүдэд хэлэхэд ёсзүйн талын мэдлэгүүдийг маш өндөр сахих хэрэгтэй байгаа. “Би Бурханы шашинтан хүн” гэдэг төдийгөөр биш, хурал ном айлддаг төдийгөөр биш, тэр бол сайн л даа. Энэ бүхэн бол шашны тогтсон үйл мөн үү гэвэл мөн. Үүнээс гадна сургаалийг нь амьдралдаа авч хэрэглэх. Арван хар нүгэл, арван цагаан буян гэдэг. Эд нарын утгыг нь олж, амьдралдаа хэрэгжүүлэх ийм шаардлага байгаа юм. Нүгэл, буян гэдгийг орчин үеийн залуучууд юу гэж ойлгоод байна вэ гэхээр нэг тийм хуучирсан маягтай байна. Хүн төрөлхтөн оршиж байхад буян, нүгэл гэдэг зүйл хэзээ ч хуучрахгүй. Нүгэл гэж юуг товчхондоо хэлээд байна вэ гэхээр, миний эрх чөлөөг өөрөөс минь булааж авч байгаа зүйлийг л нүгэл гэж хэлнэ. Хүн алах, хулгай хийх, авилга хээл хахууль буюу өгөөгүйг авах, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх. Энэ бүгд чинь юуг дагуулдаг вэ гэхээр, энэ бүгдийг л хийхээр гэр бүл салж сарнина, шорон оронд орно, цаазын ял хүртэл авч байгаа. Надад байгаа тансаг сайхан эрх чөлөө болгоныг үгүй хийдэг зүйлийг нүгэл гэнэ. Хэлээр хийдэг нүгэл болох хараах, зүхэх, дэмий чалчих, хов, ширүүн үг энэ бүхэн чинь таныг энэ ертөнц дээр хүнээр хүндлүүлж, хүн шиг сайхан амьдрах боломжийг бусниулж байгаа юм шүү дээ. Хүн рүү муухай үг шидлээ л бол хариуд нь тэр үгнээсээ ч муухай доромжлолын хариу үг дуулна.

Хүнийг сайхан үгээр тайвшруулаад, амар мэндийг нь мэдээд сайхан үг ярихтай зэрэг цаад хүн нь ч сайхан тайвшраад “Сайн байна уу, сонин сайхан их үү” гэхээр “Сайн сайн, миний хүү хаашаа явж байна” гэдэг. Харин эсрэгээрээ “Муу туучий өчигдөр уулзана гэчихээд яасан бэ” гээд хар яр гэвэл өөдөөс нь “Хуц” гээд хэрэлдэж байна билээ, улсууд. Миний амнаас гарч байгаа муухай үг гэдэг бол миний бусдаар хүндлүүлж, бусадтай хамтарч сайн сайхан амьдрах амьдралыг бусниулаад хаячихаж байгаа учраас нүгэл гэж байгаа юм. Сэтгэл ч мөн ялгаа байхгүй. Бие, хэлийн нүгэл бол сэтгэлийн бодогдсон муу чанараас гардаг. Хомхой сэтгэл, хорлох сэтгэл, буруу үзлээс гардаг. Энэ бүгд бол харилцан шүтэлцээтэй. Өөрийн амьдралыг эрх чөлөөтэй болгодог арван цагаан буяныг хийж, амьтны амь таслахгүй, өгөөгүйг авахгүй, гэр бүлийн цэвэр цэмцгэр байдлаа хамгаалах, хэлээр үйлддэг дээр дурдсан нүглүүдийг цээрлэж, хомхой, хорлох сэтгэл, буруу үзлийг тэвчиж, хамгийн зөв, шинжлэх ухаанч, ертөнцийн зөв үзлийг авбал зөв үзэл дээр зөв бодол ирдэг, зөв бодол дээр зөв үйлдэл, зөв яриа үүсдэг. Тэгэхтэй зэрэг хамгийн гол юм бол буруу үзэл. Буруу үзэл тогтоод ирэхээр л буруу яриад эхэлдэг. Буруу юм сэтгээд, буруу тийшээ явдаг.

-Бидэнд зөв амьдрах амьдралын суурь зөв үзэл, уламжлал байгаа учраас жаргалтай амьдрах уг нь амархан бололтой юм?

-Жаргалтай сайхан амьдралын суурийг бид хийж чадна. Бидний өвөг дээдэс ингэж л ирсэн. XX зууны эхэн үед хэдүйгээр материаллаг хөгжил энэ Монгол оронд байгаагүй ч, дорой байсан ч монголчууд хоорондоо алалцаж, хядалцаж, өнөөгийнх шиг хулгай зэлгий байсангүй шүү дээ. Хааяа нэг тийм юм гарвал, тэр хүнийг айлд ороод гарахад нь араас нь сан тавьдаг, хошуугаараа тэр хүнээс жигтэйхэн их цэрвэдэг тийм байж шүү дээ. Хулгай гэж байсангүй. Сайн эр гэж гарч, зуд зурхан болоод ард түмэн тарчлаад байхад алс холын нутгаас адуу мал хөөж ирж байснаас биш доншуур хулгай ер нь бараг байгаагүй гэдэг шүү дээ. Тэгэхээр бид ёс суртахууны хувьд эцэг өвгөдийнхөө үед сайхан байсан удаатай юм. Одоо бол бид тэгж чадна гэж ингэж л найдаж байдаг даа.

-Сайхан сургаал айлдсанд гялайлаа. Цагаан сарын баярыг яагаад тэмдэглэх ёстой талаар сүүлийн үед маргалдах боллоо л доо. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-За, шинэ жил гарч байна. Битүүндээ сайхан ёс уламжлалаа үйлдээд, шинийн нэгний өдрөө баярлаж, цэнгэдэг Цагаан сарын баяр гэдэг бол монголчуудын хамгийн чухал баяруудын нэг юм. Монголчуудын олон зууны турш тэмдэглэж ирсэн, түүхийн гэрч болдог баяр. Хоёрдугаарт, монголчууд дөнгөж өчигдөр эхэлсэн түүхтэй ард түмэн биш юм аа гэдгийг гэрчилдэг баяр. Зун наадмаа үзээд, цагаан эсгийн дээгүүр Монгол Улсын Ерөнхийлөгч монгол дээл, малгайгаа өмсөөд алхаж үг хэлэхэд нь ажигласан л даа. Стадионд сууж байсан гадна, дотны өчнөөн төчнөөн зочид “1921 онд эднүүс чинь дөнгөж тусгаар тогтнож байсан билүү дээ” гэж бодож байтал нь есөн хөлт цагаан сүлд ороод ирэхээр “Энэ юу вэ” гээд эргэлзээд эхэлцгээдэг. Тэгтэл Чингисийн маягтай хувцасласан Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан эсгий дээгүүр явж очоод үг хэлэнгүүт 800 жилээр Монголын түүхийг урагш нь татчихаж байгаа харагддаг. “Энэ бол 1921 оны улс биш байна. Эднүүд чинь асар их уламжлалтай, эртний улс юм байна шүү дээ” гэдгийг харуулдаг. Тийм учраас зан заншил, соёл гэдэг бол Монголын ард түмний түүхийг хэдэн зуунаар урагш нь аваачдаг. Дээрээс нь монгол дархлааг бий болгодог. Үр хүүхдүүд нь монгол дээлээ өмсчихсөн, малгайгаа тавьчихсан, аав ээжийнхээ тохойг түшиж золгодог. Цаашдаа олон зууны турш ингэж золгоод байвал Монгол хүний дархлаа улам батжина. Хаана ч байдаггүй соёл бидэнд байдаг шүү гэдгийг гадны жуулчид ирж үздэг шүү дээ.

Бид энэ сайхан баяруудаараа монгол хүний эртний түүхийг санагдуулдаг, Монголын уламжлал, зан заншлыг улам сэргээдэг, бүгд монгол дээлтэй монгол болчихсон хичнээн гоё байдаг билээ. Гоё гоё хоргой, торгоор дээл хийгээд гэр гэртээ өмсчихсөн, ямар ч гоё зохидог юм. Соёлоо ингэж сэргээж байгааг хоёр талаас нь хараад байгаа. Нэг нь баяр, нөгөө тал нь уламжлалаа сэргээж байна гэдэг. Хятад дурдан бүсийг хоёр, гурав бүслээд л ураад хаячихна. Тэр сайхан уламжлалт, мөнгөлчихсөн бүс бол энэ насандаа эдлээд үр хүүхдүүд нь эдлээд, тэрний ач зээ нь эдлээд “Өвөөгийн минь бүс байгаа юм. Миний өвөө гайгүй хүн байсан шиг байгаа юм. Урлагийн бүтээл гэмээр юм хэрэглэдэг байжээ” гэж эд хөрөнгө болж үр хүүхдэд нь өвлөгдөж байгаа тийм болтол нь хөгжүүлж байхад нь тэрнийг нь ад үзээд “Нэг их том данхайсан бүс бүсэллээ” гээд эхэлдэг. Энэ бол даяарчлагдаж байгаа ертөнцөд өв бүтээж, түүнийгээ үр хүүхдэдээ өвлүүлнэ гэдэг монголчууд Монголыг монголоор нь үр хүүхдэдээ өвлүүлж үлдээж байгаатай яг адилхан юм. Бид ажилтай болоодохвол юу гээд л ингээд гудамжиндаа маргалдаад сууж байхав. Ажилтай хүн завгүй болно, мөнгөтэй болно. Хөдөлмөртэй хүн чинь бахархмаар шүү дээ.

Та бүхэндээ урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, ажил хөдөлмөр нь улам дээшээ байх өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье ээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Усан бар жилдээ шинэ сэргэлтийн төлөө ард түмэн хүчээ нэгтгэхийг ерөөе

Г.Занданшатар: Усан бар жилдээ шинэ сэргэлтийн төлөө ард түмэн хүчээ нэгтгэхийг ерөөе

УИХ-ын дарга Г.Занданшатар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “цар тахалтай сорил дагуулсан түүхэн жил боллоо. Малчид маань өнтэй сайхан өвөлжиж түүхдээ анх удаа 6442 шинэ малчинтай боллоо.

Мал сүрэг, газар тариалангийн хураалт эдийн засгийн өсөлтөд нөлөөллөө. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүрлээ.

УИХ хүний эрхийг дээдэлсэн парламент болох зорилтыг тавьж буй. Ийм таны төлөө тантай хамт хууль баталдаг хууль байхын тулд Миний парламент аппликейшн монгол хүн бүрийн гарт очих болно.

Усан бар жилдээ шинэ сэргэлтийн төлөө ард түмэн хүчээ нэгтгэж айл өрх олноороо өлзий буян хишиг нь дэлгэрч явахыг ерөөе. Малчин түмэнтэйгээ хамт сар шинийн мэндчилгээг дэвшүүлж байна” гэв.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын хоёрдугаар сарын 2, Буд гариг. Билгийн тооллын 1, Тооно одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 8:19 цагт мандан, 17:53 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, надгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас хялмаална. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 38-43 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 30-35 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 27-32 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 20-25 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Өдрийн сонин” нийтэлж байна.


УСАН БАР ЖИЛИЙН ШИНЖ

Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой нь хөх, хөх ногт бурантагтай, цагаан ходоодтой, улаан омруу, хөх шийртэй, эвэр, чих, сүүл нь шар, ногоон зүсмийн үхэр амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай.

Үхэр хариулаач нь хөх царайтай, шар дээлэн дээр ногоон бүс бүсэлсэн. Малгайныхаа баруун чихийг буулгаж, зүүнээ дээш сойсон, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар, нөгөөгөө баруун чихнийхээ урдуур унжуулсан, өвсөн сологтой бургасан шар шилбүүр барьсан, чадархаг идэр залуу, үхрийнхээ баруун талд нь хөл нүцгэн, алгуур тайван алхаж явна” хэмээн дүрслэгджээ.

Энэхүү зураглалаас жилийн байцыг ажвал “Салхи ихтэй, навч цэцэг дэлгэрэн хий өвчин тархана. Хавар болон улирлуудын эхээр хуртай. Улс орны ерөнхий нуруу сайн. Жилийн эхээр гандуу боловч жилийн дундуур хур бороо ихтэй. Залууст амгалан, нялхас болон өвгөдөд ширүүн жил болно. “Жаран жил”-ийн үрийн зурхайд “Буян үйлдэгч” хэмээн хар бар жилд алт, мөнгө элбэг, хүмүүн жаргалтай” хэмээн монгол зурхайд буужээ.

Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах тухайд

Энэ жилийн шинийн нэгэн нь улаан нохой өдөр, лхагва гаригт тохиож байна. Нар 08:19 цагт мандаж, 17:54 цагт жаргана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой.

Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гараарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа долоо ба 21 удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ.


Уншигчдадаа илүү ойлгомжтой болгох үүднээс таны төрсөн он, сар, өдөр болон ямар суудал дээр сууж буйг нарийвчлан дэс дарааллуулан он оноор нь гаргаж өглөө.


Гал суудал

“Ум базар дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд зүгт зүгээ гаргаад, чүдэнз зурж түүнийгээ ус, цасаар унтраан урд зүгээс гэртээ ирнэ.

Шороосуудал

“Ум бадма дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгт зүгээ гаргаад, газарт модны үртэс цацаж баруун урд зүгээс гэртээ ирнэ.

Төмөр суудал

“Ум радна дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад баруун урд зүгт зүгээ гаргаад, жижиг гал гаргаад төмөрт хүргээд баруун зүгээс гэртээ ирнэ.

Огторгуй суудал

“Ум пагма дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд зүгт зүгээ гаргаад, огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүгээс гэртээ ирнэ.

Ус суудал

“Ум гарма дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, урд зүгт зүгээ гаргаад, ус асгаж дээгүүр нь алхаад хойд зүгээс гэртээ ирнэ.

Уул суудал

“Ум будда дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, баруун хойд зүгт зүгээ гаргаж, уул руу модны үртэс, шороо, чулуу хаяж зүүн хойд зүгээс гэртээ ирнэ.

Мод суудал

“Ум базар дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, хойд зүгт зүгээ гаргаад, мод, чүдэнз хугалж хаяж зүүн зүгээс гэртээ ирнэ.

Хий суудал

“Ум базар пад дагийни хум мама бизъяа суухаа” тарнийг 7-21 удаа уншаад, урд зүгт зүгээ гаргаад, цаас урж хийсгээд зүүн урд зүгээс гэртээ ирнэ.


Төрсөн он

Тухайн жилийн шинийн нэгэн

Суудал

Эр

Эм

1923

Огторгуй

Шороо

1924

1924.02.05

Төмөр

Төмөр

1925

1925.02.24

Шороо

Огторгуй

1926

1926.02.13

Гал

Ус

1927

1927.02.03

Хий

Уул

1928

1928.02.22

Мод

Мод

1929

1929.02.10

Уул

Хий

1930

1930.01.30

Ус

Гал

1931

1931.02.18

Огторгуй

Шороо

1932

1932.02.07

Төмөр

Төмөр

1933

1933.02.25

Шороо

Огторгуй

1934

1934.02.14

Гал

Ус

1935

1935.02.04

Хий

Уул

1936

1936.02.23

Мод

Мод

1937

1937.02.12

Уул

Хий

1938

1938.02.01

Ус

Гал

1939

1939.02.20

Огторгуй

Шороо

1940

1940.02.09

Төмөр

Төмөр

1941

1941.01.28

Шороо

Огторгуй

1942

1942.02.16

Гал

Ус

1943

1943.02.05

Хий

Уул

1944

1944.02.25

Мод

Мод

1945

1945.02.13

Уул

Хий

1946

1946.02.03

Ус

Гал

1947

1947.02.21

Огторгуй

Шороо

1948

1948.02.10

Төмөр

Төмөр

1949

1949.01.29

Шороо

Огторгуй

1950

1950.02.17

Гал

Ус

1951

1951.02.07

Хий

Уул

1952

1952.02.26

Мод

Мод

1953

1953.02.15

Уул

Хий

1954

1954.02.04

Ус

Гал

1955

1955.02.23

Огторгуй

Шороо

1956

1956.02.12

Төмөр

Төмөр

1957

1957.01.31

Шороо

Огторгуй

1958

1958.02.19

Гал

Ус

1959

1959.02.08

Хий

Уул

1960

1960.02.27

Мод

Мод

1961

1961.02.16

Уул

Хий

1962

1962.02.05

Ус

Гал

1963

1963.02.25

Огторгуй

Шороо

1964

1964.02.14

Төмөр

Төмөр

1965

1965.02.02

Шороо

Огторгуй

1966

1966.02.21

Гал

Ус

1967

1967.02.10

Хий

Уул

1968

1968.01.30

Мод

Мод

1969

1969.02.17

Уул

Хий

1970

1970.02.07

Ус

Гал

1971

1971.02.26

Огторгуй

Шороо

1972

1972.02.15

Төмөр

Төмөр

1973

1973.02.04.

Шороо

Огторгуй

1974

1974.02.23

Гал

Ус

1975

1975.02.12

Хий

Уул

1976

1976.02.01

Мод

Мод

1977

1977.02.19

Уул

Хий

1978

1978.02.08

Ус

Гал

1979

1979.02.27

Огторгуй

Шороо

1980

1980.02.17

Төмөр

Төмөр

1981

1981.02.05

Шороо

Огторгуй

1982

1982.02.24

Гал

Ус

1983

1983.02.13

Хий

Уул

1984

1984.02.02.

Мод

Мод

1985

1985.02.20

Уул

Хий

1986

1986.02.09

Ус

Гал

1987

1987.01.30

Огторгуй

Шороо

1988

1988.02.18

Төмөр

Төмөр

1989

1989.02.07

Шороо

Огторгуй

1990

1990.02.26

Гал

Ус

1991

1991.02.15

Хий

Уул

1992

1992.02.04.

Мод

Мод

1993

1993.02.22

Уул

Хий

1994

1994.02.11

Ус

Гал

1995

1995.01.31

Огторгуй

Шороо

1996

1996.02.19

Төмөр

Төмөр

1997

1997.02.08

Шороо

Огторгуй

1998

1998.02.27

Гал

Ус

1999

1999.02.17

Хий

Уул

2000

2000.02.05

Мод

Мод

2001

2001.02.24

Уул

Хий

2002

2002.02.13

Ус

Гал

2003

2003.02.02

Огторгуй

Шороо

2004

2004.02.21

Төмөр

Төмөр

2005

2005.02.09

Шороо

Огторгуй

2006

2006.01.30

Гал

Ус

2007

2007.02.18

Хий

Уул

2008

2008.02.08

Мод

Мод

2009

2009.02.25

Уул

Хий

2010

2010.02.14

Ус

Гал

2011

2011.02.03

Огторгуй

Шороо

2012

2012.02.22

Төмөр

Төмөр

2013

2013.02.11

Шороо

Огторгуй

2014

2014.01.31

Гал

Ус

2015

2015.02.19

Хий

Уул

2016

2016.02.09

Мод

Мод

2017

2017.02.27

Уул

Хий

2018

2018.02.16

Ус

Гал

2019

2019.02.05

Огторгуй

Шороо

2020

2020.02.24

Төмөр

Төмөр

2021

2021.02.12

Шороо

Огторгуй

2022

2022.02.02

Гал

Ус

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Сар шинийн өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 38-43 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 30-35 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 27-32 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас хялмаална. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

2022 оны 02 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 07-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар, 4-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 5, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Чан Сан Жу: Монгол, Солонгосын хооронд зорчих болон визийг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж нар өнөөдөр (2022.01.31) Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа авиа компаниудын төлөөлөлтэй уулзлаа.

Цар тахлын нөлөөнд ихээр өртөж, сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван их наяд төгрөгийн алдагдал хүлээж буй аялал жуулчлалын салбарын 1,600 орчим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг сэргээх ажлын явцыг хурдасгах хүрээнд шахуу хуваарийн дагуу ажлын уулзалтуудыг зохион байгуулж буйн нэг нь тус уулзалт юм. Уулзалтад

  • “Turkish Аirlines” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Али Өздэмир,
  • “Aeroflot” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тумэн Геннадьевиз,
  • “Korean Air” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Чанг Сан Жэ,
  • “Air Busan” компанийн Монгол дахь төлөөлөгч Д.Баярсайхан,
  • “Asiana Airlines” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Юн Тэ Жүн нар оролцож нөхцөл байдлаа танилцуулав.

“TURKISH АIRLINES” компанийн монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Али Өздэмир “Манай байгууллага 2011 оноос нислэгээ эхэлж, 2012 онд 7 хоногт гурван нислэгтэй байсан бол 2022 онд мөн л адил байна. Нислэгийн тоогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Нислэгийн тоо нэмэгдүүлэх хүсэлтийг гурван жилийн өмнө гаргаж байсан. Туркиш Эйрланс бол дэлхийн хамгийн олон оронд нислэг үйлддэг компани юм. Зөвхөн Монгол Улсад нислэгийг суудлын тоогоор хязгаарлаж байгаа. Иймд нислэгийн тоог нэмэгдүүлж, тусгайлсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, Европоос зүүн өмнөд Ази, Зүүн өмнөд Азиас Европ гэсэн аяллын маршрутад Монгол Улсыг оруулан аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрт хамтран ажиллах боломжтой” гэдгээ мэдэгдлээ.

“KOREAN AIR” компанийн монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Чан Сан Жу “Иргэний нисэхийн салбарт 12 жил ажилласан мэдлэг туршлагатай хүн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болсонд талархалтай байгаа. Цар тахлын улмаас аялал, жуулчлалын салбар хоёр жилийн хугацаанд багагүй хүндрэл амссан ч Монгол Улсын Засгийн газар ихээхэн анхаарч хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний уулзалт, хэлэлцээрийг хийж байна. Эхний ээлжид Монгол, Солонгос хоёр улсын хооронд зорчих болон визийг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа” гэдгийг дурдаад 2022 оны зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд нислэгийг 2-3 дахин нэмэгдүүлэх бэлтгэл ажлууд явагдаж байгааг онцоллоо.

“AIR BUSAN” компанийн монгол дахь төлөөлөгч Д.Баярсайхан “Аялал жуулчлалын салбарыг сэргээх, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх хүрээнд авиа компаниудтай уулзалт хийж байгаа нь маш чухал. Бидэнд нислэгийн төлөвлөгөө гаргахаас эхлээд нэгдсэн мэдээлэл дутмаг байдаг. Иймд нэгдсэн мэдээллээр хангагдаж, хамтран ажиллах хүсэлтэй байна” гээд БОАЖ-ын сайдын дэргэдэх Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлд оролцох хүсэлт гаргав.

“Эйр Пусан” компанийн хувьд Солонгос-Монгол чиглэлд нислэгийн хамгийн хямд тарифтай учир бизнес эрхлэгчид, аялагчид хамгийн их үйлчлүүлдэг гэдгээ онцлон дурдлаа.

Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс аялал жуулчлалын чиглэлээр ямар бодлого баримтлахаа тодорхой болгож бусад улс орны адил зарлах нь нэн тэргүүний ажил гэдгийг дурдаад,

  1. КОВИД-19-ийн нөхцөл байдал гаднаас жуулчин хүлээн авахад бэлтгэх бүх үйл явц нь тодорхой байх ёстой.
  2. Эрхзүйн орчны хувьд сайжруулах хэрэгтэй.
  3. Визний бодлогоо тодорхой гаргах чухал гэдгийг хэлээд “Монгол Улсын хувьд шууд нислэг үйлдэж буй авиа компаниудтай ойр ажиллах зүйтэй гэж үзэж байгаа. Иймд эхний ээлжид Корэйн Эйр компанийн ерөнхийлөгчийг эх орондоо урьж хамтын ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа” гэв.

Мөн монгол орны онцлогт тохирсон хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, нислэгийн тооцоо судалгааг байгууллага тус бүрээр танилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ.

Үүнээс гадна агаарын тээврийн чиглэлээр нийлүүлэлтийг нэмэгдүүлэх судалгаа шинжилгээ хийгдэж буйг талаар хэлээд зөвхөн МИАТ гэлтгүй дотоодын нислэг үйлддэг жижиг гэлтгүй аж ахуй нэгжүүдийг оролцуулан дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 44 хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж байгаа. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын хувьд ч хууль эрхзүйн орчныг сайжруулж, салбар дундын уялдаа холбоог зохицуулах нэн шаардлагатай байгааг дурдлаа. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хувьд стратегийн түншлэл бүхий Орос, Хятад, Солонгос, Турк, Япон зэрэг орнуудтай ойр ажиллахаа илэрхийлэв. Ингэхдээ аялал жуулчлалын нэмэгдүүлэх эдийн засгийн боломжит орчныг бүрдүүлж, орон нутгийн онгоцны буудлуудыг шаардлагатай бол ашиглалтад оруулж тухайлсан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа хэлсэн юм.

Төгсгөлд нь БОАЖ-ын сайд уулзалтад оролцсон авиа компанийн төлөөллүүдээс Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсээд тухайлсан уулзалтуудыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэх хийхээр товлолоо.

Categories
гадаад мэдээ

Японы хэвлэлийн газрууд АНУ-ын компанийг шүүхэд өгнө

Японы хэвлэлийн газрууд АНУ-ын компанийг шүүхэд өгнө

Японы манга хэвлэлийн томоохон дөрвөн компани өөрсдийн бүтээлийг хууль бусаар хуулбарлаж, хулгайн серверт байршуулсан гэх үндэслэлээр АНУ-ын “Cloudfare” цахим хуудсыг шүүхэд өгөхөө мэдэгдэв.

Тодруулбал, “Kodansha”, “Shueisha”, “Shogakukan” болон “Kadokawa” хэвлэлийн газрууд нь Японд салбартаа тэргүүлэгчид юм. Оюуны өмчийн асуудал Японы манга хэвлэлийн газруудад маш их тулгардаг бөгөөд маш их хөрөнгө мөнгөний алдагдалд оруулдаг аж. Тэд энэ долоо хоногт Токиогийн дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэв.

Мөн нийтдээ 400 сая иен буюу 3.5 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжлэнэ гэж нэгэн эх сурвалж мэдээллээ.“Cloudfare” нь сард 300 сая үзэлттэй, 4000 орчим манга түгээдэг ажээ.

Ижил төрлийн хулгайн цахим хуудсууд мангаг үнэ төлбөргүй тарааж, тэр дундаа залуусын дунд алдартай “One piece”, “Attack on Titan” зэрэг бүтээлүүдийг хуулбарласнаар зөвхөн Японд л гэхэд хэчнээн сая ам.долларын хохирол амсчээ.

“Cloudflare” цахим хуудас энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Тэд анх удаа ийм шүүмжлэлд өртөөгүй юм. Өмнө нь 2019 онд ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг дөрвөн компани мөн ийм асуудалд орж, улмаар уг үйлчилгээгээ зогсоохоор тохиролцож байжээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний мөнгөн тэмдэгтээ бэлэглэж, эх оронч байхыг уриалж байна

Монгол түмний Их баяр – “Цагаан сар”

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ XVII жарны усан бар жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Амархан сайн байна уу?

Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа эрхэм Монголчууд,

Энэ дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүс, Монгол туургатнууд аа!

Та бүхэндээ арван долдугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг дэвшүүлье!

Улиран одож буй үхэр жил зөвхөн Монголчууд та бидний хувьд төдийгүй, хүн төрөлхтөн Цар тахалтай хамтын хүчээр тэмцсэн цаг хугацаа байлаа.

Өнгөрсөн нэг жилд та бид вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж чадсаны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хориог тогтоолгүйгээр эдийн засгаа алхам алхамаар нээж, энгийн амьдралдаа хэмнэл хэмнэлээр шилжиж, цар тахлаас улбаалж -5.3 хувь хүртэл унасан байсан эдийн засаг 3.6 хувийн өсөлттэй болж, Монгол Улсын төсвийн орлого 102.7 хувийн биелэлттэй гарч, нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 300 гаруй тэрбум төгрөгөөр давж биеллээ.

Оюутолгойн хэлэлцээрийн эхний үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дэлхий дахинд дахин сэргээж чадлаа.

Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол улсын Засгийн газар нэгдмэл бодлогоор нягт хамтран ажиллаж чадсаны бодит үр дүн билээ.

Эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлтүүдийн үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгосны дагуу ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгаас газраас гаргаж, Монгол Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлж эхэллээ.

Эх орон, ард түмэн, үр хүүхдүүдийнхээ төлөө залуу насаа бүхэлд нь зориулсан ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээсэн энэхүү шийдвэр нь цаг үеэ олсон бодит дэмжлэг болж чадна гэдэгт итгэж байна.

Эрхэм Монгол ахан дүүсээ!

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж, урин хавар эх оронд маань айлчлан ирлээ. Өдрөөс өдөрт цаг дулаарч, цас хайлж, цөн түрж, ногоо соёлж, байгаль дэлхий өнгөө зассан Ирж яваа цагийн бэлгэдэл хаврын улирлыг хүн бүхэн хүсэн хүлээдэг билээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомилогдсон боомтуудаа авто зам, төмөр замаар холбох, эрчээ алдсан эрчим хүчний салбараа сэргээх, аж үйлдвэржилтийн үндэсний бодлогоо дахин сэргээх, суусан хотоо алхаатай хот болгох, цахим үндэстэн болж, авилга, хүнд суртлыг бууруулан, шударга ёсыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн их бүтээн байгуулалт энэ хавар эхлэх болно.

Цар тахлын эдийн засгийн хүндрэл, тээвэр логисктикийн хямралт байдал, түүнээс үүдсэн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргийг бид гагцхүү эдийн засгийн эрчимтэй өсөлтөөр л даван туулах боломжтой билээ.

Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх их үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид та бүхнийг идэвхитэй оролцохыг хүсье!

Эрхэм Монголчууд аа,

Хэдийгээр хоёр жилийн дараа та бид Сар шинийн уламжлалт баяраа хатуу хөл хориогүйгээр тэмдэглэж байгаа ч халдварын эрсдлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж, цахимаар золгож, гаднаас бараа таваар худалдан авахаас илүүтэйгээр Үндэсний мөнгөн тэмдэгтээ бие биедээ бэлэглэж, улсын валютын нөөцөө хамгаалж, эдийн засаг хүнд үед эх оронч байхыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн уриалж байна.

Учран золгож буй “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд хүн төрөлхтөн аюулт цар тахлыг ялан дийлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй: