Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Ковидын 694 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 694 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 428 нь Улаанбаатар хотод,
  • 266 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 1 иргэн нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн 0101 дүгээр анги малын тооноос чанарт шилжих хэтийн зорилго тавин ажиллаж байна

Монгол Улсын баатар, Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101 дүгээр анги нь малын тооноос чанарт шилжих хэтийн зорилго тавин ажиллаж байна. Энэхүү зорилгынхоо хүрээнд малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр Суффолк үүлдрийн хонины үрээр 50 толгой эм хонинд зохиомол хээлтүүлэг хийжээ. Мөн илүү нугаламтай “Үзэмчин” хуц, “Баян дэлгэрийн ноолуурын улаан” ухна болон Сэлэнгэ үүлдрийн “Улаан халзан” бухаар мал сүрэгт цус сэлбэлт хийн таваарлаг байдлыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн ханган төл бойжилтын төлөвлөгөөг 94.6 хувьтай хэрэгжүүлэн малын суурийн өвөлжөөнд бод малын хашаа болон зуслангийн байршилд 20х30м –ийн харьцаатай хашаануудыг шинээр барьж, албандаа ашиглажээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын мал эмнэлгийн газартай хамтран боом, сахуу, дуут халдвар, бруцеллёз, шөвөг яр, цусан халдварын вакциныг товлолт хугацаанд нь зохион байгуулж, мал сүргийн эрүүл мэндийг сахин хамгаалж, зүй бус хоргодолгүй ажиллаж чаджээ. Ийнхүү 2022 оны урган гарч буй XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн босгон дээр Монгол Улсын баатар, Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101 дүгээр ангид ХХЕГ-ын даргын тушаалаар малын суурын ахлагч, ахлах ахлагч Б.Батсайхан “Мөнгөн тугал” шагналаар шагнагдсан байна. Эл шагнал түүний цаашид хийхээр зорьж байгаа их үйлсэд нь маш том урам өгсөн алхам болжээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 25.7 хувийг согтуугаар үйлджээ

Аймгийн хэмжээгээр 2021 онд нийт 412 гэмт хэрэг гарч, 359 хүн гэмт хэрэгт холбогдсон байна. Үүний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 124, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 170, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 26, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 45, бусад 47 гэмт хэрэг гарсан байна.

Гэмт хэргийн улмаас 22 хүн нас барж, 148 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 1351 сая төгрөгийн хохирол учирчээ. Бүртгэгдсэн нийт хэргийн 8.0 хувийг бүлэглэж, 25.7 хувийг согтуугаар үйлдсэн байгаа бол зөрчил гаргасан 268 хүнийг албадан саатуулж, 399 хүнийг баривчилсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 23 (5.3%) тохиолдлоор буурсны дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 10 (7.5%) тохиолдлоор, компьютерын мэдээллийн эсрэг гэмт хэрэг 14 (73.7%) тохиолдлоор, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 23 (11.9%) тохиолдлоор буурсан байна. 2021 онд нийт 1029 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүнээс эрүүгийн 306, иргэний 723 хэрэг эзлэж байна. 2021 онд 244 хүн шүүхээр шийтгэгдсэнээс 14 нь эмэгтэй, 17 нь хүүхэд байгаа бол 145 хүн торгуулан, 46 хүн тэнсэн харгазах, 44 хүн хорих ялаар шийтгүүлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Залуу инженерүүд худгаас халуун ус авах шинэ үйлчилгээ танилцууллаа

Гэр хороололд амьдардаг иргэд худгаас шууд халуун ус авах техник, технологийн хувилбарыг монголын залуу инженерүүд хийлээ.

Тэд туршилтаа Налайх дүүргийн I хороонд байрлах усны 4 дүгээр худагт нэвтрүүлжээ. Удахгүй тус дүүргийн 6 худагт байршуулахаар төлөвлөөд байна. Тодорхой хугацааны давтамжтайгаар нэг удаад 100 литр усыг автомат халаагчаар халааж, иргэдэд түгээх аж. Өмнө нь ус түгээх худгуудад түгээгч суух шаардлагагүй, смарт цэнэглэгч картын систем нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр иргэд цагт баригдахгүйгээр өдөр, шөнийн алинд ч худгаас ус авах боломжтой болж байгаа. Тэгвэл энэ удаад ахуйн хэрэгцээний халуун усыг гэрийнхээ ойролцоох худгаас авах боломж бий болжээ.

Иргэд смарт цэнэглэгч карт ашиглаж халуун ус олгодог худгаар үйлчлүүлэхээс гадна хүсвэл E-Mongolia цахим мэдээллийн сангаас авдаг төрийн үйлчилгээг худгийн ухаалаг төхөөрөмжөөс авах боломжийг давхар шийдсэн байна.

Халуун ус олгодог худгийн шийдэл, зохион бүтээгчидтэй нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ очиж танилцав.

Энэ үеэр зохион бүтээгчид цаашид Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүргийн гэр хорооллын худгуудад байршуулах боломжтойг онцолжээ. Монгол залуу инженерүүдийн төлөөлөл “SEM” /Systems Enjineering Mongolia/ компанийн гүйцэтгэх захирал Г.Тулга “Бидний ажил нийслэлийн гэр хороололд амьдардаг 220 мянган өрхийн халуун, хүйтэн усны дэд бүтэц, бохирын шугамыг шийдэх эхний бодит алхам болно. Агаар, хөрсний бохирдол, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд эхний ээлжинд хувь нэмрээ оруулсан шийдэл юм” хэмээв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ санаачилгаа бодитоор хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхөд халуун ус олгох шийдлийг нэвтрүүлсэн инженерийн багтай ирэх долоо хоногт албан ёсоор уулзаж, БОАЖЯ-ны ажлын хэсэгт танилцуулуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бэхбат: Үнэт эдлэл худалдан авахдаа сорьцын баталгааны тэмдэг, үйлдвэрлэгчийн барааны тэмдгийг заавал харах ёстой

Стандарт, хэмжил зүйн газрын үнэт металлын сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбаттай ярилцлаа.


-Монгол түмний уламжлалт Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хэрэглэгчид үнэт эдлэл худалдаж авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Тухайлбал, та алтан бөгж авах гэж байна гэж бодъё. Тэгвэл тэр алтан бөгжийг хэн хийсэн бэ гэдгийг хамгийн эхэнд мэдэх шаардлагатай. Бөгжин дээр бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчийн барааны тэмдэг болон бүтээгдэхүүнийг химийн шинжилгээнд оруулсан сорилтын үр дүнг үндэслэн тэмдэглэсэн сорьцын баталгааны тэмдэг гэсэн хоёр тэмдэглэгээ байна. Сорьцын баталгааны тэмдэг, үйлдвэрлэгчийн барааны тэмдгийг заавал харах ёстой. Хүмүүс ихэнхдээ бүтээгдэхүүнд 925 гэсэн цифр байдгийг сорьцын баталгааны тэмдэг гэж андуурдаг. Мөн гар дээрээс худалдан авалтыг битгий хийгээрэй. Тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулж буй газраас худалдан авалт хийгээрэй. Тухайн бараа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байвал эргүүлэн буцаах боломжтой газар байх нь чухал. Тухайн газраас авсныг нотлох зүйлийг авч байх хэрэгтэй. Тухайлбал, төлбөр төлсөн баримт, пос машинд уншуулсан баримт зэргийг хэлнэ. Үнэт эдлэл гэдэг нь өргөн хэрэглээний бараа биш, цаг хугацаа өнгөрсөн ч үнэ цэнээ алдахгүй байдаг учраас үнэт эдлэл гэж нэрлэдэг. Шошго нь дээр үйлдвэрлэгчийн нэр, сорьц, жин, худалдах үнэ гэсэн дөрвөн зүйл байдаг.

-Сорьцын баталгааны тэмдэг гэж юуг хэлж байна вэ?

Сорьцын баталгааны тэмдэг гэдэг нь тухайн металл дээр хонхойлгон цохисныг хэлнэ. Манай улсад мөнгө зургаан талтай призм хэлбэртэй хүрээтэй, алт хагас зууван хэлбэртэй байдаг. Мөн та худалдан авалт хийх гэж буй учраас тухайн бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл мэдэх эрхтэй, худалдаж борлуулж буй тал бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй. Дэлгүүрт нэгдүгээрт, жин байна. Тухайн бараа шошго дээр бичигдсэн жинтэй таарч байна уу, үгүй юү гэдгийг шалгах хэрэгтэй. Таныг төөрөгдүүлэх зорилгоор 10 гр бөгжийг 15 гр тай гэж бичсэн байж болох учраас жинлэж үзэх шаардлагатай. Мөн дэлгүүрт томруулдаг шил байвал хяналтын байгууллагаас тавьсан сорьцын баталгааны тэмдэг яг хаана байгааг харах боломжтой юм. Гуравдугаарт, химийн шинжилгээ хийсэн сорилтын үр дүнгийн хуудсыг зарж борлуулж буй хүнээс асуух хэрэгтэй. Үнэт эдлэлийг гурил шиг чанар байдлыг нь өөрийн мэдрэхүйгээр үзэх боломжгүй шүү дээ. Манайх 100 ширхэг ижил загвартай бүтээгдэхүүнээс гурвыг нь сонгон шинжилгээ хийдэг. Ингээд хийхэд тэр хүний сорьц гурвуулаа ижилхэн байвал тухайн 100 бүтээгдэхүүн дээр Сорьцын баталгааны тэмдэг дарж өгдөг. Бүтээгдэхүүн бүр дээр хийж болдоггүй нь цаг хугацаа болон төсөв хөрөнгийг хэмнэж буй юм.

-Сорьц гэж юуг хэлдэг вэ?

-Сорьц гэдэг үгийг үнэт металлын чанарыг илэрхийлж буй гол хэмжигдэхүүн гэж ойлгож болно. Тухайн бараа бүтээгдэхүүний чанар байдлыг илэрхийлдэг ямар нэгэн хэмжигдэхүүн бүтээгдэхүүн бүрд байдаг. Үнэт металлаар хийсэн эдлэлд сорьц гэдэг ойлголтыг авч үздэг. Сорьц гэдэг нь үнэт металлын хайлшийг 1000 нэгж гэж үзвэл, тэдний хэдэн хувьд үнэт металл агуулагдаж байгааг хэлнэ. Мөнгөн эдлэлд 999, 925, 875, 835, 800 гэсэн таван төрлийн сорьц байдаг бол алтан эдлэлд 999, 960, 916, 750, 585, 375, 333 гэсэн долоон төрлийн сорьц байдаг. Сүүлийн үед цагаан алт эдлэл их орж ирдэг болсон бөгөөд 950, 900, 850 гэсэн сорьцтой. Мөнгө алт хоёрын сорьц өөр өөр тэмдэглэгээтэй байдаг.

-Тэгвэл крат гэж юуг хэлдэг вэ?

-Крат гэдэг үгийг манай улс хэрэглэдэггүй, Англи, АНУ зэрэг зах зээл өндөр хөгжсөн улс орнууд хэрэглэдэг. Крат гэдэг нь ерөнхийдөө хоёр ойлголттой. Монгол Улс яагаад хэрэглэдэггүй вэ гэвэл хэмжлийн нэгжийн гурван төрлөөс дэлхийн нийтийн ихэнх улс хэрэглэдэг хэмжлийн нэгжийн “CИ” системийг хэрэглэдэг учраас. Дэлхий нийт крат гэдгийг чулуун дээр хэрэглэдэг чулууны кратыг “ct” гэж тэмдэглэдэг бөгөөд нэг крат нь 200 мг буюу 0,2 гр болдог. Кратын жин их байх тусмаа үнэ нь өсдөг. Энэ нь эрдэнийн чулуун дээр гардаг ойлголт. Зарим тохиолдолд крат гэдэг хэмжигдэхүүн ихэвчлэн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн дээр яригддаг бөгөөд 1-24 крат хүртэл хэмжээтэй байдаг, 24 к 999,9 сорьцтой тэнцдэг.

-Үнэт чулуу ямар төрлүүдтэй байдаг вэ?

-Чулуу болгон эрдэнийн чулуу биш. Дэлхийн нийт доржпалам, маргад, бадмаараг, индраанил, сувд гэсэн таван төрлийг эрдэнийн чулуу гэж үздэг. Хагас үнэт чулуунд хувилгаан эрдэнэ, усан биндэръяа, оюу гэх зэрэг ордог. Мана, хаш, номин, мана гартаам, шүрийг гоёл чимэглэлийн чулуунд ангилдаг. Эрдэнийн чулуун дотор үнэт чулуу гэж байдаг. Дэлхий нийтийн стандарттай нийцүүлэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийг 2010 онд баталсан. Үүнд үнэт чулууны ангиллыг мөн оруулж өгсөн. Сорьцын хяналтын газрын дүрэмд мөн орсон байдаг.

-Байгалийн чулуу, ургуулдаг чулуу хоёр юугаараа ялгаатай вэ?

-Байгалийн чулууг лабораторийн нөхцөлд тухайн чулуу үүсдэг орчин нөхцөлийг бүрдүүлж таримал чулууг үүсгэдэг. Лабораторид ургуулсан чулуунд байгалийн ором /өөр эрдэс, элемент, хий гэх зэрэг/ байдаггүй. Үүгээр нь ялгаж таньдаг боловч манай лаборатори одоогоор яг нарийн тодорхойлох боломжгүй байгаа.

-Хүмүүс дуураймал үнэт эдлэлийг юугаар ялгах вэ?

-Үнэт металлын хувьд мэдрэхүйн эрхтнээрээ хараад, гараараа тэмтрээд үзэх боломжгүй. Аль болох хэн нэгний үгэнд орж шууд худалдан авалт хийхээс илүү хөндлөнгийн байгууллага, лабораторийн дүн шинжилгээг харж худалдан авалтыг хийх нь зөв. Эрдэнийн чулуунд мөн Эрдэний чулууны гэрчилгээ өгдөг. Мэргэжлийн байгууллагаар баталгаажсан гэрчилгээг үзэх хэрэгтэй.

-Тэгвэл алт, мөнгө үнэт металлыг хэрхэн шинжилдэг юм бэ?

-Үнэт металлыг тодорхойлдог хэд хэдэн аргууд байдаг. Бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг арга нь жингийн арга бөгөөд алдааны хувь 0,02 хувьтай, маш бага алдаатай. Энэ хоёр аргад дэвшилтэт багажаар үзэж буй учраас харьцангуй бага цаг ордог. Дээрх шинжилгээний аргуудаас манай улс жингийн арга, атомын шингээлтийн спектрометр, рентгенофлоуресценцийн аппарат, сорьцын чулуугаар шалгах гэсэн дөрвөн аргаар шинжилгээг алт, мөнгөн дээр хийдэг. Үүнээс зөвхөн жингийн арга /Fire assay/-аар шинжилсэн үнэт металлд сорьцын баталгааны тэмдэг дарж баталгаажуулдаг. Энэ аргыг албан ёсны дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн арга гэж үздэг.

-Манай оронд ямар улсын үнэт эдлэлүүд түлхүү зарагддаг юм бол?

-Ерөнхийдөө манай улс Солонгос, Турк улсуудаас гоёл чимэглэлийн ээмэг, зүүлт зэргийг импортлон оруулж ирдэг. Энэ хоёр улсаас гоёл чимэглэлийн бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирж буй шалтгаан нь нэгдүгээрт, үнэ ханшны хувьд бусад улс орныхоос хямд байдаг учраас байх. Хоёрдугаарт, татвар, худалдааны нөхцлийн уян хатан байдал. Гуравдугаарт, хууль эрх зүйн, орчин, худалдааны нөхцөлүүд таатай байдаг учраас импортоор оруулж ирдэг байх. Импортын бүтээгдэхүүн дээр ч ялгаагүй сорьцын баталгааны бичиг байх хэрэгтэй. Солонгост баталгаажуулсан юм чинь, Монголд баталгаажуулах шаардлагагүй гэж үзэж болохгүй. Монгол, Солонгос хоёр өөр өөр эрх зүйтэй өөр хяналтын системтэй. Манай улсын хувьд үйлдвэрлэгч нь тухайн бүтээгдэхүүнийг ямар сорьцоор үйлдвэрлэснийг төрийн байгууллага нь баталгаажуулдаг. Зах зээл өндөр хөгжсөн улс оронд үйлдвэрлэгч нь өөрөө сорьцын баталгааны тэмдгийг дардаг тохиолдол бий. Соёлын ялгаа, хариуцлага хүлээх чадамж зэргээс шалтгаалан манайд төрөөс хянаж байх хяналтын хэлбэрийг сонгон хэрэглэдэг байх.

-Хяналт шалгалтыг төрөөс хийж байдаг гэлээ. Цагаан сар болохтой холбогдуулан ямар хяналт шалгалтыг хийж байгаа вэ?

-Хяналт шалгалтыг тухайн жилийн хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу болон төлөвлөгөөт бус гэсэн хэлбэрээр хийдэг. Сүүлийн үед одоогийн Засгийн газар болон төрийн бодлого бол коронавирусийн нөхцөл байдал хүнд байгаа учраас дотоодын бизнес эрхлэгчид болон үйлдвэрлэгчдэд дарамт бага учруулъя хяналт шалгалтыг цөөрүүлэх, давтамжийг багасгах тал дээр ажиллаж байгаа. Эрсдэлд суурилан эрсдэл гарч болохуйц газруудыг сонгон шалгах байдлаар ажиллаж байна. Мөн хянаж цагдах гэхээсээ илүү зөвлөн туслах хэлбэр лүү шилжье гэдгийг ярьж байгаа. Хуурамч бараа бүтээгдэхүүн үнэт эдлэлийг зарж буй бол цэвэр залилангийн, эдийн засгийн гэмт хэрэг, нэлээн өндөр хариуцлага ногдоно. Үнэт эдлэлийг зарж борлуулах зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авдаг.

Ц.УЯНГА

Categories
мэдээ цаг-үе

Өвлийн олимпийн галт бамбарын буухиа Бээжинд эхэллээ

БНХАУ-ын Бээжин хотноо 2022 оны Өвлийн олимпын XXIV наадмын галт бамбарыг асаах ёслол эхэллээ. Энэ талаар “Шиньхуа” /Xinhua/ агентлаг мэдээллээ.

Галт бамбарын буухиа энэ сарын 2-4-ны хооронд олимп зохион байгуулагдах гурван бүсэд болно. Ёслолын ажиллагаа Бээжин хотын хойд хэсэгт орших Олимпын цэцэрлэгт хүрээлэнд эхэлжээ. Буухиа уралдаанд нийт 14-86 насны 1.2 мянга орчим хүн оролцох юм.

Тус арга хэмжээг зохион байгуулагчдын мэдээлснээр, галт бамбар баригчид нь сургуулийн сурагчид, оюутнуудаас эхлээд шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын нэр хүндтэй төлөөллүүд гээд хятадын янз бүрийн давхаргыг төлөөлөх хүмүүс байх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Г.Батцэцэг: Консулын газрын бие бүрэлдэхүүн Чикаго хотноо ирж, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

АНУ-ын Чикаго хот болон тойргийн мужуудад ажиллаж, амьдарч буй элэг нэгт Та бүхэнтэйгээ “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн шинийн нэгний өдөр мэндчилж буйдаа баяртай байна.

Гадаад улсад суугаа монголчууд маань төрт ёсныхоо үнэ цэн, уламжлал, соёлынхоо онцлог, давуу талыг улам ихээр мэдэрч, сэтгэл зүрхэндээ бахархан тээж явдаг билээ.

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн ёс заншил, уламжлалаа даган айл хотлоороо цуглаж, настан буурлуудтайгаа хүндэтгэн золгож, бэлгэ дэмбэрэлтэй үгс хэлэлцэн сар шинийн баяраа тэмдэглэж буй энэ цаг мөчид бэлэгшээн хүсэж буй бүхэн тань биелж, айлчлан ирж буй усан бар жилдээ эрүүл энх, элбэг дэлбэг, үйлс бүхэн нь бүтэмжтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын төр, засгаас хилийн чанадад буй иргэддээ төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалахын төлөө тууштай ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд Чикаго хот, зэргэлдээх мужуудад амьдарч буй монголчууддаа төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс Монгол Улсаас Чикаго хотод суух Консулын газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

Тус Консулын газрын хамаарах тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана муж улсууд багтаж буй бөгөөд Консулын газрын бие бүрэлдэхүүн Чикаго хотноо ирж, үйл ажиллагаагаа ойрын хугацаанд эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгааг энэ ташрамд мэдээлье.

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Р.Даваадорж: Засгийн газар гоё ганган уриа лоозонгоор хөөцөлдөхийн оронд төсөв, мөнгөний буруу шийдвэрүүдээ эргэж харах хэрэгтэй

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.


-Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон улсын эдийн засаг хямарсан талаар нэлээд ярилаа. Цар тахлыг боломж болгосон улс орон байна уу?

-Цар тахалтай холбоотой дэлхийн бүх улс хүнд байдалд байгаа гэдэг өгүүлбэрийг эх баригчид их ярьж байна. Бодит байдал эсрэгээрээ байгаа. Цар тахлын хүнд үед эдийн засгаа өсгөж буй улсууд зөндөө бий. Жишээ нь, Ирланд улс 2021 онд эдийн засгаа 13 хувиар өсгөж чадсан. Өмнөд хөрш маань найм орчим хувийн, Энэтхэг 9.4-9.6 хувийн өсөлттэй байх урьдчилсан дүн гарсан. Өмнөд Америкийн Чили 11 хувь, Перу улсын эдийн засаг 10 хувийн өсөлттэй байна. Энэ жагсаалтыг цааш нь ч үргэлжлүүлж болно. Тэгэхээр улс орон бүр манайх шиг мунгинаж суусангүй, ямар ч байсан зөв зүйтэй шийдвэр гаргаж байгааг анзаарч болохоор байна.

Монгол Улсын эдийн засаг зэс, нүүрс гэсэн хоёр уул уурхайн бүтээгдэхүүнээс шууд хамаардаг. Манай экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 70 орчим хувийг зэс, нүүрс дангаараа эзэлдэг. Өнгөрсөн жил зэс, нүүрс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр асар өндөр үнэ хүрлээ. 2020 оны хагас жилээс эхлэн зэсийн үнэ тн тутамдаа таван мянган ам.доллараас 10 мянган доллар давж өссөн юм. Өөрөөр хэлбэл, зэсийн экспорт хийдэг улс оронд эдийн засгаа өсгөх сайхан боломж гарч ирсэн гэсэн үг. Өмнөд Америкийн хоёр улсыг онцолсон нь учиртай. Манайхтай ижил зэс экспортлогчид. Тэд манай хаяанд байгаа өмнөд хөрш рүү тив дамнан зэсийн экспорт хийж эдийн засгаа өсгөж чадлаа.

-Тэгвэл нүүрсний экспорт ямар байв?

-Нүүрсний хувьд ч ялгаагүй. Бид нүүрсний үнийн супер циклийг огт ашиглаж чадсангүй. Коксжих нүүрсний үнэ өмнөд хөршид 600 ам.доллар давсан ч манай төрийн өмчит компаниуд хэд дахин хямдаар борлуулалт хийсэн. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүйд хүрсэн нь нэн харамсалтай. Энэ нь цар тахлаас бус харин Засгийн газар төмөр замаа тавьж чадаагүй, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэх асуудлаар хөрш орнуудтайгаа хэлэлцээ хийж, зохион байгуулж чадаагүйтэй холбон үзэхээс өөр аргагүй. Хэрэв Засгийн газар экспортын бүс нутгаа ковидгүй байлгаж чадсан бол түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл манай эдийн засгийг хэд дахин тэлэх байлаа. Харамсалтай нь, бид ийм сайхан алтан боломжоо алджээ.

-Цар тахлын эсрэг Засгийн газраас хоёр ч томоохон хөтөлбөр хэрэгжүүллээ. Хэр оновчтой шийдлүүд болж чадсан бэ?

-Цар тахал дэлхий нийтэд тархахтай зэрэгцэн улс орнууд олон төрлийн хөнгөлөлттэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Манайх ч ялгаагүй, 2020 оны дөрөвдүгээр сарын эхнээс авч хэрэгжүүлсэн “Ажлын байрыг хадгалж, иргэдийн амьжиргааг хамгаалах”-д чиглэсэн гэх тодотголтой, 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Гэвч өнөөг хүртэл тайлангаа тавиагүй. Өнгөрсөн жилийн эхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Өмнөх хөтөлбөрт хаягдсан зарим чухал арга хэмжээг нөхөн оруулж хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай. Тухайлбал, репо санхүүжилт, гурван хувийн хүүтэй аж ахуй нэгжүүдийг дэмжих хөнгөлөлттэй зээл, ипотекийн хөтөлбөрүүд багтсаныг онцолмоор байна. Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хүн амын зорилтод хэсгийг эрчимтэй вакцинжуулж хол хориог үе шаттай сулруулснаар аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагаа сэргэх хандлага анзаарагдсан.

Энэ хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар нийтдээ 15.1 их наядаар хэмжигдэх хоёр томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нэмээд донор улс орон, санхүүгийн олон улсын байгууллагуудаас нэг тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч ашиглаад байна. Эрдэнэт үйлдвэрээс 650 тэрбум, Оюутолгой компанийн арбитрын шүүхийн барьцаанд байсан нэг их наяд төгрөг гэх мэтээр ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан. Энэ дүнг ДНБ-д харьцуулсан хэмжээ нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр хувь эзэлнэ. Харамсалтай нь асар их хэмжээний хөрөнгө зарцуулаад гарсан үр дүн дэндүү чамлалттай байгаа. Өөрөөр хэлбэл, манай улсын их наядаар хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд “бай”-гаа оноогүй эсвэл хугацаа хожимдож хэрэгжүүлсэн нь эдийн засагтаа сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлт хийж болно.

-Сар шинийн баяр дөхөөд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци хоёр оронтой тоонд хүрсэн талаар мэдээлж байна. Инфляц ингэж өсөхөд юу нөлөөлсөн бэ?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын Үндэсний статистикийн газрын мэдээллээр улсын хэмжээнд инфляцийн түвшин 13.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувьд хүрчээ. Энэ нь Монголбанкны зорилтот түвшнээс хоёр дахин давсан үзүүлэлт юм. Эрх баригчид үнийн өсөлт буюу инфляцийн шалтгааныг тээвэр ложистикийн гацалт, шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Гэвч аливаа инфляцийн суурь шалтгаан нь төсөв, мөнгөний бодлогын алдаанд оршдог. Иймээс ч дэлхий нийтэд инфляцийг төрийн “үл үзэгдэх татвар” гэж нэрлэдэг юм. Инфляцийн үндсэн шалтгаан нь Засгийн газрын тооцоо судалгаагүй тав, арван их наядын хөтөлбөр. жижиг зах зээлд олон их наядаар хэмжигдэх хэмжээний мөнгө цутгаж болохгүй. Буруу бодлогынх нь үр дүн ийнхүү жилийн дараа инфляциар илэрч байгаа хэрэг.

-Инфляцийн өсөлт зөвхөн тээвэрлэлтээс хамаарчихав?

-Цар тахлаас улбаатай дэлхийн улс орнууд олон төрлийн хөнгөлөлттэй арга хэмжээнүүд, мөнгөний зөөлөн бодлого авч хэрэгжүүлсэн нь инфляци өсөх үндсэн шалтгаан болсон юм. Эрх баригчид инфляцийн өсөлтийг нийлүүлэлтийн шалтгаантай гэж тайлбарладаг. Инфляци ийнхүү өсөхөд БНХАУ-ын хилээр нэвтрэх ачаа тээврийн хязгаарлалттай холбоотойгоор импортын бараа бүтээгдэхүүний өртөг өссөн нь үнэн.

Нөгөө талаас дотоодын шатахууны үнэ өссөн нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ, хүнсний бүлгийн барааны үнийг нэмэгдүүлсэн. Гэвч нийлүүлэлтийн гаралтай, түр зуурын шинжтэй хүчин зүйлс инфляцид нөлөөлж байна гэж тайвшрах нь ноцтой байдалд хүргэж болзошгүй. Монголбанкныхан мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлж ирсэн нь инфляци нэмэгдэх үндсэн шалтгаан юм. Mөнгөний нийлүүлэлт 2021 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 их наяд төгрөгөөр өсчээ. Засгийн газраас нийгмийн халамжид зориулж 2020 онд хоёр их наяд 550 тэрбум төгрөг, өнгөрсөн жил мөн ийм хэмжээний бэлэн мөнгө тараасан. Мөн Төвбанктай хамтран цар тахлын эсрэг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байгаа нь зээл олголтыг нэмэгдүүлж байгаа мэт харагдавч зах зээлд бэлэн мөнгө ихээр нийлүүлж байна.

Сүүлийн жилүүдэд хэт өндөр зардалтай төсөв баталж байгааг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Төсвийн хөрөнгө оруулалтууд ч их наядаар хэмжигдэх болсон. Энэ бүгд нийлээд мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлсэн. Мөнгөний нийлүүлэлтийг ингэж гаргууд нь хаях аваас инфляци гэрлийн хурдаар өснө. Тэгэхээр төсөв, мөнгөний бодлого буруу явж байгааг “хэт хөөсөрсөн” мөнгөний зах зээл инфляцийн дүнгээр дамжуулан анхааруулж байна гэж ойлгож болно.

-Хилийн боомилолтын асуудал манайд ихээхэн хүндрэл учруулсаар байна. Үнийн өсөлтийг шийдэх гарцыг та юу гэж харж байна вэ?

-Инфляци буюу үнийн өсөлтийг тийм ч хурдан шийдэх боломжгүй. Урд байгаа чингэлгүүдээ татаад авчихаар өргөн хэрэглээний бараа эргээд хэвэндээ орчих нь юу л бол. Төрийн зүгээс иргэдийнхээ орлогыг үүсэж бий болсон инфляцийн дүнгээс өндөр орлоготой болгох алхмуудыг л хийх үлдсэн. Гэвч манай эдийн засагт ийм хэмжээний асуудлыг шийдвэрлэх санхүүгийн нөөц үлдээгүй. Иймээс инфляци ойрын жилдээ өнөөгийн Засгийн газрын толгойн өвчин байх болов уу.

2020 оны статистикийн дүнгээр манай улсын нийт иргэдийн гуравны нэг нь ядуу ангилалд багтаж байгаа. Өнгөрсөн жил энэ тоо өссөн гэдэгт би бат итгэлтэй байна. Одоо хоёр иргэний нэг нь ядуу ангилалд орсон. Дэлхийн банкны тооцооллоор дэлхийн нийт хүн амыг орлогын түвшингээр нь таван бүлэгт хуваадаг. 2011 оны худалдан авах чадварын үнэлгээгээр өдрийн орлого нь хоёр ам.доллараас бага бол ядуу ангилалд ордог. Дунджаас доогуур ангилалд 2-10 ам.долларын орлоготой иргэдийг оруулдаг. Эндээс дүгнэж үзвэл манай улсын нийт иргэдийн 90 хувь нь дунджаас доогуур ангилалд орохоор байна.

-УИХ-аас хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний бодлого хэр оновчтой байв?

-Монголбанк Засгийн газарт дөрлүүлсэн учраас бие даасан бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Засгийн газрын дохио зангаагаар үргэлжлүүлэн ажиллах аваас инфляци улам бүр өсөх магадлалтай. Сүүлийн жилүүдэд төсвийн бодлого тун тааруу байгаа гэж хэлж болно. Сүүлийн хэдхэн жилд төсвийн зарлага хэт данхайлаа. Гэвч манайулсын эдийн засагт ийм хэмжээний өсөлт харагдахгүй байна. Төсвийн зардлыг сүүлийн жилүүдэд гурав дахин нэмсэн ч манай улсын ДНБ ердөө 12-13 тэрбум ам.долларт эргэлдэж, нэг иргэнд ногдох ДНБ-ний хэмжээ 4000 ам.долларт уяастай арван жил өнгөрчээ. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, энэ оных бараг гурван их наяд төгрөгт хүрч, ирэх жил 2.4 их наяд төгрөг байхаар УИХ хуульчлан батлаад байгаа. Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10 орчим их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх шийдвэр гаргалаа. Энэ нь цаашид үнэ өсөх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах, валютын нөөц буурах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах зэрэг олон муу үр дагавар дагуулна. Эхнээсээ үнэ өсөх буюу инфляцаар дамжин илэрч байна.

-Цар тахал энэ онд ч үргэлжлэх нь. Цар тахалтай үеийн манай улсын эдийн засаг ямар байх төлвийг та хэрхэн харж байна?

-Энэ жил Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг багагүй хүндрэл хүлээж байна. Дэлхийн зах зээл дээрх уул, уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ өсч, эрэлт нэмэгдсэн. Гэхдээ “Ковид 19” цар тахлын элдэв хувилбарууд тархсантай холбоотой хилийн боомтууд дээр хүндрэл үүснэ. Түүхий эдийн экспорт үргэлжлэн гацах нь эдийн засгийн өсөлтийн хурдцыг сааруулж, жилийн эцсээр ДНБ хэмжээнд нөлөөлөх нь тодорхой байна. Мөн өнгөрсөн хоёр жилийн төсвийн алдагдал долоон их наяд 400 орчим тэрбум төгрөг болсон. Энэ онд ч төлөвлөснөөс их алдагдал гарах шинжтэй байна. Засгийн газар гоё ганган уриа лоозонгоор хөөцөлдөх бус хямралын суурь болоод байгаа төсөв, мөнгөний буруу шийдвэрүүдээ эргэн харах, гадаад өрийн асуудлыг анхааралдаа авах, эдийн засгийн эрс шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг 2021 оны эдийн засгийн нөхцөл байдал маш тодорхой илтгэн харуулж байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Балжиннямтай, улаагчин гахай өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 3, Бархасвадь гариг. Билгийн тооллын 2, Чөдөр одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 8:17 цагт мандан, 17:55 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхруулах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгжйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын туурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас хялмаална. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Халх голын сав газраар, өдөртөө Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 38-43 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 31-36 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.