Categories
мэдээ энтертаймент-ертөнц

II Элизабета Их Британийн хаан ширээнд суусны 70 жилийн ой тохиолоо

Их Британийн хатан хаан II Элизабетагийн хаан ширээнд суусны 70 жилийн ой өнөөдөр /2022.2.6/ тохиож байна. II Элизабета нь Нэгдсэн вант улсын түүхэнд хамгийн удаан хаан ширээнд сууж буй хүн болж буйгаараа олон улсын анхаарлыг татдаг.

Тэрбээр эцэг, VI Жоржийг таалал төгссөний дараа 1952 оны энэ өдөр албан ёсоор хаан ширээг залгамжилсан юм. Хааныг таалал төгссөн гэнэтийн мэдээг тухайн үед 25 настай гүнж Элизабета Кени улсад айлчилж байгаад сонссон.

Queen Elizabeth supports Camilla using a queenly title : NPR

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай уулзалт хийлээ

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд цар тахлын амаргүй нөхцөлд Бээжингийн өвлийн Олимпыг амжилттай зохион байгуулж буй БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмэнд баяр хүргэв.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь хоёр талын хөгжлийн эрх ашигт харилцан нийцнэ гэдэгт санал нэгдлээ.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангахаар тохиролцлоо.
Мөн хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр нягт хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Айлчлалын үеэр Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарлаа.

Мөн эдгээр боомт болон Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарч буйг мэдэгдэв.

Түүнчлэн “Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг хэвийн байдалд ортол буюу 2026 он хүртэл гурван жилээр сунгах талаар ярилцлаа.

ОХУ, БНХАУ болон Европын Холбоо, БНХАУ-ын худалдааны эргэлт дээд хэмжээнд хүрч байгаа цаг үед БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгад дэвшүүлсэн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх хүрээнд олон жилийн хугацаанд яригдсан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар зөвшилцлөө.

Ерөнхий сайд нар ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Ерөнхий сайд нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыгонцлон тэмдэглэж, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслүүд, тухайлбал “Нэг тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж, Бээжингийн Өвлийн XXIV олимпын наадмын нээлтэд биечлэн оролцож байгаад талархал илэрхийлэв.

Түүнчлэн Олимпын наадмыг улс төржүүлэх ёсгүй хэмээн мэдэгдсэнийг Хятадын төр, засаг, ард түмэн баяртайгаар хүлээн авсныг тэмдэглэв.

Юуны өмнө, цар тахлаас үүдэж, хязгаарлалтад ороод буй Замын-Үүд-Эрээн боомтыг хэвийн горимд оруулах асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд айлчлалын хугацаанд Хятадын талын холбогдох албан тушаалтнуудтай хийх нэмэлт уулзалтуудыг товлолоо.

Тэрбээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, иргэдийн харилцан зорчих болон тус улсад суралцаж буй Монгол Улсын оюутнуудыг БНХАУ-д очиж, танхимаар хичээллэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийн зэрэгцээ БНХАУ-д суралцах тэтгэлгийг нэмэгдүүлэхээ илэрхийлэв.

Цар тахлын эсрэг тэмцэлд Хятадын тал цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, Ковид-19-ийн эсрэг вакцин нийлүүлэх боломжтойг илэрхийллээ.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэхийн тулд боломжит бүхий л хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүд боомт хэвийн ажиллаж эхэлжээ

Замын-Үүд боомт хэвийн ажиллаж эхэлжээ. Тодруулбал, Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-4-нд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтыг дөрвөн өдөр хааж, хоёрдугаар сарын 5-нд нээсэн аж.

Баярын өдрүүдэд Замын-Үүд боомтод цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулах, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулах, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулан ажилласан талаар албаныхан мэдээлжээ.

Мөн Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авчээ. Чингэлэг тээвэрлэлт эхэлснээс хойших хугацаанд буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-31-ний байдлаар 814 тээврийн хэрэгслээр 1036 чингэлгээр 16 280 тн ачаа татаж аваад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутнууд маргаашнаас цахимаар хичээллэнэ

Их дээд сургууль болон МСҮТ-ийн сурагчид маргаашнаас цахимаар хичээллэнэ. Тодруулбал, өнгөрөгч сард Засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийг халдвартын тархалттай холбогдуулан сурагчдын амралтыг нэг долоо хоног сунгасан билээ. Сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн хичээллэх хуваарийг хүргэж байна.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ.

МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос айн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Ё.Басхүү Парисын их дуулгад түрүүлж, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулга хоёрдугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээнд нийт 52 орны 285 тамирчин оролцож байна.

Тэмцээний эхний өдөр манай улсын найман жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Ан Баулыг ялж түрүүллээ.

Мөн зоодог тайлаад удаагүй байгаа, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийг орлон -48 кг жинд зодоглосон Б.Баасанхүү финалд Японы Нацүми Цүнодад ялагдан мөнгөн медаль хүртсэн.

Харин эрэгтэйчүүдийн -73 кг жинд олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн.

  • Мөн эмэгтэйчүүдийн -57 кг жинд Л.Энхрийлэн тавдугаар байр эзэлсэн
  • эрэгтэйчүүдийн -60 кг жинд Э.Ариунболд долоодугаар байр эзэлсэн
  • эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой долоодугаар байр эзэлсэн
  • эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр эхний шатанд ялагдсан
  • эрэгтэйчүүдийн -73 кг жинд О.Уранбаяр эхний шатанд ялагдсан

Хоёрдугаар сарын 6-ны 19:00 цагаас манай таван жүдоч зодоглоно. Үүнд:

  • Эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир
  • Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн
  • Эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл
  • Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Ц.Энхчимэг
  • Эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн нар барилдана.
Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ц.Чинтөгс: Өдөрт багадаа дөрөв, ихдээ 12 цаг шууд дамжуулалт хийдэг


Сошиалаар стрийм хийдэг Streamer “CTS” буюу Ц.Чинтөгстэй ярилцлаа.


-“Стрийм” гэж яг юуг хэлж байна вэ, энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Шууд дамжуулалтыг л стрийм гэж байгаа юм. Миний хувьд тоглоом тоглож түүнийгээ шууд дамжуулдаг. Үзэгчидтэйгээ шууд харилцаатайгаар сэтгэл хөдлөл, үзэл бодлоо илэрхийлж байгаа хэлбэр.

-Хэзээнээс стрийм хийж эхэлсэн бэ?

-Яг гурван жил нэг сар болж байна. 2018 оны зул сарын баярын өдөр анхны стриймээ хийсэн. Анх тэмцээний шууд дамжуулалт хийж тайлбарладаг байсан. Хэдэн сарын дараагаас өөрөө тоглож, стрийм хийж эхэлсэн.

-Яагаад стрийм хийх болов?

-Гаднын стриймийг зургаа, долоон жил үзэж байна. Эхэндээ гаднынхан л хийдэг, гоё юм гэж боддог байсан. Тэмцээний тайлбарлагч хийгээд би өөрөө хийж болох юм байна гэсэн сэдэл авсан. Багаасаа компьютер тоглоомонд дуртай хүүхэд байсан л даа. Миний хувьд энэ бол шинэ зүйл биш, үздэг байсан зүйлээ л хийж эхэлсэн. Тоглоомоо хийдэг хүн болно гэж боддог байсан ч яг үнэндээ тоглодог л хүн байсан юм билээ. Сүүлд олж мэдсэн (инээв).

-Ямар тоглоомууд тоглодог вэ?

-Би утсан дээр огт тоглоом тоглодоггүй. Байж болох бүх компьютерийн тоглоомуудыг тоглосон. Би барууны тоглоом, мэдээллийг үзэх дуртай. Тийм болохоор үздэг юмаа л тоглодог. Манай улсын айл бүр компьютертой байх боломжгүй учраас утасны тоглоом их байдаг. Хэрвээ “PubG Mobile” тоглоомоор стрийм хийсэн бол илүү амжилттай явах байсан байх. Гэхдээ сонирхдоггүй ээ.

-Таны бодлоор Монголын хамгийн сайн “Streamer” хэн бэ?

-Би.

-Стрийм хийж эхэлснээс хойш таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарав?

-Би уг нь хичээлдээ сайн, дүүрэг, олон улсын медальтай, Засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурч байсан. Польш улсад сурч байгаад сэтгэлээр унаад буцаад ирсэн юм. Тухайн үед сайн охинтойгоо үерхэх, гадаадад сурах гэсэн хоёр том мөрөөдөлтэй байсан. Хоёуланг нь биелүүлээд, алдсан. Сэтгэлийн хямралд орж Монголдоо ирэхэд дуу цөөнтэй, өдөрт 100 үг л хэлдэг байсан байх. Ээждээ Монголд үргэлжлүүлж сурч байгаа гэж худлаа яриад стрийм хийж эхэлсэн. Үүнийг хийснээр хүмүүст тоглоомоо тайлбарлаж, ярьж байхдаа би яг л сэтгэл зүйчтэй уулзаж байгаа юм шиг мэдрэмж авдаг болсон. Яваандаа өөрийгөө илэрхийлж, үзэгчид маань надад дуртай болж би ч тайвширч эхэлсэн. Урьд нь өөртөө дургүй байсан. Сэтгэл дотор бугласан зүйлсээ бага багаар гаргаад, амьдрах, илүү сайжрах хүсэлтэй болсон.

-Гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан бэ?

-Огт дэмждэггүй, тоглоомоо боль хичээлээ хий гэдэг байсан. Эхний удаа тэтгэлэгт хоёрдугаар шатандаа унасан юм. Тэр үед ээж “Чи долоо хоногийн тоглоом тоглодог нэг өдрөө хичээлээ хийсэн бол тэнцэх байсан” гэж хэлдэг байсан. Тухайн үед би долоо хоногийн зургаан өдөр 12-13 цаг хичээлээ хийж, нэг өдөр нь амардаг байлаа. Ээжийн хувьд байж болох хамгийн муу, муухай зүйл бол тоглоом байсан. Ээж жил орчмын өмнөөс энэ бол миний ажил гэдгийг хүлээн зөвшөөрсөн, ээжээсээ илүү орлоготой болж тусдаа гарсан.

-Нууц биш бол сарын орлого хэд вэ?

-Ойролцоогоор гурван сая гаруй төгрөг.

-Таны стриймийг өдөрт дунджаар хэдэн хүн үздэг вэ?

– Зарим үед 1000-1500 хүн, дунджаар 500-600 хүн үздэг.

-Ажилдаа өдөрт хэдэн цагийг зарцуулдаг вэ?

-Стрийм хийж эхэлж байхдаа орлогогүй, сургуульгүй гэрийн ажлаа хийж дүүгээ хооллож, сургуульд нь хүргээд бусад бүх цагийг стриймдээ зарцуулдаг байсан. Хоёр жил гаруй маш их хичээсний үр дүнд одооноос арай багасч байна. Одоогоор өдөрт 8-10 цагийг л зарцуулж байгаа.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач…

-Юу ч болж байсан өмнөх ажлаа л хамгийн сайнаараа хийе гэж боддог. Стриймер болох хүсэлтэй хүүхдүүдэд зориулж ямар нэг ажил хийнэ. Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй л байна. Эхлээд өөрийгөө илүү сайжруулахыг хичээж байна.

-“100-ийн хайр”-д тоглож байсан гэсэн. Реклам, кинонд тоглох санал ирж байна уу?

-“100-ийн хайр”-д богино хэсэгт орсон. Рекламанд тоглох санал ирдэг. Нэг удаа кинонд тоглох санал ирсэн, би айдаг гэх юм уу. Постер зургаа ч хийж чадахгүй кино олон байна, тийм киноны хэсэг болохыг хүсдэггүй. Гэхдээ жүжигчин нь жүжигчнээ хийж, стриймер нь стриймерээ хийсэн нь дээр гэж боддог.

-2020 онд сондгой тоотой саруудад стриймээрээ хандив цуглуулж байсан. Одоо үргэлжилж байгаа юу?

-Хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард “Шамбала 2056” төсөлд 142 модны таван жилийн усалгаа, арчилгаанд таван сая төгрөг хандивласан. Одоогоор хандивын ажлаа 10 сая болгоод түр зогсоосон байгаа. Үргэлжлүүлбэл илүү томоор, өргөн цар хүрээтэй хийх байх. Компьютер тоглоом гэхээр харанхуй нүхэнд pc-нд донтчихсон хүмүүс гэдэг ойлголт түгээмэл байдаг. Хүмүүсийн буруу ойлголтыг өөрчлөхийн тулд хандив цуглуулахыг санаачилсан. Стрийм хийснээр хүн орлоготой болж, сайн үйлсэд нэгнийгээ уриалж чаддаг гэдгийг харуулах гэж эхэлсэн. 2020, 2021 онд “Ид шидийн орон”-д төрсөн өдрөөрөө 24 цагийн турш стрийм хийж 640 мянган төгрөг хандивлаж байсан. Мөн “Азтай савар амьтанд хайртай залуус”-ын нэгдэл, “Эрдэм” сайн дурын байгууллага, Цусны төв зэрэг газарт зургаан удаагийн нийт 2.5 сая орчим төгрөг хандивласан. Хамгийн гол нь их мөнгө хандивлахдаа биш, хандивын аян, тусалж болохоор газрууд байдаг гэдэг мэдээллийг хүмүүст өгөх нь чухал шүү дээ.

-Таны ютүб суваг 140 мянган захиалагч, фэйсбүүк хуудас 247 мянган дагагчтай. Ихэнх стриймерүүдийн ютуб суваг орхигддог нь ажиглагдсан. Өдөрт хэдэн цагийг сувгуудаа хөгжүүлэхэд зарцуулдаг вэ?

-Миний ажил зөвхөн стрийм хийх биш. Өдөрт багадаа дөрөв, ихдээ 12 цаг шууд дамжуулна. Дуусаад 3-4 цаг бичлэгээ монтажлаад ютубдээ байршуулдаг.

Үргэлжлүүлээд үзэгчдийн илгээсэн зургийг сошиал хуудаснаа оруулна гээд стрийм хийж дууссанаас хойш 3-5 цаг зарцуулдаг. Ямар нэг нууц жор байхгүй, зүгээр л өнөөдрийг хүртэл бүх ажлаа өөрөө тогтмол хийсний үр дүн. Одооноос л хүн цалинжуулах хэмжээнд хүрч байна. Зарим ажлыг хүнд даатгахгүй бол их ядарч байна.

-Стриймер болох хүсэлтэй залууст юу гэж зөвлөх вэ?

-Чи чадна л гэж бодож байвал чадна. Эхний хэдэн жил их ажиллана, гэхдээ гоё л доо. Стриймерүүдийг ажиглахад зүгээр тоглох л дуртай юм шиг санагддаг. Бичлэгээ монтажлах, стриймээ сайжруулахын тулд судалгаа хийх хэрэгтэй.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Тэгшбаяр: Олон улс авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг дэмждэггүй

“Трансперенси интернэшнл” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяртай авлигын индексийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улс 2021 онд авлигын индексээр оноо ахиулж чадах уу гэдэг асуудал хүлээлттэй байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын хувьд 2020 онд хийсэн ажлаа энэ удаа үнэлүүлнэ. Гэхдээ авлигын индексийг албан ёсоор зарлахаас нааш мэдээлэл задлах боломжгүй.

-Авлигын индексийг ямар үзүүлэлтээр гаргадаг юм бэ?

-Дэлхийн 180 орны авлигын төсөөллийн индексийг “Транспресси интернэшнл” байгууллагаас гаргадаг. Ингэхдээ нэг эх сурвалжийн мэдээллийг барьдаггүй. Ер нь 3-13 эх сурвалжаар баталгаажуулж гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл, олон улсын хөгжлийн болон судалгааны байгууллагуудын судалгааны дүнг дунджилж гаргаж ирдэг оноо.

Манай улсын хувьд өмнө нь 2015 он хүртэл тав, 2015-2019 онд ес хүртэлх эх сурвалжаар үнэлэгдэж байсан. 2021 оны авлигын төсөөллийн индексийг найман эх сурвалж дээр суурилж гаргана. Дэлхийн банкны Улс орнуудын бодлого, институцийн үнэлгээ өнгөрсөн жил гараагүй учраас энэ удаад ашиглагдахгүй. Үндсэн найман эх сурвалжийн хоёр нь эрсдэлийн үнэлгээ, дөрөв нь хоёр жилд нэг удаа үнэлэгддэг, үлдсэн нь жил тутамд үнэлэгддэг үнэлгээнүүд байгаа.

-Ерөнхий сайдын захирамжаар авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг үр дүнтэй ажиллаж чадав уу?

-Ерөнхий сайдын захирамжаар 2021 оны долдугаар сарын 16-нд авлигын индексийг бууруулах төрийн байгууллагын оролцоог хангасан өргөн хүрээтэй Ажлын хэсэг байгуулагдсан. Үндсэн зөвлөхөөр “Трансперенси интернэшнл” байгууллага ажиллаж байгаа. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд Ажлын хэсгийн үйл ажиллагаа 2021 оны төсөөллийн индекст үнэлэгдэхгүй. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд хийсэн ажлын үнэлгээ дараа жил буюу 2022 оны үнэлгээнд орно. Учир нь Ажлын хэсэг байгуулагдах үед 2021 оны авлигын индексийн судалгаа, үнэлгээ бүгд гарчихсан байсан. 2020 оны дундаас 2021 оны дунд хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаагаар 2021 оны авлигын төсөөллийн индексийг үнэлж гаргана.

-Тэгвэл 2021 оны хагас жилээс өмнөх нөхцөл байдлыг ярих хэрэгтэй болох нь. Авлигын индексийг өсгөж байгаа гол шалтгаан авлига, албан тушаалын хэргүүд гэж яригддаг. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Үе, үеийн Засгийн газрын энэ тэргүүний асуудал яалт ч үгүй авлигыг бууруулах чиглэл байсан. Авлигыг буруулна гэж өмнөх Засгийн газрууд ял шийтгэл, авлигын гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр голдуу анхаарсан. Хэдийгээр эдгээр нь үр дүнд хүрсэн, хүрээгүй гэх янз бүрийн шүүмжлэл дагуулдаг ч асуудлыг цогцоор нь харж үзэж байгаагүй. Харин энэ Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого, авлигын төсөөллийн индексийг барьж авсан нь асуудалд цогц байдлаар хандъя гэсэн чиглэл ажиглагдаж байна.

Авлигын индексийг гаргахад бүх эх сурвалжууд яг адилхан зургаан зүйлийг л чухалчилдаг. Нэгд, иргэдийн үндсэн эрхийг хангах тогтолцоо буюу хүний эрхийг хангах чадамж. Хоёрт, улс төрийн тогтвортой байдал, бодлогын тогтвортой байдал, хүчирхийллийг шийдвэрлэх арга хэлбэр. Гуравт, төрийн үйл ажиллагааны үр дүнтэй байдал. Дөрөвт, зохицуулагч байгууллагын үйл ажиллагааны чанар хүртээмж, тав дахь нь хууль дээдлэх байдал. Зургаад, авлигын хяналт гэсэн асуудалд бүх эх сурвалжуудын үнэлгээ хийдэг.

Эдгээр эх сурвалжийг 100 хувь гэж үзэх юм бол авлигын хяналт буюу гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэгтнийг баривчлах, шийтгэх асуудал дунджаар 14 хувийг л эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, авлигын индекс гэдэг зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал биш, цогц асуудал. Энэ утгаараа авлигыг төсөөллийн индекстэй холбож авч үзэх нь бодит үр дүнд хүрэх хамгийн боломжтой зорилт.

Ажлын хэсгээс 2021 оны наймдугаар сард авлигын индексийг бууруулах ерөнхий төлөвлөгөө баталсан. 49 арга хэмжээг дөрвөн чиглэлээр хэрэгжүүлэхээр тусгасан. Ойролцоогоор 15 орчим хууль тогтоомж, зарим нь шинээр боловсруулагдах, зарим нь өөрчлөлт оруулахаар төлөвлөгдөж байгаа. Төрийн үйл ажиллагааны чанар хүртээмж, зохицуулагч байгууллагын үйл ажиллагааг чанаржуулах, иргэнд ойртуулах гэх мэт ажлууд багтсан. Дээрээс нь цахимжилт, үйл ажиллагааг илүү хүртээмжтэй болгох ёстой.

Эцэст нь авлигын хяналтын чиглэлээр гэмт хэргийг шийдвэрлэж байгаа үйл явц дээр дүн шинжилгээ хийж, ялын бодлогод өөрчлөлт оруулах, дагнасан шүүх байгуулах эсэх дээр судалгаа хийгдэхээр байна. Үр дүнгийн хувьд одоо дүгнэхэд эртдэх байх.

-Авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй байгаа тоон мэдээлэл гарсаар байна. Үүний шалтгаан юу юм бэ?

-Нэг талаараа тоо нэмэгдэнэ гэдэг сайн ч байж болно. Гомдол мэдээлэл нэмэгдэхийн хэрээр шалгалт нэмэгдэж байна гэсэн үг. Ялангуяа сүүлийн хоёр жилд огцом өссөн дүнтэй байна. Энэ бол нэг талаараа сайн. Үүнийгээ дагаад мэдээлж байгаа бүх гомдлыг АТГ шалгах үүрэгтэй. Харин муу гэдэг нь авлига, албан тушгаалын гэмт хэрэгт төрийн янз бүрийн түвшний албан тушаалтнууд оролцсоор байна. Оролцсон гэдэг нь янз бүрийн байдлаар илэрсээр байна.

Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах хуулийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээд батлагдвал тодорхой хэмжээний ахиц гарч, дахиад ч тоо нэмэгдэх магадлалтай. Ингэснээр хэргийн тоо дахиад л өснө гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах, яллах ажиллагаа, шүүхэд нэг мөр ойлголт дутмаг байсан гэж харагддаг учир нь авлигын хэргийг хянан шийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд цөөн байна. Манайх преседент хэрэглэдэггүй учраас шүүхийн шийдвэр янз бүр гарах нөхцөл байдал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг зохицуулахын тулд Ажлын хэсгээс хийх арга хэмжээ бол дагнан мэргэшүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлгийг татварын тайлантай уялдуулах тогтолцоо бүрдүүлэх гэх мэт юм. Энэ чиглэлээр олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаа шаардлагатай, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ гэж найдаж байна.

-Төрийн өндөр албан тушаалтан үйлдсэн гэмт хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлдэг болсон нь олны бухимдлыг төрүүлсээр байна. Сайн туршлага ямар байдаг юм бэ?

-Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 44 орны эрүүгийн хууль тогтоомжид хийсэн судалгаа байдаг. Аливаа улс оронд хэргийг шүүхийн журмаар ч, хялбаршуулсан журмаар ч шийдвэрлэх боломжтой. Хялбаршуулсан журам их түгээмэл. Сайн тал нь цаг хугацаа хэмнэдэг, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг, заавал хохирлоо барагдуулдаг. Түүнээс гадна шүүх, прокурор, мөрдөн байцаагчийн ажиллагаа хөнгөвчлөгддөг. Үүнийг дагаад өмгөөлөгчийн зардал ч буурах боломжтой.

Харин сөрөг тал нь хялбаршуулсан журмаар хэрэг тохиролцоно гэдэг прокурорын чадвартай шууд холбоотой. Ял өгөх гэж байгаа прокурор тухайн хэрэгт яаж тохиролцох вэ гэдгээ шийддэг. Бусад орны жишээг харахад цагаан захтны гэмт хэрэг гэж нэрлэгддэг төрийн албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхийг зөвлөдөггүй. Түүнээс гадна иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа төрийн албан тушаалтан ашиг сонирхол гаргах нь ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тэр утгаараа авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг дэмждэггүй. Хэдий ийм ч улс орны эрх зүйн зохицуулалт янз бүр. Манай улсын хувьд бол хялбаршуулсан журмаар хэд, хэдэн хэрэг шийдэгдчихлээ. Иргэдээс маш олон шүүмжлэл гарч байна. Гэхдээ хууль тогтоомжид нь энэ нөхцөл боломж нь одоогоор байгаад байна. Цаашид өөрчлөгдөх байх.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш Эрүүгийн хуульд тодорхой өөрчлөлтийг оруулахаар төлөвлөөд явж байна. Энэ хүрээнд ялын бодлогод өөрчлөлт орж ирнэ. Авлигын хэргийн ялыг чангаруулах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгөөд байгаа. Түүний хажуугаар хялбаршуулсан журмаар авлига, ашиг сонирхлын хэргийг цаашид шийдвэрлэх эсэх нь судлагдаж гарч ирнэ.

-ХОМ-ийг татварын тайлантай уялдуулахаар болсон талаар өнгөрсөн оны сүүлчээр болсон авлигын эсрэг чуулганы үеэр хөндөгдсөн. Үүнийг тодруулахгүй юу?

-Олон улсад өргөн хэрэглэгддэг авлига, ашиг сонирхлын зөрчил шийдвэрлэхэд өндөр ач холбогдолтой хоёр аргачлалыг судална гэсэн төлөвлөгөө байна. Жишээ нь, би нэг сая төгрөгийн цалинтай ч миний сарын хэрэглээ 50 сая байгаад эсвэл тансаг хэрэглээ улам өсөөд байх юм бол ямар нэгэн асуудал байж таарна. Орлого зарлагыг баланслаад, илүү гарч байгааг үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой. Тэгж чадаагүй хөрөнгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Энэ чиглэл рүү олон улсын сайн туршлагыг авч нэвтрүүлэхээр төлөвлөгөөнд тусгаад байна.

-Эрүүгийн хуульд үндэслэлгүй хөрөнгөжих тухай заалт бий. Хуулийн зохицуулалт байдаг хэрнээ яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ?

-Олон асуудалтай. Юуны өмнө бид эхлээд татварын тогтолцоогоо бүрдүүлээд дараа нь хөрөнгө орлогыг хянах, үндэслэлгүй хөрөнгөжихийг уялдуулж, үе шаттай тогтоох, төлөвлөх ёстой байсан. Олон улсын хэдэн арван жил хэрэгжсэн тогтолцоог одоо л хэрэгжүүлэх гэж байна. Хууль боловсруулах нь зөвхөн хууль мэддэг хүмүүсийн хийдэг ажил биш. Нийгэм, эдийн засаг, дэлхийн чиг хандлага, сайн туршлагыг ч мэддэг хүмүүсийн оролцоо дутмаг байсан юм болов уу гэж хардаг.

-Улс төрийн тогтвортой байдалд ямар үнэлгээ өгөх вэ. Авлигын индексийн бас нэг үзүүлэлт юм байна шүү дээ?

-Улс төрийн тогтвортой байдалд олон хэмжүүр багтдаг. Засаг төр, бодлого хэр тогтвортой байв, иргэдээс хэр их жагсаал, үймээн гарав, тэдгээрийг яаж зохицуулж байна, үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн, хамтын ажиллагаа, хууль бодлогын түвшинд тогтвортой хэрэгжиж чадаж байгаа эсэх багтана. Үүнээс гадна хүчний байгууллагууд иргэдийн цуглааныг зохицуулах асуудал ч улс төрийн тогтвортой байдлын үнэлгээнд авч үздэг.

Өнгөрсөн хугацаанд засаг харьцангуй тогтвортой байлаа. Тэгэхээр Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа гэдгээр унахгүй байх. Гэхдээ бодлогын тогтвортой байдал гэдэгт харж үзэх зайлшгүй шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого тодорхойгүй болчихсон байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдэг эдийн засагт маш үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна сайн туршлагыг нэмэгдүүлж байдаг. Үүнийг дагаад гадны санхүүжилт тусламж дэмжлэг, төсөл хөтөлбөр дээр иргэний нийгмийн чиглэлээс хяналт хэрэгжүүлэхэд туслалцаа дэмжлэг, туршлага орж ирдэг. Энэ утгаараа гадаадын хөрөнгө оруулалтын бодлого нь тогтвортой байна уу, хэрэв шүүмжлэл гарсан бол тухайн асуудлыг засч залруулж байна уу гэдэг чиглэлээр үнэлгээ хийгдэнэ гэсэн үг. Манай улсын хувьд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулсан ч өөрчлөлтийг баталж чадсангүй. Энэ асуудлыг хурдан шийдэх нь авлигын төсөөллийн индескт ч хэрэгтэй, цаашлаад эдийн засагт ч хувь нэмэртэй.

-Иргэд эрхээ нэхсэн жагсаал цуглаан цөөнгүй боллоо. Улс төрийн тогтвортой байдалд авч үздэг нэг үзүүлэлт энэ юм бол таны хэлснээр тогтвортой байж чадах уу?

-Тухайн асуудал нь авлигын төсөөллийн индексийг үнэлдэг найм, есөн эх сурвалжийн тайланд л орсон байх ёстой. Зарим тайлан асуулгаар дүгнэгдэж байгаа. Иргэд, хууль хэрэгжүүлэгчид, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, өмгөөлөгчид гээд төрөл бүрийн салбар чиглэлийн хүмүүсээс асуулга авдаг. Түүн дээрээ дүн шинжилгээ хийж гаргаж ирдэг. Энэ асуулгын үеэр иргэдийн жагсаал цуглаанд хэн нэгэн оролцож хариу мэдээлэл өгсөн үү гэдгээс тайлангийн үнэлгээ шалтгаална.

Нөгөө талаар асуулга биш юм аа гэхэд ерөнхий нөхцөл байдлын үнэлгээг олон улсын хөгжлийн байгууллага дүгнэж тайлангууд гаргадаг. Тэгэхээр нөхцөл байдлын үнэлгээ дүгнэлт, хуулийн хэрэгжилт, хүчний байгууллагын хууль тогтоомжоо хэрэгжүүлж байгаа байдлыг яаж дүгнэхээс шалтгаалж дараа жилийн авлигын төсөөллийн индекст тусгагдана.

-Авлигын индекс гаргадаг зургаан хүчин зүйлийн нэг нь хүний эрхийг хангаж байгаа тогтолцооны талаар авч үздэг юм байна. Хүний эрхтэй холбоотой асуудал өнгөрсөн жилийн гол сэдвүүдийн нэг байсан. Нэг ёсондоо хүний эрх зөрчигдсөн асуудал бүх шатанд хөндөгдсөн. Магадгүй авлигын индекст нөлөөлөх эрсдэлтэй байх нь ээ?

-Дэлхий нийтээр ковид 19 цар тахал дэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд гэнэтийн шийдвэрүүд гаргах шаардлага төр засагт бий болсон. Авлигын төсөөллийн индекст гэнэтийн нөхцөл байдалтай холбоотой гаргаж байгаа төрийн шийдвэрийн хэрэгжилт, хүний эрхийн зөрчил, төрөөс гаргаж байгаа шийдвэрт иргэдийн оролцоог хангаж байгаа эсэхийг үнэлдэг болж эхэлсэн.

Хүний эрхийн зөрчил өнгөрсөн хугацаанд гарсан гэж үздэг. Энэ тал дээр алдаа дутагдал гарсаар байвал цааш мэдэгдэх олон улсын хүний эрхийг хангах байгууллагууд байдаг. Харамсалтай нь тэр олон байгууллага руу өнгөрсөн хугацаанд хандсан эсэх талаар мэдээлэл алга. Угтаа бол манайх олон улсын хамтын байгууллагын гишүүн улс. Гишүүн улсын хувьд иргэдийн эрх зөрчигдсөн нөхцөлд мэдээллийг хүргэх эсвэл олон улсын тайлан, судалгаа, асуулгад оролцож дуу хоолойгоо хүргэх л хэрэгтэй.

-Сүүлд өргөн баригдсан Холбооны эрх зүйн тухай хууль ихээхэн маргаантай хэвээр үргэлжилж байна. Энэ асуудал 2022 оны авлигын индекст сөргөөр нөлөөлөх алхам болсон гэх байр суурь дуулдах боллоо?

-Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдвал авлигын төсөөллийн индекст сөргөөр нөлөөлнө гэдгийг анхааруулмаар байна. Зургаан чиглэлийн гурваар, есөн эх сурвалжийн бүгдээр үнэлэгдэнэ. 2016 оны өвөл ФАТФ буюу санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын харилцан үнэлгээ хийгээд ашгийн бус байгууллагуудтай холбоотой наймдугаар зөвлөмжийн хэрэгжилтэд хэд, хэдэн зөвлөмж өгсөн.

Гэхдээ ФАТФ-ын өгсөн зөвлөмж Монгол Улсын төрийн байгууллагаас боловсруулсан үндэсний эрсдэлийн үнэлгээнд суурилж гаргасан дүгнэлт. Үндэсний эрсдэлийн үнэлгээ өөрөө ашгийн бус салбарыг эрсдэлтэй гэж үзсэн. Гэвч яагаад эрсдэлтэй гэдгээ тодорхой гаргаагүй байсан. ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх гарын авлагад зөвлөснийг шууд хүлээж авсан юм болов уу гэж харагдсан. Уг нь улс орон бүрт энэ төрлийн эрсдэл харилцан адилгүй байдаг. Мөн нэгэнт үндэсний эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлтэй гээд үнэлчихээд аль чиглэл нь ямар эрсдэлтэй юм бэ, үүний дагуу ямар арга хэмжээ авахыг тодорхойлоогүй.

ФАТФ ашгийн бус салбар гэсэн хэсэгтээ юуг багтаах нь танай асуудал. Харин аль чиглэл нь илүү эсвэл бага эрсдэлтэй вэ гэдгийг гаргаж, эрсдэлийн үнэлгээн дээр суурилсан зохицуулалт хийх шаардлагатай гэсэн. Гол асуудал ерөөсөө энэ. Хууль гарга ч гэж хэлээгүй. Иргэний нийгмийн байгууллага, ялангуяа төрийн бус байгууллага мөнгө угааж байна гэсэн агуулга хаана ч байхгүй.

Мөн бэлэн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг, жишээ нь шашны байгууллагад мэдээлэл өгөх чиглэлээр хийсэн ажил тодорхойгүй, ТЕГ терроризмтой тэмцэх чиглэлээр ТББ-уудыг хянаж шалгасан баримт нотолгоо хангалтгүй гэсэн үндэслэлийг тодруулахыг хүссэн.

-Төрийн бус байгууллагууд тайлангаа тавьдаггүй, санхүүжилт нь хаалттай байна гэсэн шүүмжлэл байдаг. Хуулийн төсөл хэлэлцэгдэх үеэр бүр ч илүү яригдлаа шүү дээ?

-Санхүүжилтийг ил болгохыг харин эсрэгээрээ иргэний нийгмийн байгууллагууд эртнээс шаардаж ирсэн. Төрийн бус байгууллага бүгд хуулийн дагуу санхүүгийн тайлангаа өгдөг. Тайлангаа өгөөгүй бол үйл ажиллагаа зогсоосонд тооцно. Одоогийн хуулиар үйл ажиллагааны чиглэлийг дүрэмдээ заагаад тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулбал татвараас хөнгөлөгдөнө. Үүнээс өөр ашгийн үйл ажиллагаа явуулбал татвараас хөнгөлөгдөхгүй гэж зохицуулчихсан байгаа шүү дээ.

Гэтэл одоо 50 хувьд нь эдийн засгийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт оруулж ирсэн гэж байна. Хэрэв төрийн бус байгууллага ашгийн бус бол энэ ямар хэрэгтэй байх вэ. Ашгийн үйл ажиллагаа явуулж байгаа бол одоо хэрэгжиж байгаа бусад хуулийн этгээдэд хамааралтай хуулиараа зохицуулагдах ёстой. Татвараа авах ёстой байтал яагаад одоо авч чадахгүй байгаа юм бэ.

ФАТФ бол асуудлыг эрсдэлийн үнэлгээнд суурилаад зохицуул гэсэн. Манайхан зохицуул гэдгийг хууль шинээр боловсруул гэсэн ойлголтоор хүлээж авч гурван чиглэлд салгаад гурван хуулийн төсөл боловсруулсан байдаг. Сүүлд ашгийн бус байгууллагын тухай хуулийн төсөл нь байхгүй болоод Сангийн тухай хууль, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл өргөн баригдлаа.

Ингэхдээ төрийн оролцоо төрийн бус байгууллагуудын удирдлага үйл ажиллагаанд нэмэгдэж орж ирсэн. Энэ бол одоогийн байгаа нөхцөл байдлаас ерөөс дээрдээгүй, юуг ч зохицуулж чадахгүй хуулийн төслүүд.

-Санхүүжилтийн асуудал дээр тодруулахгүй юу?

-Олон улсаас санхүүждэг төрийн бус байгууллага 60-70 хувь байна. Ингэхээс өөр аргагүй, төрөөс дэмжлэг байдаггүй. Хоёрт, төрийн байгууллагуудаас зарлагдаж байгаа төслийн уралдаан, шалгаруулалтыг авдаг нэг хэсэг байна. Энд төрийн албан хаагчидтай авлигын асуудал эсвэл ашиг сонирхлын асуудал дагалдахгүй бол захын нэг ТББ санхүүжилт авах боломжгүй. Дийлэнх нь сонирхлын зөрчилтэй этгээддээ төслөө өгдөг. Тэр нь чанаргүй. Угтаа төрийн зүгээс тэдгээр ТББ дээр л анхаарлаа хандуулах ёстой байсан. Төрийн албан хаагчид нь төсөл өгөөд хувь хүртдэг гэж байна. Тэгэхээр энэ асуудлыг зохицуулахгүйгээр бусад энгийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагыг буруутгах өнцөгөө болгож ашиглаж байгаад харамсалтай байна.

Хуулийн зохицуулалт нь санхүүгийн тайлангаа ил тод болго гээд оруулсан бол боломжтой байсан. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчид хэн багтдаг, төрийн байгууллагаас тендер шалгаруулалт, төслийн уралдаанаа хэдэн төгрөгөөр ямар төсөл хөтөлбөр авч хэрэгжүүлж байна гэдгийг хоёр талаасаа ил болгох ёстой. Ингэж зохицуулж болох л байсан. Ингэж байж ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх нөхцөл бүрдэнэ.

Үүнийг хариуцаж боловсруулсан салбарын яам нь мэдээллээ дутуу өгсөнд харамсч байна. Ялангуяа концепцийн хувьд өөрчлөгдсөн хуулийн төслүүд дээр иргэний нийгмийн байгууллагын санал огт аваагүй хэрнээ УИХ-ын чуулган дээр санал авсан гэж он сар дурдахдаа өмнөх хуулийн төсөл дээр авсан саналын огноог дурдсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл болсон. Дээрээс нь шийдвэр гаргагчдад өгч байгаа мэдээлэл нь иргэний нийгмийн байгууллагыг нийтээр нь буруутгасан, санхүүгийн ил тод байдлаа хангамааргүй байна гэж тэмцсэн юм шиг ойлголт төрүүлж байгаа нь харамсалтай.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Дашнямтай өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 6, Адъяа гариг. Билгийн тооллын 6, Дэлгэрүүлэгч одтой цагаан бар өдөр. Өдрийн наран 8:13 цагт мандан, 17:59 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түүлэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн туурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтэйн уулcаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Твиттерт олон өгүүлбэр нийтлэх боломжтой болно

“Твиттер” хуудас жиргээчдэд зориулан шинэ програм туршиж эхлэхээр ажиллаж эхэлжээ. Articles гэх функцын тусламжтайгаар жиргээчид одоогийнхоос илүү олон үгтэй, урт өгүүлбэр нийтэлж, жиргэх боломж бүрдэх аж.

2006 онд “Твиттер” хуудас бий болохдоо хэрэглэгчдэд зөвхөн 140 тэмдэгтэд багтсан мэдээлэл оруулах боломжийг олгосон. Энэ нь “Твиттер”-ийн гол ялгарах онцлог байсан. Харин 2017 онд тэмдэгтийн тоог хоёр дахин ихэсгэж, 280 тэмдэгтэд багтаан үзэл бодлоо цомхон илэрхийлэх боломжийг олгосон юм.