Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2022 оны 02-р сарын 05-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 12-14 хэм хүйтэн байна.


2022 оны 02 сарын 05-ны 20 цагаас 02 сарын 06-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтийн уулcаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.


2022 оны 02 дугаар сарын 07-ноос 02 дугаар сарын 11-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 7, 8-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Categories
мэдээ нийгэм

Мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеэс 10-50 см нимгэн байна

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулсаар байна. Манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа ч 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байгаа ажээ. Тиймээс мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй гэж үзэж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Он гарснаас хойш улсын хэмжээнд мөс цөмөрсөн долоон удаагийн дуудлага бүртгэгдээд байжээ. Найм дахь дуудлага нь Цагаан сарын баярын үеэр бүртгэгдсэн байна. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Доод модот булан гэдэг газар цагаан өнгийн LEXUS-570 маркийн автомашин хажуу бөөрөөрөө нуурын мөс рүү цөмөрсөн дуудлага өчигдөр (2022.02.05) тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 12 алба хаагч, хоёр автомашинтай, Цагдаагийн тасгаас нэг алба хаагч, тусгай хамгаалалтын газрын нэг алба хаагч ажиллаж автомашиныг татан гаргасан байна.

Categories
мэдээ спорт

Э.Даваанасан мөнгө, Д.Цогзолмаа хүрэл медалийн эзэн боллоо

Иван Ярыгиний Гранпригийн сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий V байрын шагналт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан мөнгөн медалийн эзэн боллоо.

Ийнхүү тэрбээр сүүлийн дөрвөн жил дараалан тус тэмцээнээс медаль (2019 онд мөнгө, 2020, 2021 онд хүрэл медаль хүртэж байв) зүүгээд байна. Э.Даваанасан алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Ксения Бураковатай барилдав. Түүнтэй нэг хэсэгт таарч барилдаж ялагдсан бөгөөд финалд дахин таарч цэвэр ялагдав.

Энэ жинд барилдсан Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин, Замын-Үүдийн уугуул охин Доржсүрэнгийн Цогзолмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Анна Маслаковаг цэвэр дарж тус тэмцээнээс анхны медалиа хүртсэн.

Манай бөх өмнөх өдөр нь хэсэгтээ түүнийг ялсан бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд дахин яллаа.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцааны тодорхой асуудлуудаар ярилцав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятад улс хүн төрөлхтний эв нэгдэл, энхтайвны бэлгэдэл болсон олимпын наадмыг цар тахлын хүнд үед товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд өнгөрсөн оны 7 дугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийснээс хойш 6 сар гаруйн дараа дахин биечлэн уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлалд монголын тал өндөр ач холбогдол өгч байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэмдэглээд хоёр талын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, Монгол, Орос, Хятад 3 улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцсоноос гадна хоёр талын хооронд олон жилийн турш яригдсан Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замыг холбох ажлыг шуурхайлах, цөлжилт, шар шороон шуургатай хамтран тэмцэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, БНХАУ руу мах болон хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хятадын тал Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төслүүдийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдээд дээр дурдсан төмөр замуудыг холбох ажлыг шуурхайлах, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Бээжин-2022: БНХАУ анхны алтан медалиа хүртжээ

“Бээжин-2022” өвлийн Олимпийн наадмын шорт-трекийн холимог багийн буухиа тэмцээнд өрсөлдсөн БНХАУ-ын тамирчид эх орондоо анхны алтан медалийг авчирлаа.

Хятадын тамирчин Фэнь Кэсинь, Чу Чунью, Рэнь Живэй, У Дажин нар 2:37.348 минутад барианд орсноор алтан медалийн болзол хангажээ. Тэдний араас Италийн тамирчид 2.37.364 минутын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Унгарын баг /2:40.900/ хүрэл медалийн эзэд болсон байна.

Өнөө өглөөний байдлаар, Норвегийн баг тамирчид хоёр алтан медаль хүртсэн амжилтаар медалийн чансааг тэргүүлж байгаа бол Словени нэг алт, нэг хүрэл медальтайгаар хоёрдугаарт, зохион байгуулагч орон болох Хятад болон Нидерланд, Шинэ Зеланд, Шведийн тамирчид нэг алтан медальтайгаар гуравдугаарт жагсаж байна.

Эдгээр орнуудын араас Итали /хоёр мөнгөн медаль/, Канад /нэг мөнгө, нэг хүрэл/, ОХУ-ын Олимпын хороо /нэг мөнгө, нэг хүрэл/, Франц /нэг мөнгө/, Герман /нэг мөнгө/, АНУ /нэг мөнгө/, Австрали /нэг хүрэл/, Австри /нэг хүрэл/, Унгар /нэг хүрэл/, Японы /нэг хүрэл/ баг тамирчид удаалж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

БЭЭЖИН-2022: ОХУ-ын уран гулгагч Камила Валиева тэргүүлж байна

Бээжингийн өвлийн олимпийн наадмын уран гулгалтын багийн тэмцээний эмэгтэй богино, эрэгтэй чөлөөт үзүүлбэр өнөөдөр явагдаж байна. Өчигдөр бүжиг, спорт хос, эрэгтэй богино үзүүлбэрийн дараа АНУ-ыг баг 28 оноотой тэргүүлж, ОХУ 26 оноотой удаалж байв.

Тэгвэл өнөө өглөө эмэгтэй богино үзүүлбэр болж, Оросын тамирчин Камила Валиева итгэл төгс тэргүүлж, багаа эхний байрт авч ирлээ. Хоёрдугаар байрт Японы Вакаба Хигучи, гуравт Канадын Мэдлин Шизас оров.

Үүний дараа эрэгтэй чөлөөт үзүүлбэр эхэлнэ. АНУ-ын баг Нейтан Чений оронд Винсент Чжоуг гаргах бол ОХУ-аас Марк Кондратюк гулгана.

Дөрвөн үзүүлбэрийн дараах байдал:

  1. ОХУ — 36.
  2. АНУ — 34.
  3. Япон — 29.
  4. Канад — 24.
  5. Хятад — 22.
  6. Гүрж — 22.
  7. Итали — 20.
  8. Чех — 15.
  9. Герман — 8.
  10. Украин — 8.

Эхний таван баг чөлөөт үзүүлбэр үзүүлэх эрх авсан бол маргааш багийн тэмцээн өндөрлөнө.

Маргааш:

9:15 — спорт хос, чөлөөт үзүүлбэр

10:30 — бүжиг, чөлөөт үзүүлбэр

11:35 — эмэгтэй, чөлөөт үзүүлбэр

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд 18:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр /2022.02.06/ Улаанбаатар хотод суурин 152 цэгт 152 багийн 722 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана. Тэдгээрийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
гадаад мэдээ

Газпром болон “CNPC” 10 тэрбум шоо метр хий нийлүүлэх гэрээ байгуулав

Энэ арын 4-ний өдөр Газпром болон БНХАУ-ын төрийн өмчит нефтийн компаниуд 10 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх урт хугацааны гэрээг байгуулсан тухай мэдээлсэн. Тэгвэл уг гэрээний дэлгэрэнгүйг Тасс агентлаг онцолжээ.

ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх “хоёр дахь” гэрээг үзэглэсэн нь хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд чухал алхам боллоо гэж талууд мэдэгджээ. Талууд энэ жил нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ 48 тэрбум шоо метрт хүргэх нь Сибирийн хүч 1-ээр урсах байгалийн хийтэй “нийлүүлэн тооцоолсон” үзүүлэлт юм.

ОХУ-ын хий дамжуулах хоолойн хий нь тус улсын зүүн хэсгийн, хамгийн том хийн тээврийн систем болох “Сибирийн хүч-1”-ээр дамжин Хятадад хүрдэг. “Сибирийн хүч-1” хий дамжуулах хоолойн экспортын хүчин чадал нь жилд 38 тэрбум шоо метр юм. “Газпром” болон Хятадын төрийн өмчит нефтийн компаниуд 2014 онд 30 жилийн гэрээг үзэглэж, 2019 оны арванхоёрдугаар сард Оросын байгалийн хий “Сибирийн хүч-1” хоолойгоор дамжин Хятадад хүрч эхэлсэн юм.

Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр Газпром компани “Союз Восток” хийн хоолойн төслийн, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан тухай мэдэгдсэн юм. Уг хоолой нь манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болж, БНХАУ-д жилд 50 тэрбум шоо метр хийн нийлүүлэх юм. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хийн хоолойн нийт урт 962.9 км болно. Төслийн барилгын ажил 2024 онд эхэлж, 2027-2028 онд ашиглалтад орох төлөвтэй байна гэж Тасс агентлаг онцолжээ.

Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчлах үеэрээ Казахстанаар дамжуулан 10 жилийн хугацаанд 100 сая тонн газрын тос нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Түүхий эдийг Хятадын баруун хойд хэсгийн үйлдвэрүүдэд боловсруулж, тус улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээг хангах болно гэж Роснефть онцлон тэмдэглэлээ. 2005 оноос хойш Роснефть БНХАУ-д 445 сая тонн газрын тос нийлүүлсэн байдаг.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 насны УАШТ болно

Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 насны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-23-нд “Royal 3×3 Event Hall”-д болохоор болжээ.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 насны улсын аварга шалгаруулах тэмцээнд 2006 оноос хойш төрсөн тамирчид оролцох бөгөөд хот, дүүрэг, аймаг, сургууль, клубийн баг өрсөлдөх аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдрийн байдлаар хилийн 0 цэгээс 49 чингэлэг татан авчээ

Улаанбаатар төмөр зам ХНН-ээс чингэлэг тээврийн мэдээллийг танилцууллаа.

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар хилийн тэг цэгээс 40 автомашин дээр 30 ширхэг 40 футын чингэлэг, 19 ширхэг 20 футын чингэлэг бүхий төрөл бүрийн түүвэр, өргөн хэрэглээний ачаа бараа зэрэг нийт 49 чингэлгийг татан авчээ.

Чингэлгийн өдөр тутмын дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн цахим хуудаснаас авах боломжтой.