Categories
гадаад мэдээ

Украины сэтгүүлч хэрхэн Киевээс хүүтэйгээ гарсан тухайгаа хуваалцжээ || DNN.mn

Украины сэтгүүлч хэрхэн Киевээс хүүтэйгээ гарсан тухайгаа хуваалцжээ

ВВС агентлагийн Украин дахь салбарын эрхлэгч Марта Шокало хүүтэйгээ хамт хэрхэн Украинаас гарсан тухайгаа хуваалцжээ.

Тэрээр “Би үүрийн 3 цагт сэрээд хүүтэйгээ Киевээс явах ёстойгоо ойлгосон. Хотын хойноос болон бусад чиглэлээс танкууд орж ирж байсан. Оросын цэрэг хотыг бүсэлж, удахгүй нэвтрэх нь ойлгомжтой байлаа. Радиогоор өглөөний 8 цаг хүртэл агаараас цохилт өгөх магадлалтайг анхааруулж байв. Пүрэв гарагт олон хүн машинаараа Киевээс гарч, Польшийн хил рүү Львов хотыг зүглэн явж байсан. Нөхөр маань Киевт байгаагүй юм. Би нөхөр рүүгээ яриад, хадмынхаа байдаг тосгон руу явах гэж байгаагаа хэлсэн. Хүү маань /пүрэв гарагт/ өдөржин айснаасаа болж дагжин чичирч байсан учраас нөхөр бид хоёр хүүгийнхээ төлөө энэ шийдвэрийг гаргасан юм.

Өнөөдөр би дахиад жаргалтай байгаагаа мэдэрсэн. Гэхдээ арай өөрөөр. Киевээс гарч чадсандаа, амьд үлдсэндээ, хүүтэйгээ хамт аюулгүй газар хүрсэндээ жаргалтай байлаа.

Би юмаа цуглууллаа. Хэзээ буцаж ирэхээ мэдэхгүй болохоор авч явж чадах бүхнээ аваад гарсан. Тосгонд зун хүртэл амьдарч магадгүй учраас усны хувцсаа ч авлаа. Өглөө 07:30 цагт бид хоёр гэрээсээ гараад зүүн тийш чиглэн явав. Киевээр явсаар л байлаа. Зүүн тийшээ зам чөлөөтэй байсан юм. Хотын захад Украины танкуудтай тааралдав. Танкууд бидний эсрэг зүгт, Киев рүү чиглэн явж байлаа.

Бид хоёртой орос цэргүүд тааралдаад зогсоочих вийдээ гэж бодон явлаа. Би цаг үргэлж “Тийшээ л хүрэх хэрэгтэй, тийшээ л хүрчих юмсан” гэж бодсоор явсан. Би замдаа зогсож, утсаа шалган шинэ мэдээ гарсан эсэхийг шалгаж байв. Тэгж би Киевийн хойд захын Оболоньд тулаан болж байгааг мэдсэн. Тэнд амьдардаг ажлынхан маань яаж тэндээсээ гарах вэ гэцгээж байна.

Аймшигтай зүйлс тохиолдож байсан ч нарлаг сайхан өглөө болж, хаврын урь орсон байлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан.

Хэдэн цагийн дараа бид тосгонд очсон. Бид ноднин жимс түүж байсан моддын хажуугаар өнгөрлөө. Өнөөдөр би дахиад жаргалтай байгаагаа мэдэрсэн. Гэхдээ арай өөрөөр. Киевээс гарч чадсандаа, амьд үлдсэндээ, хүүтэйгээ хамт аюулгүй газар хүрсэндээ жаргалтай байлаа. Энд интернэттэй учраас би ажлаа хийж чадна. Цахилгаан тасалдвал цахилгаан үүсгүүр хэрэглэчихнэ.

ВВС агентлагийн хамтран ажиллагсдын маань аюулгүй байдал надад чухал байна. Зарим нь Киевээс өөр газар амьдардаг найз нөхөд, хамаатан саднаа хайж байна. Би бүгдийг нь хадмындаа урьж байна. Энд хоосон байшин зөндөө бий. Тэдгээр байшинд суувал ззэд нь баярлацгаах болно. Оросын танкууд хэзээ ч ийшээ ирэхгүй гэж бодож байна. Би Киев дэх гэр лүүгээ буцаад явж чадах болов уу? Хэн ч мэдэхгүй” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Украинаас найман иргэнээ Польшид авчраад байна || DNN.mn

Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргажээ | News.MN

Гадаад харилцааны яамнаас “Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас нэг, Польшийн хил дээр ирсэн гурав, нийт дөрвөн иргэнээ авлаа. Өчигдөр орж ирсэн дөрөв, өнөөдөр орж ирсэн дөрөв, нийт найман иргэнээ одоогийн байдлаар Польшид авчраад байна. Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авах зорилгоор Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно” гэж мэдэгдлээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, Украин дахь монгол оюутнуудаа татан авах ажилд зориулж, 500 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээлсэн билээ.

Украин дахь монгол иргэдийн нөхцөл байдлын талаар ГХЯ-наас Монголын цагаар 15.00 цагт өдөр бүр мэдээлэл өгөхөөр болсон.

ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд өмнө нь “Украины Харьков хотод Монголын 18 оюутан, дөрвөн байнгын оршин суугч байна. Киев хотод 12 оюутан, гурван байнгын оршин суугч байгаа юм. Мөн Кировоград хотод хоёр оюутан байна. Харьковт байгаа оюутнууд “дайн” эхэлснээс хойш хоргодох байранд байсан. Зарим оюутан хоргодох байрнаас гарч, оюутны дотуур байр болон бусад байр руу явсан. Тус хотод нөхцөл байдал хэвийн болж байна. Киевт байгаа иргэд оюутны байрандаа байгаа. Кировоград болон бусад хотод байгаа иргэд гэр гэртээ байгаа гэсэн мэдээлэл ирсэн” хэмээн мэдээлсэн билээ.

Харин Берегове хотод суралцдаг нэг оюутан Украинд түр зорчиж байсан гурван монгол иргэний хамт Польш улсын хил нэвтэрчээ. Энэ иргэнийг Польш улсын Варшав хотод очиход нь Монгол Улсын ЭСЯ-наас тосож, байранд оруулж, Монгол руу ирэх ажлыг зохион байгуулах юм байна.

“Польш улс нь дайнаас дайжиж буй иргэдийг өөрийн улс руу виз болон бусад шаардлага тавихгүй 15 хоног нэвтрэхийг зөвшөөрч байгаагаа зарласан. Энэ хүрээнд Польш улсаар хил нэвтрэх иргэдийн жагсаалтыг тус улсад хүргүүлсэн” гэж онцолсон юм.

Энэ сарын 26, 27-нд 21 оюутныг Харьков-Истанбул чиглэлийн нислэгээр татан авахаар суудал захиалсан ч тухайн нислэг цуцлагдсан тул дараагийн хувилбар буюу иргэдээ газраар татан авах хувилбар руу шилжиж буйг тодотгосон билээ. Тэрбээр “Бид Харьковт байгаа иргэдээ ойр гэдэг утгаар нь ОХУ руу татаж авах боломж байгаа эсэхийг судална. Киев болон бусад хотод байгаа оюутнуудаа Польш, Унгар, Чех гэсэн орноор татан авах боломжийг судалж байна” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Гуравдугаар сарын цаг агаарын төлөв || DNN.mn

Маргааш ихэнх нутгаар цас орно | News.MN

Гуравдугаар сард салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 14–16 м/с, зарим үед 18–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байгаа.

Хүчтэй цасан болон шороон шуурганы эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбоотой ард иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухайд нь авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

2022 оны гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн /ОЖД/ орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.

Хур тунадас Баян-Өлгий, Завханы ихэнх нутаг, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд, Увсын зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 2–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Архангайн өмнөд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 2–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр аравхоногийн сүүлч, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн турш ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр аравхоногийн сүүлч, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас ОЖД–ийн орчим орох төлөвтэй.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Салхины хурд нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр 14–16 м/с, зарим үед 18–22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх талаар уулзалт хийв || DNN.mn

Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ)-ыг Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д элсүүлэх үйл явцыг хурдасгах, зах зээлд нэвтрэх талаар манай улстай хийх хоёр талын яриа хэлэлцээг эцэслэх чиглэлээрх уулзалтыг цахимаар зохион байгууллаа.

Уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ахлав. Тэрбээр, БНУзбУ нь ДХБ-ын гишүүн болох чиглэлээр идэвхтэй ажиллаж буйг нь сайшааж, тус байгууллагын гишүүн болсноор олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэх үйл явцад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа. Энэ талаар айлын талтай үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Манай хоёр улс нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшин доогуур байгаа нь хоёр улс далайд гарцгүйн улмаас худалдааны зардал, зарцуулж буй хугацаа их байгаатай холбоотой аж.

БНУзбУ нь ДХБ-д гишүүнээр элссэнээр манай хоёр улс нэн тааламжтай үндэсний нөхцөлөөр худалдаа хийх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн, Төв Азийн чиглэлээр хөгжүүлж буй манай улсын гадаад бодлогыг тэнцвэртэй байлгах үүднээс тус улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг Гадаад харилцааны яам мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Тавинбэх: Мянгадын нарны цахилгаан станц ашиглалтад орсноор Ховд аймгийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломж бүрдэнэ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх баруун аймгуудад хийх албан томилолтын хүрээнд Ховд аймгийн Мянгад суманд баригдаж буй 10МВт-ын нарны цахилгаан станцын барилга угсралтын ажилтай биечлэн танилцлаа.

Мянгад сумын тав дугаар багийн нутаг дэвсгэрт баруун бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор баригдаж буй 10МВт-ын нарны цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын барилга угсралтын ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2022 оны 4 дүгээр сард ашиглалтад орох юм.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд иргэдээ авах зорилгоор хил дээр очжээ

Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас 1, Польшийн хил дээр ирсэн 3 нийт 4 иргэнээ авлаа.

Өчигдөр орж ирсэн 4, өнөөдөр орж ирсэн 4 нийт 8 иргэнээ одоогийн байдлаар Польшид авчраад байна.

Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авах зорилгоор Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно.

Categories
мэдээ цаг-үе

В.Путин: ОХУ Киевтэй дээд түвшний яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна || dnn.mn

ОХУ Киевтэй дээд түвшний яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж В.Путин Хятад улсын дарга Ши Жиньпинтэй утсаар ярихдаа хэлжээ.

Киевтэй дээд түвшний яриа хэлэлцээ хийхэд Москва бэлэн байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярих үеэрээ хэлжээ.

Хятадын ГХЯ-ны албан ёсны цахим хуудаст баасан гарагт тавигдсан мэдэгдэлд “ОХУ Украины талтай дээд түвшний яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэсэн байна.

Киевийн хүчирхийлэл, геноцидын улмаас найман жилийн турш зовж шаналж буй ард түмнийг хамгаалахын тулд Донбассын /Украины зүүн нутгийн Донецк болон Луганск мужийн/ удирдагчдын хүсэлтээр тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдлээ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин пүрэв гарагийн өглөө телевизээр үг хэлэх үеэрээ мэдэгдсэн юм.

Мөн Украины газар нутгийг эзлэх төлөвлөгөө Москвад байхгүй гэдгийг В.Путин онцлон тэмдэглэсэн билээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын яам пүрэв гарагт мэдэгдэхдээ “Оросын цэргүүд Украины хотуудад цохилт өгөөгүй. Харин Украины цэргийн дэд бүтцийг нарийн зэвсгээр устгаж байна” гэсэн юм.

ОХУ цэргийн ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор Украин улс пүрэв гарагийн өглөөнөөс эхлэн орон даяараа байлдааны бэлэн байдалд шилжээд байна.

Эх сурвалж: TASS

Categories
гадаад мэдээ нийгэм

Олон мянган дүрвэгч Украины баруун хилийг давж байна || DNN.mn

Оросын цэрэг Украины нийслэл болон бусад хотуудад цохилт өгч байгаатай холбоотойгоор олон мянган хүн тус улсын баруун хилээр хөрш орнууд руугаа дүрвэж эхэлжээ.

Ерөнхийлөгч Зеленский цэргийн насны эрчүүдийг эх орноосоо гарч явахыг хориглосон тул дүрвэгчдийн ихэнх нь хүүхдүүд, эмэгтэйчүүд, өндөр настнууд байна.

Польш, Словак, Унгар, Румын, Молдов улсын эрх баригчид дүрвэгчдийг хүлээж авах, байрлуулах, хоол хүнсээр хангах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Эдгээр орнууд коронавирусийн шинжилгээ авах зэрэг хилээр нэвтрэхтэй холбоотой журмуудаа цуцалж, хөнгөвчилсөн байна.

Дүрвэгчид галт тэрэг, автомашинаар мөн явган ирж байгаа ажээ.

Германы гадаад хэргийн сайд Анналена Баербок үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Украины бүх дүрвэгчдийг Европын Холбоо хүлээж авахад бэлэн байгаа тухай мэдэгдсэн байна.

“Бид ийм байдалд хүргэхгүй байх бүх арга хэмжээг авсан. Гэвч Оросын ерөнхийлөгч дайн эхлүүлж, хүмүүсийн амь насыг золиосолж эхэллээ. Тиймээс бид дүрвэж ирж буй бүх хүмүүсийг хүлээж авна” гэж тэр хэлжээ.

НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан агентлагийн тооцоолсноор одоогийн байдлаар Украинд 100,000 гаруй хүн орон гэрээ орхиж яваад байгаа гэнэ. Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл 4 сая хүртэл тооны хүн эх орноосоо дүрвэх тооцоо гарсан байна.

Дүрвэгчдэд нэлээд хатуу ханддаг Унгар улсын эрх баригчид Украинаас ирж буй бүх хүмүүсийг хамгаалалтдаа авах шийдвэр гаргажээ.

Унгарын засгийн газар өмнө нь Ойрх Дорнодын дүрвэгчдийг газар нутагтаа нэвтрүүлэхгүйн тулд хил дээрээ хана хэрэм босгож байсан юм. Польш улс мөн хөрш Беларусь улсаас Ойрх Дорнодын дүрвэгчдийг нэвтрүүлэхгүйн тулд хил дээрээ хаалт босгож байв.

Харин энэ удаа Унгар, Польш улсууд Украины дүрвэгчдэд нэлээд ялгаатай хандаж байна.

Украины баруун хязгаарын Транскарпатад 150,000 орчим унгар үндэстэн амьдардаг. Угсаа гарал, хэл соёлын нэгдмэл байдал нь эдгээр улсуудыг Украины дүрвэгчдэд ялгаатай хандахад нөлөөлж байгаа бололтой.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 390 хүн коронавирусийн халдвар авч, нас баралт бүртгэгдээгүй || DNN.mn

Түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах 18 цэгийн байршил - Said.mn

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээг ЭМЯ-наас хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 390 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй. Үүнээс:

  • Улаанбаатарт- 187
  • Орон нутагт- 203 хүн халдвар авчээ.

Ковидын улмаас 2835 хүн эмнэлэгт, 9452 хүн гэрийн хяналтад эмчилгээг үргэлжлүүлж байна. Нас барсан хүний тоо 2095 болжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Украины зэвсэгт хүчин бууж өгвөл ОХУ хэлэлцээ хийхэд бэлэн гэлээ

Украины зэвсэгт хүчин бууж өгвөл Москвагийн эрх баригчид хэлэлцээ хийхэд бэлэн байгааг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр Донецкийн болон Луганскийн БНУ-ын гадаад хэргийн сайд нартай уулзсаныхаа дараа зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр ийм мэдэгдэл хийсэн байна.

“Украины зэвсэгт хүчин манай ерөнхийлөгчийн уриалгыг хүлээн авч, эсэргүүцлээ зогсоон зэвсгээ хаясан тохиолдолд бид яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байна. Хэн ч тэдэн рүү довтолж, дарамтлахыг хүсэхгүй байгаа тул гэр гэртээ харьж, Украины ард түмэнд ирээдүйгээ сонгох боломж олгох хэрэгтэй байна” гэж Лавров хэлжээ.

Тэрбээр Орос улс үргэлж яриа хэлэлцээ хийхэд бэлэн байсаар ирснийг энэ үеэр онцолсон байна.

Гэвч Украин дахь орос хэлтэй хүн амын нөхцөл байдал хүндэрч, тэвчээрийн хил хязгаарыг давсан тул байлдааны ажиллагаа явуулахаас өөр аргагүй болсон гэж Лавров тайлбарлажээ.

“Орос хэл, боловсрол, Оросын үнэн алдартны сүм хийдийн эсрэг тэд юу хийснийг би олон удаа ярьж байгаа. Манай өрнөдийн найз нөхөд ийм зүйл өөрсдөд нь тохиолдож байна гээд төсөөлөөд үзэх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл тэд ийм зүйлийг тэвчих боломжгүйг ойлгоно” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Украинаас салсан хоёр мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр Москва-Киевийн харилцаа эрс муудсан юм.

Үүний дараа Оросын цэрэг салан тусгаарласан Донецк, Луганск мужуудад нэвтрээд зогсохгүй Украины газар нутгийн гүнд цөмрөн ороод байна.

ОХУ-ын тал уг ажиллагаагаа өнгөрсөн найман жилийн турш геноцидын золиос болж зовсон орос хэлтэй хүн амыг хамгаалах, Украин улсыг нацизмаас ангижруулах зорилготой гэж зөвтгөж байгаа юм.