Categories
мэдээ спорт

Садио Мане тэргүүтэй Сенегал анх удаа Африк тивийн аварга боллоо

Садио Мане тэргүүтэй Сенегал анх удаа Африк тивийн аварга боллоо

Африк тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 33 дахь удаагийн тэмцээн “Africa Cup of Nations (AFCON)”-ийн финалын тоглолт өнгөрсөн шөнө Сенегал, Египетийн хооронд боллоо.

Английн Ливерпүүл клубийн довтолгооны хослол болох Садио Мане, Мохамед Салах нар энэ өдөр нэгнийхээ эсрэг тоглосон бөгөөд үндсэн болон нэмэлт цаг 0-0 харьцаагаар өндөрлөсөн.

Улмаар пенальти цохиход 4-2 харьцаагаар Сенегалын шигшээ баг хожин Африк тивийн аварга боллоо. Сенегалын шигшээ багаас баруун жигүүрийн хамгаалагч Буна Сарр цохилтоо алдсан бол Египетийн шигшээ багаас төвийн хамгаалагч Мохамед Абделмонем, Мохамед Лашин нар цохилтоо алдсан. Сенегалын хаалгач, Челси клубийн Эдуар Менди Лашины цохилтыг хаасан.

1957 оноос хойш зохиогдсон тэмцээнд Сенегал ийнхүү анх удаа түрүүлсэн бөгөөд 2002 онд Камерунд, 2019 онд Алжирт хожигдон мөнгөн медаль хүртэж байв.

Харин зохион байгуулагч Камеруны шигшээ баг хүрэл медалийн төлөө Буркина Фасотой тоглон 3-3 харьцаагаар тэнцэж мөн пенальти цохин хожсон.

Тэмцээний шилдэг тоглогчоор Садио Мане, шилдэг хаалгачаар Эдуар Менди тодорсон бол мэргэн буучаар 8 гоолтой, Камеруны Винсент Абубакар шалгарлаа.

Categories
мэдээ цаг-үе

Хоёр давхар байшингийн шалны халаалт шатжээ

Объектын гал түймрийн улмаас 6 хүн амиа алджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн хоёрдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:47 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:50 цагт очиход иргэн М-ийн 10х6 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн шалны халаалт шатаж байсныг 10 минут ажиллан унтраажээ.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Батхүү нарын шүүх хурал энэ сарын 15-нд болно

“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10 цагт товлоод байсан.

Шүүгдэгч Ш.Батхүү өвдсөн тухай холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Тэтгэврийн дунджийг таван жилээр тооцох асуудлыг хаврын чуулганаар хэлэлцүүлэхийг зорьж байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Та хаврын чуулганаар тэтгэвэртэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан. Ямар ямар хуулийн төсөл өргөн барив?

-МАН-ын бүлэг Засгийн газраас оруулж ирсэн Нийгмийн даатгалын багц хуулийг бүлгээрээ хэлэлцээд бараг буцаах дөхсөн. Нэгэнт Засгийн газар өргөн барьсан хуулийн төсөл учраас ажлын хэсэг дээрээ өөрчлөлтүүд оруулахаар шийдэж хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Миний хувьд тэтгэвэртэй холбоотой дөрвөн хууль өргөн барьчихсан байна. Хамтын тэтгэврийн хуулийг өргөн барьчихаад байгаа боловч хэлэлцэхгүй хойш тавьсаар л байна. Дараагийн хууль бол долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоодгийг болиулж Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгодог болгох тухай хууль өргөн барьсан. Хамгийн гол нь тэтгэвэр бага тогтоолгож байгаа шалтгааныг бид олж, засах ёстой. МАН 2016 онд УИХ-д олонх болж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, энэ үеэр эдийн засаг болоод нийгмийн шинжтэй хэд хэдэн үүрэг хүлээсэн. Үүний нэг нь НДС-гаас таван жилийн дунджаар тэтгэврийн хэмжээг тогтоодог байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2019 оноос долоон жил болгосон. Цаашлаад долоон жилийг 10 жил болгох юм. Түүнчлэн Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуульд хүртэл тэтгэврийг 10 жилийн дунджаар тооцон тогтоох заалт байгаа. Харин миний өргөн барьсан хуулийн төсөл долоон жилийг таван жил болгож бууруулах хуулийн төсөл юм. Хоёр талд явж байгаа хуулийн төслийг иргэд ялгаж салгаад эхэлчихсэн. Тийм ч учраас ахмадууд таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох хуулийн төслийг ихээхэн дэмжиж байна. Магадгүй ирэх хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хуульд тэтгэврийг 10 жилийн дунджаар тооцох асуудал тусгагдсан учраас миний өргөн барьсан хуулийн төслийг ямар нэгэн байдлаар хэлэлцэхгүй хойшлуулах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэсэн ч миний бие тэтгэврийн дунджийг таван жилээр тооцох асуудлыг хаврын чуулганаар заавал хэлэлцүүлэх зорилготой ажиллаж байна.

-Тэтгэврийг долоон жилийн дунджаар биш, таван жилийн дунджаар тооцдог болсноор ямар үр дүн гарах вэ?

-Манай улсын нийт тэтгэвэр авч байгаа иргэдийн 80 гаруй хувь нь 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.

Энэ бол ахмадууддаа Монголын төр хатуу хандаж байгаагийн илрэл. Ялангуяа цар тахлын үед хил гаалийн гацаатай холбоотойгоор тээвэр ложистик доголдож, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүнийг дагаад инфляци 20 орчим хувьд хүрээд байна. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсэн нь мөн инфляци өсөхөд нөлөөлсөн. Тиймээс 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал маш чухал байна. Хэдийгээр өнгөрөгч баасан гаригт УИХ-ын ээлжит бус хуралдаан зарлаж ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх асуудлыг хэлэлцэж байгаа ч тэтгэвэр бага хэмжээтэй бодогдож байгаа үндсэн шалтгаануудыг бид арилгах ёстой. Тиймээс таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тооцож байж л тэтгэврийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ. Ер нь бол МАН,АН ээлжилж төрийн эрх барьдаг. Ялсан нам нь ялагдсан намынхаа үед томилогдсон төрийн албан хаагчдыг хоморголон халдаг үзэгдэл байсаар л байна. Мөн эмэгтэйчүүдийн тухайд тасралтгүй ажилласан долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгоно гэдэг ховор үзэгдэл. Долоон жилийг таван жил болгох хууль батлагдчихвал нэг зүйлийг бид зайлшгүй засах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, 2017 оноос хойш долоон жилийн дунджаар тэтгэврээ бодуулсан иргэд хохирч үлдэж болохгүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд долоон жилийн дунджаар тэтгэврээ бодуулсан иргэдийн тэтгэврийг дахин таван жилийн дунджаар тооцож, зөрүү олгох бас нэг хуулийн төсөл бий. Үүнийг бид дагуулж, хэлэлцэх ёстой. Ингэж байж иргэдээ ялгаварлан гадуурхахгүй байх боломж бүрдэнэ.

-Тэгвэл цаашид шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдэд таван жилийн дундаж болгох хуулийн төслийн үр өгөөж түлхүү мэдрэгдэх нь ээ. Мөн инфляцийн зөрүүгээс шалтгаалж тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ?

-Долоон жилийн дунджийг таван жилийн дунджаар тооцож тэтгэвэр тогтоодог болох нь ирээдүйд тэтгэвэрт гарах гэж байгаа иргэдэд чухал хууль болох юм. Нийт ахмадуудын 80 хувь нь хувь тэнцүүлсэн тэтгэврийн 300 мянга, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг авч байгаа юм. Тиймээс ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал нэн чухал. Хоёрдугаарт, тэтгэврийн зөрүүг арилгах маш чухал. Социализмын үед өндөр албан тушаал хашиж байсан ахмадууд тэтгэврээ бага хэмжээгээр тогтоолгосон. Тэр үед тэтгэвэрт гарсан ахмадууд болон одоо тэтгэвэр тогтоолгож байгаа ахмадуудын тэтгэврийн зөрүү асар их. Тийм учраас тэтгэврийн доод хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулж тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс автоматаар нэмэгдүүлдэг байх хуулийн төсөл өргөн барьсан. Өөрөөр хэлбэл Монголбанк, Засгийн газар инфляцийн хэмжээгээ төсөөлсөн хэмжээндээ барьж чадаагүй бол алдсан хэмжээгээрээ ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг юм.

-Бусад улс оронд инфляцийн түвшинтэй уялдуулж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлдэг жишиг ер нь байдаг уу?

-Уг хуулийг ОХУ, Казахстан зэрэг орнууд хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жил ОХУ-д инфляци 8.3 хувиар өссөн. Тэгвэл 2022 он гармагц ахмадуудын тэтгэврийг ийм хэмжээгээр нэмэгдүүлсэн. Энэ тогтолцоог хэрэгжүүлж чадвал тэтгэврийн доод хэмжээ жил бүр тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Мөн тэтгэврийн зөрүү арилснаар ахмадуудын гомдол тасарна. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч соргогоор мэдэрч, сөрөг хүчнийхээ үгийг сонсож, энэ талаар тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн үзэж, Засгийн газарт үүрэг өгсөн. Тийм ч учраас Засгийн газар яаралтай арга хэмжээ авч УИХ-аар тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох асуудлыг хэлэлцүүлж байна. Энэ бол Сар шинийн баярын өмнө ахмадуудад бодитой дэмжлэг болж байна.

-Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн хэмжээ илүү гарахаар байна. Тиймээс цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарах уу?

-Тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөгт хүрчихвэл төр болон хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийн 80 хувь нь авч байгаа цалингийнхаа 45 хувиар долоон жилийн дунджаар тооцуулахад тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөгт хүрэхээргүй тэтгэвэр тооцуулахаар байна. Хэрэв таван жилийн дунджаар тооцуулахад дээрх 80 хувийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурах боловч 40-50 хувь нь мөн л тэтгэврийн доод хэмжээнд хүрэхээргүй байна. Тиймээс цаашид улс орны ирээдүй хойч үеийг бэлдэж байгаа багш нар, эрүүл мэндийн энхийн манаанд зогсож байгаа эрүүл мэндийн салбарынхны цалинг болоод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Цаашид манай улс тэтгэврийн реформ хийх шаардлагатай гэдгийг судлаачид байнга хэлдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өнгөрсөн жилийн эдийн засаг ковидын үед маш хүндрэлтэй байлаа. Иргэдийн дунд ажилгүйдлийн хэмжээ өссөн. Нөхцөл байдал ийм байхад өнгөрсөн жил Нийгмийн даатгалын сангийн орлого 24 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, 735 тэрбум төгрөгөөр НДС-гийн хөрөнгө арвижсан байна. Гэтэл тэтгэвэр тогтоолгож байгаа иргэд нийт тэтгэвэр авагчдын 10 орчим хувийг эзэлж байна. НДС-гийн нийт хөрөнгө нь 24 хувиар өсөөд байгаа тохиолдолд, НДС-гаасаа Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хуулийн дагуу инфляцитай уялдуулж жил бүр тэтгэвэр нэмэх боломж бүрдэж байна гэсэн үг. Тиймээс бидний цаашид хийх гол ажил бол НДС-гийн үйл ажиллагааг менежмэнтийн өндөр зохион байгуулалтад оруулах шаардлага үүсч байна. Европын орнуудад хоёр ажил эрхлэгчид гурван тэтгэвэр авагч ногддог. Тэгвэл манайд 10 ажил эрхлэгч иргэнд, дөрвөн тэтгэвэр авагч иргэн ногдож байна. Гэтэл ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 300-500 мянган төгрөгийн хооронд байлгана гэдэг бол НДС-гийн үйл ажиллагаа менежмэнтийг зөв хийж чадахгүй байна гэсэн үг. Цаашид НДС-гийн хөрөнгийг тухайн жилдээ баталгаатай Засгийн газрын бонд авах юмуу, эсвэл Монголбанкны үнэт цаас авах гэх мэтээр жил бүр энэ сангийн мөнгийг арвижуулаад явах нь өндөр хэмжээгээр тэтгэврээ нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг.

-Үхэр жилийн отгон ярилцлага болж байна. Үхэр жилээ үдэж, бар жилтэй золгох гэж байна. Таны хувьд хамгийн дурсамжтай Цагаан сар хэзээ байсан бэ?

-Хүүхэд насны Цагаан сар хамгийн дурсамжтай байсан санагддаг юм.Аав ээжийгээ дагаад айл хэсч хэн ямар бэлэг өгөхийг сонжиж, таалагдсан, таарсан бэлэг авчихаад баярлаж, хөөрч байсан мөчүүд сэтгэлд тод үлджээ.

Миний хувьд парламентад сонгогдсоноосоо хойш ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж, олон хуулийн төсөл өргөн барилаа. Тэтгэврийг багаар бодож байгаа шалтгааныг арилгах зэрэг асуудлаар чуулганы хуралдаан бүр дээр дуу хоолойгоо хүргэсний үндсэн дээр өнөөдөр МАН-ынхан сөрөг хүчнийхээ үгийг хүлээн авч ахмадуудаа баярлуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын дарга нар, УИХ-ын дарга нар зөв зүйтэй арга хэмжээ авсанд баярлаж байна. Үхэр жилийн сүүлэн дээр, бар жилийн босгон дээр ахмадууд төр засагтаа баярлаж, талархсан сэтгэлийн үгээр ерөөл хайрлаж суугаа байх аа. Бэлэг дэмбэрлийн ерөөл дүүрэн Цагаан сараа угтахад хувь нэмрээ оруулсандаа баяртай байна. Ирж байгаа бар жилд монгол хүн, монгол төр хүчтэй байж, ирээдүйдээ итгэл дүүрэн сайхан жил байхыг ерөөж байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Цэцэнцэнгэл Парисын Их дуулгад түрүүллээ

О.Цэцэнцэнгэл Парисын их дуулгын +100 кг жинд АЛТАН медаль хүртлээ

Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн, 52 орны 285 тамирчин оролцсон Парисын их дуулга өчигдөр дууслаа.

Тэмцээний хоёр дахь өдөр манай улсын таван жүдоч зодоглосноос +100 кг жинд О.Цэцэнцэнгэл дэлхийн аваргын мөнгөн медальт, Азербайжаны Ушанги Кокариг ялж алтан медаль хүртлээ.

Шөвгийн дөрөвт 2021 оны дэлхийн аварга, Японы Кокоро Кагеүра, шөвгийн наймд Европын аваргын хүрэл медальт Финландын Мартти Пүүмалайненыг ялсан О.Цэцэнцэнгэл 2021 оны Абу Дабигийн их дуулгад түрүүлж байсан.

Тус өдөр зодоглосон жүдочдоос

  • Эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир хоёрдугаар шатанд
  • Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн хоёрдугаар шатанд
  • Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Ц.Энхчимэг нэгдүгээр шатанд
  • Эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн нэгдүгээр шатанд тус тус ялагдлаа.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын хоёрдугаар сарын 7, Сумъяа гариг. Билгийн тооллын 7, шийдэм од, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 8:12 цагт мандан, 18:01 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 36-41 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд “Монголын нийгэм Бар жилд бараан байх уу, бүгээн байх уу…” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хуульч Р.Мөнхзул “Эрх баригчид Цэцээр могой
бариулж, энэ аргаар Үндсэн хуульд
халдвал маш аюултай” гэснийг II, IV нүүрээс уншаарай.

Сангийн сайд асан Э.Бямбажав “Цаашид зардал
шаарддаг биш, үйлдвэрлэл
хөгжүүлэх төслүүдэд хөрөнгө
оруулах хэрэгтэй байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголын нийгэм Бар жилд
бараан байх уу, бүгээн байх уу…” хэмээн өгүүллээ.

Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар,
“Эрдэнэс силвер ресурс”
компанийн Гүйцэтгэх
захирал асан Т.Мөнхбаяр “Намайг “намнахад” Монголын
бүх Хөдөлмөрийн баатар цолтныг хамруулж
ноцтой гэмт хэрэгт гүтгэсэнд харамсаж байна” гэлээ.

Мобикомын
хэрэглэгч Н.Баттөгс “Мобиком монопол
болоод урамшуулалт үйлчилгээ,
төлбөрийн уян хатан нөхцөл нь
муудаад байгаа” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярилаа.

Монголын баристагийн
холбооны тэргүүн Л.Дэлгэрмаа “Дэлхийд кофены хөгжлийн
гурав дахь давлагаа явагдаж байна” гэснийг “Танин мэдэхүй” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Артём нохой эзэнтэйгээ хамт үүрэг гүйцэтгэжээ

Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн ахмад Н.Лхагвадорж түүний үнэнч анд, хамтран зүтгэгч Артём нохойн хамт замын хөдөлгөөнийг зохицуулан үүрэг гүйцэтгэжээ.

Замын цагдаа нохойн хамтаар үүрэг гүйцэтгэж буй талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Тухайн албан хаагч нохойгоо гөлөг байхаас нь эхлэн өсгөсөн, команд маш сайн мэддэг, сургуультай нохой. Нохой албаных биш ч эзэнтэйгээ хамт үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг. Харин алба хаагч маань нохойтойгоо иргэд, жолоочийг шалгасан зүйл байхгүй” хэмээлээ.

Categories
гадаад мэдээ

Мароккод худгийн нүхэнд дөрөв хоног гацсан хүүг гаргаж авсан ч хүү энджээ

Мароккод худгийн нүхэнд унасан таван настай хүүг дөрөв хоногийн дараа гаргасан ч хүү эндсэн тухай ВВС мэдээллээ. Райан хүү өнгөрөгч мягмар гарагт худгйн нүхэнд унаж, 32 метрийн гүнд гацжээ. Аврагчид болон сайн дурынхан хүүг аврахын тулд дөрөв хоногийн турш зэрэгцээ хонгил ухаж, бямба гарагийн орой гарган авсан байна.

Аврах ажиллагааг хэвлэлийнхэн шууд дамжуулан хүргэж, улс даяараа сэтгэл зовнин хүлээж байв. Хүүг гарган авах мөчид биеийн байдлынх нь талаар ямар нэг мэдээлэл гаргаагүй бөгөөд цугласан олон баяр хөөр болцгоожээ. Гэвч хүү эндсэн талаар Мароккогийн хаан VI Мохаммед хэдэн минутын дараа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр хүүгийн эцэг эхэд гүн эмгэнэл илэрхийлжээ. Нийгмийн сүлжээнд ч хүмүүс эмгэнэл илэрхийлсэн байна.

Хүү нэг бол газар доор удаан байснаас эсвэл толгойдоо гэмтэл авснаас болж амиа алдсан гэж үзэж буй.

Райан хүү мягмар гарагт алга болжээ. Хүүгээ хэдэн цаг хайсны эцэст худаг руу унасныг нь мэдсэн гэж аав нь орон нутгийн хэвлэлийнхэнд ярьсан байна. Аврах ажиллагааг тухайн өдөр эхлүүлсэн бөгөөд хүүд хүрэхийн тулд худагтай зэрэгцээ хонгил ухаж, дараа нь гурван метрийн холбогч өрөмдөж хийжээ. Чулуулаг хөрстэй байсан учраас аврах ажиллагаанд хүндрэл учруулж байв