Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилийн тэг цэгээс татан авсан бараанд гэр ахуйн хэрэгсэл, шилэн лонх, тос, тосолгооны материал байна

Замын-Үүд боомтоор ачаа бараа татан авах ажил энэ сарын 5-нд эхэлнэ

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-ны байдлаар Замын-Үүд боомтын хилийн тэг цэгээс Улаанбаатар хот руу 41 автомашин дээр 30 ширхэг 40 тоннын чингэлэг, 22 ширхэг 20 тоннын чингэлэг бүхий төрөл бүрийн түүвэр, өргөн хэрэглээний ачаа бараа зэрэг нийт 52 чингэлгийг татан авчээ.

Уг ачаанд барилгын материал, тавилга, гоо сайхны бараа, гэр ахуйн хэрэгсэл, шилэн лонх, дугуй, тос, тосолгооны материал, хувцас байна.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Хятадын хөгжлийн хурдны тэргэнд сууж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзжээ.

Уулзалтын үеэр ноён Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дотнын мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг Л.Оюун-Эрдэнэд хүссэн байна.

“Монголын талын цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн
хөгжил, ардын амьжиргааг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн”

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ,Хятад Монгол хоёр орон уул усаар залгалдсан найрсаг хөрш. Хятад Монголын харилцааг сайтар хамгаалж хөгжүүлэн, тогтвортой байлгах нь хоёр орны язгуур ашиг сонирхол, алс хэтийн ашиг сонирхолд нийцэх юм.

Хятадын тал элэгсэг дотно, найрсаг, хүртээмжтэй, багтаамжтай байх үзэл баримтлалын дагуу Монгол Улстай харилцаа хөгжүүлэхийг баримталсаар ирж, Монголын талтай хамтаар хоёр орны харилцан итгэлцсэн, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна гэжээ.

Түүнчлэн тэрбээр “Хятад Монгол хоёр талаараа харилцан тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, тус тусын сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэж, Хятад Монголын харилцааны хөгжлийн зөв чиглэлийг баримтлах хэрэгтэй. Монголын талтай дээд зиндааны хэлхээ холбоогоо баримталж, төр гүрнээ засах туршлагаас харилцан суралцаж, хоёр орны харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад Хятадын тал бэлэн байна.

Хоёр орны засгийн газрын хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлж, эртхэн бодит үр дүнд хүргэхийг хүсэж байна. Сүүлийн хоёр жил Хятад Монгол цар тахлын эсрэг хамтран ажиллаж, баялаг үр дүнд хүрч, сайн үнэлгээ аван, хоёр орны ард түмний найрсаг сэтгэлийг гүнзгийрүүлсэн байна. Хятадын тал Монголын талтай үргэлжлэн цар тахалтай хамтран тэмцэж, Монголын талын цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн хөгжил, ардын амьжиргааг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Хоёр талаараа жинхэнэ олон талт үзлийг санаачилж, олон улсын шударга ёсыг хамгаалан, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй” гэжээ.

“Монгол Улсын цар тахал хамгийн хүнд үед вакцинаар
тусламж үзүүлсэн Хятад улсад чин сэтгэлийн талархал илэрхийлье”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн Ши Жиньпин даргад өгсөн дотнын мэндчилгээг уламжилсан байна. Тэрбээр хэлэхдээ, Хятадын тал цар тахлын хүнд байдалд Бээжингийн өвлийн олимпыг товлосон хугацаанд нь зохион байгуулж, дэлхий нийтийн цар тахлыг даван туулах итгэл зоригийг эрчилсэн байна.

Олимп бол хүн төрөлхтний энх тайван эв нэгдлийн бэлэг тэмдэг, биеийн тамир спортыг улс төржүүлэхийг Монгол Улс эрс эсэргүүцнэ. Монгол Улсын цар тахал хамгийн хүнд үед вакцинаар тусламж үзүүлсэн Хятад улсад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Сайн хөршөө алтаар ч солихгүй. Хятад улс бол Монгол Улсын алтаар ч солихгүй сайн хөрш.

Хятадын хөгжил Азийн үнийн тухай үзэлт соёлыг дэлхий нийтээрээ чухалчлах болгосон байна. Хятадын хөгжлийн хурдны тэргэнд сууж, Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн байна. Монгол Улсын шинэ хөгжлийн бодлогыг “Бүс ба Зам” санаачилга, Хятад улсын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулж, Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гарган, Монгол Хятадын харилцааг хөрш орнуудын солилцоо, олон улсын харилцааны үлгэр жишээ болгоход Монголын тал бэлэн байна гэжээ.

Мөн тэрбээр МАН-ын даргын хувиар ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд дахин баяр хүргэж, ХКН-ын 20 дугаар их хурал амжилттай болохыг ерөөсөн байна. Мөн ХКН-тай хамтаар нам хоорондын солилцоо, төр гүрнээ засах туршлага солилцоогоо эрчимжүүлэхийг хүсжээ.

Categories
мэдээ спорт

Монгол Улс Парисын их дуулгад багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ

Монгол Улс Парисын их дуулгад багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ

Жүдо бөхийн оны нэхний том тэмцээн Парисын их дуулга хоёрдугаар сарын 5-6-ны хооронд болж Монголын баг тамирчид амжилттай оролцлоо.

Шигшээ баг 13 тамирчны бүрэлдэхүүнтэй Парисыг зорьж нийт 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.

Нэгдүгээр байранд Япон 7 алт, 5 мөнгө, 6 хүрэл, хоёрдугаарт Франц 3 алт, 1 мөнгө, 7 хүрэл медальтай тэргүүлсэн бол Гүржийн шигшээ баг 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар дөрөвдүгээр байрт жагслаа.

Нийт 52 орны 285 тамирчин оролцсон тэмцээнд 154 эрэгтэй, 131 эмэгтэй тамирчид байснаас Монгол Улсаас 8 эрэгтэй, 5 эмэгтэй байв.

Монголын шигшээ багаас:

  • Ё.Басхүү алтан медаль. Эрэгтэйчүүдийн -66 кг жин
  • О.Цэцэнцэнгэл алтан медаль. Эрэгтэйчүүдийн +100 кг жин
  • Б.Баасанхүү мөнгөн медаль. Эмэгтэйчүүдийн -48 кг жин
  • Ц.Цогтбаатар хүрэл медаль. Эрэгтэйчүүдийн -73 кг жин
  • Л.Энхрийлэн шагналт тавдугаар байр. Эмэгтэйчүүдийн -57 кг жин
  • Э.Ариунболд шагналт долоодугаар байр. Эрэгтэйчүүдийн -60 кг жин
  • Б.Хорлоодой шагналт долоодугаар байр. Эмэгтэйчүүдийн -52 кг жин
Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд ГССҮТ нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ

No description available.

Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн хамт олон баярын өдрүүдээр алсын дуудлагад агаараар, газраар хослуулан эрүүл мэндийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллажээ.

Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймгуудад тархины гэмтэлтэй 2 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт дуудлагаар очиж эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс засал хийсэн байна.

Мөн Хавсарсан гэмтлийн тасгийн их эмч П.Баярсайхан, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Өмнөговь аймагт олон хавирганы хугаралтай хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх алсын дуудлагад явахаар төлөвлөжээ.

Мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Г.Ариунболд Өмнөговь аймгийн Манлай суманд моринд даруулсан тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирлээ.

Эдгээр тусламж үйлчилгээг ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа зохион байгуулан ажилласан.

Иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалж үргэлж сонор сэрэмжтэй байхыг ГССҮТ-өөс анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банк мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй зарчмыг баримтлан Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өөрийн албан ёсны цахим хуудас болох www.dbm.mn хуудсаар дамжуулан тус тус олон нийтэд мэдээлсэн. Энэхүү мэдээллүүдэд зөвхөн зээлдэгч компанийн нэр, олгосон зээлийн дүн, зээлийн ангилал, зөрчлийн хэмжээг агуулсан бөгөөд үүнээс бусад аливаа нэмэлт мэдээлэл мэдээллээгүй болно.

Гэтэл сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас гаргасан дээрх агуулга бүхий мэдээллийг мушгин гуйвуулж, хувь хүн, албан байгууллагыг нэр цохон гүтгэх, олон нийтэд буруу ташаа мэдээлэл болгон түгээж байгаад гүнээ харамсаж байна. Зээлдэгчийн холбоо хамааралтай этгээд, тэдгээрийн албан тушаал, нөлөөлөл, эцсийн өмчлөгчийн өмч хөрөнгийн бүртгэл гэх мэт мэдээлэл нь Хөгжлийн банканд байдаггүй, манай банкны зүгээс ийм төрлийн мэдээлэл гаргаагүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хөгжлийн банк хуулийн дагуу, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллаж байгаа ба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нээлттэй мэдээлж буй Хөгжлийн банкны албан ёсны мэдэгдэл, мэдээллээс бусад аливаа мэдээ, мэдээлэлд тайлбар өгөхгүй, үүнтэй холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Categories
мэдээ спорт

Дээд лигийн бүх одын тоглолт энэ сарын 12-нд болно

Монголын сагсан бөмбөгийн 2022 оны дээд лигийн бүх одын тоглолтын хөтөлбөр гарчээ. Бүх одын тоглолтын хөтөлбөрт залуу оддын тоглолт, ур чадварын тэмцээн, 3 онооны тэмцээн, special match, үзэгчдийн тэмцээн, бөмбөрийн үзүүлбэр, бүх одын тоглолт, цагирган дээрх үзүүлбэр, slam dunk тэмцээн багтжээ.

Сагсан бөмбөгийн 2022 оны дээд лигийн бүх одын тоглолт энэ сарын 12-нд Мөсөн өргөөнд 13:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

МСҮТ болон их, дээд сургуулиуд өнөөдрөөс цахимаар хичээллэнэ

Их, дээд сургуулийн төлбөр 10-15 хувиар нэмэгджээ

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэнэ.

МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг маргааш буюу хоёрдугаар сарын 7-ны өдрөөс зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрийн Даваа гарагаас танхимаар хичээллэнэ.

Categories
мэдээ нийгэм

2021 онд 40 авлигач хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлж торгуулжээ

АТГ-т 33 гомдол шалгагдаж байна | News.MN

Прокурорын байгууллагаас өнгөрсөн 2021 онд хүлээж авч, шийдвэрлэсэн хэргүүдийнхээ тайланг нэгтгэжээ.

Тус тайлангаас анхаарал татсан тоон мэдээлэл нь прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нийт 12688 хэргийн 4679 буюу 36.9 хувь нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэг байна.

Хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн нийт хэргийн дийлэнх нь Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна.

Тодруулбал, Эрүүгийн хуульд заасан Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 2882,

– Өмчлөх эрхийн эсрэг 888,

– Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 217,

– Хүрээлэн байгаа орчны эсрэг 157,

– Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 148,

Авлигын 40 гэмт хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Өлзиймөнх: Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг мэргэжлийн бус хүмүүс бусниулж байна


Төрийн албыг төрлийн алба болгож, хүний эрхийг зөрчиж буй хууль бус үйлдлийг “Өдрийн сонин” цувралаар шүүмжлэн бичсээр байгаа билээ. Бид энэ удаад Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын асан М.Өлзиймөнхтэй ярилцлаа. Тэрээр газар, хэлтсийнхээ хэмжээнд төрийн албаны шалгалт өгөөгүй, мэргэжлийн бус хүмүүс томилогдож байгаа үйлдлийг эсэргүүцсэнийхээ төлөө 17 жил мерит зарчмаар зүтгэж ирсэн албанаасаа халагджээ.


-МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ОГТ АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ, ТЭР БҮҮ ХЭЛ ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД ОРООГҮЙ, ТУСГАЙ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ХҮН ШУУД ТОМИЛОГДООД 20 ОРЧИМ ХҮНИЙГ АЖЛААС ЧӨЛӨӨЛЛӨӨ-


-Олон жилийн турш ажиллаж ирсэн албанаасаа халагдах болсон шалтгаан юу байв?

-Би 2004 оны эхээр аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт ажилласнаас хойш 17 жил болж байна. Улсын байцаагчаас эхлээд хэлтэс, газрын дарга хүртлээ жинхэнэ мерит зарчмаар явж ирсэн хүн. Хамгийн сүүлийн томилгоогоор 2019 оны гуравдугаар сард газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон, 2021 оны тавдугаар сар хүртэл ажиллаад, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ томилгоо хийснээр энэ алба маань дуусгавар болсон. Ерөнхий газраас тушаал гарч, манай газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Балжинням гэж хүн томилогдсон юм.

О.Балжинням дарга мэргэжлийн хяналтын байгууллагад огт ажиллаж байгаагүй, тэр бүү хэл төрийн албаны шалгалтад ороогүй, тусгай шаардлага огт хангахгүй хүн шууд томилогдоод ороод ирсэнд гайхсан. Төрийн албанд хэлтсийн дарга нарт тавигдах шаардлага өндөр байдаг шүү дээ.

-Мэргэжлийн хяналтын газар хэлтсийн дарга нарт ямар шаардлага тавьдаг юм бэ?

-Тэр үед Ерөнхий газрын Тамгын газрын дарга томилгооны талаар онлайн хурал хийхдээ “Чамайг муу ажилласан гэж чөлөөлж байгаа явдал биш. Цар тахлын хүнд хэцүү үед байгууллагыг сайн удирдаж ажиллалаа. Гэвч Газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг сольж байна. Чиний хувьд хэлтсийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийнэ” гээд тушаал уншсан.

Газрын даргад төрийн албанд наймаас доошгүй, төрийн захиргааны албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн хяналтын аль нэг чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан, тусгай шалгалт өгсөн хүн томилогдох ёстой гэж заасан байдаг.

Дээр хэлснээр шинэ томилгооны эзэн О.Балжинням төрийн албаны тусгай шалгалт битгий хэл ерөнхий шалгалтад ч ороогүй, өмнө нь улс төрийн албан тушаал хашиж ирсэн хүн байсан.

Үнэхээр дээрх шаардлагыг хангасан, ёс зүйтэй хүн хууль ёсны дагуу томилогдсон бол надад энд дурьдаад байх шаардлага байхгүй. Гэтэл Төрийн албаны хууль тогтоомжийг зөрчин зүй бус томилгоо хийгдэж, мэргэжлийн бус, төрийн албаны наад захын шаардлагаа биелүүлээгүй хүн мэргэжлийн хяналтын байгууллагыг удирдах болсонд харамсаж байгаа. Энэхүү хууль бус үйлдлийн талаар хэлснийхээ улмаас Газрын даргын ажлыг өгсөн цагаас хойш таван сар гаруй хугацаанд үүрэгт ажлаа хэвийн байдлаар хэрэгжүүлэхэд байнгын дарамт, шахалтад байсан. Ингээд 2021 оны аравдугаар сард Ажил олгогчийн төлөөлөгч буюу Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Балжиннямын санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан.

-Дарамтанд өртсөн гэлээ. Газрын дарга болсон хүн дарамталсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Хууль ёсны шаардлага тавьсныхаа төлөө ажлаа хийхэд маш хүнд болсон. Хэлтсийн даргын ажлыг огт хийлгээгүй. О.Балжинням дарга байсхийгээд өрөөндөө дуудна, илт гүтгэн дарамтална, хамт олныг дунд нь хагаралдуулна, миний эсрэг турхирна. “Өргөдлөө өгөөд ажлаасаа гар. Эсвэл чамайг ялтан, гэмт хэрэгтэн болгоно. Хүсвэл 10000 төгрөг хулгайлсан хүнийг ч шоронд суулгаж болдог, эс хүсвэл тэрбумаар идсэн ч шоронд ордоггүй нийгэм шүү” гэнэ. Мөн “Чамд хоёр боломж байна. Нэгд, чи өөрийнхөө хүсэлтээр ажлаас гарах, хоёрт цагдаа хуулийн байгууллагаар шалгуулаад ажлаас халагдах” гэсэн асуудал тулгасан.

Миний хувьд “Надад хууль зөрчсөн явдал байхгүй. Тиймээс шалгуулах газар байвал бүгдээр нь шалгуулъя. Би өргөдлөө өгч чадахгүй” гэж хэлсэн.

Би энэ байгууллагадаа 20 орчим жилийг хуулийг хэрэгжүүлэн, төрийн албаны мерит зарчмаар, хичээл зүтгэлтэй ажиллаж ирсэн болохоор ийм ёс зүйгүй байдалтай эвлэрч чадаагүй. Уг нь хэлтсийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийх тушаал гарсан. Гэтэл намайг даргын зөвлөлийн хуралд ч оруулахгүй, ажлыг маань хийлгэхгүй байсан нь асар их сэтгэлийн дарамтад оруулдаг байсан.

Ингээд энэ байдал даамжирсаар 2021 оны аравдугаар сард “Чи ямар айхтар гүрийдэг юм бэ. Олон сар харлаа, гуйлаа, өргөдлөө өгөөд аятайхан явчих гээд байхад чинь…” гээд халах тушаал гаргасан байдаг.

Юм гэдэг сонин юм байна. Өдий олон жил төрийн албаны нэр хүндийг сэвтээхгүй юмсан гэж явж ирсэн байтал төрд ийм шударга бус явдал гаарч болдог юм байна гэдгийг нүдээрээ харсан даа.

-Таныг хуулийн байгууллагад шалгуулна гэсэн байна. Та ямар нэгэн зөрчил гаргасан юм уу?

-Миний хувьд хууль зөрчсөн үйлдэл болон ажлын алдаа дутагдал гаргаагүй. Тухайн үеийн манай газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Балжинням миний ажиллаж байх үеийн санхүүгийн үйл ажиллагааг өөрийн хүмүүсээр шалгуулаад ховоор ажил зохион байгуулж байсан. Үнэхээр надад санхүүгийн зөрчил байсан бол холбогдох хууль хяналтын байгууллага нь шалгаад асуудал ярих ёстой шүү дээ. Гэтэл намайг шалгуулахаар аль 2021 оны есдүгээр сарын эхээр АТГ, цагдаа, МХЕГ зэрэг олон байгууллагад хандсан байдаг ч ямар нэгэн асуудал яригдаагүй өнөөг хүрлээ.

-Ажлынхан тань ямар байр суурьтай байх юм?

-Шинэ даргын үйлдлээс болж ажлынхан маань ч хавчлага, дарамтанд орсон байдал ажиглагдаж байгаа. Ажлын чат группийн мэдээллийг хэвлэж аваад л дарамталдаг. Түүнээс болоод ажлын хүмүүс маань надтай харьцахаас ч айдаг болсон. Ер нь ганц би биш.

Шинэ даргын үүрэг гүйцэтгэгч томилогдон ирсэн үеэсээ хойш тав, зургаахан сарын хугацаанд бараг 20 орчим хүнийг ажлаас чөлөөлж, шилжүүлж, чөлөө авахуулж, мөн төдий чинээ хүнийг ажилд томилсон байдаг. Ковидын хүнд нөхцөл байдлын энэ үед ийм их ажлын байрны өөрчлөлт хийж байгаа нь асуудал гэж харж байгаа. Учир нь би өмнө энэ байгууллагын даргын үүрэг гүйцэтгэж байсан хүний хувьд манай ажилтнууд хэн нь ямар амьдралтай гэдгийг мэднэ шүү дээ. Гэвч хөдөө орон нутагт ялангуяа төрийн албан хаагчид ямар нэг байдлаар нэхэмжлэл гаргаад явахаасаа түвэгшээдэг байдал их байдаг.

-Тодруулахгүй юу?

-Би халагдсаныхаа дараа шүүхэд гомдол гаргаад явж байгаа. О.Балжинням дарга ажлын хүмүүсийг миний эсрэг турхирч, өргөдөл бичүүлж, мөн намайг муулж бичсэнийхээ төлөө зарим хүмүүс албан тушаал ахиж, байгууллагын аварга болсон харагдаж байгаа нь үнэхээр харамсалтай. Мөн аймгийн Захиргааны хэргийн ерөнхий шүүгч өөртэй нь хамаарал бүхий этгээд бөгөөд түүний нөхрийг хүртэл няраваар ажилд авсан сураг байна лээ. Энэ нь байж болох хориглоогүй асуудал байх боловч нөгөө талаар сонсоход шүүхээр хэргээ шийдүүлэх гээд явж байгаа нөхцөлд эвгүй санагдаж байсан. Ийм ч учраас би Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүхээс татгалзсан байгаа.

-Мэргэжлийн хяналтын байгууллага чинь хяналтынх гэдэг утгаараа хариуцлагатай алба. Үнэхээр таны ярьдаг үнэн бол нэг хүн ийм хариуцлагатай албанд дураараа аашилж болдог хэрэг үү?

-Төрийн алба үнэхээр асуудалтай болжээ. Хүмүүсийн ухамсар ч их өөр болж. Би Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх хэрэгтэй гэх үзэл бодлоо илэрхийлснээрээ ад болоод явж байна. Олон жил ажиллахдаа хэд, хэдэн даргын нүүр үзсэн, арай ч ийм дээрээ тулаагүй. Үнэхээр харамсалтай.

О.Балжинням даргаас гадна М.Чинзориг гээд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга мөн л мэргэжлийн бус хүн бий. МХЕГ-аас удаа дараалан уг хүнийг төрийн албанд шаардлага хангахгүй гэж дүгнэсэн байдаг ч одоог хүртэл ажилласаар л байгаа. Энэ хоёр хүн Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг үнэндээ л бусниулж байна.

-Газрын даргын сонгон шалгаруулалт хийгдэж, шалгалт авсан уу?

-Үгүй. Дээр хэлсэн шүү дээ. Ковидын тухай хуулийн 3.2-т заасны дагуу сонгон шалгаруулалтгүйгээр уг томилгоог хийсэн. Миний хувьд байгууллага удирдаж байхдаа байнга сайн үнэлэгдэж, 2020 онд гэхэд аймаг орон нутагтаа 93 хувьтай А үнэлгээтэй үнэлэгдсэн.

Одоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шинэ даргатай болсон. Эдгээр хууль бус үйл ажиллагаа, төрийн албыг дураараа авирлах талбар болгосон газруудаа эргэж харна гэдэгт найдаж байна.

-Одоо танай Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа хэвийн үү?

-Одоо бол манай газрын үйл ажиллагаа уналтад орсон. Албаны дорвитой ажил хийсэн дуулдсангүй.

Нөгөөтэйгүүр, төлөвлөгөөт бус шалгалтыг захиалгаар хийдэг болсон. Намайг ажиллаж байх үед л гэхэд О.Балжинням дарга өөрөө шалгалтаар яваад өгнө. Хүмүүс захиалга өгдөг бололтой. Угтаа бол тийм шалгалтыг удирдамжтай очиж хийдэг. Гэтэл ямар ч тийм зүйл байхгүй. Шалгасан газрынхаа зураг хөргийг сошиалд ил болгож тавьснаас болж нэг байгууллага үүдээ барьж дампуурч байсан удаатай. Мөн бид зөрчлийг баталгаажуулах байдлаар хэзээ ч шалгалт хийдэггүй. Гэтэл “Тэр суманд, тийм аж ахуй нэгжид шалгалт хийнэ. Тийм зөрчилтэй байгаа. Тийм торгуулийн хуудас авч яв, тэгж торго, шууд хаа” гэх жишээтэй үүрэг даалгавар өгдөг. Ийм зүйл байж болохгүй шүү дээ.

Миний хувьд аль нэг намын гишүүн бус. Өөрийнхөө чадвараар олон жил ажиллаад ирсэн учраас хууль бус, ёс зүйгүй эдгээр үйлдэлтэй эвлэрч чадахгүй. Ганц намайг ч ингэж хохироогоогүй, олон хүн хохироод байгаа. Цаашид ч яахыг тааварлах аргагүй.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар босоо тогтолцоотой. Газар хэлтсийнхээ энэ байдлыг хянадаг уу?

-МХЕГ болон Төрийн албаны зөвлөлд хэд, хэдэн удаа хандсан ч Ковидын хуулиар түрий барьж, асуудлыг нэгээхэн ч авч хэлэлцээгүй.

Мэргэжлийн хяналтын байгууллагыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байгаа нь аймаг орон нутгийн ард иргэдийн эрх ашгийг ч хохироож байна шүү дээ.

МХЕГ маань саяхан шинэ даргатай болсон тул энэ асуудлыг нухацтай авч хэлэлцэн, хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа.

-Та энэ асуудлаар шүүхдээд байгаа юм байна, тийм үү?

-Шүүхэд хандсан байгаа. Монголын шүүх хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгч миний эрхийг сэргээх байх гэж найдаж байна. Ер нь ажилгүй болсон төрийн албан хаагчдын гол итгэл, найдвар нь Захиргааны хэргийн шүүхүүд л байдаг юм байна гэдгийг энэ хугацаад ойлгоод байна.

Манай салбар саяхан шинэ, хуульч хүн томилогдон очсон. Тиймээс цаашид, Төрийн албанд үнэхээр Төрийн албаны хууль тогтоомж мөрдөн ажиллах мэргэшсэн, хуулийн шаардлага хангасан хүнийг ажиллуулдаг болоосой гэж хүсч байна.

Categories
мэдээ цаг-үе

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг хийнэ

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС | News.MN

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг /ХЭҮК/ сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг нэгдүгээр сарын 31-нд хуралдаж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Тус хуралдаанаар ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан Т.Саруул, С.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн бол З.Батбаярыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэхээс татгалзсан. Улмаар нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг хоёрдугаар сарын 17-ны өдөр 11:00 цагаас хийхээр тогтжээ.

ХЭҮК-ЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ Т.САРУУЛ

БОЛОВСРОЛ

  • 1992-1996 он Улсын Багшийн Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэлний сургуульд Англи-Орос хэлний орчуулагч /Бакалавр/
  • 2001-2006 он Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
  • 2010-2013 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Хууль зүйн магистр /LL.M/
  • 2010-2012 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Улс төрийн магистр /M.А/

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1996-1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд Англи хэлний багш
  • 2007-2009 онд GCE ХХК, Хуулийн зөвлөх
  • 2009-2010 онд GT’s Адвокатс Хуулийн зөвлөх
  • 05-2013.06 сард Хууль зүйн үндэсний хүрээлэнд Судлаач
  • 06-2013.08 сард Шүүхийн ерөнхий зөвлөлд Гадаад харилцааны хэлтэст Даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2013-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Бодлогын Судлаач
  • 2014 оноос Түгээмэл эрх хөгжил ТББ-ын Тэргүүн
  • 2019 оноос Эко соёл сан ТББ-ын Тэргүүн
  • Өмгөөлөгч

ХЭҮК-ЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ С.ДОНДОВ

БОЛОВСРОЛ

  • 1984-1989 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
  • 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн Дарга
  • 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
  • 2002-2010 онд Хүний эрх хөгжил төв ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн Зохицуулагч
  • 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд Өмгөөлөгч