Categories
мэдээ спорт

Өнөөдөр уулын цана, уран гулгалтын аваргууд тодорно

Өнөөдөр уулын цана, уран гулгалтын аваргууд тодорно

24 дэх удаагийн Өвлийн олимп БНХАУ-ын Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-нд эхэлсэн. Өвлийн олимпын хүрээнд хоёрдугаар сарын 7-ны даваа гарагт болох спортын үйл явдлуудын хуваарийг хүргэе.

Уулын цана

  • 12:00 цаг. Эрэгтэйчүүдийн Downhill төрлийн медалийн эзэд тодорно.
  • 14:30 цаг. Эмэгтэйчүүдийн Giant Slalom төрлийн медалийн эзэд тодорно.

Биатлон

  • 17:00 цаг. Эмэгтэйчүүдийн 15 км-ын ганцаарчилсан төрөл. Медалийн эзэд тодорно.

Кёрлинг

  • 09:05 цаг. Холимог багийн төрөл эхэлсэн. /TV5 телевиз/
  • 20:05 цаг. Холимог багийн хагас шигшээ тоглолт /TV5 телевиз/

Уран гулгалт

  • 09:15 цаг. Багийн төрөл
  • 10:30 цаг. Чөлөөт бүжиг
  • 11:35 цаг. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан чөлөөт үзүүлбэрийн төрөлд медалийн эзэд тодорно.

Цанын фристайл төрөл

  • 09:30 цаг. Эмэгтэйчүүдийн Freeski Big Air төрлийн урьдчилсан шат.
  • 13:30 цаг. Эрэгтэйчүүдийн Freeski Big Air төрлийн урьдчилсан шат.

Хоккей

  • 12:10 цаг. Эмэгтэй А хэсэг. Оросын олимпын баг – Канад
  • 16:40 цаг. Эмэгтэй B хэсэг. Дани – Чех
  • 21:10 цаг. Эмэгтэй B хэсэг. Хятад – Швед
  • 21:10 цаг. Эмэгтэй А хэсэг. Швейцар – Финланд

Чарга

  • 19:50 цаг. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл

Шорт Трек

  • 19:30 цаг. Эмэгтэйчүүдийн 500 метрийн хасагдах шат.
  • 19:44 цаг. Эрэгтэйчүүдийн 1000 метрийн хасагдах шат.
  • 20:13 цаг. Эмэгтэйчүүдийн 500 метрийн хагас шигшээ.
  • 20:20 цаг. Эрэгтэйчүүдийн 1000 метрийн хагас шигшээ.
  • 20:41 цаг. Эмэгтэйчүүдийн 500 метрийн шигшээ. 20:46 цагаас медалийн эзэд тодорно.
  • 20:52 цаг. Эрэгтэйчүүдийн 1000 метрийн шигшээ. 20:58 цагаас медалийн эзэд тодорно.

Трамплин

  • 18:30 цаг. Холимог багийн төрөл. 20:51 цагаас медалийн эзэд тодорно.

Сноуборд

  • 12:00 цаг. Эрэгтэйчүүдийн Slopestyle төрөл. 12:54 цагаас медалийн эзэд тодорно.

Тэшүүр

  • 16:30 цаг. Эмэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаан. Медалийн эзэд тодорно.

Өвлийн олимпыг манай улсын хоёр тамирчин зорьсон.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 9-нд болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 9-нд товлогдлоо.

Тус хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх, Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хэлэлцэнэ.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай тогтоолын төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн санал үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэх юм.

Түүнчлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг тайлбарлах тухай “Хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Дуучин Т.Ариунаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчийн үүргээ дуусгалаа

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн тус сантай байгуулсан гэрээ дуусгавар болж, Элчийн үүргээ ийнхүү дуусгаж байна.

Дуучин Т.Ариунаа 2001 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчээр томилогдсон бөгөөд энэ хугацаанд тус сантай хамтран хүүхдийн олон асуудлаар нөлөөллийн ажил хийж байсан. Тухайлбал, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах хэд хэдэн кампанит ажлуудад оролцож байсан. Тэр дундаа Хүүхдэд ээлтэй аймаг нэртэй хөдөлгөөнийг Хэнтий аймагт эхлүүлж байв.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн элч дуучин Ариунаа.
UNICEF Mongolia

2002 онд НҮБ-ын Тусгай чуулган хүүхдийн эрхийн асуудлаар болсонтой холбогдуулан “Хүүхдийн төлөө за гэж хэлье” нэртэй дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөн өрнөж, тус хөдөлгөөнд Монгол Улс нэгдэж, “Хүүхдийн төлөө за гэж хэлье” кампанит ажлын нээлтийг үндэсний хэмжээнд хийж байсан түүхтэй. Чухам энэ арга хэмжээнд зориулж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын үг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжавын аялгуу “Нарны хаан хүүхэд” дууг НҮБ-ын Хүүхдийн Сангийн элч дуучин Ариунаа дуулж, олны хүртээл болгож байсан билээ. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо хүүхдийн эрхийн асуудлаар болсон НҮБ-ын тусгай чуулганд зориулсан гала тоглолт дээр “Нарны хаан хүүхэд” дуугаа дуулж байсан юм.

Жил бүр НҮБ-ын Хүүхдийн Сангаас эрхлэн гаргадаг “Дэлхийн хүүхдийн аж байдал” томоохон судалгааны тайлангийн Монгол дахь нээлтийн арга хэмжээнд оролцож, хүүхдийн асуудалд анхаарал хандуулахыг уриалж байсан.

Дуучин Т.Ариунаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчийн үүргээ дуусгав
UNICEF Mongolia

НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагаанаас шалтгаалан хэсэг хугацаанд завсарласны дараа дуучин Т.Ариунаа 2015 онд НҮБ-ын Хүүхдийн Сантай харилцаагаа албан ёсоор шинэ шатанд гарган үргэлжлүүлэхээр болж, хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингэхдээ тус сангийн хүсэлтээр нярай хүүхдийн эрүүл мэнд, тэр дундаа нярайн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг дэмжин ажилласан.

Энэ хүрээнд “Анхны тэврэлт” мэдээлэл харилцааны аянд оролцож байснаас гадна Налайх дүүрэгт болсон дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөрт зориулсан олон нийтийн арга хэмжээнд оролцож, Монголд нярайн эндэгдлийг бууруулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа илэрхийлж байсан.

Дуучин Т.Ариунаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчийн үүргээ дуусгав
UNICEF Mongolia

2019 онд тус сангаас ЦЕГ-тай хамтран зохион байгуулсан “Зөв тусгал” хүүхэд хамгааллын үндэсний аянд нэгдэж, ая дуугаа өргөж байсан. Мөн тус сангийн 70 жилийн ойн арга хэмжээ болон бусад тэмдэглэлт арга хэмжээнүүдэд оролцож байсан.

“Бидний ажлыг өнгөрсөн хугацаанд байнга дэмжин ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж байсан дуучин Т.Ариунаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн үе үеийн удирдлага, хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Хувь хүн, эх хүн, уран бүтээлчийн хувиар Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо цаашид ч өргөсөөр байх болно гэдэгт итгэж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Шинийн 7-нд золгохыг цээрлэдэг

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ БАЯР

Өнөөдөр билгийн тооллоор шинийн 7. Харин жил бүрийн энэ өдөр золгуут хийхийг цээрлэдэг гэлцдэг. Мөн Төгсбуянтын зурхайгаар энэ жил шинийн 7 хоёр өдөр тохиож буй онцлогтой.

Шашин судлаач, зурхайч Д.Ухаанзаяа нэгэнтээ “Шинийн 7-нд золгодоггүй гэж би сонсоогүй. Ямар ч шашны ном, сургаальд ингэж заагаагүй. Хүмүүсийн аман яриа байх” гэж хэвлэл тодруулга өгсөн байдаг.

Ямартай ч иргэдийн дунд шинийн 7-ны өдөр ах дүү, амраг садныдаа очиж золгохыг цээрлэдэг гэх ойлголт бий юм.

Categories
мэдээ нийгэм

Найзынхаа 7 настай охиныг хулгайлсан эмэгтэйг баривчилжээ

Сонгинохайрхан дүүрэг, Био комбинат орчим байрлах 40-р байрны гаднаас бага насны хүүхэд алга болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал 13:00 цагийн үед долоон настай М охиныг байрных нь гаднаас 25-30 орчим насны үл таних эмэгтэй хүн дагуулан авч явсныг олсон бөгөөд тухайн эмэгтэйг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй тухай хүүхдийн ар гэрээс мэдээлсэн.

Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад:

“ХУД-12 хорооны нутаг дэвсгэрээс 7 настай охиныг зүс таних эмэгтэй дагуулж явсан, сураггүй байна” гэх мэдээллийг 2022 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр 18:20 минутад цагдаагийн байгууллага хүлээн авсан. Улмаар шалгахад 7 настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь 2022.02.05-ны өдөр хүүхдийн оршин суугаа хаягт ирж “Хамт тоглоомын талбайд тоглоё,” гэж хуурч гэрээс нь гаргаад авч явсан байна.

2022 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос баривчилсан. 2022 оны хоёрдугаар сарын 06–ны өдөр 18 цагийн үед хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч, гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байна” гэв.

Тухайн үед хүүхэд гэртээ өвөөгийн хамт байсан бөгөөд охиных нь найз ирсэн тул хүүхдийг өгч гаргасан талаар мэдүүлжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, ганцааранг нь дэлгүүр явуулахгүй, тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатараас баярын өдрүүдэд 41615 тээврийн хэрэгсэл гарчээ

Сар шинийн өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэснээс болон санамсар болгоомжгүйгээс хэчнээн гэмт хэрэг, осол гарч бүртгэгдсэн талаар холбогдох газруудаас тодрууллаа.


ЦЕГ: 10 МЯНГА ГАРУЙ АЛБА ХААГЧ БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн баярын өдрүүдэд бэлэн байдалд ажиллаж буй. Тухайлбал, гудамж талбайн эргүүл нэмэгдэж, 10 гаруй мянган алба хаагч улсын хэмжээнд баярын өдрүүдээр ажилласан байна.

Хоёрдугаар сарын 5, 6-ны өдөр цагдаагийн 102 тусгай дугаарт нийт 1591 гомдол мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 73, хүний биед халдсан 59, гэр бүлийн хүчирхийллийн 178, согтуугаар автомашин жолоодсон 122, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 42 дуудлага бүртгэгджээ.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад баярын өдрүүдэд цар тахалтай холбоотойгоор гэмт хэргийн зөрчил буурсан үзүүлэлттэй байгаа аж. Харин архидан согтуурсантай холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өнгөрсөн өдрүүдээс нэмэгдсэн байна. Цагаан сарыг угтаж цагдаагийн алба хаагчид орон сууцны хотхон болон гэр хорооллын гудамжинд тавих хяналтыг чангатгаж ажиллажээ. Мөн орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдыг нэмэлтээр ажиллуулж буй аж.

ОБЕГ: ЦАГ ХОЖИЖ, ЗАМ ТОВЧЛОСНООС БОЛЖ ЦАС, МӨС РҮҮ ЦӨМӨРСӨН ДУУДЛАГА НЭМЭГДСЭН

Баярын өдрүүдэд санамсар болгоомжгүйгээс болж гарсан галын дуудлага дийлэнх хувийг эзэлжээ. Мөн хөдөө, орон нутагт зорчиж байгаа иргэд машинтайгаа осолдох, замгүй хэсгээр зорчих, цасанд суух зэрэг дуудлага мэдээлэл их бүртгэгдсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж “Зайсан Скуар” худалдааны төв найман давхарт гал гарч Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид “Ти-Өү-Эм” ХХК-ийн “Териза” рестораны задгай талбайн шал, гал тогооны өрөөний хөргүүр, цэцгийн мандлын модон шал шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан байна. Харин хувийн өмчид гарсан галын хувьд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын Богины-Амны задгайд иргэн Ш-ийн 17×4 метрийн хэмжээтэй байшингийн 3×3 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө шатаж Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж унтраажээ.

Орон нутагт зорчиж буй иргэд зам андуурч төөрөх, цас шаварт суусан дуудлагын хувьд тухайн аймгийн онцгойгийн албах хаагчид шуурхай ажилласан байна. Нийслэлийн Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо, Хэрлэн голд цөмөрч орсон иргэний “Приус-30” загварын суудлын автомашиныг татан гаргажээ. Үүнээс гадна гол мөрөн хөлдөөгүй хэсгээр зорчиж, гарамгүй хэсгээр гол гарснаас болж машинтайгаа цөмөрч орсон дуудлага ч бүртгэгдсэн байна.

Цаг хожиж, зам товчлох гэснээс болж шинийн 1-ний өдөр Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охь хөндий баг орох замд голын мөс цөмөрч, автомашин голд сууснаас гэр бүлийн таван хүн, бага насны гурван хүүхэд тусламж дуудах хүртэл олон цаг саатсан байна. Иймд ОБЕГ-аас гол, нуурын мөсөн дээгүүр аль болох зорчихгүй байхыг анхаарууллаа.

ТЦА: СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ЖОЛООЧИД ГАЗАР ДЭЭР НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАЙГАА

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс амралтын өдрүүдэд нийт 2000 гаруй дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Сар шинийн өдрүүдэд орон нутгийн зам болон нийслэлийн замд эргүүлүүд ажиллаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн жолоочдод хариуцлага тооцож ажиллажээ.

Хоёрдугаар сарын 2-6-ны өдөр Улаанбаатараас руу шалган нэвтрүүлэх долоон товчоогоор 30.615 тээврийн хэрэгсэл, 69.823 зорчигч орж, 41.615 тээврийн хэрэгсэл 97.859 зорчигч гарчээ.

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

ГССҮТ: ТАРХИНЫ ХҮНД ГЭМТЭЛТЭЙ ӨВЧТНИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР ТЭЭВЭРЛЭЖ, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн төв өчигдөр /2022.2.5-6/ 414 хүнд тусламж үзүүлжээ. Баяртай холбоотойгоор архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж, гэмтсэн болон чаргаар гулгаж байгаад бэртсэн тохиолдол нэмэгдсэн байна. Тодруулбал, өчигдөр тус эмнэлэгт хандсан хүмүүсээс 365 хүн нь нийслэл, 49 нь орон нутгийн харъяат иргэн байжээ. Эдгээрээс найман хүнд яаралтай мэс засал хийсэн байна.

Мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Г.Ариунболд Өмнөговь аймгийн Манлай суманд моринд даруулсан тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч иржээ. Мөн гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймгуудад тархины гэмтэлтэй хоёр хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт дуудлагаар очиж эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс засал хийжээ.

Тус төвөөс мэдээлснээр хоногт дунджаар 380 гаруй хүн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлдэг. Эмнэлгийн тусламж авч буй иргэдийн тухайд, баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас бэртэж гэмтсэн, зам тээврийн осолд өртсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон, бусдад зодуулсан, ахуйн осолд өртсөн зэрэг олон шалтгаантай аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бямбажав: Цаашид зардал шаарддаг биш, үйлдвэрлэл хөгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулах хэрэгтэй байна

Сангийн сайд асан Э.Бямбажавтай ярилцлаа.


-Цар тахал гурван жил орчим үргэлжилж байна. Монгол Улсад үлдэж байгаа гол сургамж юу байна вэ?

-Энэ бол дэлхий дахиныг хамарсан, гэхдээ Монголын хувьд том сургамж, том дохио, том шаардлага байсан гэж хэлмээр байна. Мэдээж хүнээ хамгаалсан, дээр нь эдийн засгаа хамгаалахаас өөр аргагүй байсан. Энэ хоёр бол гол зорилт. Эдийн засгийн хэмжээ, чадал, чадамжаар цар тахлыг давахад Монголын хувьд хүнд, хохиролтой. Манайх шиг ядуувтар, буурай хөгжилтэй орны хувьд эдийн засгаа хамгаалахаас өөр аргагүй. Эдийн засгийн чадвар, нөөц, боломж шавхагдахад амархан байна. Ийм байдалд цар тахал хүргэлээ.

Хүнийхээ эрүүл мэндийг хамгаалах боломжит бүх арга хэмжээг авч буйг авч, овоо ажиллаж байна гэж харж байна. Харин эдийн засгийн том өөрчлөлт авчрах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Төсвийн орлогын 60-аас доошгүй хувийг үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг бүтээхэд зарцуулах ёстой юм. Гэтэл манайх ингэж ажиллаж чадахгүй байна. Өнгөрсөн оны улсын төсөв, 2022 оны төсвийн төлөвлөгөөг үзэж байхад манай төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх нь цаашид зөвхөн зарлага болох ажлууд байна. Жишээ нь, 2020 онд гэхэд 270 орчим объект ашиглалтад орсон. Гэтэл тэдгээрээс хоёрхон соёлын төв өөрөө хөрөнгөө олж магадгүй. Бусад нь дандаа төсвөөс хөрөнгө шаардсан объект байсан.

2022 оны улсын төсөв дээр ч тэр, хөрөнгө оруулалтыг харахад 70-80 хувь нь зөвхөн зардал шаардах ажлууд байна. Тэр зардлыг хаанаас олох вэ, ямар үйлдвэрлэл явуулж байж нөхөх вэ. Улсын төсөв цаашид улс маань дампуурах эрсдэл рүү яваад байгаа юм биш биз гэж болгоомжлуулахаас аргагүй байдал ажиглагдаж байна.

Төсвийн зардлаа хэмнэе гэвэл үр ашиггүй зардал, илүү орон тоогоо хэмнэх хэрэгтэй. Хоёрт, хөрөнгө оруулалтынхаа 60-аас доошгүй хувийг нийгмийн үйлдвэрлэл бий болгоход зарцуулах хэрэгтэй. Ингэж зорилго тавьж ажиллаж чадах юм бол манай улс сэхэхэд амархан байна. Шинэ сэргэлтийн бодлогын 100 төсөл гэж байгаа. Энэ төслүүдээ оновчтой сонгоод, бодитой хэрэгжүүлж чадах юм бол хүнд байдлаас гарч чадна. Гол нь шинэ сэргэлтийн бодлогоо жинхэнэ бодит ажил болгохыг дахин дахин хэлмээр байгаа юм.

-Эдийн засгийн хувьд онцолж яримаар байна. Цар тахлын үед монгол гэлтгүй дэлхий дахинд эдийн засгийн хүнд цохилтод орсон. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд байгаа онож чадав уу?

-Засгийн газрын үйл ажиллагааг бүр болохгүй байна гэж хэлэхгүй. 100 хувь гэж бодвол 60 орчим хувь нь зөв юмандаа чиглээд явж байна. Харин үлдсэн хувьд нь оновчтой, хүчтэй ажиллаж чадахгүй байна. Аливаа нэг зорилт, арга хэмжээг авахдаа тэр хэсэг юу гэх бол, тэр юу гээд шүүмжилчих бол, тэд юу гээд жагсчих бол гэсэн болгоомжилсон, айсан байдлаар хандаж байна уу даа гэж бодогдохоор арга хэмжээнүүд авч байна. Заавал бүх хүний санаанд таарсан, заавал бүх хүнд мөнгө олгосон, бүгдийг нь хамарсан арга хэмжээ авах нь зөв шийдвэр биш.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүнд үед дэлхий дахины ихэнх оронд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харахад ер нь чиг зорилтот бүлгийнхээ хэсэгт гол анхаарлаа чиглүүлдэг. Зорилтот бүлэг гэдэг маань дундчуудаас доош хэсэг. Дундчуудаас доош хэсгийг яаж өөд нь татах вэ, тэрнийгээ яаж дундчууддаа дөхүүлэх вэ гэж ажиллаж байж нийт ард түмний амьдрал сайжирна. Тэгэхгүйгээр нэг сая төгрөгийн тэтгэвэртэй нь ч, 300.000 төгрөгийн тэтгэвэртэй хүн ч адилхан нэмүүлээд, зөрүүг нь улам холдуулаад байдаг ажил байж болохгүй. Хүүхэд бүрт олгож байгаа мөнгө ч мөн адил, амьдралын боломжтой, саятнуудын хүүхэд бүрт 100.000 төгрөг өгч байх ямар шаардлага байгаа юм бэ. Зорилтот бүлэгтээ ажлаа чиглүүлж чадвал эдийн засгийн бодлого зөв болно.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс үйлдвэрлэлийн бодлогоо явуулах хэрэгтэй. Хүнийг ажилтай болгоход зориулж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хүнийг ажилтай болгохдоо тэр ажлаараа хөдөлмөрлөж олсон цалин хөлсөөрөө амьдраад байх боломжийг бий болгох ёстой юм. Социализмд муу юм их байсан чиг сайн юмны дотор энэ байсан юм. Хүнийг ажилтай болгож байсан, ажлаар хангаж байсан. Ажлынхаа цалин хөлсөөр амьдрах боломжийг бий болгож байсан юм. Энэ бол заавал үйлдвэрлэл хөгжүүлэх тухай асуудал шүү. Хоёрт, дээр хэлсэн нийгмийн зорилтот бүлэгтээ зориулж анхаарах хэрэгтэй. Гуравт, экспорт гаргахгүйгээр зөвхөн татварын орлогоор хөгжихгүй. Манайд хамгийн сайхан боломжтой экспорт бол нар салхины сэргээгдэх эрчим хүч. Нар салхины сэргээгдэх эрчим хүчээ ашиглаж чадвал бүх Хятадын хэрэгцээг хангаж чадах хэмжээний нөөц байгаа. Даанч ашиглаж чадахгүй байна. Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ төсөл хийгээд Азийн орнууд Солонгос, Япон, Монгол хамтраад явж байгаа ч тэнд ерөөсөө манай Засгийн газар анхаарч, олигтой ажил болгохгүй байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их л ярьж байна. Ноосоо олигтой ашиглаж чадахгүй байна шүү дээ. Үйлдвэрлэл хөгжүүлээд үйлдвэрлэлийн аргаар боловсруулаад хаана ч хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийдэг болох хэрэгтэй. Эдгээр нөхцөл байдал энэ гурван жил үргэлжилж байгаа цар тахлын үед хамгийн онцгой харагдаж байгаа сургамж болж байна.

-Хил гаалийн боомилолт өнөөдрийг хүртэл ихээхэн хүндрэлтэй явж ирлээ. Манай талаас санаачилгатай ажиллаж чадсангүй гэсэн шүүмжлэл их өрнөж байна. Хил гааль дээрээс бид ямар сургамж авав?

-Цар тахал гэдэг бол давагдашгүй хүчин зүйл. Харин ийм зүйлийг яаж давах аргаа л зөв олох ёстой. Хилийн боомилтотод хоёр зүйл нөлөөлсөн. Тэр бол цар тахал, өвлийн олимп хоёр. Гэхдээ үүн дээрээс юу харагдсан бэ гэхээр манайд хил гаалийн бодлого дээр аль ч хоёр хөрштэйгөө удаан хугацааны хэлэлцээртэй байх ёстой юм байна. Удаан хугацааны хэлэлцээрээр үүргээ маш хатуу авсан, хэчнээн тонн зэсийн баяжмал, хэчнээн тонн нүүрс экспортохоо хатуу, тодорхой заасан байх ёстой юм. Түүнийгээ биелүүлэхийн тулд улс нь ч, хувийн компани ч ажиллаж байх ёстой. Ийм туршлага дэлхий дахинд ч байна.

Яах вэ одоогийн Засгийн газар, УОК, ЭМЯ-наас явуулж байгаа арга хэмжээ зохих хэмжээндээ явж байна. Гэхдээ удаан жилийн хэлэлцээр ийм хүнд нөхцөлд ач холбогдолтой болох нь харагдаж байна шүү дээ.

-Цар тахлын хүнд нөхцөлд 2022 оны улсын төсөв түүхэнд байгаагүй өндөр дүнтэй батлагдсан. Үр дагаврыг та мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна?

-Цар тахлын үед хүмүүсээ ажилтай байлгая, тийм учраас байгаа хөрөнгө боломжоо дайчлаад хөрөнгө гаргая гэсэн ерөнхий зарчмын дор төсвөө нэлээд нэмж, орлогоо нэлээд нэмэгдүүлж баталсан тайлбарыг хийж байгаа. Тэр ч нэг талаас зөв. Гэхдээ яг төлөвлөснөөрөө ажил болгож чадаж байна уу. Төлөвлөсөн хөрөнгө оруулалт хэрэгжих үү, орлого бүрэн орох уу, тэр орлогыг яаж оруулах уу гэдэгтээ одооноос анхаарч ажиллахгүй бол худлаа болно.

2022 оны төсвийн хөрөнгө оруулалтын 70-80 хувь нь цаашдаа зардал шаардсан хөрөнгө оруулалт байгаа. Уг нь үйлдвэрлэл рүү хандсан, өөрөө өөрийгөө даагаад цаашид ажиллаад, хүн ажиллуулаад явчих боломжтой салбарт хөрөнгө оруулалтаа зарцуулмаар байгаа юм. Одоогийн нөхцөл байдлыг харахад энэ их өссөн хөрөнгийг олж чадах уу үгүй юү гэдэг асуудал, олсон хойно нь зөв зарцуулж чадах уу гэдэг бас асуудал. Үр дүнгүй зардалд зарцуулах юм бол 2022 оны төсөв сүүлдээ улсыг дампууруулахад чиглүүлсэн юм болох вий. Гол нь манайд тооцоо, төлөвлөлт, судалаа их муутай байна.

-Уул уурхайн орлогыг төсөөлөл маш өндөр, бодит бус байна гэж эдийн засагчид шүүмжилж байгаа шүү дээ?

-Зэсийн баяжмал, алтны хувьд боломжтой. Цаашид анхаарах зүйл бол зэсийн баяжмал дэлхий дахинд үнэд орж байна. Үнэ нь хоёр дахин, бараг түүнээс ч илүү өсчихөөд явж байна. Ирэх оны прогнозоор ханш нэг их буурахгүй. Гэтэл манайд хоёрхон ордоос зэсийн баяжмал гаргаж байна. Цаана нь илэрцүүд олон байгаа. Түүнийгээ хийх хэрэгтэй.

Харин нүүрс бол хүндэвтэр байна. Гэхдээ дэлхий дахинд 30, 40 он хүртэл хэрэгцээтэй байна. Тэр хүртэл нүүрсээ олборлох хэрэгтэй. Нөхцөл байдал хэцүү байгаа, гэхдээ зөв төлөвлөж, зөв зарцуулах хэрэгтэй. Ээлж дарааг нь муу олж байна гэж харагдаж байгаа юм.

-Цар тахал олон салбарт нөлөөлсөн. Тэр болгоныг ярих боломжгүй. Гэхдээ эрүүл мэнд, боловсролын салбар дахь нөлөө хүний эрхийн олон зөрчлийг гаргасан гэж мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа. Нэг талаар юун дээр алдаж, юун дээр онов?

-Би хувьдаа цар тахлын үед энэ байтугай үүнээс ч хатуу арга хэмжээ авах ёстой гэж хардаг. Бусад орнууд хатуу арга хэмжээ авдаг юм. Манайд бол бид хэтэрхий эрхэлж, юм үзээгүй байдлаа гаргаж байна. Хятадын тэрбум гаруй хүн яаж болж байна вэ, Энэтхэгийн тэрбум гаруй хүн яаж болж байна. Гэтэл тэд цар тахлаа дарж чадсан шүү дээ. Тэгж байхад гуравхан сая хүн амтай бид нар дураараа дургиж, цар тахлыг гаднаас авчирч нэгэндээ тараагаад, дотроо хүүхдүүддээ тараагаад байж байна шүү дээ. Цар тахлыг монголчууд огт ойлгохгүй, ойлгосон ч ойлгоогүй байдал гаргаж байгаа. Иргэд бас өөрөөсөө хамаарах юмаа хийж байх ёстой гэж бодож байна.

-Та бол Төрийн сайд байсан хүн. Улс төрийн хүрээнд, улстөрчдийн хувьд ч энэ цар тахал сорилт байсан нь мэдээж.

Эдийн засгийн хэмнэлттэй горимд ажиллах ёстой цаг үед зарим улстөрчид олон тэрбум төгрөгөөр бурхны хөшөө босгох зэргээр олон нийтийг бухимдуулсан үйлдлийг нэг бус удаа гаргаж байгаа. Төрийн хүний хувьд ийм онцгой байдалд яах ёстой юм бэ. Таныг ажиллаж байх үед онцгой нөхцөл байдалд улстөрчид, Засгийн газар ямар сахилга баттай ажиллаж байв?

-Одоо манайд хамгийн эвгүй, хамгийн баймааргүй нэг зүйл бол УИХ-ын гишүүний захиалга даалгавар нэртэй орон нутгийн зовлон байна. Хаана ч хэрэгцээтэй, хөгжүүлмээр, хийчихмээр, барьчихмаар спортын ордон, соёлын ордон хэрэгтэй. Гэхдээ ээлж дараатай, дэс дараатай байх ёстой. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой юм л даа. Гэтэл манайх би л юмаа бүтээж байвал улс яаж байх нь хамаагүй. Би захиа даалгавраа биелүүлж байвал бусад нь хамаа алга. Шашны ч байна уу, юуных байна уу хийж л өгөхийг бодъё, тэгвэл би нэртэй төртэй байна, магадгүй дахиж сонгогдоно гэх байдлаар хандаж байна.

Энэ бол удирдлагын хатуу шаардлага муу байгаатай холбоотой асуудал. Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санахгүй, цааш хэдий нимгэн ч гэсэн чичихээс нааш цоорохгүй гэдэг шиг ажлынх нь шаардлага сул байгаа учраас шаардлагын хэмжээнд энэ улсууд ажлаа явуулж байгаа нь тэр. УИХ-ын гишүүд, яам газрууд ч адилхан. Ялангуяа төрийн албан хаагчдын шаардлага сул байх юм бол хийсэн ч яах вэ, эс хийсэн ч яах вэ гэдэг байдалтай болчихсон байна.

Социализмын үед бид ажиллаж байхад хүнд үеүд байсан. Нэг жишээ дурдахад, Улаанбаатарыг ногоон болгоё, мод тарья гэж хоёр жилийн турш хөөцөлдөөд огт бүтдэггүй. Олигтой ажил хэрэг болж өгдөггүй. Тэр үед би улсын хороонд эдийн засгийн байгууллагын хэлтсийн эрхлэгч байсан. Нэг өглөө Ю.Цэдэнбал дарга намайг дуудаад “Мод тарих ажиллагаа маш удаан явж байна. Худгаас ус авч модтой газруудыг услахгүй байна. Үүнийг долоо хоногч хянаач хүүхээ. Танай хэлтсийн үүрэг биш л дээ. Гэхдээ яах вэ, төв хорооны гишүүний хувьд явж үзээд хянаадахаач” гэдэг юм. Өглөө 05:00 цагт босоод л худгуудаар яваад тулгамдсан асуудал байвал чадлаараа шийдээд, нэлээд хэд хоног явсан юм. Нэг орой Энхтайваны гүүрний зүүн дор байдаг худаг дээр явж очтол нэг их олон машин, хамгаалалтын тэргүүд болчихсон байв. Юу юм бол гээд хүрээд иртэл Ю.Цэдэнбал дарга ирчихсэн байна. Худгийн усалгааны ажлыг шалгаж байгаа нь тэр. Тэгээд надад усалгааны ажил зохих хэжмээгээр явж л байгаа юм байна, би бас хэдэн худгаар орлоо. Чи явж л байна уу, сайн байна. Бүх худгаар яваад шаардаад байгаарай” гэж хэлээд явчихсан.

Тэр хүн бол муу, жижиг асуудлаар намайг шалгаж яваа нь тэр. Өгсөн үүрэг биелж байна уу гэж. Ингэж өгсөн үүргийн гүйцэтгэлийг шалгадаг, гүйцэтгэлийг гүйцэтгүүлдэг байх ёстой. Одоо манайх бол шийдвэр гаргаад гүйцэтгэл байхгүй. Түүнийг нь шалгадаггүй, шаардлага тавьдаггүй. Засгийн, төрийн аппарат ийм байгаа учраас компанийн захирлууд ч ялгаагүй. Компанийн захирлууд яасан ч яах вэ, би заавал чамайг ажиллуулах ёстой биш, заавал чамаар хийлгэх ёстой биш гэсэн маягтай байх нь олонтаа. Тэгэхээр төр эхлээд үлгэр жишгээгээ үзүүлж, бусдыгаа татаж, чиглүүлэх ёстой юм. Тэр л манайд дутаад байна.

Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг сургалтад 78 албан тушаалтныг хамруулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны нэгдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 78 албан тушаалтныг хамрууллаа.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж зөвлөмж хүргүүлэх, албан тушаалтны ёс зүй, хүнд сурталтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг шалган шийдвэрлэж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг цахим санд оруулах ажлыг гүйцэтгэж, Өвөрхангай аймгийн ИТХ-ын баталсан “Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам”-ыг хянаж, хууль тогтоомжид нийцүүлэх талаар санал боловсруулав.

Categories
мэдээ нийгэм

“Монгол эм импекс концерн” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төлж дуусгасан

“Монгол эм импекс концерн” ХХК-ийн дэд захирал Б.Мөнх-Эрдэнэ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа 26 компанийг зарлаж, эдгээр компаниудаас болж банк хүндрээд байгаа талаар мэдээлсэн билээ. Энэхүү асуудлаар “Монгол эм импекс концерн” ХХК-ийн дэд захирал Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй гэх 26 компанийн нэрсийг зарласан. Тэдгээр компаниудын дунд “Монгол Эм Импекс Концерн ХХК” бичигдсэн байна лээ. Танайх юунаас болоод зээлээ төлж чадахгүйд хүрсэн юм бэ?

-Манай компани Монгол Улсын Хөгжлийн банктай 2018 оны 1 дүгээр сард 5 жилийн хугацаатай 2023 оны 1 дүгээр сард дуусахаар зээлийн гэрээ байгуулсан. Тохирсон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж дуусгасан.

Манай компани 2012 оноос “Хатуу тугнагдсан эм болон дуслын үйлдвэрийн шингэний үйлдвэр байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ төсөл нь санхүүжилт их шаардагдах томоохон төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний нэр төрөл, хангамжийг сайжруулах, цаашлаад үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, импортыг орлох төсөл хэрэгжүүлэхээр зорьсон.

Хөгжлийн банкны сонгон шалгаруулалт зарлахад энэ төслөө өгсөн. Банкнаас зээл авахад тавьдаг бүх шалгуурыг давж, Хөгжлийн банк таван жилийн хугацаатай 7.27 тэрбум төгрөгийн зээлийг манай компанид олгосон юм. Юуны өмнө цар тахалтай, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн ч зээлийн гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлж байсан.

-Тэгэхээр зээл төлөлтөд ямар ч асуудал гараагүй юм байна гэж ойлголоо. Ер нь энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон зорилго нь юу байв?

-Монгол Улс эмийн хэрэглээнийхээ 80 хувийг импортоор, 20 хувийг дотоодын үйлдвэрээс хангадаг. Хүнс, эм бол стратегийн бүтээгдэхүүн шүү дээ. Тиймээс дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний нэр төрөл, хангамжийг сайжруулах, импортыг орлох төсөл хэрэгжүүлэхээр зорьсон. Цар тахлаас болж үйлдвэрийн ажил зогсонги байдалд орсон. Гэхдээ компани зээлийн төлөлтөө хойшлуулсан тохиолдол байхгүй.

Монгол Улс дотоодын эмийн үйлдвэрлэл хангамжаа сайжруулах шаардлагатай байгааг цар тахлын үед бид бүгдээрээ харсан, мэдэрсэн шүү дээ. Хөрш орнууд хилээ хаахад амны хаалтаас эхлээд эмийн хомсдол үүсч, шингэн тариа болон чухал зайлшгүй шаардлагатай эмүүд “эмийн сан”-гуудаар “тасарсан”. Түүнчлэн үйлдвэрлэгч улс орнууд хэчнээн гэрээ, хэлцэл хийсэн ч эхлээд улсынхаа дотоодын хэрэгцээгээ хангасны дараа бусад улс руу экспортлох, эм, тариагаа нийлүүлнэ гэсэн зарчим баримталдаг. Тэгэхээр үндэсний үйлдвэрүүдээ бодлогоор дэмжих шаардлага тулгарч байна гэсэн үг.

Монгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн хувьд гадаадаас бүрэн хамааралтай. Иймд манай компани 2012 оноос эхлээд олон улсын стандартыг хангасан, импортыг орлох эм, эмийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор уг төслийг хэрэгжүүлэхээр тооцоо судалгаа, зураг төслөө боловсруулж, БНСУ, Энэтхэг улсын үйлдвэрүүдтэй харилцаж гэрээ байгуулсан. Одоогоор үйлдвэрийн барилгын ажилявагдаж байгаа. Сүүлийн хоёр жил цар тахалтай холбоотойгоор барилгын ажил, болон тоног төхөөрөмжийг оруулж ирэх ажлууд удаашраад байгаа юм.

Танай компани энэ асуудлаараа Хөгжлийн банкинд хандсан уу?

-Бид албан бичиг хүргүүлсэн. Одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна. Залруулга хийх болов уу гэж найдаж байна. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ хүнд хэцүү цагт манай компани ямар нэгэн зөрчилгүй зээлээ төлөөд явж байхад олон нийтэд буруу ташаа ойлголт өгсөнд харамсаж байна. Манай компани 40 гаруй улсын 80 гаруй томоохон эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудтай харилцдаг.

-Хөгжлийн банкнаас зээл авсан гэх асуудалд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нэр дурдагдаад байгаа. Танай компани зээл авахад гишүүн асан Б.Ундармаагийн оролцоо байсан уу.

– Манай компани 99 жилийн түүхтэй, үүсгэн байгуулагдсанаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын анхны эм ханган нийлүүлэх байгууллага. Монгол улсын 21 аймагт өөрийн салбартай үйл ажиллагаа тогтвортой явуулдаг. Банкнаас зээл авахад ямар шалгуур, шаардлага тавьдаг билээ, тэр бүхнийг нь манай компани хангасан гэж үзээд Хөгжлийн банкнаас зээл олгох шийдвэрийг гаргасан. Зээлийг судлах явцдаа Хөгжлийн банкнаас барьцаа хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Тиймээс “Монгол эм импекс” ХХК “Бишрэлт групп”-д хүсэлт тавьж нэмэлтээр хөрөнгийг нь барьцаалсан. Авсан зээлээсээ хангалттай их хэмжээний үнэлгээтэй хөрөнгийг барьцаалуулсан байгаа. Зээлийг холбогдох дүрэм журамд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр авсан. Тиймээс Б.Ундармаагийн оролцоо байгаагүй.

-Та түрүүнд 2012 оноос уг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан гэсэн. Тэр үед Б.Ундармаа гишүүн болоогүй байсан байх аа?

-Арваад жилийн өмнөөс л “эмийн үйлдвэрийн төсөл”-ийг бид боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хөгжлийн банк импортыг орлох том төслүүдэд зээл олгодог. Тиймээс бид Хөгжлийн банкинд хандаж, зээл хүссэн юм. Гишүүн асан Б.Ундармаа нь манай байгууллагын үйл ажиллагаанд огт оролцдоггүй, холбоогүй.

-Цар тахлын энэ хүнд үед олон компани үүдээ барьсан. Танайх энэ хямралд хэр өртөв?

-Улсаараа энэ эдийн засгийн хямралд өртөж байна шүү дээ. Бүр дэлхийгээрээ. Мэдээж, цар тахлын хямрал манай компанийг “тойроогүй”. Үйлдвэрээ барьж ашиглалтад оруулах хугацаа хойшилчихлоо. Тээвэр ложистик зогсоод барилгын материалын үнэ эрс өссөн, бас орж ирэхгүй байна. Цар тахлын үед “Монгол эм импекс” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд маш ачаалалтай ажиллаж Covid-19 халдварын эмчилгээнд нэн шаардлагатай эм тариануудыг гадаадын үйлдвэрлэгчидтэй гэрээ хийж оруулж ирсэн. Тухайлвал Дэлхий нийтэд Ковидын вакциныг 2021 оны 2-р сард эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Бид шуурхай ажиллаж 2021 оны 3-р сард хамгийн эхэнд ОХУ-аас 20,000 тун вакцин оруулж ирж вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Олон улсын байгууллагаас Монголын Улсын Засгийн газарт өгсөн тусламж, дэмжлэгээр ирсэн эм, эмнэлгийн хэрэгслийнбарааг хүлээн авах, хадгалах, түгээх ажлыг хариуцаж хийсэн.

Өнгөрсөн хоёр жилд бид их ачаалалтай ажиллалаа.

-Танай компани өмнө нь “Элэг бүтэн Монгол” төслийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн байх аа?

-Манай компани улс орон даяар хамгийн хүртээмжтэй ажиллаж чаддаг эм хангамжийн ууган байгууллага болохын хувьд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, нас баралтыг бууруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг.

Засгийн газрын санаачилсан “Элэг Бүтэн Монгол” хөтөлбөрийн хувьд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хамгийн үр дүнтэй, ард иргэдэд хүрсэн, эрүүл мэндийн томоохон төсөл, санаачилга болсон гэж үздэг. Манай байгууллага уг хөтөлбөрийг бүрэн дэмжин, хөтөлбөрийн хүрээнд ажиллах Улаанбаатар хотын болон орон нутгийн 300 гаруй эмч, эмнэлгийнажилтнуудыг АНУ, Европын улсуудад сургалтанд хамруулах ажлыг өөрсдийн зардлаар зохион байгуулсан.

Монгол улс элэгний “С” вирусын халдвар, өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Энэ өвчнөөр амь насаа алдах, эсвэл элэг солиулах мэс заслын эмчилгээг хийлгэж байсан. 2013 онд дэлхий дахинд С вирүсийг эмчлэх эмийг нээснээс хойш хоёр жилийн дараа бид уг эмчилгээг өөрийн оронднэвтрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, импортоор оруулж ирэх эмийн үнийг бууруулах хэлцлийг гадны үйлдвэрлэгчидтэй хийж чадсан.

Өөр олон амжилттай хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийг дурдаж болох юм. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан нэг асуудал нь эрт нярайн эндэгдэл байлаа. Эрт нярайн эндэгдлийг бууруулах төслийг ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлснээр 9 мянга орчим хүүхдийг амийг аварсан байна. Хөхний хорт хавдар болон ходоодны хорт хавдрын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жишээлбэл, ходоодны хорт хавдрын эсрэг “Эрүүл ходоод хөтөлбөр”-ийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Энэ мэтээр нийгэм рүү чиглэсэн, нийгмийн эрүүл мэндийг хамгаалсан олон төслийг хэрэгжүүллээ.

-Цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

Цаашид халдвар, хавдар болон нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг бууруулах зорилгоос гадна эмэгтэйчүүд, хүүхдүүд рүү чиглэсэн олон томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачилан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Х.Энх

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ

Төслийн хүрээнд гал унтраах зориулалтын 15 автомашин хүлээн авна

Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 6-ныг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 буюу нийт 46 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан бол гал түймэрт 2 иргэн өртөж нас барсан байна.

Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 6-ны өдрийн байдлаар ахуйн 306 гал түймэр, аврах ажиллагааны 21 нийт 327 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.4%-аар өссөн үзүүлэлттэй байна.